Завхан аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр

2021 оны 11 сарын 23 өдөр

Дугаар 140/ШШ2021/00450

 

 МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС 

Завхан аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Т.Балжинням даргалж, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Г.Эрдэнэжаргал, нэхэмжлэгч нар М.Цогтбаатар /Улаанбаатар хотоос онлайнаар/, Б.Мөнхжаргал, Ш.Дашнамжил, нэхэмжлэгч С.Нарангийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Шүрэнцэцэг, нэхэмжлэгч нарын өмгөөлөгч Э.Баасандэмбэрэл, хариуцагч байгууллагын төлөөлөгч Ш.Бямбажав, хариуцагч байгууллагын өмгөөлөгч Д.Эрдэнэтуяа нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар нэхэмжлэгч М.Цогтбаатар, Х.Баянжаргал, С.Наран, Б.Мөнхжаргал, Ш.Дашнамжил нарын нэхэмжлэлтэй Уст хайрхан хоршоо-нд холбогдох Уст хайрхан хоршоо-ны үл хөдлөх хөрөнгийг дур мэдэн худалдаж ослн орлогоос нэхэмжлэгч нарт ногдох 16,665,000 төгрөгийг гаргуулах, мөн тус хоршоог шүүхээр татан буулгуулах тухай иргэний хэргийг хянан хэлэлцээд ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч М.Цогтбаатар, Х.Баянжаргал, С.Наран, Б.Мөнхжаргал, Ш.Дашнамжил нар шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Уст хайрхан хоршоо уст цэг барих засварлах үйл ажиллагаа явуулахаар анх 11 гишүүн /Х.Баянжаргал, П.Эрдэнэбат, Ш.Бямбажав, М.Цогтбаатар, Я.Энхбат, Г.Цогт-Очир, Д.Очиржанцан, З.Цээдамба, П.Сэнгэдорж, Г.Чулуунбаатар, П.Цэндсүрэн/ үүсгэн байгуулж хуулийн этгээдээр 2005.08.27-нд улсад бүртгүүлж гэрчилгээ авсан. Тус хоршооны байр нь Жинст багийн хуучин нийтийн аж ахуйн үйлчилгээний байранд байрладаг 54 м.кв талбайтай үл хөдлөх хөрөнгө бөгөөд хоршооны үндсэн хөрөнгөнд хамаардаг бүх гишүүдийн дундын өмч хөрөнгө юм.

Гэтэл хоршооны тэргүүлэгч, дарга Ш.Бямбажав нь Хоршооны тухай хууль, холбогдох бусад хуулиудыг зөрчиж хоршооны тамга тэмдэгийг ашиглан 2018 онд хоршооны байрыг дур мэдэн Нүрзэд гэх хүнд 30,000,000 төгрөгөөр худалдсан.

Хоршооны байрыг бусдад худалдах талаар бидэнд мэдэгдээгүй бөгөөд Уст хайрхан хоршооны байрыг худалдаж олсон орлогыг хувьдаа ашигласан. Тус байр нь дахин зарагдаж одоо хүнсний дэлгүүр болсон.

Иргэний хууль болон Хоршооны тухай хуульд зааснаар хоршооны гишүүн бүр хоршооны эд хөрөнгийн зохих хувийн өмчлөгч байдаг. Иймээс аль нэг гишүүн нь хоршооны эд хөрөнгийг дур мэдэн захиран зарцуулж, хувьдаа ашигласан нь хууль бус юм. Хариуцагч Уст хайрхан хоршооны дарга /Тэргүүлэгчдийн дарга/ хоршооны гишүүдэд оногдох хувь бүхий үл хөдлөх эд хөрөнгийг дур мэдэн худалдаж, үл хөдлөх хөрөнгө худалдсан орлого 30,000,000 төгрөгийг хувьдаа ашиглаж тус хоршоог хохироосон.

Иймээс Иргэний хуулийн 487.1, 488.3, Хоршооны тухай хуулийн 28.2 дугаар зүйлийн 28.2.1-д заасныг үндэслэн хоршооны үл хөдлөх хөрөнгийг худалдаж олсон орлогоос нэхэмжлэгч нарт ногдох хувь буюу 16,665,000 төгрөгийг хариуцагчаар нөхөн төлүүлж Уст хайрхан ххоршооны гишүүд болон тэдгээрийн өв залгамжлагч нарт олгуулах хүсэлтэй байна.

