Улсын дээд шүүхийн Шүүх хуралдааны тогтоол

2025 оны 09 сарын 30 өдөр

Дугаар 001/ХТ2025/00141

 

 

Н.Ж, С.Д нарын

нэхэмжлэлтэй иргэний хэргийн тухай

Монгол Улсын дээд шүүхийн Иргэний хэргийн танхимын тэргүүн Г.Алтанчимэг даргалж, шүүгч Н.Батчимэг, Н.Баярмаа, Э.Золзаяа, Х.Эрдэнэсувд нарын бүрэлдэхүүнтэй, тус шүүхийн танхимд хийсэн хяналтын шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар,

Дархан-Уул аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн

2025 оны 01 дүгээр сарын 20-ны өдрийн 307/ШШ2025/00110 дугаар шийдвэр,

Дархан-Уул аймгийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн

2025 оны 04 дүгээр сарын 29-ний өдрийн 209/МА2025/00029 дүгээр магадлалтай,

Н.Ж, С.Д нарын нэхэмжлэлтэй

М.Д, Д.Г нарт холбогдох

“Гэрээ хэлцлийг хүчин төгөлдөр бусад тооцуулах, хүчин төгөлдөр бус хэлцлийн үр дагаврыг арилгуулах, хохирол гаргуулах” тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг

Нэхэмжлэгчийн өмгөөлөгч П.Бын хяналтын журмаар гаргасан гомдлоор шүүгч Э.Золзаяа илтгэснээр хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: нэхэмжлэгч С.Д, түүний өмгөөлөгч П.Б, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Намсрай нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч Н.Ж, С.Д нар нь хариуцагч М.Д, Д.Г нарт холбогдуулан

2020 оны 08 дугаар сарын 28-ны өдрийн компани худалдах, худалдан авах 2 гэрээ  

-2021 оны 01 дүгээр сарын 27-ны өдрийн 0121 дугаартай компанийн хувьцаа худалдах, худалдан авах гэрээ,

2022 оны 03 дугаар сарын 07-ны өдрийн 1438 дугаартай хөдлөх эд хөрөнгө худалдах, худалдан авах гэрээ,

2022 оны 01 дүгээр сарын 06-ны өдрийн хаягт байрлалтай газар худалдах, худалдан авах 0082 дугаартай гэрээ,

2022 оны 01 дүгээр сарын 06-ны өдрийн хаягт байрлалтай газрыг худалдах худалдан авах 0081 дугаартай гэрээ,

2022 оны 01 дүгээр сарын 06-ны өдрийн хаягт байрлалтай үл хөдлөх хөрөнгө худалдах худалдан авах 0083 тоот гэрээ,

2022 оны 11 дүгээр сарын 28-ны өдрийн М.Дийн гарын үсэг зурсан хэлцэл, 2022 оны 06 дугаар сарын 08-ны өдрийн “ОД” ХХК хувьцаа шилжүүлсэн хэлцэл зэргийг тус тус хүчин төгөлдөр бус хэлцэлд тооцуулах,

     -хүчин төгөлдөр бус хэлцлийн үр дагаврыг арилгуулахаар М.Дийн өмчлөлд шилжсэн хаягт байрлалтай газрыг, мөн хаягт байршилтай үл хөдлөх эд хөрөнгийг Н.Жын өмчлөлд буцаан шилжүүлэх,  62,348,400 төгрөгийн хувьцааг Н.Ж болон С.Д нарын нэр дээр буцаан шилжүүлэх, компанийн өмчлөлийн  усан халаалтын тогоо 3 ширхэг тогоо, компанийн балансад туссан байсан эзэмшлийн газар болон  16 төрлийн тоног төхөөрөмж, трактор 3 ширхэг, чиргүүл 2 ширхэг, хадуур, тармуур, анжис, борной, төмсний силк, үрлэгч, бутлагч, гурилын тээрмийн тоног төхөөрөмж, гүний худаг, усан халаалтын зуух-6 ширхгийг компанийн өмчлөлд буцаан шилжүүлэх, 

 -хохиролд 251,999,700 төгрөг гаргуулах нэхэмжлэлийг гаргажээ.

2. Дархан-Уул аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн 2025 оны 01 дүгээр сарын 20-ны өдрийн 307/ШШ2025/00110 дугаар шийдвэрээр: Иргэний хуулийн 58 дугаар зүйлийн 58.2, 58 дугаар зүйлийн 58.3.1, 58.3.2, 59 дүгээр зүйлийн 59.1 дэх хэсэгт тус тус зааснаар нэхэмжлэгч Н.Ж, С.Д нар хариуцагч М.Д, Д.Г нарт холбогдуулан Н.Ж, С.Д, М.Д нарын хооронд 2021 оны 01 дүгээр сарын 27-ны өдөр худалдах, худалдан авах /компанийн хувьцаа/ тухай 0121 дугаартай гэрээ, Н.Ж, М.Д нарын хооронд 2022 оны 03 дугаар сарын 07-ны өдрийн худалдах-худалдан авах /хөдлөх эд хөрөнгө/ 1438 дугаартай гэрээ, 2022 оны 01 дүгээр сарын 06-ны өдрийн худалдах, худалдан авах /үл хөдлөх эд хөрөнгө/ тухай 0082 дугаартай гэрээ, 2022 оны 01 дүгээр сарын 06-ны өдрийн худалдах, худалдан авах /үл хөдлөх эд хөрөнгө/ тухай 0083 дугаартай гэрээ, 2022 оны 01 дүгээр сарын 06-ны өдрийн худалдах, худалдан авах /үл хөдлөх эд хөрөнгө/ тухай 0081 дугаартай гэрээ, М.Дээс Д.Г руу “ОД” ХХК-ийн хувьцааг шилжүүлсэн 2022 оны 06 дугаар сарын 08-ны өдрийн хэлцлүүдийг хүчин төгөлдөр бусад тооцуулах, учирсан хохирол 175,000,000 төгрөг, олох ёстой байсан орлого 181,000,000 төгрөг, нийт 356,000,000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагуудыг тус тус хэрэгсэхгүй болгож, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1 дэх хэсэгт тус тус зааснаар нэхэмжлэгч Н.Ж, С.Д нарын улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 2,036,643 төгрөгийг улсын төсвийн орлогод хэвээр үлдээж шийдвэрлэсэн.

