| Шүүх | Улсын дээд шүүх |
|---|---|
| Шүүгч | Хуушааны Эрдэнэсувд |
| Хэргийн индекс | 102/2024/02338/И |
| Дугаар | 001/ХТ2025/00176 |
| Огноо | 2025-10-28 |
| Маргааны төрөл | Худалдах-худалдан авах болон арилжааны гэрээ, |
Улсын дээд шүүхийн Шүүх хуралдааны тогтоол
2025 оны 10 сарын 28 өдөр
Дугаар 001/ХТ2025/00176
Н-ийн нэхэмжлэлтэй
иргэний хэргийн тухай
Монгол Улсын дээд шүүхийн шүүгч Б.Ундрах даргалж, шүүгч Н.Баярмаа, Э.Золзаяа, Д.Цолмон, Х.Эрдэнэсувд нарын бүрэлдэхүүнтэй, тус шүүхийн танхимд хийсэн хяналтын шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар,
Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн
2025 оны 04 дүгээр сарын 30-ны өдрийн 192/ШШ2025/03548 дугаар шийдвэр,
Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн
2025 оны 07 дугаар сарын 28-ны өдрийн 210/МА2025/01280 дугаар магадлалтай,
Н-ийн нэхэмжлэлтэй
“С” ХХК-д холбогдох,
Бие даасан шаардлага гаргаагүй гуравдагч этгээд “Б” ТӨХК,
... орон сууцны өмчлөх эрхийг Н-т шилжүүлэхийг даалгах, алданги 27,075,000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг
Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч А-ын хяналтын журмаар гаргасан гомдлоор
Шүүгч Х.Эрдэнэсувдын илтгэснээр хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч А, хариуцагчийн өмгөөлөгч С, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Намсрай нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
1. Нэхэмжлэгч Н нь хариуцагч “С” ХХК-д холбогдуулан ... орон сууцны өмчлөх эрхийг Нт шилжүүлэхийг даалгах, алданги 27,075,000 төгрөг гаргуулах нэхэмжлэлийн шаардлага гаргасныг хариуцагч эс зөвшөөрч, маргажээ.
2. Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн 2025 оны 04 дүгээр сарын 30-ны өдрийн 192/ШШ2025/03548 дугаар шийдвэрээр: Иргэний хуулийн 101 дүгээр зүйлийн 101.1, 343 дугаар зүйлийн 343.1, 232 дугаар зүйлийн 232.6 дахь хэсэгт заасныг баримтлан нэхэмжлэгч Н-ийг ... орон сууцыг өмчлөх эрхтэй болохыг тогтоож, алданги 27,075,000 төгрөг гаргуулах нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож,
Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2, 60 дугаар зүйлийн 60.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 722,025 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч “С” ХХК-иас улсын тэмдэгтийн хураамжид 428,700 төгрөг гаргуулан нэхэмжлэгч Н-т олгож шийдвэрлэжээ.
3. Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2025 оны 07 дугаар сарын 28-ны өдрийн 210/МА2025/01280 дугаар магадлалаар: Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн 2025 оны 04 дүгээр сарын 30-ны өдрийн 192/ШШ2025/03548 дугаар шийдвэрийг хүчингүй болгож, Иргэний хуулийн 343 дугаар зүйлийн 343.1, 232 дугаар зүйлийн 232.6-д тус тус заасныг баримтлан хариуцагч “С” ХХК-д холбогдох, ... орон сууцны өмчлөх эрхийг шилжүүлэхийг даалгах, алданги 27,075,000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэгч Н-ийн нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож,
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.3 дахь хэсэгт зааснаар давж заалдах журмаар гомдол гаргахдаа хариуцагчаас улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 428,700 төгрөгийг шүүгчийн захирамжаар буцаан олгож шийдвэрлэжээ.
4. Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч А хяналтын журмаар гаргасан гомдолдоо: Давж заалдах шатны шүүхийн магадлалыг эс зөвшөөрч, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 172 дугаар зүйлийн 172.2.1, 172.2.2 дэх заасны дагуу хяналтын журмаар гомдол гаргаж байна.
4.1. Хууль хэрэглээний зөрүүг арилгах тухайд:
Хариуцагч нь орон сууцыг 2020.02.15-ны өдрийн дотор барьж, ашиглалтад оруулах үүргээ биелүүлээгүй бөгөөд 2022.09.30-ны өдрөөс эхлэн орон сууцны захиалгын үнийг нэмэх саналыг “Э” ГҮТББ-рүү хүргүүлж байсан. Нэхэмжлэгч болон зарим ажилтнуудын зүгээс орон сууцны захиалгын үнийг нэмэх саналыг хүлээн зөвшөөрөөгүй бөгөөд үүнээс шалтгаалан өнөөдрийг хүртэл орон сууцаа хүлээн авч чадалгүй хохирч байна.
