Улсын дээд шүүхийн Шүүх хуралдааны тогтоол

2025 оны 10 сарын 21 өдөр

Дугаар 001/ХТ2025/00158

 

Б-ы нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

Монгол Улсын дээд шүүхийн танхимын тэргүүн Г.Алтанчимэг даргалж, шүүгч Н.Батзориг, Н.Батчимэг, Э.Золзаяа, Х.Эрдэнэсувд нарын бүрэлдэхүүнтэй, тус шүүхийн танхимд хийсэн хяналтын шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар,

 Дорнод аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн

2025 оны 02 дугаар сарын 24-ний өдрийн 309/ШШ2025/00021 дүгээр шийдвэр,

 Дорнод аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн

2025 оны 05 дугаар сарын 27-ны өдрийн 201/МА2025/00024 дүгээр магадлалтай,

 Б-ы нэхэмжлэлтэй

А, И нарт холбогдох

 Бэлэглэлийн гэрээг хүчингүй болгуулах, хариуцагч А-гээс 40,000,000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг

 Хариуцагч И, түүний өмгөөлөгч Э нарын хяналтын журмаар гаргасан гомдлоор

 Шүүгч Х.Эрдэнэсувдын илтгэснээр хянан хэлэлцэв.

 Шүүх хуралдаанд: нэхэмжлэгч Б, хариуцагч И, хариуцагчийн өмгөөлөгч Э, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Намсрай нар оролцов.

  ТОДОРХОЙЛОХ нь:

 1. Нэхэмжлэгч Б нь хариуцагч А, И нарт холбогдуулан бэлэглэлийн гэрээг хүчингүй болгуулах, хариуцагч А-гээс 40,000,000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэл гаргасныг хариуцагч нар эс зөвшөөрч, маргажээ.

 2. Дорнод аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2025 оны 02 дугаар сарын 24-ний өдрийн 309/ШШ2025/00221 дүгээр шийдвэрээр: Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.3, 56.4-т зааснаар 2018 оны 04 сарын 02-ны өдөр А, И нарын хооронд байгуулсан Үл хөдлөх эд хөрөнгө бэлэглэх гэрээг хүчин төгөлдөр бус болохыг тогтоож, хариуцагч А-гээс 40,000,000 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч Бд олгож,

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1-д зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 426,900 төгрөгийг Дорнод аймгийн Хэрлэн сумын төсвийн орлогод хэвээр үлдээж, хариуцагч Агээс 426,900 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч Б-д олгож шийдвэрлэжээ.

3. Дорнод аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2025 оны 05 дугаар сарын 27-ны өдрийн 201/МА2025/00024 дүгээр магадлалаар: Хариуцагч И болон түүний өмгөөлөгч Э нарын давж заалдах журмаар гаргасан гомдлыг хангахгүй орхиж, Дорнод аймаг дахь Сум дундын анхан шатны шүүхийн 2025 оны 02 дугаар сарын 24-ний өдрийн 309/ШШ2025/00221 дугаартай шийдвэрийн тогтоох хэсгийн 1 дэх заалтад “56 дугаар зүйлийн 56.5” гэсэн заалт нэмж, шийдвэрийн бусад заалтыг хэвээр үлдээж,

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 162 дугаар зүйлийн 162.4 дэх хэсэгт зааснаар хариуцагчийн давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 498,150 төгрөгөөс 70,200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, 427,950 төгрөгийг улсын орлогоос гаргуулж хариуцагч И-ад олгож шийдвэрлэжээ.

 4. Хариуцагч И, түүний өмгөөлөгч Э нар хяналтын журмаар гаргасан гомдолдоо:  Анхан болон давж заалдах шатны шүүхийн шийдвэр, магадлалыг эс зөвшөөрч, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 172 дугаар зүйлийн 172.2.3 дахь хэсэгт заасан үндэслэлээр хяналтын журмаар гомдол гаргаж байна.

4.1. Талуудын хооронд байгуулсан Бэлэглэлийн гэрээ хүчин төгөлдөр бус гэх тухайд.

Хариуцагч И миний зүгээс талуудын хооронд 2017.05.02-ны өдөр байгуулсан Эд хөрөнгө худалдах, худалдан авах гэрээ болон 2018.04.02-ны өдөр Үл хөдлөх эд хөрөнгө бэлэглэх гэрээ байгуулсан талаар огт маргаагүй. Харин 2018.04.02-ны өдөр Үл хөдлөх эд хөрөнгө бэлэглэх гэрээг байгуулах болсон шалтгаан нь эд хөрөнгийн үнийн дийлэнх хэсгийг төлсний дараа хариуцагч Агээс гаргасан саналын дагуу үл хөдлөх эд хөрөнгийн өмчлөлийг шилжүүлэх зорилгоор байгуулсан гэрээ юм. 2018.04.02-ны өдөр байгуулсан Бэлэглэлийн гэрээг хүчин төгөлдөр бус хэлцэл мөн эсэхийг тогтоохын тулд талуудын хүсэл зоригийг бүрэн тайлбарлах шаардлага үүсэх ба 2 шатны шүүх талуудын хүсэл зоригийг тайлбарласан дүгнэлт огт хийгээгүй.

