| Шүүх | Хөвсгөл аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Намдагийн Нямсүрэн |
| Хэргийн индекс | 179/2016/0000/Э |
| Дугаар | 2016/ШЦТ/174 |
| Огноо | 2016-08-30 |
| Зүйл хэсэг | 145.2., |
| Улсын яллагч | Д.Оюунбилэг |
Хөвсгөл аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол
2016 оны 08 сарын 30 өдөр
Дугаар 2016/ШЦТ/174
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Хөвсгөл аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Эрүүгийн хэргийн шүүх хуралдааныг шүүгч Н.Нямсүрэн даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй явуулсан хуралдаанаар:
Нарийн бичгийн дарга О.Өлзийбуян
Улсын яллагч : Д.Оюунбилэг,
Хохирогч Р.Г,
Шүүгдэгч нарын өмгөөлөгч В.Энхболд,
Шүүгдэгн Ч.Б, Г.Н нарыг оролцуулан аймгийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2-т зааснаар яллахдүгнэлт үйлдэж ирүүлсэн Ч.Б, Г.Н нарт холбогдох эрүүгийн ********** дугаар хэргийг 2016 оны 8 дугаар сарын 08-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.
Шүүгдэгчийн биеийн байцаалт
Шүүгдэгч:
Холбогдсон хэргийн талаар:
Шүүгдэгч Ч.Б, Г.Н нар нь бүлэглэн 2016 оны 06 дугаар сарын 08- наас 2016 оны 06 дугаар сарын 09-нд шилжих шөнө Хөвсгөл аймгийн Мөрөн сумын 5 дугаар баг 27-09 тоот хашаан дотроос хохирогч Р.Г“ Ямаха” маркын мотоцикль, 200 литрийн багтаамжтай 2 ширхэг поошиг хулгайлан авч 1.250.000 /нэг сая хоёр зуун тавин мянга/ төгрөгийн хохирол учруулсан гэмт хэргийг үйлдсэнд холбогджээ.
Шүүхийн хэлэлцүүлгээр яллах, цагаатгах болон бусад нотлох баримтуудыг шинжлэн судлаад
ТОДОРХОЙЛОХ нь:
Шүүгдэгч Ч.Б, Г.Н нар нь бүлэглэн 2016 оны 06 дугаар сарын 08- наас 2016 оны 06 дугаар сарын 09-нд шилжих шөнө Хөвсгөл аймгийн Мөрөн сумын 5 дугаар баг 27-09 тоот хашаан дотроос хохирогч Р.Г“Ямаха” маркын мотоцикль, 200 литрийн багтаамжтай 2 ширхэг поошиг хулгайлан авч 1.250.000 /нэг сая хоёр зуун тавин мянга/ төгрөгийн хохирол учруулсан болох нь
Шүүгдэгч Ч.Б мөрдөн байцаалтын болон шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн:... гэх мэдүүлэг /хх-ийн 60-67-р хуудас/,
Шүүгдэгч Г.Н мөрдөн байцаалтын болон шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн: ... гэх мэдүүлэг /хх-ийн 67-69-р хуудас/ гэв.
