Өмнөговь аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2020 оны 10 сарын 14 өдөр

Дугаар 67

 

Т.П-д холбогдох 

эрүүгийн хэргийн тухай

Өмнөговь аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн эрүүгийн шүүх хуралдааныг шүүгч Н.Насанжаргал даргалж, шүүгч Х.Гэрэлмаа, шүүгч Т.Бямбажав нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн хуралдаанд

Прокурор: Б.Амармөрөн /онлайнаар/,

Хохирогчийн өмгөөлөгч: Н.Энхтөр /онлайнаар/      

Нарийн бичгийн дарга: О.Очмаа нар оролцов.

Өмнөговь аймгийн Ханбогд сум дахь сум дундын шүүхийн 2020 оны 08 дугаар сарын 11-ний өдрийн 2020/ШЦТ/122 дугаар шийтгэх тогтоолтой, шүүгдэгч Т.П-д холбогдох 1929002680158 дугаартай эрүүгийн хэргийг хохирогчийн өмгөөлөгч Н.Энхтөрийн давж заалдах гомдлыг үндэслэн 2020 оны 10 дугаар сарын 01-ний өдөр хүлээн авч, шүүгч Х.Гэрэлмаагийн танилцуулснаар хянан хэлэлцэв.

Монгол Улсын иргэн, ам бүл 3, эхнэр, хүүхдийн хамт оршин суух, урьд 1991 оны 11 дүгээр сарын 06-ны өдөр Ховд аймгийн Цэргийн шүүхийн 37 дугаартай тогтоолоор Эрүүгийн хуулийн 292 дугаар зүйлийн 292.1 дэх хэсэгт зааснаар 1 жилийн хугацаагаар хорих ялаар шийтгүүлсэн,

Шүүгдэгч Т.П нь 2019 оны 09 дүгээр сарын 14-ний өдөр Өмнөговь аймгийн Х сумын Х баг, Ц хад гэх газар согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ 5 ханатай монгол гэр 3 ширхэг, 65-00 ӨМА улсын дугаартай Нордбенз маркийн чирэгч толгой, 47-72 УАА улсын дугаартай Тоёота приус-30 маркийн суудлын автомашиныг шатааж, бусдын эд хөрөнгөд 52700000 төгрөгийн буюу их хэмжээний хохирол учруулсан хэрэгт холбогджээ. 

Өмнөговь аймгийн Ханбогд сумын Прокурорын газрын хяналтын прокурор Б.Амармөрөн нь Т.П-ийн үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.8 дугаар зүйлийн 3 дахь хэсгийн 3.1, 3.2-т зааснаар зүйлчлэн яллах дүгнэлт үйлдэж, хэргийг анхан шатны шүүхэд шилжүүлжээ.

Өмнөговь аймгийн Ханбогд сум дахь сум дундын шүүх: “ Шүүгдэгч Т.П-г Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.8 дугаар зүйлийн 3 дахь хэсгийн 3.1, 3.2-т заасан согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ 5 ханатай монгол гэр 3 ширхэг, 65-00 ӨМА улсын дугаартай Нордбенз маркийн чирэгч толгой, 47-72 УАА улсын дугаартай Тоёото приус-30 маркийн суудлын авто машиныг олон хүний амь бие, эрүүл мэнд, эд хөрөнгөд хохирол учруулж болох аргаар буюу галдан шатаах аргаар устгаж, бусдад 52700000 төгрөг буюу их хэмжээний хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.8 дугаар зүйлийн 3 дахь хэсгийн 3.1, 3.2-т зааснаар шүүгдэгч Т.П-г 10.000 нэгж буюу 10000000 төгрөгөөр торгох ялаар шийтгэж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Т.П-д оногдуулсан 10.000 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 10000000 төгрөгөөр торгох ялыг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болсон өдрөөс хойш 2 жил 5 сарын хугацаанд төлөхийг даалгаж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Т.П нь торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын 15 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар сольдог болохыг сануулж, Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 510 дугаар зүйлийн 510.1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Т.П-ээс 900000 төгрөг гаргуулж хохирогч Ц.С-д олгуулахаар шийдвэрлэжээ.

 Хохирогчийн өмгөөлөгч Н.Энхтөр нь давж заалдах шатны шүүхэд ирүүлсэн гомдолдоо:”...Шүүгдэгч Т.П нь 2019.09.14-ны өдөр тамхи асаасан шүдэнзээ унтраалгүйгээр хаяж, гал алдсаны улмаас амбаар шатаж, улмаар ойролцоо байсан 3 гэр, мөн зогсоолд байсан Нордбенз маркийн автомашин, хохирогч Б.Эрдэнэбаярын приус 30 маркийн тээврийн хэрэгсэл шатсан байдаг.

