Орхон аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2017 оны 05 сарын 17 өдөр

Дугаар 0144

 

 

 

 

 

 

 

                                                   

     МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

            Орхон аймаг дахь Сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Ш.Эрдэнэцэцэг даргалж

            Нарийн бичгийн дарга М.Бүжин

Улсын яллагч Ц.Мөнхтуяа

Шүүгдэгч Э.Дашдэнзэн нарыг оролцуулан Нийслэлийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 192 дугаар зүйлийн 192.1.д зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Жамбалынхан овгийн Энхбатын Дашдэнзэнд холбогдох 201701000048 дугаартай хэргийг хүлээн авч тус шүүхийн танхимд нээлттэй хянан хэлэлцэв.

                                         Шүүгдэгчийн биеийн байцаалт.

 

    Монгол Улсын иргэн, 1992 оны 06 дугаар сарын 21-ний өдөр Улаанбаатар хотод төрсөн, 24 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 7, эцэг, эх, дүү, эхнэр, хүүхдийн хамт Орхон аймгийн Баян-Өндөр сум 10 дугаар хороо ГОК хотхоны 5а-24 тоотод  оршин суудаг, улсаас авсан гавъяа шагналгүй, ял шийтгэлгүй, бие эрүүл Жамбалынхан овгийн Энхбатын Дашдэнзэн /Регистрийн дугаар УМ 92062113/.

Холбогдсон хэргийн талаар.

  Шүүгдэгч Э.Дашдэнзэн нь Орхон аймгийн Баян-Өндөр сумын нутаг дэвсгэрт НҮБ-ийн 1971 оны “Сэтгэцэд нөлөөлөх бодисын тухай” конвенцийн 2 дугаар жагсаалтанд багтсан дельта-9 тетрагидроканнабинол /delta-9 tethahydrocannabinol/-ын агууламжтай 50 грамм бодисыг 2017 оны 02 дугаар сарын 01-ний өдөр борлуулах зорилгогүйгээр хууль бусаар олж авч, 2017 оны 02 дугаар сарын 01-ний өдрийн 1700 цагаас 24 цаг хүртэл хүртэл хугацаанд биедээ хадгалсан гэж Нийслэлийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 192 дугаар зүйлийн 192.1-д зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлжээ.

                                                 ТОДОРХОЙЛОХ нь:

  Шүүх хуралдааны хэлэлцүүлэгт дараахь нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:    

   - Шүүгдэгч Э.Дашдэнзэн шүүх хуралдааны хэлэлцүүлэгт өгсөн мэдүүлэгтээ: Миний мөрдөн байцаалтын шатанд өгсөн мэдүүлэг бүгд үнэн зөв. Тэр өдөр таньдаг эгчийнхээсээ гараад явж байхад зам дээр хар ууттай зүйл байхаар нь үзэхэд дотор нь өвс байхаар нь аваад шууд халаасандаа хийгээд явж байхад манай найз Дүүрэнбаяр намайг машинтай ирж авсан. Тэгээд Баяраа гэдэг найзаа 1-1-р байрнаас очиж аваад Лофт бааранд орж архи,пиво ууцгаасан. Тэгээд баарнаас гарах гэж яваад нэг танихгүй залуутай маргалдаад байж байхад цагдаа ирж эрүүлжүүлэх дээр авч иртэл нөгөө өвс гарч ирээд хураагдсан. Би тэр өвсийг 1-15-р байрны ард татаж үзсэн юм. Би залуу насандаа өөрийнхөө болчимгүй зангаас болж гэмт хэрэгт орж шүүхийн өмнө шүүгдэгч болж зогсож байгаадаа маш их харамсаж байна. Хөнгөн ял шийтгэж өгнө үү гэв.

