| Шүүх | Улсын дээд шүүх |
|---|---|
| Шүүгч | Э.Золзаяа |
| Хэргийн индекс | 183/2024/03206/И |
| Дугаар | 001/ХТ2025/00181 |
| Огноо | 2025-10-30 |
| Маргааны төрөл | Хамтын амьдарлтай байсныг тогтоолгох, |
Улсын дээд шүүхийн Шүүх хуралдааны тогтоол
2025 оны 10 сарын 30 өдөр
Дугаар 001/ХТ2025/00181
Т.Тын нэхэмжлэлтэй
иргэний хэргийн тухай
Монгол Улсын дээд шүүхийн Иргэний хэргийн танхимын шүүгч Н.Баярмаа даргалж, шүүгч Н.Батчимэг, Н.Батзориг, Э.Золзаяа, Д.Цолмон нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн хяналтын шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар
Орхон аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн 2025 оны 03 дугаар сарын 06-ны өдрийн 312/ШШ2025/00369 дугаар шийдвэр,
Орхон аймгийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2025 оны 06 дугаар сарын 05-ны өдрийн 207/МА2025/00054 дугаар магадлалтай,
Т.Тын нэхэмжлэлтэй
Э.Хд холбогдох
Хаягт байрлах орон сууцны зориулалттай үл хөдлөх эд хөрөнгөөс ногдох хэсгийг хариуцагчид өгч, орон сууцыг өөрийн өмчлөлд авах тухай үндсэн,
Орон сууцыг гэр бүлийн гишүүдийн дундаа хамтран өмчлөх эд хөрөнгө болохыг тогтоолгох тухай сөрөг нэхэмжлэлтэй хэргийг
Нэхэмжлэгч Т.Тын хяналтын журмаар гаргасан гомдлоор шүүгч Э.Золзаяа илтгэснээр хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: нэхэмжлэгч Т.Т, нэхэмжлэгчийн өмгөөлөгч Ш.О, хариуцагч Э.Х, хариуцагчийн өмгөөлөгч Р.Ц /цахимаар/, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга П.Доржнамбар нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
1. Нэхэмжлэгч Т.Т нь хариуцагч Э.Хд холбогдуулан хаягт байрлах орон сууцыг өөрийн өмчлөлд авах үндсэн, хариуцагч Э.Х нь нэхэмжлэгч Т.Тад холбогдуулж орон сууцыг гэр бүлийн гишүүдийн дундаа хамтран өмчлөх эд хөрөнгө болохыг тогтоолгох тухай сөрөг нэхэмжлэл гаргаж зохигчид маргажээ.
2. Орхон аймаг дахь Сум дундын анхан шатны шүүхийн 2025 оны 03 дугаар сарын 06-ны өдрийн 312/ШШ2025/00369 дугаар шийдвэрээр: Иргэний хуулийн 108 дугаар зүйлийн 108.1, 108.3-т заасныг баримтлан хаягт байрлах орон сууцны зориулалттай үл хөдлөх эд хөрөнгийг Т.Тын өмчлөлд үлдээж, нэхэмжлэгч Т.Таас 215,235,000 төгрөгийг гаргуулж хариуцагч Э.Хд олгож, уг орон сууцыг гэр бүлийн дундын өмч болохыг тогтоолгох тухай сөрөг нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1-д зааснаар нэхэмжлэгч Т.Тын улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 1,157,950 төгрөг, хариуцагч Э.Х-ийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 140,400 төгрөгийг тус тус улсын орлогод хэвээр үлдээж шийдвэрлэсэн.
3. Орхон аймгийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2025 оны 06 дугаар сарын 05-ны өдрийн 207/МА2025/00054 дугаар магадлалаар: Орхон аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн 2025 оны 03 дугаар сарын 06-ны өдрийн 312/ШШ2025/00369 дугаар шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг дахин шийдвэрлүүлэхээр анхан шатны шүүхэд буцааж, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.3.-т зааснаар хариуцагч Э.Х, түүний өмгөөлөгч Р.Ц нарын давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 140,400 төгрөгийг шүүгчийн захирамжаар буцаан олгож шийдвэрлэсэн.
4. Нэхэмжлэгч Т.Тын хяналтын журмаар гаргасан гомдолдоо: “Орхон аймгийн иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2025 оны 06 сарын 05-ны дугаар 207/МА2025/00054 дугаар магадлалыг эс зөвшөөрч Монгол улсын дээд шүүхэд гомдол гаргалаа.
