Дархан-Уул аймгийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2020 оны 10 сарын 21 өдөр

Дугаар 83

 

Н.Ц-, К.Т-, С.Т-

нарт холбогдох эрүүгийн хэргийн тухай

Хэргийн индекс: 166/2020/0247/Э

Дархан-Уул аймгийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдааныг ерөнхий шүүгч Б.Манлайбаатар даргалж, шүүгч Ц.Туяа, Ц.Амаржаргал нарын бүрэлдэхүүнтэй

Шүүх хуралдаанд:          

Прокурор                                      Ч.Мядагбадам

Шүүгдэгч                                       Н.Ц-, К.Т-

Шүүгдэгчийн өмгөөлөгч               Д.Золзаяа

Нарийн бичгийн дарга                 Г.Чойном нарыг оролцуулан  хийж

Дархан-Уул аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 07 дугаар сарын 28-ны өдрийн 277 дугаар шийтгэх тогтоолтой, Н-гийн Ц-, К-гийн Т-, С-гийн Т- нарт холбогдох, 1918008290235 дугаартай эрүүгийн хэргийг шүүгдэгч К.Т-, Н.Ц- нарын гаргасан давж заалдах гомдлыг үндэслэн 2020 оны 09 дүгээр сарын 04-ний өдөр хүлээн авч, шүүгч Ц.Амаржаргалын  танилцуулснаар хянан хэлэлцэв.

Монгол Улсын иргэн, урьд 4 удаагийн ял шийтгэлтэй, ********** регистрийн дугаартай, Ж- овгийн К-ийн Т-.,

Монгол Улсын иргэн, урьд 2 удаагийн ял шийтгэлтэй, ********** регистрийн дугаартай, Б- овгийн Н-гийн Ц-.,

Монгол Улсын иргэн, урьд ял шийтгэлгүй, ********** регистрийн дугаартай, Ш- овгийн С-гийн Т-.,

Шүүгдэгч К.Т-, М.С-, Н.Ц- нар нь бүлэглэн 2019 оны 11 дүгээр сарын 23-ны өдөр 21 цагийн үед Дархан-Уул аймгийн Дархан сумын 7 дугаар баг Майхантын 1 дүгээр гудамжны 09 тоотод С.Т-гийн 273.000 төгрөгийг  хууль бусаар, хүч хэрэглэхээр заналхийлэн дээрэмдэж авсан,

Шүүгдэгч С.Т- нь 2019 оны 12 дугаар сарын 19-ний өдөр мөрдөн шалгах ажиллагааны үед үнэн зөв мэдүүлэг өгөхөө илэрхийлж, баталгаа гаргасны дараа зориуд худал мэдүүлэг өгсөн гэмт хэрэгт тус тус холбогджээ.

Дархан-Уул аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүх 2020 оны 07 дугаар сарын 28-ны өдрийн 277 дугаар шийтгэх тогтоолоор:

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.1 дүгээр зүйлийн 4.т заасныг журамлан, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.19 дүгээр зүйлийн 1.1.т тус тус зааснаар С.Т-д холбогдуулан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 21.2 дугаар зүйлийн 1.д  заасан гэмт хэрэгт холбогдуулан  яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хэргийг хэрэгсэхгүй болгож,

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.7 дугаар зүйлийн 1.д заасныг журамлан Ж- овогт К-гийн Т-, Б- овогт Н-гийн Ц- нарыг бусдын эд хөрөнгийг илээр, хүч хэрэглэж, хүч хэрэглэхээр заналхийлж авсан, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.2 дугаар зүйлийн 2.т заасан дээрэмдэх гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцож,

Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.2 дугаар зүйлийн 2.т зааснаар К.Т-т 5 /тав/ жил, Н.Ц-д 3 /гурав/ жил 6 /зургаа/ сар хорих ял тус тус оногдуулж,

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.9 дүгээр зүйлийн 1.т зааснаар Н.Ц-д Дархан-Уул аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 02 дугаар сарын 20-ны өдрийн 81 дугаар шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2.1.д зааснаар оногдуулсан 1 жил 1 сар хорих ялаас эдлээгүй үлдсэн 06 сар 17 хоногийн хорих ялыг энэ тогтоолоор оногдуулсан 3 жил 6 сар хорих ял дээр нэмж нэгтгэн нийт эдлэх ялыг 4 жил 17 хоног хорих ялаар тогтоож,

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 4.т  зааснаар К.Т-т оногдуулсан 5 /тав/ жил, Н.Ц-д оногдуулсан 4 /дөрөв/ жил 17 /арван долоо/ хоног хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэх,

Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1., 510 дугаар зүйлийн 510.1 .д зааснаар шүүгдэгч К.Т-, Н.Ц- нараас тус бүр 91,000 /ерэн нэгэн мянга/ төгрөг гаргаж хохирогч Дархан-Уул аймгийн Дархан сумын 3 дугаар баг, Тосгоны 4-79 тоотод оршин суух,  ********** регистрийн дугаартай,  Ш- овгийн С-гийн Т-д олгох,

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.10 дугаар зүйлийн 1.,2.д  зааснаар К.Т-, Н.Ц- нарын энэ хэрэгт цагдан хоригдсон 12 хоногийг хорих ял эдэлсэн хугацаанд оруулсан тооцох,

Дархан-Уул аймгийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.2 дугаар зүйлийн 2.т заасан гэмт хэрэгт Ж- овогт К-гийн Т-, Б- овогт М-ын С-, Б- овогт Н-гийн Ц-, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 21.2 дугаар зүйлийн 1.д заасан гэмт хэрэгт Ш- овогт С-гийн Т- нарт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн 1918008290235 дугаартай эрүүгийн хэргээс шүүгдэгч Б- овогт М-ын С-д холбогдох хэргийг тусгаарласан, энэ хэрэгт хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, хураасан битүүмжилсэн хөрөнгөгүй болохыг тус тус дурдаж, эд мөрийн баримтаар хураагдаж 1 ширхэг сүхийг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц устгах,

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 5.д  зааснаар шүүхийн шийдвэр уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд мөн хуулийн 36.8 дугаар зүйлийн 1.5.д зааснаар шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч К.Т-, Н.Ц- нарт авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлж, шүүгдэгч С.Т-д авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц хүчингүй болгож шийдвэрлэжээ.

Шүүгдэгч К.Т- давж заалдах гомдолдоо:

Миний бие хохирлыг төлж барагдуулахаас гадна гэм буруугаа хүлээн зөвшөөрч байгааг минь харгалзан үзэж ял шийтгэлийг хөнгөрүүлж өгнө үү. Давж заалдах шатны шүүх хуралдан өөрийн биеэр оролцоно гэжээ.

Шүүгдэгч Н.Ц- давж заалдах гомдолдоо:

Анхан шатны шүүх хуралдааны шатанд намайг хэрэгт холбогдолгүй талаар хэлсэн гэрч нар яагаад ингэж худал мэдүүлэг өгснийг би гайхаж байна. Би тухайн үед хамт явж байсан нь үнэн. Би К.Т-ийг болиулаагүйдээ гэмшиж байна. Надад ял нэмсэнд би гомдолтой байна. Давж заалдах шатны шүүх хэргийг үнэн зөвөөр шийдвэрлэж өгнө үү. Шүүх хуралдаанд биечлэн оролцоно гэжээ.

Давж заалдах шатны шүүх хуралдаанд оролцсон шүүгдэгч К.Т- тайлбартаа:

Хийсэн хэрэгтээ маш их гэмшиж байна. Надад оногдуулсан ял шийтгэлийг хөнгөрүүлж өгнө үү гэв.

Давж заалдах шатны шүүх хуралдаанд оролцсон шүүгдэгч Н.Ц- тайлбартаа:

Анхан шатны шүүхээс надад оногдуулсан ялыг багасгаж өгнө үү. Гэм буруугаа хүлээн зөвшөөрч байгаа. Хохирогчид хохирол төлбөрийг төлсөн гэв.

Давж заалдах шатны шүүх хуралдаанд оролцсон шүүгдэгч Н.Ц-гийн өмгөөлөгч Д.Золзаяа тайлбартаа:

Миний үйлчлүүлэгчийн зүгээс хохирлыг бүрэн төлж барагдуулсан. Түүний хийсэн хэрэгтээ гэмшиж байгаа, хохирлыг төлсөн байдлыг харгалзан үзэж түүнд оногдуулсан ялыг багасгаж өгнө үү гэв.

Давж заалдах шатны шүүх хуралдаанд оролцсон прокурор Ч.Мядагбадам дүгнэлтдээ:

Анхан шатны шүүхээс шүүгдэгч нарын үйлдсэн гэм буруутай үйлдэлд тохирсон ял шийтгэлийг оногдуулсан гэж үзэж байна. Шүүгдэгч нарт оногдуулсан ял шийтгэлийг багасгах нь шүүхийн эрх хэмжээний асуудал тул тусгайлсан саналгүй гэв.

