Дундговь аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2018 оны 10 сарын 24 өдөр

Дугаар 24

 

 

 

 

 

 

 

2018 оны 10 сарын 24 өдөр                             Дугаар 218/МА2018/00024                                                  Сайнцагаан сум

 

Э.Ц, Х.М, М.Т нарын

нэхэмжлэлтэй иргэний хэргийн тухай

 

 

Дундговь аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Ш.Төмөрбаатар даргалж, шүүгч Т.Бямбажав, Ц.Отгонцэцэг нарын бүрэлдэхүүнтэй, тус шүүхийн танхимд нээлттэй хийсэн иргэний шүүх хуралдаанаар 

Дундговь аймаг дахь сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 08 дугаар сарын 23-ны өдрийн 139/ШШ2018/00587 дугаар шийдвэртэй,

Нэхэмжлэгч Э.Ц, Х.М, М.Т нарын нэхэмжлэлтэй,

Хариуцагч Э.Аэд хариуцагдах 11.200.000 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг хариуцагчийн өмгөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлыг үндэслэн 2018 оны 10 дугаар сарын 01-ний өдөр хүлээн авч шүүгч Ц.Отгонцэцэгийн илтгэснээр хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд:

Нэхэмжлэгч Х.М

Нэхэмжлэгчийн өмгөөлөгч С.Төмөрбаатар

Нэхэмжлэгч Э.Ц-ын итгэмжлэгдсэн төлөөлөгч Ч.Х

Хариуцагч Э.А

Хариуцагчийн өмгөөлөгч Д.Дарьсүрэн

Нарийн бичгийн дарга А.Мягмардорж нар оролцов.

 

Нэхэмжлэгч Э.Ц, Х.М, М.Т нар шүүхэд гаргасан нэхэмжлэл, шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Өлзийт сумын иргэн Э.А-тэй бид 2017.01.19-ний өдөр үл хөдлөх хөрөнгө худалдах, худалдан авах гэрээг харилцан тохиролцож байгуулсан. Уг гэрээгээр бидний өмчлөлийн Дундговь аймгийн Сайнцагаан сумын 7-р баг, Худалдааны гудамж 17-р байрны 1 тоотод байрлах 60.28 мкв талбай бүхий 3 өрөө үл хөдлөх хөрөнгийг Э.А нь худалдан авч бидэнд 55000000 төгрөгийг 2017 оны 01 сарын 23-ны өдөр урьдчилгаа 30000000 төгрөг, 2017 оны 11 сарын 15-ны өдөр болон 2018 оны 05 сарын 15-ны өдөр үлдэгдэл 25000000 төгрөгийг хувааж төлөхөөр тохиролцсон юм. Мөн Э.А-ийн хүсэлтээр урьдчилгаа төлбөр болох 30000000 төгрөгийг бидэнд бүрдүүлж өгөхөөр банкны зээлийн барьцаанд тавихыг зөвшөөрч, өмчлөх эрхийн гэрчилгээгээ худалдан авагчид шилжүүлсэн. Гэтэл Э.А нь гэрээнд заасан хугацаанд төлбөрөө төлж барагдуулахгүй үлдэгдэл болох 11200000 төгрөгийг өгөхгүй ямар ч харилцаа холбоогүй алга болсон. Иймд Э.А-ээс гэрээний үнийн үлдэгдэл 11200000 төгрөгийг гаргуулж өгнө үү гэв.

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ч.Х шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Манай хүүхдүүд 2017 оны 01 сарын 19-ний өдөр Авирмэдэд орон сууцаа шилжүүлсэн байдаг. Орон сууц худалдаж авах үедээ хүүхдүүдтэй уулзаж ордероо өөрийнх нь  нэр дээр шилжүүлчих, зээл аваад байрыг нь авна болно бүтнэ гэж явж байгаад байрыг өөрийн нэр дээр шилжүүлсэн байдаг. Өнгөрсөн 

 

 

 

