Завхан аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр

2021 оны 11 сарын 19 өдөр

Дугаар 140/ШШ2021/00448

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

Завхан аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Ш.Одонзул даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн шүүх хуралдаанаар

Нэхэмжлэгч: Завхан аймгийн ******* сумын ******* багт оршин суух иргэн ******* овогт *******ы ******* /*******/-ын нэхэмжлэлтэй

Хариуцагч: Завхан аймгийн ******* сумын ын ******* сургуульд холбогдох тус сургуулийн цахилгаанчны үүрэгт ажилд эгүүлэн тогтоолгох, 2021 оны 08-р сарын 31-ний өдрөөс хойших цалингаа гаргуулах, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын шимтгэлийг нөхөн төлүүлэх, дэвтэрт бичилт хийлгүүлэхийг хүссэн тухай иргэний хэргийг хянан хэлэлцлээ.

Шүүх хуралдаанд: нэхэмжлэгч Т.*******, түүний өмгөөлөгч Б.*******, хариуцагч байгууллагын төлөөлөгч Т.*******, нарийн бичгийн дарга Г.Эрдэнэжаргал нар оролцов

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч: Т.******* шүүхэд гаргасан нэхэмжлэлийн шаардлагадаа: Би 1965 онд төрсөн. Би ******* сургуульд 2017 онд шатрын багшаар ажилд орж байсан. Тэгээд 2020 оны 7 сарын 30-ны өдөр шатрын багшийн ажлаас чөлөөлөгдөж цахилгаанчнаар томилогдсон. Гэтэл шинээр томилогдсон захирал Т.******* нь батлагдсан орон тооноос илүү орон тоо шинээр үүсгэн цахилгаанчнаар ажиллуулж цалин олгосон эрх бүхий байгууллага шаардсан ба тухайн байгууллагад цахилгаанчны орон тоо хасагдсан гэдэг шалтгаанаар намайг ажлаас чөлөөлсөн. Би 2021.9.16-ны өдөр захирлын тушаалыг эх хувиар нь хүлээн авсан. Иймд Завхан аймгийн ******* сумын ын ******* сургуулийн захирлын 2021 он 8 сарын 31-ний өдрийн Б/27 дугаартай тушаалаар ажлаас үндэслэлгүйгээр чөлөөлөгдсөн гэж үзээд ажилдаа эгүүлэн тогтоолгох, ажилгүй байсан хугацааны цалин хөлсөө гаргуулах, нийгмийн даатгалын болон эрүүл мэндийн даатгалын шимтгэлийг нөхөн төлүүлж дэвтэрт бичилт хийлгүүлэхээр нэхэмжлэл гаргаж байна гэжээ.

Хариуцагч байгууллагын төлөөлөгч Т.******* шүүхэд гаргасан тайлбартаа:... БСШУС-ын Сайд, Сангийн сайдын 2018 оны 1 сарын 23-ны өдрийн А/024/11 тоот хамтарсан тушаалын хавсралтаар 1200-с дээш суралцагчтай сургуульд цахилгаанчин гэсэн оронтоо норм норматив байгаа боловч 2020, 2021, 2022 оны сургуулийн төсөвт цахилгаанчныг бүтэц орон тоонд огт суулгаагүй нийт цалингийн сангаас цалин олгож ирсэн байдаг. Иймд захирал ажилтай миний бие 2021 оны 8 сарын 26-ны өдөр тус ажлыг хүлээн авч илүү орон тоог чөлөөлж хууль дүрмийн дагуу батлагдсан орон тоо бүтцэд бариулан ажиллаж байна. Иймд дээрх үндэслэлээр цахилгаанчин Т.*******ын нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй байна гэжээ.

Нэхэмжлэгч Т.******* шүүхийн хэлэлцүүлэгт тайлбарлахдаа: Би ******* сургуульд цахилгаанчнаар ажиллаж байхад Т.******* захирал ажлаа хүлээж аваад намайг ажлаас чөлөөлсөн. Би өөрийгөө ******* сургуульд цахилгаанчнаар ажиллаж бүрэн боломжтой гэж үзэж байгаа. Ажлаас чөлөөлөгдсөнөөс хойш би цалин мөнгөгүй мөн нийгмийн даатгал болон эрүүл мэндийн даатгалын шимтгэл төлөгдөхгүй байгаа учраас миний эрх ашиг зөрчигдөж байна гэж үзэж шүүхэд нэхэмжлэл гаргасан гэв.

