Өмнөговь аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2020 оны 10 сарын 14 өдөр

Дугаар 66

 

Г.Ү-д холбогдох 

эрүүгийн хэргийн тухай

Өмнөговь аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн эрүүгийн шүүх хуралдааныг шүүгч Н.Насанжаргал даргалж, шүүгч Х.Гэрэлмаа, шүүгч Т.Бямбажав нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн хуралдаанд

Прокурор: В.Төгсбаяр,

Шүүгдэгчийн өмгөөлөгч: Г.Мөнгөнцэцэг,

Хохирогч: А.Д,

Нарийн бичгийн дарга: О.Очмаа нар оролцов.

Өмнөговь аймгийн Ханбогд сум дахь Сум дундын шүүхийн 2020 оны 08 дугаар сарын 24-ний  өдрийн 2020/ШЦТ/129 дугаар цагаатгах тогтоолтой, шүүгдэгч Г.Ү-д холбогдох, 2029000040075 дугаартай эрүүгийн хэргийг прокурорын эсэргүүцэл, хохирогчийн давж заалдах гомдлыг үндэслэн 2020 оны 09 дугаар сарын 21-ний өдөр хүлээн авч, шүүгч Н.Насанжаргалын танилцуулснаар хянан хэлэлцэв.

Монгол Улсын иргэн, ам бүл 1, урьд ял шийтгэлгүй,

Шүүгдэгч Г.Ү нь 2019 оны 12 дугаар сарын 25-29-ний өдрийн хооронд Өмнөговь аймгийн Ханбогд сумын төв тоотод байрлах иргэн А.Д-ын гэрийн хаалганы цоожийг эвдлэн хууль бусаар нэвтэрч мөнгөөр хийсэн далыг хулгайлж, бусдад 900.000 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

Өмнөговь аймгийн Ханбогд сум дахь сум дундын шүүх: Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1, мөн хуулийн 34.19 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.1 дэх хэсэгт заасныг баримтлан Өмнөговь аймгийн Ханбогд сум дахь сум дундын прокурорын газраас шүүгдэгч Г.Ү-ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-т заасан гэмт хэрэгт холбогдуулан яллагдагчаар татаж, яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн эрүүгийн 2029000040075 дугаартай хэргийг хэрэгсэхгүй болгож, Г.Ү-ыг цагаатгаж, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан 10 мм диаметртэй 47.5 см урттай цагаан өнгийн металлд доод хэсэгтээ Э000976-В гэсэн бичигтэй, 6.4 см өндөртэй, 7.2 см өргөн, 13.5 см урттай дунд хэсэгтээ 3.6 см*7.2 см*3.3 см хэмжээтэй зайтай, хар өнгийн будагч бодисоор будсан металл төмөр /1 ширхэг/, 6.5 см*4.5 см хэмжээтэй хар өнгийн металлаар бүрсэн цоож/1 ширхэг/-ийг А.Д-т буцаан олгохоор шийдвэрлэжээ.

Прокурор В.Төгсбаяр эсэргүүцэлдээ: “...Шүүхийн цагаатгах тогтоолд “...Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан дээрх нотлох баримтууд нь тухайн хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж, бэхжүүлж авагдсан, хэрэг хянан шийдвэрлэх боломжтой гэж шүүх үнэлэв...” гэж дүгнэсэн байна.

Гэтэл мөн тогтоолдоо “....2-т “хэргийн бодит байдлыг нотлохын тулд мөрдөгч, прокурор хуульд заасан бүх арга хэмжээг авч яллагдагч, шүүгдэгчийг яллах, цагаатгах, ял хүндрүүлэх, хөнгөрүүлэх нөхцөл байдлыг эргэлзээгүй тогтооно” гэж зааснаар хэргийн бодит байдлыг хангалттай тогтоосон мөн хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлыг нотолсон гэж үзэх үндэслэлгүй байх бөгөөд Өмнөговь аймгийн Ханбогд сум дахь Сум дундын Прокурорын газрын Ерөнхий прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-т зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Г.Ү-д холбогдох эрүүгийн хэрэгт гэм буруутай нь нотлох баримтаар нотлогдохгүй байна гэж шүүх дүгнэв.” хэмээн эрс зөрүүтэй буюу эсрэг утгатай дүгнэлт хийж хэргийг цагаатгасан нь үндэслэлгүй байна.

Хэрэв шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан “нотолбол зохих байдлыг бүрэн нотлоогүй” гэж үзвэл хэргийг хэрэгсэхгүй болгож цагаатгах бус нэмэлт мөрдөн байцаалт хийлгэхээр прокурорт буцаах шийдвэр гаргах эрх нь нээлттэй байна.

