| Шүүх | Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Дашнямын Доржсүрэн |
| Хэргийн индекс | 187/2024/0157/Э |
| Дугаар | 2024/ШЦТ/192 |
| Огноо | 2024-03-11 |
| Зүйл хэсэг | 11.6.1., |
| Улсын яллагч | Л.Төгсжаргал |
Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол
2024 оны 03 сарын 11 өдөр
Дугаар 2024/ШЦТ/192
Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Д.Доржсүрэн даргалж,
шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Д.Баасандорж,
улсын яллагч Л.Төгсжаргал,
шүүгдэгч *** нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны “Д” танхимд нээлттэй явуулсан шүүх хуралдаанаар:
Хан-Уул дүүргийн прокурорын газрын хяналтын прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт *** холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн эрүүгийн 2310009800683 дугаартай, 1 хавтаст хэргийг 2024 оны 02 дугаар сарын 21-ний өдөр хүлээн авч, 2024 оны 03 дугаар сарын 11-ний өдөр хянан хэлэлцэв.
Шүүгдэгчийн биеийн байцаалт:
Монгол Улсын иргэн,*** (РД:***).
Холбогдсон хэргийн товч агуулга: Яллагдагч *** нь хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэгт холбогджээ.
Шүүхийн хэлэлцүүлэгт яллах, өмгөөлөх талаас шинжлэн судалсан болон хэрэгт цугларсан дараах нотлох баримтуудыг тал бүрээс нь бүрэн бодитой шинжлэн судлав. Үүнд:
Нэг. Шүүгдэгч *** шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: Би гэр рүүгээ орж байхдаа ***ийг гудамжны нохойнууд уурлуулаад, оролдоод байна гэж буруугаар ойлгосон байсан. гэх мэдүүлгийг гаргасан.
Хоёр. Эрүүгийн 2310009800683 дугаартай хэргээс:
1. Хан-Уул дүүргийн цагдаагийн 2 дугаар хэлтэст 2023 оны 02 дугаар сарын 19-ний өдөр “согтуу хүн бие муутай, унаж тусдаг залууг зодсон байна” гэсэн утгатай ирүүлсэн дуудлагын лавлагааны хуудас, иргэн ***ээс гаргасан өргөдөл, гэмт хэргийн талаарх гомдол, мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл (хавтаст хэргийн 5, 8 дахь тал),
2. Хохирогч ***ийн мөрдөн шалгах ажиллагаанд 2023 оны 02 дугаар сарын 19-ний өдөр өгсөн: 2023 оны 02 дугаар сарын 19-ний өдөр айлд ус авчхаад гэртээ ортол манай ээжийн дүү болох *** эгч ***ийг дуудаад ир гэж хэлсэн. Би хашаан дээр гараад шүгэлдсэн. *** ахын гадаа очоод ***ийг асуухаар очтол *** гэх зүс таних ах гэрт нь ороод асуу гэж хэлсэн. Би айлд орохгүй гэхэд намайг газарт унагаасан. Би босоод явтал араас хүрч ирээд цагаан худгийн тэнд намайг өргөж унагаан, миний хамар хэсэг рүү нэлээн хэдэн удаа цохисон. Тэгээд намайг өргөж байгаад газарт шидсэн. Би ээж рүүгээ утсаар ярьсан, эгч *** ирээд цагдаа дуудсан. Архи уучихсан, согтуу байсан. Гараараа хамар хэсэгт хэдэн удаа цохисныг мэдэхгүй. Гэдэс хэвлий хэсэгт гараараа цохисон. Намайг хоёр гараараа өргөж байгаад шидсэн. Миний хамраас цус гарсан, бас хавдсан, толгойн ар хэсэгт хавдсан. Би шүүх эмнэлэгт үзүүлнэ. Надад ямар нэгэн гомдол санал байхгүй.гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 15-16 дахь тал),