Анхан шатны шүүхээс талуудын хооронд байгуулагдсан гэрээнд заасан нөхцөлийн дагуу тухайн гэрээний үнээр нэхэмжлэгч орон сууцны үнийг төлөх үүрэгтэй гэж үзсэн байдаг. Өөрөөр хэлбэл, зохигч нар нь орон сууцны 1 м.кв-ын үнийг нэмэх тухай тохиролцоо хийгээгүй гэж үндэслэл бүхий шийдвэр гаргасан байдаг.
Харин давж заалдах шатны шүүхээс нэхэмжлэгч нь нэмэгдсэн үнээр төлбөр төлөх үүрэгтэй байсан гэж хуульд нийцэхгүй дүгнэлт хийжээ.
Ийнхүү анхан болон давж заалдах шатны шүүх талуудын хооронд нэмэгдсэн үнээр гэрээ байгуулагдсан эсэх, “Э” ГҮТББ нь нэхэмжлэгчийг төлөөлсөн гэж үзсэн эсэх асуудлаар хуулийг зөрүүтэй хэрэглэх замаар өөр өөр шийдвэр гаргасан байна.
Давж заалдах шатны шүүх Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлд заасан нотлох баримтыг үнэлэх, 166 дугаар зүйлийн 166.4 дахь хэсэгт “Давж заалдах журмаар хэрэг хянан шийдвэрлэж буй шүүх зөвхөн гомдолд дурдсан үндэслэлээр хязгаарлахгүй хэргийг бүхэлд нь хянан үзнэ” гэж тус тус заасныг зөрчиж шийдвэр гаргасан байна.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.3 дахь хэсэгт “Шүүхэд урьдаас хөдөлбөргүй үнэн гэж тогтоогдсон ямар ч нотлох баримт байж болохгүй”, 40.4 дэх хэсэгт “Шүүхийн хүчин төгөлдөр шийдвэрээр нэгэнт тогтоогдсон буюу нийтэд илэрхий үйл баримт хэрэг хянан шийдвэрлэхэд холбогдолтой байвал түүнийг дахин нотлохгүй” гэж тус тус заасан байдаг.
Магадлалын хянавал хэсгийн 6.1 дэх хэсэгт “Дэлхий нийтийг хамарсан Ковид-19 цар тахал Монгол Улсад гарсан эсэх үйл баримтыг нотлох шаардлагагүй илэрхий тул зохигч энэ талаар маргах эрхгүй” гэсэн байна.
Нэхэмжлэгчийн зүгээс Ковид-19 цар тахал Монгол Улсад гарсан эсэх буюу нийтэд илэрхий үйл баримтын талаар маргаагүй. Харин энэхүү цар тахлын нөхцөл байдал нь гэрээний хугацаанд хамаарч байгаа эсэх, гэрээний үнийг нэмэх шалтгаан болсон эсэх талаар маргасан бөгөөд шүүхээс “С” ХХК-ийн гэрээний үүрэг гүйцэтгэх хугацааг үл харгалзаж, “С” ХХК нь гэрээний үнээ нэмэх нь зайлшгүй, хөдөлбөргүй үнэн гэж үзэж хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам ноцтой зөрчсөн байна.
Н нь “С” ХХК-тай 2019.05.15-ны өдөр Орон сууц захиалан бариулах гэрээ байгуулсан бөгөөд уг гэрээгээр орон сууцыг 2020.02.15-ны өдрийн дотор барьж, ашиглалтад оруулах үүрэгтэй байсан. 2020.08.21-ний өдөр Орон сууц захиалан бариулах гэрээнд нэмэлт өөрчлөлт оруулсан бөгөөд уг нэмэлт, өөрчлөлтөөр орон сууцыг хүлээлгэн өгөх хугацааг 2020.11.25-ны өдөр болгон өөрчилсөн байдаг.
Давж заалдах шатны шүүхээс ямар шүүхийн хүчин төгөлдөр шийдвэрээр, эсхүл ямар нийтэд илэрхий үйл баримтаар “С” ХХК нь орон сууц захиалгын үнийг нэмэх аргагүй болсон гэж үзээд байгаа нь тодорхойгүй байна. “С” ХХК нь орон сууц захиалгын үнийг нэмэх аргагүй болсныг тогтоосон хүчин төгөлдөр шийдвэр байхгүй бөгөөд хэргийн материалд С ХХК-д гэнэтийн болон давагдашгүй хүчин зүйл болон хүнд нөхцөл байдал тулгарсныг гэрчилсэн, барилгын бараа материалын үнэ нэмэгдсэнийг нотлох баримт байхгүй болно.
Цар тахлын нөхцөл байдалтай холбоотойгоор хамгийн анх Засгийн газрын 2020.01.26-ны өдрийн 30 дүгээр тогтоол гарч байсан бөгөөд 2020.11.25-ны өдрийг хүртэлх хугацаанд хилийн боомтоор зөвхөн зорчигч тээврийг зогсоож, хязгаарлаж байсан бол ачаа тээврийг хязгаарлах, зогсоох шийдвэр гарч байгаагүй.
