Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2024 оны 05 сарын 31 өдөр

Дугаар 2024/ШЦТ/449

 

 

                                      МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч А.Алтанхуяг даргалж,

нарийн бичгийн дарга В.Цэвэлмаа,

улсын яллагч Г.Ган-Эрдэнэ,

шүүгдэгч У.Н, Б.З- тэдгээрийн өмгөөлөгч Б.Энхболд нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны А танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар Нийслэлийн Баянгол дүүргийн прокурорын газраас Ж овогт У-н Н, И овогт Б-н З- нарт холбогдуулан Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж шүүхэд ирүүлсэн эрүүгийн 2305004540174 дугаартай хэргийг 2024 оны 5 дугаар сарын 06-ны өдөр хүлээн аваад хянан хэлэлцэв.

 

Монгол улсын иргэн, ... оны ... дугаар сарын ...-ны өдөр Сүхбаатар аймагт төрсөн, ... настай, эмэгтэй, бүрэн дунд боловсролтой, өрлөгчин мэргэжилтэй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 4, нөхөр, 2 хүүхдийн хамт Чингэлтэй дүүрэг ... хороо чингэлтэйн ... гудамж ... тоотод оршин суух бүртгэлтэй, Чингэлтэй дүүрэг 10 хороо чингэлтэйн ... гудамж ... тоотод оршин суух, урьд ял шийтгэлгүй, Ж овогт У-н Н.

 

Монгол улсын иргэн, ... оны ... дугаар сарын ... -ны өдөр Улаанбаатар хотод төрсөн, 19 настай, эмэгтэй, бүрэн дунд боловсролтой, үсчин мэргэжилтэй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 3, эх, охины хамт Сонгинохайрхан дүүрэг ... хороо дунд наран ... гудамж ... тоотод оршин суух,

урьд Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 12 дугаар сарын 15-ны өдрийн 2024/ШЦТ/17 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 7 сарын хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ялаар шийтгүүлсэн, И овогт Б-н З-.

 

Шүүгдэгч У.Н, Б.З- нар нь бүлэглэн 2023 оны 01 дүгээр сарын 07-ны өдрөөс 08-ны өдөр шилжих шөнө Баянгол дүүргийн 7 дугаар хорооны нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулах Тэргэл зочид буудлын 7 тоот өрөөнд үйлчлүүлж байсан иргэн Э.Г-гийн 900,000 төгрөгийн үнэ бүхий I phone 11 загварын гар утсыг “утсаараа нэг яриулаач” гэж хуурч, зохиомол байдлыг зориудаар бий болгон авсан гэмт хэрэгт холбогджээ.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Шүүхийн хэлэлцүүлэгт яллах, өмгөөлөх талаас шинжлэн судалсан болон хэрэгт цугларсан дараах нотлох баримтуудыг тал бүрээс нь бүрэн бодитой шинжлэн судлав. Үүнд:

 

Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч У.Н мэдүүлэхдээ: “Мэдүүлэг өгөхгүй” гэв.

 

Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч Б.З- мэдүүлэхдээ: “Мэдүүлэг өгөхгүй” гэв.

 

Хохирогч Э.Г-гийн “ ... Би 2023 оны 01 дүгээр сарын 07-ны өдөр Баянгол дүүргийн 7 дугаар хорооны Тэргэл зочид буудлын 7 тоотодд байх өрөөнд орсон. Тэндээ найз, нөхдөө дуудан архи уусан. Тэгээд ганцаараа байж байгаад Google-рүү ороод санхүү авна гэсэн зар хайхад 808787** гэсэн дугаар гарч ирсэн. Тэр дугаар луу нь залгатал цагаар бэлгийн харьцаанд ороход 100,000 төгрөг, хоногийн 300,000 төгрөг гэсэн. Тэгэхээр нь би тэр хүнийг хүрээд ир, хамт жаахан суугаад өг гэсэн. Тэгээд байж байтал хоёр охин манай өрөөнд хүрч ирсэн. Нэг нь намайг гар утсаараа нэг яриулаач гэж хэлээд миний улаан өнгийн I phone 11 загварын гар утсыг маань аваад гарсан. Тэгээд эргэж орж ирээгүй.

Тухайн миний гар утсыг авч явсан эмэгтэй бондгор, нэг нь намхан хоёр эмэгтэй байсан. Би согтуу байсан. Тэр хоёр орж ирээд гар утсаар чинь яриад өгье гээд хоорондоо дамжуулж байгаад гараад явсан.