3. Гэрч ***ын мөрдөн шалгах ажиллагаанд 2023 оны 02 дугаар сарын 28-ны өдөр өгсөн: Би ***ийн төрсөн эцэг нь биш, түүний ээж ***тэй жилийн өмнө танилцаж улмаар гэр бүл болж амьдарсан. Бид дундаасаа одоогоор хүүхэдгүй. Намайг ***тэй амьдрахад ***ийн дагавар хүүхэд *** нь хөгжлийн бэрхшээлтэй хүүхэд байсан. Манай хүүхэд төрөлхийн тархины цусан хангамжийн дутагдал гэсэн оноштой. Одоо хөдөлмөрийн чадвар алдсан группэд байдаг. Манай хүүхэд *** өөрийгөө илэрхийлэх чадвар болон бусадтай харилцах чадвар сайтай хүүхэд, өөрийнх нь ярьж байгаа зүйл нь үнэн зөв байдаг. Манай хүү *** Сэтгэцийн эрүүл мэндийн үндэсний төвд эмчлүүлж байгаагүй. Хан-Уул дүүргийн нэгдсэн эмнэлэгт хааяа хэвтэн эмчлүүлдэг. Мэдүүлэг өгөх болон үнэн зөв ярих чадвар сайтай хүүхэд юм. Манай хүүхэд байнгын уналт таталтын эсрэг эм уудаг, эмээ уухгүй бол татах, ухаан алдаж унах зэрэг үйлдэл хийгээд байдаг. Эмээ уугаад байвал ямар нэгэн асуудал байхгүй. Тухайн өдөр би эхнэр ***ийн хамт хотын төвд явж байхад хүү *** ээж рүүгээ залгаад би хүнд зодуулчихлаа гэж өөрөө ярьсан. Бид шууд хүү дээрээ ирсэн. Тэгтэл нэг согтуу залуу манай хүүхдийн хамар хэсэгт цохисон байсан. Манай хүүхдийн хамраас нь цус гарсан байсан.гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 20 дахь тал),
4. Шүүх шинжилгээний ерөнхий газрын Нийслэлийн шүүх шинжилгээний газрын Шүүх анагаах ухааны шинжилгээний хэлтсийн шинжээчийн хүний биед хийсэн 2023 оны 02 дугаар сарын 28-ны өдрийн №2786 дугаартай:
- ***ийн биед тархи доргилт, зулайн хуйх, хамрын зөөлөн эдийн няцрал, хамарт зулгаралт, доод уруулын дотор салст, хүзүүнд цус хуралт гэмтэл тогтоогдлоо.
- Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн олон удаагийн үйлчлэлээр хэрэг болсон гэх өдөр үүсгэгдсэн байх боломжтой шинэ гэмтэл байна.
- Гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-т зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. Доод уруулын дотор салст, хүзүүний цус хуралт гэмтэл дан дангаараа гэмтлийн зэрэгт хамаарахгүй, бусад гэмтэл дангаараа хөнгөн зэрэгт хамаарна.
- Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварыг алдагдуулахгүй. гэсэн дүгнэлт (хавтаст хэргийн 26-27 дахь тал),
5. Шүүх сэтгэц эмгэг судлалын 2023 оны 04 дүгээр сарын 12-ны өдрийн №339 дугаартай:
- *** нь сэтгэцийн хувьд F70. Оюун хөнгөн хомсдол эмгэгтэй байна.
- ***ийн F70. Оюун хөнгөн хомсдол эмгэг нь төрөлхийн шалтгаант эмгэг болно.
- *** нь өөрийн сэтгэцийн хөгжлийн түвшинд мэдүүлэг өгөх чадвартай байна.
- *** өөрийн сэтгэцийн хөгжлийн түвшинд өөрийн үг хэл үйл хөдлөлийг удирдан жолоодно.