04 сард 2 сантехникчийг дуудаж байр чинь хүйтэн байна. Ийм хүйтэн байранд орсон учраас байрны төлбөрийг бүтнээр нь  өгч чадахгүй 5 сая төгрөгийг хасвал үлдэгдлийг өгнө гэсэн байгаа юм. Хариуцагч урьд нь бас байр буцаасан хүн байна. Тэгээд би энэ хүн бол төлбөр мөнгөө гүйцэд өгөхгүй хүн байна гээд шүүхэд хандаж гэрээний үлдэгдэл төлбөрөө нэхэмжилж байгаа. Гэрээний үлдэгдэл төлбөрөөс  5 сая төгрөг  хасаад төлнө гэж байгааг нь ойлгохгүй байгаа юм. Байрыг бол дулаалж өгнө л гэж ярьсан өөрөөр хэлбэл пасаад  хийж өгнө гэж хэлсэн. Өөр айл байр халахгүй байна гэж ярьж ирдэггүй. Гаднаасаа жиндэж байгаа  байх гээд дулаалж өгнө гэж хэлсэн. Байр огт халахгүй байсан гэдэг бол худлаа. Би нэг удаа очиход Авирмэд эзгүй байсан. Хүүхэд харж байсан гэх Уртнасан гэдэг хүн сайхан дулаахан байна гээд нүцгэн байж байсан би огт халахгүй байна гэдэгт итгэхгүй байгаа. Би 51 ханаар л  тэр байрыг барьсан. Ханыг нь нарийсгаад блок оруулсан юм байхгүй саяхан паарыг нь янзалж өгнө гэж хэлсэн байгаа. Байраа 55 сая төгрөгөөр худалдсан. Үлдэгдэл 11200000 төгрөг нь зөв учир гаргуулж өгнө үү гэв.

Хариуцагч Э.А шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Миний бие 2017 оны 01 сарын 19-ний өдөр үл хөдлөх эд хөрөнгө худалдах, худалдан авах гэрээ байгуулж Сайнцагаан сумын 7-р баг, 14-р байрны 20 тоот хаягт байршилтай 3 өрөө байрыг 55 сая төгрөгөөр худалдан авч, нийт 45 сая төгрөгийг бэлнээр болон дансаар шилжүүлж өгсөн байгаа. Одоо байрны төлбөрийн үлдэгдлээс 11200000 төгрөгийг  төлөөгүй үлдсэн байгаа Намайг анх энэ байрыг худалдан авч нүүж ороход энэ паар нь ажилладаггүй бусад паарнууд нь муу халж байсан. Би тухайн үед халаалт муу байна. Хүйтэн байна гэж хэлэхэд халаалтандаа /уурын зуухандаа/ байгаа гэж хэлсэн. Энэ байр нь халуун усны уурын зуухнаас халдаг бөгөөд эднийх муу халааж байгаа юм байх гэж бодож байсан. Тэгээд тэр хавраас нь манайх хөдөө яваад байрандаа нэг их амьдраагүй. 2018 оны өвөл амьдрахад маш хүйтэн байсан тул энэ барилгыг барьж гүйцэтгэсэн нэхэмжлэгч Х.Мын аав Хишигтогтох гуайг хэд хэдэн удаа дүн өвлийн хүйтэнд дуудаж үзүүлсэн. Ийм хүйтэн байна гэхэд Хишигтогтох гуай ирж үзээд гаднаас чинь пасат хийж хөөсдөж өгье тэгвэл дулаан болох байх гэж хэлсэн. Мөн манай хажуу талын айлууд ч гэсэн хүйтэн байна гэж шаардлага тавьсан бөгөөд Хишигтогтох гуай пасат хийж хөөс гаднаас нь дулаалж өгье гэж хэлээд өдийг хүртэл дулаалж өгөөгүй байгаа. Би тухайн үед худалдаж авахдаа уурын зуух нь сайн галлачих юм бол халаад дулаахан байна гэж найдаж авсан. Гэтэл 2018 оны өвөл өвөлжихдөө халаалтандаа биш гэдгийг ойлгосон. Анх худалдахдаа дулаан байр гэж зарсан. 2 жил өвөлжих хугацаанд маш хүйтэн гэдгийг мэдсэн тул энэхүү байр нь биет байдал чанарын доголдолтой гэж үзэж байгаа учраас гэрээний үнийг бууруулах саналыг тавьж өдийг хүртэл би үлдсэн 11200000 төгрөгийг төлөхгүй байгаа болно. Энэ доголдлыг нэхэмжлэгч тал өөрийн зардлаар арилгаж өгсөн тохиолдолд би гэрээний үлдэгдэл үнийг төлөхөд татгалзах зүйл алга. Мөн 2018 оны 1, 2 сард танайх байраа буцааж ав, би төлсөн мөнгөө буцааж авч гэрээнээс татгалзах саналыг тавьж байсан бөгөөд нэхэмжлэгч тал манайд байраа буцааж авч, та харин гэрчилгээг нь шилжүүлж өг гэсэн. Би төлсөн мөнгөө авсан тохиолдолд шилжүүлж өгье гэсээр өнөөдрийг хүрсэн. Энэ байр бол хүн амьдрахад хэцүү ариун цэврийн өрөө нь муухай үнэртэй, бөөн үстэй хорхойтой, ариутгал хийгээгүй яахыг мэдэхгүй байгаа. Энэ хүмүүс надад хүйтэн байр худалдаж байгаагаа мэдсээр байж ийм өндөр үнээр худалдсан. Хүйтэн байр гэдгээ өөрсдөө ирээд хүлээн зөвшөөрч байсан. Нэхэмжлэгч нар болон Хишигтогтох гуай энэхүү байрны доголдлыг арилгаж, хөөсөөр дулаалж өгнө гэж ярьчихаад энэ үүргээ биелүүлж доголдлоо арилгаж дулаалж өгөөгүй тул миний бие нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй гэв.