Хохирогч Р.Г мөрдөн байцаалтанд мэдүүлсэн:... Би Мөрөн сумын 5 дугаар баг 27-09 тоотод айлын хашаанд гэр барьж амьдраад 12 жил амьдарч байна. Гэтэл 2016 оны 06 дугаар сарын 08-наас 2016 оны 06 дугаар сарын 09-нд шилжих шөнө манай хашаанд байсан миний “Ямаха” маркын мотоцикль, ус хийгээд тавьчихсан байсан 200 литрийн хоёр ширхэг поошик алдагдсан байна. Хоёр поошиконд ус байсныг асгаж хаячихаад аваад явчихсан байсан. Мотоциклийг маань хашаанаас түрж гараад хашааны гадаа рулийн түгжээг нь эвдээд аваад явчихсан байсан. Би мотоциклио 1.300.000 төгрөгөөр, поошикнуудаа тус бүрд нь 25.000 төгрөгөөр үнэлнэ гэх мэдүүлэг /хх-ийн 10-11 дүгээр хуудас/
Гэрч Ж.Ч мөрдөн байцаалтанд мэдүүлсэн: ... Манай хашаанд манай найз Ганхуяг гэжхүн амьдардаг юм. Би он, сар өдрийг нь ягсайн санахгүй байна. Нэгөглөө босоод ирсэн чинь манай байшингийн урд талд ногооны саадан дотор байсан Г.Н мотоцикль нь байхгүй болчихсон байхаар нь гайхаад Г.Н гэрт ороод мотоциклио яасан юм бэ хүнд өгсөн юм уу гэсэн чинь үгүй гээд гарч ирээд үзтэл Г.Н мотоцикль тэгээд ус хийгээд тавьчихсан байсан хоёр ширхэг поошиг нь алга болчихсон байсан. Тэгээд харахад ногооны хашааны хаалгыг нь онгойлгоогүй хаалган дээгүүр өргөж давуулаад авсан мөр байсан тэрийг хараад би нэг хүн бол биш хоёр хүн байсан байж магадгүй гэсэн бодол төрсөн. Бас дээрээс нь хоёр поошиг аваад явсаныг бодохоор хоёр хүн байсан нь тодорхой байсан. Тэгээд би бодсон юм шөнө нохой хуцаагүй тэгэхээр манай нохойг сайн мэддэг хүн байж магадгүй гэж бодоод өөрийн архи уудаг хүү болох Б.Л сэжиглэж эхэлсэн тэр тухайгаа ч цагдаа нарт хэлсэн. Тэгсэн харин сүүлд Батжаргал өөр хүнтэй хамт хулгай хийсэн болох нь тогтоогдсон гэх мэдүүлэг /хх-ийн 13-14 дүгээр хуудас/
Гэрч Б.Ц мөрдөн байцаалтанд мэдүүлсэн: ...2016 оны 06 дугаар сарын 09-ний өдөр байсан байх өглөө гэртээ байж байсан чинь манай хашааны хаалгыг нүдээд байхаар нь гараад очсон чинь хоёр эрэгтэй ах байсан. Тэгсэнээ мотоцикпийн дугуй хагарчихлаа нөхөх юм байна уу гэхээр нь байхгүй гэдгээ хэлсэн тэгсэн хөдөө явах гэсэн мөнгө хэрэг болоод байна мотоциклийг маань 100.000 төгрөгний барьцаанд авчихаач маргааш 150.000 төгрөг болгож өгье гэхээр нь би мөнгө байхгүй гэдгээ хэлсэн. Тэгсэн авчих гээд гуйгаад байхаар нь би нөхөр Б.Р залгаад мөнгө байна уу гэсэн чинь нөхөр маань 50.000 төгрөг байна гэсэн тэгэхээр нь би нөгөө хоёр хүнд 50.000 төгрөг л байна гэсэн чинь барьцаанд тавихаар болсон. Тэгээд нөхөр маань ирээд мөнгийг нь өгөөд мотоциклийг аваад амбаартаа хийсэн. Тэгсэн энэ явдлаас хойш нэг хоногийн дараа манай гэрт цагдаа очоод миний авсан мотоциклийгхулгайн мотоцикль болохыгхэлсэн мотоциклийн эзэн гээд хөгшин настай хүн ирээд 50.000 төгрөг өгөөд өгөөд мотоциклио аваад явсан. Надад гомдол санал нэхэмжлэх зүйл байхгүй гэх мэдүүлэг /хх-ийн 15 дугаар хуудас/
Гэрч Г.Д мөрдөн байцаалтанд мэдүүлсэн: ... Миний төрсөн ах бөгөөд эхнэр хүүхдээсээ салснаасаа хойш архи уудаг болсон. Одоо уулзалгүй хоёр жил болсон хамгийн сүүлд 2014 оны хавар аав нас барсан юм тэгэхэд уулзсан одоо хаана юу хийж явдагийг би мэдэхгүй. Манай ах эрхэлсэн тодорхой ажилгүй, Бүрэнтогтох сумаар хаягалдаг боловч одоогоор Мөрөнд байна гэж дуулдсан. Тэрнээс яг хаана байгааг бол тодорхой мэдэхгүй байна. Миний ах бол хүнд тусархуу, сэтгэл санаатай сайхан сэтгэлтэй, хөдөлмөрч хүн юм гэх мэдүүлэг/хх-ийн 17-18 дугаар хуудас/
Хэрэг учралын газарт үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /хавтаст хэргийн 3-4 дүгээр хуудас/,
Шинжилгээ хийх шинжээч томилох тогтоол / хавтаст хэргийн 19-р хуудас/,
Хөрөнгө үнэлсэн тайлан / хавтаст хэргийн 20-р хуудас/,
Шүүгдэгч Ч.Б нь урд ял шийтгүүлж байгаагүй болох нь ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас / хавтаст хэргийн 48 дугаар хуудас/ зэргээр тогтоогдож байх ба шүүгдэгч Г.Н урьд ял шийтгүүлж байсан болох нь ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас хавтаст хэргийн 43 дугаар хуудас/, 2005 оны 10 дугаар сарын 05-ны өдөр Хөвсгөл аймаг дахь Сум дундын шүүхийн 210 дугаартай шийтгэх тогтоол, 2006 оны 11 дүгээр сарын 27-ны өдрийн Хөвсгөл аймаг дахь Сум дундын шүүхийн шийтгэх тогтоол /хавтаст хэргийн 54-71 дүгээр хуудас/ зэргээр нотлогдож байх ба хэрэгт авагдсан шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн бусад бичгийн нотлох баримтуудаар тогтоогдож байх ба хэргийн зүйлчлэл зөв байна.