3. Дархан-Уул аймгийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2025 оны 04 дүгээр сарын 29-ний өдрийн 209/МА2025/00029 дүгээр магадлалаар: Дархан-Уул аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн шүүхийн 2025 оны 01 дүгээр сарын 20-ны өдрийн 307/ШШ2025/00110 дугаар шийдвэрийг хэвээр үлдээж, нэхэмжлэгчийн давж заалдах гомдлыг хангахгүй орхиж, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 162 дугаар зүйлийн 162.4 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгчийн давж заалдах гомдол гаргахдаа төлсөн улсын тэмдэгтийн хураамж 1,175,736 төгрөгийг Төрийн санд хэвээр үлдээж шийдвэрлэсэн.

4. Нэхэмжлэгч Н.Жын өмгөөлөгч П.Б хяналтын журмаар гаргасан гомдолдоо: Анхан шатны шүүх талуудын хооронд байгуулагдсан 8 гэрээ, түүнээс улбаалан байгуулагдсан 1 хэлцэл, нийт 9 гэрээ хэлцэл бүрд дүгнэлт хийгээгүй орхигдуулж, бүх хэлцлийг хүчин төгөлдөр хэлцэл гэж дүгнэсэн. Давж заалдах шатны шүүх хэлцэл бүрд дүгнэлт хийсэн боловч талуудын хүсэл зоригийн илэрхийллийг тодорхойлоогүйн улмаас хүчин төгөлдөр бус байх хэлцэл, хүчин төгөлдөр бус гэж тооцож болох хэлцлийн талаар зохицуулсан холбогдох заалтуудыг Улсын дээд шүүхийн тогтоолоос өөрөөр тайлбарлаж хэрэглэсэн. Нэхэмжлэгч нь 9 гэрээ, хэлцлийг хүчин төгөлдөр бус байх хэлцэл болон хүчин төгөлдөр бус хэлцэлд тооцуулах, түүний үр дагаврыг арилгуулах, хохирол гаргуулахаар нэхэмжлэлийн шаардлагыг тодорхойлсон.  

Талуудын хооронд байгуулсан гэрээ, хэлцэл, харилцан илгээсэн санал, тооцоо нийлсэн баримтуудыг нэг бүрчлэн цаг хугацааны дарааллаар нь авч үзвэл гэрээнүүдийн зорилт, талуудын хүсэл зориг, тохиролцоо, гэрээ хэлцэл нь анхнаасаа биелэгдэх боломжтой байсан эсэх, хууран мэхлэлт, ноцтой төөрөгдөл байсан эсэхэд дүгнэлт хийхэд хангалттай нотлох баримт хэрэгт цугларсан. Тухайлбал:

4.1.2020.08.28-ны өдөр гэрээ байгуулахад “ОД” ХХК-ийг төлөөлж гүйцэтгэх захирал Н.Гэрэлжаргал, М.Дийг төлөөлж түүний нагац ах Д.Ү нарын хооронд хийгдсэн гэрээ нь талуудыг төлөөлөх эрхгүй этгээдүүд гарын үсэг зурснаас гадна “ОД” ХХК-ийн 50 хувийн хувьцаа эзэмшигч С.Дын зөвшөөрлийг аваагүй тул Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.8-д заасан хүчин төгөлдөр бус хэлцэлд хамаарна. Гэхдээ анхны энэ гэрээнд компанийг 250,000,000 төгрөгөөр худалдах, 2020 оны 09 сард багтаан гэрээнд заасан төлбөрийг 1 сарын хугацаанд барагдуулах талуудын хүсэл зориг, тохиролцоо тодорхой тусгагдсан байдаг тул талуудын хооронд цаашдаа байгуулагдсан гэрээ, хэлцлүүдийг Иргэний хуулийн 198 дугаар зүйлд заасан дагуу тайлбарлахад чухал ач холбогдолтой нотлох баримт юм.  

4.2.Нэхэмжлэгч Н.Жын гарын үсэг бүхий 2020.08.28-ны өдрийн худалдах, худалдан авах гэрээнд хариуцагч М.Д гарын үсэг зураагүй боловч нэхэмжлэгч Н.Жын 250,000,000 төгрөгөөр худалдах, харин М.Д төлбөрийг 2020.09 дүгээр сард төлөх хүсэл зориг тусгагдсан байдаг.

4.3.“ОД” ХХК-ийн хувьцааг Н.Ж, С.Д нар эзэмшдэг ба 2021.01.27-ны өдрийн 0121 дугаартай Н.Ж, С.Д болон М.Д нарын хооронд хийгдсэн компанийн хувьцаа худалдах, худалдан авах гэрээний талаар талууд харилцан өөр тайлбар өгдөг. Нэхэмжлэгч талаас М.Д нь компанийн нэр дээр банкнаас зээл авч, компанийн үлдэгдэл төлбөр 230,000,000 төгрөгийг гүйцээж өгнө гэсэн тул компанийн хувьцааг улсын бүртгэлд 62,348,400 төгрөгөөр бүртгүүлсэн үнийн дүнгээр гэрээ хийсэн гэж тайлбарладаг. Нэхэмжлэгчийн тайлбар үндэслэлтэй болох энэ гэрээний дараа дараагийн гэрээ, харилцан илгээсэн баримтуудаар тогтоогддог.

