Өмнөговь аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2020 оны 10 сарын 14 өдөр

Дугаар 68

 

Д.Б, С.Ө нарт

холбогдох  эрүүгийн хэргийн тухай

Өмнөговь аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн эрүүгийн шүүх хуралдааныг шүүгч Н.Насанжаргал даргалж, шүүгч Х.Гэрэлмаа, шүүгч Т.Бямбажав нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн хуралдаанд

Прокурор: Б.Амармөрөн /онлайнаар/,

Нарийн бичгийн дарга: О.Очмаа нар оролцов.

Өмнөговь аймгийн Ханбогд сум дахь Сум дундын шүүхийн 2020 оны 08 дугаар сарын 26-ны  өдрийн 2020/ШЦТ/130 дугаар шийтгэх тогтоолтой, шүүгдэгч Д.Б, С.Ө нарт холбогдох, 2029000000035 дугаартай эрүүгийн хэргийг прокурорын эсэргүүцлийг үндэслэн 2020 оны 10 дугаар сарын 01-ний өдөр хүлээн авч, шүүгч Х.Гэрэлмаагийн танилцуулснаар хянан хэлэлцэв.  

Монгол Улсын иргэн, ам бүл 3, эхнэр, хүүхдийн хамт оршин суух хаягтай, улсаас авсан гавьяа шагналгүй, урьд 2018 онд Өмнөговь аймгийн Ханбогд сум дахь сум дундын шүүхээс Эрүүгийн хуулийн 17.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар хорих ял оногдуулахгүйгээр 1 жилийн хугацаагаар тэнсэж, зан үйлээ засах, хөдөлмөрлөх дадал олгох сургалтад хамрагдахыг даалгаж байсан,

Монгол Улсын иргэн, ам бүл 3, эхнэр, хүүхдийн хамт оршин суух хаягтай, улсаас авсан гавьяа шагналгүй, урьд 2014 онд Сум дундын 27 дугаар шүүхээс Эрүүгийн хуулийн 145 дугаар зүйлийн 145.2 дахь хэсэгт зааснаар эд хөрөнгө хураахгүйгээр 2 жил 1 сарын хугацаагаар хорих ял оногдуулж, хорих ялыг 1 жилийн хугацаагаар хянан харгалзаж байсан,

 Шүүгдэгч Д.Б, С.Ө нар нь бүлэглэн 2020 оны 02 дугаар сарын 09-нөөс 10-нд шилжих шөнө Өмнөговь аймгийн Х сумын Х багийн нутаг гэх газарт үйл ажиллагаа явуулж буй “Энгүүн Болор Хуяг" ХХК-ийн авто зогсоолоос “И” ХХК-ийн эзэмшлийн УЧ дугаарын чиргүүлтэй, ӨМҮ улсын дугаартай Нордбенз маркийн тээврийн хэрэгслийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар хууль бусаар авсан гэмт хэрэгт холбогджээ.

Өмнөговь аймгийн Ханбогд сум дахь Сум дундын Прокурорын газрын хяналтын прокурор Б.Амармөрөн нь шүүгдэгч Д.Б, С.Ө нарын үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт  үйлдэж, хэргийг анхан шатны шүүхэд шилжүүлжээ.

Өмнөговь аймгийн Ханбогд сум дахь сум дундын шүүх: Шүүгдэгч С.Ө, Д.Б нарыг бүлэглэн, бусдын итгэмжлэн хариуцуулсан эд зүйлийг завших гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Д.Б, С.Ө нарыг тус бүрд хорих ял оногдуулахгүйгээр 2 жилийн хугацаагаар тэнсэж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Д.Б, С.Ө нарын цагдан хоригдсон 104 хоногийг ял эдэлсэн хугацаанд нь оруулан тооцож, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай 36.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар хохирол төлбөр болох 1755000 төгрөгөөс хохирогч 1500000 төгрөг авсан гомдол санал, нэхэмжлэх зүйлгүй гэх тул 255 000 төгрөгийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэжээ.

Прокурор Б.Амармөрөн давж заалдах шатны шүүхэд ирүүлсэн эсэргүүцэлдээ: “....Шүүгдэгч Д.Б, С.Ө нар нь бүлэглэн, 2020 оны 02 дугаар сарын 09-нөөс 10-нд шилжих шөнө Өмнөговь аймгийн Ханбогд сумын Хайрхан багийн нутаг “Цагаанхад” гэх газарт үйл ажиллагаа явуулж буй “Энгүүн Болор Хуяг” ХХК- ийн авто зогсоолоос “Их Хурд Хүч” ХХК-ийн эзэмшлийн 11-52 УЧ дугаарын чиргүүлтэй, 91-07 ӨМҮ улсын дугаартай Нордбенз маркийн тээврийн хэрэгслийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авсан үйлдэл нь тогтоогдсон. Шүүх хэргийг хянан хэлэлцэж шийдвэрлэхдээ Эрүүгийн хуулийг буруу хэрэглэж, хууль зүйн үндэслэлгүй дүгнэлт хийсэн, шүүхийн шийтгэх тогтоол нь хэлбэр, бүтцийн хувьд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.6, 36.7, 36.8 дугаар зүйлүүдэд заасан шаардлагуудыг хангаж гараагүй байна. Тухайлбал:

