Улсын дээд шүүхийн Шүүх хуралдааны тогтоол

2025 оны 10 сарын 28 өдөр

Дугаар 001/ХТ2025/00173

 

 

М.З-ын нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

 

Монгол Улсын дээд шүүхийн шүүгч Х.Эрдэнэсувд даргалж, танхимын тэргүүн Г.Алтанчимэг, Н.Батчимэг, Н.Баярмаа, Б.Ундрах нарын бүрэлдэхүүнтэй, тус шүүхийн танхимд хийсэн хяналтын шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар,

Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн 2025 оны 03 дугаар сарын 28-ны өдрийн 191/ШШ2025/02607 дугаар шийдвэр,

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2025 оны 06 дугаар сарын 13-ны өдрийн 210/МА2025/01039 дүгээр магадлалтай,

М.З-ын нэхэмжлэлтэй

Г.У-т холбогдох

Гэрээнээс татгалзаж 13,340,000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг

Хариуцагч Г.У-ын хяналтын журмаар гаргасан гомдлоор шүүгч Н.Баярмаагийн илтгэснээр хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Б, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.С, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Намсрай нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

1. Нэхэмжлэгч М.З нь хариуцагч Г.У-т холбогдуулан гэрээнээс татгалзаж 13,340,000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг гаргажээ.

2. Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн 2025 оны 03 дугаар сарын 28-ны өдрийн 191/ШШ2025/02607 дугаар шийдвэрээр: Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1, 205 дугаар зүйлийн 205.1-д заасныг баримтлан хариуцагч Г.У-аас 13,340,000 төгрөг гаргуулан нэхэмжлэгч М.З-д олгож, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1-д зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 224,650 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагчаас 224,650 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгчид олгож  шийдвэрлэсэн.

3. Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2025 оны 06 дугаар сарын 13-ны өдрийн 210/МА2025/01039 дүгээр магадлалаар: Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн 2025 оны 03 дугаар сарын 28-ны өдрийн 191/ШШ2025/02607 дугаар шийдвэрийг хэвээр үлдээж шийдвэрлэсэн.

4. Хариуцагч Г.У хяналтын журмаар гаргасан гомдолдоо: М.З-ын нэхэмжлэлтэй Г.У-т холбогдох гэрээнээс татгалзсаны үр дагаварт 13,340,000 төгрөг гаргуулах тухай хэрэг маргааныг хянан шийдвэрлэсэн анхан шатны шүүхийн шийдвэр, давж заалдах шатны шүүхийн магадлалыг хариуцагчийн зүгээс эс зөвшөөрч Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 172 дугаар зүйлийн 172.2.3 дахь хэсэгт заасны дагуу дараах үндэслэлээр хяналтын гомдлыг гаргаж байна.

Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн 2025 оны 03 дугаар сарын 28 өдрийн 191/ШШ2025/02607 дугаартай шийдвэрийн үндэслэх хэсгийн 6-д “ Иргэний хуулийн 205 дугаар зүйлийн 205.1-д хууль буюу гэрээнд заасны дагуу аль нэг тал нь гэрээнээс татгалзсан бол талууд гэрээний гүйцэтгэлийг биет байдлаар нь, түүнчлэн гэрээ биелснээс олсон ашгийг харилцан буцааж өгөх үүрэгтэй гэж заасан “, мөн "Зохигчийн тайлбар, тогтоогдож буй үйл баримтаас үзэхэд М.З нь газрыг худалдахаар нийтэд санал болгосны дагуу Г.Д, Г.У нартай харилцан тохиролцож Г.Д, Г.У нарын хооронд газар эзэмших гэрээ байгуулагдсанаар нэхэмжлэгч нь Г.У-тай байгуулсан гэрээнээс татгалзсан гэж үзэх үндэслэлтэй" гэж дүгнэж, давж заалдах шатны шүүхээс тухайн шийдвэрийг үндэслэлтэй гэж үзэн шийдвэрийг хэвээр үлдээсэн.