- Хэрэг учралын газарт үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /хх-ийн 6-8 талд/

- 2017 оны 02 дугаар сарын 02-ны өдөр эд зүйл хураан авсан тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд /хх-ийн 13-14 талд/

 - 2017 оны 02 дугаар сарын 02-ны өдөр Э.Дашдэнзэнг мансууруулах сэтгэцэд нөлөөлөх бодис хэрэглэсэн эсэхийг шалгах тестер ашигласан тухай тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /хх-ийн 9-10 талд/

 - 2017 оны 03 дугаар сарын 30-ны өдөр мэдүүлгийг газар дээр нь шалгасан тухай тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /хх-ийн 67-70 талд/

- 2017 оны 02 дугаар сарын 02-ны өдөр эд зүйлд үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /хх-ийн  21-26 тал/

- 2017 оны 04 дүгээр сарын 05-ны өдрийн эд мөрийн баримтыг хэрэгт хавсаргах тогтоол /хх-ийн 64 талд/

 

 - Гэрч Г.Дэлгэрсүрэнгийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн “2017 оны 02 дугаар сарын 02-ны өдөр ажилдаа ирэхэд 2017 оны 02 дугаар сарын 01-ний өдөр шөнийн 00 цаг орчим Орхон аймгийн Баян-Өндөр сумын Хүрэнбулаг багийн нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг Лофт бааранд бусадтай хэрүүл маргаан үүсгэж, амгалан тайван байдал алдагдуулсан зөрчилтэй Энхбат овогтой Дашдэнзэн гэгч цохогдсон байсан. Цохолтын дагуу хүнийг хүлээн авахад түүнийг урд шөнө эрүүлжүүлэх байранд авч ирэх үед түүний биед нь үзлэг хийж хар даавуун уутанд боодолтой өвс мэт зүйл байсныг хураан авсан байсан бөгөөд  надад Дашдэнзэнгийн хамт хүлээлгэн өгсөн. Анх Э. Дашдэнзэнгээс хураан авахдаа уг ууттай өвс мэт зүйлийн хэмжээ, грамм зэргийг бичиж тэмдэглэсэн тэмдэглэл байгаагүй, надад ямар нэгэн тэмдэглэл хүлээлгэн өгөөгүй. Ингээд би олон нийтийн газар бусдын амгалан тайван байдал алдагдуулсан зөрчилд Захиргааны хариуцлагын тухай хуулийн 21 дүгээр зүйлийн дагуу 5000 төгрөгөөр торгуулийн арга хэмжээ аваад Дашдэнзэнг түүний биед байсан гэх хар өнгийн даавуун ууттай өвс мэт зүйлийг мөрдөн байцаагч Г.Болд-Эрдэнэ шилжүүлэн өгсөн” гэсэн мэдүүлэг. / хх-ийн 75 тал/

- Гэрч Т.Дүүрэнбаярын мөрдөн байцаалтын шатанд өгсөн ... 2017 оны 02 дугаар сарын 01-ний өдөр Э.Дашдэнзэн бид 2 утсаар ярьж байгаад орой гарахаар болсон. Орой 18 цагийн орчим гэрээсээ гараад Баяраа, Цэнгүүн хоёртой уулзаад Лофт бааранд орсон. Тэнд архи, пиво ууж байгаад гарах гэтэл Дашдэнзэн үл таних залуутай маргаад зогсож байхад цагдаа ирээд Э.Дашдэнзэнг эрүүлжүүлэхэд хийчихсэн. Өвс олсон, хэрэглэсэн тухай хэлээгүй гэсэн мэдүүлэг /хх-ийн 76 тал/

- шинжээч Б.Энхмандахын мөрдөн байцаалтын шатанд өгсөн:... “... Хүний шээсэнд мансууруулах сэтгэцэд нөлөөлөх бодис хэрэглэсэн тохиолдолд хэдэн цаг хадгалах ёстой гэх албан ёсны тоо байхгүй. Харин тухайн хүний идэж уусан зүйл, унтаж амарч байгаа байдал, бие организмын онцлог биеийн эсэргүүцэл зэргээс шалтгаалан харилцан адилгүй байх бүрэн боломжтой. Манай хүрээлэн хүний цуснаас мансууруулах сэтгэцэд нөлөөлөх стандарт ажлын заавар батлагдаагүй учир шинжилгээ явуулахгүй байгаа. Архи согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үед хүний шээснээс мансууруулах сэтгэцэд нөлөөлөх бодис илрэх боломжгүй” гэсэн мэдүүлэг /хх-ийн 91-92 талд/

- Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн химийн ахлах шинжээч Б.Энхмандахын  2017 оны 03 дугаар сарын 29-ний өдрийн 3222 дугаартай 1. Шинжилгээнд ирүүлсэн шээсний хэмжээ хүрэлцэхүйц тул шинжилгээнд тэнцэнэ. 2. Э.Дашдэнзэн 2017.03.24 гэж хаяглаж авсан шээсний дээжинд тетрагидроканнабинол /ТНС/-ийн агууламж илрэв. 3. Шинжилгээгээр илэрсэн тетрагидроканнабинол /ТНС/ нь НҮБ-ийн  1971 оны Сэтгэцэд нөлөөт бодисын тухай конвенцийн жагсаалтанд багтдаг гэсэн дүгнэлт /хх-ийн 89 тал/

- Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн химийн ахлах шинжээч До.Золзаяагийн  2017 оны 03 дугаар сарын 22-ны өдрийн 2253 дугаартай шинжээчийн: Шинжилгээнд ирүүлсэн дээж нь шинжилгээ хийхэд тэнцэж байна. Орхон аймгийн Цагдаагийн газар Э.Дашдэнзэнгээс хураан авсан 50 гр өвс мэт зүйлээс дээж авсан 6.9 гр өвс мэт зүйлс 2017.02.27 ЭЦГ-V хэлтэс а/х Д.Нямрагчаа гэсэн хаягтай ногоон өнгийн ургамал мэт зүйлийн найрлагад дельта-9 Тетрагидроканнабинол /delta-9 tetrahydrocannabinol/-ийн агуулга илэрч байна. Илэрсэн бодис нь НҮБ-ийн “Сэтгэцэд нөлөөт бодисын тухай конвенц”-ийн жагсаалтанд багтдаг болно гэсэн дүгнэлт /хх-ийн 85 тал/,

- Шүүгдэгчийн ял шийтгэгдсэн эсэхийг шалгасан лавлагаа зэрэг нотлох баримтуудыг шинжлэн судлав.

Дээрхи нотлох баримтуудыг Эрүүгийн байцаан шийтгэх хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж бэхжүүлсэн байх тул нотлох баримтын хэмжээнд үнэлэх боломжтой гэж үзэв.

Иймд шүүгдэгч Э.Дашдэнзэн нь Орхон аймгийн Баян-Өндөр сумын нутаг дэвсгэрт НҮБ-ийн 1971 оны “Сэтгэцэд нөлөөлөх бодисын тухай” конвенцийн 2 дугаар жагсаалтанд багтсан дельта-9 тетрагидроканнабинол /delta-9 tethahydrocannabinol/-ын агууламжтай 50 грамм бодисыг 2017 оны 02 дугаар сарын 01-ний өдөр борлуулах зорилгогүйгээр хууль бусаар олж авч, 2017 оны 02 дугаар сарын 01-ний өдрийн 1700 цагаас 24 цаг хүртэл хугацаанд биедээ хадгалсан нь шүүгдэгчийн хэргээ хүлээн мэдүүлсэн мэдүүлэг, гэрч Г.Дэлгэрсүрэн, Т.Дүүрэнбаяр, Б.Энхмандах нарын мэдүүлэг, эд зүйл хураан авсан тэмдэглэл, эд зүйлд үзлэг хийж, эд мөрийн баримтаар тооцсон тогтоол тэмдэглэл, хураан авсан эд зүйлд шинжээч томилж шинжилгээ хийлгэсэн дүгнэлтүүд зэрэг  бичгийн нотлох баримтуудаар нотлогдож байна гэж үзлээ.

Шүүгдэгч Э.Дашдэнзэнд Нийслэлийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 192 дугаар зүйлийн 192.1-д зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хэргийн зүйлчлэл зөв, түүнд  ял шийтгэл оногдуулах  үндэслэлтэй байна.