4.4.Харин хариуцагч М.Д нь компанийг 62,348,400 төгрөгөөр л худалдаж авахаар тохирсон гэж маргадаг боловч уг гэрээг хийсний дараахь үйл баримтаар түүний тайлбар үгүйсгэгддэг ба түүний энэ тайлбар нь нэхэмжлэгч нарыг гэрээний гол нөхцөл болох үнийн талаар төөрөгдөлд оруулж, компанийн хувьцааг шилжүүлчихвэл банкнаас зээл аваад компанийн үнийг бүрэн төлнө гэж хууран мэхэлж байсны нотолгоо болно.

4.5.Компанийн төлбөрийг төлөөгүй байж хариуцагч нь 2022.06.08-ны өдрийн “ОД” ХХК-ийн хувьцааг М.Дээс Д.Г руу шилжүүлсэн байдаг ба энэ талаараа 2022.11.28-ны өдрийн хэлцэлд “ОД” ХХК-ийн өмчлөлийг 2022.06.08-ны өдөр ... өөрийн эх Д.Гантулгын нэр дээр зээл авах зорилгоор шилжүүлсэн.” гэснээс харахад компанийг хувьцааны үнэ 62,348,400 төгрөгөөр шилжүүлсэн хэлцэл хийхдээ зээл авч компанийн төлбөрийн үлдэгдэл 230,000,000 төгрөгийг шилжүүлнэ гэж хууран мэхэлснийг давхар нотлох баримт болдог.

4.6.2022.03.07-ны өдрийн 1438 дугаартай Н.Ж болон М.Д нарын хооронд хийгдсэн компанийн балансад тусгагдсан 167,651,600 төгрөгийн хөрөнгийг худалдах, худалдан авах гэрээнд хувьцаа эзэмшигч С.Дыг оролцуулаагүй тул Иргэний хуулийн 56.1.1, 56.1.8-д заасан хүчин төгөлдөр бус хэлцлийн шинжийг бүрэн агуулж байна. Энэ гэрээний үнэ 167,651,600 төгрөгийг 2022 онд 105,000,000 төгрөг, 2023 онд 62,651,600 төгрөгийг хэсэгчилж төлөхөөр харилцан тохиролцсоныг баталгаажуулсан.

4.7.2021.01.27-ны өдрийн 0121 дугаартай хувьцаа худалдах, худалдан авах гэрээний үнийн дүн 62,348,400 төгрөг, 2022.03.07-ны өдрийн 1438 дугаартай хөдлөх хөрөнгө худалдах, худалдан авах гэрээний үнийн дүн 167,651,600 төгрөг байх ба нийт 230,000,000 төгрөг болдог. Бусад баримттай харьцуулан дүгнэвэл нийт 20,000,000 төлсөн, үлдэгдэл тооцоо 230,000,000 төгрөгөөс хувьцааны үнэ 62,348,400 төгрөгийг 2022.04.01-ний дотор Н.Жд төлснөөр 167,651,600 төгрөг үлдэх талаар тооцоо нийлж М.Д, Н.Ж нар гарын үсэг зурсан байна.  

4.8. Дээрх гэрээ хэлцлүүдээс гадна 2022.01.06-ны өдрийн худалдах, худалдан авах 0082 дугаартай гэрээгээр хаягт байрлалтай газрыг,  0081 дугаартай худалдах, худалдан авах гэрээгээр мөн  хаягт байршилтай, мөн мөн газраас 1079.4 м.кв газрыг, 0083 дугаартай гэрээгээр хаягт байрлалтай үл хөдлөх эд хөрөнгийг М.Д нь банкны барьцаанд тавьж, мөнгийг нь танд өгнө гэж хууран мэхэлж, нэг ч төгрөгийн хариу төлбөргүйгээр өөрийн өмчлөлд шилжүүлэн авсан,  энэ гэрээнүүдийн талаар мөн С.Дд мэдэгдээгүй.

4.9. Нэхэмжлэгч С.Д нь компанийн болон гэр бүлийн дундын өмчлөлийн үл хөдлөх эд хөрөнгүүд үнэ төлбөргүйгээр М.Дийн өмчлөлд шилжсэнийг мэдмэгцээ М.Дтэй уулзахад М.Д нь өөрийн амьдарч байгаа байраа оролцуулж үлдэгдэл төлбөрийг төлөх тухай санал тавьж 2022.11.28-ны өдрийн “Хэлцэл”-хийж хаягт байрлалтай байрыг  100,000,000 төгрөгөөр тооцож өгөхөөр болсон боловч өгөөгүй.

4.10.“ЦА” ХХК-ийн 2024.07.08-ны өдрийн аудитын дүгнэлтээр “М.Дийн хариуцах нийт хохирол 168,096.7 мян.төгрөг, Д.Г-ын хариуцах хохирол 7,380.5 мян.төгрөг, нийт 175,477.2 мян.төгрөгийг “ОД” ХХК-д учруулсан гэж дүгнэсэн.  М.Д, Д.Г нар нь “ОД” ХХК-ийг үйл ажиллагаанаас олсон орлогыг өөрсдийн хувийн данс руу шилжүүлж хувьдаа ашигласан.

