Завхан аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр

2021 оны 05 сарын 28 өдөр

Дугаар 140/ШШ2021/00235

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС 

Завхан аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Э.Оюун-Эрдэнэ даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн шүүх хуралдаанаар,

Нэхэмжлэгч: Хаан банкны Завхан салбарын нэхэмжлэлтэй

Хариуцагч: Завхан аймгийн Улиастай сумын 3 дугаар баг Чигэстэй хаан хэсэг 5-5 тоотод оршин суух Мөнх овгийн Мятавын Батцэцэг /РД:ИЮ87103108/,

Хариуцагч: Завхан аймгийн Улиастай сумын 3 дугаар баг Чигэстэй хаан хэсэг 4-4-48 тоотод оршин суух Мужаан туна овгийн Мөнхбатын Цэнд-Аюуш /РД:ИЖ84082811/,

Хариуцагч: Завхан аймгийн Улиастай сумын 3 дугаар баг Чигэстэй хаан хэсэг 5-5 тоотод оршин суух Мөнх овгийн Готовын Мятав /РД:ИЮ49031898/ нарт холбогдох

- үндсэн зээлийн төлбөр 25.543.980 төгрөг, зээлийн хүүгийн төлбөр 2.851.607 төгрөг, нэмэгдүүлсэн хүүгийн төлбөр 50.000 төгрөг, нийт 28.445.587 төгрөг гаргуулах, нотариатын төлбөр 20.500 төгрөг гаргуулах,

-зээлийн төлбөрийг мөнгөн хэлбэрээр барагдуулаагүй тохиолдолд нэхэмжлэлийн шаардлагыг зээлийн барьцаа хөрөнгөөр хангуулах тухай нэхэмжлэлийг 2021 оны 02 дугаар сарын 02-ны өдөр хүлээн авч, 2021 оны 02 дугаар сарын 09-ний өдөр иргэний хэрэг үүсгэн хянан хэлэлцлээ.  

Шүүх хуралдаанд: нэхэмжлэгч байгууллагын итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Пүрэвдорж, хариуцагч М.Батцэцэг /Улаанбаатар хотоос онлайнаар/, хариуцагч М.Цэнд-Аюуш /Улаанбаатар хотоос онлайнаар/, нарийн бичгийн дарга Г.Эрдэнэжаргал нар оролцов.  

ТОДОРХОЙЛОХ нь: 

Нэхэмжлэгч Хаан банкны Завхан салбарын итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Пүрэвдорж нь шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Зээлдэгч ХААН банк Завхан салбарын зүгээс зээлдэгч М.Батцэцэг Г.Мятав, М.Цэнд-Аюуш нарт холбогдуулж нэхэмжлэл гаргасан, Зээлдэгч М.Батцэцэг хамтран үүрэг гүйцэтгэгч Г.Мятав нь Хаан банкны Жаргалант тооцооны төвөөс 2018 оны 6 сарын 08-ны өдөр 21.000.000 төгрөгийн зээлийг амины сууц худалдан авах зориулалтаар авсан. Мөн 2017 оны 08 сарын 31-ний өдөр 1.4000.000 төгрөгийн гэрээ байгуулж кредит картын зээл авсан. Зээлдэгч М.Батцэцэг, хамран үүрэг гүйцэтгэгч М.Цэнд-Аюуш нар Хаан банкны Завхан салбарын төв тооцооны төвөөс 2019 оны 01 сарын 30-ний өдөр 10.000.000 төгрөгийн бизнесийн эргэлтийн хөрөнгийн зориулалтаар тус тус зээл авсан. Тухайн зээлийн барьцаанд Улиастай сумын Жаргалант багийн Нарлаг энгэрийн 5-536 тоотод байрлах 54 мкв хувийн сууцны зориулалтай үл хөдлөх хөрөнгө, хүнсний дэлгүүрийн зориулалттай үл хөдлөх хөрөнгө, Улиастай сумын Жаргалант багийн Нарлаг энгэрийн 5-р гудамж хаягтай 558 мкв гэр бүлийн хэрэгцээний зориулалттай газар, аксент верна маркийн авто машин, гэрийн эд хогшил, бизнесийн бараа материал зэргийг барьцаалсан. Зээлдэгч нар нь зээлийн гэрээний 2.4 дүгээр зүйлийн 2.4.1-т заасны дагуу зээлийн төлбөрийг хугацаандаа төлөөгүй, зээлийн хугацаа хэтрүүлснээс болж зээлийн гэрээг цуцлах үндэслэл болсон. Хаан банкны зүгээс нийт 28.766.265 төгрөгийг гаргуулах нэхэмжлэлийн шаардлага гаргаж байна. Мөн зээлийн гэрээний үүргийг барьцаа хөрөнгөөр хангуулж өгнө үү гэв. 

