Завхан аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн Тогтоол

2021 оны 10 сарын 27 өдөр

Дугаар 140/ШШ2021/00389

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Завхан аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Э.Оюун-Эрдэнэ даргалж, тус шүүхийн ерөнхий шүүгч Ш.Одонзул, шүүгч Т.Балжинням нарын бүрэлдэхүүнтэйгээр тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар,

Нэхэмжлэгч: Завхан аймгийн сумын баг ******* тоотод оршин суух овгийн *******ын ******* /РД*******/-ны нэхэмжлэлтэй

Хариуцагч: Завхан аймгийн сумын баг ******* тоотод оршин суух овгийн *******ын ******* /РД:*******/-т холбогдох

Т.*******, Ч.*******, Ц. нарын нэр төрд үндэслэлгүйгээр халдсан үйлдлээ хүлээн зөвшөөрч сумын иргэд олон нийтийн өмнө уучлалт гуйлгах,

нэр төрд халдсан сэтгэл санааны хохиролд Т.*******, Ч.*******, Ц. нарт тус бүр 10.000.000 төгрөг нийт 30.000.000 төгрөг гаргуулах,

Б.*******ын гомдол гаргасантай холбогдуулан сумаас Улиастай сумд ирж байцаалт өгөхөд гарсан зардал болох бензиний зардал Т.*******д 160.000 төгрөг, Ц.д 172.000 төгрөг буудал болон хоолны мөнгө 300.000 төгрөг нийт 632.000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг 2021 оны 5 дугаар сарын 12-ны өдөр хүлээн авч, 2021 оны 5 дугаар сарын 19-ний өдөр иргэний хэрэг үүсгэн хянан хэлэлцлээ.

Шүүх хуралдаанд: нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б., хариуцагч Б.******* /онлайнаар/, хариуцагчийн өмгөөлөгч Б., нарийн бичгийн дарга Г.Эрдэнэжаргал нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б. шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Өнөөдрийн шүүх хуралдаанд нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчөөр оролцож байна. Хариуцагч Б.******* нь огт үндэслэлгүйгээр 2020 оны 11 дүгээр сарын 11-ний өдөр Т.*******, Ч.*******, Ц.Очирбат нарыг ёс зүйгүй үйлдэл гаргаж олон нийтийг үл хүндэтгэн танхайрсан гэж цагдаагийн байгууллагад өгсөн байдаг. Цагдаагийн байгууллагаас Т.*******, Ч.*******, Ц.Очирбат нарт холбогдуулан 2023000246 дугаартай зөрчлийн хэрэг нээж шалгаад шалгалтын ажиллагааг дуусгаад 2020 оны 10 дугаар сарын 18-ны өдрийн мөрдөгчийн тогтоолоор дээрх зөрчлийн хэргийг хэрэгсэхгүй болгосон.

Б.******* үндэслэлгүйгээр Т.*******, Ч.*******, Ц.Очирбат нарын ажил хэргийн нэр хүндэд зориудаар халдаж сумын иргэд олон нийтийн дунд илт буруу ойлголт төрүүлж нэр хүндийг нь унагаах үйлдэл гаргасан тул гомдолтой байна гээд Б.*******ыг нэр хүндэд үндэслэлгүйгээр халдсан гэдгээ хүлээн зөвшөөрч сумын иргэд олон нийтийн өмнө Т.*******, Ч.*******, Ц.Очирбат нараас албан ёсоор уучлал гуйлгах, нэр төрд халдсан сэтгэл санааны хохирол Т.*******, Ч.*******, Ц. нарт тус бүр 10.000.000 төгрөг нийт 30.000.000 төгрөг гаргуулах, Б.*******ын гаргасан гомдолтой холбогдуулан сумаас Улиастай сумд ирж байцаалт өгөхөд гарсан зардал болох Т.*******д 160.000 төгрөг, Ц.д 172.000 төгрөг, хоол унааны мөнгө нийт 300.000 төгрөг нийт 632.000 төгрөгийг нөхөн гаргуулж хохиролгүй болгох нэхэмжлэлийн шаардлага гаргасан. Уг нэхэмжлэлийн шаардлагыг дэмжиж оролцож байна гэв.