Харин Засгийн газрын 2020.04.29-ний өдрийн “Бэлэн байдлын зэрэгт шилжүүлсэн хугацааг сунгах тухай” 147 дугаар тогтоол, 2020.11.11-ний өдрийн “Бүх нийтийн бэлэн байдлын зэрэгт шилжүүлэх тухай” 178 дугаар тогтоол, 2020.11.29-ны өдрийн “Хилийн боомтын талаар авах арга хэмжээний тухай” 195 дугаар тогтоол, Улсын онцгой комиссын 2020.11.16-ны өдрийн “Хилийн боомтоор ачаа тээвэрлэлт хийх үеийн халдвар, хамгаалалтын зарим арга хэмжээг чангатгах тухай” 06 дугаар албан даалгавар зэрэг эрх зүйн баримт бичгүүдээс үзвэл тухайн үед олон улсын ачаа тээвэрлэлтийг зогсоогоогүй бөгөөд халдвар хамгаалалтын дэглэмийн дагуу хилээр нэвтрүүлж байсан.
Давж заалдах шатны шүүхээс 2020.11.25-ны өдрөөс өмнө ямар барилгын материал, хэрхэн өссөн тухай ямар нийтэд илэрхий үйл баримт дээр үндэслэн “С” ХХК-г орон сууцны үнийг нэмэх эрхтэй байсан гэж дүгнээд байгаа нь тодорхойгүй байна.
Мөн Магадлалын 7.1 дэх хэсэгт “хэрэгт авагдсан нотлох баримтаар 2024.03.04-ний өдөр барилгыг ашиглалтад оруулахаар Улсын комисс шийдвэрлэж, 2024.04.02-ны өдөр “С” ХХК-ийн нэр дээр орон сууцны өмчлөх эрхийн гэрчилгээ гарчээ” гэсэн боловч яагаад гэрээнд заасан ашиглалтад оруулах хугацааг 3 жил 5 сарын хугацаанд хэтрүүлсэн нөхцөл байдалд “С” ХХК-ийг буруугүй гэж үзсэн нь тодорхойгүй байна.
4.4. Н болон “С” ХХК нарын хооронд гэрээний үнэ нэмэгдсэн дүнгээр буюу 1 м.кв-ын үнийг 1,492,000 төгрөг болгож гэрээ байгуулаагүй тухайд:
Н нь “С” ХХК-тай 2019.05.15-ны өдөр Орон сууц захиалан бариулах гэрээ байгуулсан бөгөөд энэхүү гэрээнээс хойш уг гэрээний үнийг өөрчилсөн нөхцөл бүхий гэрээ, тохиролцоог “С” ХХК-тай байгуулаагүй байдаг.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1 дэх хэсэгт “шүүх хэргийн оролцогчийн гаргасан нотлох баримтыг тал бүрээс нь бодитойгоор харьцуулан үзсэний үндсэн дээр нотлох баримтыг өөрийн дотоод итгэлээр үнэлнэ”, 40.2 дахь хэсэгт “Нотлох баримтыг тухайн хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, үнэн зөв, эргэлзээгүй талаас нь үнэлнэ” гэж тус тус заасан.
Магадлалын 6.2 дахь хэсэгт ““С” ХХК болон тус орон сууц захиалагч нарын эрх ашгийг төлөөлөн хамгаалж буй “Э” ГҮТББ нар удаа дараа санал солилцож, улмаар талууд үнийн бодит өөрчлөлтийг 1 м.кв талбайг 1,492,000 төгрөг болохыг харилцан зөвшөөрсөн байна” гэжээ.
Н болон “С” ХХК нарын 2019.05.15-ны өдрийн Орон сууц захиалан бариулах гэрээгээр “Э” ТББ-д Н-ийг төлөөлөн “С” ХХК-тай харилцах, үүрэг хүлээх эрх олгоогүй.
“С” ХХК, “Б” ТӨХК, “Э” ГҮТББ нарын 2019.05.03-ны өдрийн Гурвалсан гэрээний оролцогч тал нь Н биш бөгөөд уг гэрээний 3.1 дэх хэсэгт “Орон сууц захиалсан ажилчдын нэрийн өмнөөс тэдгээрийн эрх ашгийг бүрэн төлөөлөх эрхтэй болохыг баталсан баримтыг гэрээнд xавсаргана” гэж “Э” ГҮТББ нь өөрийгөө Нийг төлөөлөх эрхтэй мэт ойлголтыг бусдад өгөх ёсгүй байсан. Мөн уг гэрээнд “Э” ГҮТББ нь өөрийгөө Нийг төлөөлөх эрхтэйг нотолсон баримтыг хавсаргаагүй байна.
Төрийн бус байгууллагын тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.3 дахь хэсэгт “Гишүүддээ үйлчилдэг төрийн бус байгууллага гэж өөрийн гишүүдэд үйлчилдэг, тэдний хууль ёсны ашиг сонирхлыг хамгаалах үндсэн зорилготой, нийгэмд үйлчилдгээс бус төрийн бус байгууллагыг” гэж тодорхойлсон. Үүнээс үзвэл, төрийн бус байгууллага нь зөвхөн ажилчдын эрх ашгийг хамгаалах байдлаар гуравдагч этгээдтэй харилцах эрхтэй. Харин гишүүддээ ямар нэгэн байдлаар сөрөг нөлөөлөх буюу үүрэг хүлээлгэх байдлаар аливаа этгээдтэй харилцах эрхгүй юм. Мөн аливаа эрх зүйн харилцаанд гишүүдээ болон бусад этгээдийг Төрийн бус байгууллага итгэмжлэлгүйгээр төлөөлөх эрх хуулиар олгогдоогүй юм.
