Улсын дээд шүүхийн Тогтоол

2018 оны 05 сарын 28 өдөр

Дугаар 238

 

Н.М, Б.Д нарт холбогдох

эрүүгийн хэргийн тухай

 

Улсын дээд шүүхийн Эрүүгийн хэргийн танхимын тэргүүн Б.Цогт даргалж, шүүгч Б.Батцэрэн, Д.Ганзориг, Ч.Хосбаяр, Д.Эрдэнэбалсүрэн нарын бүрэлдэхүүнтэй, Улсын ерөнхий прокурорын газрын хяналтын прокурор М.Буяннэмэх, хохирогч Т.М, нарийн бичгийн дарга Т.Өлзийтүвшин нарыг оролцуулж хийсэн хяналтын шатны эрүүгийн хэргийн шүүх хуралдаанаар

Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 12 дугаар сарын 04-ний өдрийн 801 дүгээр шийтгэх тогтоол, Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн 2018 оны 02 дугаар сарын 20-ны өдрийн 167 дугаар магадлалтай, Н.М, Б.Д нарт холбогдох 201625011109 дугаартай эрүүгийн хэргийг хохирогч нарын өмгөөлөгч Ж.Гантулгын гаргасан гомдлыг үндэслэн 2018 оны 04 дүгээр сарын 17-ны өдөр хүлээн авч, шүүгч Д.Ганзоригийн танилцуулснаар хянан хэлэлцэв.

1. Монгол Улсын иргэн, 1975 онд төрсөн, эмэгтэй, ял шийтгүүлж байгаагүй, хэрэг хариуцах чадвартай, Ж овогт Б-гийн Д,

2. Монгол Улсын иргэн, 1975 онд төрсөн, эмэгтэй, Баянгол дүүргийн шүүхийн 2013 оны 02 дугаар сарын 28-ны өдрийн 98 дугаар шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 148 дугаар зүйлийн 148.2 дахь хэсэгт зааснаар эд хөрөнгө хураахгүйгээр 2 жил 01 сар хорих ял шийтгэж, уг ялыг тэнсэж, 1 жилийн хугацаагаар хянан харгалзсан, хэрэг хариуцах чадвартай, Б овогт Н-ийн М нар нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Залилах гэмт хэргийг бүлэглэж үйлдэх”, мөн хуулийн ерөнхий ангийн 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 2.2-т заасан “Бүлэглэн бусдын эд хөрөнгийг залилан авч их хэмжээний хохирол учруулах” гэмт хэрэгт тус тус холбогджээ.

Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх прокуророос шүүгдэгч Н.М, Б.Д нарт 2015 оны Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1, мөн хуулийн ерөнхий ангийн 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 2.2-т заасан гэмт хэрэгт тус тус холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлснийг 2015 оны Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.9 дүгээр зүйлийн 1, 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг тус тус журамлан тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 2.2-т зааснаар зүйлчилж, шүүгдэгч Б.Д, Н.М нарыг бүлэглэн бусдын эд хөрөнгийг залилан авч их хэмжээний хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцож, 2015 оны Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 2.2-т зааснаар шүүгдэгч Б.Д, Н.М нарыг тус бүр 10,000 нэгж буюу 10,000,000 төгрөгөөр торгох ял шийтгэж, Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 510 дугаар зүйлийн 510.1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Д-аас 23,496,000 төгрөгийг, Н.М-ээс 23,496,000 төгрөгийг тус тус гаргуулж, хохирогч М.О-д 3,200,000 төгрөг, хохирогч Т.М, А.Б нарт 43,792,000 төгрөг тус тус олгохоор шийдвэрлэсэн байна.

Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүх шийтгэх тогтоолын тогтоох хэсгийн 6 дахь заалтыг “Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 510 дугаар зүйлийн 510.1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Д-аас 28,852,000 төгрөгийг гаргуулан хохирогч Т.М, А.Б нарт 27,252,000 төгрөгийг, хохирогч М.О-д 1,600,000 төгрөгийг тус тус олгож, шүүгдэгч Н.М-ээс 28,852,000 төгрөгийг гаргуулан хохирогч Т.М, А.Б нарт 27,252,000 төгрөгийг, хохирогч М.О-д 1,600,000 төгрөгийг тус тус олгосугай” гэж өөрчилж, шийтгэх тогтоолын бусад заалт, хэсгийг хэвээр үлдээж шийдвэрлэжээ.

Хяналтын шатны шүүхэд хохирогч Т.М, А.Б нарын өмгөөлөгч Ж.Гантулга гаргасан гомдолдоо “...Шүүгдэгч Н.М, Б.Д нар эрхэлсэн тодорхой ажилгүй, цалин хөлс, бусад орлогогүй, гэмт хэргийн улмаас учирсан хохирлоо төлж барагдуулаагүй, удаа дараа бусдын эд хөрөнгийг залилан мэхлэх гэмт хэрэг үйлдсэн нь хэрэгт авагдсан баримтаар нотлогддог. Анхан шатны шүүх шүүгдэгч нарт эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй байхад Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлд заасан ял оногдуулж Эрүүгийн хуулийг буруу хэрэглэн хууль зүйн үндэслэлгүй шийтгэх тогтоол гаргасан. Давж заалдах шатны шүүх хэргийг бүхэлд нь хяналгүй, анхан шатны шүүхийн Эрүүгийн хуулийг буруу хэрэглэн гаргасан шийтгэх тогтоолд үндэслэлтэй дүгнэлт хийлгүй магадлал гаргасан байна. Иймд давж заалдах шатны шүүхийн магадлалд өөрчлөлт оруулан шүүгдэгч Н.М, Б.Д нарт оногдуулсан ялыг өөрчлөх хууль зүйн үндэслэлтэй байна” гэжээ.

