| Шүүх | Орхон аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Шараагийн Эрдэнэцэцэг |
| Хэргийн индекс | 142/2017/0138/э |
| Дугаар | 00138 |
| Огноо | 2017-05-11 |
| Зүйл хэсэг | 148.2., |
| Улсын яллагч | Б.Жавхлантуяа |
Орхон аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол
2017 оны 05 сарын 11 өдөр
Дугаар 00138
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Орхон аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Ш.Эрдэнэцэцэг даргалж,
Улсын яллагч Б.Жавхлантуяа
Шүүгдэгчийн өмгөөлөгч Д.Оюунчимэг
Шүүгдэгч Ч.М-
Хохирогч Б.М-, Н.М-
Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Э.Булгантамир нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар
Орхон аймгийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 148 дугаар зүйлийн 148.2.д зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Ч.М-д холбогдох 201614000392 дугаартай эрүүгийн хэргийг 2017 оны 04 дүгээр сарын 26-ны өдөр хүлээн авч нээлттэй хянан хэлэлцэв.
Шүүгдэгчийн биеийн байцаалт
Монгол улсын иргэн, ** оны ** дугаар сарын **-ны өдөр Завхан аймаг Нөмрөг суманд төрсөн, ** настай, эмэгтэй, бүрэн дунд боловсролтой, кранчин мэргэжилтэй, ам бүл 5, нөхөр, 0-13 насны 3 хүүхдийн хамт Орхон аймаг Баян-Өндөр сум ** баг ** тоотод оршин суух, эрхэлсэн тодорхой ажилгүй, улсаас авсан гавьяа шагналгүй Т овогт Ч-ийн М-./ ************ /
Холбогдсон хэргийн талаар
Шүүгдэгч Ч.М- нь 2015 оны 12 дугаар сарын 05-ны өдөр Орхон аймаг Баян-Өндөр сумын Баянцагаан багийн нутаг дэвсгэрт байрлах *** ХХК-ийн Баяжуулах фабрикийн зөвлөх инжинер цех хариуцсан дарга Б-, Хүний нөөцийн хэлтсийн мэргэжилтэн Ц- Ц.Д нартай ярьж Д.Ч-ийг ажилд оруулж өгнө гэж Н.М-ыг хуурч мэхлэн 10 000 000 төгрөг,
2015 оны 10 дугаар сарын 20-ны өдөр Б.М-г “***”-т жолоочоор ажилд оруулж өгнө гэж хуурч мэхлэн 6 040 000 төгрөг тус тус залилан мэхлэж авсан гэмт хэрэгт холбогджээ.
ТОДОРХОЙЛОХ нь :
Шүүх хуралдааны хэлэлцүүлэгт дараахь нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:
Шүүгдэгч Ч.М-гийн шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн: Х- нь манай хүүхдийн ангийн багш юм. Х- багш намайг хүүхдээ авч байхад хамаатны дүүгээ “***”-т ажилд оруулах гэсэн юм, хамаагүй мөнгийг нь өгөөд ч болов оруулчих хүн байна уу гэхээр нь би хүнээс асууж өгье гэсэн. Тэгээд би Х-ээс 2015 оны 03 дугаар сард 8 сая төгрөг, дараа нь 1 сая төгрөг бэлнээр авсан. Дараа нь Х-ийн эгч Ч-ийн ээж Н.М-оос 1 сая төгрөг 2016 оны 04 дүгээр сарын 08-ны өдөр авсан. Х-ийг ажил бүтэж байна уу? гэж асуухад нь ярья, би хүмүүстэйгээ уулзаж амжаагүй байна гэж хэлдэг байсан. Ч-ийн ээж өөрөө яриад чи манай хүүхдийг ажилд оруулах гэж хөөцөлдөж байгаа гэсэн чи ажилд нь оруулаад өгвөл шагнана гэхээр нь би ажилд оруулж өгөөгүй байхад хэрэггүй гэж хэлэхэд хамаагүй чи энэ мөнгийг ав гээд 1 сая төгрөг шилжүүлсэн юм. Б.М- гэж хохирогчтой Х- багш танилцуулж өгсөн. М- надтай уулзаад “***”-т ажилд орох гэсэн юм гээд 4 сая төгрөг бэлнээр өгсөн. Би хүмүүстэй уулзаад хөөцөөлдөөд үзье гэсэн. Дараа нь 2 сая төгрөг, мөн хувцас захиалах хэрэгтэй гээд 40.000 төгрөг нийт 6 040 000 төгрөг авсан. Би дээрхи 16 040 000 төгрөгийг өөртөө хэрэглээд дууссан. Хохирогч Б.М-д сүүлд 1 500 000 төгрөг буцааж өгсөн. Одоо хохирогч Н.М-т 10 сая төгрөг, Б.М-д 4 540 000 төгрөг төлнө. Манай аав,ээж, ах, дүү нар бүгд мэдэж байгаа төлөлцөнө гэсэн. Би 0-13 насны 3 хүүхэдтэй, нөхөр ажилгүй, өөрөө бие муутай тул хөнгөн ял өгнө үү. Хийсэн хэрэгтээ маш их гэмшиж байна гэсэн мэдүүлэг.