ТОДОРХОЙЛОХ нь:

Дархан-Уул аймгийн Прокуророос шүүгдэгч К.Т-, М.С-, Н.Ц- нарыг 2019 оны 11 дүгээр сарын 23-ны өдөр 21 цагийн  орчимд  бүлэглэн  Дархан-Уул аймгийн Дархан сумын 7 дугаар баг, Майхантын 1 дүгээр гудамжны 9 тоот, Т.М-ийн гэрт хохирогч С.Т-гийн 273,000 төгрөгийг хоолойг чинь хэрчинэ гэж хүч хэрэглэхээр сүрдүүлсэн.,  мөн  хоолойг нь боож унаган хүч хэрэглэж дээрэмдсэн гэж Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.2 дугаар зүйлийн 2.т заасан гэмт хэрэгт холбогдуулан.,

Шүүгдэгч С.Т-г 2019 оны 12 дугаар сарын 19-ний өдөр мөрдөн шалгах ажиллагааны үед үнэн зөв мэдүүлэг өгөхөө илэрхийлж, баталгаа гаргасны дараа зориуд худал мэдүүлэг өгсөн  гэж Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 2.2.д заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж хэргийг шүүхэд шилжүүлжээ.

Дээрх үйлдэл нь хэрэгт авагдаж, шүүх хуралдаанаар хэлэлцсэн нотлох баримт болох  шүүгдэгч нарын мөрдөн байцаалтын шатанд болон шүүхийн хэлэлцүүлэгт хэргийн талаар хүлээн мэдүүлсэн мэдүүлэг., болон хохирогч С.Т-гийн 2019 оны 11 сарын 23-ны орой хоёр эмэгтэйтэй тааралдаад дэлгүүрээс утсыг нь авч өгөөд 1 шил  архи аваад тэдэнтэй найзынд нь очсон., тэнд 3 эрэгтэй , 2 эмэгтэй хүн байсан бөгөөд намайг  гарах гэтэл явуулахгүй байсан., Тэгээд нэг нь миний хоолойг боож унагасан., нэг нь  хоолойг чинь хэрчинэ шүү гэж  айлган сүрдүүлсэн., би айгаад намайг явуулна биз дээ гээд гээд түрүүвчээ өгсөн ..., гэсэн мэдүүлэг., 

Гэрч Б.Г-ийн ...тэр өдөр М-, М.С-, К.Т-, Н.Ц- нар байсан бөгөөд хохирогчийг гэрт орж ирэхэд Н.Ц- дарж унагасан., тэгээд нэг шил архи уучихаад дахиад архи уух гээд К.Т- өвгөнийг боож унагасан., энэ хэргийг үйлдсэн нь үнэн., Н.Ц- мөнгө өг өгөхгүй бол хоолойг чинь хэрчинэ гэсэн чинь тэр хүн намайг явуулна биз дээ  гээд түрүүвчээ гаргаж өгсөн., гэсэн мэдүүлэг.,

Гэрч С.У-ы ...Г-, К.Т- хоёр дахиад 1 шил архи авна гэсэн чинь хохирогч одоо би чадахгүй явлаа гэтэл Г- ...архи уухгүй юм бол яах гэж ирсэн юм бэ... гэж хэлсэн, К.Т- боож унагасан., М.С- халаасыг нь ухсан., Н.Ц- мөнгө өгөхүй бол хоолойг чинь хэрчинэ гэсэн.,  хохирогчийг айлган сүрдүүлж  мөнгө авсан нь үнэн.., гэсэн мэдүүлэг., хэргийн газарт үзлэг хийсэн тэмдэглэл., гэрэл зургийн үзүүлэлт зэргээр нотлогдож тогтоогдсон байна.

Иймд анхан шатны шүүх Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.7 дугаар зүйлийн 1.д заасныг журамлан К-гийн Т-, Н-гийн Ц- нарыг бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэж, хүч хэрэглэхээр заналхийлж  дээрэмдсэн  гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, К.Т-т 5 жил, Н.Ц-д 3 жил 6 сар хорих ял тус тус оногдуулж,  Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.9 дүгээр зүйлийн 1.т зааснаар  шүүгдэгч Н.Ц-д 2020 оны 02 дугаар сарын 20-ны өдрийн 81 дугаар шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2.1.д зааснаар оногдуулсан 1 жил 1 сар хорих ялаас эдлээгүй үлдсэн 06 сар 17 хоног хорих ялыг энэ тогтоолоор оногдуулсан 3 жил 6 сар хорих ял дээр нэгтгэн нийт эдлэх ялыг 4 жил 17 хоног хорих ялаар  шийтгэж.,

