| Шүүх | Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Дамдинсүрэнгийн Уранзул |
| Хэргийн индекс | 184/2021/03872/и |
| Дугаар | 184/ШШ2022/00403 |
| Огноо | 2022-02-09 |
| Маргааны төрөл | Хэлцэлийг хүчин төгөлдөр бусд тооцох, |
Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр
2022 оны 02 сарын 09 өдөр
Дугаар 184/ШШ2022/00403
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Д.Уранзул даргалж, тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар
Нэхэмжлэгч: Улаанбаатар хот, Сонгинохайрхан дүүрэг, __________ дүгээр хороо, Толгойт _________ дугаар гудамж, _________ тоот хаягт оршин суух, ___________/-ийн нэхэмжлэлтэй,
Хариуцагч: Улаанбаатар хот, Баянгол дүүрэг, ____ дугаар хороо,______ дугаар хороолол, ______ дүгээр байр, _______ тоот хаягт оршин суух, __________д холбогдох,
Гэрээ хүчингүй болгуулж, үл хөдлөх хөрөнгө хууль бус эзэмшлээс чөлөөлүүлэх тухай үндсэн нэхэмжлэлтэй, ______ төгрөг гаргуулах тухай сөрөг нэхэмжлэлтэй иргэний хэргийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч ________, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч __________, түүний өмгөөлөгч Э.Жанчивдорж, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Ж.Номинжаргал нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч шүүхэд гаргасан нэхэмжлэл, түүний итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...__________ нь 2018 оны 04 сарын 03-ны өдөр __________ Сонгинохайрхан дүүргийн __________ тоот хаягт байрлах 90м2 талбайтай хувийн сууцыг комиссын бараа борлуулж, үнэ өртгийг нь цувуулж өгнө гээд 139м2 газрын хамтаар гэрээ хийж авахаар болсон. Газрын үнийг 2 сая төгрөгөөр, байшингийн үнийг 34 сая гэж тохиролцсон. Газрын үнэ гэж 2 сая төгрөгийг 2019 оны 09 сарын 27-ны өдөр гэхэд өгнө гээд одоог хүртэл өгөөгүй. Газар эзэмших эрх шилжүүлэх гэрээний 3.2-т “уг газар эзэмших эрх нь бусдад барьцаалагдаагүй, битүүмжлэгдээгүй, эрхийн талаар маргаангүй болно” гэж бичсэн боловч энэхүү газар нь “Алтайхаан” ББСБ-ын барьцаанд байсан. 2018 оны 04 сарын 03-ны өдрийн энэ гэрээний 3.6-д “Газрын тухай хуулийн 38 дугаар зүйлд заасны дагуу талууд газар эзэмших эрхийг шилжүүлэх хүсэлт, баримт бичгийг гэрээний хамт улсын бүртгэлд бүртгүүлснээр эрх хүлээн авагчийн газар эзэмших эрх хүчин төгөлдөр болно” гэсэн заалтыг зөрчиж улсын бүртгэлийн байгууллагад бүртгүүлээгүй хууль зөрчсөн байна. Мөн гэрээний 3.7-д гэрээний талууд холбогдох мэдээллийг харилцан үнэн зөв мэдүүлнэ” гэж бичсэн атал _________ нь өөрийн оршин суух хаягаа нууж, хуурамч хаяг бичиж ___________ хуурч гэрээ хийж чирэгдүүлсэн. _________ өмчлөлийн 90 м2 талбайтай үл хөдлөх хөрөнгийг 2018 оны 09 сарын 27-ны өдөр гэрээ хийж 34 сая төгрөгөөр үнэлэн худалдан авахаар тохирч, урьдчилгаанд 5,700,000 төгрөгийг бэлнээр өгч, 2018 оны 08 сарын 31-ний өдрөөс 2019 оны 5 сарын 31-ний өдрийг хүртэл дансаар 21,810,000 төгрөгийг цувуулан төлж, үлдсэн 14,190,000 төгрөгийг одоо хүртэл төлөөгүй. ___________ нь хамгийн сүүлд мөнгө шилжүүлсэн 2019 оны 05 сард мөнгө шилжүүлээд түүнээс хойш 2021 оны 10 сарын 10-ны өдөр хүртэл 28 сар уг байшинг дур зоргоороо эзэмшин өдөр бүр оёдол, эсгүүр, комиссын дэлгүүрийн үйл ажиллагаа явуулж орлого олж _________ өмч хөрөнгөө өмчлөх ашиглах эрхийг зөрчиж байна. 2018 оны 09 сарын 27-ны өдрийн “Үл хөдлөх хөрөнгө худалдан авах гэрээ”-ний 3.6-д “худалдан авагч тал гэрээнээс татгалзвал /гэрээгээ зөрчиж биелүүлээгүй бол/ ашигласан сараараа сарын түрээсийн төлбөр 800,000 төгрөгийг суутгуулна” гэсний дагуу объектыг хууль бусаар эзэмшиж ашигласан учраас 800,000х28сар=22,400,000 төгрөгийн хохирол __________ учруулаад байна. Иймд газар эзэмших эрх шилжүүлэх гэрээ болон үл хөдлөх хөрөнгө худалдах гэрээг тус тус хүчингүй болгож, _________ хууль бус эзэмшлээс дээрх үл хөдлөх хөрөнгийг чөлөөлүүлж өгнө үү” гэв.
