Орхон аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2017 оны 05 сарын 18 өдөр

Дугаар 00147

 

 

 

 

 

        МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Орхон аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Ш.Эрдэнэцэцэг даргалж, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Н.Мөнх-Ундраа, улсын яллагч Б.Бүжинлхам, шүүгдэгч Т.Гантулга нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны танхимд нээлттэй хийж,

 Орхон аймгийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 99 дүгээр зүйлийн 99.1-д заасан гэмт хэрэгт сэжигтнийг яллагдагчаар татах тогтоол үйлдэж ирүүлсэн Тамирын Гантулгад холбогдох эрүүгийн 201714000184 тоот хэргийг 2017 оны 05 дугаар сарын 10-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

   Шүүгдэгчийн биеийн байцаалт

Монгол Улсын иргэн, 1995 оны 05 дугаар сарын 18-ны өдөр Архангай аймагт төрсөн, эрэгтэй, 22 настай, бүрэн дунд боловсролтой, жолооч мэргэжилтэй, ам бүл 3, эхнэр, хүүхдийн хамт Орхон аймаг Баян-Өндөр сум Наран баг 11-4 тоотод оршин суух, Улаанбаатар хотод Цэвэр-Ундрага ХХК-ийн Байгаль усны түгээгч ажилтай, урьд ял шийтгэлгүй, гавьяа шагналгүй, хэрэг хариуцах чадвартай гэх Тайчууд овгийн Тамирын Гантулга /АН 95051817/.

 

 Холбогдсон гэмт хэргийн талаар

 

Шүүгдэгч Т.Гантулга нь 2017 оны 03 дугаар сарын 13-ны өдөр Орхон аймгийн Баян-Өндөр сумын Бүрэнбүст багийн нутаг дэвсгэр 5-8-р байрны гадаа хамаатны дүү Ш.Амгаланбаатарыг өмөөрч Б.Мөнх-Эрдэнийг зодож бие махбодид нь хөнгөн гэмтэл санаатай учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

 

                                                             ТОДОРХОЙЛОХ нь :

 

       Шүүгдэгч Т.Гантулга нь 2017 оны 03 дугаар сарын 13-ны өдөр Орхон аймгийн Баян-Өндөр сумын Бүрэнбүст багийн нутаг дэвсгэр 5-8-р байрны гадаа хамаатны дүү Ш.Амгаланбаатарыг өмөөрч Б.Мөнх-Эрдэнийг зодож түүний бие махбодид тархи доргилт, нүүрний зөөлөн эдийн цус хуралт бүхий  хөнгөн гэмтэл санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай болох нь мөрдөн байцаалтын шатанд хавтаст хэрэгт авагдсан болон шүүх хуралдаанаар хянан хэлэлцсэн дараахи нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байна.Үүнд :

      1.  Шүүгдэгч Т.Гантулга шүүх хуралдаанд мэдүүлэхдээ: 2017 оны 03 дугаар сарын 13-ны өдөр би5-8-р байрны  PС тоглоомын газар тоглож байгаад дүүгээ ундаад явуулсан боловч орж ирэхгүй удсан. Гэтэл намайг гадаа нэг хүүхэд дуудахаар нь би гараагүй. Гэтэл дахиад дүү Амгаланбаатарын найз нь дуудаад гадаа хүүхдүүд дээрэлхээд байна гэсэн. Намайг гарахад Мөнх-Эрдэнэ байсан. Түүнийг би дүүгээ өмөөрөөд цохисон нь үнэн. Хийсэн хэрэгтээ гэмшиж байна гэв.

2. Насанд хүрээгүй хохирогч Б.Мөнх-Эрдэний хэрэг бүртгэлийн шатанд өгсөн:  ... “2017 оны 03 дугаар сарын 13-ны өдөр би амралтаараа гэртээ ирсэн байсан ба найзуудын хамт 5-8 дугаар байранд байдаг Тэнгис тоглоомын газар тоглож байгаад Баясаа гэх найзыгаа ундаанд гаргатал Баясаа нилээн байж байгаад хамар нь цус болчихсон орж ирсэн. Тэгээд юу болсон бэ? гэхэд гадаа Амгаланбаатар тааралдаад намайг цохичихлоо гэсэн. Тэгээд гадаа гартал цохисон хүүхэд нь гадаа байж байсан ба очоод та нар яаж байгаа юм бэ? гэтэл Гантулга гэгч нь ирээд дүү Амгаланбаатарыгаа өмөөрөөд миний нүүрэн тус газар хэд хэдэн удаа цохисон” гэсэн мэдүүлэг /хх-ийн 10 тал/