Хариуцагч байгууллагын төлөөлөгч Т.******* шүүхийн хэлэлцүүлэгт тайлбарлахдаа: Засгийн газрын 2021 оны 2 сарын 17 өдрийн Төсвийн хэмнэлтийн талаар авах зарим арга хэмжээний тухай тогтоолын 1.2-т тодорхой заасан байдаг. Юу гэж заасан бэ гэхээр шинээр ажлын чиг үүрэг албан тушаал бий болгохгүй, орон тоог нэмэгдүүлэхгүй байх, өндөр насны тэтгэвэр тэтгэмжээр чөлөөлөгдсөн албан тушаалтны орон тоог зарцааж томилгоо хийхгүйгээр цалингийн зардлаа нэмэх гэж заасан байдаг. Цахилгаанчны орон тоог өмнөх захирал 2020 оны 6 сард төсвийнхөө төслийг аймгийн Боловсролын газарт өгдөг ёстой. 2022 онд бид ямар орон тоо шинээр үүсгэж ажиллах талаарх саналаа өгдөг, харин миний хувьд 2023 оны төсвийн төсөлдөө цахилгаанчин орон тооны саналыг хүргүүлье гэж харж байгаа. Манай сургуульд үдийн хоолонд 575 хүүхэд хамрагдаж байгаа. Тогооч зайлшгүй байх ёстой. Өмнөх захирлууд 2 тогоочийг төсөвтөө суулгаж өгсөн юм байна лээ. Манай сургууль үдийн хоолыг хүүхдүүддээ зардаггүй. Хэрвээ үдийн хоолыг зардаг байсан бол тогооч нартай гэрээ байгуулаад ажиллах боломжтой.

Он гараад сургуулийн санхүүгийн үйл ажиллагаанд төрийн аудитын газар шалгалт хийхээр энэ байдал акт байдлаар ирэх байх.

Мөн манай байгууллага 6 үйлчилгээний ажилчидтай. Нэг үйлчлэгч спорт заалаа хариуцдаг, бас нэг үйлчлэгч нь бохирын үйлчлэгч хийдэг. Цаана нь үлдсэн 4 үйлчлэгч 3-н хичээлийн байрыг цэвэрлэдэг. Үйлчлэгч нар анги цэвэрлэхээс гадна бүх өрөө тасалгааг цэвэрлэдэг. Он гараад 6, 9 дүгээр ангийнханд үдийн цай хэрэгжих гэж байгаа. Тийм учраас 2 тогооч 1000 гаруй хүүхдэд үдийн хоол бэлтгэнэ. Мөн нэг үйлчлэгч маань спорт заалаа дагнадаг. Бас нэг үйлчлэгч нь бохироо цэвэрлэдэг. Нэхэмжлэгч тал цахилгаанчин ажиллах ёстой гэж байна. Үнэхээр бодит байдал дээрээ цахилгаанчинд хийгээд байх ажил байдаггүй. 380-д цахилгаан холбох ажлыг манай цахилгаанчин хийж чадахгүй гаднаас цахилгаанчин хөлсөлж хийлгэдэг шүү дээ. Цахилгаанчны орон тоо бүтцэд байхгүй байсан, үүнийг аудитын газраас тогтоосон учраас би хууль журамд заасны дагуу ******* гэдэг хүнийг ажлаас чөлөөлсөн гэв.

Нэхэмжлэгчийн өмгөөлөгч Б.******* шүүхийн хэлэлцүүлэгт тайлбарлахдаа: ******* сургуулийн захирлын 2021 оны 8 сарын 31-ний өдрийн Б/27 дугаартай тушаалыг хууль тогтоомжид нийцэж гараагүй байна гэж үзэж байна. Өөрөөр хэлбэл Хөдөлмөрийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.1 дэх заалтыг үндэслэсэн. Хөдөлмөрийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.1 дэх заалтыг үндэслэхдээ орон тоог цөөрүүлсэн гэж үзэж байгаа.

Хөдөлмөрийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.1 дэх заалт нь орон тоог цөөрүүлсэн, орон тоо татан буугдсан гэдэг заалт байдаг. Үүнийг Улсын Дээд шүүхийн тайлбар болон хууль хэрэглээний практикаар үзэхдээ тухайн байгууллагын орон тоо хасагдсан байхыг хэлдэг. Мөн орон тоог цөөрүүлсэн байхыг Боловсрол соёл шинжлэн ухаан спортын сайд сангийн сайдын хамтарсан тушаалаар цахилгаанчин гэх орон тоо хасагдсан байхыг орон тоо хасагдсан цөөрсөн гэж ойлгохоор байна.

Гэтэл Д.*******ыг ажлаас чөлөөлсөн тушаалыг харахаар аудитын байгууллагаас шаардсан учраас орон тоог цөөрүүлсэн гэж үзэх боломжгүй. Өөрөөр хэлбэл эрх бүхий байгууллага буюу бүтэц орон тоог баталдаг сайдын тушаал, ******* сумын баталж өгсөн төсөв дээр орон тоо хасагдсан цөөрсөн асуудал байхгүй. Тийм учраас Хөдөлмөрийн тухай хуульд заасан орон тоо цөөрсөн зүйл байхгүй байгаа.

Улсын Дээд шүүхийн тайлбараас харахад орон тоо бодитоор хасагдсан байхыг ойлгохоос биш илүү авч ажиллуулсан, үүнийг цөөрүүлсэн гэдэг утгаар дүйцүүлэн хэрэглэх боломжгүй. Мөн аудитын албан шаардлагын үндэслэх хэсэг дээр..Боловсрол соёл шинжлэн ухаан спортын сайд сангийн сайдын хамтарсан 2018 оны А/024/11 дугаартай тушаалаар орон тооны жишиг нормативыг зөрчсөн гэх зүйл дурддаг. Хариуцагч байгууллагын төлөөлөгч тайлбартаа би цахилгаанчны орон тоог нэмүүлэх саналаа хүргүүлэхэд нэмээгүй гэж байна. Гэтэл цахилгаанчны орон тоог нэмүүлэх санал өгөх шаардлагагүй. Цахилгаанчны орон тоог баталж өгсөн 19 орон тоонд цахилгаанчин зайлшгүй байна гэж зааж өгсөн байдаг. Тийм учраас цахилгаанчны орон тоог нэмүүлэх шаардлагагүй харин тогоочийн орон тоог нэмүүлэх ёстой. Үнэхээр зайлшгүй тогооч авч ажиллуулах шаардлагатай байгаа бол тогоочийн орон тоог нэмэгдүүлэх талаар шаардах ёстой. Мөн үйлчлэгч нарын цэвэрлэх мкв талбай 500 мкв-аас хэтэрч байгаа бол үйлчлэгчийн орон тоо нэмэгдүүлэхийг шаардах боломжтой. Цахилгаанчны орон тоог нэмүүлье гэхээр төсөвт байгууллагын орон тоог нэмэхгүй. Цахилгаанчны орон тоо үндсэн орон тоо дээр байгаа учраас нэмж батлах боломжгүй, мөн нэмж батлуулах шаардлагагүй байна. Яагаад албан шаардлагад тусгасан талаараа гэрч мэдүүлэхдээ 2020 оны тайлант жилд дээрх 3 ажилтныг нэмж ажилд аваад ажиллуулсан учраас манай зүгээс илүү авсан байна гэж харсан. Гэхдээ тухайн сургууль сайдын тушаалаар батлагдсан нормативдаа нийцүүлээд батлагдаагүй орон тоог чөлөөлөх ёстой. Гэтэл сайдын тушаалын дагуу тогооч авч ажиллуулахгүй гэхэд тогооч үндсэн орон тоогоор ажиллана гэж тайлбарлаж байгаа нь хууль тогтоомжийг хэрэгжүүлэхгүй өөрт ашигтай байгаа байдлаар тайлбарлаж байгаа нь албан шаардлагыг буруугаар тайлбарлаж байна гэж үзэхээр байна. Мөн байгууллагын үйлчлэгчийн асуудал тодорхойгүй байна. өөрөөр хэлбэл нэг үйлчлэгч 8 анги цэвэрлэдэг гэж тайлбарлаж байна. Гэтэл нормативаас харахад нэг үйлчлэгч 10 анги цэвэрлэхээр байна. тэгэхээр 2 үйлчлэгчийн дундаас 4 ангийн асуудал гарч ирж байна. Тийм учраас 3 үйлчлэгч 35 ангийг цэвэрлэх боломжтой байхад 3 үйлчлэгчийн ажиллах ёстой газар 4 үйлчлэгч ажиллуулж байна гэдэг нь харагдаж байна. Яагаад ингэж үзэж байна вэ гэхээр хариуцагч байгууллагын төлөөлөгч миний асуусан асуултанд хариулахдаа нэг анги 50 мкв талбайтай гэж үзэхээр нэг үйлчлэгчид 500 мкв талбай байхад 50 мкв талбайтай ангиас нэг үйлчлэгчид 10 анги цэвэрлэхээр таарч байна. тийм учраас үйлчлэгчийн орон тоо хасагдах ёстой байна. Мөн ажилтныг Хөдөлмөрийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.1 дэх заалтаар ажлаас чөлөөлөх гэж байгаа бол 1 сарын өмнө мэдэгдэх ёстой. Энэ нь хуульд заасан ажилтны эрхийг хамгаалсан заалт. Гэтэл ******* сургуулийн захирал өөрөө 2021 оны 8 сарын 26-ны өдөр ажилдаа томилогдоод 2021 оны 8 сарын 31-ний өдөр буюу 5 хоногийн хугацаанд ажилтанд мэдэгдэж ажлаас чөлөөлөх боломжгүй. Мөн нэхэмжлэгч Д.******* 2021 оны 4 сарын 30-ны өдөр ажлаас чөлөөлөгдөөд 2021 оны 8 сард ажилдаа эргэж орсон. Нэхэмжлэгч Д.******* ингэж ажлаасаа чөлөөлөгдөхдөө шүүхэд хандаж ******* сургуулийн захирал Д.*******той эвлэрч эгүүлэн ажилд авсан нь өмнөх захирлын буруу байна гэж үзэж боломжгүй. Төрийн алба залгамж холбоотой. Тийм учраас өмнөх даргын ажлыг үгүйсгэж Д.******* гэдэг хүний эрх ашгийг хохироох боломжгүй. Мөн Д.******* гэдэг хүний хөдөлмөрлөх эрхийг зөрчиж байна гэж харагдаж байна. Ийм учраас Д.*******ыг ажилд эгүүлэн томилох үндэслэлтэй гэж үзэж байна. Тийм учраас нэхэмжлэгчийн шүүхэд гаргасан нэхэмжлэлийн шаардлагыг бүрэн дэмжиж байна.