Хариуцагч шүүхэд ирүүлсэн хариу тайлбар болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...______ 2018 оны 09 сарын 27-ны өдөр ________ “Үл хөдлөх хөрөнгө зээлээр худалдах, худалдан авах гэрээ”, “Газар эзэмших эрх шилжүүлэх гэрээ”-г байгуулж ___________ хаягт байрлах 139м2 газрыг, мөн тус хаягт байрлах 90м2 талбайтай, хувийн сууцны зориулалттай үл хөдлөх эд хөрөнгийг тус тус худалдан авахаар гэрээ байгуулсан. “Үл хөдлөх хөрөнгө зээлээр худалдах, худалдан авах гэрээ”-ний зүйл болох нь байшин нь “Алтайхаан” хадгаламж, зээлийн хоршоонд барьцаанд байгаа талаар хэлж, бид энэ талаар гэрээнд тусгасан. _________ анх гэрээ байгуулахаар тохиролцоход, таны төлсөн мөнгөөр би хадгаламж зээлийн хоршооны төлбөрийг төлж барагдуулаад таны нэр дээр шилжүүлж өгнө гэсэн учраас миний зүгээс дээрх үл хөдлөх хөрөнгийг барьцаанд байгааг мэдсэн ч гэсэн худалдан авахаар тохиролцсон. Би гэрээний үүргийн дагуу төлбөрөө төлөөд явж байсан боловч, “Алтайхаан” хадгаламж зээлийн хоршооноос _________ нь зээлийн гэрээний төлбөрөө төлж барагдуулаагүй, хадгаламж зээлийн хоршооноос түүнийг хайж байгаа талаар олж мэдсэн. Энэ талаар асууж тодруулахаар __________ холбогдох гэсэн боловч холбогдож чадаагүй. Дээрх шалтгаанаар үлдсэн төлбөр болох 15 сая орчим төгрөгийг төлөлгүй ________ холбогдож, уулзаж байж төлбөрөө төлөхөөр хүлээсэн. Учир нь хадгаламж зээлийн хоршооноос авсан зээлийн төлбөрөө төлж барагдуулахгүй байгаа нь миний эрх ашиг сонирхлыг хөндөх учраас төлбөр төлөлтийг хойшлуулахаар шийдсэн. ________ байнга л ________ данс руу мөнгө хийгээд байгаа боловч үргэлжлүүлэн хийж дуусгасан ч байшин хашаагаа өөрийн нэр дээр шилжүүлж авах боломжгүй болчих юм байна гээд төлөлтөө зогсоосон. “Үл хөдлөх хөрөнгө зээлээр худалдах, худалдан авах гэрээ”-ний үнэ 34 сая төгрөг, “Газар эзэмших эрх шилжүүлэх гэрээ”-ний үнэ 2 сая төгрөг, хоёр гэрээний нийлбэр үнэ 36 сая төгрөг. 2018 оны 08 сарын 31-ний өдрөөс 2019 оны 09 сарын 09-ний өдрийг хүртэлх хугацаанд 21,810,000 төгрөгийг төлсөн байтал, _________ хадгаламж зээлийн хоршоонд төлөх өр нь 28,200,000 төгрөг болоод миний төлөх төлбөрөөс даваад явчихсан байна. Өмчлөл бол бүртгэгдээгүй нь үнэн. Хууль бусаар эзэмшсэн зүйл байхгүй. Гэрээний хоёр тал хэн аль нь шаардлагынхаа хүрээнд байсан. Худалдах худалдан авах гэрээнийхээ дагуу эзэмшиж байсан. Тиймээс хуурч залилж мэхэлсэн гэх асуудлыг зөвшөөрөхгүй, хууль бусаар эзэмшээгүй тул нэхэмжлэлийг хүлээн зөвшөөрөхгүй байгаа. Сөрөг нэхэмжлэлээрээ өгсөн авснаа буцааж болно” гэв.