Монгол Улсын дээд шүүхийн 2010.06.22-ны өдрийн “Иргэний хуулийн 5, 6, 7 дугаар бүлгийн зарим зүйл, заалтыг тайлбарлах тухай” 17 дугаартай тогтоолоор Иргэний хуулийн 39, 40, 41 дүгээр зүйлийг тайлбарласан бөгөөд “Хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1-д зааснаар хэлцэл хийх хүсэлтэй этгээдийн уг эрмэлзлэлээ илэрхийлсэн байдлыг нөгөө тал ойлгож, утга санааг нь ухамсарласан тохиолдолд “хүсэл зоригийн илэрхийллийг хүлээн авсан” гэж үзнэ” гэснийг шүүх анхаарч үзээгүй байна.

Талууд маргааны зүйл болоод байгаа үл хөдлөх эд хөрөнгийн өмчлөлийг шилжүүлэх зорилгоор 2017.05.12-ны өдөр Эд хөрөнгө худалдах, худалдан авах гэрээ, 2017.12.22-ны өдөр Нэмэлт гэрээ, 2018.01.22-ны өдөр Иргэд хооронд хийгдсэн гэрээ, 2018.04.02-ны өдөр Үл хөдлөх эд хөрөнгө бэлэглэх гэрээ гэсэн 4 гэрээг бичгээр байгуулсан.

Хариуцагч А нь үл хөдлөх эд хөрөнгөө худалдах, шилжүүлэх хүсэл зоригоо илэрхийлж, түүнийг хүлээн авч дээрх хэргийн материалын 5-8 дугаар талд байгаа 4 удаагийн гэрээ байгуулан хөрөнгө шилжүүлэх хүсэл зоригоо бүрэн илэрхийлсэн байхад хамгийн сүүлд байгуулсан 1 гэрээг хүчин төгөлдөр бус хэлцэл гэж үзэн хүчингүй болгох нь үндэслэлгүй юм.

4.2. Анхан шатны шүүх “хариуцагч И, А нарын хооронд 2018.04.02-ны өдөр байгуулсан Үл хөдлөх эд хөрөнгө бэлэглэх гэрээ нь нэхэмжлэгч Б, хариуцагч А нарын хооронд 2017.05.02-ны өдөр байгуулсан Эд хөрөнгө худалдах, худалдан авах гэрээний үүргийг биелүүлэх явцад уг гэрээг халхавчлах зорилгоор хийгдсэн байх тул хүчин төгөлдөр бус хэлцэл байна” гэж дүгнэсэн. Шүүх Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.3-т заасан “өөр хэлцлийг халхавчлах зорилгоор хийсэн хэлцэл” гэж үзээд Бэлэглэлийн гэрээг хүчин төгөлдөр бус хэлцэл гэж шийдвэрлэсэн хууль бус гэж үзэж байна.

Учир нь, хуулийн энэ зохицуулалтаар хэрэг маргааныг шийдвэрлэх тохиолдолд халхавч болон халхавчлагдсан гэх хоёр төрлийн хэлцэл байх шаардлагатай бөгөөд дараах нөхцөлийг хангасан бол хүчин төгөлдөр бус хэлцэл болдог онцлогтой. Үүнд:

- Халхавч хэлцэл /энэ маргааны тохиолдолд Бэлэглэлийн гэрээ/-ээр хэлцэл хийгч талууд түүнийг хэрэгжүүлэх, ямар нэг эрх, үүрэг хүлээх хүсэл зориггүй байх,

- Халхавчлагдсан хэлцэл /энэ тохиолдолд ХХАГэрээ/-ээр талууд эрх, үүрэг хүлээж, хэрэгжүүлэх хүсэл зориг бодитой байх.

Дээрх хоёр шаардлагыг бүхэлд нь хангаснаар уг хэлцлийг хүчин төгөлдөр бус хэлцэл гэж дүгнэх боломжтой. Гэтэл 2018.04.02-ны өдөр талууд бүгд байлцаж халхавч гэх Үл хөдлөх эд хөрөнгө бэлэглэх гэрээг байгуулсан талаараа тайлбарлаж байгаа бөгөөд энэ гэрээг хэрэгжүүлэх буюу Иын өмчлөлд үл хөдлөх эд хөрөнгийг шилжүүлэх хүсэл зоригоо илэрхийлсэн тул халхавчилсан, халхавчлагдсан 2 хэлцлийг бүгдийг хэрэгжүүлэх хүсэлт зориг байсан тул дээрх хэлцлүүд хэрэгжиж, үл хөдлөх эд хөрөнгийн өмчлөх эрх шилжсэн. Тиймээс гэрээг хэрэгжүүлэх хүсэл зоригийн илэрхийлэл бодитоор байсан тул Бэлэглэлийн гэрээг хүчин төгөлдөр бус хэлцэл гэж дүгнэх үндэслэлгүй.