Хохирогч Н.М-ын шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн: Миний дүү Х- “***”-т ажилд оруулдаг хүн байна гэхээр нь хүүгээ ажилд оруулах гэж нийт 9 сая төгрөгийг Х-ээр дамжуулаад, 1 сая төгрөгийг өөрөө нийт 10 сая төгрөг Ч.М-д өгсөн.Одоо энэ 10 сая төгрөгийг маань буцаагаад өгчих юм бол гомдол саналгүй гэсэн мэдүүлэг.
Хохирогч Б.М-гийн шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн: Х- гэж манай эхнэртэй хамт ажилладаг хүн “***” ХХК-д ажилд оруулдаг хүн байна гэж хэлэхээр нь би тэр хүнтэйгээ танилцуулж өгөөч гэхэд М- гэх хүнтэй танилцуулсан. Анх танилцаад асуухад М- асуудалгүй, би оруулаад өгье, жолооч мэргэжилтэй юм чинь жолоочоор оруулж өгье, чи бичиг баримтаа бүрдүүл гэж хэлсэн. Би уулзаад 2 өдрийн дотор бичиг баримтаа бүрдүүлээд өгсөн. М- анх уулзаад хэлэхдээ эхлээд 6 сая төгрөг өгнө, харин ажилд орсон хойно дахиж мөнгө нэмж өгөх байх шүү гэж хэлсэн учир би 6 сая төгрөгийг эхнэрийнхээ цалингийн зээл, байраа ломбарданд тавьж байгаад 2015 оны 10 сарын 20-ны өдөр М-д бэлнээр өгсөн. Мөнгө авсанаас хойш удахгүй бүтнэ, маргааш нөгөөдөр гэсээр сүүлдээ утсаа авахгүй болсон. Сүүлд нь чамд ажлын хувцас захиалах хэрэгтэй гээд 40 000 төгрөг авсан. М- надад сүүлд 1 500 000 төгрөг буцааж өгсөн. Одоо 4 540 000 төгрөг нэхэмжилж байна. Энэ мөнгөө авчихвал гомдол саналгүй гэсэн мэдүүлэг,
Гэрч Ц.Х-ийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн: 2015 оны 09 дүгээр сард М- ГОК-д ажилд орох хүн байна уу, 2-3 хүний ажлын байр гараад байгаа, найдвартай орох хүн байна уу гэж асууж байсан. Би тухайн үедээ ажилд оруулах хүн байхгүй асууж байя гэж хэлж байсан. Би М- эгчийн хүү Ч- нь Улаанбаатар хотод хувийн компанид ажилладаг, цахилгааны мэргэжилтэй болохоор том үйлдвэрт орчихвол амьдралд нь хэрэгтэй юм гэж бодоод М-гаас дүүгийнхээ мэргэжлийг хэлээд ажилд оруулах боломж байна уу гэж асуухад би асуугаад өгье, ах дүү болсон шахуу хэдэн дарга нар байдаг гэж хэлсэн. М- урьдчилгаа мөнгө төгрөг өгвөл болох байх гэхээр нь М- эгчид хэлсэн чинь хөөцөлдөөд өгөөч гэсэн. Би 2015 оны 12 дугаар сарын 11-ний өдөр М- эгчээс дансаар 5 сая төгрөг шилжүүлж аваад М-тай уулзахад эхний ээлжинд гагнуурчинаар ажилд оруулна, би өөрөө гагнуурчины үнэмлэх гаргуулна гэсэн. Би М-д 5 сая төгрөг бэлнээр өгөөд Ч-ийн бичиг баримтыг бүрдүүлж өгсөн. Үүнээс хойш М- дахиж яриад Б- дарга Ч-ийн бичиг баримттай танилцаад гагнуурчинаар яаж оруулах вэ, цехэд арай дээгүүр албан тушаалд оруулж өгье гэж хэлж байна, нэмээд 4 сая төгрөг өгчих гэж хэлж байна гэхээр нь би эгч М-т хэлсэн. Б- даргатай уулзаж асууя гэхэд М- ажил ихтэй байгаа гэж хэлээд уулзуулаагүй. М- миний дэргэд Б- даргатай ярьж байна гээд яриад байдаг байсан. Би тухайн үед яриад байна л гэж бодсон. Би эгч М-оос 3 600 000 төгрөг шилжүүлж аваад өөрөөсөө 400 000 төгрөг нэмээд нийт 4 сая төгрөг бэлнээр М-д өгсөн. Үүнээс хойш М-гаас асуухаар бүтэж байгаа, Сувдаа даргын гарын үсэг дутуу байна, ерөнхий захирлын гарын үсэг дутуу байна гэх мэтээр худлаа яриад байсан. 