| Шүүх | Хөвсгөл аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Мөнхөөгийн Эрдэнэ-Очир |
| Хэргийн индекс | 179/2016/0000/Э |
| Дугаар | 2016/ШЦТ/178 |
| Огноо | 2016-09-02 |
| Зүйл хэсэг | 215.4., |
| Улсын яллагч | Д.Оюунбилэг |
Хөвсгөл аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол
2016 оны 09 сарын 02 өдөр
Дугаар 2016/ШЦТ/178
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Хөвсгөл аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн эрүүгийн хэргийн шүүх хуралдааныг шүүгч М.Эрдэнэ-Очир даргалж, шүүгн Н.Нямсүрэн, Н.Ариунжаргал нарын бүрэлдэхүүнтэй,
Нарийн бичгийн дарга Б.Оюунчимэг
Улсын яллагч Д.Оюунбилэг
Иргэдийн төлөөлөгч Д.Дарьсүрэн
Шүүгдэгчийн өмгөөлөгч Ч.Баянбилэг
Шүүгдэгч Э.А
Хохирогч.П.Гийн хууль ёсны төлөөлөгч С.Г нарыг оролцуулан шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн хуралдаанаар аймгийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 215 дугаар зүйлийн 215.4-т зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Э.А холбогдох эрүүгийн **********дугаартай хэргийг 2016 оны 05 дугаар сарын 18-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.
Шүүгдэгч: Монгол улсын иргэн,
Шүүгдэгч Э.А нь 2015 оны 12 дугаар сарын 23-ны өдөр Хөвсгөл аймгийн Тариалан сумаас Мөрөн сумын чиглэлийн замд 76-36 УБЧ улсын дугаартай тээврийн хэрэгсэл жолоодож яваад хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль тогтоомж зөрчсөнөөс зам тээврийн осол гаргаж С.Э, Л.Я, Н.П нарын амь насыг хохироосон гэмт хэргийг үйлдсэнд холбогджээ.
Шүүхийн хэлэлцүүлгээр яллах, цагаатгах болон бусад нотлох баримтуудыг шинжлэн судлаад
ТОДОРХОЙЛОХ нь:
Шүүгдэгч Э.А нь 2015 оны 12 дугаар сарын 23-ны өдөр Хөвсгөл аймгийн Тариалан сумаас Мөрөн сумын чиглэлийн замд 76-36 УБЧ улсын дугаартай тээврийн хэрэгсэл жолоодож яваад хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль тогтоомж зөрчсөний улмаас хохирогч С.Э, Л.Я, Н.П нарын амь нас хохирсон гэмт хэрэг үйлдсэн болох нь:
Хохирогч П.Г ийн хууль ёсны төлөөлөгч С.Г шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн: Э.Агийн гэр бүл мөн эцэг, эхээ алдсан, зовж байгаа байдлыг харгалзаад П.Г бид хоёр ярилцаад оршуулгын зардал 5.000.000 төгрөг нэхэмжилсэн нэхэмжлэлээсээ татгалзаж, зөвхөн өндөр насны тэтгэврийн зээлийг хаалгах хүсэлтэй байна гэв.
Хохирогч Б.Н мөрдөн байцаалтын шатанд өгсөн: 2015 оны 12 дугаар сарын 23-ны өдөр үдээс хойш найзынхаа гэрт байж байсан чинь манай найз Д.М ирээд Я.А гуайн сууж явсан машин нь онхолдсон байна гэж хэлсэн тэгэхээр нь би наашаа шууд Мөрөн рүү гарч яваад замдаа хүнтэй утсаар ярьж ээжийг нас барсан гэдгийг мэдсэн. Наашаа яваад Байшинтын дөрөлж уруудаад гүүрний тэнд явж байхад А.А ахын машин замын хажуу талруу онхолдсон байдалтай байсан. Тэрийг харчихаад машинаасаа буулгүй шууд мөрөнгийн төв рүү орж ирсэн. ... Надад ямар нэгэн гомдол санал, нэхэмжлэх зүйл алга гэх мэдүүлэг/хх-ийн 12-13 дугаар хуудас/,