Нэхэмжлэгч Б нь нэхэмжлэлийн үндэслэлээ тодорхойлохдоо “уг үл хөдлөх эд хөрөнгийг би худалдаж авсан, би төлбөрийг төлсөн, Иын оролцоо байхгүй гэснээс үзвэл уг агуулгаараа гэр бүлийн хамтын амьдралтай байх үед бий болсон дундын хөрөнгийн талаар маргаж байгаа юм.

Нэхэмжлэлийн үндэслэлээс нэхэмжлэгчийн одоо шийдвэрлүүлэхийг хүсэж байгаа хүсэл зориг нь “Бы би мөнгө буюу үнийг төлсөн байхад хөрөнгийн өмчлөгч нь И болсон учраас үнэ болон хохирлыг гаргуулах хүсэлтэй байна” гэж ойлгогдож байна. Өөрөөр хэлбэл, хамтын амьдралтай байхдаа дундын хөрөнгө бий болгоход зарцуулсан мөнгөө нэхэмжилж байгаа. Тухайн хөрөнгө нь одоо И миний өмчлөлд бүртгэлтэй байгаа учраас надаас үнийг гаргуулах, эсвэл үл хөдлөх эд хөрөнгөөс ногдох хэсгээ шаардах, эсвэл хөрөнгийг бүхэлд нь шаардах гэсэн шаардлагуудын аль нэгийг гарган шийдвэрлүүлэх боломжтой.

Харин “А ямар нэг байдлаар Бы эрх, ашиг сонирхлыг зөрчсөн” гэх үндэслэл тогтоогдоогүй тул үл хөдлөх эд хөрөнгийн өмнөх өмчлөгч Аг татан оролцуулж, нэхэмжлэгчид мөнгө өгүүлэх замаар маргааныг шийдвэрлэх боломжгүй юм.

4.3. Үл хөдлөх эд хөрөнгийн үнэ болон хохирол 40,000,000 төгрөг гаргуулахаар шийдвэрлэсэн тухайд.

Нэхэмжлэгч нийтдээ 40,000,000 төгрөг нэхэмжилсэн ба үүнээс 20,000,000 төгрөг нь үл хөдлөх эд хөрөнгийн үнэ, үлдэх 20,000,000 төгрөгийг хохирол гэж тодорхойлсон. 20,000,000 төгрөгийн хохирлыг тогтоосон ямар ч нотлох баримт байхгүй байхад ийм байдлаар шийдвэрлэсэн нь үндэслэлгүй. Дээрх 20,000,000 төгрөгийн хохирлоо “тухайн үед худалдан авсан гэх үл хөдлөх эд хөрөнгийн үнэлгээ одоо 2 дахин өссөн учраас ингэж нэхэмжилсэн” гэж тайлбарлах боловч үл хөдлөх эд хөрөнгийг үнэлсэн тухай ямар нэг баримтыг шүүхэд гаргаж өгөөгүй.

Анхан шатны шүүх хуралдааны явцад ч нэхэмжлэгч Б, хариуцагч И нар тухайн үл хөдлөх хөрөнгийг худалдан авахад хэн нь хичнээн хэмжээний хөрөнгө оруулсан талаараа маргаж байсан учраас энэ маргаан нь талуудын хооронд хуульд зааснаар хамтран өмчлөх дундын хөрөнгөтэй холбоотой үүссэн маргаан гэдэг нь тодорхой байна. Хэрэв Б нь И надад холбогдуулан хамтран өмчлөх дундын эд хөрөнгөтэй холбоотой шаардлага гаргасан бол тухайн эд хөрөнгийг худалдан авахад оруулсан хөрөнгөний нотлох баримтыг гаргаж өгөх бүрэн боломжтой юм.

Тухайн хөрөнгө нь одоо И миний өмчлөлд бүртгэлтэй байгаа учраас надаас үнийг гаргуулах, эсвэл үл хөдлөх эд хөрөнгөөс ногдох хэсгээ шаардах, эсвэл хөрөнгийг бүхэлд нь шаардах гэсэн шаардлагуудын аль нэгийг гарган шийдвэрлүүлэх боломжтой. Харин А ямар нэг байдлаар Бы эрх, ашиг сонирхлыг зөрчсөн гэх үндэслэл тогтоогдоогүй тул үл хөдлөх эд хөрөнгийн өмнөх өмчлөгч Аг татан оролцуулж, нэхэмжлэгчид мөнгө өгүүлэх замаар маргааныг шийдвэрлэх боломжгүй юм.

Дээрх нэхэмжлэлийн шаардлага нь “хүчин төгөлдөр бус хэлцэл болохыг тогтоолгох” учраас энэ шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй байгаагаа удаа дараа илэрхийлсэн.