Хариуцагч Б.******* шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Тухайн өдөр Улсын их хурлын гишүүн Б. ирж иргэдтэй уулзалт хийсэн. Тэр үед Улсын их хурлын гишүүн Б., Т.******* дарга нарын хооронд маргаан гарсан. Б. гишүүн Т.*******ыг бичлэг хийлээ гэж цагдаа дуудсан. Цагдаа ирж Т.*******ы утсан дээрх бичлэгийг устгуулсан. Би тэр үед хараад сууж байсан. Би тэр хурал дээр сууж байхдаа цагдаа дуудаагүй. Би тэр хурал дээр Т.******* даргатай нэг ч үг дуугараагүй. Тухайн үед Улсын их хурлын гишүүн Б. цагдаад дуудлага өгсөн. Намайг намын дэд дарга гэдэг үүднээс хариуцагчаар оролцуулж авсан.

Би тэр хуралд сууж байхдаа цагдаад дуудлага өгөөгүй. Би тэр хурал дээр олон зүйл ярьж хүний нэр хүндэд халдсан зүйл байхгүй. Зүгээр байж байгаад ийм гэмт хэрэг холбогдсондоо гомдолтой байна гэв.

Шүүх хуралдаанаар нэхэмжлэгчийн нэхэмжлэл, хариуцагчийн хариу тайлбар, гэрчүүдийн мэдүүлэг болон хэрэгт цугларсан бичгийн нотлох баримтуудыг шинжлэн судлаад

ҮНДЭСЛЭХ нь:

Нэхэмжлэгч Т.******* нь хариуцагч Б.*******т холбогдуулан Т.*******, Ч.*******, Ц. нарын нэр төрд үндэслэлгүйгээр халдсан үйлдлээ хүлээн зөвшөөрч сумын иргэд олон нийтийн өмнө уучлалт гуйлгах, нэр төрд халдсан сэтгэл санааны хохиролд Т.*******, Ч.*******, Ц. нарт тус бүр 10.000.000 төгрөг нийт 30.000.000 төгрөг гаргуулах, Б.*******ын гомдол гаргасантай холбогдуулан сумаас Улиастай сумд ирж байцаалт өгөхөд гарсан зардал болох бензиний зардал Т.*******д 160.000 төгрөг, Ц.д 172.000 төгрөг буудал болон хоолны мөнгө 300.000 төгрөг нийт 632.000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлага гаргажээ.

Хариуцагч Б.******* нь нэхэмжлэгч Т.*******ы гаргасан нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй гэж маргаж байна.

Нэг. Хариуцагч Б.*******т холбогдуулан Т.*******, Ч.*******, Ц. нарын нэр төрд үндэслэлгүйгээр халдсан үйлдлээ хүлээн зөвшөөрч сумын иргэд, олон нийтийн өмнө уучлалт гуйлгах тухай нэхэмжлэлийн шаардлагын тухайд:

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсөн төлөөлөгч Б. нь шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: ... 2020 оны 10 дугаар сарын 15-ны өдөр сонгууль болж байсан тэр үеэр болсон үйл явдал. Сонгуульд нэр дэвшиж сурталчилгаа явуулж байх үед Б.*******ын зүгээс Т.******* /сумын Засаг дарга/, Ч.******* /багийн Засаг дарга/, Ц. /багийн Засаг дарга/ нар сонгуульд нэр дэвшин сурталчилгааны үйл ажиллагаагаа эхлүүлээд явж байхад олон нийтийн газар ёс зүйгүй үйлдэл гаргаж танхайрсан гэж цагдаагийн байгууллагаар шалгуулсан учраас нэр төрд халдсан гэж үзэж байгаа ... гэж тайлбарлаж байна.

Хариуцагч Б.******* шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: ... Улсын их хурлын гишүүн Б. цагдаад дуудлага өгсөн. Би цагдаад дуудлага өгөөгүй. Тухайн үед намын дарга нь байхгүй байсан учраас надаас мэдүүлэг авсан ... гэж тайлбарлаж байна.

