Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2024 оны 09 сарын 19 өдөр

Дугаар 2024/ШЦТ/1005

 

 

 

 

 

 

 

   2024       09          19                                  2024/ШЦТ/1005

 

         

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

 

Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Д.Шинэхүү даргалж,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Ням-Учрал,

Улсын яллагч М.Сүхчулуун,

Шүүгдэгч Б.Б, түүний өмгөөлөгч Б.Батбаяр нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны “Ж” танхимд нээлттэй хийсэн эрүүгийн хэргийн шүүх хуралдаанаар:

Баянзүрх дүүргийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Б.Бд холбогдох эрүүгийн 2406 02382 1852 дугаар хэргийг 2024 оны 08 дугаар сарын 27-ны өдөр хүлээн авч, хянан хэлэлцэв.

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

Монгол Улсын иргэн, *** төрсөн, *** настай, эрэгтэй, дээд боловсролтой, цахилгааны инженер мэргэжилтэй, хувиараа хөдөлмөр эрхэлдэг, ам бүл *** тоотод оршин суух хаягтай, урьд эрүүгийн хариуцлага хүлээж байгаагүй, регистрийн *** дугаартай, Б.Б.

 

Холбогдсон хэргийн талаар:

           Шүүгдэгч Б.Б нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогджээ.

ТОДОРХОЙЛОХ нь:

Шүүгдэгч Б.Б нь шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн мэдүүлэгтээ: “...Тухайн өдөр “Өгөөмөр” худалдааны төвийн урд талын зам дээр явж байхад машины урдуур хохирогч нь хүчтэй дарж орж ирсэн. Тэгэхээр нь уурлаад “замаа харж яваач” гэж хэлсэн. Тэрнээс толийг санаатай хугалах бодол байгаагүй...” гэв.

Үйл баримтын талаар:

Шүүхийн хэлэлцүүлэгт талуудын хүсэлтээр хавтаст хэрэгт цугларсан дараах нотлох баримтуудыг тал бүрээс нь бүрэн, бодитой шинжлэн судлав. Үүнд:

Хохирогч М.Бийн мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн мэдүүлэг /хх-ийн 9, 11 дэх тал/,

“Дамно” ХХК-ийн 2024 оны 05 дугаар сарын 31-ний өдрийн БЗ1-24-1201 дугаартай “...Шинжилгээний обьект /Зүүн урд толь /2014 оны “***” загварын тээврийн хэрэгсэл, өөр дээрээ камер бичлэг хураагч, дохиотой//-ийн 2024 оны 04 дүгээр сарын 29-ний өдрийн зах зээлийн үнэлгээ нийт 820.000₮-р үнэлэгдэв...” гэх шинжээчийн дүгнэлт /хх-ийн 17-21 дэх тал/,

Яллагдагч Б.Бийн мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн  мэдүүлэг /хх-ийн 51 дэх тал/ зэрэг болно.

Шүүхээс тогтоосон хэргийн нөхцөл байдал, хууль зүйн дүгнэлт:

Баянзүрх дүүргийн Прокурорын газраас яллагдагч Б.Бд холбогдох хэргийг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн Хоёрдугаар бүлэгт заасан харьяаллын дагуу шилжүүлсэн байна.

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжилсэн дээрх нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, ач холбогдол бүхий, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж бэхжүүлсэн, оролцогч нарын хуулиар хамгаалсан эрхийг зөрчсөн, хууль бусаар хязгаарласан зөрчил тогтоогдоогүй тул шүүх эдгээр нотлох баримтуудыг үнэлж, хэргийн бодит байдлыг тогтоох боломжтой байна.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.7 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасан “шүүх хэргийн бодит байдлыг талуудын мэтгэлцээний үндсэн дээр тогтооно” гэсэн зарчмыг удирдлага болгон шүүх хуралдаанд шинжлэн судалсан дээрх нотлох баримтуудыг үндэслэн дүгнэвэл:

Шүүгдэгч Б.Б нь 2024 оны 04 дүгээр сарын 29-ний өдөр мотоцикл жолоодож хөдөлгөөнд оролцож явахдаа Баянзүрх дүүргийн 42 дугаар хороо “Өгөөмөр” худалдааны төвийн урд талын авто зам дээр *** загварын *** улсын дугаартай тээврийн хэрэгслийг жолоодож явсан хохирогч М.Бийг зам тавьж өгөөгүй гэх шалтгаанаар хохирогчийн тээврийн хэрэгслийн зүүн урд талын өөртөө хяналтын камертай, бичлэг хураадаг, дохиотой 1 ширхэг толийг гараараа санаатай цохиж сууринаас нь хугалж, хэвийн ашиглах боломжгүй болгож, устгаж, гэмтээн бусдад 820.000 төгрөгийн хохирол учруулсан байна.