Гэтэл анхан шатны шүүх дээрх нэхэмжлэлийн шаардлагыг хариуцагч И хүлээн зөвшөөрсөн мэтээр ойлгож шийдвэртээ “Хариуцагч И нь бэлэглэлийн гэрээг хүчин төгөлдөр бус гэдэг шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй гэж маргаж байсан боловч шүүх хуралдаан дээр уг үл хөдлөх эд хөрөнгийг нэхэмжлэгчид шилжүүлэхэд татгалзах зүйлгүй гэж тайлбарладаг” гэж бичжээ. Энэ тайлбар болон нэхэмжлэлийн шаардлага нь хууль хэрэглээний хувьд өөр өөр үр дагавар үүсгэх ёстой байхад шүүх үүнийг нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрсөн мэтээр тайлбарласан нь үндэслэлгүй.

Харин ч уг тайлбараар нэхэмжлэгч Б, хариуцагч И нарын хооронд хамтран өмчлөх дундын эд хөрөнгөтэй холбоотой маргаан үүссэн гэдэг нь тодорхой байгаа юм.

Иймд шийдвэр, магадлалыг хүчингүй болгож, нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

 5. Улсын дээд шүүхийн иргэний хэргийн танхимын нийт шүүгчийн хуралдаанаар хариуцагч И, түүний өмгөөлөгч Э нарын гаргасан гомдлыг хэлэлцээд хоёр шатны шүүх хуулийг зөрүүтэй хэрэглэсэн, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны ноцтой зөрчил гаргасан нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн гэх Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 172 дугаар зүйлийн 172.2.1, 172.2.2-т заасан үндэслэлээр хэргийг шүүх хуралдаанаар хэлэлцүүлэхээр 2025.09.09-ний өдрийн 001/ШХТ2025/00777 дугаар тогтоолыг гаргажээ.

 ХЯНАВАЛ:

6. Анхан болон давж заалдах шатны шүүхийн шийдвэр, магадлалд хууль хэрэглээний болон найруулгын өөрчлөлт оруулж, хариуцагч түүний өмгөөлөгчийн хяналтын журмаар гаргасан гомдлыг хангахгүй орхиж шийдвэрлэв.

7. Нэхэмжлэгч Б нь хариуцагч А, И нарт холбогдуулан бэлэглэлийн гэрээг хүчингүй болгуулах, хариуцагч Агээс 40,000,000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлага гаргаж, үндэслэлээ: “...Миний бие хариуцагч А-тэй 2017.05.12-ны өдөр Эд хөрөнгө худалдах, худалдан авах гэрээ байгуулан үл хөдлөх эд хөрөнгийг худалдан авсан бөгөөд гэрээгээр тохиролцсон 20,000,000 төгрөгийн төлбөрийн үүргээ биелүүлсний дараа өмчлөл шилжүүлэх үед Агийн нөхөр зуурдаар нас барж, хариуцагчийн зүгээс үл хөдлөх эд хөрөнгө худалдан борлуулсны орлогын албан татварт 400,000 төгрөг төлөх боломжгүй байсан учраас бэлэглэлээр шилжүүлэх хүсэлт гаргасан. Үүний дагуу миний хамтран амьдарч байсан Иад 2018.04.02-ны өдөр байгуулсан бэлэглэлийн гэрээгээр уг үл хөдлөх эд хөрөнгө шилжиж очсон. Тухайн үед би Итай цаашдаа гэр бүл болж амьдрах бодолтой байсан учраас айлын эр хүний хувьд өмчлөлийг Иад үлдээхийг зөвшөөрч бэлэглэлийн гэрээнд хамтран оролцоогүй. И бидний хоорондын харилцаа нэгэнт дууссан тул өөр хэлцлийг халхавчлах зорилгоор хийгдсэн уг хүчин төгөлдөр бус хэлцлийн улмаас өөрт учирсан хохирлыг Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.4-56.6 дахь хэсэгт заасны дагуу нэхэмжилж байна. Уг үл хөдлөх эд хөрөнгийг худалдан авахад миний төлсөн 20,000,000 төгрөг болон зах зээлийн ханштай уялдуулж тухайн эд хөрөнгийн үнэлгээний зөрүүгээр надад учирсан хохирол 20,000,000 төгрөг, нийт 40,000,000 төгрөгийг хариуцагч А-гээс гаргуулж өгнө үү...” гэж тайлбарласан,

Хариуцагч И хариу тайлбартаа: “...Миний бие А гэдэг хүнээс үл хөдлөх эд хөрөнгийг 2018.04.02-ны өдөр бэлэглэлийн гэрээ байгуулан өмчлөлдөө шилжүүлэн авсан бөгөөд хууль ёсны өмчлөгч нь. Намайг А-гээс үл хөдлөх эд хөрөнгийг шилжүүлэн авахад Б хамт байсан. Атэй 2018.04.02-ны өдөр байгуулсан Бэлэглэлийн гэрээг хуулийн хүрээнд байгуулсан тул хүчин төгөлдөр гэрээ юм. Намайг тухайн үед ажил хөдөлмөр эрхэлдэггүй гэж байгаа нь үндэслэлгүй, ...энэ үл хөдлөх эд хөрөнгийг авахад миний оролцоо тодорхой хэмжээнд байсан гэж үзэж байна...” гэж,