Мөн 2021 оны 8 сарын 31-ний өдрөөс шүүх хуралдаанаар хэргийг эцэслэн шийдвэрлэх хүртэлх хугацааны цалин хөлс гаргуулах нэхэмжлэлийн шаардлага гаргасан. Хөдөлмөрийн тухай хуульд зааснаар ажилд нь эгүүлэн томилсон тохиолдолд цалин хөлс олгуулахаар хуульчилсан. Нэхэмжлэгч Д.******* тухайн байгууллагад 2020 оноос хойш ажиллаж байгаа гэдгийг өмнөх хэргийн шүүгчийн захирамжаар батлагдаж байгаа. 2021 онд ажилдаа эргэж орсон гэдэг тушаалыг гаргаж өгсөн. Мөн нийгмийн даатгалын шимтгэл төлсөн баримтаас харахад 2021 оны 1 сарын 01-ний өдөр авсан лавлагаагаар ******* сургуульд ажиллаж байсан нь нотлогдож байгаа. *******ын цалин хөлсийг бодохдоо өмнө ажилласан 3 сарын байдлыг харгалзан үзэх ёстой байдаг. Гэтэл *******ын хувьд 5, 6, 7 дугаар сарын цалингаас татгалзаад эвлэрсэн. Мөн 8 сард бүрэн цалин аваагүй. Иймд 2, 3, 4 дүгээр сард цахилгаанчнаар ажиллаж нийгмийн даатгалын шимтгэл төлсөн баримтын дагуу ажилгүй байсан хугацааны цалинг бодож өгнө үү гэж хүсэж байна. Ажил эгүүлэн тогтоолгох нэхэмжлэлийн шаардлагатай холбогдуулаад нийгмийн даатгал, эрүүл мэндийн даатгалыг нөхөн төлүүлэх, дэвтрүүдэд бичилт хийлгүүлэх хүсэлтийг 2021 оны 8 сарын 31-ний өдөр буюу ажлаас чөлөөлөгдсөн өдрөөс хойш гаргасан. Иймд нэхэмжлэлийн шаардлагыг хангаж өгнө үү гэв.

