Завхан аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2021 оны 09 сарын 28 өдөр

Дугаар 140/ШШ2021/00355

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

Завхан аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Т.Балжинням даргалж, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Г.*******, нэхэмжлэгч байгуулагын төлөөлөгч Л.******* нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй явуулж, ******* ХХК-ний нэхэмжлэлтэй Завхан аймгийн ******* сумын *******ын *******д холбогдох сурагчийн дүрэмт хувцасны үнэ 1,095,500 төгрөг гаргуулахыг хүссэн тухай иргэний хэргийг хянан хэлэлцээд ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч: ******* ХХК шүүхэд гаргасан нэхэмжлэлийн шаардлагадаа: ******* ХХК болон ******* сумын ******* сургуулийн хооронд 2014 оны 01 дүгээр сарын 15-ны өдөр 14/04 тоот Ажил гүйцэтгэх гэрээ байгуулагдан хамтран ажилласан юм. Тус компаний зүгээс сурагчдын дүрэмт хувцасыг батлагдсан жишиг загвар, стандартын дагуу үйлдвэрлэж, гэрээнд заасан хугацаанд нь захиалгын дагуу тус сургуульд 7,949,600 төгрөгийн үнэ бүхий 392 ширхэг дүрэмт хувцас нийлүүлсэн.

Тус сургууль нь 2014, 2015, 2018 онд барааны үнэ 6,854,100 төгрөгийг төлсөн боловч үлдэгдэл мөнгийг өгөхгүй гэрээнд заасан үүргээ зөрчиж байна.

Иймд барааны үлдэгдэл үнэ болох 1095500 төгрөгийг гаргуулж өгөхийг хүсч байна. Жич: 2017.05.04-ний өдөр барааны үлдэгдэл 2178630, хохирол 1089315 нийт 3267945 төгрөгийг нэхэмжилж байсан гэжээ.

Хариуцагч Завхан аймгийн ******* сумын *******ын ******* шүүхэд ирүүлсэн хариу тайлбартаа: ******* ХХК-ний ******* Л.*******ийн ******* сумын *******ын ******* сургуультай холбоотой гаргасан нэхэмжлэлд дараах тайлбарыг гарагж байна. Гэрээ байгуулж хувцас нийлүүлсэн боловч размер таарахгүй шалтгаанаар хувцас зарагдахгүй үлдэгдэл гарсан. Зарагдсан хувцасны санхүүгийн тооцоог тухайн үед бүрэн хийж дуусгасан бөгөөд үлдэгдэл хувцасыг буцаан өгсөн. Зарагдсан хувцасны тооцоог шилжүүлсэн баримтаар ******* Л.*******тэй 2017 онд хийж дуусган үлдэгдэл хувцасыг буцааж өгсөн. Иймд нэхэмжлэлийг үндэслэлгүй гэж үзэж байна гэжээ.

Нэхэмжлэгч байгууллагын төлөөлөгч Л.******* шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: 2013 онд Засгийн газрын 250 дугаар тогтоолын дагуу ******* ХХК Завхан аймгийн бүх ерөнхий боловсролын сургуулиудыг дүрэмт хувцсаар хангах үүрэг авч ажилласан. Дүрэмт хувцас нийлүүлэх хуваарийн дагуу утас үйлдвэрлэх компаниудаар утсыг нь үйлдвэрлүүлээд, үнэ, загвар гээд Засгийн газраас тогтоож өгсөн загварын дагуу бүх дүрэмт хувцсыг үйлдвэрлэж Завхан аймгийн ерөнхий боловсролын сургуулиудад захилгын дагуу дүрэмт хувцас нийлүүлсэн. 2014 оны 01 сарын 15-ны өдөр Завхан аймгийн ******* сумын *******ын ******* сургуулийн ******* ******* өөрийн биеэр 497 ширхэг сурагчийн хувцас захиалж гэрээний дагуу 497 ширхэг сурагчийн дүрэмт хувцсыг хүлээж авсан. Улмаар 2014 оны 01 сарын 16-ны өдөр зарим барааг буцааж, бид тулгаж тооцоо нийлсэн. Үүнд Кардиган 107 ширхэг, майк хар хөх 45 ширхэг, майк саарал 190 ширхэг, майк саарал 50 ширхэг нийт 392 ширхэг 7,949,600 төгрөгийн үнэ бүхий бараа авсан. Дээрх барааг миний бие өөрийн биеэр менежерийн хамтаар хүргэж өгч ******* сургуулийн ******* Д.*******д хүлээлгэн өгч тамга тэмдэг, гарын үсгээр баталгаажуулсан. Үүнээс хойш төлбөрийн тооцоогоо хийж дуусга гэж ******* Д.*******тэй олон жил маш олон удаа утсаар ярьж шаардаж байсан ба хэрвээ үлдэгдэл байвал газрын дээр сургуулиуд үлдэгдэлээ тушааж байна тэнд аваачаад тушаачих гэж олон удаа утсаар хэлсэн боловч тушаагаагүй 2 сар ******* хүлээж бараагаа татахгүй байж байгаад татсан. Тэгээд за танд үлдэгдэл байхгүй юм байна гэж ойлгогдож байна мөнгөө шилжүүл гэж шаардсан боловч сүүлдээ утсаа ч авахаас байсан.