Хариуцагч М.Батцэцэг шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Энэ зээлийг төлж барагдуулна. Хаан банкнаас 21.000.000 төгрөгийн зээл авч хашаа байшин авсан. Уг зээлд хамтран зээлдэгчээр манай аав Г.Мятав оролцсон. Мөн кредит картын 1.400.000 төгрөг, 10.000.000 төгрөгийн зээлүүдийг авч дэлгүүрийн бараа эргэлтийн мөнгөндөө оролцуулсан. Би 2 хүнсний дэлгүүр ажиллуулдаг байсан. Би машинд шүргүүлж аваарт орсон учраас эмнэлэг гэж явж байгаад түүнээс хойш зээлээ төлж чадахгүй нөхцөл байдалд хүрсэн. Түүнээс хойш би муу зээлдэгч болсон. Бидний зүгээс зээлээ мөнгөн хэлбэрээр төлж барагдуулах боломжгүй болчихоод байна. Бид Хаан банкнаас авсан зээлээ төлнө гэсэн бодолтой байна. Одоогоор үл хөдлөх хөрөнгөө зарахаар зар тавьсан байгаа гэв.

Хариуцагч М.Цэнд-Аюуш шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Хаан банкны Завхан салбараас зээл авсан нь үнэн. ХААН банкнаас авсан зээлээ барьцаа хөрөнгөөрөө төлж барагдуулах саналтай байна гэв. 

Шүүх хуралдаанаар нэхэмжлэгчийн нэхэмжлэл, хариуцагчийн хариу тайлбар, хэрэгт цугларсан бичгийн нотлох баримтуудыг шинжлэн судлаад  

ҮНДЭСЛЭХ нь: 

Нэхэмжлэгч Хаан банкны Завхан салбар нь хариуцагч М.Батцэцэг, Г.Мятав, М.Цэнд-Аюуш нарт холбогдуулан:

- үндсэн зээлийн төлбөр 25.543.980 төгрөг, зээлийн хүүгийн төлбөр 2.851.607 төгрөг, нэмэгдүүлсэн хүүгийн төлбөр 50.000 төгрөг, нийт 28.445.587 төгрөг гаргуулах,

- нотариатын төлбөр 20.500 төгрөг гаргуулах,

- улсын тэмдэгтийн хураамж 300.178 төгрөг гаргуулах,

-зээлийн төлбөрийг мөнгөн хэлбэрээр барагдуулаагүй тохиолдолд нэхэмжлэлийн шаардлагыг зээлийн барьцаа хөрөнгөөр хангуулах тухай нэхэмжлэлийн шаардлага гаргажээ.  

Нэг. Үндсэн зээлийн төлбөр 25.543.980 төгрөг, зээлийн хүүгийн төлбөр 2.851.607 төгрөг, нэмэгдүүлсэн хүүгийн төлбөр 50.000 төгрөг, нийт 28.445.587 төгрөг гаргуулах нэхэмжлэлийн шаардлагын талаар:  

Нэхэмжлэгч Хаан банкны Завхан салбарийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нь шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн тайлбартаа:

Хариуцагч М.Батцэцэг, М.Цэнд-Аюуш, Г.Мятав нараас зээл, зээлийн хүү нийт 28.445.587 төгрөгийг гаргуулж өгнө үү мөн барьцааны зүйлээр үүргийн гүйцэтгэлийг хангуулж өгнө үү гэж нэхэмжлэлийн шаардлагаа дэмжин тайлбарлаж байна.  