4.11.Дээрх нотлох баримтуудаар М.Д нь  нэхэмжлэгч Н.Жыг ноцтой төөрөгдүүлж, хууран мэхэлж байсан, талуудын хооронд хийсэн гэрээ хэлцлүүд нь тус тусдаа бие даасан гэрээ хэлцлүүд биш байх бөгөөд компани худалдах, худалдан авах хэлцлийн хүрээнд өмнөх хэлцлээсээ дараагийн хэлцэл нь улбаалан хийгдсэн багц хэлцлүүдээс бүрдсэн нэг хэлцэл болох нь тогтоогдож байна.

 4.12. Түүнчлэн Н.Ж нь хэлцэл хийхдээ Эрчим хүчний зохицуулах хороонд ажиллаж байсан мэргэжлийн хүн, 250,000,000 төгрөгийг төлөх төлбөрийн чадвартай итгэлтэй хүн гэж М.Дийг хувийн шинж байдлын талаар төөрөлдсөн нь Иргэний хуулийн 58 дугаар зүйлийн 58.1.3-т заасан ноцтой төөрөгдсөн, компанийн хувьцаа эзэмшигч С.Дыг оролцуулаагүй, зөвшөөрлийг нь аваагүй, түүнд мэдэгдээгүй хийсэн хэлцэл нь Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.8-д заасан хүчин төгөлдөр бус хэлцлийн шинжийг агуулж байна.

4.13. Нэхэмжлэгч С.Д нь компанийн хувьцаа шилжүүлэх хэлцэл хийхдээ 250,000,000 төгрөгөөр компанийг зарж байна гэж ойлгосноосоо өөр үнийн дүн бүхий хэлцэл дээр гарын үсэг зурсан нь Иргэний хуулийн 58 дугаар зүйлийн 58.2.1-д заасан хүссэн хэлцлээсээ өөр хэлцлийг хийсэн байна.

4.14. Мөн С.Д, Н.Ж нарт хувьцаагаа шилжүүлчихвэл компанийн нэр дээр банкнаас зээл аваад компанийн үнийг төлж дуусгана гэж итгүүлж компанийг өөрийн нэр дээр шилжүүлж авсан М.Дийн үйлдэл Иргэний хуулийн 59 дүгээр зүйлийн 59.1-д заасан хууран мэхэлж хийсэн хэлцлийн шинжийг агуулж байна.

4.15. Түүнчлэн компанийн үнэ 250,000,000 төгрөгийг бүрэн төлж дуусах хүртэл хугацаанд сар бүрийн түрээсийн төлбөр 2,300,000 төгрөг, Н.Жын сарын 1,000,000 төгрөгийн цалинг М.Д нь компанийн үнээс хасагдах ёстой гэж, Н.Ж энэ нь түрээсийн төлбөр, цалин учраас компанийн үнээс хасагдахгүй гэж маргаж байгаа ба энэ талаар нэхэмжлэгч С.Д ямар ч ойлголтгүй байгаагаас харахад талууд Иргэний хуулийн 58.2.1-т зааснаар хүссэн хэлцлээсээ өөр хэлцлийг хийж байсныг харуулж байна.

4.16.Иймд талууд Иргэний хуулийн 56.1.8-д заасан хүчин төгөлдөр бус хэлцэл, мөн хуулийн 58 дугаар зүйлийн 58.1.3, 58.2.1, 59 дүгээр зүйлийн 59.1-д заасан хүчин төгөлдөр бус хэлцлийг хийсэн байх талуудын байгуулсан хэлцэлд тооцох үндэслэлтэй байна.

4.17.Хүчин төгөлдөр бус хэлцлийн үр дагаврыг арилгуулах шаардлагын хүрээнд уг хэлцлээр хариуцагч М.Дийн өмчлөлд шилжсэн хөдлөх болон үл хөдлөх эд хөрөнгүүдийг нэхэмжлэгчид буцааж шилжүүлэх нэхэмжлэлийн шаардлагыг хангах үндэслэлтэй байна.

4.19. Аудитын дүгнэлтээр “М.Д, Д.Г нар нь “ОД” ХХК нийт 175,477.2 мян.төгрөгийг “ОД” ХХК-д учруулсан тул 175,477,200 төгрөгийг хариуцагч нараас гаргуулна.

4.20. Иймд анхан болон давж заалдах шатны шүүхийн шийдвэр, магадлалд өөрчлөлт оруулж, талуудын хооронд байгуулсан компани худалдах, худалдан авах хэлцлийн хүрээнд байгуулагдсан дээрх гэрээнүүдийг хүчин төгөлдөр бус хэлцэлд тооцож, уг хүчин төгөлдөр бус хэлцлийн үндсэн дээр хариуцагч М.Дт шилжсэн хөдлөх болон үл хөдлөх эд хөрөнгүүдийг Иргэний хуулийн 56.5-д зааснаар нэхэмжлэгчид буцааж шилжүүлэх, мөн хуулийн 56.6-д зааснаар М.Д, Д.Г нараас учирсан хохирол 175,477,200 төгрөгийг гаргуулж өгнө үү гэв.

Монгол Улсын дээд шүүхийн Иргэний хэргийн танхимын Нийт шүүгчийн хуралдааны 2025 оны 06 дугаар сарын 27-ны өдрийн 001/ШХТ2025/00661 дугаар тогтоолоор Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 172 дугаар зүйлийн 172.2.1, 172.2.2-т заасан үндэслэлийг хангасан гэж дүгнэн, нэхэмжлэгчийн өмгөөлөгч П.Бын гомдлыг хяналтын шатны шүүх хуралдаанаар хэлэлцүүлэхээр тогтжээ.