Хяналтын шатны шүүх хуралдаанд прокурор М.Буяннэмэх гаргасан хууль зүйн дүгнэлтдээ “...Анхан шатны шүүх шүүгдэгч нар нь бага насны хүүхдүүдтэй, гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн, хохирлоо нөхөн төлөхөө илэрхийлсэн зэрэг нөхцөл байдлуудыг харгалзан үзэж хуульд заасан төрөл, хэмжээний ял шийтгэл оногдуулсан байна. Иймд анхан болон давж заалдах шатны шүүхийн шийтгэх тогтоол, магадлалыг хэвээр үлдээх нь зүйтэй” гэв.

ТОДОРХОЙЛОХ нь:

Шүүгдэгч Н.М, Б.Д нар нь 2015 оны 12 дугаар сарын 03-наас 2016 оны 04 дүгээр сарын 04-ний өдрийн хооронд бүлэглэн “газрын гэрчилгээ гаргана, газрын төлбөрийн асуудлуудыг шийдвэрлэж өгнө, 140 шуудай цагаан будааг дараа өгнө, автомашиныг худалдан авна гэж нэр дээрээ шилжүүлэх, аарцыг чинь авч гадагшаа гаргадаг хятад компанид нийлүүлнэ” гэх зэргээр иргэн М.О, Л.Э, Г.Л, Б.Ц, А.Б, Т.М нарын их хэмжээний эд хөрөнгө болон мөнгийг хуурч авсан үйл баримт нь хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж бэхжүүлсэн, шүүх хуралдаанд хянан хэлэлцэгдсэн нотлох баримтуудаар тогтоогдсон талаарх анхан болон давж заалдах шатны шүүхийн дүгнэлт хууль ёсны бөгөөд үндэслэлтэй болжээ.

Н.М, Б.Д нарын энэхүү үйлдэл нь тухайн үед мөрдөгдөж байсан 2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 148 дугаар зүйлд заасан “Бусдын эд хөрөнгийг залилан мэхлэж авах” гэмт хэргийн шинжийг бүрэн агуулсан бөгөөд уг зүйлийн хүндрүүлэх бүрэлдэхүүн болох “энэ хэргийн улмаас онц их хэмжээний хохирол учруулсан” гэсэн шинжээр мөн зүйлийн 148.4 дэх хэсэгт заасан гэмт хэргийн бүрэлдэхүүнийг хангасан байна.

Харин шүүх хэргийг хянан шийдвэрлэх үед дээрх хуулиас хөнгөн ялтай шинэ хууль мөрдөгдөж эхэлсэн бөгөөд ялыг хөнгөрүүлсэн, гэмт хэрэг үйлдсэн этгээдийн эрх зүйн байдлыг дээрдүүлсэн хуулийг буцаан хэрэглэх зарчим Монгол Улсын нэгдэн орсон Иргэний болон улс төрийн эрхийн тухай олон улсын Пактын 15 дугаар зүйлийн 1, үндэсний хууль тогтоомж болох 2015 оны шинэчлэн найруулсан Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.9 дүгээр зүйлд тусгагдсан болно.

Анхан болон давж заалдах шатны шүүх хууль буцаан хэрэглэх зарчим, хэм хэмжээг баримтлан шүүгдэгч Н.М, Б.Д нарын үйлдлийг 2015 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 2.2-т зааснаар зүйлчилж, хуульд заасан төрөл, хэмжээний дотор ял оногдуулахдаа Эрүүгийн хуулийг зөв хэрэглэсэн байна.

Н.М, Б.Д нарт торгох ялын хэмжээний дээд хэмжээгээр ялыг оногдуулах, хүнд ял буюу хорих ялыг сонгон хэрэглэх зэрэг ял эрүүгийн хариуцлагыг зайлшгүй хүндрүүлэх нөхцөл байдлууд тогтоогдоогүй тул ял хөнгөдсөн үндэслэлээр гаргасан хохирогч нарын өмгөөлөгчийн гомдлыг хүлээн авах хууль зүйн үндэслэлгүй гэж үзэв.

Энэ хэрэгт Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тодруулсан, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хассан, хязгаарласан, шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, эсхүл нөлөөлж болохуйц нөхцөл байдал бүхий зөрчил тогтоогдоогүй болно.

Иймд хохирогч нарын өмгөөлөгч Ж.Гантулгын гаргасан “шүүгдэгч нарт оногдуулсан ял хөнгөдсөн” гэсэн гомдлыг хэрэгсэхгүй болгож, анхан шатны шүүхийн шийтгэх тогтоол, түүнд өөрчлөлт оруулсан давж заалдах шатны шүүхийн магадлалыг хэвээр үлдээх нь зүйтэй гэж хяналтын шатны шүүх бүрэлдэхүүн шийдвэрлэв.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 40.8 дугаар зүйлийн 1.1-д заасныг удирдлага болгон хяналтын шатны шүүх хуралдаанаас ТОГТООХ нь:

1. Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 12 дугаар сарын 04-ний өдрийн 801 дүгээр шийтгэх тогтоол, түүнд өөрчлөлт оруулсан Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн 2018 оны 02 дугаар сарын 20-ны өдрийн 167 дугаар магадлалыг хэвээр үлдээж, хохирогч Т.М, А.Б нарын өмгөөлөгч Ж.Гантулгын хяналтын шатны шүүхэд гаргасан гомдлыг хэрэгсэхгүй болгосугай.

 

                        ДАРГАЛАГЧ                                                   Б.ЦОГТ

                        ШҮҮГЧ                                                           Б.БАТЦЭРЭН

                                                                                              Д.ГАНЗОРИГ

                                                                                              Ч.ХОСБАЯР

                                                                                              Д.ЭРДЭНЭБАЛСҮРЭН