Н болон “С” ХХК нарын байгуулсан 2019.05.15-ны өдрийн Орон сууц захиалан бариулах гэрээний 7.3 дахь хэсэгт “Барилгын ажил гүйцэтгэх явцад гэрээнд оруулах аливаа нэмэлт, өөрчлөлт нь зөвхөн бичгээр хийгдэж талууд гарын үсэг зурснаар хүчин төгөлдөр болно” гэж заасан.
Н болон “С” ХХК нарын хооронд гэрээний үнийн өөрчлөлтийг харилцан тохиролцож, бичгээр болон бусад хэлбэрээр гэрээ байгуулаагүй тул 2019.05.15-ны өдрийн Орон сууц захиалан бариулах гэрээний үнэ хүчин төгөлдөр үйлчилж байна.
Иргэний хууль болон Компанийн тухай хуульд компани болон иргэн нь эрх зүйн хувьд тус тусдаа бие даасан этгээдүүд байх зарчмыг тусгасан. “С” ХХК нь захиалагч, тэдгээрийн ажил олгогч, эсхүл “Э” ГҮТББ-тай гэрээний үнийг нэмэгдүүлсэн гэрээг огт байгуулаагүй бөгөөд нэмэгдүүлсэн үнийг зөвхөн Ч.Амгаланбаатар гэх хүний Голомт банкны 2105108697 гэх данс руу шилжүүлсэн баримтууд хэрэгт авагдсан байдаг. Уг баримтыг хариуцагчаас гаргаж өгч, анхан шатны шүүхийн хэлэлцүүлгийн явцад талууд хэлэлцсэн бөгөөд давж заалдах шатны шүүхээс энэ баримтад дүгнэлт хийгээгүй. Өөрөөр хэлбэл, давж заалдах шатны шүүх “С” ХХК-д санхүүжилт шаардлагатай гэж үзсэн хэрнээ яагаад уг санхүүжилтийг хувь хүн хүлээн авсан талаар дүгнээгүй байна.
Давж заалдах шатны шүүхээс нотлох баримтыг тал бүрээс нь бодитойгоор харьцуулаагүй, хэргийг бүхэлд нь хянан үзээгүйн улмаас Нийг 1,492,000 төгрөгөөр гэрээ байгуулсан гэж үзсэн нь үндэслэл муутай болжээ.
Н болон “С” ХХК нарын хооронд байгуулагдсан 2019.05.15-ны өдрийн Орон сууц захиалан бариулах гэрээний 3.2.4 дэх заалтад “Үлдсэн 70 хувийн төлбөрийг гүйцэтгэгч өөрийн хөрөнгөөр бие даан барилгын ажлыг гүйцэтгэн ашиглалтад хүлээлгэн өгч, үл хөдлөх хөрөнгийн улсын бүртгэлийн гэрчилгээ гарсны дараа захиалагч нь 14 хоногийн дотор банкны ипотекийн болон бусад зээлд хамрагдаж, эсхүл бэлнээр төлж барагдуулна”, “Б” ТӨХК, “Э” ГҮТББ болон “С” ХХК нарын 2019.05.03-ны өдрийн Гурвалсан гэрээний 6.1.2.в хэсэгт “Үлдсэн 70 хувийн төлбөрийг гүйцэтгэгч өөрийн хөрөнгөөр бие даан барилгын ажлыг гүйцэтгэн ашиглалтад хүлээлгэн өгч, үл хөдлөх хөрөнгийн улсын бүртгэлийн гэрчилгээ гарсны дараа захиалагч банкны ипотекийн зээлд хамрагдаж, эсхүл үлдсэн төлбөрийг бэлнээр төлж барагдуулна” гэж тус тус заасан.
Өөрөөр хэлбэл, талуудын анхны тохиролцоо нь үлдэгдэл 70 хувийн төлбөрийг “С” ХХК нь захиалагчийн нэр дээр буюу өмчлөлд шилжүүлж, хүлээлгэн өгсний дараа захиалагч тухайн орон сууцыг барьцаалан орон сууцны энгийн зээл, эсхүл ипотекийн зээлд хамрагдаж төлөх байсан. “С” ХХК-ийн нэр дээр орон сууцны гэрчилгээ гарснаар Н нь түүнийг барьцаалан орон сууцны зээлд хамрагдах боломжгүй юм.