Хэрэгт авагдсан нотлох баримт болон болсон үйл баримтад үндэслэл бүхий дүгнэлт хийж шүүгдэгч С.Т-гийн үйлдэл нь /хэргийн хохирогч/ гэмт хэргийн шинжийг хэлбэрийн төдий агуулсан боловч түүний үйлдэл нь Эрүүгийн хуулиар хамгаалагдсан бусдын  эрх ашигт  хохирол, хор уршиг учруулаагүй  гэж үзээд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.1 дүгээр зүйлийн 4.т заасныг журамлан, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.19 дүгээр зүйлийн 1.1.т тус тус заасныг баримтлан түүнд  Эрүүгийн хуулийн тусгай ангийн 21.2 дугаар зүйлийн 1.д заасан гэмт хэрэгт холбогдуулан  яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн эрүүгийн  хэргийг хэрэгсэхгүй болгосон нь үндэслэлтэй байна.  

Шүүгдэгч  нарын   үйлдлийг зүйлчилсэн хуулийн зүйл, хэсэг зөв,  анхан шатны шүүх  гэм буруугийн талаар үндэслэл бүхий дүгнэлт хийж, гэмт хэргийн улмаас учирсан  хохирлыг зөв тооцож, Эрүүгийн хуулийн тусгай ангид заасан  ял оногдуулжээ.

Гэвч К.Т-, Н.Ц- нар нь үйлдсэн хэргийн талаар үнэн зөв хүлээн мэдүүлж байгаа., хохирогч гомдол саналгүй, шүүгдэгч Н.Ц- хохирогчид 91.000 төгрөг төлж барагдуулсан, шүүгдэгч К.Т- хохирол нөхөн төлөхөө илэрхийлсэн байдлыг харгалзан үзээд Эрүүгийн хуулийн тухайн зүйл, хэсэгт заасан хорих ялын хэмжээний дотор анхан шатны шүүхийн оногдуулсан хорих  ялаас хасаж, тэдэнд 2 жил хорих ял оногдуулж энэ ял дээр шүүгдэгч Н.Ц-гийн хувьд өмнөх шийтгэх тогтоолоор оногдуулсан ялаас эдлээгүй үлдсэн  6 сар 17 хоног хорих ялыг нэмж нэгтгэн  өөрчлөлт оруулах боломжтой гэж үзлээ.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.9 дүгээр зүйлийн 1.4., 39.9 дүгээр зүйлийн 2.т заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

           1.Дархан-Уул аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 07 дугаар сарын 28-ны өдрийн 277 дугаар шийтгэх тогтоолын тогтоох хэсгийн 3., 4., 5  дугаар заалтыг :

            -Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.2 дугаар зүйлийн 2.т зааснаар шүүгдэгч К-гийн Т-, Н-гийн Ц- нарыг тус тус 2 жил хорих ялаар шийтгэсүгэй  гэж.,

          - Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.9 дүгээр зүйлийн 1.т зааснаар шүүгдэгч Н.Ц-д энэ шийтгэх тогтоолоор оногдуулсан 2 жил хорих ял дээр Дархан-Уул аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 02 дугаар сарын 20-ны өдрийн 81 дугаар шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2.1.д зааснаар оногдуулсан 1 жил 1 сар хорих ялаас эдлээгүй үлдсэн 06 сар 17 хоног хорих ялыг нэмж нэгтгэн нийт эдлэх ялыг 2 жил 6 сар 17 хоног хорих ял оногдуулсугай гэж., 

          -  Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 4.т  зааснаар К.Т-т оногдуулсан  2 жил, Н.Ц-д оногдуулсан 2  жил  6 сар 17  хоног хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлсүгэй гэж тус тус өөрчлөн, тогтоох хэсгийн бусад заалтыг хэвээр үлдээсүгэй.

          2. Шүүгдэгч Н.Ц- Давж заалдах шатны шүүхэд хэрэг хянан хэлэлцэх явцад  хохирогчид 91.000 төгрөгийн хохирлыг төлж барагдуулсан, төлөх төлбөргүй болохыг дурдсугай.

           3. Шүүгдэгч нарын давж заалдах гомдлыг  хүлээн авсугай.

           4. Давж заалдах шатны шүүхийн магадлалыг эс зөвшөөрвөл гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн  дотор шүүгдэгч, хохирогч, тэдний өмгөөлөгч хяналтын журмаар гомдол гаргах, прокурор, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.

 

 

                                  ДАРГАЛАГЧ ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                         Б.МАНЛАЙБААТАР

                                                                      ШҮҮГЧИД                        Ц.ТУЯА

                                                                                                               Ц.АМАРЖАРГАЛ