Хариуцагч М.Батцэцэг шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн тайлбартаа: Бид Хаан банкнаас авсан зээлээ төлж барагдуулна, одоогоор үл хөдлөх хөрөнгөө зарахаар зар тавьсан байгаа гэж тайлбарлаж байна.  

Хариуцагч М.Цэнд-Аюуш шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн тайлбартаа: Хаан банкны Завхан салбараас зээл авсан нь үнэн, энэ зээлээ төлж барагдуулна гэж тайлбарлаж байна.  

Нэхэмжлэгч Хаан банкны Завхан салбар нь зээлдэгч М.Батцэцэг, Г.Мятав нартай 2018 оны 6 дугаар сарын 08-ны өдөр №201843624536 дугаартай Орон сууцны зээлийн гэрээ байгуулж, 21.000.000 төгрөгийг, жилийн 21.6 хувийн хүүтэй, 84 сарын хугацаатай зээлдүүлэхээр харилцан тохиролцож, зээлийн гэрээг бичгээр байгуулж, зээлийн мөнгөн хөрөнгө болох 21.000.000 төгрөгийг зээлдэгчийн өмчлөлд шилжүүлсэн болох нь талуудын шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн тайлбар, Орон сууцны зээлийн гэрээ, зээл буцаан төлөх хувиар-ын хуулбараар тус тус нотлогдож байна. /хх-ийн 22-25/  

Талууд 2018 оны 6 дугаар сарын 08-ны өдөр №БГҮ201843624536 дугаартай Барьцааны гэрээ байгуулан үндсэн зээлдэгч М.Батцэцэг, хамтран үүрэг гүйцэтгэгч Г.Мятав нар нь зээлийн барьцаанд:

Завхан аймгийн Улиастай сумын Жаргалант баг Нарлаг энгэрийн 5-536 тоот хаягт байрлалтай, улсын бүртгэлийн Г-0918000296 дугаартай, гэрчилгээний Д-000476172 дугаартай, гэр бүлийн хэрэгцээний зориулалттай 558мкв талбайтай, өмчлөх эрхтэй газар,

Завхан аймгийн Улиастай сумын Жаргалант баг Нарлаг энгэрийн 5-536 тоот хаягт байрлалтай, улсын бүртгэлийн Ү-0918001096 дугаартай, гэрчилгээний Д-000555341 дугаартай, 54мкв талбайтай, үл хөдлөх эд хөрөнгө болох хувийн сууцыг тус тус барьцаалсан болох нь Барьцааны гэрээ-ний хуулбар, талуудын тайлбараар нотлогдож байна. /хх-ийн 26-27/ 

Нэхэмжлэгч Хаан банкны Завхан салбар нь зээлдэгч М.Батцэцэг, М.Цэнд-Аюуш нартай 2019 оны 01 дүгээр сарын 30-ны өдөр №ЗГ/201944268392 дугаартай Зээлийн гэрээ байгуулж, 10.000.000 төгрөгийг бизнесийн зээлийн зориулалтаар, жилийн 21.6 хувийн хүүтэй, 36 сарын хугацаатай зээлдүүлэхээр харилцан тохиролцож, зээлийн гэрээг бичгээр байгуулж, зээлийн мөнгөн хөрөнгө болох 10.000.000 төгрөгийг зээлдэгчийн өмчлөлд шилжүүлсэн болох нь талуудын шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн тайлбар, Зээлийн гэрээ, зээлийн эргэн төлөлтийн хувиар-ын хуулбараар тус тус нотлогдож байна. /хх-ийн 32-34/  