- *** нь ар гэр асран хамгаалагчийн хараа хяналтанд байх шаардлагатай. гэсэн дүгнэлт (хавтаст хэргийн 33-35 дахь тал),
6. Яллагдагч ***ын мөрдөн шалгах ажиллагаанд 2023 оны 05 дугаар сарын 25-ны өдөр өгсөн: 2023 оны 02 дугаар сарын 19-ний өдөр найзуудтайгаа хэдэн шил пиво ууж байгаад гэртээ ирж байтал манай хашааны үүдэнд манай гудамжинд байдаг *** гэх залуу байж байсан. Тухайн *** гэх хүн гудамжинд байсан бүх айлын нохойг хуцуулаад байхаар нь би түүнд хандан ахын дүү яагаад нохой хуцуулаад байгаа юм бэ гэж хэлтэл үгийн зөрүүгүй над дээр ирээд миний шанаа хэсэгт нэг удаа цохиод намайг тонгороод унагаасан. Тэгэхээр нь миний уур хүрээд тухайн эрэгтэй хүний нүүр болон хамар хэсэгт нь хоёр удаа гараараа цохисон. Тухайн эрэгтэйг газраас босгож иртэл юу ч хэлэлгүй гэр лүүгээ гүйгээд явсан. Би тухайн хүнийг намайг эхлээд цохихоор нь 2 удаа нүүр болон хамар хэсэгт нь цохисон. Тухайн эрэгтэй хүний хамраас нь цус гарсан байсан. Би *** гэх залууг сэтгэцийн өөрчлөлттэй гэдгийг мэдэхгүй. Өмнө таарч байхад энгийн хүн шиг л байсан. Би өөрийн гэм буруутай үйлдлээ хүлээн зөвшөөрч байна. Дээрх гэмтэл нь би ***ийн нүүр хэсэгт 2 удаа цохиход үүссэн гэмтэл байна. Энэ бүхнийг би хүлээн зөвшөөрч байна. Би ийм үйлдэл гаргасандаа харамсаж байна. Тухайн хэргийг хялбаршуулсан журмаар шийдүүлэх хүсэлттэй байна. гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 70-71 дэх тал),
7. Шүүгдэгчийн хувийн байдалтай холбоотой: Эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгасан хуудас (хавтаст хэргийн 38 дахь тал), иргэний үнэмлэхийн, байнга оршин суугаа хаягийн, гэрлэсний бүртгэлгүй, жолоодох эрхийн лавлагаанууд, шүүхийн шийдвэрээр иргэн хуулийн этгээдэд төлбөргүй тодорхойлолт, тээврийн хэрэгслийн лавлагаа, (хавтаст хэргийн 41-47 дахь тал), эд хөрөнгөтэй эсэх лавлагаа (хавтаст хэргийн 48 дахь тал), Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 02 дугаар сарын 01-ний өдрийн 101 дугаартай шийтгэх тогтоолын хуулбар, Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ерөнхий газрын хорихоос өөр төрлийн ял эдлүүлэх албаны 2023 оны 09 дүгээр сарын 18-ны өдрийн 04-02/1869 дугаартай албан бичиг (хавтаст хэргийн 78-84 дэх тал) болон шүүхийн хэлэлцүүлгийн шатанд шинжлэн судалсан бусад бичгийн нотлох баримтуудыг шинжлэн судалсан болно.
Шүүхийн хэлэлцүүлэгт талуудаас танилцуулсан нотлох баримтыг хэлэлцүүлэхгүй, тооцуулахгүй байх болон хасуулах, шинжлэн судлах дараалалтай холбоотой зэрэг санал, хүсэлт гаргаагүй.
Гурав.Шүүхээс тогтоосон хэргийн үйл баримт болон хууль зүйн дүгнэлт.
Улсын яллагч шүүх хуралдаанд гаргасан дүгнэлтдээ: шүүгдэгч *** нь хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэг нь хэрэгт цугларсан нотлох баримтаар хангалттай тогтоогдсон тул Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцуулах саналтай байна. гэсэн дүгнэлтийг гаргасан ба шүүгдэгч гэм буруу, хэргийн зүйлчлэлд маргаагүй болно.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлуудыг шалгаж тогтоосон байх тул прокуророос шүүхэд шилжүүлсэн хэргийн хүрээнд шүүгдэгчид холбогдох хэргийн гэм буруугийн асуудлыг хэлэлцэн шийдвэрлэх боломжтой байна.