Гэтэл нь М.З нь Г.У-тай 2021.09.10-ны өдөр Газар эзэмших эрх шилжүүлэх гэрээг байгуулж худалдан авсан Баянзүрх дүүрэг, ... дугаар хороо, .... гудамж, ... тоот хаягт байрлах 321 м.кв талбай бүхий газраа цааш нь Г.Д-т 13,000,000 төгрөгөөр худалдахаар тохиролцсон. М.З нь уг газраа өөрийн нэр дээр шилжүүлэн авч амжаагүй байсан тул Г.У-т хүсэлт тавьсны дагуу Г.У нь газар эзэмших эрхийг М.З-д шилжүүлэхгүйгээр шууд Г.Д-ийн нэр дээр шилжүүлэхээр болж 2021.10.13-ны өдөр Г.Д-тэй Газар эзэмших эрх шилжүүлэх гэрээг байгуулж, харин газрын төлбөр болох 13,000,000 төгрөгийг М.З нь Г.Д-ээс шилжүүлэн авснаар М.З болон Г.У нарын хооронд байгуулагдсан Газар эзэмших эрх шилжүүлэх гэрээний эрх, үүрэг харилцан дуусгавар болсон буюу М.З нь Г.У-т газрын үнэд төлсөн мөнгөө Г.Д-ээс гаргуулан авсан.

Харин Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн 2025 оны 03 дугаар сарын 28 өдрийн 191/ШШ2025/02607 дугаартай шийдвэрт нэгэнт Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 12 сарын 04-ний өдрийн 05391 дугаартай шийдвэрээр М.З-аас 13,000,000 төгрөг гаргуулж Г.Д-т олгохоор шийдвэрлэсэн учраас Г.У нь М.З-д 13,340,000 төгрөгийг буцаан төлөх нь зүйтэй гэж шийдвэрлэсэн.

Гэтэл М.З нь Г.У, Г.Д нарын хооронд байгуулсан Газар эзэмших эрх шилжүүлэх гэрээний үнэ болох 13,000,000 төгрөгийг өөртөө шилжүүлэн авснаар Г.У нь М.З-д 13,340,000 төгрөгийг буцаан төлөх үүргээс чөлөөлөгдсөн.

Харин Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 12 дугаар сарын 04-ний өдрийн 05391 дугаартай шийдвэрийн дагуу М.З нь Г.Д-т 13,000,000 төгрөгийг төлснөөр Г.У-тай 2021.09.10-ны өдөр байгуулсан Газар эзэмших эрх шилжүүлэх гэрээнээс өөрт нь ямар нэгэн хохирол учирсан гэж үзэн Иргэний хуулийн Г.У-т шилжүүлсэн 13,340,000 төгрөгийг буцаан нэхэмжлэх боломжтой байсан.

Мөн М.З нь Г.Д-т 13,000,000 төгрөгийг төлсөн талаар ямар нэгэн баримт хэрэгт өгөгдөөгүй буюу М.З-д Г.У-тай 2021.09.10-ны өдөр байгуулсан Газар эзэмших эрх шилжүүлэх гэрээнээс ямар нэгэнт хохирол учирсан нь тогтоогдоогүй байхад шүүхээс нэгэнт хэрэгжээд дуусгавар болсон гэрээг цуцлагдсан мэтээр хэргийн үйл баримтыг буруу үнэлж дүгнэн, хуулийг Улсын Дээд шүүхийн тайлбараас өөрөөр буруу тайлбарлан хэрэглэж Г.У-аас 13,340,000 төгрөгийн төлбөр гаргуулахаар шийдвэрлэсэн нь үндэслэлгүй гэж хариуцагчийн зүгээс үзэж байна.

Иймд Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 176 дугаар зүйлийн 176.2.2-т заасны дагуу Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн 2025 оны 03 сарын 28 өдрийн 191/ШШ2025/02607 дугаартай шүүхийн шийдвэр, Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2025 оны 06 сарын 13 өдрийн 210/МА2025/01039 дугаартай магадлалыг хүчингүй болгож, нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгон шийдвэрлэж өгнө үү гэжээ.

5. Монгол Улсын дээд шүүхийн Иргэний хэргийн танхимын Нийт шүүгчдийн хуралдааны 2025 оны 09 дүгээр сарын 18-ны өдрийн 001/ШХТ2025/00864 дүгээр тогтоолоор Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 172 дугаар зүйлийн 172.2.1-т заасан үндэслэлийг хангасан гэж дүгнэн, хариуцагч Г.У-ын гомдлыг хяналтын шатны шүүх хуралдаанаар хэлэлцүүлэхээр тогтжээ.