Мөн Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлуудыг бүрэн гүйцэд шалгаж, тогтоосон байх ба шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн хуулийн 34.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасны дагуу прокуророос шүүхэд шилжүүлсэн эрүүгийн хэргийн хүрээнд шүүгдэгчийн гэм буруутай эсэхэд дүгнэлт хийж, хэргийг хянан шийдвэрлэв.

Эрүүгийн хуульд заасан нийгэмд аюултай гэм буруутай үйлдэл мөн эсэх:

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “…энэ хуулийн тусгай ангид заасан нийгэмд аюултай, гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйг гэмт хэрэгт тооцно…”, мөн зүйлийн 2 дахь хэсэгт “…энэ хуулийн тусгай ангид заасан тохиолдолд гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйн улмаас хохирол, хор уршиг учирсныг гэмт хэрэгт тооцно…” гэж тус тус заажээ.

Улсын яллагчаас шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан болон хэрэгт авагдсан баримтуудаар “…Шүүгдэгч Б.Б нь 2024 оны 04 дүгээр сарын 29-ний өдөр мотоцикл жолоодож хөдөлгөөнд оролцож явахдаа Баянзүрх дүүргийн 42 дугаар хороо “Өгөөмөр” худалдааны төвийн урд талын авто зам дээр “***” загварын *** улсын дугаартай тээврийн хэрэгслийг жолоодож явсан хохирогч М.Бийг зам тавьж өгөөгүй гэх шалтгаанаар хохирогчийн тээврийн хэрэгслийн зүүн урд талын өөртөө хяналтын камертай, бичлэг хураадаг, дохиотой 1 ширхэг толийг гараараа санаатай цохиж сууринаас нь хугалж, хэвийн ашиглах боломжгүй болгож, устгаж, гэмтээн бусдад 820.000 төгрөгийн хохирол учруулсан болох нь хавтаст хэрэгт авагдсан нотлох баримтаар нотлогдон тогтоогдож байх тул гэм буруутайд тооцуулах саналтай байна. Хохирол төлбөрийн тухайд шүүгдэгч нь мөрдөн шалгах ажиллагааны шатанд хохирогчид учруулсан хохирол, төлбөрийг төлж барагдуулсан байх тул бусдад төлөх төлбөргүй гэж үзэж байна…” гэх дүгнэлтийг гаргасан бөгөөд шүүгдэгч Б.Б болон түүний өмгөөлөгч Б.Батбаяр нар нь улсын яллагчийн гэм буруугийн дүгнэлттэй мэтгэлцээгүй болно.

Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “...Бусдын эд хөрөнгийг хууль бусаар устгасан, гэмтээсний улмаас бага хэмжээнээс дээш хохирол учруулсан бол...” гэж хуульчилжээ.

Шүүхээс шүүгдэгч Б.Бийн гэм буруугийн талаар дараах нотлох баримтуудад үндэслэн дүгнэлт хийв. Үүнд:

Хохирогч М.Бийн мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн: “...эгнээ байраа солиод 2-р эгнээнд орох гэж байсан чинь том тэрэг тээглээд байхаар нь тухайн автомашиныг өнгөрөөгөөд толиндоо харахад нэгэн мотоцикл 200 гаран метрийн зайтай явж байхаар нь 2-р эгнээ рүү шилжиж ороод хөдөлгөөн үйлдээд явж байсан чинь араас нэгэн мотоциклтой иргэн хажуугаар гарахдаа гараараа миний тээврийн хэрэгслийн толийг цохиж хугалчихаад яваад өгсөн..., ...Миний эзэмшлийн 2014 онд үйлдвэрлэгдсэн “***” маркийн тээврийн хэрэгслийн “L” буюу зүүн урд талын сууриндаа давхар тольтой, дуу, дүрсний бичлэг хураагчтай толийг хугалж эвдсэний улмаас толины суурь болон үндсэн толины дотор байрлах араа хэсэг нь хугарсан тул толины суурыг сольсон тохиолдолд үндсэн толь нь ашиглагдах боломжгүй болсон. Би өөрт учирсан хохирлыг бүрэн барагдуулж авах хүсэлтэй байгаа тул “***” маркийн тээврийн хэрэгслийн сууриндаа давхар тольтой, дуу, дүрсний бичлэг хураагчтай толь нэхэмжилж байна...” /хх-ийн 9, 11 дэх тал/,