Магадлалын Хянавал хэсгийн 7.1 дэх хэсэгт “Иргэний хуулийн 346 дугаар зүйлийн 346.1-т “Талууд өөрөөр тохиролцоогүй бол ажлыг бүрэн гүйцэтгэж, ажлын үр дүнг хүлээлгэн өгөх үед хөлс төлнө гэж заасан” гэсэн. “С” ХХК-ийн зүгээс Н-т орон сууцыг хүлээлгэн өгөөгүй бөгөөд хүлээлгэн өгсөн тухай баримт хэрэгт байхгүй. Гэвч давж заалдах шатны шүүхээс хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад өмчлөх эрхийн гэрчилгээ “С” ХХК-ийн нэр дээр гарснаар Н үлдэгдэл төлбөрийг төлөх ёстой байсан гэж үзсэн нь үндэслэлгүй байна.
Мөн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад буюу шүүхийн хэлэлцүүлгийн явцад “С” ХХК нь Н нь үлдэгдэл 70 хувийн төлбөрийг төлсөн байх ёстой гэж маргадаггүй. Зөвхөн нэмэгдүүлсэн үнэ буюу 1 м.кв талбайн үнийг 1,492,000 төгрөгөөр гэрээ байгуулсан эсэх, урьдчилгаа 30 хувийн төлбөрийг бүрэн төлсөн эсэх дээр маргадаг. Гэвч давж заалдах шатны шүүх талуудын маргаагүй асуудлаар дүгнэлт хийж хэргийг шийдвэрлэсэн байна.
Магадлалын Хянавал хэсгийн 7.1 болон 7.2 дахь хэсгүүдэд “...2024.04.02-ны өдөр “С” ХХК-ийн нэр дээр орон сууцны өмчлөх эрхийн гэрчилгээ гарчээ. ...төлөгдөөгүй үнийн дүн 51,931,840 төгрөг байна. ...гэрээний үлдэгдэл төлбөрийг төлөөгүй, талууд гэрээний үнийн өөрчлөлтийн талаар маргаантай байгаа тохиолдолд хариуцагч нь урьдчилан орон сууц болон өмчлөх эрхтэй холбоотой бичиг баримтыг нэхэмжлэгчид хүлээлгэн өгөх боломжгүй юм” гэжээ.
Хяналтын шатны шүүхийн хяналтын хүрээ багассан, давж заалдах шатны шүүхийн шийдвэр эцсийн хүчин төгөлдөр шийдвэр болох магадлалтай нөхцөл байдалд давж заалдах шатны шүүх талуудын хоорондын маргааныг эцсийн, эргэлзээгүй байдлаар шийдвэрлэх ёстой.
Н нь 2024.04.02-ны өдөр эрхээ хамгаалуулахаар шүүхэд нэхэмжлэл гаргасан бөгөөд маргаан бүхий орон сууц 4296.6 м.кв талбайгаар 2024.04.02-ны өдөр өмчлөх эрхийн гэрчилгээ гарсан байдаг. Өөрөөр хэлбэл, Н нь орон сууцны гэрчилгээ гарсныг мэдэлгүйгээр нэхэмжлэл гаргасан.
Давж заалдах шатны шүүхийн дүгнэснээр талуудын хооронд үнэхээр нэмэгдүүлсэн дүнгээр буюу 1 м.кв-ын үнэ 1,492,000 төгрөгөөр гэрээ байгуулагдсан, төлөөгүй төлбөрийн үлдэгдэл 51,931,840 төгрөг болсон бол Н нь уг төлбөрийг төлснөөр шаардах эрхээ хэрэгжүүлэх боломжтой эсэх, төлснөөр “С” ХХК нь өмчлөх эрхийг Нт шилжүүлж өгөөгүй тохиолдолд Н нь дахин шүүхэд нэхэмжлэл гаргах эрхтэй эсэх, энэ нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 65.1.6 дахь хэсэгт заасан шүүх нэхэмжлэлийг хүлээн авах үндэслэлд хамаарах эсэх зэрэг тодорхойгүй нөхцөл байдал үүсээд байна.
Иймд давж заалдах шатны шүүхийн магадлалыг хүчингүй болгож, анхан шатны тойргийн шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж өгнө үү гэжээ.
5. Улсын дээд шүүхийн иргэний хэргийн танхимын нийт шүүгчийн хуралдаанаар нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч А-ын гаргасан гомдлыг хэлэлцээд хоёр шатны шүүх хуулийг зөрүүтэй хэрэглэсэн, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны ноцтой зөрчил гаргасан нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн гэх Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 172 дугаар зүйлийн 172.2.1, 172.2.2-т заасан үндэслэлээр хэргийг шүүх хуралдаанаар хэлэлцүүлэхээр 2025.09.26-ны өдрийн 001/ШХТ2025/00910 дугаар тогтоолыг гаргажээ.
ХЯНАВАЛ:
6. Хяналтын журмаар гаргасан нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гомдлыг хангах үндэслэл тогтоогдсонгүй.
