| Шүүх | Завхан аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Намжилцэрэнгийн Дэлгэрмаа |
| Хэргийн индекс | 170/2024/0088/Э |
| Дугаар | 2024/ШЦТ/88 |
| Огноо | 2024-09-13 |
| Зүйл хэсэг | 11.6.1., |
| Улсын яллагч | Ц.Мөнх-Эрдэнэ |
Завхан аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол
2024 оны 09 сарын 13 өдөр
Дугаар 2024/ШЦТ/88
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Завхан аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Н.Дэлгэрмаа даргалж
Нарийн бичгийн дарга М.
Улсын яллагч Ц.Мөнх-Эрдэнэ
Шүүгдэгчийн өмгөөлөгч В.*******
Шүүгдэгч Ж.*******
нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй явуулж Завхан аймгийн прокурорын газрын хяналтын прокуророос хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэхээр Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Ж.*******д холбогдох 2423000000096 дугаартай эрүүгийн хэргийг хянан хэлэлцэв.
Шүүгдэгч: Монгол Улсын иргэн, 1990 оны 07 дугаар сарын 26-ны өдөр Завхан аймгийн ******* суманд төрсөн, 34 настай, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, ам бүл 5, эхнэр, 3 хүүхдүүдийн хамт Завхан аймгийн ******* сумын ******* багт оршин суух хаягтай, урьд ял шийтгүүлж байгаагүй, ******* овогт *******ы ******* /РД:*******/
Шүүгдэгч Ж.******* нь 2024 оны 07 дугаар сарын 26-ны шөнийн 23 цагийн орчимд Завхан аймгийн ******* сумын ******* багийн нутаг “Талын толгой” гэх газар модон гүүрний орчимд хохирогч Х.ийг машиныхаа гэрлийг шилжүүлсэнгүй гэж уурлаж, маргалдах явцдаа түүний нүүр, хамар хэсэгт гараараа нэг удаа цохиж, мөн хөлөөрөө түүний хөл рүү 2-3 удаа өшиглөж, зодсоны улмаас хохирогч Х.ийн эрүүл мэндэд хамрын ясны хугарал, хамрын таславчны мурийлт, баруун чамархайн хэсэгт хаван, зүүн шилбэний урд доод хэсэгт, баруун өвдөгний гадна хэсэгт, баруун шилбэний гадна хэсгүүдэд зулгаралт бүхий хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.
Түүний холбогдсон хэрэг нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт хамаарч байна.
Шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн, хэрэгт цугларсан яллах болон цагаатгах нотлох баримтуудыг шинжлэн хэлэлцээд
ТОДОРХОЙЛОХ нь:
Монгол Улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан журмын дагуу хохирогч, иргэний нэхэмжлэгч нарт шүүх хуралдааны товыг мэдэгдсэн боловч тэрээр шүүх хуралдаанд хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр ирээгүй байна.
Хохирогч Х.ид шүүх хуралдаанд оролцох талаар бичгээр хүсэлт гаргаагүй учир Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.8 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар түүнийг оролцуулахгүйгээр хэргийг хянан шийдвэрлэлээ.