... Над руу ярихдаа таксины мөнгө хийгээрэй гээд 1 данс өгсөн. 54299738** гэсэн данс өгсөн ...” гэсэн мэдүүлэг. /хэргийн 17-18 дахь тал/

 

Гэрч Б.М-гийн “... би 808787** гэсэн дугаар болон 54299738** гэсэн дансыг 2022 оны 9 дүгээр сард нээж ашиглаж эхэлсэн. Тухайн гар утасны дугаарыг би өөрөө ашигладаг. Мөн манай найз Н миний дугаарыг ашиглаж зар тавьдаг.

... Тухайн өдөр би өөрийн найз Н, Зул /жинхэнэ нэрийг нь мэдэхгүй байна/ гэх хоёр найзын хамтаар 808787** гэсэн дугаараараа санхүү өгнө, авна гэсэн групп дээр зар байршуулж Тэргэл нэртэй буудлын гадна очсон. Манай хоёр найз буудал руу ороод 1 цаг орчим болсон. Нэг их удаагүй. Гарч ирэхдээ Н гартаа улаан өнгийн I phone 11 загварын гар утас барьчихсан гарч ирсэн. Тухайн гар утсыг нөгөө хүн нь Н, Зул хоёртой бэлгийн харьцаанд орж улмаар төлбөрийнхөө оронд өгсөн, кодыг нь бүгдийг нь тайлаад өгсөн гэж хэлсэн. ...” гэсэн мэдүүлэг. /хэргийн 27-28 дахь тал/

 

Дамно ХХК-ны шинжээчийн №БГ2-23-1753 дугаартай дүгнэлт. /хэргийн 35-36 дахь тал/

 

Б.З-гийн яллагдагчаар өгсөн “... Хүлээн зөвшөөрч байна. Би өөрийн гэм бурууг ойлгосон. Дахин ийм үйлдэл хийхгүй. Тухайн үед Н мөнгөний хэрэг гараад байна гэж хэлээд хэрэг гараад байна гэж хэлээд хэрэг болсон гэх буудал оръё гэхээр нь би дагаж хамт орох үед Номин нь үл таних эрэгтэй хүнтэй ярьж байгаад гар утсыг нь оронд нь авах талаар ярилцаж байсан санагдаж байна. Тэгээд Н I phone 11 загварын улаан өнгийн гар утсыг авч гараад автомашинд суусан юм. ...” гэсэн мэдүүлэг. /хэргийн 62-64 дэх тал/

 

У.Н-гийн яллагдагчаар өгсөн “... Би дээрх гэмт хэргийг үйлдсэн гэж хүлээн зөвшөөрч байна. Би тухайн үед өөрийн үйлдлийг ухамсарлаж санаатай үйлдсэн.

... Тэргэл зочид буудалд байна хүрээд ир, ирэхээр чинь ярилцъя гэхээр нь би өөрийн танил З-гийн хамтаар 21-22 цагийн хооронд явж очиход үл таних согтуу эрэгтэй хүн байсан. Тэр эрэгтэй хүн надад хандаж утсаараа тооцоогоо хийчихнэ, санаа зоволтгүй гэж хэлээд улаан өнгийн I phone 11 загварын гар утсаа өгөөд кодоо тайлаад өгсөн. Тэр үед З- гараад яваад өгсөн. Харин би З-гийн араас зугтааж гараад шууд таксинд сууж яваад өгсөн. Тухайн хэрэг гардаг өдрийн шөнө 01-02 цагийн хооронд санагдаж байна З- нь нэг үл таних хүнд авч явсан гар утсыг 500,000 төгрөгөөр зараад бид мөнгөө хувааж 250,000 төгрөгийг тус бүр авч өөрсдийнхөө хэрэглээндээ зарцуулаад дуусгасан юм.

Тухайн үед надад мөнгөний хэрэг гарсан байсан учир би ашиг олох зорилгоор санаатайгаар тийм үйлдэл хийсэн. Би З-тай хамт явж гар утсыг нь зарсан. ...” гэсэн мэдүүлэг. /хэргийн 72-74 дэх тал/ зэрэг болно.

Шүүхийн хэлэлцүүлгийн үед шинжлэн судалсан дээрх нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, хуульд заасан журмаар цугларсан, хэрэг хянан шийдвэрлэхэд хангалттай байна гэж үнэлэв.

 

Нэг: Шүүгдэгчийн гэм буруугийн талаар:

1.1 Шүүхээс тогтоосон үйл баримт

Шүүгдэгч У.Н, Б.З- нар нь 2023 оны 01 дүгээр сарын 07-ны өдрөөс 08-ны өдөр шилжих шөнө интернэт орчинд “санхүү авна” гэсэн зарыг байршуулсан бөгөөд хохирогч Э.Г-тай харилцан тохиролцсоны дагуу түүний үйлчлүүлж байсан Баянгол дүүргийн 7 дугаар хорооны нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулах Тэргэл зочид буудлын 7 тоот өрөөнд очжээ.