Мөн гэрч С.С мэдүүлэхдээ “...2020 оны 01 дүгээр сарын дундуур байх өдрийг нь санахгүй байна. Ямар ч байсан манай гэрт А гэж дууддаг жинхэнэ нэрийг нь мэдэхгүй манай танил орж ирж хамт архи уусан. Тэгээд сууж байхдаа Ж гэх хүнтэй өөрийнхөө утсаар ярьсан. Тэгэж байхдаа нэг далны талаар яриад байсан. “Чи гайгүй шиг гарч чадах нь уу” гээд байсан. Тэгэхээр нь утсаар яриад дууссан дараа нь “юу болсон юм” гэж асуухад “Ж М-гийн гэрээс мөнгөн дал авсан. Тэрийгээ хөдөө айлд тавьсан юм байна” гэж хэлсэн өөр зүйл яриагүй...”

Гэрч Ц.А-ийн “...2020 оны 01 дүгээр сарын 10-нд С-ын гэрт очихдоо архи уучихсан согтуу байсан. болсон зүйлийн талаар бүдэг бадаг санаж байна. С-ын гэрт эхнэр хүүхэдтэйгээ ярьсан. Өөр хүнтэй яриагүй, би ямар нэгэн далны талаар яриагүй, худлаа ярьж байна...” гэх мэдүүлэг,

Дээрх гэрч нараас 2020 оны 7 дугаар сарын сарын 24-ний өдөр нүүрэлдүүлж мэдүүлэг авахад “...С.С мэдүүлэхдээ: “Ц.А бид 2 архи уугаад сууж байхад Ж гэх хүн залгаад далны хэргээр явчих гээд байх шиг байна гэсэн чинь А чи тэгвэл наадахыг нь өгөөд хэргээсээ салчихгүй юу гэж хэлэхийг нь сонссон өөр юм сонсоогүй, эхнэртэйгээ утсаар ярихын хувьд ярьсан. Ярих үедээ Ц.А халамцуу байсан...” гэж,

Ц.А мэдүүлэхдээ: “2020 оны 01 дүгээр сарын 15-ны өдөр 16 цагийн орчимд би С-ын гэрт байна. Одоо ингэсгээд очлоо гэж хэлээд утсаа салгасан. Өөр хүнтэй утсаар яриагүй, би бүх үйл явдлыг санаж байна. Шаардлагатай гэж үзвэл тухайн үед залгасан дугаараа шүүлгэж болно.” гэсэн байх бөгөөд зөвхөн гэрч Ц.А-ийн гэрчийн мэдүүлгийг шүүх үнэлсэн байна.

Гэтэл уг хэрэгт гэрч Ц.А-ийн гар утасны ярианы дуудлагын түүх, бичлэгийг тухайн үүрэн телефоны оператор байгууллагаас гаргуулан гэрч нарын мэдүүлгийг зөрүүг арилгасны дараа хэргийг шийдвэрлэх шаардлагатай байх ба хэргийг хавтаст хэрэгт байгаа нотлох баримтын хэмжээнд шийдвэрлэх боломжгүй гэж үзэж байна.

Иймд Ханбогд сум дахь Сум дундын шүүхийн 2020 оны 8 дугаар сарын 24- ний өдрийн 129 дугаартай цагаатгах тогтоолыг хүчингүй болгож өгнө үү” гэв.

Хохирогч А.Д давж заалдах шатны шүүхэд ирүүлсэн гомдолдоо: “...Дараах үндэслэлээр хүлээн зөвшөөрөхгүй, давж заалдах гомдол гаргаж байна.

Шүүгдэгч Г.Ү нь хэрэг болсны дараа болон мөрдөн байцаалтын шатанд мэдүүлэхдээ өөрөө хэргээ хүлээсэн төдийгүй хашаанд хэрхэн орж ирсэн, гэрт хэрхэн нэвтэрсэн болоод хаана байсан(унинд хавчуулаатай) байсан зэргийг маш тодорхой ярьсан, мэдүүлсэн, зааж үзүүлж байсан. Энэ нь хэргийн газрын үзлэг болоод түүний мэдүүлгээс тодорхой харагдах учир гэмт хэрэг үйлдсэн хэргийг гэм буруугүй хэмээн үзэж шийдвэрлэсэн байгаад гомдолтой байна. Мөн гэрчүүд нь анх мэдүүлэхдээ Г.Ү-ыг “Дал авсан. Далны талаар ярьж байсан тодорхой мэдүүлсэн атлаа сүүлд мэдүүлснээ буцаж” зөрүүтэй мэдүүлэг өгсөн байна. Гэрчүүдэд хууль сануулан мэдүүлэг авсан байхад зөрүүтэй мэдүүлэг өгсөн байгаа нь гэрчүүдийг мөн худал мэдүүлэг өгсөн үндэслэлээр шалгуулах хүсэлтэй байна.