ХЯНАВАЛ:

6.Нэхэмжлэгч Н.Ж, С.Д нар нь хариуцагч М.Д, Д.Г нарт холбогдуулан 2023.03.31-нд гаргасан нэхэмжлэлээр

6.1.2020.08.28-ны өдрийн компани худалдах, худалдан авах гэрээ /Н.Гэрэлжаргал, Д.Үржинчойжин нар гарын үсэг зурсан/,

6.2. 2020.08.28-ны өдрийн компани худалдах, худалдан авах гэрээ,

6.3.2021.01.27-ны өдрийн 0121 дугаартай компанийн хувьцаа худалдах, худалдан авах гэрээ,  

6.4.2022.06.08-ны өдрийн “ОД” ХХК хувьцаа шилжүүлсэн хэлцэл зэргийг тус тус хүчин төгөлдөр бусад тооцуулж,  

6.5.олох ёстой байсан орлого 181,000,000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлага гаргасан.

7. Нэхэмжлэгч нь энэ нэхэмжлэлийн үндэслэлээ дараахь байдлаар тайлбарласан.

7.1.2020.08.28-ны өдрийн худалдах худалдан авах гэрээнд М.Д гарын үсэг зураагүй тул Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.1-д зааснаар, компанийн 50 хувийн хувьцаа эзэмшигч С.Дд мэдэгдээгүй тул мөн зүйлийн 56.1.8-д зааснаар, М.Д төлбөрийн чадваргүй байж үнийг гэрээ байгуулснаас хойш 30 хоногийн дотор төлнө гэж хуурч мэхэлж, компанийг өөрийн эзэмшилд авсан нь мөн хуулийн 59 дүгээр зүйлийн 59.1-д заасан үндэслэлээр тус тус хүчин төгөлдөр бус. 

7.2. М.Д нь компанийн гэрчилгээг өөрийн нэр дээр гаргахгүй бол зээл олдохгүй байна гэж хувьцаа эзэмшигч нарт итгүүлж 2021.01.27-ны өдрийн 0121 дугаартай компанийн хувьцаа худалдах-худалдан авах гэрээг байгуулж гэрээний үнийг 62,348,400 төгрөгийг бүрэн төлсөн гэж бичилт хийж гэрээг батлуулсан, бодит байдал дээр төлөөгүй, компанийн хувьцааг шилжүүлсэн боловч зээл аваагүй. 2022.06.08-ны өдөр өөрийн ээж Д.Гантулгын нэр дээр компанийг шилжүүлсэн нь Иргэний хуулийн 58 дугаар зүйлийн 58.2-т заасан ноцтой төөрөгдлийн улмаас хийсэн хэлцэл, 59 дүгээр зүйлийн 59.1-д заасан хууран мэхэлж хийсэн хэлцэл байна.

7.3. М.Д нь төлбөр төлөх хүртэл хугацаанд сар бүр 2,500,000 төгрөгөөр түрээс төлөхөөр тохиролцсон боловч төлөөгүй тул 2022.03.01-нд тооцоо нийлсэн баримт үйлдэж, баталгаажуулахаар 2022.03.07-ны өдөр худалдах-худалдан авах гэрээ байгуулдаг. Уг гэрээний зүйл болох хөдлөх эд хөрөнгүүдийг 2020.09.01-ний өдөр хүлээлгэн өгсөн. Дахин төлбөр төлөөгүй. 2022.11.28-ны өдөр тооцоо нийлж төлбөрт 58 м.кв талбайтай 2 өрөө орон сууц, 131,4 сая төгрөгийг хуваарийн дагуу төлөхөөр хэлцэл хийсэн боловч уг орон сууцны өмчлөгч нар гарын үсэг зураагүй.

7.4. М.Д компанийг 2020.09 сард шилжүүлж авснаас хойш үйл ажиллагаагаараа 2021-2022 онд 181,018,045 төгрөгийн орлого олсон, хүчин төгөлдөр бус гэрээ хэлцэл хийсэн үеэсээ хүчин төгөлдөр бус байдаг тул Иргэний хуулийн 229.1 дэх хэсэгт зааснаар олох ёстой байсан орлого гэж гаргуулна.

7.5. М.Д Эрчим хүчний зохицуулах хороонд ажилтай, мэргэжлийн хүн, төрд ажиллаж байсан учраас намайг хуурахгүй, орон нутагт цаашид хэрэгтэй хүн гэж хувийн шинж байдалд итгэсний үндсэн дээр хэлцэл хийсэн нь Иргэний хуулийн 58 дугаар зүйлийн 58.2.1-д заасан хүчин төгөлдөр бус хэлцлийн шинжтэй байна.

8.Нэхэмжлэгч тал 2023.04.24-ний өдөр нэхэмжлэлийн шаардлагыг тодруулсан. Үүнд: Дараахь гэрээг хүчин төгөлдөр бусд тооцуулах доорх хэлцлийг нэмсэн.

8.1.2022.03.07-ны өдрийн 1438 дугаартай хөдлөх эд хөрөнгө худалдах, худалдан авах гэрээ,

8.2.2022.01.06-ны өдрийн хаягт байрлалтай газар худалдах, худалдан авах 0082 дугаартай гэрээ,

8.3.2022.01.06-ны өдрийн хаягт байрлалтай газрыг худалдах худалдан авах 0081 дугаартай гэрээ,

8.4.2022.01.06-ны өдрийн хаягт байрлалтай үл хөдлөх хөрөнгө худалдах худалдан авах 0083 тоот гэрээ

8.5.2022.06.08-ны өдрийн хэлцэл гэжээ.  