Энэ үйлдэлд нь Прокурорын газраас Эрүүгийн хуулийн 17.8 дугаар зүйлийн 3 дахь хэсгийн 3.1, 3.2-т зааснаар эрүүгийн хэрэг үүсгэж, хэргийг зүйлчилсэн нь хэргийн бодит байдалтай нийцээгүй, хэргийн зүйлчлэл тохироогүй, шүүгдэгчийн эрх зүйн байдлыг дордуулсан гэж үзэж байна.

Хохирогч Б.Э нь шүүгдэгч П-г санаатай гэмт хэрэг үйлдээгүй, приус маркийн автомашиныг санаатай шатаагаагүй гэж үздэг учраас түүнээс хохирлоо нэхэмжлэхгүй, даатгалын байгууллагаас хохирлоо шийдвэрлүүлэхээр байр сууриа илэрхийлсэн байдаг.

Хохирогч Б.Э-т учирсан хохирлыг гаргуулж шийдвэрлээгүй нь Б.Э-ын эрх ашгийг ноцтой зөрчиж, зөрчигдсөн эрхийг сэргээлгүй, сэргээх боломжгүй болгосон байдаг.

Прокурорын газраас шүүгдэгчийн үйлдсэн гэмт хэргийг буруу зүйлчилж, улмаар шүүхээс хэргийн зүйлчлэлийг зөвтгөж, зөвхөн галд шатсан бүх эд хөрөнгүүдийг шүүгдэгч санаатай шатаасан, олон хүний амь бие, эрүүл мэнд, эд хөрөнгөд галдан шатаах аргаар устгасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай гэж дүгнэсэн нь хэргийн бодит байдалтай нийцээгүй, шүүгдэгчийн гэм буруугийн асуудлыг шийдвэрлэх, ял оногдуулахад нөлөөлсөн, мөн шүүхээс Т.П-д торгох ял оногдуулахдаа түүний цагдан хоригдсон хоногийг Эрүүгийн хуулийн 6.10 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасны дагуу оногдуулсан ялаас хасч тооцоогүй зэрэг нь Эрүүгийн хуулийг буруу хэрэглэсэн гэж үзэхээр байна.

Иймд Өмнөговь аймгийн Ханбогд сум дахь Сум дундын шүүхийн 2020 оны 08 дугаар сарын 11-ний өдрийн 2020/ШЦТ/122 дугаартай шийтгэх тогтоолыг хүчингүй болгож, шүүхэд дахин хэлэлцүүлэхээр буцааж өгнө үү” гэжээ.

Прокурор Б.Амармөрөн давж заалдах шатны шүүх хуралдаанд гаргасан тайлбар, дүгнэлтдээ: “Тус хэргийг анхан шатны шүүхэд шилжүүлсэн яллах дүгнэлтдээ П-ийн үйлдсэн хэрэг нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.8 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан зүйлээр зүйлчилсэн боловч хэргийн зүйчлэл буруу байна гэж 2020 оны 01 дүгээр сарын 29-ний өдрийн 38 дугаартай шүүгчийн захирамжаар прокурорт буцаасан байдаг. Тэгээд хэргийн зүйчлэлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.8 дугаар зүйлийн 3 дахь хэсгийн 3.1, 3.2 дах заалтаар өөрчилж шилжүүлснээр анхан шатны шүүхийн шийдвэр гарсан. Шүүгдэгчийн үйлдэл нь санаатай үйлдэл мөн бөгөөд болгоомжгүй үйлдэл гэж үзэх үндэслэл тогтоогдохгүй байна. Хохирогч Б.Э-ын хохирлыг барагдуулахын тулд хэргийн зүйлчлэлийг өөрчлөх боломжгүй тул давж заалдах гомдлыг хэрэгсэхгүй болгож, анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж өгнө үү” гэв.

Хохирогчийн өмгөөлөгч Н.Энхтөр давж заалдах шатны шүүх хуралдаанд гаргасан тайлбар, саналдаа: “Шүүгдэгч П тамхи асаасан шүдэнзээ унтраалгүйгээр гэрийн баруун талд байсан машины хучлага руу хаясны улмаас амбаар шатаад гэр шатсан. Гэхдээ П-д дээрх зүйлсийг шатаана гэсэн санаа зорилго байгаагүй учир санаатай гэмт хэрэг үйлдсэн гэх үндэслэлгүй байна. Анхан шатны шүүх хэргийн бодит байдалд нийцээгүй, үндэслэл бүхий дүгнэлт хийгээгүй гэж үзэж байгаа учраас шийтгэх тогтоолыг хүчингүй болгож, дахин хэлэлцүүлэхээр буцааж өгнө үү” гэв.