“Дамно” ХХК-ийн 2024 оны 05 дугаар сарын 31-ний өдрийн БЗ1-24-1201 дугаартай “...Шинжилгээний обьект /Зүүн урд толь /2014 оны “***” загварын тээврийн хэрэгсэл, өөр дээрээ камер бичлэг хураагч, дохиотой//-ийн 2024 оны 04 дүгээр сарын 29-ний өдрийн зах зээлийн үнэлгээ нийт 820.000₮-р үнэлэгдэв...” гэх шинжээчийн дүгнэлт /хх-ийн 17-21 дэх тал/,

Яллагдагч Б.Бийн мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн: “...Өгөөмөр захын урд байрлах нарны замын 2 дугаар эгнээгээр мопедтой авто замын хөдөлгөөнд оролцож байх үед хар өнгийн *** маркийн тээврийн хэрэгсэл урдуур шахаж орж ирэхээр нь тулж зогсож байгаад жолоочид нь хандаж толиндоо харж замын хөдөлгөөнд оролцооч гэж хэлээд тээврийн хэрэгслийнх нь зүүн талынх нь толийг нь цохьчихоод явсан...” гэх мэдүүлэг /хх-ийн 51 дэх тал/ болон шүүх хуралдааны үед талуудын хүсэлтээр шинжлэн судалсан дээрх нотлох баримтууд, шүүх хуралдааны үед өгсөн мэдүүлэг зэргүүдэд үндэслэн дүгнэвэл шүүгдэгч Б.Бийн үйлдлийн улмаас хохирогч М.Бэд бага хэмжээнээс дээш буюу 820.000 төгрөгийн хохирол учирсан болох нь тогтоогдож байна.

Иймд Б.Бийн үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17 дугаар бүлэгт заасан Өмчлөх эрхийн эсрэг Эрүүгийн хуулиар хамгаалагдсан эрх ашигт халдсан байх тул Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийн шинжийг хангасан байна.

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “…энэ хуулийн тусгай ангид заасан гэмт хэргийн улмаас хүний эд хөрөнгөд шууд учирсан үр дагаврыг гэмт хэрэгт тооцно…”, мөн зүйлийн 4.3 дахь заалтад “…бага хохирол гэж гурван зуун нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөг, түүнээс доош…” ойлгоно гэжээ.

Монгол Улсын Үндсэн хуулийн 5 дугаар зүйлийн 5.2 дахь хэсэгт “…Төр нь нийтийн болон хувийн өмчийн аливаа хэлбэрийг хүлээн зөвшөөрч, өмчлөгчийн эрхийг хуулиар хамгаална…”  гэж заасан бөгөөд бусдын өмчлөх эрхэд халдсан үйлдэл байх тул нийгэмд аюултай байна.

Шүүгдэгч Б.Б нь бусдын эд хөрөнгөд халдах үедээ хийж буй үйлдлийнхээ үр дагаврыг ойлгож үйлдсэн бөгөөд шүүгдэгч нь сэтгэцийн хувьд эрүүл, хэрэг хариуцах чадваргүй гэх үндэслэл тогтоогдоогүй бөгөөд насанд хүрсэн, өөрийн үйлдлийн нийгэмд аюултай шинж чанарыг ухамсарлаж байсан тул Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.3 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар гэм буруугийн шууд санаатай хэлбэртэй байна гэж шүүх дүгнэв.