Хохирогч Э.Т мөрдөн байцаалтын шатанд өгсөн: 2015 оны 12 дугаар сарны 22-ны өдөр манай эхнэр төрөөд төрсөн хүүхдийн маань биеийн байдал муудаад байсан юм. Тэрийг сонсоод аав маань Тариалангаас наашаа гарчихсан байсан. Би аавыг наашаа Мөрөн рүү гарсан гэдгийг дуулаад утсаар залгаж ярихад Шивээгийн гуанзны энд А.А ахтай чинь хамт явж байна гэж хэлээд утасны сүлжээ тасарсан бололтой утас тасарсан. Тэгээд байж байсан манай Тавантолгой багийн дарга Н.А гэж хүн манай эгч рүү утсаар яриад осол болсон талаар хэлсэн байсан. Би ах А.А хамт осол болсон гэх газар руу явсан бид хоёрыг очиход замын хажуу тал руу онхолдсон байдалтай аав Э.Н машин дотор нас барсан байдалтай байсан. Би ах, дүү нараа төлөөлөөд уг хэрэгт хохирогчоор оролцож байгаа. Надад ямар нэгэн санал, гомдол, нэхэмжлэх зүйл алга байна гэх мэдүүлэг /хх-ийн 15-16 дугаар хуудас/,
Хохирогч П.Гийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн: 2015 оны 12 дугаар сарын 23-ны өдөр би аавын гэрт очсон чинь аав Мөрөн явчихаад ирье гэж ярьж байсан надад ямар ажлаар явах талаараа хэлээгүй би ч асуугаагүй. Ийм тийм машинаар явна ч гэж хэлээгүй амжвал оройдоо хүрээд ирнэ гэж байсан. Би аавын гэрээс гараад урагшаа дэлгүүр орчихоод гэр рүүгээ явж байтал аавын сууж яваад осолд ордог машин миний хажуугаар маш хурдтай давхиад өнгөрөөд явсан. Тэгэхээр нь би энэ машинд аав арай суугаад явчихаагүй байгаа даа гэж бодоод аавын гэрт очиж үзэхэд аав байхгүй гэрээ цоожлоод яваад өгсөн байсан. Тэгсэн орой 19 цагөнгөрч байхад хөдөөнөөс манай хадам эгч Туяа над руу утсаар залгаад танай аав чинь аймгийн төв явсан юм уу аваар осол гарсан сураг гараад байна гэхээр нь би аавын дүү Галаа гэж хүн рүү залгаад осол гарсан гэнэ та мэдээд өгөөч гэсэн чинь Галаа ах хүмүүс рүү яриад осол болсон байна аав чинь дотор нь сууж явсан юм байна газар дээрээ нас барсан гэнэ гэж хэлсэн тэгж анх аавыгаа нас барсан гэдгийг мэдсэн. Би гомдолтой байна. Аав маань 2 500.000 мянган төгрөгний тэтгэврийн зээлтэй байсан тэр зээлийг нь төлж өгөхийг хүсч байна. Оршуулгын зардал гарсан түүнийгээ тооцож гаргаж байж нэхэмжилнэ гэх мэдүүлэг /хх-ийн 18-19 дүгээр хуудас/,
Гэрч Э.У мөрдөн байцаалтын шатанд өгсөн: 2015 оны 12 дугаар сарын 23-ны өдөр 13 цагийн орчим Тариалан сумаас манай эмээ Я.А, түүний сүүлд суусан хүн болох П.Н, манай хүргэн ах А.А, А.А ахын аав Э.Н бид тав наашаа А.А ахын машинтай гарсан. Наашаа ирэх болсон шалтгаан нь манай эмээ эмнэлэгт үзүүлэх гэж байсан. П.Н ах эмээтэй хань болж явсан. Э.Н ах ямар ажлаар явсаныг мэдэхгүй байна. А.А ах машин барьж явсан. Бид нар 13 цаг болж байхад Тариалан сумаас гараад явж байгаад би засмал зам дээр гараад унтчихсан байсан нэг сэрээд харахад Тосонцэнгэл суманд явж байсан тэгээд буцаад унтсан. Тэгтэл сэрсэн чинь машин онхолдчихсон би машины гадаа газар хэвтэж байсан. Босоод харахад машин замын хажуу талруу орчихсон машинаас утаа савссан байдалтай байсан. Тэгэхээр нь би машин руу очоод үзсэн чинь А.А ах жолоочийнхоо суудал дээр хөдлөөд амь авраач ээ гээд чарлаад байсан бусад хүмүүс хөдлөхгүй байсан. Би жолооч талын хаалгыг арай гэж онгойлгоод байж байсан чинь түргэний машин ирээд А.А ахыг машинаас гаргасан. Тэгээд бид хоёрыг аваад наашаа Мөрөнгийн төв рүү орж ирээд эмнэлэг дээр хүргэж өгсөн. Эмч ирж үзээд эмээ, Э.Н ах, П.Н ах гурвыг нас барчихсан байна гэж хэлсэн гэх мэдүүлэг /хх- ийн 20-21 дүгээр хуудас/,