Хэрэгт цугларсан нотлох баримтууд болон шүүхийн хэлэлцүүлэгт талуудын гаргасан тайлбарыг шинжлэн судлаад ҮНДЭСЛЭХ нь:

Нэхэмжлэгч Т.******* нь Завхан аймгийн ******* сумын ын ******* сургуульд холбогдуулан тус сургуулийн цахилгаанчны үүрэгт ажилд эгүүлэн тогтоолгох, 2021 оны 08-р сарын 31-ний өдрөөс хойших ажилгүй байсан хугацааны цалинтай тэнцэх олговор гаргуулах, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын шимтгэлийг нөхөн төлүүлэх, дэвтэрт бичилт хийлгүүлэхийг хүсч нэхэмжилжээ.

Хариуцагч байгууллагын төлөөлөгч нэхэмжлэлийн шаардлагуудыг эс зөвшөөрч ...Үнэхээр бодит байдал дээрээ цахилгаанчинд хийгээд байх ажил байдаггүй. 380-д цахилгаан холбох ажлыг манай цахилгаанчин хийж чадахгүй гаднаас цахилгаанчин хөлсөлж хийлгэдэг шүү дээ. Цахилгаанчны орон тоо бүтцэд байхгүй байсан, үүнийг аудитын газраас тогтоосон учраас би хууль журамд заасны дагуу ******* гэдэг хүнийг ажлаас чөлөөлсөн гэж маргаж байна.

Нэхэмжлэгч Т.*******ыг Завхан аймгийн ******* сумын ******* сургуулийн захирлын Засаг 2021 оны 08 дугаар сарын 16-ны өдрөөс тус сургуулийн цахилгаанчнаар томилон ажиллуулсан байна /хх-ийн 5/

Нэг талаас Завхан аймгийн ******* сумын ******* сургуулийн захирал Д.Мөнхдэлгэр, нөгөө талаас тус сургуулийн цахилгаанчин Т.******* нар нь 2021 оны 08 дугаар сарын 16-ны өдөр Хөдөлмөрийн гэрээ -г бичгээр байгуулж Хөдөлмөрийн тухай хуулийн 21 дүгээр зүйлд заасан хөдөлмөрийн гэрээний гол нөхцөлийн талаар харилцан тохиролцож, гэрээнд гарын үсэг зурж баталгаажуулжээ./хх-ийн 7-9/

Завхан аймгийн ******* сумын ******* сургуулийн захирлын 2021 оны 08 дугаар сарын 31-ний өдрийн Б/27 дугаартай Ажлаас чөлөөлөх тухай захирамжаар Т.*******ыг ын ******* сургуулийн цахилгаанчны ажлаас нь чөлөөлсөн байна./хх-ийн 6/

Монгол улсын Үндсэн хуулийн 16 дугаар зүйлд Монгол улсын иргэн ажил мэргэжлээ чөлөөтэй сонгох, хөдөлмөрийн аятай нөхцөлөөр хангуулах, цалин хөлс авах, амрах эрхтэй, хэнийг ч хууль бусаар албадан хөдөлмөрлүүлж болохгүй гэж, 17 дугаар зүйлд Монгол улсын иргэн хөдөлмөрлөх, эрүүл мэндээ хамгаалах, үр хүүхдээ өсгөн хүмүүжүүлэх, байгаль орчноо хамгаалах нь иргэн бүрийн журамт үүрэг мөн гэж хуульчилжээ.

Нэхэмжлэгч Т.******* нь Монгол улсын Үндсэн хуулиар олгогдсон өөрийн хөдөлмөрлөх эрхээ зөрчигдсөн гэж үзэж шүүхэд гомдол гаргах эрхтэй.

Нэхэмжлэгч нь өөрийн зөрчигдсөн эрхээ сэргээлгүүлэхээр 2021 оны 09 дүгээр сарын 30-ны өдөр тус шүүхэд хандаж нэхэмжлэл гаргасан байх ба тэрээр Хөдөлмөрийн хуулийн 129 дүгээр зүйлийн 129.1,129.2-т заасан хугацааны дотор шүүхэд хандсан байна.