2016 оны 02 дугаар сард Ч-ийн нийгмийн даатгалын дэвтэрийг аваад одоо ер нь удахгүй орох гэж байна, ойрхон байлгаж байгаарай гэж хэлэхээр нь Ч-ийг хотоос дуудаад гэртээ байлгаад байж байхад М- энэ долоо хоногийн 3 дахь өдөр, дараа долоо хоногийн 2 дахь өдөр дуудна шүү гээд худлаа яриад хойшлуулаад байсан. Манай эгч М-оос М- 1 сая төгрөг дансаар авсан байсан.Би М- эгчээс 400 000 төгрөг зээлж авсан байсан,түүнийгээ нийлүүлээд М-д өгсөн байгаа. Би өөрийн гараар М-д 9 000 000 төгрөг өгсөн...гэх мэдүүлэг / хх-ийн 124-р талд /
Гэрч Д.А-гийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн: Манай нөхөр 2015 оны 10 дугаар сард “***” ХХК-д ажилд оруулж өгөх хүн байна, чамд 2 сая төгрөг олдох уу? гэхээр нь би хүнээс асууж байгаад 2 сая төгрөг олж нөхөртөө өгсөн. Дараа нь цалингийн зээл аваад 4 сая төгрөг нөхөртөө өгөөд явуулсан. Үүнээс хойш ажилд оруулахгүй удаад байхаар нь М-г хайж явсан боловч гар утасаа авахгүй алга болсон гэх мэдүүлэг / хх-ийн 103-р талд /
Гэрч Л.Б-гийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн:Би М- гэдэг хүнийг танихгүй. Би Ц- гэж хүнийг танина, сургуулийн захирлын нарийн бичгийн дарга хийж байгаад “***” ХХК-ний хүний нөөцийн менежерээр шилжин ажиллаж байгаа гэх мэдүүлэг / х-ийн 13-р талд /
Гэрч Ц- Д-гийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн: Би М-г бол танина. Гэхдээ би нийлж “***”-т хүн ажилд оруулж өгнө гэж мөнгө авсан асуудал байхгүй. М-тай нэг удаа ажлын газрын коридорт тааралдаж байсан. Юу хийж байгаа талаар асуухад ажилтай явна гэж хэлсэн. Би М-г хүнээс мөнгө аваад өрөнд орсон байна гэдгийг сонсож байсан болохоор харьцаагүй. Би хүн ажилд оруулж өгнө гэж М-д хэлээд хүнээс мөнгө авахуулсан асуудал байхгүй. Би М- гэдэг хүнээс мөнгө аваагүй гэх мэдүүлэг / хх-ийн 19-р талд /
ХААН банкны дансны хуулгууд / хх-ийн 125-128-р талд /
Шүүгдэгчийн ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас зэрэг болно.
Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан дээрхи нотлох баримтууд нь Эрүүгийн байцаан шийтгэх хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж бэхжүүлэгдсэн байх тул шүүх үнэн зөвд тооцож хэрэг хянан шийдвэрлэхэд хангалттай нотлох баримтууд гэж үзлээ.
Шүүгдэгч Ч.М- нь давтан үйлдлээр Н.М-, Б.М- нарыг хуурч мэхлэн Эрдэнэт- Үйлдвэрийн Баяжуулах Фабрикийн зөвлөх инженер цех хариуцсан дарга Л.Б-, Хүний нөөцийн хэлтсийн мэргэжилтэн Ц- Доржигарамаевна нартай ярьж “***” ХХК-д ажилд оруулж өгнө гэж хохирогч Б.М-гаас 6 040 000 төгрөг, хүү Д.Ч-ийг нь ажилд оруулж өгнө гэж хохирогч Н.М-оос 10 сая төгрөг тус тус залилан мэхлэж авсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай болох нь шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгчийн үйлдсэн хэргээ хүлээн мэдүүлсэн мэдүүлэг, хохирогч Б.М-, Н.М-, гэрч Д.А, Ц.Х-, Д.Ч-, Л.Б-, Ц- Д нарын мэдүүлэг, ХААН банкны дансны хуулгууд болон хэрэгт цугларсан бичгийн нотлох баримтуудаар хангалттай нотлогдон тогтоогдож байна.