1.1 Прокуророос шүүхэд шилжүүлсэн хэргийн хүрээнд шүүгдэгчийн холбогдсон хэрэгт шүүхийн хэлэлцүүлэгт тогтоогдсон үйл баримт, шинжлэн судалсан болон хэрэгт цугларсан нотлох баримтуудыг үндэслэн дүгнэхэд:
Шүүгдэгч *** нь согтуурсан үедээ Хан-Уул дүүргийн 12 дугаар хорооны нутаг дэвсгэр Сонгинын 8-63 тоот хашааны гадна хохирогч ***ийг айлын нохой хуцууллаа гэх шалтгаанаар 2023 оны 02 дугаар сарын 19-ний өдөр газар унагах, нүүрэн тус газар нь гараараа цохих зэргээр биед нь тархи доргилт, зулайн хуйх, хамрын зөөлөн эдийн няцрал, хамарт зулгаралт, доод уруулын дотор салст, хүзүүнд цус хуралт гэмтэл бүхий хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан үйл баримт нь:
- Хан-Уул дүүргийн цагдаагийн 2 дугаар хэлтэст 2023 оны 02 дугаар сарын 19-ний өдөр иргэн ***ээс гаргасан өргөдөл, гэмт хэргийн талаарх гомдол, мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл (хавтаст хэргийн 5, 8 дахь тал),
- Хохирогч ***ийн мөрдөн шалгах ажиллагаанд 2023 оны 02 дугаар сарын 19-ний өдөр өгсөн мэдүүлэг (хавтаст хэргийн 15-16 дахь тал),
- Гэрч ***ын мөрдөн шалгах ажиллагаанд 2023 оны 02 дугаар сарын 28-ны өдөр өгсөн мэдүүлэг (хавтаст хэргийн 20 дахь тал),
- Шүүх шинжилгээний ерөнхий газрын Нийслэлийн шүүх шинжилгээний газрын Шүүх анагаах ухааны шинжилгээний хэлтсийн шинжээчийн хүний биед хийсэн 2023 оны 02 дугаар сарын 28-ны өдрийн №2786 дугаартай дүгнэлт (хавтаст хэргийн 26-27 дахь тал),
- Шүүх сэтгэц эмгэг судлалын 2023 оны 04 дүгээр сарын 12-ны өдрийн 339 дугаартай дүгнэлт (хавтаст хэргийн 33-35 дахь тал),
- Яллагдагч ***ын мөрдөн шалгах ажиллагаанд 2023 оны 05 дугаар сарын 25-ны өдөр өгсөн мэдүүлэг (хавтаст хэргийн 70-71 дэх тал) болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн бусад бичгийн нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байна.
Хэрэгт авагдсан, шинжлэн судалсан дээрх нотлох баримтыг хууль болон эрх зүйн ухамсрыг удирдлага болгон тал бүрээс нь бүрэн гүйцэд, бодит байдлаар бүхэлд нь хянаж, харьцуулан шинжлэх, эх сурвалжийг магадлах аргаар шалгахад хэрэгт хамааралтай, хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж бэхжүүлсэн, агуулгын хувьд зөрүүгүй, үйл баримт тогтоогдсон тул хууль ёсны нотлох баримтууд гэж үзэж, шийдвэрийн үндэслэл болгосон болно.
1.2 Хууль зүйн дүгнэлт:
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт энэ хуулийн тусгай ангид заасан нийгэмд аюултай гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйг гэмт хэрэгт тооцно. гэж заасан ба гэмт хэргийг нийгмийн аюулын шинж чанар, түүний хэр хэмжээг харгалзан үндсэн болон хүндрүүлэх шинжид ангилдаг.
Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах” гэж үндсэн шинжийг тодорхойлжээ.
Хэргийн үйл баримт болон цуглуулж бэхжүүлсэн нотлох баримтад үндэслэн хууль зүйн дүгнэлт хийхэд хохирогч ***ийн эрүүл мэндэд хөнгөн гэмтэл учирсан нь хохирогч, гэрч нарын мэдүүлэг, тусгай мэдлэгийн хүрээнд гаргасан шинжээчийн дүгнэлт бусад баримтаар тогтоогдсон ба хохирогчид учирсан гэмтэл нь шүүгдэгчийн үйлдэлтэй шууд шалтгаант холбоотой байна.
Мөн шүүгдэгч *** нь өөрийн үйлдлийг хууль бус шинжтэй болохыг мэдсээр байж ухамсарлаж түүнийг хүсэж үйлдсэн, хохирол, хор уршигт зориуд хүргэсэн гэм буруугийн санаатай хэлбэрээр үйлдсэн гэж үзэх үндэслэл байх тул түүний үйлдэл Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийн шинжийг бүрэн хангажээ.