7. Нэхэмжлэгч Н нь хариуцагч “С” ХХК-д холбогдуулан ... орон сууцны өмчлөх эрхийг Н-т шилжүүлэхийг даалгах, алданги 27,075,000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлага гаргаж, үндэслэлээ: “...орон сууц захиалан бариулах гэрээг 2019.05.15-ны өдөр байгуулсан. Гэрээний дагуу урьдчилгаа 30 хувийг төлсөн, үлдэгдэл 70 хувийг үл хөдлөх хөрөнгийн гэрчилгээ гарсны дараа банкны зээлээр төлөхөөр тохирсон. Гэрээний дагуу орон сууцны өмчлөх эрхийг шилжүүлэхийг хариуцагчаас шаардах эрхтэй. Орон сууцыг гэрээнд заасан хугацаанд ашиглалтад оруулах үүргээ зөрчсөн тул алданги шаардах эрхтэй...” гэж тайлбарласан.
Хариуцагч хариу тайлбартаа: “...цар тахлын хорио цээрийн улмаас бараа материалын хомсдол үүсч, барилгын материалын үнэ өссөнтэй холбогдуулан барилгын ажлыг үргэлжлүүлэн гүйцэтгэх гурван талт гэрээ байгуулж, гэрээний 8.3-т зааснаар захиалагч талд санал хүргүүлж, улмаар талууд удаан хугацаанд зөвшилцсөний үр дүнд 2023.04.11-ний өдөр 1 м.кв талбайн үнийг 1,492,500 төгрөг болгож, нэмэлт өөрчлөлтийн гэрээг байгуулсан, нэхэмжлэгч Н гэрээг байгуулаагүй, зөрүү төлбөрийг төлөөгүй тул захиалсан орон сууцаа өмчлөх эрх үүсэхгүй, улмаар төлбөрөө бүрэн төлөөгүй захиалагчийн хувьд алданги шаардах эрхгүй тул нэхэмжлэлийг хүлээн зөвшөөрөхгүй…” гэж тайлбарласан.
Бие даасан шаардлага гаргаагүй гуравдагч этгээд “Б” ТӨХК тайлбартаа: “...Манай байгууллагын зүгээс ажилчдынхаа нийгмийн асуудлыг шийдвэрлэх зорилгоор 72 ажилтан орон сууц худалдан авахад нь зориулж санхүүгийн дэмжлэг үзүүлсэн.
...Ингээд 3 жилийн хугацаанд барилгын ажил зогссон байдалтай байсан ба анхны санхүүгийн дэмжлэг үзүүлсэн 72 ажилтнаас тухайн 3 жилийн хугацаанд өөр газар орон сууц авах байдлаар орон сууцынхаа асуудлыг шийддэг, тэтгэвэрт гараад орон сууцыг захиалан бариулах боломжгүй гэдэг байдлаар ихэнх захиалагч нар захиалгаасаа татгалзсан. Байгууллагаас 20 хувийн төлөлт төлүүлсэн ажилтан н.Ганчимэгийн Улаанбаатар хот руу шилжин ажиллах буюу ажлаас гарсантай холбогдуулаад дараагийн ажилтандаа шилжүүлэх хүсэлтийг харгалзаж үзээд захиалга өгсөн нэрсийн жагсаалтаас түүвэрчлээд ажилтан Н-т тухайн орон сууцыг шилжүүлэхээр тохирсон, ...ингэж шилжсэн олон асуудал байгаа. Үүнийг гүйцэтгэгч “С” ХХК тухайн үедээ мэдэж байсан, анхны захиалагч хэн гэдэг хүний оронд хэн гэдэг хүн үргэлжлүүлээд захиалгын гэрээ байгуулж байгаа вэ гэдгийг баримтжуулж авч тооцоо нийлж байсан. Иймд нэхэмжлэлийн шаардлагыг дэмжиж оролцож байна...” гэж тайлбарласан.
