Сэлэнгэ аймгийн Сайхан сум дахь сум дундын шүүхийн Шийтгэх тогтоол

2017 оны 05 сарын 19 өдөр

Дугаар 23

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

Сэлэнгэ аймгийн Сайхан дахь Сум дундын шүүхийн ерөнхий шүүгч Г.Сарантуяа даргалж, явуулсан эрүүгийн хэргийн  шүүх хуралдаанаар:

Нарийн бичгийн дарга Э.Нарантуяа

Улсын яллагч Т.Дэлгэрсайхан

Хохирогч *******

Шүүгдэгч *******

Шүүгдэгчийн өмгөөлөгч Д.Даваахүү нарыг оролцуулан  тус шүүхийн танхимд нээлттэй хийж,

Сэлэнгэ аймгийн Сайхан сум дахь сум дундын прокурорын газраас Монгол Улсын Эрүүгийн хуулийн 153 дугаар зүйлийн 153.1-д  заасан гэмт хэрэгт яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн  Анчин овогт *******д  холбогдох 201718010022 тоот эрүүгийн хэргийг 2017 оны 04 дүгээр сарын 25-ний өдөр хүлээн авч  шүүх хуралдаанаар хянан хэлэлцэв.

 Шүүгдэгчийн  биеийн байцаалт:

 Монгол улсын иргэн, 0000 оны 07 дугаар сарын 12-ны өдөр Сэлэнгэ аймгийн Орхон сум, Элчингийн голд төрсөн, 00 настай, эрэгтэй, бүрэн бус дунд боловсролтой, цахилгаанчин мэргэжилтэй, айлын мал малладаг, ам бүл 5, эхнэр, хүүхэд, ээж, дүүгийн хамт, Сэлэнгэ аймгийн Орхон сум, Шийрийн бригадад оршин суух хаягтай,  өөрт ногдох хөрөнгөгүй, Сэлэнгэ аймаг дахь Сум дундын 3-р шүүхийн 2001 оны 10-р сарын 30-ны өдрийн 3/92 тоот шийтгэх тогтоолоор  Эрүүгийн хуулийн 239 дүгээр зүйлийн 239.3-д зааснаар 1 жил 06 сарын хугацаагаар хорих ялаар шийтгэгдсэн,  2003 оны 04-р сарын 30-нд ялын хугацаа дуусч суллагдсан , Сэлэнгэ аймгийн Сайхан сум  дахь Сум дундын шүүхийн 2017 оны 03 дугаар сарын 03-ны өдрийн  08 тоот шийтгэх тогтоолоор  Эрүүгийн хуулийн тусгай ангийн 99.1 дэх хэсэгт заасан хэргийг хэрэгсэхгүй болгосон,  Анчин овгийн ******* РД/МЙ-/

Холбогдсон хэргийн талаар /яллах дүгнэлтэнд бичигдсэнээр/

******* нь 2017 оны 02 дугаар сарын 19-ний өдөр архи согтууруулах ундаа хэрэглэсэн үедээ Сэлэнгэ аймгийн Сайхан сумын 2 дугаар багийн нутаг Дөмбөн хороололын 6-7 тоотод оршин суух өөрийн төрсөн ах *******ыг хаалгаа тайлж өгсөн гүй гэж байшингийн цонхийг нь санаатайгаар хагалж, телевизийн суваг хүлээн авагчийг эвдэлж  гэмтээн 30.000 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

ТОДОРХОЙЛОХ нь:

Шүүхийн хэлэлцүүлэгт дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав Үүнд:

           1.Хохирогч *******ын шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн мэдүүлэг

2.Гэрч *******ний  мөрдөн байцаалтанд өгсөн мэдүүлэг /хавтаст хэргийн 34 дүгээр хуудас/, 

3.Үнэлгээ тогтоох комиссын акт /хавтаст хэргийн 15 дугаар хуудас/,

4.Ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас / хавтаст хэргийн 47-р хуудас/,

5.Шүүгдэгч  *******ын  шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн мэдүүлэг зэрэг болно

Шүүгдэгч ******* нь 2017 оны 02 дугаар сарын 19-ний өдөр архи согтууруулах ундаа хэрэглэсэн үедээ Сэлэнгэ аймгийн Сайхан сумын 2 дугаар багийн нутаг Дөмбөн хороололын 6-7 тоотод оршин суух өөрийн төрсөн ах *******ыг хаалгаа тайлж өгсөнгүй хэмээн  байшингийн цонхийг нь санаатайгаар хагалж, телевизийн суваг хүлээн авагчийг эвдэлж  бусдын эд хөрөнгийг санаатайгаар гэмтээсэн гэмт хэрэг үйлдсэн болох нь шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтууд болох