 Хариуцагч А хариу тайлбартаа: “...үл хөдлөх эд хөрөнгөө Бд 20,000,000 төгрөгөөр худалдсан нь үнэн. Б гэрээ ёсоор надад сар бүр төлбөрөө төлж байсан ч байшин ББСБ-ын барьцаанд байсан тул Б барьцааг чөлөөлж өгсөн. Бя нь надаас өр нэхэж шүүхэд хандсанаар үл хөдлөх хөрөнгө битүүмжлэгдэх болсон тул Б, Ц.Бямбасүрэн нар хугацаатай төлбөр барагдуулах гэрээ байгуулж байшинг бүрэн шилжүүлэн авахаар болсон. Энэ мэтээр тухайн байшинг худалдахтай холбоотой нийт 4 гэрээ Б-ы хамааралтай хийгдсэн. Тухайн үед миний бие өр төлбөрийн асуудлаас шалтгаалж гар дээр авсан мөнгөгүй байшинг шилжүүлж өгөх болсон тул худалдан борлуулсан орлогын албан татварт 400,000 төгрөг төлөх боломж үнэхээр байгаагүй. Б-ы зүгээс нөхөр болох хүнийхээ нэрээр гэрчилгээ гаргуулъя гэсэн учраас би Итай бэлэглэлийн гэрээ хийсэн. Түүнээс биш би Итай ямар ч холбоо хамааралгүй, эд хөрөнгө бэлэглэх шалтгаан байхгүй. Миний бие Б-ы шүүхэд гаргаад байгаа нэхэмжлэлийг хүлээн зөвшөөрч байна. Иймд бэлэглэлийн гэрээг хүчингүй болгож өгнө үү...” гэж тус тус тайлбарласан.

8. Анхан шатны шүүх: “...Нэхэмжлэгч Б, хариуцагч А нарын хооронд ...байрлах худалдаа үйлчилгээний зориулалттай 100 м.кв талбай бүхий үл хөдлөх эд хөрөнгийг 20 000 000 төгрөгөөр худалдаж, худалдан авахаар 2017.05.12-ны өдөр Эд хөрөнгө худалдах, худалдан авах гэрээг, 2017.12.22-ны өдөр Нэмэлт гэрээг А, Б, баталгаа хүсэгч Ц нарын хооронд, мөн  2018.01.22-нд Иргэд хооронд хийгдсэн гэрээг Б, Ц, А нар байгуулж төлбөрийг худалдан авагч Б төлсөн болох нь нэхэмжлэгчийн шүүхэд гаргасан нэхэмжлэл, хариуцагчийн тайлбар, мөнгөн шилжүүлгийн баримтууд зэрэг нотлох баримтаар тогтоогдож байна. ...Нэхэмжлэгч Б нь хариуцагч Агээс маргаан бүхий үл хөдлөх хөрөнгийг худалдаж авах зорилгоор гэрээ байгуулж худалдах, худалдан авах гэрээний үнийг төлсөн байх ба үүнтэй талууд маргадаггүй. ...Худалдагч тал хөрөнгийг шилжүүлэх үүргээ биелүүлэх явцад талууд худалдах худалдан авах гэрээг өөрчилж Бэлэглэлээр эд хөрөнгөө шилжүүлэхээр тохиролцож тухайн 2018.04.02-ны өдөр эд хөрөнгийг хариуцагч А нь хариуцагч Иад бэлэглэхээр тохирсон үйл баримт тогтоогдож байна. Энэхүү бэлэглэлийн гэрээ хийгдэх болсон үндэслэл нь анхны худалдах, худалдан авах гэрээг хэрэгжүүлэх зорилготойгоор хийгдсэн гэрээ байна гэж дүгнэлээ. Бэлэглэлийн гэрээгээр бэлэглэгч нь бэлэг хүлээн авагчийн зөвшөөрснөөр түүний өмчлөлд тодорхой хөрөнгө хариу төлбөргүй шилжүүлдэг атал А нь үл хөдлөх хөрөнгийн үнийг Боос авсан болох нь тогтоогдож байх тул энэ бэлэглэлийн гэрээ хүчин төгөлдөр бус гэрээ байна. ...Нэхэмжлэгч Б нь бэлэглэлийн гэрээний хувьд сонирхогч этгээд байх тул хэлцлийн үр дагаврыг шаардах эрхтэй байна. Өөрөөр хэлбэл нэхэмжлэгч нь хариуцагч Агээс үл хөдлөх эд хөрөнгө худалдаж авах хүсэл зорилготойгоор харилцаанд орж, үл хөдлөх хөрөнгө худалдан авах гэрээний үнийг бүрэн төлсөн байхад тухайн худалдан авсан эд хөрөнгийн өмчлөгч болж чадаагүй байна. Иймд хариуцагч нарын хооронд байгуулсан бэлэглэлийн гэрээг хүчин төгөлдөр бус гэж шаардах эрхтэй ба уг гэрээ хүчин төгөлдөр бус болох нь тогтоогдож байх тул нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэлээ. Нэхэмжлэгч нь хариуцагч Агээс 40,000,000 төгрөг нэхэмжилснийг хариуцагч зөвшөөрсөн, уг шаардлагатай маргаагүй тул хариуцагчаас гаргуулж шийдвэрлэлээ. Нэхэмжлэл гаргах хөөн хэлэлцэх хугацаа дуусаагүй, хариуцагч нь хөрөнгийг худалдан авахад зохих оролцоо байгаа гэж тайлбарладаг боловч энэ талаар шаардлага гаргаагүй, иймд нэхэмжлэлийг бүхэлд нь хангаж шийдвэрлэнэ...” гэж дүгнэсэн.