ТОДОРХОЙЛОХ нь:

Давж заалдах шатны шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 1, 3 дахь хэсэгт зааснаар хохирогчийн өмгөөлөгч Б.Энхтөрийн 2020 оны 09 дүгээр сарын 14-ний өдөр бичсэн давж заалдах гомдолд дурдсан асуудлуудаар хязгаарлахгүйгээр хэргийн бүх ажиллагаа, шийдвэрийг бүхэлд нь хянаж шийдвэрлэлээ.

“Шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн болон хавтас хэрэгт авагдсан нотлох баримтуудаар шүүгдэгч Т.П нь 2019 оны 09 дүгээр сарын 14-ний өдөр Өмнөговь аймгийн Ханбогд сумын Хайрхан баг, Цагаан хад гэх газар согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ 5 ханатай монгол гэр 3 ширхэг, 65-00 ӨМА улсын дугаартай Нордбенз маркийн чирэгч толгой, 47-72 УАА улсын дугаартай Тоёота приус-30 маркийн суудлын автомашиныг шатааж, бусдын эд хөрөнгөд 52700000 төгрөгийн буюу их хэмжээний хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай болох нь яллагдагч Т.П /1 хх-109-110, 215/, хохирогч Ц.С /1 хх-44/, Ц.С /1 хх-50-51/, Э.О /1 хх-55-56/, Б.Э /1 хх-63-64/, гэрч Х.Э /1 хх-76-77/ нарын мэдүүлгүүд,

Өмнөговь аймгийн бүсийн оношилгоо эмчилгээний төвийн 2019 оны 10 дугаар сарын 15-ны өдрийн 21/19 дугаартай дүгнэлт /1 хх-79-81/, Өмнөд бүсийн төв Өмнөговь аймгийн Онцгой байдлын газрын гал түймрийн улсын байцаагчийн 2019 оны 10 дугаар сарын 03-ны өдрийн 30/06 дугаартай акт /1 хх-84/, Вендо хөрөнгийн үнэлгээний компанийн шинжээчийн 2019 оны 09 дүгээр сарын 19, 09 дүгээр сарын 24-ний өдрийн Ц001-019, Ц002-019, Ц19-15 дугаартай дүгнэлтүүд /1 хх-87, 91, 97/ нотлогдон тогтоогдож байна” гэж анхан шатны шүүхийн хэргийн үйл баримтын талаарх дүгнэлт нь хэргийн бодит байдалтай нийцсэн, хууль зүйн үндэслэлтэй, анхан шатны шүүхийн дүгнэлтийг үгүйсгэх, няцаах үндэслэл тогтоогдоогүй болно.

Анхан шатны шүүх шүүгдэгч Т.П-г Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.8 дугаар зүйлийн 3 дахь хэсгийн 3.1, 3.2-т заасан согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ олон хүний амь бие, эрүүл мэнд, эд хөрөнгөд хохирол учруулж болох аргаар буюу галдан шатаах аргаар устгаж бусдад 52700000 төгрөг буюу их хэмжээний хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.8 дугаар зүйлийн 3 дахь хэсгийн 3.1, 3.2-т зааснаар шүүгдэгч Т.П-г 10.000 нэгж буюу 10000000 төгрөгөөр торгох ялаар шийтгэхдээ Эрүүгийн хуулийн агуулга, зарчимд нийцүүлэн холбогдох заалтыг зөв тайлбарлан хэрэглэжээ.

Энэ хэрэгт Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тодруулсан, мөрдөн байцаалт болон шүүхээс хэрэг хянан шийдвэрлэх явцад оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хассан, хязгаарласан, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан шаардлагыг зөрчсөн гэх ноцтой зөрчил тогтоогдоогүй болно.

Хэргийн бүх ажиллагааг хянахад хохирогч Б.Э нь 2020 оны 08 дугаар сарын 06-ны өдөр Өмнөговь аймгийн Ханбогд сум дахь Сум дундын шүүхэд гаргасан хүсэлтдээ “...шүүгдэгч Т.П-ийн үйлдсэн хэргийн улмаас миний машин шатаж 15000000 төгрөгийн хохирол учирсан.

Тухайн машиныг Т.П нь санаатайгаар шатаагаагүй, гэр шатсаны улмаас зогсоолд байсан миний машин шатсан. Тиймээс Т.П-г миний машиныг санаатай шатаагаагүй гэж үзэж байна. Тухайн шатсан машин нь “Монре” даатгалд даатгуулсан байсан учир миний бие тухайн хохирлыг даатгалын байгууллагаас гаргуулж авахаар бичиг баримтаа бүрдүүлэн хөөцөлдөж байгаа болно.