Шүүгдэгч Ч.М-д Орхон аймгийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 148 дугаар зүйлийн 148.2.д зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хэргийн зүйлчлэл зөв, түүнийг давтан үйлдлээр бусдын эд хөрөнгийг залилан мэхлэж авсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, ял шийтгэл оногдуулах үндэслэлтэй гэж дүгнэв.
Иймд шүүгдэгч Ч.М-д ял шийтгэл оногдуулахдаа гэмт хэрэг давтан үйлдсэнийг хүндрүүлэн үзэхийн зэрэгцээ анх удаа хүндэвтэр гэмт хэрэг үйлдсэн, үйлдсэн гэмт хэрэгтээ чин санаанаасаа гэмшиж байгаа, гэмт хэрэг үйлдэж учруулсан хохирлоосоо зарим хэсгийг төлсөн, гурав хүртэлх насны хүүхэдтэй зэргийг харгалзсан үзэж хорих ялыг сонгон хэрэглэж, хорих ял оногдуулсан шүүхийн шийтгэх тогтоол биелүүлэхийг хойшлуулах үндэслэлтэй гэж үзлээ.
Энэ хэрэгт хураагдаж ирсэн иргэний бичиг баримтгүй, эд мөрийн баримтгүй, битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, шүүгдэгч цагдан хоригдсон хоноггүй болно.
Шүүгдэгч Ч.М-гаас 10 сая төгрөг гаргуулан хохирогч Н.М-т, 4 540 000 төгрөг гаргуулан хохирогч Б.М-д олгох нь зүйтэй гэж үзсэн болно.
Монгол Улсын Эрүүгийн Байцаан Шийтгэх Хуулийн 283., 284., 285., 286., 294-299 дүгээр зүйлүүдэд тус тус заасныг удирдлага болгон
ТОГТООХ нь :
1. Шүүгдэгч Т овгийн Ч-ийн М-г давтан үйлдлээр бусдын эд хөрөнгийг залилан мэхлэж авсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 148 дугаар зүйлийн 148.2.д зааснаар шүүгдэгч Ч.М-г эд хөрөнгө хураахгүйгээр 3 /гурав/ жилийн хугацаагаар хорих ялаар шийтгэсүгэй.
3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 52 дугаар зүйлийн 52.5.д зааснаар шүүгдэгч Ч.М-д оногдуулсан 3 жилийн хорих ялыг жирийн дэглэмтэй эмэгтэйчүүдийн хорих ангид эдлүүлсүгэй.
4. Энэ хэрэгт хураагдаж ирсэн иргэний бичиг баримтгүй, эд мөрийн баримтгүй, битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, шүүгдэгч цагдан хоригдсон хоноггүй болохыг тус тус дурьдсугай.
5. Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1., 505 дугаар зүйлийн 505.1.д зааснаар шүүгдэгч Ч.М-гаас 10 000 000 төгрөг гаргуулан хохирогч Н.М- /** аймаг *** сум ** тоотод оршин суух, *******, Утас ****/-т, 4 540 000 төгрөг гаргуулан хохирогч Б.М- / ** аймаг ** сум ** баг *** тоотод оршин суух, *****, Утас *******/-д тус тус олгосугай.
6. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 63 дугаар зүйлийн 63.1.д зааснаар шүүгдэгч Ч.М-д 3 жилийн хорих ял оногдуулсан шүүхийн шийтгэх тогтоол биелүүлэхийг 2 жилийн хугацаагаар хойшлуулж, ялтанд хяналт тавихыг цагдаагийн байгууллагад даалгасугай.
7. Шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгчид урд авсан бусдын батлан даалтанд байлгах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
8. Шийтгэх тогтоол уншин танилцуулснаар хүчинтэй болох бөгөөд тогтоолыг шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч, хууль ёсны төлөөлөгч, эс зөвшөөрвөл тогтоолыг гардаж авснаас хойш 14 хоногийн дотор Орхон аймгийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч болон дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Ш.ЭРДЭНЭЦЭЦЭГ