Түүнчлэн хүчин төгөлдөр бус хэлцлийн үр дагаврыг арилгуулахаар хөдлөх болон үл хөдлөх эд хөрөнгө, эрхийг буцаан шилжүүлэх,  учирсан хохирол 175,477,200 төгрөг, олох ёстой байсан ашиг 181,018,045 төгрөгийг  тус тус гаргуулна гэжээ.

9.Нэхэмжлэгч тал нэхэмжлэлийн шаардлагыг тодруулахдаа нэмж 5 гэрээ, хэлцлийг хүчин төгөлдөр бусд тооцуулахаар тодорхойлж, үндэслэлийг заажээ.

9.1.Хүчин төгөлдөр бус хэлцлийн үр дагаврыг арилгуулах нэхэмжлэлийн шаардлагаас гэр бүлийн хэрэгцээний өмчлөх эрхтэй 2 газар /785.9 м.кв болон 1,079.4 м.кв/, ажлын байрны зориулалттай үл хөдлөх эд хөрөнгийг буцаан шилжүүлэхээр тодорхойлсон хэсгийн үндэслэлийг тайлбарлахдаа М.Д нь тухайн эд хөрөнгийг шилжүүлэхгүй бол зээл авч болохгүй байгаагаас нэхэмжлэгчийн мөнгийг өгч чадахгүй гэж ятгаж өөрийн өмчлөлд шилжүүлсэн авсан гэжээ.

9.2. Харин компанийн балансад бүртгэлтэйгээр шилжүүлэгдсэн эд хөрөнгийг буцаан шаардах үндэслэлийг нэхэмжлэгч тал тайлбарлахдаа хүчин төгөлдөр бус хэлцлийн үндсэн дээр шилжүүлэгдсэн гэжээ.

10.Хариуцагч М.Д нэхэмжлэлийг эс зөвшөөрч гаргасан тайлбартаа: “… “ОД” ХХК-ийн 100 хувийн хувьцааг үл хөдлөх эд хөрөнгө, тоног төхөөрөмжүүдийн хамт нийт 250,000,000 төгрөгөөр худалдан авахаар харилцан тохиролцсон. …байгууллагын тайлан балансыг … шалгахад Хаан банкнаас … авсан зээл … 40,766,000 төгрөгийн үлдэгдэлтэй, Дархан-Уул аймгийн Нийгмийн даатгалын хэлтэст 10,000,000 төгрөгийн өр, Дархан-Уул аймгийн Татварын хэлтэст 17,000,000 төгрөгийн өр, хувь иргэдэд 12,000,000 төгрөгийн өр буюу нийт 79,766,000 төгрөгийн өртэй. … дээрх төлбөрүүд төлөгдөх бүр үндсэн дүн 250,000,000 төгрөгөөс хасаж тооцохоор тохиролцсон. … нийт 87,766,000 төгрөгийг барагдуулснаар тооцож компанийн хувьцааны төлбөр болон 25 адууны төлбөрийг суутгасан. … Н.Ж болон С.Д нарын банкны дансанд 114,342,732 төгрөгийг шилжүүлэн өгсөн. …үлдэгдэл 47,891,268 төгрөгийг … 2023 оны 05 дугаар сарын 31-ний дотор төлж барагдуулна.” гэжээ.

11.Анхан шатны шүүх нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэхдээ талуудын хооронд худалдах, худалдан авах тухай гэрээ, хэлцлүүд байгуулагдсан, уг гэрээ хэлцлүүд нь Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1 дэх хэсэгт заасан хүчин төгөлдөр бус байх хэлцэлд хамаарахгүй, мөн хууран мэхэлж хийсэн хэлцэл гэж үзэхгүй, гэрээ хүчин төгөлдөр гэж дүгнэсэн байна. 

12.Давж заалдах шатны шүүх анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж шийдвэрлэхдээ дараах дүгнэлтийн хийжээ.

12.1.Н.Ж М.Дтэй “ОД” ХХК-ийг 250,000,000 төгрөгөөр худалдах- худалдан авахаар тохиролцож  2020.08.28-ны өдрийн гэрээнд  “ОД” ХХК-ийг төлөөлж Н.Г, М.Дийг төлөөлж Д.Ү нар гарын үсэг зурсан нь талуудыг төлөөлөх эрхгүй этгээдүүд байсан, хувьцаа эзэмшигч С.Дын зөвшөөрлийг аваагүй Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.8-д заасан хүчин төгөлдөр бус хэлцэл байх боловч Н.Ж, С.Д нар М.Дтэй 2021.01.27-ны өдөр Компанийн хувьцааг худалдах, худалдан авах тухай 0121 дугаар гэрээг байгуулж гарын үсэг зурснаар 2020 оны гэрээг Иргэний хуулийн  56 дугаар зүйлийн 56.3 дахь хэсэгт зааснаар уг хэлцлээр илэрхийлсэн хүсэл зоригоо хүчин төгөлдөр болохыг хожим хүлээн зөвшөөрч хуульд заасан хэлбэрээр илэрхийлсэн хүчин төгөлдөр хэлцэл гэж үзнэ.

12.2. Дээрх гэрээний дагуу 0121, 1438, 0081, 0082, 0083 дугаартай хувьцаа хөдлөх болон үл хөдлөх эд хөрөнгө худалдах худалдан авах гэрээнүүд байгуулагдсан ба 2020.08.28-ны өдрийн гэрээний 5 дугаар зүйлд заасан худалдан авагчид эд хөрөнгүүдийг шилжүүлэх зорилгоор байгуулагдсан, хэлцлийг байгуулахад С.Дд мэдэгдээгүй, түүнээс зөвшөөрөл аваагүй ч тэрээр хожим хүлээн зөвшөөрч уг гэрээний үүргийг М.Дээс шаардаж байсан тул Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.1, 56.1.8-д зааснаар хүчин төгөлдөр бус байх хэлцэл гэж үзэхгүй.