 

Анхан шатны шүүх:

 

Иргэний  хуулийн 243 дугаар зүйлийн 243.1-д зааснаар хариуцагч Э.Аээс 11200000 /арван нэгэн сая хоёр зуун мянга/ төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч Э.Ц, Х.М, М.Т нарт олгож,

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 57 дугаар зүйлийн 57.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-т зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 194150 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагчаас 194150 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч нарт олгож шийдвэрлэжээ.

 

Хариуцагчийн өмгөөлөгч давж заалдах гомдолдоо: Миний бие Иргэний хэргийн  анхан шатны шүүхийн 2018 оны 8 сарын 23-ны өдрийн 587 дугаартай шийдвэрийг эс зөвшөөрч хэргийг хянуулахаар дараах үндэслэлээр гомдол гаргаж байна.

Шүүхийн шийдвэрийн үндэслэх хэсэгт:

1.Нэхэмжлэгч М.Т-гийн  эрх ашиг сонирхолыг түүний эцэг  болох Х.М, Э.Ц нар хамгаалан хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцож байгаа нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн  24 дүгээр зүйлйн  24.4 дэх хэсэгт заасантай нийцэж байна гэж үзлээ гэжээ.

Нэхэмжлэгч М.Т нь шүүхэд нэхэмжлэл гаргах үедээ 9 нас 4 сартай байсан болох нь хэрэгт авагдсан баримтаар тогтоогддог бөгөөд Иргэний хуулийн 17 дугаар зүйлийн  17.1 дэх хэсэгт зааснаар иргэний эрх зүйн зарим чадамжтай байна. Иргэний эрх зүйн зарим чадамжтай этгээд нь шүүхэд нэхэмжлэл гаргах эрхгүй ба гаргасан  нэхэмжлэлийг  хүлээн авахаас татгалзах ёстой. Гэтэл анхан шатны шүүх нэхэмжлэлийг хүлээн  авч Иргэний хэрэг үүсгэн холбогдох ажиллагаа явуулан  хэргийг шийдвэрлэхдээ эрх зүйн  зарим чадамжтай иргэний эрх ашгийг  түүний эцэг эх хамгаалан оролцож байгаа нь хуульд нийцсэн  хэмээн Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийг буруу тайлбарлан хэрэглэсэн хэмээн үзэж байна.