ХЯНАВАЛ

6. Хариуцагч Г.У-ын хяналтын журмаар гаргасан гомдлыг хангах үндэслэл тогтоогдсонгүй.

7. Нэхэмжлэгч М.З нь хариуцагч Г.У-т холбогдуулан 13,340,000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагыг гаргаж, шаардлагын үндэслэлээ “... Баянзүрх дүүрэг, ... дугаар хороонд байрлах нэгж талбарын ..... дугаартай, 321 м.кв талбайтай газэр эзэмших эрхийг худалдахаар Г.У-тай тохиролцон 2021.09.10-ны өдөр “Газар эзэмших эрх шилжүүлэх гэрээ”-г байгуулж, ... нийт 13,340,000 төгрөгийг шилжүүлсэн. Удалгүй талууд гэрээг цуцалж, Г.У нь тухайн газрыг өөр этгээдэд худалдаж, төлбөрийг М.З-д буцаан олгохоор тохиролцсон ба 2021.10.13-ны өдөр Г.У Г.Д-тэй “Газрын эрх шилжүүлэх гэрээ”-г байгуулж, Г.Д нь ...  нийт 13,000,000 төгрөгийг М.З-ын эхнэрийн дансанд шилжүүлсэн. Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн ... шийдвэрээр Баянзүрх дүүргийн Засаг даргын 2021.03.03-ны өдрийн А/84 захирамжийн Г.У-т холбогдох хэсгийг хүчингүй болгосон тул Г.Д шүүхэд нэхэмжлэл гаргасны дагуу надаас 13,000,000 төгрөгийг гаргуулж Г.Д-т олгохоор шийдвэрлэсэн. Иймд Г.У-аас гэрээний төлбөрт төлсөн 13,340,000 төгрөгийг гаргуулах үндэслэлтэй.” гэж тодорхойлсон.

8. Хариуцагч нь нэхэмжлэлийн шаардлагыг эс зөвшөөрч, татгалзлын үндэслэлээ “...Талуудын хооронд газар эзэмших эрх шилжүүлэх гэрээ байгуулсан гэх боловч гэрээ хэрэгт авагдаагүй бөгөөд ямар гэрээ цуцалсны хохирол нэхэмжилж байгаа нь тодорхойгүй. ... газрыг М.З-д шилжүүлсэн тул гэрээний харилцаа дуусгавар болсон. Газар эзэмших эрхийн гэрчилгээг М.З нь “... Г.Д-т өг ...” гэсний дагуу шилжүүлж өгсөн.  М.З нь Г.Д гэдэг хүнээс 13,000,000 төгрөг авч ашиг олсон, түүнд хохирол учирсан талаар баримт авагдаагүй, нотлогдохгүй байх тул нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгох үндэслэлтэй.” гэж тайлбарласан.

9. Анхан шатны шүүх нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж шийдвэрлэсэн. Шийдвэрийн үндэслэлдээ “... хүчин төгөлдөр шүүхийн шийдвэрээр М.З болон Г.У нарын хооронд 2021.09.10-ны өдөр газар эзэмших эрх худалдах, худалдан авах гэрээний харилцаа үүссэн. М.З нь гэрээний үүрэгт 13,340,000 төгрөгийг Г.У-т төлсөн, М.З нь газрыг худалдахаар нийтэд санал гаргасны дагуу Г.Д, Г.У нарын хооронд 2021.10.13-ны өдөр худалдах-худалдан авах гэрээ байгуулагдсан, Г.Д гэрээнээс татгалзах болсон нь Г.У-т олгосон газар эзэмших эрхийн гэрчилгээ хүчингүй болсонтой холбоотой үйл баримт тогтоогдсон. М.З нь газрыг худалдахаар нийтэд санал болгосны дагуу Г.Д, Г.У нарын хооронд газар эзэмших гэрээ байгуулагдсанаар М.З нь Г.У-тай байгуулсан гэрээнээс татгалзсан гэж үзэх үндэслэлтэй. Хариуцагч нь гэрээний үүрэгт М.З-аас хүлээн авсан 13,340,000 төгрөгийг буцаан өгсөн талаар баримтыг шүүхэд ирүүлээгүй тул тайлбар, татгалзлаа нотлох үүргээ хэрэгжүүлээгүй.” гэж дүгнэсэн.