Давж заалдах шатны шүүх анхан шатны шүүхийн шийдвэрт Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.5 гэсэн заалт нэмж, өөрчлөлт оруулахдаа: “...Нэхэмжлэгч Б, хариуцагч А нарын хооронд 2017.05.02-ны өдөр Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1 дэх хэсэгт заасан худалдах, худалдан авах хүчин төгөлдөр гэрээ байгуулагдсан бөгөөд хариуцагч Аг гэрээний үүргээ биелүүлэх явцад түүнд ар гэрийн гачигдал тохиолдож үл хөдлөх эд хөрөнгө борлуулсны орлогын албан татвар төлөх боломжгүй болсны улмаас хөрөнгийг бэлэглэлийн гэрээгээр шилжүүлэх болсон талаар талууд маргадаггүй ба шүүх хариуцагч А, И нарын хооронд 2018.04.02-ны өдөр байгуулагдсан Үл хөдлөх эд хөрөнгө бэлэглэх гэрээ нь Б, хариуцагч А нарын хооронд 2017.05.02-ны өдөр байгуулсан Эд хөрөнгө худалдах, худалдан авах гэрээний үүргийг биелүүлэх явцад уг гэрээг халхавчлах зорилгоор хийгдсэн байх тул Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.3-т заасан өөр хэлцлийг халхавчлах зорилгоор хийсэн хүчин төгөлдөр бус хэлцэл гэж дүгнэсэн нь хууль зүйн үндэслэлтэй байна. ...Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1-д заасан хүчин төгөлдөр бус хэлцэл гэж үзсэн тул 56.5 дахь заалтыг хэрэглэх нь зүйтэй тул ...шийдвэрт хууль хэрэглээний өөрчлөлт оруулна...” гэж дүгнэсэн байна.

9. Дээр дурдсанчлан хоёр шатны шүүх үйл баримт, эрх зүйн үндэслэлийн талаар адил дүгнэлт хийж, шийдвэр гаргасан байх боловч хуулийг агуулгаас нь зөрүүтэй тайлбарлаж хэрэглэсэн, нотлох баримтыг үнэлэх хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журмыг зөрчсөн үндэслэлээр гаргасан хариуцагч, түүний өмгөөлөгчийн гомдлоор хэргийг шүүх хуралдаанаар хянан хэлэлцлээ.

10. Нэхэмжлэгч Б хариуцагч И, А нарт холбогдуулан тэдний хооронд 2018.04.02-ны өдөр байгуулагдсан Үл хөдлөх эд хөрөнгө бэлэглэх гэрээ худалдах худалдан авах гэрээг халхавчлан хийсэн хүчин төгөлдөр бус хэлцэл болохыг тогтоолгож, өөрт учирсан хохирол 40,000,000 төгрөгийг хариуцагч Агээс гаргуулахаар нэхэмжлэлийн шаардлага гаргасныг хариуцагч А зөвшөөрч, хариуцагч И эс зөвшөөрч маргажээ.

11. Хэрэгт цугларсан баримтаар нэхэмжлэгч Б нь хариуцагч Атэй 2017.05.12-ны өдөр Эд хөрөнгө худалдах-худалдан авах гэрээ байгуулж, А-гийн өмчлөлийн ...байрлах худалдаа үйлчилгээний зориулалттай 100 м.кв талбай бүхий үл хөдлөх эд хөрөнгийг 20,000,000 төгрөгөөр худалдан авах, төлбөрийг хуваарийн дагуу төлж барагдуулахаар харилцан тохиролцсон, гэрээний хугацаанд 2017.12.22, 2018.01.22-ны өдрүүдэд нэмэлт гэрээ байгуулж иргэн Агийн бусдад төлөх төлбөрийг Б хариуцан төлснөөр худалдах-худалдан авах гэрээний төлбөр төлөх үүргийг биелүүлсэнтэй хариуцагч маргаагүй талаарх хоёр шатны шүүхийн дүгнэлт үндэслэлтэй.