Талууд 2019 оны 01 дүгээр сарын 30-ны өдөр №БГҮ201944268392 дугаартай Барьцааны гэрээ байгуулан үндсэн зээлдэгч М.Батцэцэг, хамтран үүрэг гүйцэтгэгч М.Цэнд-Аюуш нар нь зээлийн барьцаанд:

Завхан аймгийн Улиастай сумын Жаргалант баг Нарлаг энгэрийн 5-536 тоот хаягт байрлалтай, улсын бүртгэлийн Ү-0918003631 дугаартай, гэрчилгээний Г-000555726 дугаартай, 36мкв талбайтай, хүнсний дэлгүүрийн зориулалттай үл хөдлөх эд хөрөнгө,

Завхан аймгийн Улиастай сумын Жаргалант баг Нарлаг энгэрийн 5-536 тоот хаягт байрлалтай, улсын бүртгэлийн Г-0918000296 дугаартай, гэрчилгээний Д-000476172 дугаартай, гэр бүлийн хэрэгцээний зориулалттай 558мкв талбайтай, өмчлөх эрхтэй газар,

Бараа, гэрийн эд хогшил, 18-38 ЗАН улсын дугаартай Аccent Verna маркийн суудлын автомашиныг тус тус барьцаалсан болох нь Барьцааны гэрээ-ний хуулбар, талуудын тайлбараар нотлогдож байна. /хх-ийн 35-37/ 

Нэхэмжлэгч Хаан банкны Завхан салбар нь зээлдэгч М.Батцэцэгтэй 2017 оны 08 дугаар сарын 30-ны өдөр №201743185988 дугаартай Кредит картын гэрээ байгуулж, 1.400.000 төгрөгийг санхүүгийн хэрэгцээндээ зориулж, зээлийн гэрээг бичгээр байгуулсан болох нь талуудын шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн тайлбар, Кредит картын гэрээ-ний хуулбараар тус тус нотлогдож байна. /хх-ийн 13-15/  

Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1-д Банк, зээлийн үйл ажиллагаа эрхлэх эрх бүхий хуулийн этгээдээс зээл олгох гэрээгээр банк, зээлийн үйл ажиллагаа эрхлэх, эрх бүхий хуулийн этгээд нь мөнгөн хөрөнгийг хуульд заасан үндэслэл, журмын дагуу тодорхой хугацаатайгаар зээлдэгчид шилжүүлэх, зээлдэгч нь гэрээнд заасан хугацаанд уг мөнгөн хөрөнгө, гэрээнд заасан бол түүний хүүг буцаан төлөх үүргийг тус тус хүлээнэ гэж заасны дагуу талуудын хооронд зээлийн гэрээний харилцаа үүссэн байна.  

Нэхэмжлэгч Хаан банкны Завхан салбар, хариуцагч М.Батцэцэг, М.Цэнд-Аюуш, Г.Мятав нарын хооронд байгуулсан Орон сууцны зээлийн гэрээ, Зээлийн гэрээ, Кредит картийн зээлийн гэрээ нь талуудын хүсэл зоригийг илэрхийлсэн, Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.2-т заасан шаардлагыг хангаж бичгээр хийгдсэн, хүчин төгөлдөр гэрээ байна.

 Хариуцагч М.Батцэцэг, М.Цэнд-Аюуш нар нь Хаан банкны Завхан салбартай Орон сууцны зээлийн гэрээ, Зээлийн гэрээ, Кредит картийн зээлийн гэрээ байгуулан, гарын үсэг зурж баталгаажуулан зээлийн төлбөрийг авсан талаараа маргаагүй болно.  

Харин хариуцагч Г.Мятавт шүүхээс нэхэмжлэлийн нэг хувийг гардуулан, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа болон шүүх хуралдаанд оролцоход эдлэх эрх, хүлээх үүргийг танилцуулах мөн нөлөөлийн мэдүүлэг хөтлөх журамтай танилцуулахаар дуудсан байна.  