Гэмт хэргийн улмаас учруулсан хохирол, хор уршгийн талаар:

Шүүгдэгч Б.Бийн үйлдлийн улмаас хохирогч М.Бэд 820.000 төгрөгийн хохирол учирсан болох нь “Дамно” ХХК-ийн 2024 оны 05 дугаар сарын 31-ний өдрийн БЗ1-24-1201 дугаартай шинжээчийн дүгнэлтээр тогтоогдсон байна.

Шүүгдэгч Б.Б нь 2024 оны 08 дугаар сарын 08-ны өдөр хохирогч М.Бийн Хаан банкин дахь *** дугаарын данс руу 820.000 төгрөгийн хохирол, төлбөрийг шилжүүлсэн болох нь хэрэгт авагдсан гүйлгээний баримт /хх-ийн 62 дахь тал/-аар тогтоогдож байна.

Иймд шүүгдэгч Б.Бийг бусдад төлөх төлбөргүй байна гэж үзлээ.

Эрүүгийн хариуцлагын талаар:

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.4 дүгээр зүйлд заасан “Гэм буруугийн зарчим”-ын дагуу шүүгдэгч Б.Б нь гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай байх бөгөөд хэрэг хариуцах чадвартай, гэмт хэргийн хөөн хэлэлцэх хугацаа дуусаагүй байх тул түүнд эрүүгийн хариуцлага хүлээлгэх хууль зүйн үндэслэлтэй байна.

Улсын яллагчаас “...Шүүгдэгчид эрүүгийн хариуцлага оногдуулахдаа Эрүүгийн хуулийн 6.5 дугаар зүйлийн 1.1 дэх хэсэгт заасан тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэн, хохирогчид учруулсан хохирол, төлбөрийг төлж барагдуулсан зэрэг эрүүгийн хариуцлага хөнгөрүүлэх нөхцөл байдлууд тогтоогдож байна гэж үзэж Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 1.000 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 1.000.000 төгрөгөөр торгох ял оногдуулах, уг ялыг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар 4 сарын хугацаагаар хэсэгчлэн төлүүлэх саналтай байна. Шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй. Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй, битүүмжлэгдсэн хөрөнгөгүй...” гэх дүгнэлт гаргасан болно.

Шүүгдэгчийн өмгөөлөгч Б.Батбаяр нь улсын яллагчаас гаргасан эрүүгийн хариуцлагын талаарх саналтай холбогдуулж “...Миний үйлчлүүлэгч нь мөрдөн шалгах ажиллагааны шатнаас эхэлж гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн тул улсын яллагчийн гэм буруугийн дүгнэлтийг хүлээн зөвшөөрч байна. Шүүгдэгч нь энэ хэрэгт хэрэг бүртгэлийн шатнаас мөрдөн шалгах ажиллагааны шат хүртэл 4 удаа мэдүүлэг өгөхдөө тогтмол мэдүүлэг өгсөн байдаг. Хэргийн үйл баримтын тухайд Улаанбаатар хотын замын хөдөлгөөний хүндрэлтэй нөхцөл байдал нөлөөлсөн гэж өмгөөлөгчийн зүгээс харж байна. Эрүүгийн хариуцлагын тухайд миний үйлчлүүлэгч нь тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдэж гэмт хэргийн улмаас учруулсан хохирол төлбөрийг төлж барагдуулсан зэргийг харгалзан үзэж Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1.1 дэх заалтад зааснаар миний үйлчлүүлэгчийг эрүүгийн хариуцлагаас чөлөөлж өгнө үү...” гэв.

Шүүгдэгч Б.Б нь улсын яллагчаас гаргасан эрүүгийн хариуцлагын талаарх саналтай холбогдуулж “...Гэм буруугаа хүлээн зөвшөөрч байна. Цаашдаа анхаарч явъя...” гэв.

Шүүгдэгчид эрүүгийн хариуцлага оногдуулахад хувийн байдалтай холбогдуулж дараах баримтуудыг шинжлэн судлав.

Эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /хх-ийн 35 дахь тал/,

Иргэний үнэмлэхийн лавлагаа /хх-ийн 38 дахь тал/ зэрэг болно.

 

Шүүгдэгч Б.Бд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.6 дугаар зүйлд заасан эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болно.

Шүүгдэгч Б.Бийг улсын яллагч болон шүүгдэгчийн өмгөөлөгчийн дүгнэлтдээ дурдсанчлан Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1.1 дэх заалтад зааснаар тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэн гэж үзэх боломжгүй байна.