Прокуророос уг хэрэгт Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан, мөн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдсэн. Гэтэл шүүх хуралдаанаар хянан хэлэлцэх хэргийн талаар шийтгэх тогтоолын “Удиртгал” хэсэгт бичихдээ прокуророос яллах дүгнэлт үйлдсэн хэргийн зүйлчлэлийн дагуу бичээгүй, өөрөөр хэлбэл Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн журамласан заалт болох “3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэг”-ийг орхигдуулж бичсэн.

Шийтгэх тогтоолын Тодорхойлох” хэсэгт шүүх дүгнэж бичихдээ: “Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийг журамлан, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийн шинжийг бүрэн хангаж байх тул прокуророос яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хэргийн зүйлчлэлийн хувьд тохирчээ” гэж дүгнэсэн атлаа уг дүгнэлтийн дараа “....гэм буруутайд тооцож, түүнд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар эрүүгийн хариуцлага хүлээлгэх хууль зүйн үндэслэлтэй байна” гэж, өөр хоорондоо зөрчилдсөн дүгнэлт хийсэн.

Эрүүгийн хариуцлага хүлээлгэх хууль зүйн үндэслэлийн талаар дүгнэж бичихдээ ерөнхий ангийн зүйл, заалтыг орхигдуулж дүгнэсэн.

Шүүхээс хэргийн зүйлчлэлийг өөрчлөөгүй атлаа тогтоолын “Тогтоох” хэсгийн гэм буруутайд тооцсон хэсэгт шүүгдэгчид холбогдуулан, прокурорын яллах дүгнэлт үйлдсэн гэмт хэргээс өөр Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.4 дүгээр зүйлд заасан “Хөрөнгө завших” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсон нь ойлгомжгүй.

Шүүх нь шүүгдэгч нарт Эрүүгийн хуулийн тухайн зүйл, хэсэгт заасан хорих ялыг оногдуулахгүйгээр тэнсэж шийдвэрлэсэн атлаа цагдан хоригдсон хоногийг “ял эдэлсэн хугацаанд оруулан тооцохоор” шийдвэрлэж, хууль буруу хэрэглэсэн байна.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасан “Шүүхийн шийдвэр нь тодорхой, ойлгомжтой, түүнийг биелүүлэхэд ямар нэгэн эргэлзээ төрүүлэхгүй байхаар бичигдсэн байна” гэж заасныг ноцтой зөрчсөн бөгөөд шүүхийн шийтгэх тогтоол хууль ёсны үндэслэлтэй болж чадаагүй, шүүхээс гэм буруутайд тооцсон гэмт хэргээс өөр гэмт хэрэгт эрүүгийн хариуцлага хүлээлгэж, Эрүүгийн хууль буруу хэрэглэсэн гэж үзэх үндэслэл болж байна.

Иймд Өмнөговь аймгийн Ханбогд сум дахь Сум дундын шүүхийн 2020 оны 08 дугаар сарын 26-ны өдрийн 2020/ШЦТ/130 дугаартай шийтгэх тогтоолыг бүхэлд нь хүчингүй болгож өгнө үү” гэжээ.

Прокурор Б.Амармөрөн давж заалдах шатны шүүх хуралдаанд гаргасан тайлбар, дүгнэлтдээ: “Анхан шатны шүүхийн шийтгэх тогтоол Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.6, 36.7, 36.8 дугаар зүйлүүдэд заасан хуулийн заалтыг буруу хэрэглэсэн гэж үзэж байгаа. Үүнд шийтгэх тогтоолын удиртгал, тодорхойлох, тогтоох хэсгүүдэд Б, Ө нарт холбогдсон хэрэгт Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.7 дугаар зүйлийг хэрэглэснийг орхигдуулан бичсэн нь хууль зүйн үндэслэлгүй байна. Мөн шүүгдэгч нарын нийт цагдан хоригдсон нэг зуун дөрвөн хоногийг ял эдлэх хугацаанд оруулан тооцно гэж үзэн хуулийг буруу хэрэглэсэн байна. Анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг хүчингүй болгож өгнө үү” гэв.