Ажил олгогчийн зүгээс нэхэмжлэгчийг ажлаас чөлөөлөх тушаал гаргахдаа Төсвийн тухай хуулийн 16-р зүйлийн 16.5.3 дахь заалт, Хөдөлмөрийн тухай хуулийн 40-р зүйлийн 40.1.1 дэх заалт, Бага, дунд ын тухай хуулийн 20-р зүйлийн 20.1.1, 20.1.2 дахь заалт, Завхан аймаг дахь Төрийн аудитын газрын 2021 оны 02-р сарын 25-ны өдрийн 15/17 тоот албан шаардлагыг үндэслэл болгожээ./хх-ийн 6/

Захирамжид батлагдсан орон тооноос илүү орон тоо шинээр үүсгэн Т.*******ыг цахилгаанчнаар ажиллуулж, цалин олгосон асуудлыг шийдвэрлэхийг эрх бүхий байгууллага шаардсан ба тухайн байгууллагад цахилгаанчны орон тоо хасагдсан тул Т.*******той байгуулсан хөдөлмөрийн гэрээг 2021 оны 08-р сарын 31-ний өдрөөр дуусгавар болгож ажлаас чөлөөлсүгэй гэжээ.

Завхан аймаг дахь Төрийн аудитын газрын 2021 оны 02 дугаар сарын 25-ны өдрийн 15/17 тоот албан шаардлагад тайлант хугацаанд цахилгаанчин Т.******* .... нарыг батлагдсан орон тооноос илүү авч ажиллуулж цалин олгосон гээд Шаардах нь: 1. Батлагдсан орон тоонд багтаан ажиллаж биелэлтийг ирүүлэх гэжээ.

Дээрх албан шаардлагаас харахад батлагдсан орон тоондоо багтаан ажиллахыг шаардсан болохоос шаардлагад дурдагдсан нэр бүхий ажилтан багш нарыг ажлаас чөлөөл гэсэн утгатай гэж харагдахгүй байна.

Монгол улсын Хөдөлмөрийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1-д Хөдөлмөрийн гэрээг дараах үндэслэлээр ажил олгогчийн санаачлагаар цуцалж болно гээд 40.1.1 дэх хэсэгт аж ахуйн нэгж, байгууллага болон түүний салбар, нэгж татан буугдсан, орон тоо хасагдсан, эсхүл ажилтны тоог цөөрүүлсэн гэжээ.

Ажил олгогчийн зүгээс ажилтанг орон тоо хасагдсан гэсэн үндэслэлээр ажлаас чөлөөлж байгаа тохиолдолд орон тоо хасагдсан гэдгээ шүүхэд баримтаар нотлох үүрэгтэйгээс гадна энэ талаарх материал, хэлэлцсэн хурлын тэмдэглэл зэрэг хэрэгт ач холбогдол бүхий нотлох баримтыг гаргаж өгөөгүй тохиолдолд тушаалын үндэслэлийг хариуцагчийн тайлбар бүрэн нотлохгүй юм.

Мөн ажил олгогчийн зүгээс Т.*******ыг Хөдөлмөрийн хуулийн 40-р зүйлийн 40.1.1 дэх хэсэгт зааснаар буюу орон тоо хасагдсан гэдэг үндэслэлээр ажлаас чөлөөлөхдөө түүнд ажлаас чөлөөлөх тухай мэдэгдлийг 1 сарын өмнө мэдэгдэх үүргээ хэрэгжүүлээгүй гэж үзлээ.

Ажилтныг ажлаас чөлөөлсөн тушаал нь эрх зүйн акт болохын хувьд түүнд тавигдах шаардлагыг хангасан байх, улмаар ажлаас чөлөөлсөн тушаалд баримталсан хуулийн зохицуулалт нь ажилтны гаргасан зөрчил болон ажлаас халагдсан үндэслэлтэй тохирч байх, хуульд заасан процессийн дагуу хэрэгжсэн байх нь Хөдөлмөрийн хуульд нийцнэ.

Иймд ажил олгогчийг хууль буруу хэрэглэсэн, нотлох баримтад үндэслээгүй тушаал гаргаж ажилтны хөдөлмөрлөх эрхийг зөрчсөн гэж үзэж нэхэмжлэгч Т.*******ыг Завхан аймгийн ******* сумын ******* сургуулийн цахилгаанчны үүрэгт ажилд эгүүлэн тогтоож, түүний 2021 оны 08 дугаар сарын 31-ний өдрөөс хойших ажилгүй байсан хугацааны цалинтай тэнцэх олговрыг гаргуулж, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын шимтгэлийг нөхөн төлүүлэх, дэвтэрт нөхөн бичилт хийхийг хариуцагч байгууллагад даалгаж шийдвэрлэх үндэслэлтэй байна.