_________ нь шүүхэд гаргасан сөрөг нэхэмжлэл, түүний төлөөлөгч шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...__________ 2018 оны 09 дүгээр сарын 27-ны өдөр ________ нь “Газар эзэмших эрх шилжүүлэх гэрээ”, “Үл хөдлөх хөрөнгө зээлээр худалдах, худалдан авах тухай гэрээ” байгуулсны дагуу ________ нь ____________ гэрчилгээтэй газар эзэмших эрхийг, мөн тус газарт байршилтай 90 м2 талбайтай хувийн орон сууцыг шилжүүлэх, __________ нь гэрээний төлбөрт 36 сая төгрөг төлөх үүргийг тус тус хүлээсэн. Үүний дагуу 2018 оны 08 сарын 31-ний өдрөөс 2019 оны 09 сарын 09-ны өдрийг хүртэлх хугацаанд нийт 21,810,000 төгрөгийг _______ Хаан банкны _______ тоот дансанд шилжүүлсэн. Гэрээ байгуулагдах үед ________ нь дээрх үл хөдлөх хөрөнгүүдийг “Алтайхаан” хадгаламж, зээлийн хоршооны 15.000.000 төгрөгийн зээлийн барьцаанд тавьсан байсан. __________ нь энэхүү зээлийг хугацаандаа төлж дуусгана, тэр үед _____________ төлбөрөө төлж дуусгаад үл хөдлөх хөрөнгийг _______ өмчлөлд шилжүүлэхээр тохиролцсон. Гэвч О__________ нь хадгаламж зээлийн хоршооноос авсан зээлийн төлбөрөө төлөөгүй, түүнийг хадгаламж зээлийн хоршооноос эрэн хайж байгаа талаар мэдсэн учир гэрээний төлбөрийг хугацаандаа төлөлгүй __________ холбоо барих байх гэж хүлээсэн. Гэтэл __________ нь сураггүй байж байснаа тус шүүхэд хандан 2021 оны 11 сарын 11-ний өдөр дээрх хоёр гэрээг тус тус хүчингүй болгож, _______ хууль бус эзэмшлээс үл хөдлөх хөрөнгийг чөлөөлүүлж өгнө үү гэсэн нэхэмжлэлийн шаардлага гаргасан байсан. _________ нь “Алтайхаан” хадгаламж зээлийн хоршоонд хандан 2021 оны 09 сарын 20-ны байдлаар _________ зээл төлбөр дууссан эсэх, төлбөрийн үлдэгдэл байгаа эсэх талаар тодруулахад “..._________ нь 2020 оны 01 сарын 16-ны өдрийн байдлаар төлөх зээл болон хүүгийн төлбөр нь 28.200.000 төгрөгийн үлдэгдэлтэй” байна гэсэн тодорхойлолтыг гаргаж өгсөн. Нэгэнт гэрээний зүйл барьцаанд байгаа, худалдагч тал үл хөдлөх хөрөнгөө буцаан авах нэхэмжлэлийн шаардлага гаргасан тул дээрх 2 гэрээг хүчин төгөлдөр бус хэлцэлд тооцож, Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.5-д “Энэ хуулийн 56.1-д заасан хэлцэл хийсэн талууд нь уг хэлцлээр шилжүүлсэн бүх зүйлээ харилцан буцааж өгөх, боломжгүй бол үнийг төлөх үүрэгтэй” гэж заасны дагуу гэрээний үүрэгт төлсөн 21,810,000 төгрөгийг ________ гаргуулж өгнө үү” гэв.