Ингээд хохирогч Э.Г-г согтуурсан байдлыг далимдуулан шүүгдэгч У.Н нь “гар утсаараа нэг яриулаач” гэж хэлэн хууран мэхэлж авмагцаа тус буудлын өрөөнөөс шүүгдэгч У.Н, Б.З- нар нь гарч зугтан улмаар 900,000 төгрөгийн үнэ бүхий I phone 11 загварын гар утсыг бусдад худалдаалжээ.

Дээрх үйл баримт нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн дээрх нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдсон байна гэж шүүх үзлээ.

 

1.2 Нотлох баримт баримтын үнэлгээ

Шүүхийн хэлэлцүүлэгт талуудын хүсэлтээр шинжлэгдсэн дээрх нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, ач холбогдол бүхий хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж бэхжүүлсэн байх ба Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан хэргийн талаар нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тодруулсан шүүгдэгчийн гэм буруугийн асуудлыг шийдвэрлэхэд хангалттай байна гэж шүүх үнэлэв.

Шүүхийн хэлэлцүүлэгт талуудаас шүүхэд танилцуулсан нотлох баримтыг шүүхэд хэлэлцүүлэхгүй байх, хасуулах, шинжлэн судлах дараалалд өөрчлөлт оруулах талаар санал, хүсэлт гаргаагүйг тэмдэглэх нь зүйтэй.

 

    1.  Оролцогчийн эрхийн хэрэгжилт

Мөрдөн шалгах ажиллагааны явцад Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрх, хууль ёсны ашиг сонирхлыг зөрчих, хязгаарлах хэлбэрээр Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан шаардлага, журам зөрчсөн байдал тогтоогдоогүй болно.

 

1.4 Эрх зүйн дүгнэлт

Шүүгдэгч У.Н, Б.З- нар нь өөрийн үйлдэл, эс үйлдэхүйг хууль бус шинжтэй болохыг ухамсарлаж түүнийг хүсэж үйлдсэн, хохирол, хор уршигт зориуд хүргэсэн гэм буруугийн санаатай хэлбэрээр, Эрүүгийн хуулийн тусгай ангид гэмт хэрэгт тооцохоор заасан үйлдэл болох нь хэрэгт авагдсан болон шинжлэн судалсан нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдсон гэж шүүх дүгнэлээ.

Иймд шүүгдэгч У.Н, Б.З- нарыг бүлэглэн Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Хуурч өмчлөгчийн эд хөрөнгийг шилжүүлэн авсан” гэмт хэргийн шинжийг бүрэн хангасан байх тул тэдгээрт холбогдуулж яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хуулийн зүйл, хэсэг тохирчээ.

 

Гэмт хэргийн улмаас учирсан хохирол, хор уршиг

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд шүүх тогтоол гаргах үед нэхэмжлэл түүний үндэслэл, хэмжээний нотлогдсон байдлыг харгалзан шийдвэрлэх талаар хуульчилсан бөгөөд шүүх хуралдаанд  хохирогч Э.Г-д 900,000 төгрөгийг төлсөн талаарх Хаан банкны мөнгөн шилжүүлгийн баримтыг гарган өгсөн тул шүүгдэгч нарыг гэмт хэргийн улмаас учруулсан хохирол, хор уршигт төлөх төлбөргүй байна.

 

Хоёр: Эрүүгийн хариуцлагын талаар:

2.1. Талуудын санал, дүгнэлт

Улсын яллагчаас Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б.З-д 1 жилийн хугацаагаар зорчих эрх хязгаарлах ял, шүүгдэгч У.Нд 6 сарын хугацаагаар зорчих эрх хязгаарлах ял оногдуулах дүгнэлтийг гаргажээ.

Өмгөөлөгч Б.Энхболдоос “шүүгдэгч У.Н, Б.З- нарт Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлд заасан Гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн хүнд оногдуулах, хорих ялыг хөнгөрүүлэх, ялаас чөлөөлөх албадлагын арга хэмжээ хэрэглэх, мөн хуулийн 7.1 дүгээр зүйлд заасан Хорих ял оногдуулахгүйгээр тэнсэх зэрэг журмыг хэрэглэж өгнө үү” гэсэн дүгнэлт гаргажээ.

 

2.2. Эрүүгийн хариуцлага

Шүүх шүүгдэгч нарын үйлдсэн гэмт хэрэг нь нотлогдон тогтоогдсон тул тэдгээрийг гэм буруутайд тооцож, эрүүгийн хариуцлага хүлээлгэх нь зүйтэй.