Монгол Улсын Үндсэн хуулийн 17 дугаар зүйлийн 1-т Монгол Улсын иргэн шударга, хүнлэг ёсыг эрхэмлэн дараахь үндсэн үүргийг ёсчлон биелүүлнэ гээд 1.2-т хүний нэр төр, алдар хүнд, эрх, хууль ёсны ашиг сонирхлыг хүндэтгэх гэж тунхагласан бөгөөд Иргэний эрх зүйгээр иргэний нэр, нэр төр, алдар хүнд, ажил хэргийн нэр хүндийг хамгаалахаар бататган зохицуулжээ.

Нэр төр гэж тухайн иргэний ёс зүй, зан суртахуун, ажил үйлс, мэргэжлийн шинжийн талаархи эерэг үнэлгээ бөгөөд тухайн хүнд хамааралтай, бусдад шилжүүлж, дамжуулж болдоггүй эдийн бус баялаг гэж ойлгож болно.

Иргэний хуулийн 21 дүгээр зүйлийн 21.2-т Иргэний нэр, нэр төр, алдар хүнд, ажил хэргийн нэр хүндийг гутаасан мэдээ тараасан этгээд түүнийхээ үнэн зөвийг нотолж чадахгүй бол эрх нь зөрчигдсөн этгээдийн шаардлагаар мэдээг тараасан хэлбэр, хэрэгсэл, эсхүл өөр хэлбэр, хэрэгслээр няцаах үүрэг хүлээнэ гэж иргэний нэр, нэр төр, алдар хүнд, ажил хэргийн нэр хүндийг хамгаалахаар заажээ.

Үнэн зөв, бодит байдалд нийцээгүй, тухайн иргэн, хуулийн этгээдийг хууль болон ёс суртахууны хэм хэмжээ зөрчсөн, буруу, шударга бус үйлдэл хийсэн гэх мэдээллийг өөр хэн нэгэн этгээдэд тарааснаар /түгээснээр/ тухайн иргэний нэр, нэр төр, алдар хүнд, ажил хэргийн нэр хүндэд сөргөөр нөлөөлж үнэлэмжийг доройтуулсан байхыг иргэний нэр, нэр төр, алдар хүнд, ажил хэргийн нэр хүндийг гутаасан байна гэж үзэхээр байна.

Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1-т Бусдын эрх, амь нас, эрүүл мэнд, нэр төр, алдар хүнд, ажил хэргийн нэр хүнд, эд хөрөнгөд хууль бусаар санаатай буюу болгоомжгүй үйлдэл /эс үйлдэхүй/-ээр гэм хор учруулсан этгээд уг гэм хорыг хариуцан арилгах үүрэгтэй гэж хуульчилсан.

Хариуцагч Б.*******ын хууль бус, санаатай буюу болгоомжгүй үйлдэл, эс үйлдэхүйгээр нэхэмжлэгч Т.*******, Ч.*******, Ц. нарын нэр төрд гэм хор учруулсан байхыг шаардаж байна.

Иргэний хуулийн 511 дүгээр зүйлийн 511.1-т Бусдын нэр төр, алдар хүнд, ажил хэргийн нэр хүндийг гутаасан мэдээ тараасан этгээд түүнийгээ бодит байдалд нийцэж байгааг нотолж чадахгүй бол эд хөрөнгийн хохирол арилгасныг үл харгалзан, эдийн бус гэм хорыг мөнгөн болон бусад хэлбэрээр арилгах үүрэг хүлээнэ гэж хуульчилсан.

Хариуцагч Б.******* нь нэхэмжлэгч Т.*******, Ч.*******, Ц. нарын нэр төрийг гутаасан мэдээ тараасан /түгээсэн/ байхыг шаардаж байна.

Хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтуудаар хариуцагч Б.******* нь нэхэмжлэгч Т.*******, Ч.*******, Ц. нарын нэр төрийг гутаасан мэдээ тараасан /түгээсэн/, тухайн мэдээг тарааснаар /түгээснээр/ нэхэмжлэгч Т.*******, Ч.*******, Ц. нарын нэр төрд гэм хор учирсан байдал нотлогдохгүй байна.