__________ төлөөлөгч шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан сөрөг нэхэмжлэлийн хариу тайлбартаа: “...Талууд 2018 оны 04 сарын 03-ны өдөр газар эзэмших эрх шилжүүлэх гэрээг байгуулсан ба газрын үнэ 2 сая төгрөгийг одоо болтол __________ өгөөгүй байна. Дараа нь 2018 оны 09 сарын 27-ны өдөр үл хөдлөх хөрөнгө /дэлгүүрийн байшин, тоног төхөөрөмж/ зээлээр худалдах, худалдан авах тухай гэрээ хийж, 3 удаагийн шилжүүлгээр 10,000,000 төгрөгийг урьдчилгаанд 2018.08.31, 2018.10.01-ний өдөр тус тус шилжүүлэн өгсөн. _________ ууган хүү Ирээдүй нь олон удаагийн шинжилгээ хийгдсэний эцэст 2017 оны 9 сард зүрхний ховдлын цоорхойтой гэсэн дүгнэлт гарч хүнд хагалгаанд орох эмнэлгийн шийдвэр гарч хагалгааны зардалд 48 сая төгрөг бүрдүүлэх шаардлага гарсан. Ингээд __________ нь нөхөр ________хэлж 2017 оны 09 сарын 17-ны өдөр өөрийнхөө нэр дээр “Прогресс капитал” ББСБ-аас 8,500,000 төгрөгийн зээлийг авч өгсөн бөгөөд _________ өөрөө энэ маргаантай байгаа Толгойтын 128-96/в/ тоотод байгаа газар болон дэлгүүрээ барьцаалж “Алтайхаан” хадгаламж зээлийн хоршооноос 15 сая төгрөг, __________ 10 сая төгрөгийг авч, хамаг л юм хумаа зарж байж хагалгааны зардлыг гүйцээж хагалгаа амжилттай болж хүүхэд эрүүл саруул амьдарч байна. __________ энэ хэцүү байдлыг далимдуулж, дэлгүүрээ зарчих гэж гуйж __________ нар дээр орж ирсэн. __________ дээрх гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлээд өөрөө гэрээ хийхдээ үлдсэн мөнгийг 2 хуваагаад өгчихнө гэснээрээ өгчихсөн бол бид “Алтайхаан” хадгаламж зээлийн хоршооны 15 сая төгрөгийг гэрээнийхээ хугацаанд төлж өрнөөсөө гарах байсан. 10 сая төгрөгийг урьдчилж өгсөн нь __________ мөнгө байж болохыг зөвшөөрнө. Харин үлдэх 11 сая орчим төгрөг нь манай хашаа байшинд оёдол, эсгүүр, комиссын дэлгүүр ажиллуулж сард бага багаар шилжүүлсэн мөнгө юм. Миний хөрөнгийг ашиглаж олсон мөнгө учир 11 сая төгрөгийг нь зөвшөөрөхгүй. Анх гэрээ байгуулсан өдөр газрын үнэ 2 сая төгрөгийг төлсөн гэдэг боловч өгөөгүй. Мөнгө шилжүүлэхдээ дандаа дэлгүүрийн үнэ гэж шилжүүлсэн. Банк бус санхүүгийн байгууллагын барьцаанд байсан эрхийн доголдолтой хөрөнгө байсан. Газар нь Төрийн банкны барьцаанд, байшин нь Алтайхаан ББСБ-ын барьцаанд байсан. ________ нь мөнгөө 2 хуваагаад өгсөн бол бид “Алтайхааны өрөө төлөөд, барьцаанаас чөлөөлөөд хашаа байшингаа _________ шилжүүлээд өгөх байсан. _________ мөнгөө цагтаа төлөөгүйгээс Алтайхааны зээлийн төлбөр их болсон. Одоо Алтайхаан барьцаа хөрөнгийг зээлийн төлбөртөө авах гээд байж байгаа. Би энэ __________ асуудлаа шийдэж байж Алтайхааны зээлийн асуудлыг шийдэх болоод байгаа. Иймд 21,810,000 төгрөгийн сөрөг нэхэмжлэлийн шаардлагыг зөвшөөрөхгүй байна” гэв.
Хавтаст хэрэгт авагдсан баримтын тухайд: нэхэмжлэгчээс-улсын тэмдэгтийн хураамж төлсөн баримт, 2018 оны 04 сарын 03-ны өдрийн “Газар эзэмших эрх шилжүүлэх гэрээ”, 2018 оны 09 сарын 27-ны өдрийн “Үл хөдлөх хөрөнгө зээлээр худалдах, худалдан авах гэрээ”, “_________ шилжүүлсэн мөнгөний жагсаалт” хүснэгтээр, 2014 оны 06 сарын 11-ний өдрийн “Газар эзэмшүүлэх эрх шилжүүлэх гэрээ”, 2018 оны 01 сарын 15-ны өдрийн 18/1 тоот “Зээлийн гэрээ”, гэрээний хавсралт “Зээлийн барьцааны гэрээ”, зээлийн эргэн төлөлтийн хуваарь, 2021 оны 06 сарын 28-ны өдрийн “Нийслэлийн өмчит хуулийн этгээдийн ашиглалтгүй болон илүүдэлтэй ажлын байр, талбай, хөдлөх хөрөнгийн түрээсийн гэрээ, түүний хавсралт, _______ эзэмшлийн газрын кадастрын зураг, 2021 оны 07 сарын 07, 23-ны өдрийн Үл хөдлөх хөрөнгийн бүртгэлийн лавлагаа, хариуцагчаас- “Хаанбанк”-ны депозит дансны дэлгэрэнгүй хуулга, __________ шилжүүлсэн мөнгөний жагсаалт хүснэгт, 2021 оны 12 сарын 20-ны өдрийн “Алтайхаан” Хадгаламж, зээлийн хоршооны 21/04/59 тоот тодорхойлолт, сөрөг нэхэмжлэлд улсын тэмдэгтийн хураамж төлсөн баримт зэрэг бичмэл баримтуудыг шүүхэд гаргаж өгсөн байна.
Шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн зохигчдын тайлбар, татгалзал, хэрэгт авагдсан бичмэл нотлох баримтуудыг шинжлэн судлаад
ҮНДЭСЛЭХ нь:
____________ холбогдуулан “Газар эзэмших эрх шилжүүлэх гэрээ”, “Үл хөдлөх хөрөнгө зээлээр худалдах, худалдан авах гэрээ”-г хүчингүй болгуулж, хууль бус эзэмшлээс үл хөдлөх хөрөнгө чөлөөлүүлэх тухай үндсэн нэхэмжлэлийг, ____________ холбогдуулан гэрээг хүчин төгөлдөр бус хэлцэлд тооцуулж, 21,810,000 төгрөг гаргуулах тухай сөрөг нэхэмжлэлийг тус тус шүүхэд гаргажээ. _________ нь үндсэн нэхэмжлэлийг_________ нь сөрөг нэхэмжлэлийг хэн, хэн нь зөвшөөрөхгүй хэмээн маргав.
Үндсэн болон сөрөг нэхэмжлэлийг бүхэлд нь хангаж шийдвэрлэх хууль зүйн үндэслэлтэй. Үндсэн нэхэмжлэлийн тухайд:
2018 оны 09 сарын 27-ны өдөр __________ нь өөрийн өмчлөлийн Сонгинохайрхан дүүрэг, ____________ тоот хаягт байрлах, 90м2 талбайтай, хувийн сууцны зориулалттай, эрхийн улсын бүртгэлийн _______ дугаарт бүртгэлтэй үл хөдлөх хөрөнгийг “Үл хөдлөх хөрөнгө зээлээр худалдах, худалдан авах гэрээ”-гээр, мөн хаягт байрлах нэгж талбарын ___________ дугаартай, 139м2 талбайтай, амины хашаа зориулалттай, газар эзэмших эрхийг “Газар эзэмших эрх шилжүүлэх гэрээ”-ээр тус тус _________ эзэмшилд шилжүүлсэн болох нь зохигчдын тайлбар болон гэрээгээр тогтоогдов.
“Үл хөдлөх хөрөнгө зээлээр худалдах, худалдан авах гэрээ”-ний зүйл болох хувийн сууцны зориулалттай үл хөдлөх эд хөрөнгийг 34,000,000 төгрөгөөр, “Газар эзэмших эрх шилжүүлэх гэрээ”-ний үнийг 2,000,000 төгрөгөөр, нийт 36,000,000 төгрөгөөр “байшин болон газар эзэмших эрх” /цаашид хамтад нь “хашаа байшин” гэх/-ийг худалдахаар тохиролцсон байна. Тус хашаа байшингийн үнэ болох 36,000,000 төгрөгийг худалдан авагч нь хэсэгчлэн 2019 оны 09 сарын 27-ны өдрийн дотор худалдагчид бүрэн төлж, төлбөр дуусмагц үл хөдлөх хөрөнгийн гэрчилгээг худалдан авагчид шилжүүлэн өгөх, байшин нь “Алтайхаан” ББСБ-н зээлийн барьцаанд байгааг худалдан авагч тал зөвшөөрч худалдан авч байгаа талаар гэрээний гол нөхцөлд тусгажээ.
Иргэний хуулийн 110 дугаар зүйлийн 110.1-т “үл хөдлөх эд хөрөнгө өмчлөх эрх хэлцлийн үндсэн дээр нэг этгээдээс нөгөөд шилжиж байгаа бол уг хэлцлийг үл хөдлөх эд хөрөнгийн бүртгэлийн газар бүртгүүлснээр өмчлөх эрх шинэ өмчлөгчид үүсэж, өмнөх өмчлөгчийн өмчлөх эрх дуусгавар болно, 182 дугаар зүйлийн 182.1-т “улсын бүртгэлд үл хөдлөх эд хөрөнгийн өмчлөх эрх болон түүнтэй холбоотой эд хөрөнгийн бусад эрхийг бүртгүүлнэ” хэмээн заасан.