Гэмт хэргийн улмаас учирсан хохирлыг нөхөн төлсөн хохирогч нь гомдолгүй нэхэмжлэх зүйлгүй гэснийг дурьдах нь зүйтэй байна.
Шүүгдэгч нарт ял шийтгэл оногдуулахдаа анх удаа хүндэвтэр гэмт хэрэг үйлдсэн, гэмт хэрэг үйлдэж учруулсан хохирлоо сайн дураараа нөхөн төлсөн, үйлдсэн гэмт хэрэгтээ чин санаанаас гэмшиж байгаа зэрэг ял хөнгөрүүлэх нөхцөл байдлуудыг болон хувийн байдлыг харгалзан үзэх нь зүйтэй байна
Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан эд зүйл, бичиг баримтгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, шүүгдэгч нар нь цагдан хоригдоогүй болохыг тус тус дурьдаж байна.
Шүүхийн хэлэлцүүлгийн үед шинжлэн судалсан дээрх нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, хуулийн дагуу цуглуулж, бэхжүүлсэн байх тул хэргийг хянан шийдвэрлэхэд хангалттай гэж үнэлсэн болно.
Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 283, 284, 286, 290, 294-299 дүгээр зүйлүүдэд заасныг удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Шүүгдэгч Ч.Б, Г.Н, нарыг бусдын эд хөрөнгийг бүлэглэн хулгайлсан гэмт хэргийг үйлдсэнд гэм буруутайд тооцсугай.
2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2-т зааснаар шүүгдэгч Ч.Б-г эд хөрөнгө хураахгүйгээр 2 /хоёр/ жил 1 /нэг/ сарын хугацаагаар хорих ялаар, шүүгдэгч Г.Н эд хөрөнгө хураахгүйгээр 2 /хоёр/ жил 1 /нэг/ сарын хугацаагаар хорих ялаар тус тус шийтгэсүгэй.
3. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 52 дугаар зүйлийн 52.5-д зааснаар Ч.Б, Г.Н нарт тус бүрд оногдуулсан 2 /хоёр/ жил 1 /нэг/ сарын хорих ялыг жирийн дэглэмтэй хорих ангид эдлүүлсүгэй.
4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 61 дүгээр зүйлийн 61.1-т зааснаар шүүгдэгч Ч.Б, Г.Н нарт оногдуулсан 2 /хоёр/ жил 1 /нэг/ сарын хорих ялыг тэнсэж, 1 /нэг/ жил 6 /зургаа/ сарын хугацаагаар хянан харгалзаж, тэнсэгдсэн ялтанд хяналт тавихыг Хөвсгөл аймгийн Цагдаагийн газарт даалгасугай.
5. Хохирогч нь нэхэмжлэх зүйлгүй, гомдол саналгүй гэснийг, шүүгдэгч нар нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, бичиг баримтгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй болохыг тус тус дурдсугай.
6. Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 303 дугаар зүйлийн 303.1, 304 дүгээр зүйлийн 304.1-д зааснаар шийтгэхтогтоолыг гардуулснаас хойш 14 хоногийн дотор ялтан, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч, хууль ёсны төлөөлөгч давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй.
7. Шийтгэх тогтоол танилцуулан сонсгомогц хүчинтэй болох ба давжзаалдах гомдол, эсэргүүцэл гаргасан тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Ч.Б, Г.Н нарт урьд авсан гадагш явахгүй байх таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Н.НЯМСҮРЭН