Шүүгдэгч *** нь олон нийтийн газар өөрийн биеийг зөв боловсон авч яваагүй, мөн согтууруулах ундаа хэрэглэсэн байсан нь гэмт хэрэг гарах шалтгаан нөхцөл болсон байна.
Иймд прокуророос яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хэргийн зүйлчлэл хуульд нийцсэн байх тул улсын яллагчийн дүгнэлтийг хүлээн авч, шүүгдэгч ***ыг Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэнд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар гэм буруутайд тооцож, хуульд заасан эрүүгийн хариуцлага хүлээлгэх хууль зүйн үндэслэлтэй гэж шүүх дүгнэв.
1.3 Монгол Улсын Үндсэн хуулийн 16 дугаар зүйлийн 14 дэх хэсэг, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 7.6 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт тус тус заасан “хууль зүйн туслалцаа авах, өмгөөлүүлэх” эрхээсээ шүүгдэгч сайн дураараа татгалзаж, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар хэргийг хянан шийдвэрлэх ажиллагаанд “өөрийгөө өмгөөлж, өмгөөлөгчгүй оролцох” хүсэлтийг шүүхэд гаргасан. Шүүгдэгч монгол хэл, бичиг мэддэг байх тул шүүх хуралдааныг өмгөөлөгчгүйгээр явуулж өөрийгөө өмгөөлөх шүүгдэгчийн хуулиар олгогдсон эрхийг хангав.
1.4 Гэмт хэргийн улмаас учирсан хохирол, хор уршгийн талаар.
Эрүүгийн хуулийн тусгай ангид заасан гэмт хэргийн улмаас хүний амь нас, эрүүл мэнд, эд хөрөнгө, бусад эрх, эрх чөлөө, нийтийн болон үндэсний ашиг сонирхол, аюулгүй байдалд шууд учирсан үр дагаврыг гэмт хэргийн хохиролд, мөн хуулийн тусгай ангид заасан гэмт хэрэг үйлдэж хохирол учруулсны улмаас үүссэн үр дагаврыг гэмт хэргийн хор уршигт тус тус тооцно.гэж Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.5 дугаар зүйлийн 1, 2 дахь хэсэгт хуульчилсан.
Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1 дэх хэсэгт Бусдын амь нас, эрүүл мэндэд ...эд хөрөнгөд хууль бусаар санаатай буюу болгоомжгүй үйлдэл /эс үйлдэхүй/-ээр гэм хор учруулсан этгээд уг гэм хорыг хариуцан арилгах үүрэгтэй гэж, 505 дугаар зүйлийн 505.1 дэх хэсэгт Бусдын эрүүл мэндэд гэм хор учруулсан этгээд нь хохирогчийн ...эрүүл мэндэд гэм хор учруулсантай холбогдон гарсан ...зайлшгүй бүх зардлыг хохирогчид төлөх үүрэгтэй. гэж тус тус заажээ.
Тус хэргийн улмаас хохирогч ***ийн биед хөнгөн хохирол учирсан ба мөрдөн шалгах ажиллагаанд болон шүүхийн шатанд хохирогч, хохирогчийн хууль ёсны төлөөлөгчөөс хохирол, хор уршигтай холбоотой баримтыг ирүүлээгүй мөрдөн шалгах ажиллагааны явцад гомдол санал, нэхэмжлэх зүйлгүй гэсэн байх тул шүүгдэгчийг бусдад төлөх төлбөргүй гэж дүгнэв.
2.1 Эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэл:
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Энэ хуульд заасан гэмт хэрэг үйлдсэн нь шүүхээр тогтоогдсон гэм буруутай хүнд эрүүгийн хариуцлага хүлээлгэнэ., 6.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт Шүүх гэмт хэрэг үйлдсэн хүнд энэ хуулийн ерөнхий ангид заасан үндэслэл, журмын дагуу тусгай ангид заасан төрөл, хэмжээний дотор эрүүгийн хариуцлага хүлээлгэнэ. 6.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт согтуурсан үедээ гэмт хэрэг үйлдсэн нь эрүүгийн хариуцлагаас чөлөөлөх үндэслэл болохгүй гэж тус тус хуульчилсан.