Өөрөөр хэлбэл хариуцагч Б.******* зориудаар санаатай болон болгоомжгүй байдлаар нэхэмжлэгч Т.*******, Ч.*******, Ц. нарын нэр төрийг гутаасан мэдээлэл тарааж /түгээж/ тэдний нэр төрд үндэслэлгүйгээр халдаж, үнэлэмжийг доройтуулсан байна гэж үзэх нотлох баримт хэрэгт авагдаагүй болно.

Завхан аймгийн Цагдаагийн газарт ирүүлсэн 2020 оны 10 дугаар сарын 11-ний өдөр Улсын их хурлын гишүүн Б. тус сумын иргэдтэй уулзалт хийж байх үед тус сумын Засаг дарга Т.*******, багийн дарга Ч.*******, Ц. нар нь ёс зүйгүй үйлдэл гаргаж, олон нийтийг үл хүндэтгэн танхайрлаа гэх гомдол гаргасныг нэхэмжлэгч Т.*******, Ч.*******, Ц. нарын нэр төрийг гутаасан, нэр төрд үндэслэлгүйгээр халдсан мэдээ тараасан байна гэж үзэх үндэслэлгүй байна.

Нөгөөтэйгүүр хариуцагч Б.*******ын Цагдаагийн байгууллагад гаргасан гэх дээрхи гомдол, мэдээлэл нь нийгмийн хэв журам, аюулгүй байдал зөрчсөн байж болзошгүй талаар шалгуулахаар цагдаагийн байгууллагад хандах эрхээ хэрэгжүүлснийг нэхэмжлэгч Т.*******, Ч.*******, Ц. нарын нэр төрд үндэслэлгүйгээр халдсан, нэр төрийг гутаасан мэдээ, мэдээлэл тараасан /түгээсэн/ байна гэж үзэх боломжгүй байна.

Түүнчлэн санаа зорилгын хувьд хариуцагч Б.******* нь нэхэмжлэгч Т.*******, Ч.*******, Ц. нарын нэр төрийг гутаах, нэр төрийг гутаасан мэдээ тараах, нэр төрд үндэслэлгүйгээр халдах гэсэн санаа зорилго агуулаагүй, харин Т.*******, Ч.*******, Ц. нарыг нийгмийн хэв журмыг зөрчсөн, олон нийтийг үл хүндэтгэн танхайрсан байж болзошгүй үйлдэл гаргасан эсэхийг шалгуулах зорилготой байсан гэж үзэхээр байна.

Хэргийг шийдвэрлэхэд хариуцагч Б.*******ын цагдаагийн байгууллагад хандах болсон санаа зорилгыг харгалзан үзэх нь зүйтэй гэж үзсэн болно.

Иймд хариуцагч Б.*******т холбогдуулан нэр төрд үндэслэлгүйгээр халдсан үйлдлээ хүлээн зөвшөөрч сумын иргэд, олон нийтийн өмнө уучлалт гуйлгах тухай нэхэмжлэгч Т.*******, Ч.*******, Ц. нарын нэхэмжлэлийн шаардлагын хэрэгсэхгүй болгох нь зүйтэй байна гэж шүүх бүрэлдэхүүн үзлээ.

Хоёр. Нэр төрд халдсан сэтгэл санааны хохиролд 30.000.000 төгрөг гаргуулах, буудал, хоол, бензиний зардал нийт 632.000 төгрөг гаргуулах нэхэмжлэлийн шаардлагын тухайд:

Нэхэмжлэгч Т.*******, Ч.*******, Ц. нар нь өөрсдийн нэр төрд халдсан сэтгэл санааны хохиролыг ямар шалгуур үзүүлэлтээр, юуг үндэслэн 30.000.000 төгрөгөөр үнэлж хариуцагч Б.*******аас нэхэмжилж байгаа нь тодорхойгүй, сэтгэл санаанд учирсан хохирлын үр дагавар нь баримтаар нотлогдохгүй байна.