Гэрч Б нь Н гуайд “Ж архи ууж байхдаа далны талаар ярьсан, өөрт нь мөнгөн дал байгаа талаар ярьсан надад хэлсэн” гэж хэлсэн мөртлөө хууль сануулан гэрчийн мэдүүлэг авахад яг энэ талаараа хэлээгүй мэдүүлээгүй байдаг. Иймд гэрчээр Ханбогд сумын төвд суух Н-ийг гэрчээр асуулгах, гэрч Б-д хууль сануулан дахин гэрчийн мэдүүлэг авхуулах хүсэлтэй байна.

Өмнөговь аймгийн Ханбогд суман дахь сум дундын шүүхийн 2020 оны 08-р сарын 24-ний өдрийн 129 дугаартай цагаатгах тогтоолыг хүчингүй болгож хэргийг мөрдөн байцаалтад буцааж өгнө үү” гэжээ.

ТОДОРХОЙЛОХ нь:

Давж заалдах шатны шүүх хуралдаанаар Г.Ү-д холбогдох 2029000040075 дугаартай эрүүгийн хэргийг дээд шатны прокурорын эсэргүүцэл, хохирогч А.Д-ын давж заалдах гомдлыг үндэслэн хэлэлцэж, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.9 дүгээр зүйлийн 1, 3 дахь хэсэгт заасны дагуу анхан шатны шүүхийн үйл ажиллагаа, шийдвэрийг бүрэн хянаж үзэв.

Шүүхийн шийдвэрийн хэлбэр, бүтцэд тавигдах шаардлагыг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн Гучин зургаадугаар бүлэг буюу 36.2, 36.6, 36.7, 36.8, 36.9 дүгээр зүйлд тухайлан зааж, уг шаардлагыг хангаагүй шийдвэр нь мөн хуулийн 39.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.6-т заасан  хууль ноцтой зөрчсөн зөрчилд хамаарч улмаар мөн хуулийн 39.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.3-т заасан шийдвэрийг хүчингүй болгох үндэслэл болохоор зохицуулжээ.

Цагаатгах тогтоолын тодорхойлох хэсэг нь яллах дүгнэлтэд заасан болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдэн, шинжлэн судалсан нотлох баримтаар тогтоогдож байгаа үйл баримтын дүгнэлт, шүүхээс тогтоосон уг үйл баримт нь Эрүүгийн хуулийн тусгай ангид заасан гэмт хэргийн шинжийг агуулаагүй нь мөн хууль,  Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн ямар хэм хэмжээг хэрэглэх болсон хууль зүйн  дүгнэлтээс бүрдэнэ. 

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн Гэмт хэрэг гэсэн хоёрдугаар бүлгийн зохицуулалтаар  гэмт хэргийн шинж нь энэ хуулийн тусгай ангид заасан гэмт хэрэгт тооцохоор заасан нийгэмд аюултай үйлдэл, эс үйлдэхүй, түүнд хандсан гэм буруугийн нэгдлээр тодорхойлогддог.

Гэтэл шүүх Г.Ү-ыг цагаатгахдаа ямар нэг үйл баримтын талаар тогтоогоогүй, мөн  улсын яллагчийн дүгнэлт, яллах дүгнэлтэд заасан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2.1-т заасан гэмт хэрэгт шүүгдэгч гэм буруугүй болох нь хэрэгт авагдсан яллах нотлох баримтыг хэрхэн няцааж байгаа хууль зүйн үндэслэлийг тогтоолын тодорхойлох хэсэгт заагаагүй нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 5 дахь хэсэг, 36.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.1, 1.2-т заасан шаардлагуудад нийцээгүй байна. 

Шүүхийн цагаатгах тогтоолын “...мөрдөгч, прокурор ...хэргийн бодит байдлыг...эргэлзээгүй тогтооно гэж зааснаар хэргийн бодит байдлыг хангалттай тогтоосон, ...нотолбол зохих байдлыг нотолсон гэж үзэх үндэслэлгүй...” гэсэн дүгнэлтээс нэг талаас мөрдөн байцаалтын явцад заавал нотолсон байхаар хуульд шууд нэрлэн заасан асуудлыг  нотлоогүй өөрөөр хэлбэл үйл баримт бүрэн нотлогдоогүй гэх, энэ нь хэргийг шүүхээс шийдвэрлэх боломжгүй тул прокурорт буцааж дахин шалгах шаардлага үүссэн гэхээр, нөгөө талаар “...яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Г.Ү-д холбогдох эрүүгийн хэрэгт шүүгдэгчийн гэм буруутай нь нотлох баримтаар нотлогдохгүй байна” гэсэн дүгнэлтийг нь яллах дүгнэлтэд заасан үйл баримт тогтоогдсон боловч уг гэмт хэрэгт Г.Ү гэм буруугүй гэж үзэхээр эргэлзээтэй дүгнэлтүүдийг хийсэн байх тул уг тогтоолыг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт “шүүхийн шийдвэр нь тодорхой, ойлгомжтой, түүнийг биелүүлэхэд ямар нэгэн эргэлзээ төрүүлэхгүй байхаар бичигдсэн байна” гэсэн шаардлагыг хангаагүй гэж үзнэ

