Дархан-Уул аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол

2024 оны 09 сарын 03 өдөр

Дугаар 2024/ШЦТ/391

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС Хэргийн индекс: 166/2024/0386/Э

Дархан-Уул аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Б.Гэршихбөртэ даргалж, Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Түвшинжаргал, Улсын яллагч К.Нанжинханд, Шүүгдэгчийн өмгөөлөгч Б.Чинбаатар, Шүүгдэгч ******* нарыг оролцуулан тус шүүхийн танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар Дархан-Уул аймгийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 23.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-т заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн ******* овогт ******* ******* холбогдох эрүүгийн 2418000000515 дугаартай хэргийг 2024 оны 08 дугаар сарын 29-ний өдөр хүлээн авч, хянан хэлэлцлээ.

Шүүгдэгчийн биеийн байцаалт: Монгол улсын иргэн, 1987 оны 10 дугаар сарын 21-ний өдөр Өмнөговь аймгийн Даланзадгад суманд төрсөн, 37 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, үсчин мэргэжилтэй, Мерси салонд үсчин ажилтай, ам бүл 5, эхнэр, хүүхдүүдийн Дархан-Уул аймгийн Дархан сумын *******од оршин суудаг, урьд Өмнөговь аймгийн Ханбогд сум дахь Сум дундын шүүхийн 2016 оны 04 дүгээр сарын 14-ний өдрийн 19 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 215 дугаар зүйлийн 215.3 дахь хэсэгт зааснаар тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 3 жилийн хугацаагаар хасаж, 3 жил 6 сарын хорих ял оногдуулан 2 жилийн хугацаагаар тэнсэж хянан харгалзсан, ******* овогт ******* ******* (*******) Холбогдсон хэргийн талаар: Шүүгдэгч ******* нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 23.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-т заасан “хууль сахиулагчийг эсэргүүцэх” гэмт хэрэгт холбогджээ.

ТОДОРХОЙЛОХ нь: Гэм буруугийн талаар: Шүүгдэгч ******* нь “Дархан-Уул аймгийн Дархан сумын 10 дугаар баг 1В байрны 21 тоотод агсам тавиад байна” гэх дуудлагын дагуу очсон Дархан-Уул аймгийн Цагдаагийн газрын Нийтийн хэв журам, олон нийтийн аюулгүй байдлыг хангах тасгийн хэсгийн байцаагч, цагдаагийн ахмад*******, олон нийтийн цагдаа ******* нарын албан үүргээ биелүүлэхтэй нь холбогдуулан хутга, заазуур, автирка зэрэг зэвсгийн чанартай зүйлийг ашиглан "гэрээс гар, ална шүү” хэмээн хүч хэрэглэхээр заналхийлж эсэргүүцсэн болох нь: Гэмт хэргийн талаарх гомдол мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл /хх-ийн 5 дугаар тал/, Цагдаагийн албан хаагчийн энгэрийн камерын дүрс бичлэгт үзлэг хийсэн тэмдэглэл /хх-ийн 11 дүгээр тал/, Эд зүйлд үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд /хх-ийн 8-10 дугаар тал/, хохирогч*******гийн мэдүүлэг/хх-ийн 17-18, 20 дугаар тал/, хохирогч *******ийн мэдүүлэг /хх-ийн 23-24, 26 дугаар тал/, насанд хүрээгүй гэрч мэдүүлэг/хх-ийн 29 дүгээр тал/, камерын дүрс бичлэг болон хэрэгт авагдсан бусад нотлох баримтуудаар тогтоогдож байна. Хэрэгт авагдсан дээрх нотлох баримтуудыг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж бэхжүүлсэн байх бөгөөд эдгээр нь энэ хэрэгт хамааралтай, хэргийг эцэслэн шийдвэрлэхэд хүрэлцээтэй байна гэж дүгнэлээ. Нотлох баримтуудаар тогтоогдсон хэргийн нөхцөл байдал нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 23.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-т заасан гэмт хэргийн шинжийг бүрэн хангасан байна. Шүүгдэгч ******* нь шүүх хуралдаанд хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэх хүсэлтийг сайн дураар гаргаснаа илэрхийлж байх ба түүнд эрүү шүүлт тулгах, хүнлэг бус хэрцгий харьцах, хуурч мэхлэх зэрэг аргаар хууль бусаар хэрэг хүлээлгэсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нөхцөл байдал тогтоогдоогүй болно. Хохирол, иргэний нэхэмжлэлийн талаар: Хохирогч*******, ******* нар нь хохирол төлбөр нэхэмжлээгүй, гомдол саналгүй байх тул шүүгдэгч ******* нь бусдад төлөх төлбөргүй байна. Эрүүгийн хариуцлагын талаар: Прокурорын санал болгож, шүүгдэгчийн хүлээн зөвшөөрсөн “6,000 нэгж буюу 6,000,000 төгрөгөөр торгох ял оногдуулах” санал нь Эрүүгийн хуульд нийцсэн бөгөөд шүүгдэгч тухайн эрүүгийн хариуцлагын хууль зүйн үр дагаврыг ухамсарлан ойлгосон байх тул Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар прокурорын саналыг баталж, шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэх хууль зүйн үндэслэлтэй байна. Иймд шүүгдэгч ******* нь Эрүүгийн хуулийн тусгай 23.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-т зааснаар 6,000 нэгж буюу 6,000,000 төгрөгөөр торгох ял оногдуулах, оногдуулсан ялыг 30 сарын хугацаанд сар бүр 200,000 төгрөгөөр тооцон хэсэгчлэн төлүүлэх нь зүйтэй гэж шүүх дүгнэв. Шүүгдэгч нь энэ хэрэгт цагдан хоригдсон хоноггүй, хэрэгт хураасан болон битүүмжилсэн эд хөрөнгөгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй бөгөөд эд мөрийн баримтаар хураагдан ирсэн бичлэг бүхий 1 ширхэг сиди-г хэрэгт хавсаргаж, ногоон өнгийн бариултай заазуур 1 ширхэг, бор өнгийн бариултай заазуур 1 ширхэг, хар өнгийн бариултай хутга 1 ширхэг, шар өнгийн бариултай хутга 1 ширхэг, хар өнгийн бариултай автирка 1 ширхэг зэргийг тус тус шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол болмогц устгаж, шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч *******д урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлэхээр шийдвэрлэв. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4, 36.2, 36.3, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлүүдэд заасныг тус тус удирдлага болгон