12. Харин хариуцагч А худалдах-худалдан авах гэрээний худалдагчийн үүрэг болох үл хөдлөх эд хөрөнгийн өмчлөх эрхийг шилжүүлэх үүргийг хэрэгжүүлэхдээ үл хөдлөх эд хөрөнгийг худалдан борлуулсны татварыг төлөх төлбөрийн чадваргүй байсан үндэслэлээр 2018.02.05-ны өдрийн Бэлэглэлийн гэрээгээр үл хөдлөх эд хөрөнгийн өмчлөх эрхийг нэхэмжлэгч Бы өмчлөлд бус түүний зөвшөөрснөөр, тухайн үед нэхэмжлэгчтэй хамтын амьдралтай байсан, нэг ашиг сонирхол бүхий этгээд болох Иын өмчлөлд шилжүүлжээ.

13. Иргэний хуулийн 276 дугаар зүйлийн 276.1-д зааснаар бэлэглэлийн гэрээгээр бэлэглэгч нь бэлэг хүлээн авагчийн зөвшөөрснөөр түүний өмчлөлд тодорхой хөрөнгө хариу төлбөргүйгээр шилжүүлнэ.

Бодит байдалд нэхэмжлэгч Б нь үл хөдлөх эд хөрөнгийн үнийг төлсөн тул өмчлөх эрх үнэ төлбөргүйгээр шилжсэн гэж үзэх үндэслэлгүй бөгөөд хариуцагч нь татвараас зайлсхийж, талууд худалдах-худалдан авах гэрээг халхавчлах зорилгоор бэлэглэлийн гэрээгээр үл хөдлөх эд хөрөнгийн өмчлөх эрхийг шилжүүлсэн гэж үзэх үндэслэлтэй.

Иймд А-гийн 2018.02.05-ны өдрийн Бэлэглэлийн гэрээг өөр хэлцлийг халхавчлах зорилгоор хийсэн хүчин төгөлдөр бус байх хэлцэл болохыг тогтоосон хоёр шатны шүүхийн дүгнэлт Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.3 дахь заалтад нийцсэн байна.

14. Нэгэнт өмчлөх эрхийг шилжүүлсэн Бэлэглэлийн гэрээ хүчин төгөлдөр бус хэлцэл болох нь тогтоогдсон тул Б, А нарын хооронд 2017.05.12-ны өдөр байгуулагдсан худалдах-худалдан авах гэрээ хүчин төгөлдөр хэвээр үлдэнэ.

Худалдах-худалдан авах гэрээгээр худалдагч нь биет байдлын доголдолгүй, эрхийн зөрчилгүй хөрөнгө, түүнтэй холбоотой баримт бичгийг худалдан авагчийн өмчлөлд шилжүүлэх, ...худалдан авагч нь худалдагчид хэлэлцэн тохирсон үнийг төлж, худалдан авсан хөрөнгөө хүлээн авах үүргийг тус тус хүлээхээр Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1-д зохицуулсан.

Нэхэмжлэгч худалдах-худалдан авах гэрээнд заасны дагуу хэлэлцэн тохирсон үнийг төлж, гэрээний үүргээ биелүүлсэн боловч хөрөнгө түүний өмчлөлд шилжээгүй үндэслэлээр шилжүүлсэн хөрөнгөө өөрт учирсан хохирлын хамт буцаан шаардсан байх тул нэхэмжлэгчийг худалдах-худалдан авах гэрээнээс татгалзсан гэж үзэхээр байна. 

 15. Иргэний хуулийн 204 дүгээр зүйлийн 204.1-д аль нэг тал гэрээнээс татгалзах бол энэ тухай нөгөө талдаа мэдэгдэнэ, 205 дугаар зүйлийн 205.1-д хууль буюу гэрээнд заасны дагуу аль нэг тал нь гэрээнээс татгалзсан бол талууд гэрээний гүйцэтгэлийг биет байдлаар нь, түүнчлэн гэрээ биелснээс олсон ашгийг харилцан буцааж өгөх үүрэгтэй, 227 дугаар зүйлийн 227.1-д гэрээний нэг тал үүргээ зөрчсөн бол нөгөө тал нь гэрээнээс татгалзсантай холбогдон учирсан хохирлыг арилгуулахаар шаардах эрхтэй гэж тус тус заасан.

Хуулийн дээрх зохицуулалтад зааснаар нэхэмжлэгч нь гэрээнээс татгалзаж, үр дагаврыг шийдвэрлүүлэх, өөрт учирсан хохирлыг шаардсан нь хуульд нийцжээ.

Нэхэмжлэгч Б гэрээний үүрэгт 20,000,000 төгрөг шилжүүлсэн, хариуцагч үүргээ биелүүлээгүйгээс үл хөдлөх эд хөрөнгийн үнэ нэмэгдсэн нь тэр хэмжээгээр хохирол учирсан гэх үндэслэлээр хохиролд 20,000,000 төгрөг, нийт 40,000,000 төгрөгийг хариуцагч Агээс нэхэмжилснийг хариуцагч хүлээн зөвшөөрсөн байна.