Хариуцагч Г.Мятав нь 2021 оны 02 дугаар сарын 09-ний өдөр тус шүүхэд хүрэлцэн ирсэн боловч нэхэмжлэлийн хувийг гардаж аваагүй, авахгүй, эрх үүрэг, нөлөөлийн мэдүүлэг хөтлөх журамтай танилцаагүй, танилцахгүй, надад энэ банкны зээл хамааралгүй гэж тайлбарласан болохыг дурдах нь зүйтэй байна. /хх-ийн 42-46/ 

Иргэний хуулийн 242 дугаар зүйлийн 242.1-т үүрэг гүйцэтгэгчийн хэн хэн нь үүргийн гүйцэтгэлийг үүрэг гүйцэтгүүлэгчид бүхэлд нь буюу хэсэгчлэн хүлээлгэн өгөх, үүрэг гүйцэтгүүлэгч нь үүргийн гүйцэтгэлийг бүхэлд нь буюу хэсэгчлэн үүрэг гүйцэтгэгч тус бүрээс шаардах эрх бүхий байвал хамтран үүрэг гүйцэтгэгч гэнэ гэж, мөн хуулийн 242.2-т хамтран хүлээх үүрэг нь хууль буюу гэрээнд зааснаар, эсхүл үүргийн зүйлийн үл хуваагдах шинж чанартай холбоотой үүснэ гэж заажээ.  

Мөн Иргэний хуулийн 242 дугаар зүйлийн 242.3-т үүрэг гүйцэтгүүлэгч нь өөрийн үзэмжээр аль ч үүрэг гүйцэтгэгчээс үүргийн гүйцэтгэлийг бүхэлд нь буюу хэсэгчлэн шаардаж болох бөгөөд үүргийг бүхэлд нь гүйцэтгэх хүртэл үүрэг гүйцэтгэгчдийн хүлээсэн үүрэг хүчин төгөлдөр хэвээр байна гэж зааснаар Хаан банкны Завхан салбар нь өөрийн үзэмжээр аль ч үүрэг гүйцэтгэгчээс үүргийн гүйцэтгэлийг бүхэлд нь шаардах эрхтэй бөгөөд хариуцагч М.Батцэцэг, М.Цэнд-Аюуш, Г.Мятав нар нь үүргээ бүхэлд нь гүйцэтгэх хүртэл тэдний гэрээгээр хүлээсэн үүрэг хүчин төгөлдөр хэвээр байна.

Өөрөөр хэлбэл хамтран зээлдэгч Г.Мятав нь Хаан банкны Завхан салбартай байгуулсан Орон сууцны зээлийн гэрээ-ний хамтран үүрэг гүйцэтгэгч болсон ба Хаан банкны Завхан салбар нь зээлийг үндсэн зээлдэгч М.Батцэцэг, хамтран үүрэг гүйцэтгэгч Г.Мятав, М.Цэнд-Аюуш нараас бүхэлд нь буюу хэсэгчлэн шаардах эрхтэй юм.  

Түүнчлэн талуудын хооронд байгуулсан Орон сууцны зээлийн гэрээ-ний 4.3-т хамтран үүрэг гүйцэтгэгч нь зээлдэгчийн нэгэн адил эрхийг эдэлж, үүргийг хүлээнэ гэж зааснаар хамтран үүрэг гүйцэтгэгч Г.Мятав нь үндсэн зээлдэгч М.Батцэцэгийн нэгэн адил эрх эдэлж, үүрэг хүлээхээр байна.  

Иймд хариуцагч Г.Мягтав нь Надад энэ зээл хамаагүй, би энэ зээлийг хариуцахгүй гэж тайлбарласныг хүлээн авах боломжгүй байна.  