Зөрчил шалган шийдвэрлэх тухай хуулийн 3.1 дүгээр зүйлийн 3 дахь хэсгийн 3.1-т зааснаар зөрчилд холбогдогч нь Шүүх, прокурор, эрх бүхий албан тушаалтны дуудсан цагт хүрэлцэн ирэх үүрэгтэй гэж, мөн хуулийн 6.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.2-т Хүн, хуулийн этгээд, албан тушаалтнаас зөрчлийн талаар гомдол гаргасан, эсхүл мэдээлсэн бол эрх бүхий албан тушаалтан прокурорын нэгдсэн бүртгэлд бүртгүүлж, зөрчил шалган шийдвэрлэх ажиллагаа явуулна гэж заажээ.

Цагдаагийн албаны тухай хуулийн 2 зүйлийн 24.2-т Цагдаагийн алба хаагч гэмт хэрэг, зөрчлийн мэдээллийг шалгахдаа тайлбар авах зорилгоор хүн, хуулийн этгээдийн төлөөллийг цагдаагийн байгууллагад дуудаж болно гэж заасан.

Өөрөөр хэлбэл Цагдаагийн байгуллагад гэмт хэрэг, зөрчлийн талаар хэн ч гомдол, мэдээлэл гаргаж болох бөгөөд тухайн гомдол мэдээллийг цагдаагийн байгууллага шалган, шийдвэрлэх, шаардлагатай бол зөрчилд холбогдогчийг дуудан ирүүлж тайлбар авч болохоор хуульчилжээ.

Нэхэмжлэгч Т.*******, Ч.*******, Ц. нарын Цагдаагийн байгууллагын дуудсан хугацаанд ирж тайлбар, мэдүүлэг өгөхөд гарсан хоол, буудал, бензиний зардлыг хариуцагч Б.*******аас гаргуулах үндэслэлгүй байна гэж үзлээ.

Иймд хариуцагч Б.*******т холбогдуулан нэр төрд халдсан сэтгэл санааны хохиролд нийт 30.000.000 төгрөг гаргуулах, буудал, хоол, бензиний зардал нийт 632.000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэгч Т.*******, Ч.*******, Ц. нарын нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгохоор шийдвэрлэв.

Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад хариуцагч Б.*******ын хүсэлтээр нэр бүхий гэрчүүдэд үнэн зөв мэдүүлэг өгөх хуулиар хүлээсэн үүрэгтэйг тайлбарлаж хууль сануулж авсан гэрчийн мэдүүлгүүд болох:

Гэрч Н.ы өгсөн мэдүүлгийн: ... би 2020 оны 10 дугаар сарын 11-ний өдөр зохион байгуулагдсан Улсын их хурлын гишүүн Б.ы тайлан танилцуулах хуралд ажлын алба төлөөлөн оролцсон ... Засаг дарга Т.******* болон иргэдийн хурлын дарга нар нь хажууд нь сууж оролцсон ... иргэдээс асуулт, хариултын үе эхлэхэд Т.******* Засаг дарга асуулт асуусан иргэнд уурлаж эхэлсэн ... энэ үед Засаг дарга утсаа гаргаж ирээд иргэн рүү хандан бичлэг хийж эхэлсэн ... би иргэдийн хамт зааланд сууж байхад иргэд илт дургүйцэж, бичлэг хийгээд иргэдийг дарамталдаг асуудал гаргадаг гэж хэлсэн ... Т.******* микрофон булаан авч иргэдийг ууртайгаар загнаж эхэлсэн ... Т.******* уурлаж, маш их бухимдаж ганцаараа хурлын индэр дээрээс орилж эхэлсэн /утсаа барьсан хэвээр/ ... би хэсгийн төлөөлөгчийг дуудаж Засаг даргын утсыг шалгаад иргэний зөвшөөрөлгүй бичлэг хийсэн байвал та устгана уу гэж хэлсэн ... хэсгийн төлөөлөгч шалгаж утсан дээр байсан бичлэгийг устгасан ... хурлын үеэр Б.******* нь Т.*******, Ч.*******, Ц. нарыг загнах, гүтгэх, ёс зүйгүй үйлдэл огт гаргаагүй, хурлын турш ёс зүйгүй үйлдэл гаргасан хүн нь Т.******* байсан ... хурлын дараа замбараагүй байдал үүсэж, Улсын их хурлын гишүүн аймгийн Цагдаагийн газар руу утсаар ярьж мэдэгдсэн ... гэх хэсэг /хх-ийн 43-45/,

