| Шүүх | Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Амаржаргалын Алтанхуяг |
| Хэргийн индекс | 106/2024/0478/Э |
| Дугаар | 2024/ШЦТ/499 |
| Огноо | 2024-06-14 |
| Зүйл хэсэг | 11.6.1., |
| Улсын яллагч | Г.Ган-Эрдэнэ |
Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол
2024 оны 06 сарын 14 өдөр
Дугаар 2024/ШЦТ/499
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч А.Алтанхуяг даргалж,
нарийн бичгийн дарга Э.Энхтайван,
улсын яллагч Г.Ган-Эрдэнэ,
шүүгдэгч Б.Б- нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны А танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар Нийслэлийн Баянгол дүүргийн прокурорын газраас Б овогт Б-ын Б-д холбогдуулан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж шүүхэд ирүүлсэн эрүүгийн 2405000000497 дугаартай хэргийг 2024 оны 6 дугаар сарын 04-ний өдөр хүлээн аваад хянан хэлэлцэв.
урьд Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шүүхийн 2019 оны 10 дугаар сарын 18-ны өдрийн 1098 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 900 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 900,000 төгрөгөөр торгох ялаар шийтгүүлж байсан, Б овогт Б-ын Б-.
Шүүгдэгч Б.Б- нь 2024 оны 3 дугаар сарын 18-ны өдөр Баянгол дүүргийн 31 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах Гэмтэл согог судлалын үндэсний төвийн хашаан дотор иргэн Б.И-тай архи согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ үл ялих зүйлээс болж маргалдан улмаар биед нь халдаж эрүүл мэндэд нь хамар ясны хугарал, хамрын таславчийн мурийлт, духны хуйхны цус хуралт, хамар, хоёр нүдний зовхины цус хуралт, хамарт зулгаралт бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэгт холбогджээ.
ТОДОРХОЙЛОХ нь:
Шүүхийн хэлэлцүүлэгт яллах, өмгөөлөх талаас шинжлэн судалсан болон хэрэгт цугларсан дараах нотлох баримтуудыг тал бүрээс нь бүрэн бодитой шинжлэн судлав. Үүнд:
Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч Б.Б- мэдүүлэхдээ: “Мөрдөн шалгах ажиллагааны явцад үнэн зөв мэдүүлэг өгсөн тул шүүхийн хэлэлцүүлгийн үед мэдүүлэг өгөхгүй” гэв.
Хохирогч Б.И-ын “... 2024 оны 03 дугаар сарын 18-ны өдөр 10 цагийн үед таньдаг хүн болон Б-тэй уулзсан. Бид хоёр уулзаад 10 дугаар хороололд биллиард руу ороод ойролцоогоор 2-3 цаг биллиард тоглож байгаад тухайн газраасаа гарсан. Тэгээд бид хоёр Б-ийн автомашин дотор 1 литрийн нэг шил архи хувааж уусан. Автомашин дотор ууж байхдаа бид хоёр автомашин барих дүү гээд Л-г дуудаад автомашинаа бариулсан.
... бид хоёр ууж байгаад орой 16-17 цагийн үед Гэмтэл согог судлалын үндэсний төвийн урд талын автомашины зогсоолд автомашинаа оруулж байгаад уусан. Тэгээд ууж байгаад Б- бид хоёр хоорондоо бага зэрэг маргалдаж байх үед манай ажлын газрын дүү нар гээд Мөнх-Од, Билгүүн, Зоригоо нар ирсэн байсан.
Тэгээд Б- бид хоёр муудалцаж байгаад намайг түр автомашинаас холдъё гээд бага зэрэг алхаж байгаад гэнэт миний нүүр лүү цохисон ба шууд газар унахад намайг дээрээс дэвслээд, хутга гаргаж ирээд би алчихаж чадна шүү гээд агсраад дайраад цохиж байхад манай дүү нар хүрч ирээд Б-ийг салгаад намайг дүү нар гэрт шууд авчирсан байсан. Тэгээд дараа нь би Гэмтэл согог судлалын үндэсний төв орж үзүүлэхэд хамар хугарсан байна гэсэн.