8. Анхан шатны шүүх нэхэмжлэлийн зарим шаардлагыг хангаж шийдвэрлэхдээ: “...“Б” ТӨХК нь компанийн нэр бүхий 72 ажилтны нийгмийн асуудлыг шийдвэрлэх зорилгоор орон сууц захиалан бариулах орон сууцны урьдчилгаа төлбөрийн санхүүгийн дэмжлэг үзүүлсэн. ...2017 онд ажилтан Н нь барилгын гүйцэтгэгч компани “С” ХХК-тай 2019.05.15-ны өдрийн орон сууц захиалан бариулах гэрээ байгуулсан, орон сууцны нийт төлбөрийн 20 хувь болох 9,603,360 төгрөгийг компани төлсөн, “Э” ГҮТББ нь орон сууц захиалагч нарын орон сууцны захиалга баталгаажсан эсэхэд хяналт тавьж урьдчилгаа төлбөрийг бүрэн барагдуулах ажлыг зохион байгуулах үүргийг хүлээсэн, нэхэмжлэгч тус ГҮТББ-ын дансаар 6,500,000 төгрөгийг, нийт 16,103,360 төгрөгийг төлжээ. Иргэний хуулийн 344 дүгээр зүйлийн 344.1-д заасны дагуу талууд гэрээний 3.2.4-т “үлдэгдэл 70 хувийн төлбөрийг гүйцэтгэгч өөрийн хөрөнгөөр бие даан барилгын ажлыг гүйцэтгэн ашиглалтад хүлээлгэн өгч, үл хөдлөх хөрөнгийн улсын бүртгэлийн гэрчилгээ гарсны дараа захиалагч нь 14 хоногийн дотор банкны ипотекийн болон бусад зээлд хамрагдаж эсхүл бэлнээр төлж барагдуулна.” гэж тохирсон тул хариуцагч “С” ХХК нь төлбөр бүрэн төлөгдөөгүй гэх үндэслэлээр ажил гүйцэтгэх гэрээний зүйл буюу ажлын үр дүн болох орон сууцны өмчлөх эрхийг нэхэмжлэгчид шилжүүлэхээс татгалзах эрхгүй байна. Өөрөөр хэлбэл, хариуцагч “С” ХХК гэрээний зүйл болох орон сууцыг ашиглалтад оруулж, хүлээлгэн өгөх үүрэгтэй тул нэхэмжлэгч шаардах эрхтэй, ...хариуцагч орон сууцны өмчлөх эрхийг шилжүүлсэн өгсний дараа гэрээнд заасан 14 хоногийн хугацаанд үлдэгдэл төлбөр болох 49,565,390 төгрөгийг хариуцагчид төлөх үүрэг нэхэмжлэгчид үүснэ. Хариуцагч гэрээнд заасан хугацаанд барилгыг ашиглалтад оруулаагүй боловч хэргийн баримтаар хариуцагчийн үүргийн зөрчил буюу хугацаа хэтрүүлсэн үеийн дуусгаж чадаагүй ажлын үнийн дүнг тодорхойлох боломжгүй тул алдангийн шаардлагыг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй...” гэж дүгнэн, нэхэмжлэгчийг маргаж буй орон сууцыг өмлөх эрхтэй болохыг тогтоож, алданги гаргуулах шаардлагыг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн,
Давж заалдах шатны шүүх анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэхдээ: “...Хэрэгт авагдсан баримтаар талуудын байгуулсан гурвалсан гэрээний дагуу “Б” ТӨХК-аас 9,603,360 төгрөг, нэхэмжлэгч Нээс 6,500,000 төгрөг, нийт 16,103,360 төгрөгийг “С” ХХК-д төлсөн боловч зохигч нөхцөл байдал өөрчлөгдсөнтэй холбоотойгоор гэрээний үнийн дүнд өөрчлөлт орсон эсэх талаар маргасан байна. ...хариуцагч дэлхий нийтийг хамарсан Ковид-19 цар тахлын улмаас...барилгын материалын үнийн өсөлттэй холбогдуулан гэрээний үнийг өөрчлөхөөр хэд хэдэн удаа “Б” ТӨХК болон “Э” ГҮТББ-уудад илэрхийлж үнийг өөрчлөх хүсэлт гаргасныг үндэслэн талууд гэрээний үнийг өөрчлөхийг зөвшөөрсөн учир Иргэний хуулийн 220 дугаар зүйлийн 220.3-т ...зааснаар цар тахалтай холбоотойгоор өөрчлөгдсөн нөхцөл байдалд гэрээг уялдуулан зохицуулсан гэж үзнэ. Анхан шатны шүүх төлбөрийн талаарх талуудын тохиролцоог гэрээний бусад зүйл заалт, хуульд нийцүүлэн зөв тайлбарлаагүйгээс захиалагч нь мөнгө төлөхөөс өмнө түүнд орон сууцны өмчлөх эрхийг шилжүүлэхээр шийдвэрлэсэн нь үндэслэл бүхий болоогүй байна. ...нэхэмжлэгч нь орон сууц захиалан бариулах гэрээний үлдэгдэл төлбөрийг төлөөгүй, талууд гэрээний үнийн өөрчлөлтийн талаар маргаантай байгаа тохиолдолд хариуцагч нь урьдчилан орон сууц болон өмчлөх эрхтэй холбоотой бичиг баримтыг нэхэмжлэгчид хүлээлгэн өгөх боломжгүй юм. ...Анхан шатны шүүх нэхэмжлэлийн шаардлагаас алданги 27,075,000 төгрөгт холбогдох хэсгийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн нь үндэслэлтэй бөгөөд үүнд нэхэмжлэгч нь давж заалдах гомдол гаргаагүй. ...Иймд анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй...” гэж дүгнэжээ.
9. Дээр дурдсанчлан, хоёр шатны шүүх үйл баримттай холбогдуулан эрх зүйн өөр дүгнэлт хийж, зөрүүтэй шийдвэр гаргасан байх тул шүүх хуулийг зөрүүтэй тайлбарлаж хэрэглэсэн, нотлох баримтыг үнэлэх журмыг зөрчсөн талаарх нэхэмжлэгчийн гомдол Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 172 дугаар зүйлийн 172.2.1,172.2.2 дахь заалтад нийцсэн байна.
10. Хяналтын шатны шүүхээс хэргийг хэлэлцээд анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, Нийн нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн давж заалдах шатны шүүхийн магадлалыг хэвээр үлдээх үндэслэлтэй гэж үзлээ.