Гэрч В.ийн өгсөн мэдүүлгийн: ... Улсын их хурлын гишүүн Б. та яриагаа түр хүлээж бай сумын засаг дарга чинь бичлэг хийгээд болохгүй байна гэсэн ... гишүүн сумын хэсгийн төлөөлөгч, цагдаа байна уу гэхэд манай сумын хэсгийн төлөөлөгч гаднаас орж ирсэн болов уу хажууд нь байсан ... Т.******* даргын утсыг аваад бичлэг байсан үгүйг нь шалгаад утсыг нь буцаагаад өгсөн ... гэх хэсэг /хх-ийн 52-53/,

Гэрч Д.ын өгсөн мэдүүлгийн: ...би хурал нээх л үүрэгтэй байсан ... Б.******* нь тэр хуралд Т.*******, Ч.*******, Ц. нарын нэр хүндэд халдсан зүйл гаргаагүй ... тайлан тавьж эхлээд 20-иад минутын дараа сумын Засаг дарга Т.*******, иргэдийн төлөөлөгчдын хурлын дарга Анард нар гаднаас орж ирсэн ... орж ирээд хурлын индэрт суусан ... хурал үргэлжлээд явж байтал Т.******* дарга 2-3 удаа зураг аваад, бичлэг хийсэн юм байна лээ ... Б. гишүүн эхлээд сануулсан ... Б. гишүүн сумын хэсгийн төлөөлөгч ыг дуудаж энэ хүний хийсэн бичлэгийг устгуул гэсэн ... бас туслахаа дуудсан ... гэх хэсэг /хх-ийн 54-55/,

Гэрч Ш.ийн өгсөн мэдүүлгийн: ... Б. гишүүн Засаг дарга Т.******* чинь утсаар бичлэг хийгээд байна гэсэн ... тэгээд маргалдсан ... гишүүн цагдаа дууд гээд цагдаа орж ирээд Т.******* даргын утсыг аваад бичлэг хийсэн байна, устгачихлаа гэсэн ... цагдаа хэн дуудсныг мэдэхгүй гэнэтхэн цагдаа ороод ирсэн ... гэх хэсэг /хх-ийн 56-57/,

Гэрч П.ын өгсөн мэдүүлгийн: ... манай багийн малчин Шувуун харуул гээд алтны уурхайн талаар Улсын их хурлын гишүүн Б.аас асуулт асууж байсан чинь Засаг дарга бичлэг хийгээд хурал завсарлаад гаднаас цагдаа орж ирээд Т.******* даргын утсыг аваад хийсэн бичлэгийг нь устгасан ... цагдаа хэн дуудсаныг мэдэхгүй ... гэх хэсэг /хх-ийн 58-69/ зэрэг мэдүүлгүүд хэрэгт авагджээ.

Гэрч Н., В., Д., Ш., П. нарын өгсөн мэдүүлгээр Завхан аймгийн Цагдаагийн газраас зөрчил гаргасан гэх Т.*******, Ч.*******, Ц.Очирбат нарыг шалгаж, зөрчлийн хэрэг нээж, зөрчлийн хэрэг бүртгэлт явуулж, зөрчлийн шинжгүй гэх үндэслэлээр 2020 оны 10 дугаар сарын 28-ны өдөр Зөрчлийн хэргийг хэрэгсэхгүй болгох тухай тогтоол /хх-ийн 4/ гарсан болох нь нотлогдож байна.

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б. шүүхийн хэлэлцүүлэгт: ... Тэр үед сонгууль болж байсан учраас Б.******* айл бүрээр орж Т.*******, Ч.*******, Ц.Очирбат нарыг цагдаагийн байгууллагаар шалгагдаж байгаа гэж Т.******* хурал дээр согтуу хурал үймүүлсэн гэж ярьсан байдаг ... энэ талаар гэрч асуулгах гэсэн боловч Т.*******ы зүгээс гэрч асуулгаж амжаагүй ... гэж тайлбарлаж байна.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.2-т зааснаар нэхэмжлэгч нь шүүхэд гаргасан нэхэмжлэлийн шаардлага, түүнийг үгүйсгэх татгалзах үндэслэл, тайлбар түүнтэй холбоотой баримтыг өөрөө нотлох, нотлох баримтыг цуглуулах гаргаж өгөх мөн хуулийн 38 дугаар зүйлийн 38.1-т зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч нь өөрийн шаардлага ба татгалзлын үндэс болж байгаа байдлын талаарх нотлох баримтаа өөрөө гаргаж өгөх, цуглуулах үүрэгтэй гэж тус тус заажээ.