Талуудын хооронд байгуулагдсан гэрээгээр гэрээний зүйл хашаа байшин худалдан авагчийн эзэмшилд шилжсэн хэдий боловч өмчлөл шилжээгүй, худалдах худалдан авах гэрээг Иргэний хуулийн 110 дугаар 110.1-т зааснаар эд хөрөнгийн бүртгэлийн газарт бүртгүүлэх боломжгүй байжээ. Учир нь гэрээ хийгдэх цаг хугацаанд нь газар эзэмших эрх нь “Төрийн банкны”, үл хөдлөх хөрөнгө нь “Алтайхаан” хадгаламж зээлийн хоршоонд тус тус зээлийн барьцаанд барьцаалагдсан талаар нэхэмжлэгч тайлбарлах бөгөөд түүний тайлбар үл хөдлөх эд хөрөнгийн лавлагаагаар нотлогдов.
Нэхэмжлэгч нь худалдах, худалдан авах гэрээг эрхийн доголдолтой, бусдын буюу барьцаалагчийн зөвшөөрөлгүй хийгдсэн, улсын бүртгэлээр өмчлөл шилжээгүй, мөн төлбөрөө цаг хугацаанд нь гүйцэд төлөөгүй гэх үндэслэлүүдээр хэлцэл хүчин төгөлдөр бус болохыг тогтоолгохоор шаардсан.
2018 оны 01 сарын 15-ны өдөр __________ нь “Алтайхаан” хадгаламж зээлийн хоршооноос 15,000,000 төгрөгийг зээлж, зээлийн барьцаанд 90 м2 талбай бүхий хувийн сууцыг буюу маргаан бүхий байшинг барьцаалж, зээлийн болон барьцааны гэрээ улсын бүртгэлд бүртгэгджээ. “Алтайхаан” хадгаламж зээлийн хоршооны 2021 оны 12 сарын 20-ны өдрийн 21/04/59 тоот тодорхойлолтоор зээлдэгч __________ нь тус хадгаламж зээлийн хоршоонд төлөх зээл, хүүгийн төлбөр нь 28,200,000 төгрөгийн үлдэгдэлтэй байгаа болох нь нотлогдов.
Худалдан авагч _______ гэрээ байгуулагдснаас хойшхи хугацаанд гэрээний үнэд 21,810,000 төгрөг төлсөн байх ба энэхүү мөнгийг хүлээн авсан үйл баримтын тухайд нэхэмжлэгч маргаагүй.
Нэхэмжлэгч нь газар эзэмших эрх шилжүүлэх гэрээг 2018 оны 04 сарын 13-ны өдөр байгуулсан, үл хөдлөх хөрөнгийг худалдах худалдан авах гэрээг 2018 оны 09 сарын 27-ны өдөр байгуулсан хэмээн тайлбарлах боловч тус 2 гэрээ нь 2018 оны 09 сарын 27-ны өдөр Сонгинохайрхан дүүргийн тойргийн 246 дугаартай нотариатчаар гэрчлэгдэж, худалдах худалдан авах гэрээ нь нотариатчийн бүртгэлийн 1372 дугаарт, эрх шилжүүлэх гэрээ нь нотариатчийн бүртгэлийн 1373 дугаарт тус тус дарааллан бүртгэгдсэн байх ба нэхэмжлэгчийн “...2 гэрээг өөр он цаг хугацаанд хийсэн” гэх тайлбар үгүйсгэгдэж байна. Түүнчлэн нэхэмжлэгчээс _____________ нь газрын үнийг одоог хүртэл төлөөгүй” гэх тайлбар үндэслэлгүй байх ба Иргэний хуулийн 84 зүгээр зүйлийн 84.3.-т “Газар, түүнээс салгамагц зориулалтын дагуу ашиглаж үл болох эд юмс үл хөдлөх эд хөрөнгөд хамаарна” гэж заасан ба газар нь өөрөө үл хөдлөх хөрөнгийнхөө бүрдэл хэсэгт багтахын хувьд хашаа байшинг хамтад нь 36,000,000 төгрөг гэж үнийг талууд тохиролцсон, худалдан авагчийн шилжүүлсэн 21,810,000 төгрөгийг газар эзэмших эрх болон үл хөдлөх хөрөнгийн үнэ гэж үзнэ.
Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.1-т “хууль зөрчсөн буюу нийтээр хүлээн зөвшөөрсөн зан суртахууны хэм хэмжээнд харшилсан хэлцэл” 56.1.8-д “хуулиар тогтоосон хэлбэрийг зөрчсөн, хуульд заасан тохиолдолд зохих этгээдийн зөвшөөрөлгүй хийсэн хэлцэл” нь хүчин төгөлдөр бус байхаар заасан. Талуудын хооронд байгуулагдсан “Үл хөдлөх хөрөнгө зээлээр худалдах, худалдан авах гэрээ”, “Газар эзэмших эрх шилжүүлэх гэрээ” нь эрхийн зөрчилтэй, гуравдагч этгээд болох үл хөдлөх хөрөнгийн барьцаалагч “Алтайхаан” хадгаламж зээлийн хоршоонд мэдэгдээгүй, түүний эрх ашиг хөндөгдөхөөр, өмчлөх эрх худалдан авагчид шилжих боломжгүй буюу Иргэний хуулийн 110 дугаар зүйлд зааснаар улсын бүртгэлд бүртгүүлэх, өмчлөх эрх үүсээгүй байна.