Шүүгдэгч У.Н, Б.З- нар нь гэмт хэрэг бүлэглэн үйлдснээс гадна шүүгдэгч Б.З- нь урьд Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 12 дугаар сарын 15-ны өдрийн 2024/ШЦТ/17 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар оногдуулсан 7 сарын хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ялаар шийтгүүлсэн тул санаатай гэмт хэрэгт урьд эрүүгийн хариуцлага хүлээсэн зэрэг байдлыг харгалзан тэдгээрт Эрүүгийн хариуцлага хүлээлгэх, чөлөөлөх үндэслэл, мөн Тэнсэх, албадлагын арга хэмжээ авах журмыг хэрэглэх боломжгүй юм.

Иймд шүүгдэгч нарт гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн, гэмт хэргийн улмаас учруулсан хохирлыг нөхөн төлсөн зэргийг харгалзан тэдгээрт зорчих эрх хязгаарлах ялаас хөнгөн ял болох торгох ялыг сонгон Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар тус бүр 500 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500,000 төгрөгөөр торгох ял оногдуулж, хөрөнгө, цалин хөлс, бусад орлого олох боломжийг харгалзан торгох ялыг 6 сарын хугацаанд хэсэгчлэн төлөхөөр тогтоов.

Ийнхүү шийдвэрлэхдээ шүүгдэгч Б.З-д Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 12 дугаар сарын 15-ны өдрийн 2024/ШЦТ/17 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар оногдуулсан 7 сарын хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ялыг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.9 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар тус тусад нь эдлүүлэхээр шийдвэрлэлээ.

 

Шүүгдэгч нарт Эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5, 6.6 дугаар зүйлд заасан хөнгөрүүлэх болон хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй.

2.3. Бусад асуудал

Хэрэгт эд хөрөнгө битүүмжлэгдээгүй, эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй, шүүгдэгч У.Н, Б.З- нар баривчлагдсан, цагдан хоригдсон хугацаагүй, гэмт хэргийн улмаас учруулсан хохирол, хор уршигт төлөх төлбөргүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг дурдвал зохино.

 

Монгол Улсын шүүхийн тухай хуулийн 22 дугаар зүйлийн 22.4 дэх хэсгийн 22.4.1 дэх заалт, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2, 36.6, 36.7, 36.8, 36.10, 36.13, 37.1 дүгээр зүйлүүдийг тус тус удирдлага болгон

 

ТОГТООХ нь:

 

            1. Шүүгдэгч Ж овогт У-н Нг бүлэглэн Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Хуурч, өмчлөгчийн эд хөрөнгийг шилжүүлэн авсан” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд,

            И овогт Б-н З-г бүлэглэн Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Хуурч, өмчлөгчийн эд хөрөнгийг шилжүүлэн авсан” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцсугай.

 

            2. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар У.Нг 500 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500,000 төгрөгөөр торгох ялаар, Б.З-г 500 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500,000 төгрөгөөр торгох ялаар тус тус шийтгэсүгэй.

 

            3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.9 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт журамлан Б.З-д Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар оногдуулсан 500 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500,000 төгрөгөөр торгох ялыг, Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 12 дугаар сарын 15-ны өдрийн 2024/ШЦТ/17 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар оногдуулсан 7 сарын хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ялыг тус тусад нь эдлүүлсүгэй.

 

            4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар У.Н, Б.З- нарыг торгох ялыг 6 сарын хугацаанд тус тус хэсэгчлэн төлөхөөр тогтоосугай.

 

            5. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар У.Н, Б.З- нар торгох ялыг биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын 15 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдсүгэй.

 

            6. Хэрэгт эд хөрөнгө битүүмжлэгдээгүй, эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй, У.Н, Б.З- нар баривчлагдсан, цагдан хоригдсон хугацаагүй, гэмт хэргийн улмаас учруулсан хохирол, хор уршигт төлөх төлбөргүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдсугай.

 

            7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүхийн шийдвэрийг уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд мөн хуулийн 38.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч, түүний хууль ёсны төлөөлөгч, хохирогч, түүний хууль ёсны төлөөлөгч, тэдгээрийн өмгөөлөгч шүүхийн шийдвэрт давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй бөгөөд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүхийн шийтгэх тогтоолыг улсын яллагч, шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч өөрөө гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.

 

            8. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар анхан шатны шүүхийн шийдвэрт гомдол, эсэргүүцэл гаргасан бол шүүхийн шийдвэрийн биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хүчин төгөлдөр болтол У.Н, Б.З- нарт авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                             А.АЛТАНХУЯГ