1.Хохирогч *******ын шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн : Энэ хүн тэр өдөр согтуу ирээд хаалга цохиод байхаар нь би хэдэн цаг архи гаргаад жаахан эрүүл болоод ир гэж хэлсэн. Тэгэхэд энэ хүн хашгираад хаалга нүдээд, цонх хагалахаар нь би яаж байгаа юм гэж гарч ирсэн. Би уур хүрэхээрээ чичирч, салганаад орилдог хүн.  Уурлахаас өөр арга байхгүй байсан. Жаахан хүлээцтэй архиа гаргаж байгаад ирж хувцасаа авсан бол зүгээр байхаар байсан.  Албаар тэгэхээс тэг гэж байгаа юм шиг хүнийг хорлож байгаад нь  би гомдож байгаа. Ийм чих хатуу хөгшин хүнийг ингэж байгаад нь надад хэцүү санагдаж байсан. Энэ хүн над шиг хөгжлийн бэрхшээлтэй биш  эрүүл саруул хүн. Би гомдож байна. Цонхоо хүн гуйж шиллүүлсэн, мөн антеннаа бас хүнээр засуулсан. Энэ байшин бол миний байшин юм.  Би хөдөө малтай байсан. Мал алга болоод малаа харж чадахаа байхаар нь малаа зараад байшин бариулсан. Энэ хүнийг гэргүй гэхээр нь 4 ханатай гэрээ өгсөн. Энэ хүн архинаас өгөөд уусан. Би ганцаараа амьдардаг, ухаан алдаж,  унаж татдаг өвчтэй хүн байгаа юм гомдолтой байна гэсэн мэдүүлэг,

2.Гэрч *******ний  мөрдөн байцаалтанд өгсөн: ...  Дуудлагын дагуу очиход цонх хагалсан этгээд архи согтууруулах ундааны зүйд хэрэглэсэн байдалтай байсан. Гэрт оорж шалгахад зүүн талын цонхыг хагалчихсан байдалтай дуудлага өгсөн хүн би гомдолтой гээд алхаж чадахгүй хөгшин байсан гэсэн мэдүүлэг,  

3.Сэлэнгэ аймгийн Сайхан сумын Үнэлгээ тогтоох комиссын 2017 оны 03-р сарын 06-ны өдрийн 30 тоот актанд: Цонхны шил-20.000, телевизийн антенн-10000 бүгд 30000 төгрөг  гэжээ.

4.Шүүгдэгч *******ын шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн:  Би 2017 оны 02 дугаар сарын 19-ний орой 21 цагийн үед ахын гэрт угаасан байсан куртик, өмд хоёроо авах гэж очсон. Би цээжээрээ цамцтай явж байсан болохоор даараад хувцсаа авъя гэхэд ах архичин минь зайл гэж хэлсэн. Би цонхыг нь хагалсан.  Гадаа нь сууж байхад цагдаа ирээд цагдаагийн газар руу авч явсан. Хойшоо савж  унахдаа антеныг нь гэмтээсэн. Би ахад 30.000 төгрөг өгөөгүй гэсэн мэдүүлэг болон хавтаст хэрэгт авагдсан бичгийн бусад нотлох баримтаар тогтоогдож байна.

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжилсэн дээрх нотлох баримт нь энэ хэрэгт хамааралтай, хуульд заасан журмаар цугларсан, хэрэг хянан шийдвэрлэхэд хангалттай байна.

Иймд шүүгдэгч *******ыг  бусдын эд хөрөнгийг санаатайгаар  гэмтээж,  30.000 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн 153 дугаар зүйлийн 153.1-д зааснаар торгох, хорих ялуудаас хорих ялыг сонгож оногдуулах нь зүйтэй байна.

Шүүгдэгч ******* Сэлэнгэ аймаг дахь Сум дундын 3-р шүүхийн 2001 оны 10-р сарын 30-ны өдрийн 3/92 тоот шийтгэх тогтоолоор  Эрүүгийн хуулийн 239 дүгээр зүйлийн 239.3-д зааснаар 1 жил 06 сарын хугацаагаар хорих ялаар шийтгэгдэж 2003 оны 04-р сарын 30-нд ялын хугацаа дуусч суллагдсан  байх ба Эрүүгийн хуулийн /1986 оны/  54 дүгээр зүйлийн 1е-д зааснаар ялгүй болсон байна.