Талуудын хооронд байгуулсан зээлийн гэрээ-ний эргэн төлөлтийн хувиараас үзвэл хариуцагч М.Батцэцэг, М.Цэнд-Аюуш, Г.Мятав нар нь зээлийн хүүнд нийт 2.851.607 төгрөгийн хүү төлөх үүрэгтэй байна. /хх-ийн 67/ 

Мөн Иргэний хуулийн 452 дугаар зүйлийн 452.2-т Зээлдэгч гэрээнд заасан хугацаанд авсан зээлээ эргүүлэн төлөөгүй бол гэрээнд заасны дагуу зээлдүүлэгчийн үндсэн хүүгийн хорин хувиас хэтрэхгүй хэмжээний нэмэгдүүлсэн хүү төлөхөөр гэрээнд зааж болно гэж заажээ.  

Нэхэмжлэгч Хаан банкны Завхан салбар нь хариуцагч М.Батцэцэг, М.Цэнд-Аюуш, Г.Мятав нараас нэмэгдүүлсэн хүү 50.000 төгрөгийг нэхэмжлэх эрхтэй гэж үзэхээр байна.  

Иргэний хуулийн 206, 208 дугаар зүйлд заасан үүрэг гүйцэтгэгч гэрээгээр тохирсон үүргийг тогтоосон газар, хугацаанд нь зохих ёсоор, шударгаар гүйцэтгэх үүрэгтэй бөгөөд хариуцагч М.Батцэцэг, М.Цэнд-Аюуш, Г.Мятав нар нь зээл болон зээлийн хүүг гэрээнд зааснаар зохих ёсоор төлөөгүй болох нь хэрэгт авагдсан баримт, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн тайлбар, хариуцагч нарын шүүхэд гаргасан хариу тайлбар болон шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн тайлбар зэргээр нотлогдож байна.  

Иймд хариуцагч М.Батцэцэг, М.Цэнд-Аюуш, Г.Мятав нараас үндсэн зээлийн төлбөр 25.543.980 төгрөг, зээлийн хүүгийн төлбөр 2.851.607 төгрөг, нэмэгдүүлсэн хүүгийн төлбөр 50.000 төгрөг, нийт 28.445.587 төгрөг гаргуулж нэхэмжлэгч Хаан банкны Завхан салбарт олгож, нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэв.  

Хоёр. Барьцааны гэрээ-нд заасан барьцаа хөрөнгөөр үүргийн гүйцэтгэлийг хангуулах тухай нэхэмжлэлийн талаар:  

Үүрэг гүйцэтгэгч хариуцагч М.Батцэцэг, М.Цэнд-Аюуш, Г.Мятав нар нь зээлийн гэрээгээр хүлээсэн үүргээ зохих ёсоор хугацаандаа биелүүлээгүй, зээлийн хүүг төлөөгүй тул үүрэг гүйцэтгүүлэгч болох нэхэмжлэгч Хаан банкны Завхан салбар барьцаа хөрөнгөөр үүргийн гүйцэтгэлийг хангуулахыг хүсчээ.  

Талуудын хооронд байгуулсан Орон сууцны зээлийн гэрээ-ний 7.4-т энэхүү гэрээний 5.1.2-т заасан данснаас зээлийн төлбөрийг бүрэн барагдуулж хүрэлцэхгүй тохиолдолд банк энэ гэрээний салшгүй хэсэг барьцааны гэрээнд зааснаар үүргийн гүйцэтгэлийг бүрэн хангуулна гэж,

Барьцааны гэрээ-ний 2.11.4-т Барьцаагаар хангагдах шаардлага үүссэн тохиолдолд барьцааны зүйлээр үүргийн гүйцэтгэлийг бүрэн хангана гэж тус тус заажээ.  

Мөн Иргэний хуулийн 175 дугаар зүйлд үүрэг гүйцэтгэгч үүрэг гүйцэтгэх хугацааг хэртүүлсэн бөгөөд үүрэг гүйцэтгүүлэгч энэ талаар шаардлага тавихад үл биелүүлсэн тохиолдолд түүний хүсэлтээр шүүхийн шийдвэрээр барьцааны зүйлийг албадан худалдахаар зохицуулсан байна.  