Миний хамар хугарсан. Тархи доргилт өгсөн байна гэж байсан. Тархины зураг ав гэж хэлсэн. Миний нүүр лүү эхлээд гараараа цохисон. Дараа нь унасны дараа хөлөөрөө нүүр лүү дэвсээд байсан. ...” гэсэн мэдүүлэг. /хэргийн 7-8 дахь тал/
Гэрч Э.Л-ын “... Гэмтлийн хашаа руу орж зогсоол дээр нь зогсоод автомашин дотор Б-, И- ах хоёр нэг шил архийг хувааж уугаад сууж байсан. Тэр хоёр хоорондоо юм яриад сууж байгаад маргаад автомашинаас буугаад И- ах автомашины багажаас автомашины холбогч аваад Б- ах руу дайраад байсан. Тэгээд би салгаад И- ахаас холбогчийг нь булааж аваад автомашины багажид хийчхээд эргээд иртэл И-ын хамраас нь цус гарсан байсан. Яг хэн хэнийг яаж цохисныг бол хараагүй. Тэгээд би тэр хоёрыг салгаад тэндээсээ тарцгаасан. ...” гэсэн мэдүүлэг. /хэргийн 62 дахь тал/
Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2024 оны 03 дугаар сарын 25-ны өдрийн Хүний биед хийсэн шүүх эмнэлгийн шинжилгээ №4067 дугаартай:
“...1. Б.И-ын биед хамар ясны хугарал, хамрын таславчийн мурийлт, духны хуйхны цус хуралт, хамар, хоёр нүдний зовхины цус хуралт, хамарт зулгаралт гэмтэл тогтоогдлоо.
2. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн олон удаагийн үйлчлэлээр, 2-3 хоногийн өмнө үүссэн байх боломжтой.
3. Дээрх гэмтэл нь эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул Гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна.
4. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварыг тогтонги алдагдуулахгүй” гэсэн дүгнэлт. /хэргийн 14-15 дахь тал/
Б.Б-ийн яллагдагчаар өгсөн “... Би И- гэх хүнтэй холбогдоод хохирлын мөнгө болон эмчилгээний зардлыг гаргаж өгье гэж хэлсэн боловч одоогоор хохирлын болон эмчилгээний баримт гаргаж өгөөгүй байна. Гаргаж өгвөл би хохирлыг бүрэн барагдуулна. ...” гэсэн мэдүүлэг. /хэргийн 58 дахь тал/ зэрэг болно.
Шүүхийн хэлэлцүүлгийн үед шинжлэн судалсан дээрх нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, хуульд заасан журмаар цугларсан, хэрэг хянан шийдвэрлэхэд хангалттай байна гэж үнэлэв.
Нэг: Шүүгдэгчийн гэм буруугийн талаар:
1.1 Шүүхээс тогтоосон үйл баримт
Шүүгдэгч Б.Б-, хохирогч Б.И- нар нь 2024 оны 3 дугаар сарын 18-ны өдөр Баянгол дүүргийн 31 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах Гэмтэл согог судлалын үндэсний төвийн хашаан дотор автомашиндаа согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн бөгөөд тодорхой шалтгаангүйгээр тэдгээрийн хооронд маргаан үүссэн ба хохирогч Б.И- нь автомашины холбогч ашиглан шүүгдэгч Б.Б-ий биед халдах гэж оролдох үед цуг явж байсан гэрч Э.Л- булаан авчээ.
Үүний дараа шүүгдэгч Б.Б- нь хохирогч Б.И-ын эрүүл мэндэд халдаж биед нь хамар ясны хугарал, хамрын таславчийн мурийлт, духны хуйхны цус хуралт, хамар, хоёр нүдний зовхины цус хуралт, хамарт зулгаралт гэмтэл учруулжээ.
Дээрх үйл баримт нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн дээрх нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдсон байна гэж шүүх үзлээ.
1.2 Нотлох баримт баримтын үнэлгээ
Шүүхийн хэлэлцүүлэгт талуудын хүсэлтээр шинжлэгдсэн дээрх нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, ач холбогдол бүхий хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж бэхжүүлсэн байх ба Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан хэргийн талаар нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тодруулсан шүүгдэгчийн гэм буруугийн асуудлыг шийдвэрлэхэд хангалттай байна гэж шүүх үнэлэв.
Шүүхийн хэлэлцүүлэгт талуудаас шүүхэд танилцуулсан нотлох баримтыг шүүхэд хэлэлцүүлэхгүй байх, хасуулах, шинжлэн судлах дараалалд өөрчлөлт оруулах талаар санал, хүсэлт гаргаагүйг тэмдэглэх нь зүйтэй.
1.3 Оролцогчийн эрхийн хэрэгжилт
Мөрдөн шалгах ажиллагааны явцад Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрх, хууль ёсны ашиг сонирхлыг зөрчих, хязгаарлах хэлбэрээр Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан шаардлага, журам зөрчсөн байдал тогтоогдоогүй болно.
