Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2022 оны 02 сарын 10 өдөр

Дугаар 184/шш/2022/00413

 

                                МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Д.Уранзул даргалж, тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар

 

Нэхэмжлэгч: Улаанбаатар хот, Баянгол дүүрэг, ______дүгээр хороо, 2 дугаар хороолол, Сөүл гудамж, ________ дүгээр байр, _________ тоот хаягт оршин суух, Боржин овогт ___________/-ийн нэхэмжлэлтэй,

 

Хариуцагч: Улаанбаатар хот, Сонгинохайрхан дүүрэг, 2 дугаар хороо, ________ дугаар гудамж, _______ тоот хаягт оршин суух, ____________-д холбогдох,

 

Хүүхдийн асрамж өөрчлүүлэн, өөрийн асрамжид авах тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгч _________, нэхэмжлэгчийн өмгөөлөгч Т.Цэрэндагва, хариуцагч ________, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Ж.Номинжаргал нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Нэхэмжлэгч ________ нь шүүхэд гаргасан нэхэмжлэл, шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Миний бие нь ___________ 2010 онд танилцаж, хамтран амьдарч эхэлсэн ба бидний дундаас 2011 оны 11 сарын 06-ны өдөр охин _________ төрсөн. Бид гэр бүлээ албан ёсоор бүртгүүлээгүй ба _________ болон охины хамт _________ эцэг эхийн гэрт амьдардаг байсан. _________ эгч болон ________ өөрт нь зодуулж, гэр бүлийн хүчирхийлэлд  өртөж байсны улмаас 2012 оноос хойш тусдаа амьдрах болсон ч хүүхэдтэйгээ уулзахын тулд ________ харилцаа холбоотой байдаг байсан. Бид цаашдаа хамтран амьдрахаа больсон боловч тухайн үед миний бие очих газаргүй, ах дүү нар бүгд хөдөө байдаг байсан болохоор хүүхдээ төрсөн эцэг болон түүний ээжид нь даатгаад үлдээсэн. _________ нь өөр гэр бүл зохиож, тусдаа амьдралтай болсон. Хэдийгээр 2012 оноос хойш одоог хүртэл охин __________ өөр дээрээ авч, асран хамгаалах үүргээ дулимагхан биелүүлж байсан болох ч охиныхоо цаашдын хүмүүжил, сурлага, амьдрах орчин, нөхцөл зэргийг харгалзан үзсэний үндсэн дээр ийм шийдвэр гаргасан. Одоо миний хувьд тогтсон ажилтай, өөрийн нэр дээр орон сууцтай болж, охиныхоо нэр дээр хадгаламж нээлгэн сар бүр орлого хийж, хуримтлал үүсгэсэн зэргээр өөрийн охиноо харж халамжлах, өсгөн хүмүүжүүлэх бүрэн боломжтой болсон, хүүхдийн сургууль ойрхон зэрэг нөхцөл байдлуудыг харгалзан үзэж охин ___________ миний асрамжид  тогтоож өгнө үү” гэв.

 

Хариуцагч ______ шүүхэд ирүүлсэн болон шүүх хуралдаанд гаргасан хариу тайлбартаа: “...Бид 2010 онд анх танилцсан. Биднийг хамт амьдрах хугацаанд бидний дундаас 2011 оны 11 дүгээр сарын 06-ны өдөр охин _________ төрсөн. Охин маань төрснөөсөө хойш манайд буюу миний асрамжид өдийг хүртэл байсан. Хүүхэд төрчхөөд 2014 он хүртэл бид хоёр салж нийлээд явж байгаад 2014 оноос хойш __________ бүр яваад өгсөн. Төрсөн цагаасаа хойш охин маань надтай цуг байсан. Ээж нь яваад өгсний дараа ч миний асрамжид байсан. Боловсролын хувьд гэвэл хаана ч боловсрол эзэмшүүлж явуулах боломжтой. Ээж дээрээ байнга асрамжид нь байхыг зөвшөөрөхгүй. Манай амьдарч байгаа гэрийн хувьд сургууль нь ойрхон болохоор сургуулийг нь солимооргүй байна. Сургууль нь энэ хүний гэрт ойр байхаар байнга энэ хүнтэй хамт байх гээд байна. Би яах вэ очиж уулзаад байж болно л доо. Гэхдээ энэ хүнд би итгэхгүй байна. Энэ хүний асрамж дээр байна гэхээр хэцүү байна. Энэ хүн хүчирхийлэхгүй ч гэсэн миний охиныг асрамждаа байлгаж чадна гэдэгт нь итгэхгүй байна. Энэ хүн өөр залуутай болоод бид салсан. Орж гараад тогтворгүй харилцаатай байдаг. Би бол эмэгтэй хүүхдээ өөр дээрээ байлгаж харж хамгаалмаар байна. Ээжтэй нь уулздаг янз бүрийн хүн амьтан охиныг минь яаж ч магадгүй гэж болгоомжилж байна. Гадуур аймар зүйлс их сонсогдох юм байна шүү дээ. Охин хүүхдийг яах ч юм билээ дээ” гэв.