Иргэний хэрэг  шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 24 дүгээр зүйлийн  24.4 дэх заалт нь эрх зүйн  зарим чадамжтай иргэнийг нэхэмжлэл хүсэлт, гомдол гаргах хэлбэрээр эрх ашгийг нь хамгаалах заалт ба харин 9 настай хүүхдийн гаргасан нэхэмжлэлийн хүрээнд төлөөлөх асуудалд хамаарахгүй юм. Иймд нэхэмжлэл гаргах эрхгүй этгээдийн гаргасан нэхэмжлэлийг хүлээн  авч шийдвэрлэсэн шүүхийн 2018 оны 8 сарын 23-ны өдрийн 587 дугаартай шийдвэрийг хүчингүй болгон  нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгон  шийдвэрлэж өгнө үү гэжээ.

 

Хариуцагчийн өмгөөлөгч Давж заалдах шатны шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Шүүхэд нэр бүхий гурван нэхэмжлэгч нэхэмжлэл гаргасан. Анхан шатны шүүх нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж шийдвэрлэсэн нь Иргэний хууль болон Иргэний хэрэг хянан шийдвэрлэх хуулийг буруу тайлбарлаж хэрэглэсэн гэж үзэж байна. Нэхэмжлэгч М.Т шүүхэд нэхэмжлэл гаргах үед 9 нас 4 сартай байсан ба түүнийг оролцуулсан ажиллагаа шүүхээс огт явагдаагүй. Иргэний хуулийн 15-р зүйлд иргэний эрх зүйн бүрэн чадамж 18 наснаас бий болно гэсэн байгаа. Мөн зарим чадамжийн талаар тодорхой заасан. Иймд шүүх нэхэмжлэл гаргах эрхгүй этгээдийн  нэхэмжлэлийг хүлээн  авч шийдвэрлэсэн нь хууль зүйн үндэслэлгүй болсон учир анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэв.

 

Нэхэмжлэгчийн өмгөөлөгч Давж заалдах шатны шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:  Анхан шатны шүүхийн 2018 оны 08 дугаар сарын 23-ны өдрийн шийдвэр нь үндэслэлтэй гэж үзэж байна. Нэхэмжлэлийн шаардлага гаргах үед Т 9 нас 4 сартай байсан нь үнэн. Иргэний хуулийн 17 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт 14 хүртэлх насны хүүхэд эрх зүйн зарим чадамжтай байна,  мөн  хуулийн  2 дахь хэсэгт “...тэдгээрийн нэрийн  өмнөөс хууль ёсны төлөөлөгч /эцэг, эх, асран хамгаалагч/ төлөөлнө гэж заасан.  Тэгэхээр М.Т-г эцэг эх нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 24 дүгээр зүйлийн 4 дэхь хэсэгт зааснаар төлөөлж оролцож болно гэж үзэж байна.  Иймд анхан шатны шүүхийн  шийдвэрийг  хэвээр үлдээж өгнө үү гэв.  

 

 

 

 

ХЯНАВАЛ:

 

Анхан шатны шүүх хэргийн үйл баримтыг зөв тодорхойлж, хэрэгт авагдсан нотлох баримтыг хуульд заасны дагуу үнэлж хэргийг шийдвэрлэсэн байх ба шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх хуулийн шаардлагад нийцсэн байна.

Э.Ц, Х.М, М.Т  нарын шүүхэд гаргасан нэхэмжлэлд  2017.01.19-ний өдөр үл хөдлөх хөрөнгө худалдах, худалдан авах гэрээгээр Дундговь аймгийн Сайнцагаан сумын 7-р багийн  Худалдааны гудамжинд байрлах 17-р байрны 1 тоот 60.28 мкв талбай бүхий 3 өрөө орон сууцыг 55000000 төгрөгөөр худалдаж, үл хөдлөх хөрөнгийн гэрчилгээгээр өмчлөх эрхийг Э.А-д шилжүүлсэн гэх үйл баримтыг дурдаад орон сууцны үнийн үлдэгдэл төлбөр болох 11200000 төгрөгийг Э.А-ээс гаргуулах шаардлага гаргажээ.

 

Хариуцагч тухайн орон сууц хүйтэн, чанарын доголдолтой учир үлдэгдэл мөнгийг төлөхийг хүлээн зөвшөөрөхгүй гэж маргажээ.