Орхон аймгийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүх магадлалдаа Орхон аймгийн Сум дундын шүүхийн анхан шатны шүүхийн шийдвэрийг Иргэний хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.5-д зааснаар хүчингүй болгож, хэргийг дахин шийдвэрлүүлэхээр буцаасан нь буруу.
Анхан шатны шүүх дээр бид хамтран амьдарч байснаа маргаагүй, хуулийн дагуу хүүхдийн тэтгэлээ тогтоолгосон, хоёр талаас байр авахад мөнгө гаргасан талаараа маргахгүй гэдгээ илэрхийлсэн. Нотлох баримтаар Э.Х нь Орхон аймагт амьдарч, ажиллаж байгаа, орон сууцанд амьдардаг талаараа хэлсэн. Миний байрыг суллаж өгөхгүй байгаа. Яагаад намайг хохироох гээд байгааг ойлгохгүй байна.
Бид хууль ёсны гэр бүл болохгүй, хүүхдийг өөрөө авна, цаашид амьдрахгүй гэдгийг Э.Х өөрөө санаачлаад л явсан. Үүнийгээ ч хүлээн зөвшөөрсөн байхад шүүх хууль хэрэглээг ноцтой зөрчсөн гэж үзэх боломжгүй. Э.Х нь энэ байрны нэр дээр ганцаараа байсан учир байрыг эргэлтэд оруулж ББСБ-аас зээл авч өсгөж, мөн аав нь ББСБ-аас зээл авч байрыг хэд дахин эргэлтэд оруулсан, орон сууц мөн авсан байгаа.
Хэргийг хуулийн дагуу шийдвэрлэж, Орхон аймгийн Сум дундын анхан шатны шүүхийн 2025 оны 03 дугаар сарын 06-ны өдрийн 312/ШШ2025/00369 дүгээр шийдвэр хууль ноцтой зөрчөөгүй тул хэвээр баталж өгнө үү гэв.
5. Монгол Улсын дээд шүүхийн Иргэний хэргийн танхимын Нийт шүүгчийн хуралдааны 2025 оны 09 дүгээр сарын 18-ны өдрийн 001/ШХТ2025/00868 дугаар тогтоолоор Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 172 дугаар зүйлийн 172.2.2-д заасан үндэслэлийг хангасан гэж дүгнэн, нэхэмжлэгч Т.Тын гомдлыг хяналтын шатны шүүх хуралдаанаар хэлэлцүүлэхээр тогтжээ.
ХЯНАВАЛ
6. Давж заалдах шатны шүүхийн магадлалыг хүчингүй болгож, хэргийг дахин хэлэлцүүлэхээр тус шүүхэд буцааж шийдвэрлэв.
7. Нэхэмжлэгч Т.Т нь хариуцагч Э.Хд холбогдуулан хаягт байрлах орон сууцны зориулалттай үл хөдлөх эд хөрөнгийг өөрийн өмчлөлд авах тухай үндсэн, хариуцагч Э.Х нь нэхэмжлэгч Т.Тад холбогдуулж орон сууцыг гэр бүлийн гишүүдийн дундаа хамтран өмчлөх эд хөрөнгө болохыг тогтоолгох тухай сөрөг нэхэмжлэл гаргаж зохигчид маргажээ.
8. Анхан шатны шүүх зохигчид 2018-2023 оны хооронд хамтын амьдралтай байсан, тэдний дундаас 2020 онд хүү Т.Б төрсөн, 2021 онд Улаанбаатар хотод 3 өрөө орон сууцыг нэхэмжлэгч өөрийн өмчлөлийн орон сууцыг худалдсан мөнгөн хөрөнгөөр 55 хувийн хөрөнгө оруулалт хийсэн, одоогоор амьдран суух орон байргүй байгаа, хариуцагч 45 хувийн хөрөнгө оруулалт хийсэн, одоогоор Орхон аймгийн Баян-Өндөр суманд оршин сууж, ажиллаж амьдарч байгаа нөхцөл байдлуудыг харгалзан үзэж орон сууцыг нэхэмжлэгчийн өмчлөлд үлдээж, нэхэмжлэгчээс 215,235,000 төгрөгийг гаргуулж хариуцагчид олгож, харин тэд гэрлэлтээ бүртгүүлээгүйгээс тэдний хооронд гэр бүлийн гишүүдийн дундаа хамтран өмчлөх эд хөрөнгийн харилцаа бий болоогүй гэх үндэслэлээр хариуцагч гаргасан сөрөг нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэжээ.