 

Хавтаст хэрэгт авагдсан баримтын тухайд: улсын тэмдэгтийн хураамж төлсөн баримт, нэхэмжлэгчийн иргэний үнэмлэхийн лавлагаа, эд хөрөнгийн эрхийн улсын бүртгэлийн лавлагаа,  хүүхдийн төрсний бүртгэлийн  лавлагаа, Баянгол дүүргийн 1 дүгээр хорооны Засаг даргын тодорхойлолт, “Эрдэнэ рашаан” ХХК-ийн тодорхойлолт, Хаан банкны депозит дансны дэлгэрэнгүй хуулга, Үл хөдлөх эд хөрөнгө өмчлөх эрхийн улсын бүртгэлийн гэрчилгээ, хариуцагчийн иргэний үнэмлэхийн лавлагаа, Өрхийн эрүүл мэндийн төвийн тодорхойлолт, Ерөнхий боловсролын 42 дугаар сургуулийн тодорхойлолт, насанд хүрээгүй хүүхэд асуусан тэмдэглэл бичиг зэрэг бичмэл баримтууд авагдсан байна.

 

Шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн зохигчдын тайлбар болон хавтаст хэрэгт цугларсан бичмэл нотлох баримтуудыг шинжлэн судлаад 

 

ҮНДЭСЛЭХ нь:

 

__________ нар нь 2010 оноос гэрлэлтээ бүртгүүлэлгүйгээр хамтын амьдралаар амьдарч, тэдний дундаас 2011 оны 11 сарын 06-ны өдөр охин ________ төрсөн болох нь зохигчдын тайлбар, хэрэгт авагдсан хүүхдийн төрсний бүртгэлийн лавлагаа зэрэг баримтуудаар нотлогдов.

 

Гэр бүлийн тухай хуулийн 21 дүгээр зүйлийн 21.5-д “гэрлэлтээ бүртгүүлээгүй хүмүүсийн дундаас төрсөн хүүхэд нь гэрлэлтээ бүртгүүлсэн гэр бүлээс төрсөн хүүхдийн адил эрх эдэлж, үүрэг хүлээнэ” гэж, мөн хуулийн 26 дугаар зүйлийн 26.1-д “эцэг, эх хүүхдээ хүмүүжүүлэхэд тэгш эрх эдэлж, адил үүрэг хүлээх” талаар заасан. Хүүхдийн эрхийн тухай хуулийн 10 дугаар зүйлийн 10.1-т заасан хүүхдийн эрхийг хангах талаар эцэг эх адил үүрэг хүлээнэ, 10 дугаар 10.2-т “эцэг, эх тусдаа амьдрах нь тэднийг хуулийн 10.1-т заасан үүргээс чөлөөлөх үндэслэл болохгүй” гэж заасан. 

 

Зохигчид 2012 оноос тусдаа амьдарсан ба энэ үеэс охин _________ нь эцгийн асрамжид байсан ба, хариуцагч нь хүүхдийн асрамжийг өөрчлөхийг хүлээн зөвшөөрөхгүй хэмээн маргав.

 

Гэр бүлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.6-д “...талууд хүүхдийн асрамжийн талаар харилцан тохиролцоогүй бол хүүхдийн нас, эцэг, эхийн халамж, ахуйн нөхцөл, бололцоо, ёс суртахууны байдал, хүчирхийлэл үйлдсэн эсэхийг нь харгалзан хүүхдийг эцэг, эхийн хэн нэгний асрамжид үлдээх, тэтгэлгийн хэмжээг тогтоох асуудлыг шүүх шийдвэрлэх”-ээр, мөн хуулийн 14.7-д “хүүхэд долоо ба түүнээс дээш настай бол асрамжийн асуудлыг шийдвэрлэхэд түүний саналыг харгалзан үзнэ” хэмээн тус тус заасан.