12.3. М.Д нь 2022.06.06-ны өдөр “ОД” ХХК-ийн хувьцааг өөрийн ээж Д.Гантулгын нэр дээр бэлэглэлийн гэрээгээр шилжүүлсэн. 

13. Монгол Улсын дээд шүүхийн Иргэний хэргийн танхимын Нийт шүүгчдийн хуралдааны 2025 оны 06 дугаар сарын 27-ны өдрийн 001/ШХТ2025/00661 дугаар тогтоолоор нэхэмжлэгчийн өмгөөлөгчийн хяналтын журмаар гаргасан гомдлыг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 172 дугаар зүйлийн 172.2.1, 172.2.2-т заасан үндэслэлээр хэлэлцүүлсэн ба анхан шатны шүүх хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журмыг ноцтой зөрчсөн байхад давж заалдах шатны шүүх уг алдааг илрүүлж дүгнэлт хийгээгүй хэргийг шийдвэрлэсэн нь буруу болжээ. 

14. Анхан болон давж заалдах шатны шүүхийн шийдвэр, магадлал үндэслэл бүхий болоогүй байна.  

Нэхэмжлэгчийн гаргасан нэхэмжлэлийн шаардлага, үндэслэл нь тодорхойгүй байхад анхан шатны шүүх тодруулахгүйгээр хэргийг шийдвэрлэжээ.

14.1. Нэхэмжлэгч анх шүүхэд гаргасан нэхэмжлэлийг хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад тодруулсан гэх боловч нэмж 2022.03.07-ны өдрийн 1438 дугаартай хөдлөх эд хөрөнгө худалдах, худалдан авах гэрээ, 2022.01.06-ны өдрийн хаягт байрлалтай газар худалдах, худалдан авах 0082 дугаартай гэрээ, 2022.01.06-ны өдрийн хаягт байрлалтай газрыг худалдах худалдан авах 0081 дугаартай гэрээ, 2022.01.06-ны өдрийн хаягт байрлалтай үл хөдлөх хөрөнгө худалдах худалдан авах 0083 тоот гэрээ, 2022.06.08-ны өдрийн хэлцлийг тус тус хүчин төгөлдөр бусд тооцуулах, улмаар үр дагаврыг арилгуулахаар шаардсан нь нэхэмжлэлийн шаардлагыг нэмэгдүүлсэн агуулгатай байна.

14.2.Нэхэмжлэгч нь хүчин төгөлдөр бусад тооцуулах тухай дээрх нэхэмжлэлийн нэмэгдүүлсэн шаардлагын үндэслэлийг огт дурдаагүй байна.

Эдгээр гэрээ, хэлцлийг хүчин төгөлдөр бусад тооцуулах шаардлагын үндэслэлийг анх шүүхэд 2023.03.31-ний өдөр гаргасан нэхэмжлэлд тайлбарласан гэж дүгнэхгүй. Учир нь анх шүүхэд 2023.03.31-ний өдөр нэхэмжлэгч нэхэмжлэл гаргахдаа 2022.11.28-ны өдрийн Хэлцлийн талаар үйл баримтын хувьд дурдсанаас өөр тайлбар үгүй байна.

15. Нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлага, үндэслэлийг тодруулаагүйгээр хэргийг шийдвэрлэсэн нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 6 дугаар зүйлийн 6.1 дэх хэсэгт заасан мэтгэлцэх зарчмыг зөрчсөн гэж үзнэ. Анхан шатны шүүх хуралдааны тэмдэглэлээс үзвэл шүүх хуралдаанаар нотлох баримт шинжлэн судлах ажиллагаа явуулсны дараа Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 112 дугаар зүйлд заасан хэргийн оролцогчоос нэмж тодруулах ажиллагааны хүрээнд өмгөөлөгч нарын гаргасан тайлбарт дурдагдсан зарим үндэслэл нь нэхэмжлэлд орхигдуулсан үндэслэлийг нөхөн гүйцэтгэхгүй болно.   

Түүнээс гадна шүүх зарим гэрээ гэж тодорхойлсон баримтыг гэрээ биш харин нотлох баримтын шинжийг агуулсан гэж үзэж буй бол анхан шатны шүүх энэ талаар талуудаас тодруулж дүгнэлт хийх учиртай.

Харин давж заалдах шатны шүүх нэхэмжлэлийн шаардлага, үндэслэл тодорхойгүй байхад нэхэмжлэгч талын гаргасан давж заалдах гомдолд дурдсан үндэслэлийг нэхэмжлэлийн орхигдуулсан үндэслэлд хамааруулж дүгнэлт өгөх байдлаар анхан шатны шүүхийн дүгнэлтийг залруулсан нь алдаатай болжээ. Учир нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2 дахь хэсэгт заасан нэхэмжлэлийн хүрээ хязгаарын дотор хэргийг шийдвэрлэх бөгөөд нэхэмжлэлийн хүрээ хязгаар нь мөн хуулийн 62 дугаар зүйлийн 62.1.4-т зааснаар нэхэмжлэлийн үндэслэл, шаардлагын хэмжээгээр тодорхойлогдоно.

Нэхэмжлэгч нэхэмжлэлийн шаардлагыг нэмэгдүүлж буй бол нэхэмжлэлийн бүрдүүлбэрийг хангах үүрэгтэй. Тодруулбал, нэхэмжлэлийн шаардлага бүрийн үндэслэлийг тодруулж гаргах, нэхэмжлэлийн бичгээр гаргах, холбогдох улсын тэмдэгтийн хураамжийг төлөх нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 62 дугаар зүйлд заасантай нийцэх юм.