Иймд Иргэний хуулийн 158 дугаар зүйлийн 158.1, 175 дугаар зүйлийн 175.1-д зааснаар хариуцагч М.Батцэцэг, М.Цэнд-Аюуш, Г.Мятав нар нь шүүхийн шийдвэрийг сайн дураараа үл биелүүлсэн тохиолдолд Барьцааны гэрээ-нүүдийн барьцаа хөрөнгийн үнийн дүнгээр үүргийн гүйцэтгэлийг хангуулахыг Шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагад даалгаж шийдвэрлэх нь зүйтэй байна.  

Иргэний хуулийн 227 дугаар зүйлийн 227.3-т үүрэг гүйцэтгүүлэгчээс гарсан зардал, эд хөрөнгийн алдагдал буюу гэмтэл, үүрэг гүйцэтгэгч үүргээ гүйцэтгэсэн бол үүрэг гүйцэтгүүлэгчид зайлшгүй орох байсан орлогыг хохиролд тооцно гэж, мөн хуулийн 219 дүгээр зүйлийн 219.1-т үүрэг гүйцэтгэгч хүлээсэн үүргээ зөрчсөн тохиолдолд үүрэг гүйцэтгүүлэгч учирсан хохирлоо арилгуулахаар шаардах эрхтэй гэж тус тус заасан байна.  

Иймд Хаан банкны Завхан салбар нь тус шүүхэд нэхэмжлэл гаргахдаа төлсөн нотариатын зардал 20.500 төгрөгийг хариуцагч М.Батцэцэг, М.Цэнд-Аюуш, Г.Мятав нараас гаргуулах нь зүйтэй байна гэж үзлээ.  

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 77 дугаар зүйлийн 77.2-т заасны дагуу хариуцагч Г.Мятавт шүүх хуралдааны товыг мэдэгдсэн байна.  

Хариуцагч Г.Мятав шүүх хуралдаанд хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр ирээгүй бөгөөд нэхэмжлэгч байгууллагын итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Пүрэвдорж, хариуцагч М.Батцэцэг, М.Цэнд-Аюуш нар нь хариуцагч Г.Мятавыг шүүх хуралдаанд оролцуулахгүйгээр хэргийг шийдвэрлэх боломжтой тул шүүх хуралдааныг үргэлжлүүлэх хүсэлт гаргасан болно.  

Мөн хариуцагч М.Батцэцэг нь шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн тайлбартаа: хариуцагч Г.Мягтав бол миний төрсөн аав, аав маань хөдөө байгаа, шүүх хуралдаанд ирэх боломжгүй, би 70 гарсан настай аавыгаа энэ асуудалд оролцуулахгүйгээр шийдүүлэх хүсэлтэй байна гэж тайлбарласан.  

Иймд Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 100 дугаар зүйлийн 100.3-т зааснаар хариуцагч Г.Мятавыг шүүх хуралдаанд оролцуулахгүйгээр хэргийг хянан шийдвэрлэсэн болно 

Хэрэгт авагдсан дээрхи баримтууд нь шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн, бичмэл нотлох баримтын шаардлага хангасан, тухайн хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, үнэн зөв баримт гэж үнэлсэн болно.  

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2-т зааснаар нэхэмжлэгч Хаан банкны Завхан салбарын улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 320.677 төгрөгийг төрийн сангийн орлогод хэвээр үлдээж, хариуцагч М.Батцэцэг, М.Цэнд-Аюуш, Г.Мятав нараас улсын тэмдэгтийн хураамж 320.677 төгрөг гаргуулж нэхэмжлэгч Хаан банкны Завхан салбарт олгох нь зүйтэй байна.  