Тиймээс талуудын байгуулсан “Үл хөдлөх хөрөнгө зээлээр худалдах, худалдан авах гэрээ”, “Газар эзэмших эрх шилжүүлэх гэрээ”-г дээр заасан үндэслэлээр хүчин төгөлдөр бус болохыг тогтоох нь зүйтэй гэж үзлээ. Нэгэнт гэрээг хүчин төгөлдөр бус хэлцэл болохыг тогтоосон тул Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.5-д зааснаар хэлцэл хийсэн талууд нь уг хэлцлээр шилжүүлсэн бүх зүйлээ харилцан буцааж өгөх үүрэгтэй.
Газар эзэмших эрх болон үл хөдлөх хөрөнгө өмчлөх эрх хуульд зааснаар худалдан авагчид үүсээгүй буюу газар, үл хөдлөх хөрөнгийг өмчлөх болон эзэмших эрх өнөөдрийг хүртэл худалдагчид хэвээр хадгалагдан үлдсэн тул “...гэрээний үндсэн дээр хөрөнгийг эзэмшиж байсан тул хууль бус эзэмшлээс чөлөөлүүлэх шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй” гэх хариуцагчийн татгалзал үндэслэлгүй.
Иргэний хуулийн 56 дугаар 56.5-д зааснаар хэлцэл хийсэн талууд нь уг хэлцлээр шилжүүлсэн бүх зүйлээ харилцан буцааж өгөх үүрэгтэй ба худалдан авагч ______ худалдах, худалдан авах гэрээний зүйлийг өмчлөх эрх үүсээгүй тул хариуцагчийн хууль бус эзэмшлээс нэхэмжлэгчийн хөрөнгийг чөлөөлөх нь Иргэний хуулийн 106 дугаар зүйлийн 106.1-д заасантай нийцнэ.
Сөрөг нэхэмжлэлийн тухайд:
Хариуцагч нь нэхэмжлэгчид холбогдуулан гэрээг хүчин төгөлдөр бус хэлцэлд тооцуулж, 21,810,000 төгрөг гаргуулах тухай сөрөг нэхэмжлэлийг гаргасан бөгөөд ________ нь “...________ гэрээний үнийг цагтаа төлөөгүйгээс “Алтайхаан” хадгаламж зээлийн хоршооны зээлийн төлбөрөө ________ төлж чадаагүй, худалдагчийн хөрөнгийг эзэмшиж оёдол болон комиссын барааны дэлгүүр ажиллуулж олсон орлогоос мөнгө төлсөн, мөн гэрээг цуцалсан тохиолдолд сарын 800,000 төгрөгөөр тооцож түрээсийн төлбөрт 28 сарын 22,400,000 төгрөгийн хохирол учруулсан тул хариуцагчийн төлсөн 21,810,000 төгрөгийг буцаан өгөхгүй” хэмээн маргав.
Сөрөг нэхэмжлэлийн хариуцагч болох О_______ татгалзал үндэслэлгүй байна. Учир нь худалдан авагч болох ________ нь үл хөдлөх хөрөнгийг эрхийн доголдолтой болохыг мэдэж гэрээ байгуулсан хэдий ч 2018 оны 08 сарын 31-ний өдрөөс 2019 оны 09 сарын 09-ний өдрийг хүртэлх хугацаанд 24 удаагийн шилжүүлгээр 21,810,000 төгрөгийг худалдагчид шилжүүлсэн талаар талууд маргаагүй, хариуцагчийн дансны хуулгаар тогтоогдов. Гэтэл худалдагч нь “Алтайхаан” хадгаламж зээлийн хоршооноос авсан зээлийн өрийг төлөлгүй 28,200,000 төгрөгийн үлдэгдэлтэй, ______ нэхэмжлэгчид төлөх төлбөрийн үлдэгдэл 14,190,000 төгрөг буюу хадгаламж зээлийн хоршоонд төлөх _________ төлбөр худалдах, худалдан авах гэрээний үлдэгдлээс давсан болохыг талууд хэн аль нь тайлбарлаж, хэрэгт авагдсан “Алтайхаан” хадгаламж зээлийн хоршооны 2021 оны 12 сарын 20-ны өдрийн 21/04/59 тоот тодорхойлолтоор нотлогдов. Энэ тохиолдолд талуудын хооронд байгуулагдсан худалдах худалдан авах гэрээ хэрэгжих боломжгүй бодит нөхцөл бий болж, __________ эзэмшилд байгаа хашаа байшин “Алтайхаан” хадгаламж зээлийн хоршооны зээлийн барьцаанд хураагдах эрсдэл бий болсон байна.