Жич: Уст хайрхан хоршооны хувь нийлүүлэгч, гишүүд П.Сэнгэдорж, П.Эрдэнэбат, Г.Чулуунбаатар нар нь нас барсан бөгөөд тус гишүүдийн эд хөрөнгийн эрх нь Иргэний хуулийн 515 дугаар зүйлийн 515.1, Хоршооны тухай хуулийн 21 дүгээр зүйлийн 21.1-д зааснаар хууль ёсны өвлөгчид болох Ш.Дашнамжил, Г.Мөнхжаргал, С.Наран нарт шилжсэн тул хамтран нэхэмжлэл гаргав.

Нэхэмжлэлийн шаардалга: Уст хайрхан хоршооны үл хөдлөх хөрөнгийг дур мэдэн худалдаж олсон орлогоос нэхэмжлэгч нарт ногдох 16,665,000 төгрөгийг хариуцагчаас гаргуулж нэхэмжлэгч нарт /М.Цогтбаатар, Х.Баянжаргал, Ш.Дашнамжил, Г.Мөнхжаргал, С.Наран/ олгуулах, мөн тус хоршоог шүүхээр татан буулгуулахаар нэхэмжлэл гаргав гэжээ.  

Хариуцагч байгууллагын төлөөлөгч Ш.Бямбажав шүүхэд ирүүлсэн тайлбартаа: М.Цогтбаатар, Х.Баянжаргал, С.Наран, Б.Мөнхжаргал, Ш.Дашнамжил нарын манай хоршоонд холбогдуулан 16,665,000 төгрөг гаргуулахыг хүссэн нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөх үндэсгүй гэж үзэж байна.

Монгол Улсын Хоршооны тухай хуулийн 17, 18 дугаар зүйлд хоршооны гишүүнээр гарах, хасах асуудлыг тодорхой тусгасан байдаг.

М.Цогтбаатар, Х.Баянжаргал нар нь 2014 оноос Улаанбаатар хотруу шилжин суурьшиж хоршооны үйл ажиллагаанд оролцохоо больсон.

Иймд тэд хоршооны тухай хуулийн 17.1.2 дахь хэсэгт зааснаар хоршооны гишүүнээс гарсанд тооцогдоно.

П.Эрдэнэбат, П.Сэнгэдорж, Г.Чулуунбаатар нар нас барсан тул хоршооны тухай хуулийн 17.2 дахь хэсэгт зааснаар хоршооны гишүүнээс гарсанд тооцогдоно.

Талийгаач П.Эрдэнэбат нь 2014 онд өөрийн хүсэлтээр хоршооноос гарснаас хойш 2016 онд нас барсан.

Талийгаач Г.Чулуунбаатарыг Х.Баянжаргал хоршооны дарга байхдаа 2010 онд хоршооноос хөөж, Г.Чулуунбаатар нь явахдаа хоршоонд нийлүүлсэн хувь хөрөнгөө авч яваад нилээд хэдэн жилийн дараа нас барсан.

Энэ хүмүүсийн ар гэрийнхнээс нэг ч хүн хоршооны гишүүнээр элсэх хүсэлт гаргаагүй, элсээгүй учир тэд хоршооны гишүүний адил эрх эдэлж хоршооны орлогоос нэхэмжлэх үндэслэлгүй гэж үзэж байна.

Уг Уст хайрхан хоршоо нь 1999 онд анх байгуулагдахад Ш.Бямбажав, Д.Очиржанцан, З.Цээдамба, Я.Энхбат, Г.Цогт-Очир, П.Сэнгэдорж, М.Шагжжав, П.Цэндсүрэн нарын нийлүүлсэн хувь хөрөнгө болох УРБ-2А өрмийн станок, ЗИЛ130 автомашин, засварын багаж /худгийн/, тоног төхөөрөмж хэрэгсэл нь хоршооны үйл ажиллагааны гол эх үүсвэр байж хоршоо олон жил эдгээр хөрөнгөнд тулгуурлан үйл ажиллагаа явуулж ирсэн гэдгийг энэ нэхэмжлэл гаргаад байгаа хүмүүс сайн ойлгож байгаа.

Тухайн үедээ хамгийн үнэтэй, хамгийн их оролцоотой байсан эд хөрөнгөө нийлүүлсэн гишүүд бид хоршоогоо сахин үлдсэн учир хоршооны хөрөнгөнөөс 1 хөрөнгө худалдсан ба хоршоог хохироосон зүйлгүй гэж үзэж байна.

Бид уг хөрөнгийг 30,000,000 төгрөгөөр биш 28,000,000 төгрөгөөр худалдсан болно.

Хоршооны тухай хуулийн 16.2 дахь хэсэгт зааснаар хоршооны гишүүний нийлүүлсэн хувь хөрөнгийн үнийн нийт дүнгээр хоршооны хөрөнгөнөөс гишүүнд оногдох хувь хэмжээ тодорхойлогдоно.