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.1. 116, 118, 119 дүгээр зүйлүүдийг удирдлага болгон 

ТОГТООХ нь: 

1.  Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1, 451.2, мөн хуулийн 452 дугаар зүйлийн 452.2-т тус тус зааснаар хариуцагч Мөнх овгийн Мятавын Батцэцэг /РД:ИЮ87103108/, хариуцагч Мужаан туна овгийн Мөнхбатын Цэнд-Аюуш /РД:ИЖ84082811/, хариуцагч Мөнх овгийн Готовын Мятав /РД:ИЮ49031898/ нараас 28.445.587 /хорин найман сая дөрвөн зуун дөчин таван мянга таван зуун наян долоо/ төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч Хаан банкны Завхан салбарт олгосугай.  

2.  Иргэний хуулийн 227 дугаар зүйлийн 227.1, 227.3-т тус тус зааснаар хариуцагч М.Батцэцэг, М.Цэнд-Аюуш, Г.Мятав нараас нотариатын зардал 20.500 төгрөг гаргуулж нэхэмжлэгч Хаан банкны Завхан салбарт олгосугай. 

3. Иргэний хуулийн 158 дугаар зүйлийн 158.1, 175 дугаар зүйлийн 175.1-т тус тус зааснаар хариуцагч М.Батцэцэг, М.Цэнд-Аюуш, Г.Мятав нар нь үүргээ гүйцэтгээгүй буюу зохих ёсоор гүйцэтгээгүй тохиолдолд Барьцааны гэрээ-ний барьцаа хөрөнгө болох:

- Завхан аймгийн Улиастай сумын Жаргалант баг Нарлаг энгэрийн 5-536 тоот хаягт байрлалтай, улсын бүртгэлийн Г-0918000296 дугаартай, гэрчилгээний Д-000476172 дугаартай, гэр бүлийн хэрэгцээний зориулалттай 558мкв талбайтай, өмчлөх эрхтэй газар,

- Завхан аймгийн Улиастай сумын Жаргалант баг Нарлаг энгэрийн 5-536 тоот хаягт байрлалтай, улсын бүртгэлийн Ү-0918001096 дугаартай, гэрчилгээний Д-000555341 дугаартай, 54мкв талбайтай, үл хөдлөх эд хөрөнгө болох хувийн сууцыг

- Завхан аймгийн Улиастай сумын Жаргалант баг Нарлаг энгэрийн 5-536 тоот хаягт байрлалтай, улсын бүртгэлийн Ү-0918003631 дугаартай, гэрчилгээний Г-000555726 дугаартай, 36мкв талбайтай, хүнсний дэлгүүрийн зориулалттай үл хөдлөх эд хөрөнгө,

- Бараа, гэрийн эд хогшил, 18-38ЗАН улсын дугаартай Аccent Verna маркийн суудлын автомашин зэрэг эд хөрөнгийн үнийн дүнгээс үүргийн гүйцэтгэлийг шүүхийн шийдвэр гүйцэтгэлийн журмаар албадан дуудлага худалдаагаар хангуулсуай.  

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2-т зааснаар нэхэмжлэгч Хаан банкны Завхан салбарын улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 320.677 төгрөгийг төрийн сангийн орлогод хэвээр үлдээж, хариуцагч М.Батцэцэг, М.Цэнд-Аюуш, Г.Мятав нараас улсын тэмдэгтийн хураамж 320.677 төгрөг гаргуулж нэхэмжлэгч Хаан банкны Завхан салбарт олгосугай.

5. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2-т зааснаар шүүхийн шийдвэр танилцуулан сонсгомогц хуулийн хүчинтэй болохыг мэдэгдсүгэй.  

6. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7-т зааснаар шийдвэр хүчинтэй болсноос хойш 14 хоногийн дотор шийдвэрийн агуулга бүрэн эхээрээ бичгийн хэлбэрээр гарах ба ийнхүү гарснаас хойш шүүх хуралдаанд оролцсон тал нь 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийн хувийг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь давж заалдах шатны журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд шийдвэрийг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг дурдсугай.  

7. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч нь анхан шатны шүүхийн шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авснаас хойш 14 хоногийн дотор Завхан аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.  

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Э.ОЮУН-ЭРДЭНЭ