ТОДОРХОЙЛОХ нь:

Давж заалдах шатны шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 1, 3 дахь хэсэгт зааснаар Өмнөговь аймгийн Ханбогд сум дахь сум дундын Прокурорын газрын хяналтын прокурор Б.Амармөрөнгийн 2020 оны 09 дүгээр сарын 14-ний өдөр бичсэн эсэргүүцэлд дурдсан асуудлуудаар хязгаарлахгүйгээр хэргийн бүх ажиллагаа, шийдвэрийг бүхэлд нь хянаж шийдвэрлэлээ.

Хэргийн бүх ажиллагааг хянахад Өмнөговь аймгийн Ханбогд сум дахь сум дундын Прокурорын газрын хяналтын прокурор Б.Амармөрөнгийн 2020 оны 08 дугаар сарын 25-ны өдрийн 5/56а дугаартай яллах дүгнэлтдээ чиргүүлтэй норд бенз машины хохирлыг орхигдуулан бичсэнийг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 32.10 дугаар зүйлийн 3 дахь хэсгийн 3.2, мөн хуулийн зүйл хэсгийн 5 дахь хэсгийн 5.3 дахь заалтуудыг прокурор зөрчсөн байна.

Шүүхийн шийдвэрийг бүхэлд нь хянахад шийтгэх тогтоолын “удиртгал” хэсэгт прокуророос яллах дүгнэлт үйлдсэн хэргийн зүйлчлэлийг бичихдээ Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийг журамласан заалтыг орхигдуулж, шийтгэх тогтоолын “тодорхойлох” хэсэгт “Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийг журамлан, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийн шинжийг бүрэн хангаж байх тул прокуророос яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хэргийн зүйлчлэлийн хувьд тохирчээ” гэж дүгнээд шүүгдэгч нарт эрүүгийн хариуцлага хүлээлгэх хууль зүйн дүгнэлтдээ Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийг журамлаагүй, “тогтоох” хэсгийн гэм буруутайд тооцсон хэсэгт шүүгдэгч нарыг прокурорын яллах дүгнэлт үйлдээгүй, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.4 дүгээр зүйлд заасан “Хөрөнгө завших” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсон, шүүгдэгч нарт Эрүүгийн хуулийн тухайн зүйл, хэсэгт заасан хорих ялыг оногдуулахгүйгээр тэнсэж шийдвэрлэсэн атлаа цагдан хоригдсон хоногийг “ял эдэлсэн хугацаанд оруулан тооцохоор” шийдвэрлэх зэргээр Эрүүгийн хуулийг буруу хэрэглэсэн байна.

Анхан шатны шүүхийн шийдвэр нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасан “Шүүхийн шийдвэр нь тодорхой, ойлгомжтой, түүнийг биелүүлэхэд ямар нэгэн эргэлзээ төрүүлэхгүй байхаар бичигдсэн байна” гэж заасан шаардлагыг хангаагүй Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчжээ.

Иймд хяналтын прокурорын эсэргүүцлийг хүлээн авч, Өмнөговь аймгийн Ханбогд сум дахь Сум дундын шүүхийн 2020 оны 08 дугаар сарын 26-ны өдрийн 2020/ШЦТ/130 дугаартай шийтгэх тогтоолыг бүхэлд нь хүчингүй болгож, хэргийг дахин хэлэлцүүлэхээр анхан шатны шүүхэд буцаах нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2, 1.3, 39.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.3, 39.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.3, Шүүхийн тухай хуулийн 31 дүгээр зүйлийн 31.3.2 дахь хэсэгт заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Өмнөговь аймгийн Ханбогд сум дахь сум дундын шүүхийн 2020 оны 08 дугаар сарын 26-ны өдрийн 2020/ШЦТ/130 дугаар шийтгэх тогтоолыг бүхэлд нь хүчингүй болгосугай.

2. Шүүгдэгч  Д.Б, С.Ө нарт холбогдох 2029000000035 дугаартай эрүүгийн хэргийг Өмнөговь аймгийн Ханбогд сум дахь сум дундын шүүхэд буцаасугай.

3. Хэргийг сум дундын шүүхэд очтол шүүгдэгч Д.Б, С.Ө нарт урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

4. Гомдол, эсэргүүцэл гаргах эрх бүхий этгээд нь давж заалдах шатны шүүх хэргийг хянан шийдвэрлэхдээ Эрүүгийн хуулийг буруу хэрэглэсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, эсхүл нөлөөлж болохуйц нөхцөл байдал тогтоогдсон гэж үзвэл давж заалдах шатны шүүхийн шийдвэрийг гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар Улсын дээд шүүхэд гомдол, эсэргүүцэл гаргаж болохыг мэдэгдсүгэй.

 

 

                         ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                       Н.НАСАНЖАРГАЛ

                                          ШҮҮГЧИД                                         Х.ГЭРЭЛМАА

                                                                                                   Т.БЯМБАЖАВ