Иймд миний бие нь шүүгдэгч Т.П-ээс тухайн машины хохирлыг нэхэмжлэхгүй. Т.П-д ямар нэгэн гомдол, саналгүй болно /2 хх-56/, хохирогчийн өмгөөлөгч Б.Энхбат нь  анхан шатны шүүх хуралдаанд “...Т.П-ийн үйлдлээс болж хохирогч Б.Э-ын эзэмшлийн тээврийн хэрэгсэл шатсан. Б.Э нь тухайн тээврийн хэрэгслийн хохирлыг Т.П-гээс нэхэмжлэхгүй, гомдол санал байхгүй гэсэн байр суурьтай байгаа. Бичгээр хүсэлтээ өгсөн. Өмгөөлөгчийн хувьд адил байр суурьтай байгаа. ...хохирогч Б.Э-ын машин болгоомжгүй байдлаас болж устсан байна гэж үзэж байна. Хохирогчийн зүгээс ийм байр суурьтай байгаа учир хохирлоо шүүгдэгчээс гаргуулахгүй, даатгалын компаниар гаргуулна гэсэн байр суурьтай байгаа /2 хх-69, 72/ гэсэн тайлбар, хүсэлтүүдээр “хохирогч Б.Э-т учирсан хохирлыг гаргуулж шийдвэрлээгүй нь Б.Э-ын эрх ашгийг ноцтой зөрчиж, зөрчигдсөн эрхийг сэргээлгүй, сэргээх боломжгүй болгосон” гэсэн хохирогчийн өмгөөлөгчийн давж заалдах гомдол нь няцаагдан үгүйсгэгдэж байна.

Анхан шатны шүүхээс шүүгдэгч Т.П-д торгох ял шийтгэхдээ Эрүүгийн хуулийн хэрэглэвэл зохих заалтыг зөв хэрэглээгүй, цагдан хоригдсон хоногийг торгох ялаас хасаж тооцоогүй гэж үзлээ.

Иймд хохирогчийн өмгөөлөгч Б.Энхтөрийн “шийтгэх тогтоолыг хүчингүй болгож, шүүхэд хэргийг дахин хэлэлцүүлэхээр буцаах тухай” давж заалдах гомдлыг хэрэгсэхгүй болгож, анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолд хууль хэрэглээний өөрчлөлтийг оруулах нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн үзлээ.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.4, Шүүхийн тухай хуулийн 31 дүгээр зүйлийн 31.3.2 дахь хэсэгт заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Өмнөговь аймгийн Ханбогд сум дахь сум дундын шүүхийн 2020 оны 08 дугаар сарын 11-ний өдрийн 2020/ШЦТ/122 дугаар шийтгэх тогтоолын тогтоох нь хэсгийн 1 дэх заалтаас “согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ 5 ханатай монгол гэр 3 ширхэг, 65-00 ӨМА улсын дугаартай Нордбенз маркийн чирэгч толгой, 47-72 УАА улсын дугаартай Тоёото приус-30 маркийн суудлын авто машиныг”,  “аргаар буюу”, “52700000 төгрөг буюу” гэснийг тус тус хассугай.

2. Шийтгэх тогтоолын тогтоох хэсгийн 3 дахь заалтын “Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Т.П-д оногдуулсан 10.000 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 10000000 төгрөгөөр торгох ялыг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болсон өдрөөс хойш 2 жил 5 сарын хугацаанд төлөхийг даалгасугай” гэснийг “Эрүүгийн хуулийн 5.3 дугаар зүйлийн 4, мөн хуулийн 6.10 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар Т.П-ийн цагдан хоригдсон 113 хоногийн 1 хоногийг торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр тооцож түүнд оногдуулсан 10000000 төгрөгөөр торгох ялаас хасаж 8305000 төгрөгөөр торгох ялаар тогтоож, торгох ялыг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болсон өдрөөс хойш 2 жил 5 сарын хугацаанд төлөхийг даалгасугай” гэж өөрчилсүгэй.

3. Шийтгэх тогтоолын бусад заалтыг хэвээр үлдээсүгэй.

4. Гомдол, эсэргүүцэл гаргах эрх бүхий этгээд нь давж заалдах шатны шүүх хэргийг хянан шийдвэрлэхдээ Эрүүгийн хуулийг буруу хэрэглэсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, эсхүл нөлөөлж болохуйц нөхцөл байдал тогтоогдсон гэж үзвэл давж заалдах шатны шүүхийн шийдвэрийг гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар Улсын дээд шүүхэд гомдол, эсэргүүцэл гаргаж болохыг мэдэгдсүгэй.

 

 

                         ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                       Н.НАСАНЖАРГАЛ

                                        ШҮҮГЧИД                                          Х.ГЭРЭЛМАА

                                                                                                   Т.БЯМБАЖАВ