10. Давж заалдах шатны шүүх анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж шийдвэрлэсэн. Магадлалд “...Зохигчийн хооронд Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1-т зааснаар газар эзэмших эрх худалдах-худалдан авах гэрээний харилцаа үүссэн, нэхэмжлэгч гэрээний доголдолтой холбогдуулан гэрээнээс татгалзсан нь Иргэний хуулийн 225 дугаар зүйлийн 225.1-т нийцсэн. Г.У нь газар эзэмших эрхийг М.З-ын өмчлөлд шилжүүлэх үүргээ биелүүлээгүй, Г.У-т олгосон газар эзэмших эрхийн гэрчилгээ хүчингүй болсноос Г.Д, М.З-тай байгуулсан гэрээнээс татгалзаж, түүнд шилжүүлсэн 13,000,000 төгрөгийг буцаан шаардсан үйл баримт тогтоогдсон. Нэхэмжлэгч гэрээний дагуу шилжүүлсэн 13,340,000 төгрөгийг Иргэний хуулийн 205 дугаар зүйлийн 205.1-д зааснаар хариуцагчаас гаргуулахаар шаардах эрхтэй тул анхан шатны шүүх нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэсэн нь хууль зүйн үндэслэлтэй.” гэж дүгнэсэн.

11. Хоёр шатны шүүх хэрэгт ач холбогдолтой үйл баримт, зохигчийн хооронд үүссэн эрх зүйн харилцааны талаар адил дүгнэн нэхэмжлэлийг хангаж шийдвэрлэсэн. Гэвч газар эзэмших эрх шилжүүлэх хэлцлээс татгалзах үндэслэлийн тухайд анхан шатны шүүх эрх зүйн дүгнэлт хийгээгүй, давж заалдах шатны шүүх гэрээний зүйлийн доголдолтой холбон тайлбарласан нь оновчтой болоогүй, улмаар гэрээнээс татгалзах үндэслэлийг шүүхүүд зөв дүгнээгүй шалтгаанаар хоёр шатны шүүхийн шийдлийг эс зөвшөөрч хариуцагч хяналтын журмаар гомдол гаргасныг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 172 дугаар зүйлийн 172.2.1-д заасан үндэслэлээр шүүх хуралдаанаар хэлэлцлээ.

12. Хариуцагч Г.У хяналтын журмаар гаргасан гомдолдоо “Г.У-тай 2021.09.10-ны өдөр байгуулсан Газар эзэмших эрх шилжүүлэх гэрээнээс М.З-д ямар нэгэнт хохирол учирсан нь тогтоогдоогүй байхад шүүхээс нэгэнт хэрэгжээд дуусгавар болсон гэрээг цуцлагдсан мэтээр хэргийн үйл баримтыг буруу үнэлж” дүгнэсэн, “М.З нь Г.У, Г.Д нарын хооронд байгуулсан Газар эзэмших эрх шилжүүлэх гэрээний үнэ болох 13,000,000 төгрөгийг өөртөө шилжүүлэн авснаар Г.У нь М.З-д 13,340,000 төгрөгийг буцаан төлөх үүргээс чөлөөлөгдсөн” талаар дурдсан байх ба тэрээр зохигчийн хооронд байгуулсан гэрээ цуцлагдаагүй, хэрэгжиж дууссан болохыг шүүхүүд анхаараагүй гэж маргажээ.

Тодруулбал, зохигчийн хооронд М.З, Г.У нарын хооронд байгуулсан газар эзэмших эрх худалдах-худалдан авах харилцаа дуусгавар болсон эсэх, энэ гэрээнээс талуудын хэн нэг нь татгалзах үндэслэл бүрдсэн эсэх асуудлаар маргаан өрнөсөн байна.Нэхэмжлэгч М.З гэрээ биелэх боломжгүй болсноос уг гэрээнээс татгалзсан гэж, хариуцагч Г.У гэрээний дагуу газар эзэмших эрхийг шилжүүлсэн, гагцхүү нэр шилжээгүй байсан гэж харилцан мэтгэлцжээ.