2.2 Яллах, өмгөөлөх талын гаргасан санал, дүгнэлт:
Улсын яллагч дүгнэлтдээ шүүгдэгч ***ын үйлдсэн гэмт хэргийн шинж чанар, үйлдлийн арга хэрэгслийг харгалзан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 800 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 800,000 төгрөгөөр торгох ял оногдуулж, цагдан хоригдсон 13 хоногийн нэг хоногийг арван таван мянган нэгжээр тооцож, эдлэх ялаас хасаж, 605 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 605,000 төгрөгөөр торгох ялыг оногдуулах саналтай байна. гэсэн дүгнэлтийг гаргасан ба улсын яллагчийн дээрх дүгнэлттэй шүүгдэгч мэтгэлцээгүй болно.
2.3 Хууль зүйн дүгнэлт:
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.1 дүгээр зүйлийн 1, 2 дахь хэсэгт заасныг баримтлан шүүгдэгчийг гэм буруутайд тооцсон нотлох баримтад үндэслэн, гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, хувийн байдал болон эрүүгийн хариуцлагын хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөлийг тал бүрээс нь харгалзан, хууль ёсны, шударга ёсны, гэм буруугийн зарчмыг баримтлан эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй.
Шүүгдэгч ***ын хувийн байдлыг судалсан баримтууд болох эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгасан хуудас, шийтгэх тогтоол зэрэг баримтаар урьд Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 02 дугаар сарын 01-ний өдрийн 101 дугаар шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар 700,000 төгрөгөөр торгох ял шийтгэгдэж байсан байх ба Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ерөнхий газрын хорихоос өөр төрлийн ял эдлүүлэх албаны 2023 оны 09 дүгээр сарын 18-ны өдрийн 04-02/1869 дугаартай албан бичгээр (хх78-84) торгох ялыг эдэлж дуусгавар болсон лавлагаа авагдсан байх тул нэмж нэгтгэх ялгүй гэж үзэхээр байна. Мөн шүүгдэгч ***т эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлд заасан хөнгөрүүлэх, мөн хуулийн 6.6 дугаар зүйлд заасан хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй.
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн хуулийн 1.10 дугаар зүйлд гэмт хэргийн хөөн хэлэлцэх хугацааны талаар заасан ба 1 дэх хэсэгт гэмт хэрэг үйлдсэнээс хойш дараах хугацаа өнгөрсөн нь тогтоогдвол яллагдагчаар татаж болохгүй гэж,
-1.1 дэх заалтад энэ хуулийн тусгай ангид хорих ялын дээд хэмжээг нэг жил, түүнээс бага хугацаагаар тогтоосон, эсхүл зорчих эрхийг хязгаарлах ялын дээд хэмжээг нэг жил, түүнээс бага хугацаагаар тогтоосон гэмт хэрэг үйлдсэнээс хойш нэг жил өнгөрсөн” бол гэж,
-2 дахь хэсэгт Гэмт хэргийн хөөн хэлэлцэх хугацааг гэмт хэрэг үйлдсэн өдрөөс эхлэн яллагдагчаар татах хүртэл тоолно.гэж тус тус заажээ.
Шүүгдэгч *** нь 2023 оны 02 дугаар сарын 19-ний өдөр Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэргийг үйлдсэн байх ба тус хэрэг нь мөн хуулийн ерөнхий ангийн 2.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт “хөнгөн” ангилалд хамаарах бөгөөд мөн хуулийн 1.10 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1 дэх заалтад заасан гэмт хэргийн хөөн хэлэлцэх хугацаа өнгөрөөгүй байхад ***ыг яллагдагчаар татаж эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа явуулсан байх тул түүнд эрүүгийн хариуцлага хүлээлгэх хууль зүйн үндэслэлтэй байна.
Шүүгдэгч ***ыг “Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайг шүүх тогтоосон тул эрүүгийн хариуцлага хүлээлгэх” гэм буруугийн зарчим, “эрүүгийн хариуцлага нь гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэрт тохирсон байх” шударга ёсны зарчимд тус тус нийцүүлэн шүүгдэгчид Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 800 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 800,000 төгрөгөөр торгох ял оногдуулж, торгох ялыг хуульд заасан хугацаанд хэсэгчлэн төлүүлэхээр тогтоож, түүнд урьд авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг өөрчлөн тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг авах нь зүйтэй байна.