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөлөөгч Б.од хуулиар хүлээсэн дээрх эрх, үүргийг 2021 оны 6 дугаар сарын 29-ний өдөр шүүхээс тайлбарлан танилцуулсан /хх-ийн 18/ болохыг дурдах нь зүйтэй байна.

Хэрэгт авагдсан дээрхи баримтууд нь бичмэл нотлох баримтын шаардлага хангасан, хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, үнэн зөв, шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн баримт гэж шүүх үнэлсэн болно.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 76 дугаар зүйлийн 76.1.2-т заасны дагуу иргэдийн төлөөлөгч С.Ёслолд шүүх хуралдааны товыг 2021 оны 8 дугаар сарын 18-ны өдөр мэдэгдсэн боловч ирээгүй байна.

Нэхэмлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б., хариуцагч Б.Наранбатар, хариуцагчийн өмгөөлөгч Б. нар нь шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа иргэдийн төлөөлөгч С.Ёслолыг шүүх хуралдаанд оролцуулахгүйгээр хэргийг шийдвэрлэх боломжтой гэж тайлбарлаж байна.

Иймд Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 100 дугаар зүйлийн 100.8-д зааснаар иргэдийн төлөөлөгч С.Ёслолыг шүүх хуралдаанд оролцуулахгүйгээр хэргийг хянан шийдвэрлэсэн болно.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 57 дугаар зүйллийн 57.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2-т зааснаар нэхэмжлэгч Т.*******, Ч.*******, Ц. нарын улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 311.110 төгрөгийг төрийн сангийн орлогод хэвээр үлдээх нь зүйтэй байна.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.3, 116, 118, 119 дүгээр зүйлүүдийг удирдлага болгон

ТОГТООХ нь:

1.    Иргэний хуулийн 21 дүгээр зүйлийн 21.2, 497 дугаар зүйлийн 497.1, 511 дүгээр зүйлийн 511.1-т тус тус зааснаар хариуцагч Б.*******т холбогдох нэрд төрд үндэслэлгүйгээр халдсан үйлдлээ хүлээн зөвшөөрч сумын иргэд, олон нийтийн өмнө уучлалт гуйлгах,

нэр төрд халдсан сэтгэл санааны хохиролд Т.*******, Ч.*******, Ц. нарт тус бүр 10.000.000 төгрөг нийт 30.000.000 төгрөг гаргуулах,

сумаас Улиастай сумд ирж байцаалт өгөхөд гарсан зардал болох бинзений зардал Т.*******д 160.000 төгрөг, Ц.д 172.000 төгрөг буудал болон хоолны мөнгө 300.000 төгрөг нийт 632.000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэгч Т.*******, Ч.*******, Ц. нарын нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 57 дугаар зүйллийн 57.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2-т зааснаар нэхэмжлэгч Т.*******, Ч.*******, Ц. нарын улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 311.110 төгрөгийг төрийн сангийн орлогод хэвээр үлдээсүгэй.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2-т зааснаар шүүхийн шийдвэр танилцуулан сонсгомогц хуулийн хүчинтэй болохыг мэдэгдсүгэй.

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7-т зааснаар шийдвэр хүчинтэй болсноос хойш 14 хоногийн дотор бичгийн хэлбэрээр гарах бөгөөд ийнхүү гарснаас хойш шүүх хуралдаанд оролцсон тал нь 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийн хувийг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь давж заалдах шатны журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд шийдвэрийг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг дурдсугай.

5. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч нь анхан шатны шүүхийн шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авснаас хойш 14 хоногийн дотор Завхан аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Э.ОЮУН-ЭРДЭНЭ

ШҮҮГЧ Ш.ОДОНЗУЛ

ШҮҮГЧ Т.БАЛЖИННЯМ