Гэрч Б.У мэдүүлэг/ хх-ийн 85-86 дугаар хуудас/,
Шүүгдэгч Э.Агийн мөрдөн байцаалтад сэжигтэн, яллагдагнаар өгсөн мэдүүлэг/ххийн 100-102 дугаар хуудас/,
Хэрэг учралын газарт үзлэг хийсэн тэмдэглэл / хх-ийн 3-4 дүгээр хуудас/, гэрэл зургийн үзүүлэлт / хх-ийн 5-10 дугаар хуудас /, тээврийн хэрэгсэлд үзлэг хийсэн тэмдэглэл / хх-ийн 8-9, 11-12, 14-15 /, цогцост үзлэг хийсэн тухай тэмдэглэл / хх-ийн 25- 26, 34-35, 43 дугаар хуудас/, 2016 оны 01 дүгээр сарын 19-ний өдрийн шүүх эмнэлэгийн үзлэг хийсэн 07 дугаартай шинжээчийн дүгнэлт /хх-ийн 27-28 дугаар хуудас /,2016 оны 01 дүгээр сарын 13-ны өдрийн талийгаач С.Эгийн цогцосноос авсан цусанд шинжилгээ хийсэн шинжээчийн 07 дугаартай дүгнэлт /хх-ийн 31 дүгээр хуудас /,2016 оны 01 дүгээр сарын 20-ны өдрийн шүүх эмнэлэгийн үзлэг хийсэн 09 дугаартай шинжээчийн дүгнэлт/хх-ийн 36-37 дугаар хуудас /, 2016 оны 01 дүгээр сарын 13-ны өдрийн талийгаач С.П.Н-гийн цогцосноос авсан цусанд шинжилгээ хийсэн шинжээчийн 09 дугаартай дүгнэлт /хх-ийн 30 дүгээр хуудас /, 2016 оны 01 дүгээр сарын 20-ны өдрийн шүүх эмнэлэгийн үзлэг хийсэн 08 дугаартай акт /хх-ийн 44-45 дугаар хуудас /, 2016 оны 01 дүгээр сарын 13-ны өдрийн талийгаач Л.Я-гийн цогцосноос авсан цусанд шинжилгээ хийсэн шинжээчийн 08 дугаартай дүгнэлт /хх-ийн 48 дугаар хуудас/,
Эд зүйлд үзлэг хийж хурааж авсан тэмдэглэл, эд мөрийн баримт хэрэгт хавсаргах тогтоол, Э.Агийн 877741 дугаартай жолоочийн үнэмлэх, /хх-ийн 83-84, 56 дугаар хуудас/,
Э.Агийн бие махбодид гэмтэл учирсан талаарх 2016 оны 4 дүгээр сарын 27-ны өдрийн 219 дугаартай шинжээчийн дүгнэлт, Нэгдсэн эмнэлгийн шүүх эмнэлгийн комиссын 37 дугаартай дүгнэлт/хх-ийн 94 дүгээр хуудас/,
Хөвсгөл аймаг дахь Цагдаагийн газрын Замын Цагдаагийн тасгийн 2016 оны 4 дүгээр сарын 17-ны өдрийн “Верна маркийн 76-36УБЧ дугаартай тээврийн хэрэгслийн жолооч Э.Нгийн А.А нь Монгол улсын замын хөдөлгөөний дүрмийн 1 дүгээр бүлгийн 1.5-д замын хөдөлгөөнд оролцогч нь бусдад аюул, хохирол учруулахгүй, хөдөлгөөнд саад бэрхшээл, осолтой байдал бий болгохгүйгээр зорчино. Мөн 9.1-т жолооч хөдөлгөөний эрчим, тээврийн хэрэгслийн онцлог байдал, тээж яваа ачаа, замын болон цаг агаарын нөхцөл, хөдөлгөөний дагуу үзэгдэлтийг харгалзан тээврийн хэрэгслийн хурдыг энэ дүрэмд тогтоосон хязгаараас хэтрүүлэхгүйгээр сонгож явна. Гэсэн заалтыг тус тус зөрчиж осол гаргасан байна” гэх зам тээврийн ослын дүгнэлт, Зам тээврийн осол дээр тогтоосон акт/ хх-ийн 89-92 дугаар хуудас/ зэрэг хэрэгт авагдсан болон шүүх хуралдаанаар хэлэлцсэн дээрх нотлох баримтуудаар тогтоогдож байна.
Иймд шүүгдэгч Э.Аг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 215 дугаар зүйлийн
215.4-т зааснаар жолооч хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль тогтоомж зөрчсөний улмаас хохирогч С.П.Н, Л.Я, С.Э нарын амь насыг хохироосон гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй байна.
Шүүхийн хэлэлцүүлгийн үед шинжлэн судалсан нотлох баримт нь энэ хэрэгт хамааралтай, Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн дагуу цуглуулж, бэхжүүлэн авсан байх тул хэргийг хянан шийдвэрлэхэд хангалттай гэж үнэлсэн болно.