Хоёр шатны шүүх маргааны зүйлийг зөв тогтоосон боловч энэ талаар хангалттай тодорхой эрх зүйн дүгнэлт хийгээгүйгээс хариуцагч хяналтын журмаар гомдол гаргасан байна. Зохигчийн хооронд буюу нэг талаас газар эзэмших эрх бүхий этгээд болох Г.У, нөгөө талаас уг эрхийг худалдан авахыг хүссэн этгээд болох М.З нарын хооронд газар эзэмших эрхийг худалдах-худалдан авах гэрээ 2021.09.10-ны өдөр бичгээр байгуулагдсан байна. Уг хэлцлийг Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1-д заасан худалдах-худалдан авах гэрээ гэж үзсэн хоёр шатны шүүхийн дүгнэлт зөв.

13. Харин Анхан шатны шүүх шийдвэрийн үндэслэх хэсэгт эрх зүйн харилцааг тодорхойлоогүй алдаа гаргасан байх боловч шийдвэрийн тогтоох хэсэгт Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1 дэх хэсгийг заан хэрэглэсэн байна. Гэвч эрх зүйн харилцааны талаарх үндсэн дүгнэлт аливаа шийдвэрийн “Үндэслэх” хэсэгт тодорхой дурдагдсан байвал зохино. Харин давж заалдах шатны шүүх магадлалын “Хянавал” хэсэгт энэ талаар дүгнэн анхан шатны шүүхийн алдааг залруулжээ.

Гэвч давж заалдах шатны шүүх талуудын хооронд байгуулсан гэрээний зүйл эрхийн доголдолтой тул гэрээнээс татгалзсан гэж дүгнэсэн боловч М.З Г.У-тай худалдах-худалдан авах гэрээ байгуулагдах үед Г.У-т газар эзэмшүүлэх тухай Баянзүрх дүүргийн Засаг даргын 2021.03.03-ны өдрийн  А/84 дугаартай захирамж хүчинтэй хэвээр байсныг анхаарсангүй. Иймд М.З ба Г.У нарын хооронд байгуулсан хэлцлийг доголдлын улмаас татгалзсан гэх агуулгатай давж заалдах шатны шүүхийн дүгнэлт буруу гэж үзнэ.  

14. Хоёр шатны шүүх зохигчийн хооронд байгуулсан дээрх гэрээ нь Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1-д заасан худалдах-худалдан авах гэрээ гэж адил дүгнэсэн боловч гэрээний зүйл нь үл хөдлөх эд хөрөнгөтэй холбоотой эрх буюу “газар эзэмших эрх” байгаагаас шалтгаалсан онцлог зохицуулалтын тухайд хууль зүйн бүрэн дүгнэлт өгч чадсангүй.

Төрийн өмчийн газрыг эзэмших эрх нь өмчийн эрх зүйн үүднээс “эд юмсын хязгаарлагдмал эрх”-д хамаарах бөгөөд энэ төрлийн эрхийг гагцхүү хуулиар үүсгэх, нэгээс нөгөөд шилжүүлэхэд үл хөдлөх эд хөрөнгө шилжүүлэхтэй адил зарчим үйлчлэх, түүнчлэн төрийн өмчийн газрын харилцааны тусгай журмыг баримтлах нь Иргэний хуулийн 87 дугаар зүйлийн 87.2, 102 дугаар зүйлийн 102.5 дахь хэсэг, 103 дугаар зүйлийн 103.1 дэх хэсэгтэй нийцнэ.