1.Шүүгдэгчийг гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсон талаар:
Шүүгдэгч Ж.******* нь 2024 оны 07 дугаар сарын 26-ны шөнийн 23 цагийн орчимд Завхан аймгийн ******* сумын ******* багийн нутаг “Талын толгой” гэх газар модон гүүрний орчимд хохирогч Х.ийг “машиныхаа гэрлийг шилжүүлсэнгүй” гэж маргалдаж түүнийг зодсон хэргийн үйл баримт нь
Ж.*******д зодуулснаа шууд тусган мэдүүлсэн хохирогч Х.ийн “...2024 оны 07 дугаар сарын 26-ны өдөр 23 цагийн орчимд Завхан аймгийн ******* сумын Төвийн доод талын модон гүүрний орчимд тус сумын Ямаат багийн гийн гэдэг залуу хэдэн хүнтэй хамт зогсож байсан. Би тэр хүмүүс дээр очиж зам асуух гээд зогстол гэдэг залуу намайг шууд хамар руу гараар нэг удаа цохисон, хөлөөрөө миний хөл рүү 2-3 удаа өшиглөсөн. Намайг зодож байхдаа нь энийг алаад хаячихъя харанхуй шөнөө алаад хаячихсан байхад хэн мэддэг юм гэж хэлж байсан. ...Би тэр газраа хээр хоноод маргааш өглөө нь Ямаат руу явсан. Айлд очиж утсаар цагдаа дуудсан...” гэсэн мэдүүлгээр,
Энэ талаар мэдүүлсэн гэрч П.ын “...Тухайн өдөр 2024 оны 07 дугаар сарын 26-ны өдөр ******* багийн нутаг Жаргалант гэх газраас ******* сумын төв орох гээд өөрийнхөө машинтай явж байгаад орой ...Ж.*******тай таарсан. ...замын хажууд Ж.*******ы машинд юм яриад сууж байтал сумын төв талаас ирсэн ачааны машин Ж.*******ы машины хажууд зогсоод машиныхаа цонхоор гэрлээ шилжүүлээч гэж хэлсэн. Тухайн үед ******* замын хажууд машиныхаа гэрлийг асаалттай зогсож байсан. Тэгэхээр нь би наад гэрлийг чинь шилжүүлчихсэн байна гэж хэлсэн чинь машинаасаа бууж ирээд шилжүүлээгүй байна шүү дээ гэж хэлээд уурлаад байсан. Тэгээд машины хаалга татахаар нь урдаас нь хаалга онгойлгож буугаад тухайн машины жолооч болох Х. гэх хүнийг машинд нь суулгаад явуулсан. Тэгсэн тухайн машины жолооч Х. 200-300 метр явчихаа буцаад хүрээд ирсэн. Тэгснээ Х. гэгч нь машинаасаа бууж ирээд ******* бид хоёрыг даварсан пизданууд бэ? гэрэл энэ тэрээ шилжүүлэхгүй гээд уурлаад байсан тэгсэн *******, гэгчийн нүүр хэсэгт нь гараараа нэг удаа цохисон. Тэгэхээр нь би машинаасаа буугаад , ******* нарыг салгасан. Тэгээд бид гурав машины хажууд байж байтал хүрч ирээд бид нар салаад явцгаасан...” гэсэн мэдүүлгээр,
Гэрч Б.ийн “... гэх ах машинтайгаа ******* ахын машины хажууд зогсчихсон... машины гадаа хажууд нь маргалдаад байж байсан тэгээд би очоод за одоо явцгаая гэж хэлээд бид 2 өөр өөрсдийнхөө машиндаа суугаад хөдлөөд явцгаасан...” гэсэн мэдүүлгээр болон хэрэгт цугларсан нотлох баримтуудаар тогтоогдож байна.
Шүүгдэгч Ж.*******ы үйлдлийн улмаас хохирогч Х.ийн биед хөнгөн зэргийн гэмтэл учирсан нь Завхан аймгийн Шүүхийн шинжилгээний хэлтсийн шинжээчийн 2024 оны 7 дугаар сарын 31-ний өдрийн 0000000277 дугаартай 1. Х.ийн биед: хамрын ясны хугарал, хамрын таславчны мурийлт, баруун чамархайн хэсэгт хаван, зүүн шилбэний урд доод хэсэгт, баруун өвдөгний гадна хэсэгт баруун шилбэний гадна хэсгүүдэд зулгаралт гэмтлүүд тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь шинэ гэмтэл байна. 2. Дээрх гэмтлүүд нь мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгдэж болно. 3.гэмтэл нь 2023 оны 07 дугаар сарын 26-ны өдөр үүссэн байх боломжтой. Иргэн Х.ийн биед учирсан гэмтлүүд нь хэд хэдэн удаагийн үйлчлэлээр үүсгэгдсэн байна. 4. Учирсан гэмтэл нь хөдөлмөрийн чадвар алдалтанд нөлөөлөхгүй. Учирсан гэмтлүүд нь эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул хүний эрүүл мэндэд учирсан хохирлын зэрэг тогтоо журмын 3.1.1-д зааснаар хохирлын хөнгөн зэрэг тогтоогдлоо...” гэсэн дүгнэлтээр болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтуудаар тогтоогдож байна.