3. Бусад асуудлын талаар:
3.1 Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.10 дугаар зүйлийн 1, 2 дахь хэсэгт заасныг баримтлан шүүгдэгч ***ын 2024 оны 02 дугаар сарын 27-ны өдрөөс 2024 оны 03 дугаар сарын 11-ний өдрийг хүртэл цагдан хоригдсон 13 хоногийг түүний эдлэх ялд оруулан тооцож, түүний цагдан хоригдсон нэг хоногийг торгох ялын арван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр тооцож түүний эдлэх ялаас 195,000 (15000х13 хоног=195,000) төгрөгийн торгох ялыг эдэлсэнд тооцож, түүний биечлэн эдлэх ялын төрөл хэмжээг 605,000 төгрөгийн торгох ял болохыг тогтоов.
3.2 Шүүгдэгчид холбогдох иргэний бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй, гаргуулбал зохих хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал төлбөргүй, эд мөрийн баримтаар хураагдсан болон битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй болохыг дурдах нь зүйтэй байна.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг, 36.2 дугаар зүйлийн 1, 2, 4 дэх хэсэг, 36.6, 36.7, 36.8 дугаар зүйлийн 1, 4, 36.10 дугаар зүйлийн 4, 36.13 дугаар зүйлийн 4, 37.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт тус тус заасныг удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Шүүгдэгч *** “Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан” гэмт хэрэг үйлдсэнд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар гэм буруутайд тооцсугай.
2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч *** 800 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 800,000 (найман зуун мянга) төгрөгөөр торгох ял шийтгэсүгэй.
3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.10 дугаар зүйлийн 1, 2 дахь хэсэгт заасныг баримтлан шүүгдэгч ***ын 2024 оны 02 дугаар сарын 27-ны өдрөөс 2024 оны 03 дугаар сарын 11-ний өдрийг хүртэл цагдан хоригдсон 13 (арван гурав) хоногийг түүний эдлэх ялд оруулж, цагдан хоригдсон нэг хоногийг торгох ялын арван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр тооцон 195,000 төгрөгийн торгох ялыг эдэлсэнд тооцон, түүний биечлэн эдлэх ялын төрөл, хэмжээг 605,000 (зургаан зуун таван мянга) төгрөгийн торгох ял болохыг тогтоосугай.
4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч ***т оногдуулсан торгох ялыг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болсон өдрөөс хойш хуульд заасан 90 (ер) хоногийн хугацаанд хэсэгчлэн төлүүлэхээр тогтоосугай.
5. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч *** нь шүүхээс оногдуулсан торгох ялыг хуульд заасан хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож, хорих ялаар солихыг мэдэгдсүгэй.
6. Шүүгдэгч ***т оногдуулсан торгох ялын биелэлтэд хяналт тавьж ажиллахыг Шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагад даалгасугай.
7. Хэрэгт битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, эд мөрийн баримтаар хураагдан ирүүлсэн эд зүйлгүй, гаргуулбал зохих хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал төлбөргүй, шүүгдэгч ***т холбогдох иргэний бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй, хохирогч, хууль ёсны төлөөлөгчид энэ тогтоолоор төлөх төлбөргүй болохыг дурдсугай.
8. Шийтгэх тогтоол уншин сонсгосноор хүчинтэй болох ба, шүүгдэгч ***т урьд авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг өөрчлөн 2024 оны 03 дугаар сарын 11-ний өдрөөс хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээ авсугай.
9. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.1 дүгээр зүйлийн 1, 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоолд шүүгдэгч, хохирогч, хууль ёсны төлөөлөгч, тэдгээрийн өмгөөлөгч нар гардан авснаас, эсхүл энэ хуулийн 11.9 дүгээр зүйлд зааснаар хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор давж заалдах журмаар Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах, мөн хугацаанд улсын яллагч, дээд шатны прокурор нь эсэргүүцэл бичих эрхтэйг тайлбарласугай.
10. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шийтгэх тогтоолд давж заалдах журмаар гомдол, эсэргүүцэл гаргасан бол шүүхийн шийдвэрийн биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгч ***т авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Д.ДОРЖСҮРЭН