 

Шүүхээс 2021 оны 11 сарын 09-ний өдөр 10 настай охин ________ саналыг асуухад “...Би ээжтэйгээ байнга хамт амьдарч, аавтайгаа бүх баяраар хааяа уулзаад амьдардаг баймаар байна, ээжтэйгээ хамт байхад надад тухтай байдаг...” гэсэн байна.

 

Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад хариуцагч хүүхдүүдийн асрамжийг тогтооход хөндлөнгийн шинжээчийн дүгнэлт гаргуулахыг хүссэн бөгөөд уг хүсэлтийг шүүх хүлээн аван шинжээч томилж, эцэг эхийн зан ааш, ёс суртахууны байдал, архидах, мансуурахад донтох зуршилтай эсэх, хүүхдэд хүчирхийлэл үйлдсэн эсэх, халамж, ахуйн нөхцөл бололцоо зэргийг харгалзан хүүхдүүдийг эцэг, эхийн хэнийх нь асрамжид үлдээх нь хүүхдийн хүмүүжил, ахуй нөхцөл, эрүүл мэнд, хүүхэд ая тухтай өсөх боломжтой талаар дүгнэлт гаргуулахаар шийдвэрлэсэн.  

 

Сонгинохайрхан дүүргийн Гэр бүл, хүүхэд, залуучуудын хөгжлийн хэлтсийг шүүх шинжээчээр томилсон боловч хариуцагч нь шинжээчээр дүгнэлт гаргуулах хүсэлтээсээ татгалзсан байна.

 

            Шүүх хуралдаанд гаргасан талуудын тайлбар, хүүхдийн нас, эцэг, эхийн халамж, ахуйн нөхцөл, бололцоо, ёс суртахууны байдал, хүчирхийлэл үйлдсэн эсэхийг нь харгалзан, түүнчлэн охин _______ саналыг үндэслэл болгон хүүхдийн асрамжийг өөрчлөн, эхийн асрамжид байлгах нь зүйтэй гэж шүүх үзэв.

 

Гэр бүлийн тухай хуулийн 26 дугаар зүйлийн 26.6-д зааснаар нэхэмжлэгч _________ эцэг хүний хувьд хүлээсэн үүргээ зохих ёсоор хэрэгжүүлэх, үр хүүхэдтэйгээ уулзахад нь саад болохгүй байхыг дурдаж байна.

 

Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 60 дугаар зүйлийн 60.1, 57 дугаар зүйлийн 57.1-д зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70,200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагчаас улсын тэмдэгтийн хураамжид 70,200 төгрөг гаргуулан нэхэмжлэгчид олгох нь зүйтэй.  

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.1, 116, 118 дугаар зүйлд заасныг тус тус удирдлага болгон             

 

ТОГТООХ нь:

 

1.Гэр бүлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.6-д заасныг баримтлан 2011 оны 11 сарын _____-ны өдөр төрсөн __________/-ыг эх Боржин овогт ____________/-ийн асрамжид үлдээсүгэй.

2.Гэр бүлийн тухай хуулийн 26 дугаар зүйлийн 26.6-д зааснаар нэхэмжлэгч __________ эцэг хүний хувьд хүлээсэн үүргээ зохих ёсоор хэрэгжүүлэх, үр хүүхэдтэйгээ уулзахад нь саад болохгүй байхыг дурдсугай.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 60 дугаар зүйлийн 60.1, 57 дугаар зүйлийн 57.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2-д зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70,200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч ________ улсын тэмдэгтийн хураамжид 70,200 төгрөг гаргуулан нэхэмжлэгч __________ олгосугай.

4.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 120 дугаар зүйлийн 120.2-д зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц  хүчинтэй бөгөөд зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргаж болох ба хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7-д зааснаар шийдвэрийг гардан аваагүй нь гомдол гаргах хугацааг хуульд заасан журмын дагуу тоолоход саад болохгүйг тайлбарласугай.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                    Д.УРАНЗУЛ