Харин 2018 оны 5 сард өөрөө залгаад би найзаараа СДХ майк явуулсан та хүлээгээд аваарай гэж ******* өөрөө ярьсан. 2018 оны 05-р сарын 18-нд хотод амьдардаг гэдэг хүнээр 79 ширхэг 1,880,670 төгрөгийн бараа явуулсныг бид хүнийх нь дэргэд ангилж тоолж аваад падан бичиж гарын үсэг зуруулж паданы 1%-ийг нь тэр хүнд өгсөн. Ингээд анх гэрээгээр авсан 7,949,600 төгрөгийн бараанаас 4,973,430 төгрөгийг төлж, үлдэгдэл 2,976,170 төгрөгийн бараанаас 1,880,670 төгрөгийн барааг буцааж, одоо үлдэгдэл 1,095,500 төгрөгийг хариуцагчаас гаргаж компанийг хохиролгүй болгож өгнө үү гэв.

Хэрэгт цугларсан нотлох баримтуудыг шинжлэн судлаад ҮНДЭСЛЭХ нь:

Нэхэмжлэгч ******* ХХК нь Завхан аймгийн ******* сумын *******ын 4 дүгээр *******ын 4 дүгээр холбогдуулан сурагчийн дүрэмт хувцасны үнэ 1,095,500 төгрөгийг гаргуулахаар шаарджээ.

Шүүх дараах үндэслэлээр нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэх үндэслэлтэй гэж дүгнэв.  

******* ХХК, Завхан аймгийн ******* сумын *******ын *******тай 2014 оны 01 дүгээр сарын 15-ны өдөр 14/04 тоот Ажил гүйцэтгэх гэрээ байгуулж, уг гэрээний дагуу хариуцагч нэхэмжлэгчээс нэг бүр нь 26400 төгрөгийн үнэ бүхий нийт 107 ширхэг кардиган буюу сурагчийн дүрэмт хувцас, мөн нэг бүр нь 15180 төгрөгийн үнэ бүхий 45 ширхэг бага ангийн майк, нэг бүр нь 17930 төгрөгийн үнэ бүхий 190 ширхэг дунд ангийн майк, нэг бүр нь 20700 төгрөгийн үнэ бүхий 50 ширхэг ахлах ангийн майк зэргийг авч нийт 392 ширхэг сурагчийн дүрэмт хувцасны үнэ 7,949,600 төгрөгөөр худалдан борлуулагдсан болох нь хэрэгт авагдсан гэрээ, талуудын тайлбар зэрэг баримтуудаар тогтоогджээ.

Түүнчлэн зохигчдын дунд ажил гүйцэтгэх гэрээний бус, харин даалгаврын гэрээний харилцаа үүссэн байна гэж үзэх үндэстэй. Учир нь хариуцагч тал нэхэмжлэгчээс бараа бүтээгдэхүүнийг өөрийн өмлчлөлд шилжүүлэн аваагүй, харин нэхэмжлэгчийн эд зүйлийг тус сургуулийн сурагчдаар дамжуулан худалдахад туслалцаа үзүүлсэн байна.

Нэхэмжлэгчээс хариуцагчид шилжүүлэн өгсөн нэг бүр нь 17930 төгрөгийн үнэ бүхий 3 ширхэг саарал майк, нэг бүр нь 26400 төгрөгийн үнэ бүхий 60 ширхэг кардиган, мөн нэг бүр нь 15180 төгрөгийн үнэ бүхий 16 ширхэг хар хөх майк зэргийг буцаан авч, нэг бүр нь 20700 төгрөгийн үнэ бүхий 50 ширхэг саарал майк, нэг бүр нь 26400 төгрөгийн үнэ бүхий 47 ширхэг кардиган, нэг бүр нь 17930 төгрөгийн үнэ бүхий 187 ширхэг саарал майк, нэг бүр нь 15180 төгрөгийн үнэ бүхий 29 ширхэг хар хөх майк, нийт 6,068,930 төгрөгөөр худалдан борлуулсан нь хэрэгт авагдсан зарлагын баримтаар тогтоогдсон тул хариуцагч 1,095,500 төгрөгийг өгөх үүрэгтэй. Талууд уг 1,095,500 төгрөгийг нэхэмжлэгчид өгөх талаар маргаагүй, харин 2014 оны 01 дүгээр сарын 15-ны өдөр 14/01 тоот Ажил гүйцэтгэх гэрээ байгуулж, уг гэрээний дагуу нийт 313 ширхэг сурагчийн дүрэмт хувцасны үнэ 6,068,930 төгрөгөөр худалдан борлуулагдсан төлбөрийн үлдэгдэл 1,095,500 төгрөгийг нэхэмжлэгчид бодитоор шилжүүлж өгөх үүргээ хариуцагч биелүүлсэн эсэх асуудлаар маргаантай байна.