Иргэний хуулийн 102 дугаар зүйлийн 102.5-д “Төрийн өмчийн газрыг ... эзэмших, ашиглахтай холбоотой харилцааг хуулиар зохицуулна.” гэж заасан бөгөөд Газрын тухай хуулийн 27 дугаар зүйлийн 27.1-д “Газрыг энэ хуульд заасан зориулалт, хугацаа, болзолтойгоор гэрээний үндсэн дээр зөвхөн эрхийн гэрчилгээгээр эзэмшүүлнэ.” гэж, мөн хуулийн 34 дүгээр зүйлийн 34.1-д “Энэ хуулийн 33.1-д заасан газар эзэмшүүлэх тухай шийдвэрийг үндэслэн сумын газрын даамал, аймаг, нийслэл, дүүргийн газрын алба тухайн иргэн, аж ахуйн нэгж байгууллагатай газар эзэмших гэрээ байгуулж, эрхийн гэрчилгээ олгон, улсын бүртгэлд бүртгэнэ.” гэж, мөн хуулийн 38 дугаар зүйлийн 38.1-д “Газар эзэмших эрхийн гэрчилгээг хуулиар зөвшөөрсөн хэлбэрээр бусдад шилжүүлж, барьцаалж болно.” гэж тус тус заасан байна.

Дээрх зохицуулалтаас үзвэл газар эзэмших эрх нэгээс нөгөөд шилжсэн гэж үзэхэд энэ эрхийг шилжүүлэх суурь тохиролцоо болох үүргийн эрх зүйн хэлцэл “худалдах-худалдан авах гэрээ” байгуулагдсан байх нь хангалтгүй. Энэ гэрээ байгуулагдсан хэдий ч дээр дурдсан зохицуулалтын дагуу газар эзэмших эрх шилжүүлэх талаар эрх бүхий этгээдийн шийдвэр гарах, энэ шийдвэрт үндэслэн шинэ эзэмшигчид гэрчилгээ олгох, энэхүү шилжилтийг бүртгэлд бүртгэсэн байхыг хуулиар шаарджээ.

15. Тодруулбал, үл хөдлөх эд хөрөнгөтэй холбоотой эрхийг худалдах-худалдан авах үүргийн хэлцэл байгуулснаар хязгаарлагдмал эрх худалдан авагчид шилжсэн буюу үүссэн гэж дүгнэх үндэслэл болохгүй. Эрх шилжихийн тулд Газрын тухай хуулийн 38 дугаар зүйлийн 38.1-д заасан үйлдэл хийгдсэн байх, ингэснээр газар эзэмших эрх бодитой шилжсэн гэх нөхцөл бүрдэнэ. Иймд газар эзэмших эрх шилжүүлэх тухай Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1-д заасан гэрээ нь газар эзэмших эрхээ шилжүүлэхийг шаардах эрх үүсгэх үүргийн хэлцэл байна.

Дээрх дүгнэлтийн дагуу тус хэргийн хувьд нэхэмжлэгч М.З, хариуцагч Г.У нарын хооронд 2021.09.10-ны өдөр байгуулсан гэрээ нь газар эзэмших эрх шилжүүлэх шаардах эрх үүсгэсэн хэлцэл юм. Гэвч Газрын тухай хуульд заасан дээрх шаардлагыг хангаагүй бол газар эзэмших эрхийн үнийг Г.У-т шилжүүлсэн хэдий ч  М.Зд газар эзэмших эрх бодитой үүсэхгүй, Г.У-т хадгалагдсан хэвээр байна. Энэ агуулгаар газар эзэмших эрхийг Г.Д-т шилжүүлэх тухай хожим /2021.10.13-ны өдөр/ байгуулсан гэрээ нь Г.У, М.З нарын хооронд байгуулсан гэрээнээс тусдаа, өөр нэгэн үүргийн хэлцэл гэж үзнэ. Нэхэмжлэгч М.З хариуцагч Г.У-ыг Г.Д-тэй газар эзэмших эрх шилжүүлэх хэлцэл хийхийг зөвшөөрсөн байх ба энэ талаар зохигч маргаагүй.

Уг хэлцлийг байгуулахыг М.З зөвшөөрсөн, Г.У нь Г.Д-тэй хэлцэл хийсэн бодит байдлаас үзвэл М.З, Г.У нар нь тэдгээрийн хооронд байгуулсан 2021.09.10-ны өдрийн газар эзэмших эрх худалдах-худалдан авах гэрээнээс Иргэний хуулийн 204 дүгээр зүйлийн 204.1-д заасны дагуу харилцан тохиролцож татгалзсан гэж үзнэ. Хэлцлээс талууд татгалзсан бол Иргэний хуулийн 205 дугаар зүйлийн 205.1-д заасны дагуу гэрээгээр солилцсон зүйлсээ харилцан буцаах үр дагавартай.