ТОГТООХ нь: 1 . Шүүгдэгч ******* овогт ******* *******г Эрүүгийн хуулийн тусгай ангийн 23.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-т заасан “тусгайлан бэлтгэсэн зэвсгийн чанартай зүйл хэрэглэж, хууль сахиулагчийг эсэргүүцэх” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай. 2. Шүүгдэгч *******д Эрүүгийн хуулийн тусгай ангийн 23.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-т зааснаар 6,000 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 6,000,000 төгрөгөөр торгох ял шийтгэсүгэй. 3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4, 5 дахь хэсэгт тус тус зааснаар шүүгдэгч *******д оногдуулсан торгох ялыг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болсноос хойш 30 сарын хугацаанд сар бүр 200,000 төгрөгөөр тооцон хэсэгчлэн төлж барагдуулахыг үүрэг болгож, шүүхээс тогтоосон хугацаанд уг ялыг биелүүлээгүй бол биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг шүүгдэгчид анхааруулсугай. 4. Шүүгдэгч нь энэ хэрэгт цагдан хоригдсон хоноггүй, хэрэгт хураасан болон битүүмжилсэн эд хөрөнгөгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй бөгөөд эд мөрийн баримтаар хураагдан ирсэн бичлэг бүхий 1 ширхэг сиди-г хэрэгт хавсаргаж, ногоон өнгийн бариултай заазуур 1 ширхэг, бор өнгийн бариултай заазуур 1 ширхэг, хар өнгийн бариултай хутга 1 ширхэг, шар өнгийн бариултай хутга 1 ширхэг, хар өнгийн бариултай автирка 1 ширхэг зэргийг тус тус шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол болмогц устгасугай. 5. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч *******д урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй. 6. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 7 дахь хэсэгт зааснаар талууд, оролцогч гагцхүү Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн үндэслэлээр тогтоолыг гардуулсан буюу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор ДарханУул аймгийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай. 7. Шийтгэх тогтоолд гомдол, эсэргүүцэл гарсан тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шүүгдэгч *******д авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Б.ГЭРШИХБӨРТЭ