      3. Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2017 оны 03 дугаар сарын 15-ны өдрийн 276 дугаартай дүгнэлтэд:  “1.Б.Мөнх-Эрдэний биед тархи доргилт, нүүр, нуруу, хуйханд зөөлөн эдэд цус хуралт зэрэг гэмтэл үүсчээ. 2. Эдгээр гэмтэл нь мохоо зүйлийн олон удаагийн цохих, цохигдох хүчний үйлчлэлээр үүсгэгдэнэ. 3. Эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулна. 4. Тархи доргилт нүүрний зөөлөн эдэд цус хуралт нь тус бүрдээ гэмтлийн зэргийн зааврын 2.4.1-д заасны дагуу гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарагдана, бусад гэмтэл нь гэмтлийн зэргийн зааврын 2.6-д заасны дагуу гэмтлийн зэрэгт хамаарагдахгүй. 5. Гоо сайхан болон хөдөлмөрийн чадвар тогтонги алдалтанд нөлөөлөхгүй”  гэсэн дүгнэлт /хх-ийн 07 тал/,

    4. Насанд хүрээгүй гэрч Ш.Амгаланбаатарын хэрэг бүртгэлийн шатанд өгсөн: “...2017 оны 03 дугаар сарын 13-ны өдөр хичээлээ тараад найзуудтайгаа хамт явж байгаад 5-8-р байрны гадаа явж байхад Баясаа гэх зүс таних хүүхэд явж байгаад Буянбаатар тэр хоёр маргалдаад Буянбаатар Баясаагийн нүүрэн тус газар цохичихсон. Буянбаатарыг тоглоомын газраас гарч ирэхээр нь би хамаатаны ах Гантулгыг дуудуулсан. Гантулга ах гарч ирээд Мөнх-Эрдэнэтэй маргалдаж байгаад намайг өмөөрөөд Мөнх-Эрдэнийг нүүрэн тус газар нь цохичихсон. Тэгтэл хамраас нь цус гараад байсан” гэсэн мэдүүлэг /хх-ийн 15 тал/,

Шүүгдэгчийн ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас зэрэг нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байна.

      Шүүх хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж бэхжүүлсэн дээрх нотлох баримтуудыг хэрэгт ач холбогдолтой үнэн зөвд тооцлоо.

      Шүүгдэгч Т.Гантулгын үйлдсэн хэрэг нь Монгол Улсын Эрүүгийн хуулийн тусгай ангийн 99 дүгээр зүйлийн 99.1-д заасан бусдын бие махбодид хөнгөн гэмтэл санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай байх бөгөөд түүнд холбогдох хэргийн зүйлчлэл зөв, прокурорын яллах дүгнэлт хуульд нийцэж байна.

     Иймд шүүгдэгч Т.Гантулга нь Эрүүгийн хуульд заасан хөнгөн гэмт хэргийг анх удаа үйлдсэн, хохирогч Б.Мөнх-Эрдэнэ болон түүний хууль ёсны төлөөлөгч Ц.Оюунгэрэл нар нь нэхэмжлэх зүйлгүй, гомдол саналгүй шүүх хуралдаанд оролцохгүй гэсэн хүсэлтийг бичгээр шүүхэд ирүүлсэн байх тул хохирогч шүүгдэгчтэй сайн дураараа эвлэрсэн гэж үзээд хэргийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй байна.

        Хэрэгт хураагдаж ирсэн эд мөрийн болон иргэний бичиг баримтгүй, битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, шүүгдэгч бусдад төлөх төлбөргүй, цагдан хоригдсон хоноггүйг тус тус дурьдав.

 

Монгол Улсын Эрүүгийн Байцаан Шийтгэх Хуулийн 283, 284, 285, 286, 290, 294, 298, 248 дугаар зүйлийн 248.1-д заасныг удирдлага болгон

ТОГТООХ нь :

 

     1. Шүүгдэгч Тайчууд овгийн Тамирын Гантулгыг бусдын бие махбодид хөнгөн гэмтэл санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд  тооцсугай.

        2. Монгол Улсын Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 25 дугаар зүйлийн 25.1, 208 дугаар зүйлийн 208.1.3-д заасныг баримтлан Т.Гантулгад холбогдох эрүүгийн 201714000184 тоот хэргийг хэрэгсэхгүй болгосугай.

      3. Энэ хэрэгт хураагдаж ирсэн иргэний бичиг баримтгүй, эд мөрийн баримтгүй,битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, шүүгдэгч бусдад төлөх төлбөргүй, цагдан хоригдсон хоноггүйг тус тус дурьдсугай.

        4.  Шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгчид авсан батлан даалтанд өгөх таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

        5. Шийтгэх тогтоол уншин танилцуулснаар хүчинтэй болох бөгөөд тогтоолыг шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч, хууль ёсны төлөөлөгч, эс зөвшөөрвөл тогтоолыг гардаж авснаас хойш 14 хоногийн дотор Орхон аймгийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч болон дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй.

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                      Ш.ЭРДЭНЭЦЭЦЭГ.