Шүүгдэгч Э.Дашдэнзэнд ял шийтгэл оногдуулахдаа анх удаа хүндэвтэр гэмт хэрэг үйлдсэн, үйлдсэн хэрэгтээ чин санаанаасаа гэмшиж байгаа зэргийг хөнгөрүүлэх нөхцөл байдалд авч үзэхийн зэрэгцээ дээрхи бодис нь хүний төв мэдрэлийн системд өвөрмөц нөлөөлөл үзүүлж, улмаар өөрийгөө удирдан жолоодох чадвар муудаж, уураг тархи, төв мэдрэлийн системд хүчтэй давамгайлал үйлчилж, мансууруулах хэмээх сэтгэцийн өвчин үүсгэдэг үйлчилгээ нөлөөлөл бүхий бодис ба шүүгдэгчид хийсэн шинжилгээгээр илэрсэн тетрагидроканнабинол /ТНС/нь НҮБ-ын 1971 оны Сэтгэцэд нөлөөлөх бодисын тухай коневенцийн жагсаалтанд багтаж байх тул гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанарыг харгалзан баривчлах ялыг сонгон хэрэглэх нь зүйтэй гэж үзлээ.

Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн НҮБ-ийн 1971 оны “Сэтгэцэд нөлөөлөх бодисын тухай” конвенцийн 2 дугаар жагсаалтанд багтсан дельта-9 тетрагидроканнабинол /delta-9 tethahydrocannabinol/-ын агууламжтай 50 грамм /6.9 грамм дээжилсэн/ бодисыг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц устгах нь зүйтэй.

Энэ хэрэгт битүүмжилсэн эд хөрөнгөгүй, шүүгдэгч нь цагдан хоригдоогүй, бусдад төлөх төлбөргүй, түүний бичиг баримт шүүхэд ирээгүй болохыг тус тус дурьдав.

Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 283, 284, 285, 286, 290, 294, 295, 296, 297, 298, 299 дүгээр зүйлүүдийг удирдлага болгон

                                                             ТОГТООХ нь:

1. Шүүгдэгч Жамбалынхан овгийн Энхбатын Дашдэнзэнг мансууруулах буюу сэтгэцэд нөлөөлөх бодисыг борлуулах зорилгогүйгээр хууль бусаар олж авсан, хадгалсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд  тооцсугай.

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 192 дугаар зүйлийн 192.1-д зааснаар шүүгдэгч шүүгдэгч Э.Дашдэнзэнг 6 /зургаа/ сарын хугацаагаар баривчлах ялаар шийтгэсүгэй.

      3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 51 дүгээр зүйлийн 51.1-д зааснаар шүүгдэгч Э.Дашдэнзэнд оногдуулсан 6 /зургаа/ сарын баривчлах ялыг тодорхой дэглэм бүхий байранд ганцаарчлан эдлүүлсүгэй.

4. Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 88 дугаар зүйлийн 88.1.3-д зааснаар эрүүгийн 201701000048 тоот хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн НҮБ-ийн 1971 оны “Сэтгэцэд нөлөөлөх бодисын тухай” конвенцийн 2 дугаар жагсаалтанд багтсан дельта-9 тетрагидроканнабинол /delta-9 tethahydrocannabinol/-ын агууламжтай 50 грамм /6.9 грамм дээжилсэн/ бодисыг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц устгасугай.

5. Энэ хэрэгт битүүмжилсэн эд хөрөнгөгүй, шүүгдэгч Э.Дашдэнзэн нь цагдан хоригдоогүй, бусдад төлөх төлбөргүй, түүний иргэний бичиг баримт шүүхэд ирээгүй болохыг тус тус  дурьдсугай.

6. Шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Э.Дашдэнзэнд авсан бусдын батлан даалтанд өгөх таслан сэргийлэх арга хэмжээг өөрчлөн цагдан хорьж, эдлэх ялыг энэ өдрөөс эхлэн тоолсугай.

7. Шийтгэх тогтоол танилцуулан сонсгосноор хүчинтэй болох ба ялтан, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч, хууль ёсны төлөөлөгч нар эс зөвшөөрвөл гардан авснаас хойш 14 хоногийн дотор Орхон аймгийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй.

 

                       ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                            Ш.ЭРДЭНЭЦЭЦЭГ