9. Давж заалдах шатны шүүх нь анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг дахин шийдвэрлүүлэхээр буцаахдаа хариуцагчийн сөрөг нэхэмжлэлээс хамтын амьдралтай байсныг тогтоолгох тухай хэсгийг шийдвэрлээгүй орхигдуулсан, орон сууцыг өөрийн өмчлөлдөө үлдээж ногдох хувийг нэхэмжлэгчид олгох шаардлагыг хариуцагч өөрчилж байгаа эсэхийг хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зөрчилд хамаарна гэж дүгнэжээ.
10. Хоёр шатны шүүх зөрүүтэй шийдвэр гаргасан гэх агуулгаар гаргасан нэхэмжлэгчийн гомдлыг хүлээн авч хянавал давж заалдах шатны шүүх хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны дараахь ноцтой зөрчил гаргасан байх ба хяналтын шатны шүүхээс уг зөрчлийг залруулах боломжгүй байна.
10.1. Нэхэмжлэгч нь нэхэмжлэлийн шаардлагаа “байрны ногдох хэсгийг Э.Хд өгч, би өөрөө байраа өмчлөлдөө шилжүүлж авна” гэж өөрчилж анхан шатны шүүхэд бичгээр гаргаж өгснийг шүүх 2025.01.02-ны өдөр хүлээн авч дардас даржээ. /1 хх-ийн 114 дэх талын арын хуудас/ Уг нэхэмжлэлийг анхан шатны шүүх хариуцагч талд 2025.01.08-ны өдөр гардуулан өгч, тайлбар өгөх хугацааг мөн өдрөөс 14 хоногоор олгосон байна. Хариуцагч тал тайлбараа бичгээр 2025.01.21-ний өдөр гаргасан. /1хх-ийн 116-117 дахь тал/
Хариуцагч маргаан бүхий орон сууцыг гэр бүлийн гишүүдийн дундаа хамтран өмчлөх эд хөрөнгө болохыг тогтоолгох сөрөг нэхэмжлэл гаргасан ба уг сөрөг нэхэмжлэлээс татгалзсан байдал тогтоогдохгүй байна. Нэхэмжлэгч болон хариуцагч талын гаргасан үндсэн болон сөрөг нэхэмжлэлийн шаардлага тодорхой байх бөгөөд тодруулах шаардлага үүсээгүй байна. Иймд анхан шатны шүүх нэхэмжлэл болон сөрөг нэхэмжлэлийн шаардлагыг тодруулах ажиллагаа хийгээгүй гэх давж заалдах шатны шүүхийн дүгнэлт алдаатай болжээ.
10.2. Түүнчлэн давж заалдах шатны шүүх хариуцагчийн сөрөг нэхэмжлэлээс “хамтын амьдралтай байх” хэсгийг анхан шатны шүүх шийдвэрлээгүй орхигдуулсныг залруулах боломжгүй гэж буруу дүгнэсэн. Дундаа хамтран өмчлөх эд хөрөнгийн маргаан шийдвэрлэх тохиолдолд зохигчдын хооронд хамтын амьдралтай байсан байдлыг бие даасан нэхэмжлэлийн шаардлагаар тогтоохгүй юм. Анхан шатны шүүх холбогдох дүгнэлтийг хийгээгүйг давж заалдах шатны шүүх залруулах боломжтой.
11. Дээр дурдсанаар давж заалдах шатны шүүхийн магадлал Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 168 дугаар зүйлийн 168.1.1, 167 дугаар зүйлийн 167.1.5 дахь хэсэгт нийцээгүй, давж заалдах шатны шүүх эрх зүйн маргааны талаар дүгнэлт хийгээгүй тохиолдолд хяналтын шатны шүүх хэргийг эцэслэн шийдвэрлэх боломжгүй болно.
Иймд магадлалыг хүчингүй болгож, хэргийг дахин хэлэлцүүлэхээр давж заалдах шатны шүүхэд буцаах нь зүйтэй гэж хяналтын шатны шүүх бүрэлдэхүүн дүгнэлээ.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 176 дугаар зүйлийн 176.2.5-д заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Орхон аймгийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2025 оны 06 дугаар сарын 05-ны өдрийн 207/МА2025/00054 дугаар магадлалыг хүчингүй болгож, хэргийг давж заалдах шатны шүүхээр дахин хэлэлцүүлэхээр буцаасугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.4 дэх заалтыг баримтлан нэхэмжлэгч Т.Т нь хяналтын журмаар гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид 2025.06.30-ны өдөр 1,474,450 төгрөг төлснийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Н.БАЯРМАА
ШҮҮГЧИД Н.БАТЧИМЭГ
Н.БАТЗОРИГ
Э.ЗОЛЗАЯА
Д.ЦОЛМОН