Гэтэл нэхэмжлэл гаргаж байгаа энэ хүмүүсийн хоршоонд нийлүүлсэн хувь хөрөнгийн хэмжээ нь тухайн хөрөнгийн зарагдсан үнийн дүнгээс нэхэмжилж байгаа 16,665,000 төгрөгт яагаад ч хүрэхгүй.

Тэдний хоршоонд хувь хөрөнгө нийлүүлж байсан байдал:

1.    Х.Баянжаргал-Завхан аймгийн сумдын газрын зураг-1 ком, баримтны сейф-1 ширхэгийг нийлүүлж байсан ба газрын зургийг хоршооны үйл ажиллагаанд ашиглаж байгаагүй,

2.    М.Цогтбаатар-ЖС-30 дизель станц нийлүүлэхээр бүртгүүлж байсан боловч хоршоонд нийлүүлээгүй өөрөө зарсан.

3.    П.Эрдэнэбат-Т-62 хөдөлгүүр, 0,65 га ногооны талбай нийлүүлнэ гэж бүртгүүлсэн ба хөдөлгүүр нийлүүлээгүй, ногооны талбайгаа хоршоонд биш өөрөө ашиглаж байгаад зарсан.

4.    Г.Чулуунбаатар-3 тонны гар тайл нийлүүлснээ өөрөө зарсан.

5.    П.Сэнгэдорж нь Я.Энхбат, З.Цээдамба, Д.Очиржанцан нарын хамтаар УРБ2А өрмийн станок нийлүүлж байсан.

Дээрх үндэслэлүүдээр нэхэмжлэлийн 16,665,000 төгрөгийг Уст хайрхан хоршоо-ноос гаргуулах шаардлагыг хүлээн зөвшөөрөх үндэслэлгүй гэдгийг тайлбарлаж байна.

Хоршооны тухай хуулийн 38 дугаар зүйлд зааснаар хоршооны бүх гишүүдийн хурлаар хоршоог татан буулгах боломжтой ч манай хоршооны гишүүдийн тоо хуульд заасан доод хэмжээнд хүрэхгүй болсон тул хоршооны тухай хуулийн 39.1.2 дахь хэсэгт зааснаар шүүх татан буулгах байдалд хүрсэн.

Иймд нэхэмжлэлийн шаардлагаас хоршоог татан буулгах гэсэн хэсгийг хүлээн зөвшөөрч байна.

Уг хоршоог татан буулгасны эцэст хоршооны тухай хуулийн 47 дугаар зүйл, Уст хайрхан хоршоо-ны дүрмийн 10.4.1 дэх хэсэгт заасны дагуу дундын хөрөнгөө нийлүүлсэн хувь хөрөнгийн оролцоо болон хөдөлмөр оролцоогоор нь хүн тус бүрт оногдох хувь хэмжээг тодорхойлж хуваан авах нь зүйд нийцнэ гэж үзэж байна гэжээ.

Нэхэмжлэгч М.Цогтбаатар шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:

Нэхэмжлэгч Б.Мөнхжаргал шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:

Нэхэмжлэгч Ш.Дашнамжил шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:

Нэхэмжлэгч С.Нарангийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Э.Шүрэнцэцэг шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:

Нэхэмжлэгч нарын өмгөөлөгч Э.Баасандэмбэрэл шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:

Хариуцагч байгууллагын төлөөлөгч Ш.Бямбажав шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:

Хариуцагч байгууллагын өмгөөлөгч Д.Эрдэнэтуяа шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:

Шүүх хуралдаанаар хэрэгт цугларсан бичгийн нотлох баримтуудыг шинжлэн хэлэлцээд ҮНДЭСЛЭХ нь:

Нэхэмжлэгч М.Цогтбаатар, Х.Баянжаргал, С.Наран, Б.Мөнхжаргал, Ш.Дашнамжил нар нь Уст хайрхан хоршоо-нд холбогдуулан Уст хайрхан хоршоо-ны үл хөдлөх хөрөнгийг дур мэдэн худалдаж олсон орлогоос нэхэмжлэгч нарт ногдох 16,665,000 төгрөгийг гаргуулах, мөн тус хоршоог шүүхээр татан буулгуулах тухай нэхэмжлэлийн шаардлагыг шүүхэд гаргажээ.