Нэхэмжлэгч, хариуцагч нар нь гэрээг хүчин төгөлдөр бус болохыг тогтоолгох шаардлага гаргаснаар талууд гэрээний хүчин төгөлдөр бус болохыг хэн аль нь зөвшөөрсөн буюу үндсэн болон сөрөг нэхэмжлэлийн энэхүү шаардлагын тухайд харилцан тооцогдож болохоор байна. Харин худалдан авагчийн буруутай үйлдлээс худалдагчид хохирол учирсан болох нь баримтаар тогтоогдоогүй бөгөөд үл хөдлөх хөрөнгө худалдах, худалдан авах гэрээний 3.6-д заасан нэмэлт нөхцөлд “...худалдан авагч тал гэрээнээс татгалзвал ашигласан сараараа сарын түрээсийн төлбөр 800,000 төгрөгийг суутгуулна” гэж зааснаар _________ төлсөн 21,810,000 төгрөгийг хохиролд тооцно гэх ________ тайлбар үндэслэлгүй, худалдан авагч гэрээнээс татгалзаагүй болно.
Үндсэн нэхэмжлэлийн шаардлагын дүгнэлтэд талуудын байгуулсан гэрээ хүчин төгөлдөр бус болох талаар шүүх дүгнэлт хийсэн. Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.5-д “энэ хуулийн 56.1-д заасан хэлцэл хийсэн талууд нь уг хэлцлээр шилжүүлсэн бүх зүйлээ харилцан буцааж өгөх, боломжгүй бол үнийг төлөх үүрэгтэй” талаар заасан ба хариуцагч _________ гэрээний үнэд төлсөн 21,810,000 төгрөгийг нэхэмжлэгчээс гаргуулан хариуцагчид олгох нь хуулийн дээрх заалтад нийцнэ.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 60 дугаар зүйлийн 60.1, 56 дугаар зүйлийн 56.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-т зааснаар ________ улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 445,100 төгрөг, хариуцагч ________ улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 267,000 төгрөгийг тус тус улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагчаас 445,100 төгрөг гаргуулан нэхэмжлэгчид, нэхэмжлэгчээс 267,000 төгрөг гаргуулан хариуцагчид олгох үндэслэлтэй.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.1, 116, 118 дугаар зүйлд заасныг удирдлага болгон
ТОГТООХ нь:
1.Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.1, 56.1.8, 56.5 дахь хэсэгт зааснаар __________ нарын байгуулсан “Үл хөдлөх хөрөнгө зээлээр худалдах, худалдан авах гэрээ”, “Газар эзэмших эрх шилжүүлэх гэрээ”-г тус тус хүчин төгөлдөр бус болохыг тогтоож, нэхэмжлэгч ___________ төгрөг гаргуулан хариуцагч ___________ олгосугай.
2.Иргэний хуулийн 106 дугаар зүйлийн 106.1 дэх хэсэгт зааснаар _____________ тоот хаягт байрлах, _________ талбайтай, хувийн сууцны зориулалттай, эрхийн улсын бүртгэлийн _______ дугаарт бүртгэлтэй үл хөдлөх хөрөнгө, мөн хаягт байрлах нэгж талбарын 1_______ дугаартай, 139м2 талбайтай, амины хашаа зориулалттай, газар эзэмших эрх зэргийг хариуцагч ___________ хууль бус эзэмшлээс чөлөөлсүгэй.
3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 60 дугаар зүйлийн 60.1, 56 дугаар зүйлийн 56.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-т зааснаар улсын тэмдэгтийн хураамжид нэхэмжлэгч ________ урьдчилан төлсөн 445,100 төгрөг, хариуцагч _________ урьдчилан төлсөн 267,000 төгрөгийг тус тус улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагчаас 445,100 төгрөг гаргуулан нэхэмжлэгчид, нэхэмжлэгчээс 267,000 төгрөг гаргуулан хариуцагчид тус тус олгосугай.
4.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 120 дугаар зүйлийн 120.2-д зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй бөгөөд зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргаж болох ба хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7-д зааснаар шийдвэрийг гардан аваагүй нь гомдол гаргах хугацааг хуульд заасан журмын дагуу тоолоход саад болохгүйг тайлбарласугай.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Д.УРАНЗУЛ