Яллах дүгнэлтэд заасан гэмт хэргийн хувьд шүүгдэгчийг гэм буруутай эсэхэд эргэлзээ төрвөл Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.15 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт “эрүүгийн хэрэгт хамааралтай бүхий л нотлох баримтыг шалгасан боловч сэжигтэн, яллагдагч, шүүгдэгчийн гэм буруутай эсэхэд, түүнчлэн эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх явцад Эрүүгийн хууль, энэ хуулийг тайлбарлах, хэрэглэхэд эргэлзээ гарвал түүнийг сэжигтэн, яллагдагч, шүүгдэгчид ашигтайгаар шийдвэрлэнэ” гэснийг баримталж, хэрвээ шүүгдэгчийн үйлдэл, эс үйлдэхүй нь Эрүүгийн хуулийн тусгайн ангид заасан гэмт хэргийн шинжийг хангахгүй буюу гэмт хэрэг гараагүй, эсхүл уг үйлдлийг хийсэн нь нотлогдоогүй Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.19 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.1-д  “гэмт хэргийн шинжгүй” гэсэн хоёр өөр үндэслэлээр шүүх хэргийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэжээ.   

Шүүх хуулийн дээрх зохицуулалтыг давхар хэрэглэн шүүгдэгч Г.Ү-ыг гэм буруугүйд тооцсон байх тул цагаатгах тогтоолыг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.6 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.4-т заасан “анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолд заасан дүгнэлт нь шүүгдэгчийн гэм буруугийн асуудлыг шийдвэрлэх, Эрүүгийн хуулийг зөв хэрэглэх, ял оногдуулахад нөлөөлсөн, эсхүл нөлөөлж болох ноцтой зөрүүтэй байвал” хэргийн бодит байдалтай нийцээгүй гэж үзэж Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1-т зааснаар цагаатгах тогтоолыг хүчингүй болгох нь зүйтэй гэж үзэв.

Иймд дээд шатны прокурорын бичсэн эсэргүүцэл, хохирогчийн давж заалдах гомдлыг бүхэлд нь хүлээн авахаар тогтов.

Харин давж заалдах шатны шүүх хуралдаанаар дээд шатны прокуророор оролцсон прокурор В.Төгсбаяр нь Г.Ү-д холбогдох хэргийг шүүхээр дахин хянан хэлэлцүүлэхээр буцаах бус хэргийг прокурорт буцаан дахин шалгах тухай дүгнэлт гаргасан тул хэргийг прокурорт буцаах нь хууль зөрчихгүй гэж үзлээ.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.3, 39.5 дугаар зүйлийн 1.1, 1.3, 39.6 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.4, 39.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.6, Шүүхийн тухай хуулийн 31 дүгээр зүйлийн 31.3.2-т заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Өмнөговь аймгийн Ханбогд сум дахь сум дундын шүүхийн 2020 оны 08 дугаар сарын 24-ний өдрийн 2020/ШЦТ/129 дугаар цагаатгах тогтоолыг бүхэлд нь хүчингүй болгож, Г.Ү-д холбогдох хэргийг дахин шалгуулахаар прокурорт буцаасугай.

2. Хэргийг прокурорт очтол Г.Ү-д урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

3. Гомдол, эсэргүүцэл гаргах эрх бүхий этгээд нь давж заалдах шатны шүүх хэргийг хянан шийдвэрлэхдээ Эрүүгийн хуулийг буруу хэрэглэсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, эсхүл нөлөөлж болохуйц нөхцөл байдал тогтоогдсон гэж үзвэл давж заалдах шатны шүүхийн шийдвэрийг гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Улсын Дээд шүүхэд гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэйг мэдэгдсүгэй.

 

 

                         ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                       Н.НАСАНЖАРГАЛ

                                        ШҮҮГЧИД                                          Х.ГЭРЭЛМАА

                                                                                                   Т.БЯМБАЖАВ