Хариуцагч тал ...М.Цогтбаатар, Х.Баянжаргал нар нь 2014 оноос Улаанбаатар хотруу шилжин суурьшиж хоршооны үйл ажиллагаанд оролцохоо больсон. Иймд тэд хоршооны тухай хуулийн 17.1.2 дахь хэсэгт зааснаар хоршооны гишүүнээс гарсанд тооцогдоно. П.Эрдэнэбат, П.Сэнгэдорж, Г.Чулуунбаатар нар нас барсан тул хоршооны тухай хуулийн 17.2 дахь хэсэгт зааснаар хоршооны гишүүнээс гарсанд тооцогдоно. Талийгаач П.Эрдэнэбат нь 2014 онд өөрийн хүсэлтээр хоршооноос гарснаас хойш 2016 онд нас барсан. Талийгаач Г.Чулуунбаатарыг Х.Баянжаргал хоршооны дарга байхдаа 2010 онд хоршооноос хөөж, Г.Чулуунбаатар нь явахдаа хоршоонд нийлүүлсэн хувь хөрөнгөө авч яваад нилээд хэдэн жилийн дараа нас барсан. Энэ хүмүүсийн ар гэрийнхнээс нэг ч хүн хоршооны гишүүнээр элсэх хүсэлт гаргаагүй, элсээгүй учир тэд хоршооны гишүүний адил эрх эдэлж хоршооны орлогоос нэхэмжлэх үндэслэлгүй гэж үзэж байна. ...Тухайн үедээ хамгийн үнэтэй, хамгийн их оролцоотой байсан эд хөрөнгөө нийлүүлсэн гишүүд бид хоршоогоо сахин үлдсэн учир хоршооны хөрөнгөнөөс 1 хөрөнгө худалдсан ба хоршоог хохироосон зүйлгүй гэж үзэж байна. Бид уг хөрөнгийг 30,000,000 төгрөгөөр биш 28,000,000 төгрөгөөр худалдсан болно.

Хоршооны тухай хуулийн 16.2 дахь хэсэгт зааснаар хоршооны гишүүний нийлүүлсэн хувь хөрөнгийн үнийн нийт дүнгээр хоршооны хөрөнгөнөөс гишүүнд оногдох хувь хэмжээ тодорхойлогдоно.

Гэтэл нэхэмжлэл гаргаж байгаа энэ хүмүүсийн хоршоонд нийлүүлсэн хувь хөрөнгийн хэмжээ нь тухайн хөрөнгийн зарагдсан үнийн дүнгээс нэхэмжилж байгаа 16,665,000 төгрөгт яагаад ч хүрэхгүй. гэж маргаж байна.

Шүүх хэрэгт хуульд заасан журмын дагуу цугларсан, шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтуудыг үндэслэн нэхэмжлэгч нарын нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг хангаж, зарим хэсгийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх нь зүйтэй байна.

МОНГОЛ УЛСЫН ИРГЭНИЙ ХЭРЭГ ШҮҮХЭД ХЯНАН ШИЙДВЭРЛЭХ ТУХАЙ 115 ДУГААР ЗҮЙЛИЙН 115.1, 115.2.2 116, 118 ДУГААР ЗҮЙЛҮҮДИЙГ УДИРДЛАГА БОЛГОН ТОГТООХ НЬ:

1. Иргэний хуулийн 487 дугаар зүйлийн 487.1, 488 дугаар зүйлийн 488.3, Хоршооны тухай хуулийн 8 дугаар зүйлийн 8.1, 16 дугар зүйлийн 16.1, 21 дүгээр зүйлийн 21.1, 28 дугаар зүйлийн 28.2, 28.2.1 дэх хэгүүдэд заасныг баримтлан Уст хайрхан хоршоо-ноос 12,725,000 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч М.Цогтбаатар, Х.Баянжаргал, С.Наран, Б.Мөнхжаргал, Ш.Дашнамжил нарт тус бүр 2,545,000 төгрөгийг олгож,

нэхэмжлэгч нарын нэхэмжлэлийн шаардлагаас 3,940,000 төгрөгийг хасч, мөн Уст хайрхан хоршоо-г шүүхээр татан буулгуулах тухай шаардлагыг тус тус хэрэгсэхгүй болгосугай.

2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Монгол Улсын Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1 дэх хэсгүүдэд зааснаар нэхэмжлэгч М.Цогтбаатар нарын улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 241250 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч Уст хайрхан хоршоо-ноос 241250 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч нарт олгосугай.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд нэхэмжлэгч, хариуцагч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч нар шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор давж заалдах гомдлыг Завхан аймгийн эрүү, иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гаргах эрхтэйг дурдсугай.

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7-д зааснаар шийдвэрийг танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор нэхэмжлэгч, хариуцагч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч нар шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь давж заалдах журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүйг дурдсугай.

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Т.БАЛЖИННЯМ