 

Зохигчдын тайлбар болон хавтаст хэрэгт цугларсан баримтаар маргаан бүхий орон сууцны өмчлөх эрх нь үл хөдлөх хөрөнгө худалдах худалдах авах гэрээний үндсэн дээр Э.А-ийн өмчлөлд шилжсэн болох нь тогтоогдсон. Тухайн үл хөдлөх хөрөнгө биет байдал болон чанарын доголдолтой гэдэг нь хэрэгт авагдсан нотлох баримтаар тогтоогдоогүй гэсэн анхан шатны шүүхийн дүгнэлт үндэслэлтэй байна.

 

Нэхэмжлэгч М.Т 9 настай бөгөөд Иргэний хуулийн 17 дугаар зүйлийн 17.1 дэх хэсэгт зааснаар иргэний эрх зүйн зарим чадамжтай байна. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 65 дугаар зүйлийн 65.1.4 дэх хэсэгт нэхэмжлэгч нь эрх зүйн бүрэн чадамжгүй этгээд байвал шүүх нэхэмжлэлийг хүлээн авахаас татгалзах талаар хуульчилсан байх боловч уг хуулийн 24 дүгээр зүйлийн 24.4 дэх хэсэгт Иргэний эрх зүйн зарим чадамжтай этгээдийн эрх, эрх чөлөө, хуулиар хамгаалагдсан ашиг сонирхлыг тэдгээрийн эцэг, эх, асран хамгаалагч шүүхэд хамгаална гэж, 33 дугаар зүйлийн 33.1 дэх хэсэгт иргэний эрх зүйн зарим чадамжтай этгээдийг төлөөлөх эрх бүхий этгээд нь бүрэн эрхийг нотолсон баримт бичгийг шүүхэд үзүүлнэ гэжээ.

Хавтаст хэргийн 5 дугаар хуудсанд М.Т-гийн төрсний бүртгэлийн лавлагаагаар түүний эцэг нь Х.М, эх нь Э.Ц болох нь тогтоогдсон бөгөөд энэхүү баримт бичгээр түүний эцэг, эх шүүхэд төлөөлөх эрх нь баталгаажсан байна гэж үзэв. Маргаж буй орон сууцны өмчлөгч М.Т байсан нь хэрэгт авагдсан үл хөдлөх хөрөнгийн гэрчилгээгээр нотлогдсон бөгөөд М.Т  өөрийн өмчлөлийн зүйлийн талаар шүүхэд нэхэмжлэл гаргасан нь хуульд нийцсэн бөгөөд анхан шатны шүүх үндэслэлтэй дүгнэлт хийж хэргийг шийдвэрлэсэн байх тул энэ талаар гаргасан хариуцагчийн  өмгөөлөгчийн давж заалдах гомдол үндэслэлгүй байна.

Иймд Давж заалдах шатны шүүх хариуцагчийн өмгөөлөгчийн гомдлыг хангахгүй орхиж, шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээхээр тогтов.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.1-т заасныг удирдлага  болгон  ТОГТООХ нь:

1.Дундговь аймаг дахь сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 08 дугаар сарын 23-ны өдрийн 139/ШШ2018/00587 дугаар шийдвэрийг хэвээр үлдээж, хариуцагчийн өмгөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхисугай.

 

2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 162 дугаар зүйлийн 162.4 дэх хэсэгт зааснаар хариуцагчийн давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 194200 /нэг зуун ерэн дөрвөн мянга хоёр зуун/ төгрөгийг орон нутгийн орлогод хэвээр үлдээсүгэй.

3. Давж заалдах шатны шүүхийн магадлалд Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 172 дугаар зүйлийн 172.2-д заасан үндэслэлээр зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч энэ хуулийн 167 дугаар зүйлийн 167.4-т заасны дагуу магадлалыг гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Улсын дээд шүүхэд хяналтын журмаар гомдол гаргах эрхтэйг дурдсугай.

 

 

 

 

         ДАРГАЛАГЧ                              Ш.ТӨМӨРБААТАР

                                              ШҮҮГЧИД                              Т.БЯМБАЖАВ  

       Ц.ОТГОНЦЭЦЭГ