Тохиолдын шинжтэй нөхцөл байдал гэдэгт тухайн хүний хүчин зүйлээс үл шалтгаалах гэнэтийн шинжтэй, урьдчилан тооцоолох эсхүл төсөөлөх боломжгүй нөхцөл байдал үүсэж, улмаар тухайн цаг хугацаа орон зайнд эрүүгийн хуульд заасан үйлдэл, эс үйлдэхүйг хийхээс өөр аргагүйд хүргэсэн тохиолдол хамаарах юм.

Харин хохирогч М.Б болон шүүгдэгч Б.Б нарын мэдүүлгүүдээс дүгнэвэл хохирогч нь Монгол Улсын Засгийн газрын 2018 оны 08 дугаар сарын 08-ны өдрийн Дугаар 239 тогтоолын хавсралтаар баталсан Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 10.4-т заасан “...Жолооч байр эзлэхийн өмнө зэрэгцээ эгнээнд чигээрээ яваа тээврийн хэрэгсэлд зам тавьж өгнө...” гэж заасныг зөрчиж байр эзэлсэн нь шүүгдэгч гэмт хэрэг үйлдэхэд нөлөөлсөн шалтгаан, нөхцөл болсон байна гэж шүүхээс дүгнэлээ.

Иймд шүүгдэгч Б.Бд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1.4 дэх заалтад заасан “хохирогчийн хууль бус үйлдлээс шалтгаалан гэмт хэрэг үйлдсэн” хөнгөрүүлэх нөхцөл байдал тогтоогдож байна гэж үзлээ.

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “Шүүх гэмт хэрэг үйлдсэн нь тогтоогдсон, гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн хүний гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учруулсан хохирол, хор уршгийн шинж чанар, хувийн байдал, мөрдөн шалгах ажиллагааг шуурхай явуулж гэмт хэргийг нотлоход дэмжлэг үзүүлсэн байдлыг харгалзан дараах байдлаар эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлж, эсхүл эрүүгийн хариуцлагаас чөлөөлж болно” гэж заасан.

Шүүхээс шүүгдэгч Б.Бд эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ шударга ёсны зарчмыг баримтлан үйлдсэн гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, бусдад учруулсан хохирлын шинж чанар, түүний хувийн байдал, Эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдал зэргийг харгалзан үзэж Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1.1 дэх заалтад зааснаар мөн хуулийн тусгай ангийн 17.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан эрүүгийн хариуцлагаас чөлөөлж шийдвэрлэв.

Өөрөөр хэлбэл Эрүүгийн хариуцлагын зорилго нь гэмт хэрэг үйлдсэн хүнийг нийгэмшүүлэхэд орших бөгөөд шүүгдэгчийн гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа сайн дураар хүлээн зөвшөөрч, ойлгож ухамсарласан үйлдэл нь түүнийг ялаас чөлөөлөх гол үндэслэл юм.

Бусад асуудлаар

Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн зүйлгүй, битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй, түүний иргэний бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдав.

Шүүгдэгч Б.Бд урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлэв.

Монгол Улсын Шүүхийн тухай хуулийн 22 дугаар зүйлийн 22.1 дэх хэсэг, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1, 4 дэх хэсэг дэх хэсэгт заасныг тус тус удирдлага болгон

ТОГТООХ нь:

          1. Шүүгдэгч Б.Бийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар “Эд хөрөнгө устгах, гэмтээх” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

2. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1.1 дэх заалтад заасныг журамлан тусгай ангийн 17.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан эрүүгийн хариуцлагаас Б.Бийг чөлөөлсүгэй.

3. Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн зүйлгүй, битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, шүүгдэгч Б.Б нь цагдан хоригдсон хоноггүй, түүний иргэний бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй, баримтаар бусдад төлөх төлбөргүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдсугай.

4. Шийтгэх тогтоолыг гардаж авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор зөвхөн Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн үндэслэлээр оролцогч давж заалдах гомдол гаргах улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.

5. Дээр дурдсан үндэслэлээр оролцогч давж заалдах гомдол гаргасан, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичсэн тохиолдолд шийтгэх тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Б.Бд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                           Д.ШИНЭХҮҮ