Даалгавар гүйцэтгэгч нь даалгавар өгөгчийн шаардлагаар гүйцэтгэж байгаа ажлын явцын талаар мэдээлэх, даалгавар гүйцэтгэхтэй холбогдуулан хүлээж авсан бүх зүйлийг даалгавар өгөгчид нэн даруй шилжүүлэх үүрэгтэй бөгөөд уг үүргийг харилцан тооцсон гэх нөхцөл байдал хэргийн баримтаар тогтоогдоогүй тул хариуцагч Завхан аймгийн ******* сумын *******ын 4 дүгээр сургуулиас 1,095,500 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгчид олгох нь зүйтэй байна гэж үзлээ.

Хэдийгээр хариуцагч байгууллага ...Гэрээ байгуулж хувцас нийлүүлсэн боловч размер таарахгүй шалтгаанаар хувцас зарагдахгүй үлдэгдэл гарсан. Зарагдсан хувцасны санхүүгийн тооцоог тухайн үед бүрэн хийж дуусгасан бөгөөд үлдэгдэл хувцасыг буцаан өгсөн. Зарагдсан хувцасны тооцоог шилжүүлсэн баримтаар ******* Л.*******тэй 2017 онд хийж дуусган үлдэгдэл хувцасыг буцааж өгсөн. Иймд нэхэмжлэлийг үндэслэлгүй гэж үзэж байна... гэж маргаж байгаа боловч энэ талаар нотлох баримтаар нотлоогүй байна.

Иргэний хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 6 дугаар зүйлийн 6.1, 6.6-д зааснаар хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа талуудын мэтгэлцээний үндсэн дээр хэрэгжиж, нэхэмжлэлийн шаардлагын талаарх тайлбарыг гагцхүү зохигч талууд гаргадаг бөгөөд зохигчдын тайлбар өөрөө нотлох баримт болох хэдий ч нэг талын гаргасан тайлбарыг нөгөө тал үгүйсгэж байгаа тохиолдолд Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.2, 38 дугаар зүйлийн 38.1, 107 дугаар зүйлийн 107.2, 107.3-т зааснаар ...нэхэмжлэлийн үндэслэл, шаардлагаа, хариуцагч татгалзлаа нотлосон баримтаа шүүхэд өөрөө гаргаж өгөх, цуглуулах үүрэгтэй болно.

Хэргийг хянан шийдвэрлэх шүүх хуралдааны товыг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 77 дугаар зүйлийн 77.1-д заасны дагуу хариуцагч байгууллагын итгэмжлэгдсэн төлөөлөгчид мэдэгдсэн болох нь хэрэгт авагдсан шүүх хуралдааны тов мэдэгдсэн баримтаар нотлогдож байна.

Хариуцагч байгууллагын итгэмжлэгдсэн төлөөлөгч С. нь шүүх хуралдаанд хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр ирээгүй бөгөөд, ямар нэгэн хүндэтгэн үзэх шалтгаан нөхцөл тогтоогдоогүй тул хэрэгт авагдсан тайлбар болон бусад баримт нотолгоог үндэслэн хэргийг хянан шийдвэрлэсэн болохыг дурдах нь зүйтэй.

Улсын тэмдэгтийн хураамжийн тухайд нэхэмжлэгчийн нэхэмжлэл гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 30000 төгрөгийг улсан орологод хэвээр үлдээж, хариуцагчаас нэхэмжлэлийн шаардлагыг хангасан тул 30000 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгчид олгохоор шийдвэрлэв.

МОНГОЛ УЛСЫН ИРГЭНИЙ ХЭРЭГ ШҮҮХЭД ХЯНАН ШИЙДВЭРЛЭХ ТУХАЙ 115 ДУГААР ЗҮЙЛИЙН 115.2.1, 116, 118 ДУГААР ЗҮЙЛҮҮДИЙГ УДИРДЛАГА БОЛГОН ТОГТООХ НЬ:

1. Монгол улсын Иргэний хуулийн 400 дүгээр зүйлийн 400.3 дэхь хэсэгт заасныг баримтлан Завхан аймгийн ******* сумын *******ын 4 дүгээр сургуулиас 1,095,500 /нэг сая ерэн таван мянга таван зуу/ төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч ******* ХХКомпанид олгосугай.

2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1, Монгол Улсын Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1 дэх хэсгүүдэд зааснаар нэхэмжлэгч ХХКомпаниас улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 30000 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч Завхан аймгийн ******* сумын *******ын 4 дүгээр сургуулиас 30000 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгчид олгосугай.

3. Шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болно.

4. Зохигч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч нар шийдвэрийг эс зөвшөөрвөл шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Завхан аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Т.БАЛЖИННЯМ