1.4 Эрх зүйн дүгнэлт
Шүүгдэгч Б.Б- нь хохирогч Б.И-ын үндсэн эрх, эрх чөлөө болох хүний халдашгүй чөлөөтэй байх эрхэд халдаж эрүүл мэндэд нь шинжээчийн дүгнэлтэд нэрлэн заасан хөнгөн хохирол санаатай учруулсан өөрийн үйлдэл, эс үйлдэхүйг хууль бус шинжтэй болохыг ухамсарлаж түүнийг хүсэж үйлдсэн нь гэм буруугийн санаатай хэлбэрээр, Эрүүгийн хуулийн тусгай ангид гэмт хэрэгт тооцохоор заасан үйлдэл болох нь хэрэгт авагдсан болон шинжлэн судалсан нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдсон гэж шүүх дүгнэлээ.
Иймд шүүгдэгчид холбогдуулан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хуулийн зүйл, хэсэг тохирсон байна.
Гэмт хэргийн улмаас учирсан хохирол, хор уршиг
Хохирогч Б.И-ын эрүүл мэндэд хөнгөн хохирол учирсан болох нь Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2024 оны 03 дугаар сарын 25-ны өдрийн Хүний биед хийсэн шүүх эмнэлгийн шинжилгээ №4067 дугаартай дүгнэлтээр тогтоогдсон бөгөөд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд шүүх тогтоол гаргах үед нэхэмжлэл түүний үндэслэл, хэмжээний нотлогдсон байдлыг харгалзан шийдвэрлэх талаар заажээ.
Хохирогч Б.И-аас шүүхэд ирүүлсэн баримтдаа “Б.И- миний бие нэхэмжилсэн эмчилгээний зардал болох 2,123,000 төгрөгийг авлаа. Цаашид Б-эс ямар нэг төлбөр нэхэмжилэхгүй ээ. Ямар нэг санал, гомдол байхгүй” гэжээ.
Иймд шүүгдэгч Б.Б-эс гэмт хэргийн улмаас учруулсан хохирол, хор уршигт тооцож гаргуулах төлбөргүй байна гэж дүгнэв.
Хоёр: Эрүүгийн хариуцлагын талаар:
2.1. Талуудын санал, дүгнэлт
Улсын яллагчаас шүүгдэгчид Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 750 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 750,000 төгрөгөөр торгох ял оногдуулах дүгнэлтийг гаргажээ.
2.2. Эрүүгийн хариуцлага
Шүүх шүүгдэгчийн үйлдсэн гэмт хэрэг нь нотлогдон тогтоогдсон тул түүнийг гэм буруутайд тооцож, эрүүгийн хариуцлага хүлээлгэх нь зүйтэй гэж дүгнэлээ.
Шүүгдэгч Б.Б- гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн, гэмт хэргийн улмаас учирсан хохирол, хор уршигт төлөх төлбөргүй зэргийг харгалзан шүүгдэгчид Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 600 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 600,000 төгрөгөөр торгож, түүний цалин хөлс, бусад орлого олох боломжийг харгалзан 3 сарын хугацаанд хэсэгчлэн төлөхөөр тогтоов.
Шүүгдэгчид Эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5, 6.6 дугаар зүйлд заасан хөнгөрүүлэх болон хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй.
2.3. Бусад асуудал
Хэрэгт эд хөрөнгө битүүмжлэгдээгүй, эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй, шүүгдэгч Б.Б- баривчлагдсан, цагдан хоригдсон хугацаагүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдвал зохино.
Монгол Улсын шүүхийн тухай хуулийн 22 дугаар зүйлийн 22.4 дэх хэсгийн 22.4.1 дэх заалт, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2, 36.6, 36.7, 36.8, 36.10, 36.13, 37.1 дүгээр зүйлүүдийг тус тус удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Шүүгдэгч Б овогт Б-ын Б-ийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах” үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар Б.Б-ийг 600 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 600,000 төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.
3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар Б.Б-ийг торгох ялыг 3 сарын хугацаанд хэсэгчлэн төлөхөөр тогтоосугай.
4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар Б.Б- торгох ялыг биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын 15 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдсүгэй.
5. Хэрэгт эд хөрөнгө битүүмжлэгдээгүй, эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй, Б.Б- баривчлагдсан, цагдан хоригдсон хугацаагүй, гэмт хэргийн улмаас учирсан хохирол, хор уршигт төлөх төлбөргүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдсугай.
6. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүхийн шийдвэрийг уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд мөн хуулийн 38.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч, түүний хууль ёсны төлөөлөгч, хохирогч, түүний хууль ёсны төлөөлөгч, тэдгээрийн өмгөөлөгч шүүхийн шийдвэрт давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй бөгөөд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүхийн шийтгэх тогтоолыг улсын яллагч, шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч өөрөө гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.
7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар анхан шатны шүүхийн шийдвэрт гомдол, эсэргүүцэл гаргасан бол шүүхийн шийдвэрийн биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хүчин төгөлдөр болтол Б.Б-д авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ А.АЛТАНХУЯГ