Мөн  Сэлэнгэ аймгийн Сайхан сум  дахь Сум дундын шүүхийн 2017 оны 03 дугаар сарын 03-ны өдрийн  08 тоот шийтгэх тогтоолоор  шүүгдэгч *******д холбогдох Эрүүгийн хуулийн тусгай ангийн 99 дүгээр зүйлийн  99.1-д  заасан эрүүгийн  хэргийг хэрэгсэхгүй болгосон тул анх удаа гэмт хэрэг үйлдсэн гэж үзнэ.  Шүүгдэгч ******* нь Эрүүгийн хуулийн 99 дүгээр зүйлийн 99.1-д заасан гэмт хэрэгт эрүүгийн хэрэг үүсгэгдэн шалгагдаж байхдаа  2017 оны 02 дугаар сарын 19-ний орой 21 цагийн үед архидан согтуурч иргэн *******ын эд хөрөнгийг гэмтээсэн гэмт хэрэг үйлдсэн байна.

Шүүгдэгч *******ын  гэм буруутай үйлдлийн улмаас иргэн *******од 30.000 төгрөгийн хохирол учирсан бөгөөд учруулсан хохирлоо  төлж барагдуулаагүй болох нь хохирогч *******ын шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэгээр тогтоогдож  байх тул Иргэний хуулийн 510 дугаар зүйлийн 510.1-д зааснаар шүүгдэгчээс 30.000 төгрөг гаргуулан хохирогч *******од олгохоор шийдвэрлэлээ.

Шүүгдэгч *******д  Эрүүгийн хуулийн  56 дугаар зүйлийн 56.1.10 дахь хэсэгт зааснаар согтуурсан үедээ гэмт хэрэг үйлдсэнийг ял хүндрүүлэх  нөхцөл байдалд  харгалзан үзсэн болно.

Эрүүгийн хуулийн 59 дүгээр зүйлийн 59.1-д зааснаар *******ын энэ хэрэгт цагдан хоригдсон 58 хоногийг түүний хорих ял эдэлсэн хугацаанд оруулан тооцов.

Энэ хэрэгт  эд мөрийн баримт шүүхэд хураагдаж ирээгүй, эд хөрөнгө битүүмжлэгдээгүй, шүүгдэгчээс гаргуулах байцаан шийтгэх ажиллагааны зардалгүй  болохыг тус тус дурдах нь зүйтэй. Шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол *******д  цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авсан болно.

Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 283, 284, 286, 290 дугаар зүйлийн 290.3, 294, 297 дугаар зүйлийн 297.1, 298 дугаар зүйлийн 298.1.4-д  заасныг удирдлага болгон                                               

ТОГТООХ  нь:

            1.Анчин овогт  *******ыг бусдын эд хөрөнгийг санаатай гэмтээсэн гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

2.Монгол Улсын Эрүүгийн хуулийн тусгай ангийн 153 дугаар зүйлийн 153.1-д зааснаар *******ыг 1/ нэг/  жилийн хугацаагаар хорих ялаар шийтгэсүгэй.

3.Монгол улсын Эрүүгийн хуулийн 52 дугаар зүйлийн 52.5-д зааснаар *******д  оногдуулсан 1 жилийн хугацаагаар хорих ялыг жирийн дэглэмтэй  хорих ангид эдлүүлсүгэй.

4.Монгол улсын Эрүүгийн хуулийн 59 дүгээр зүйлийн 59.1-д зааснаар Н. Түвшинжаргалын энэ хэрэгт цагдан хоригдсон 58 хоногийг түүний хорих ял эдэлсэн хугацаанд оруулан тооцсугай.

5.Монгол Улсын Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 249 дүгээр зүйлийн 249.1-д зааснаар шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол  *******д  цагдан хорих  таслан сэргийлэх арга хэмжээ авсугай.

6. Монгол улсын Иргэний хуулийн 510 дугаар зүйлийн 510.1-д зааснаар шүүгдэгч *******аас 30.000 төгрөг гаргуулан Сэлэнгэ аймгийн Сайхан сумын 2-р баг Дөмбөн 6-7 тоотод оршин суух *******од олгосугай.

7.Энэ хэрэгт  эд мөрийн баримт шүүхэд хураагдаж ирээгүй, түүнээс гаргуулах байцаан шийтгэх ажиллагааны зардалгүй, эд хөрөнгө битүүмжлэгдээгүй болохыг тус тус дурдсугай.

8.Шийтгэх тогтоол нь уншин сонсгомогц хүчинтэй болох ба шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл шүүгдэгч, хохирогч тэдгээрийн өмгөөлөгч  тогтоолыг гардуулснаас хойш 14 хоногийн дотор  Сэлэнгэ аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд   давж заалдах гомдол гаргах, улсын яллагч дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.

9.Шийтгэх тогтоол эрх бүхий этгээд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичвэл тогтоолыг биелэлт түдгэлзэж Н. Түвшинжаргалд авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ хэвээр үргэлжлэхийг дурдсугай.

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                         Г.САРАНТУЯА