Энэ байдлыг анхан шатны шүүх анхаараагүй хэргийг хянан шийдвэрлэсэн байх ба давж заалдах шатны шүүх алдааг анхаараагүй нь алдаатай болжээ.  

16. Мөн талуудын хооронд компани худалдах, худалдан авах харилцаатай холбоотой маргаанд гэр бүлийн зориулалттай эд хөрөнгийн өмчлөлийг шилжүүлэх асуудлын харилцан хамаарлын талаар дүгнэлт өгөгдөөгүйгээс нэхэмжлэгч талаас гаргасан 2022.01.06-ны өдрийн хаягт байрлалтай газар худалдах, худалдан авах 0082 дугаартай гэрээ, 2022.01.06-ны өдрийн хаягт байрлалтай газрыг худалдах худалдан авах 0081 дугаартай гэрээ, 2022.01.06-ны өдрийн хаягт байрлалтай үл хөдлөх хөрөнгө худалдах худалдан авах 0083 тоот гэрээг хүчин төгөлдөр бусад тооцуулах үндэслэл ойлгомжгүй байхаас гадна хоёр шатны шүүх уг шаардлагыг шийдвэрлэхгүй орхисон үндэслэл тодорхойгүй байна.

Түүнчлэн нэхэмжлэгч нь анхан шатны шүүх хуралдаан дээр хохиролд 356,000,000 төгрөг гаргуулах гэсэн шаардлагаа 251,999,700 төгрөг болгож багасгасан байхад анхан шатны шүүх уг хохирлын хэмжээг багасгаагүй шаардлага болох 356,000,000 төгрөгөөр тодорхойлж нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгосон байхад давж заалдах шатны шүүх залруулж дүгнээгүй байгааг дурдах нь зүйтэй.

17. Харин нэхэмжлэгчийн өмгөөлөгчөөс хяналтын журмаар гаргасан гомдолд “ ... талуудын хооронд байгуулсан компани худалдах, худалдан авах хэлцлийн хүрээнд байгуулагдсан дээрх гэрээнүүдийг хүчин төгөлдөр бус хэлцэлд тооцож..  өгнө үү” гэж дурдсан байдлаар мэтгэлцээн явагдаагүй тохиолдолд хяналтын шатны шүүх хэргийг эцэслэн шийдвэрлэх боломжгүй болно.

18. Анхан шатны шүүх шийдвэрийнхээ тодорхойлох хэсэг буюу 4 дэх талд шүүх хуралдааны тэмдэглэлээс хуулж бичсэн нь “Даргалагчаас: Нэхэмжлэгч С.Дд нэмж хэлэх тайлбар байна уу? гэхэд …нэхэмжлэгч С.Д: …” гэх байдлаар тусгагджээ. Мөн анхан шатны шүүх шийдвэрийн тодорхойлох хэсэгт хэргийн оролцогчдын тайлбарын агуулгыг бичих Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 118 дугаар зүйлийн 118.3 дахь хэсэгт заасныг зөрчиж, нэхэмжлэгч С.Дын шүүх хуралдаан дээр гаргасан тайлбарыг хоёр удаа бичсэн, зохигчдын тайлбарыг агуулгаар нь тодорхойлж чадаагүй, хуулиар зохицуулаагүй “өмгөөлөгчийн дүгнэлт” гэх хэсгийг оруулсан нь алдаатай байгааг давж заалдах шатны шүүх залруулж дүгнээгүй.

Мөн анхан шатны шүүх шийдвэртээ нэхэмжлэгч болон хариуцагч талаас гаргаж өгсөн, шүүхээс бүрдүүлсэн баримтуудыг зааглаж тодорхойлоогүй байна.

19. Анхан шатны шүүх хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журмыг зөрчсөн, нэхэмжлэгчийн гаргасан нэхэмжлэлийн шаардлага, үндэслэлийг тодруулаагүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны мэтгэлцэх зарчмыг алдагдуулсан байхад давж заалдах шатны шүүх анхааралгүйгээр хэргийг шийдвэрлэсэн байх тул анхан шатны шүүхийн шийдвэр, давж заалдах шатны шүүхийн магадлалыг тус тус хүчингүй болгож, хэргийг дахин шийдвэрлүүлэхээр анхан шатны шүүхэд буцаах нь зүйтэй гэж дүгнэлээ.    

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 176 дугаар зүйлийн 176.2.5.-т заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Дархан-Уул аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн 2025 оны 01 дүгээр сарын 20-ны өдрийн 307/ШШ2025/00110 дугаар шийдвэр, Дархан-Уул аймгийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2025 оны 04 дүгээр сарын 29-ний өдрийн 209/МА2025/00029 дүгээр магадлалыг тус тус хүчингүй болгож, хэргийг дахин шийдвэрлүүлэхээр анхан шатны шүүхэд буцаасугай.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.4 дэх заалтыг баримтлан нэхэмжлэгч С.Д нь хяналтын журмаар гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид 2025.06.02-ны өдөр 1,177,136 төгрөг төлснийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

 

 

                   

                        ТАНХИМЫН ТЭРГҮҮН                         Г.АЛТАНЧИМЭГ

                     ШҮҮГЧИД                                                  Н.БАТЧИМЭГ

                                                                                          Н.БАЯРМАА

                                                                                            Э.ЗОЛЗАЯА

                                                                                               Х.ЭРДЭНЭСУВД