Хохирогч болон гэрчүүд мэдүүлгийнхээ эх сурвалжийг тодорхой заасан бөгөөд тэдний мэдүүлэг болон бусад бичгийн нотлох баримтууд шүүгдэгчийн үйлдэл, хэргийн үйл баримтыг нотолж байгаа, энэ хэрэгт хамааралтай, хуульд заасны дагуу цуглуулж бэхжүүлсэн, хэргийг хянан шийдвэрлэхэд хангалттай байх тул дээрх нотлох баримтуудыг шийдвэрийн үндэслэл болголоо.
Шинжээчийн дүгнэлтийг хэрэгт хувийн сонирхолгүй, нарийн мэргэшсэн, гаргасан дүгнэлтийнхээ хариуцлагыг хүлээх чадвар бүхий шинжээч өөрийн тусгай мэдлэгийн хүрээнд гаргасан байна. Уг дүгнэлт нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хууль, Шүүхийн шинжилгээний тухай хуульд заасан үндэслэл журмын дагуу гарсан дүгнэлтэд эргэлзээ төрүүлэхээр нөхцөл байдал тогтоогдоогүй болно.
Шүүх хэрэгт авагдсан нотлох баримтуудыг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.1 дүгээр зүйлийн 13 дахь хэсэгт заасныг баримтлан үнэлсэн бөгөөд хэргийн үйл баримтыг нотолж байгаа баримтууд нь тухайн хэрэгт хамааралтай, ач холбогдолтой төдийгүй шүүгдэгчийн үйлдлийг хангалттай нотолж чадсан, хууль ёсны баримтууд байна.
Шүүгдэгч Ж.******* нь хохирогч Х.ийн Эрүүгийн хуулиар хамгаалагдсан, Монгол Улсын Үндсэн хуулийн 16 дугаар зүйлийн 13 дахь хэсэг, Хүний эрхийн түгээмэл тунхаглалын 3 дугаар зүйлд тус тус заасан “хүний халдашгүй дархан байх эрх” буюу “хүний эрүүл мэндийн халдашгүй эрх”-ийг зөрчсөн үйлдлийн улмаас 1 хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учирсан нь Эрүүгийн хуулийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийн обьектив шинжийг, шүүгдэгч өөрийн үйлдлийн нийгмийн аюулыг ухамсарлаж, хүний эрүүл мэндэд хохирол учирч болохыг мэдсээр байж хүсч зориуд хохирол учруулсан нь Эрүүгийн хуулийн 11.6 дугаар зүйлд заасан гэмт хэргийн субьектив шинжийг тус тус хангажээ.
Иймд шүүгдэгч Ж.*******г Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцох үндэслэлтэй.
Хохирогч Х. нь “хохирол төлбөр нэхэмжлээгүй, гомдол санал байхгүй” гэсэн хүсэлтийг гаргасан тул хохирогчид төлөх төлбөргүй гэж үзлээ.
2. Шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэх талаар:
Прокуророос шүүгдэгч Ж.*******д холбогдох хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэх саналтай ирүүлсэн бөгөөд хэрэгт Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан хялбаршуулсан журмаар хэрэг хянан шийдвэрлэх тусгай журам зөрчигдөөгүй, шүүх хуралдаанаар мөн хуулийн 17.4 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт заасан нөхцөл байдлыг хянахад бүрэн хангагджээ.