Дээрх байдлаар М.З нь газрын эрх шилжүүлэх тухай үүргийн хэлцлээс доголдлын улмаас татгалзсан гэх давж заалдах шатны шүүхийн дүгнэлтийг залруулна. Харин Г.Д Г.У-тай 2021.10.13-ны өдөр байгуулсан хэлцлээсээ татгалзахдаа Баянзүрх дүүргийн Засаг даргын 2021.03.03-ны өдрийн А/84 дугаартай захирамжийн Г.У-т холбогдох хэсгийг хүчингүй болгосон 2022.08.08-ны өдрийн Захиргааны хэргийн шүүхийн шийдвэрт үндэслэжээ. Ингэснээр Г.Д нь Г.У-тай байгуулсан хэлцлээсээ Иргэний хуулийн 254 дүгээр зүйлийн 254.1-д заасны дагуу татгалзсан гэж үзэх үндэслэл бүрджээ. Г.Д ийнхүү худалдах-худалдан авах гэрээнээс татгалзсан тул Г.У-т төлсөн 13,000,000 төгрөгийг буцаан гаргуулахаар шаардах эрх үүсэх ба энэ шаардлагаа хариуцах этгээдээр тухайн үед мөнгийг бодитой шилжүүлэн авсан М.З-ыг тодорхойлсон байна.

Анхан болон давж заалдах шатны шүүх тус маргааныг хянан шийдвэрлэж М.З-аас 13,000,000 төгрөгийг гаргуулан Г.Д-т олгохоор шийдвэрлэсэн. Энэ маргааныг эцэслэн шийдвэрлэсэн давж заалдах шатны шүүхийн магадлал хүчин төгөлдөр болсон ба хэрэгт нотлох баримтаар авагджээ. Ийнхүү М.З хүчин төгөлдөр магадлалын дагуу Г.Д-т 13,000,000 төгрөг төлөх үүрэг хүлээснээрээ Г.Утай байгуулсан гэрээний дагуу төлсөн 13,340,000 төгрөгөө буцаан хүлээн аваагүй, уг гэрээнээс татгалзсаны үр дагавар арилаагүй гэж үзэх үндэслэл бүрджээ.

Иймд Иргэний хуулийн 205 дугаар зүйлийн 205.1-д заасны дагуу нэхэмжлэгч М.З Г.У-аас 13,340,000 төгрөгийг шаардах эрхтэй гэж үзэн нэхэмжлэлийн шаардлагыг хангасан хоёр шатны шүүхийн шийдэл зөв байх тул хэвээр үлдээж, эрх зүйн дүгнэлтийг дээр дурдсан агуулгаар тодруулав.

16. Эдгээр үндэслэлээр “...нэхэмжлэгч талд хохирол учирсан нь тогтоогдоогүй байхад хоёр шатны шүүх нэхэмжлэлийг хангаж шийдвэрлэсэн нь үндэслэлгүй.” гэх агуулгатай хариуцагч Г.У-ын хяналтын журмаар гаргасан гомдлыг хангахгүй орхиж, анхан шатны шүүхийн шийдвэр, давж заалдах шатны шүүхийн магадлалыг хэвээр үлдээх нь зүйтэй байна.    

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 176 дугаар зүйлийн 176.2.1-д заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн 2025 оны 03 дугаар сарын 28-ны өдрийн 191/ШШ2025/02607 дугаар шийдвэр, Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2025 оны 06 дугаар сарын 13-ны өдрийн 210/МА2025/01039 дүгээр магадлалыг тус тус хэвээр үлдээж, хариуцагч Г.У-ын хяналтын журмаар гаргасан гомдлыг хангахгүй орхисугай.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.4 дэх заалтыг баримтлан хариуцагч Г.У нь хяналтын журмаар гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид 2025.07.18-ны өдөр 224,650 төгрөг төлснийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

 

 

                  

                      ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                               Х.ЭРДЭНЭСУВД

                     ТАНХИМЫН ТЭРГҮҮН                             Г.АЛТАНЧИМЭГ

                      ШҮҮГЧИД                                                    Н.БАТЧИМЭГ

                                                                                               Н.БАЯРМАА

                                                                                               Б.УНДРАХ