Шүүгдэгч Э.А нь урьд ял шийтгүүлж байгаагүй болох нь ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудсаар тогтоогдож байх тул түүнийг анх удаа гэмт хэрэг үйлдсэн гэж үзэв. /ХХ-ийн 58 дугаар хуудас/,
Шүүгдэгч Э.Ад эрүүгийн хариуцлага, ял шийтгэл оногдуулахдаа үйлдсэн гэмт хэрэгтээ чин санаанаас гэмшиж байгаа зэргийг ял хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцлоо. Ял хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдсонгүй.
Шүүгдэгч Э.Аг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 215 дугаар зүйлийн 215.4-т заасан нэмэгдэл ял болох тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг хасч, мөн хуульд зааснаар хорих ял оногдуулж, шүүгдэгчийн үйлдсэн гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хувийн байдлыг харгалзан түүнд оногдуулах хорих ялыг жирийн дэглэмд эдлүүлэх нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн үзлээ.
Эрүүгийн ********** дугаартай хэрэгт битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, шүүгдэгч нь цагдан хоригдоогүй болохыг дурдах нь зүйтэй байна.
Гэмт хэргээс учирсан хохирлын хувьд: Хохирогч, Б.И Э.Т нарын мэдүүлгийг үндэслэн шүүгдэгчийг бусдад төлөх төлбөргүй гэж үзсэн болно.
Мөн хохирогч П.Г мөрдөн байцаалтад амь хохирогчийн тэтгэврийн зээл 2.500.000 төгрөг, оршуулгын зардал 5.000.000 төгрөг нэхэмжилсэн ба түүний хууль ёсны төлөөлөгч С.Г шүүх хуралдаанд шүүгдэгчээс оршуулгын зардал нэхэмжлэхгүй, харин тэтгэврийн зээл 2.500.000 төгрөг нэхэмжилж байх боловч энэ талаарх нотлох баримт хэрэгт авагдаагүй, тооцоог хийх боломжгүй тул хохирогч, түүний төлөөлөгч нар нотлох баримтаа бүрдүүлэн иргэний журмаар нэхэмжилж болохыг дурдав.
Эрүүгийн ********* дугаар хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн шүүгдэгч Э.Агийн ВС ангиллын 877741 дугаартай жолоочийн үнэмлэхийг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц Хөвсгөл аймаг дахь шүүхийн шийдвэр гүйцэтгэх албанд шилжүүлэх нь зүйтэй байна.
Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 283, 284, 286, 290, 294-299 дүгээр зүйлүүдийг удирлага болгон
ТОГТООХ нь:
1 .Шүүгдэгч Э.Н-гийн А.А-г жолооч хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль тогтоомж зөрчсөний улмаас бусдын амь нас хохирсон гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2. Шүүгдэгч Э.А-г Эрүүгийн хуулийн тусгай ангийн 215 дугаар зүйлийн
215.4-д зааснаар тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 2/хоёр/ жилийн хугацаагаар хасч, 5/тав / жил 1/ нэг / сарын хугацаагаар хорих ялаар шийтгэсүгэй.
3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 52 дугаар зүйлийн 52.10-д заасныг журамлан 52.5-д зааснаар шүүгдэгч Э.А-д оногдуулсан 5/тав / жил 1/ нэг / сарын хугацаагаар хорих ялыг жирийн дэглэмтэй хорих ангид эдлүүлсүгэй.
4. Эрүүгийн хуулийн 88 дугаар зүйлийн 88.1.2-д зааснаар шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болмогц эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн ВС ангилалын 877741 дугаартай жолоочийн үнэмлэхийг Хөвсгөл аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх албанд шилжүүлэхийг шүүгчийн туслах Б.Мөнхзоригт тус тус даалгасугай.
5. Эрүүгийн ********** дугаар хэрэгт битүүмжилсэн эд хөрөнгөгүй, шүүгдэгч нь цагдан хоригдоогүй, бусдад төлөх төлбөргүй болохыг тус тус дурдсугай.
6. Шийтгэх тогтоол танилцуулан сонсгомогц хүчинтэй болох ба давж заалдах, гомдол, эсэргүүцэл гаргасан тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Э.А-д урьд авсан таслан сэргийлэх арга хэмжээг өөрчилж, цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг авсугай.
7 . Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 303 дугаар зүйлийн 303.1, 304 дүгээр зүйлийн 304.1-д зааснаар шийтгэх тогтоолыг гардуулснаас хойш 14 хоногийн дотор давж заалдах шатны шүүхэд ялтан, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч, хууль ёсны төлөөлөгч давж заалдах, гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ М.ЭРДЭНЭ-ОЧИР
ШҮҮГЧИД Н.НЯМСҮРЭН
Н.АРИУНЖАРГАЛ