Т.*******ын дээрх хугацааны нөхөн олговрыг тооцохдоо Монгол Улсын Нийгмийн хамгаалал, хөдөлмөрийн сайдын 2005 оны 55 дугаар тушаалаар баталсан Дундаж цалин хөлс тодорхойлох журам-ын 7-гийн а-д зааснаар түүний ажлаас чөлөөлөгдөхийн өмнөх 3 сарын дундаж цалин хөлсөөр тооцох нь зүйтэй байна.

Нэхэмжлэгч Т.******* нь ажлаас чөлөөлөгдөхийн өмнөх 3 сард нийт 1,384,039 төгрөгийн цалин авсан нь түүний Нийгмийн даатгалын шимтгэл төлөлтийн тодорхойлолтоор нотлогдож байна. Үүнийг 3 сарын дунджид хуваахад 1,384,039: 3= 461,346 төгрөг /сарын дундаж цалин/, 461,346 : 21,5=21,457 төгрөг / өдрийн дундаж цалин/

Нэхэмжлэгчийн ажлаас чөлөөлөгдсөн 2021 оны 09 дүгээр сарын 01-ний өдрөөс 2021 оны 11 дүгээр сарын 19-ний өдөр хүртэлх хугацааны / 09-р сард 22 хоног, 10-р сард 21 хоног, 11-р сард 14 хоног, нийт 57 хоногийн цалинг тооцоход нийт 1,223,049 төгрөг байх тул хариуцагч байгууллагаас 1,223,049 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгчид олгох, нэхэмжлэгчийг ажилгүй байсан хугацаанд нийгмийн болон эрүүл мэндийн даатгалд даатгуулж, дэвтрүүдэд зохих бичилтүүдийг хийхийг хариуцагч байгууллагад даалгаж шийдвэрлэх үндэслэлтэй байна.

ИРГЭНИЙ ХЭРЭГ ШҮҮХЭД ХЯНАН ШИЙДВЭРЛЭХ ТУХАЙ 115 ДУГААР ЗҮЙЛИЙН 115.2.1, 116, 118 ДУГААР ЗҮЙЛҮҮДИЙГ УДИРДЛАГА БОЛГОН ТОГТООХ НЬ:

1. Монгол Улсын Хөдөлмөрийн тухай хуулийн 128 дугаар зүйлийн 128.1.2 мөн хуулийн 131 дүгээр зүйлийн 131.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгч Т.*******ыг Завхан аймгийн ******* сумын ын ******* сургуулийн цахилгаанчны үүрэгт ажилд эгүүлэн тогтоосугай.

2. Монгол улсын Хөдөлмөрийн тухай хуулийн 69 дүгээр зүйлийн 69.1 дэх хэсэгт зааснаар Завхан аймгийн ******* сумын ын ******* сургуулиас нэхэмжлэгч Т.*******ын ажилгүй байсан хугацааны буюу 2021 оны 09 дүгээр сарын 01-ний өдрөөс 2021 оны 11 дүгээр сарын 19ний өдрийг хүртэлх хугацааны цалинтай тэнцэх олговорт 1.223.049 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч Т.*******од олгосугай.

3. Монгол улсын Хөдөлмөрийн тухай хуулийн 46-р зүйлийн 46.1, 46.2 дахь хэсгүүдэд заасныг баримтлан нэхэмжлэгчийн ажилгүй байсан хугацаанд нийгмийн болон эрүүл мэндийн даатгалд даатгуулж, дэвтрүүдэд зохих бичилтүүдийг хийхийг хариуцагч байгууллагад даалгасугай.

4. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.5-д зааснаар нэхэмжлэл тэмдэгтийн хураамж төлөхөөс чөлөөлөгддөг болохыг дурдаж Монгол Улсын Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1 дэх хэсгүүдэд зааснаар хариуцагч байгууллагаас улсын тэмдэгтийн хураамжид 33902 төгрөг гаргаж улсын төсвийн орлогод оруулсугай.

5. Шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болно.

6. Зохигч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч нар шийдвэрийг эс зөвшөөрвөл түүнийг гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Завхан аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

 

ДАРГАЛАГЧ Ш.ОДОНЗУЛ