Иймд нэхэмжлэлийг хангаж, хариуцагч Агээс 40,000,000 төгрөг гаргуулахаар шийдвэрлэсэн хоёр шатны шүүхийн шийдэл зөв болжээ.

16. 2018.02.05-ны өдрийн Бэлэглэлийн гэрээг үндэслэн ...байрлах худалдаа үйлчилгээний зориулалттай 100 м.кв талбай бүхий үл хөдлөх эд хөрөнгийн өмчлөх эрх хариуцагч Иын өмчлөлд бүртгэгдсэн үйл баримттай зохигч маргаагүй.

Тус гэрээ хүчин төгөлдөр бус хэлцэл болох нь тогтоогдсон тул Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.5-д зааснаар талууд уг хэлцлээр шилжүүлсэн зүйлийг харилцан буцааж өгөх үүрэгтэй талаар давж заалдах шатны шүүх дүгнэлт хийж, анхан шатны шүүхийн шийдвэрт хууль хэрэглээний өөрчлөлт оруулсан нь зөв боловч үр дагаврыг шийдвэрлэлгүй орхигдуулсан байх тул үл хөдлөх эд хөрөнгийг хариуцагч Агийн өмчлөлд буцааж шийдвэрлэнэ.

17. Нэхэмжлэлийн шаардлагын үндэслэл болсон 2018.04.02-ний өдрийн Үл хөдлөх эд хөрөнгө бэлэглэх гэрээ хүчин төгөлдөр бус байх хэлцэл болох нь тогтоогдсон тул хариуцагч И дээрх хэлцлийн үндсэн дээр шилжүүлэн авсан үл хөдлөх эд хөрөнгийг өмчлөх эрхгүй, түүнчлэн “...тус хөрөнгийг худалдаж авахад хариуцагч зохих хөрөнгө оруулж байсан, хамтран өмчлөх дундын хөрөнгөтэй холбоотой маргааныг шүүх шийдвэрлэсэнгүй...” талаарх гомдол нь нэхэмжлэлийн шаардлагатай хамааралгүй, талуудын хооронд тусдаа шийдвэрлэгдэх асуудал байна. 

18. Дээр дурдсанчлан, анхан болон давж заалдах шатны шүүхийн шийдвэр, магадлалд өөрчлөлт оруулж,  хяналтын журмаар гаргасан хариуцагч, түүний өмгөөлөгчийн гомдлыг хангахгүй орхих нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 176 дугаар зүйлийн 176.2.2-т заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

 1. Дорнод аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2025 оны 05 дугаар сарын 27-ны өдрийн 201/МА2025/00024 дүгээр магадлалын Тогтоох хэсгийн 1 дэх заалт, Дорнод аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2025 оны 02 дугаар сарын 24-ний өдрийн 309/ШШ2025/00021 дүгээр шийдвэрийн Тогтоох хэсгийн 1 дэх заалтыг “Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.3, 56.5-д зааснаар хариуцагч А, И нарын хооронд 2018.04.02-ны өдөр байгуулагдсан Үл хөдлөх эд хөрөнгө бэлэглэх гэрээ хүчин төгөлдөр бус байх хэлцэл болохыг тогтоож, ... байрлах 100 м.кв талбай бүхий үйлчилгээний зориулалттай үл хөдлөх эд хөрөнгийг А-гийн өмчлөлд бүртгэхийг ... улсын бүртгэлийн  хэлтэст даалгасугай.” гэж, 

2 дахь заалтыг нэмж, “Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1, 205 дугаар зүйлийн 205.1, 227 дугаар зүйлийн 227-д зааснаар хариуцагч Агээс 40,000,000 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч Б-д олгосугай.” гэж,

2 дахь заалтын дугаарыг 3 гэж өөрчлөн, “... 60.1-д зааснаар...” гэснийг “... 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д зааснаар...” гэж, шийдвэрийн 3 дахь заалтын дугаарыг 4 гэж тус тус өөрчлөн, шийдвэр, магадлалын бусад заалтыг хэвээр үлдээж, хяналтын журмаар гаргасан хариуцагч И, түүний өмгөөлөгч Э нарын гомдлыг хангахгүй орхисугай.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.4-т зааснаар хяналтын журмаар гомдол гаргахдаа хариуцагч И-аас 2025.06.24-ний өдөр улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 498,150 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

                           ТАНХИМЫН ТЭРГҮҮН                                Г.АЛТАНЧИМЭГ

                           ШҮҮГЧИД                                                      Н.БАТЗОРИГ

                                                                                                   Н.БАТЧИМЭГ

                                                                                                   Э.ЗОЛЗАЯА

                                                                                                   Х.ЭРДЭНЭСУВД