Шүүгдэгч Ж.*******ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан буюу “хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэрэг” үйлдсэн гэм буруутай нь тогтоогдсон учир түүнд Эрүүгийн хуулийн 1.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэстэй.
Шүүгдэгч Ж.*******д прокурорын санал болгож сонсгосон эрүүгийн хариуцлага нь Эрүүгийн хуулийн 5.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан эрүүгийн хариуцлагын зорилго болон Эрүүгийн хуулийн 1.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “эрүүгийн хариуцлага нь тухайн хүн хуулийн этгээдийн үйлдсэн гэмт хэрэг гэмт хэргийн шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэрт тохирсон байна” гэсэн шударга ёсны зарчимд нийцэж байна.
Иймд шүүгдэгч Ж.*******д эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ хөнгөрүүлэх хүндрүүлэх нөхцөл байдлыг харгалзан үзэлгүйгээр Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар прокурорын саналаар Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч 600 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр буюу 600.000 төгрөгөөр торгох ял оногдуулж шийдвэрлэлээ.
Шүүгдэгч Ж.******* нь энэ хэрэгт цагдан хоригдоогүй, түүнээс гаргуулах эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, түүний хувьд ногдох хөрөнгөнөөс битүүмжлээгүй, шүүгдэгчийн иргэний үнэмлэхийг шүүхэд ирүүлээгүй, иргэний үнэмлэхийн лавлагаа хэрэгт хавсаргагдсан болохыг тус тус дурдах нь зүйтэй гэж үзээд
Монгол Улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 5 дахь хэсэг, 36.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1, 1.2, 1.5, 1.6, 1.8, 36.8 дугаар зүйлийн 4, 5 дахь хэсэг, 36.10 дугаар зүйлийн 3, 4 дэх хэсэг, 36.13 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Шүүгдэгч ******* овогт *******ы *******ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2. Шүүгдэгч Ж.*******ыг Эрүүгийн хуулийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 600 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр буюу 600000 /зургаан зуу мянга/ төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.
3. Эрүүгийн хуулийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Ж.*******д оногдуулсан 600 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр буюу 600000 /зургаан зуу мянга/ төгрөгөөр торгох ялыг шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болсноос хойш 3/ гурав/ сарын хугацаанд хэсэгчлэн сар бүр /200.000/ төгрөгөөр тэнцүү хэмжээгээр төлөхөөр тогтоосугай.
4. Эрүүгийн хуулийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Ж.******* нь 600 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр буюу 600000 /зургаан зуу мянга/ төгрөгөөр торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол торгох ялын 15 нэгжтэй /15000 төгрөг/ тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солих журамтай болохыг анхааруулсугай.
5. Шүүгдэгч Ж.******* нь 2023 оны 08 дугаар сарын 29-ний өдөр авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол хэвээр үргэлжлүүлсүгэй.
6. Шүүгдэгч Ж.******* нь тогтоол гарахын өмнө цагдан хоригдоогүй, түүнээс гаргуулах эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, шүүгдэгчийн эд хөрөнгөнөөс битүүмжлээгүй, шүүгдэгчийн иргэний үнэмлэхийг шүүхэд ирүүлээгүй, иргэний үнэмлэхийн лавлагаа хэрэгт хавсаргагдсан болохыг тус тус дурдсугай.
7. Шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болохыг дурдсугай.
8. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 7,8 дахь хэсэгт зааснаар талууд оролцогчид гагцхүү Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн тохиолдолд шийтгэх тогтоолыг гардан авснаас эсхүл хүргүүлснээс 14 хоногийн дотор Завхан аймгийн Эрүү иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч түүний дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй бусад тохиолдолд гомдол, эсэргүүцэл гаргахгүй болохыг дурдсугай.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Н.ДЭЛГЭРМАА