11. Хоёр шатны шүүхийн тогтоосноор, “Б” ТӨХК, “Э” ГҮТББ, “С” ХХК-уудын хооронд 2019.05.03-ны өдөр гурвалсан гэрээ байгуулагдаж, тус гэрээгээр гүйцэтгэгч “С” ХХК нь Багануур дүүргийн 3 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах “Б” ТӨХК-ийн ажилчдын 2 орц бүхий 9 давхар, 72 айлын орон сууцны барилгын барилга угсралтын ажлыг 4 дүгээр давхрын карказнаас дээш үргэлжлүүлэн барьж дуусган, улсын комисс, байнгын ашиглалтад хүлээлгэн өгөх, ажилчдын захиалсан орон сууцны 1 м.кв үнэ 1,187,500 төгрөг байхаар, “Б” ТӨХК /цаашид “Б” ТӨХК гэх/ барилгын ажил гүйцэтгэхтэй холбоотой зөвшөөрөл бичиг баримтыг бүрдүүлэх, гүйцэтгэгчид хүлээлгэн өгөх, “Э” ГҮТББ-тай хамтран захиалагчийн тоо, санхүүгийн холбогдох тооцоог тодорхойлж гүйцэтгэгч талд хүлээлгэж өгөх, орон сууцны урьдчилгаа төлбөрийн 20 хувьтай тэнцэх төлбөрийг төлөх, 10 хувьтай тэнцэх төлбөрийг захиалагч өөрөө төлөхөөр, “Э” ГҮТББ нь захиалагч ажилтнуудыг төлөөлж барилгын ажлын гүйцэтгэлийн явцтай танилцах, гүйцэтгэлд хяналт тавьж, захиалагч нарыг барилгын ажлын явцтай холбоотой мэдээллээр хангах, тэдгээрийг зохион байгуулах, орон сууцны захиалга баталгаажсан эсэхэд хяналт тавьж ажиллах үүргийг тус тус хүлээжээ.
Дээрх гэрээг үндэслэн зохигчийн хооронд 2019.05.15-ны өдөр Орон сууц захиалан бариулах №19/128 дугаартай гэрээ байгуулагдсан, хариуцагч нь 1 м.кв талбайг 1,187,500 төгрөгөөр, нийт 45.6 м.кв талбайтай 2 өрөө орон сууцыг 54,150,000 төгрөгөөр барьж, орон сууцыг 2020.02.15-нд гүйцэтгэж, улсын комисст хүлээлгэн өгөх, нэхэмжлэгч урьдчилгаа 30 хувийн үлдэгдэл төлбөрийг гэрээгээр тохирсон хугацаанд төлж барагдуулах, үлдэгдэл 70 хувийг үл хөдлөх эд хөрөнгийн гэрчилгээ гарсны дараа 14 хоногийн дотор банкны ипотекийн болон бусад зээлд хамрагдаж төлж барагдуулахаар, гэрээний үүргээ биелүүлээгүй хугацаа хожимдсон тохиолдолд гүйцэтгээгүй үүргийн үнийн дүнгээс хоног тутамд 0.1 хувийн алдангийг аль буруутай талдаа ногдуулахаар тус тус харилцан тохиролцсон.
Хариуцагч “С” ХХК 2024.03.04-ний өдрийн БА-038/2024 дугаартай Барилга байгууламжийг ашиглалтад оруулах комиссын дүгнэлтээр барилгыг ашиглалтад хүлээлгэж өгсөн байна.
12. Зохигчийн хооронд Иргэний хуулийн 343 дугаар зүйлийн 343.1-д заасан ажил гүйцэтгэх гэрээний харилцаа үүссэн талаарх хоёр шатны шүүхийн дүгнэлт зөв.
Ажил гүйцэтгэх гэрээгээр ажил гүйцэтгэгч нь захиалагчийн буюу өөрийн материалаар гэрээнд заасан ажил гүйцэтгэх, захиалагч нь уг ажлын үр дүнг хүлээн авч, хэлэлцэн тохирсон хөлс төлөх үүргийг тус тус хүлээнэ.
Хүлээсэн үүргээ гүйцэтгээгүй буюу зохих ёсоор гүйцэтгээгүй тал хууль болон гэрээнд зааснаар нөгөө талдаа төлөх ёстой мөнгөн төлбөрийг анз гэх ба талууд үүргийн гүйцэтгэлийг хангуулахаар алдангийг сонгож гэрээндээ тусгасан нь Иргэний хуулийн 232 дугаар зүйлийн 232.3, 232.6 дахь заалтад нийцжээ.
13. Нэхэмжлэгч Н орон сууцыг гэрээнд заасан хугацаанд ашиглалтад оруулаагүй үндэслэлээр гэрээний 6.1-д зааснаар 27,075,000 төгрөгийн алданги шаардаж, маргаж буй орон сууцыг өмчлөх эрхтэй болохыг тогтоолгохоор нэхэмжлэл гаргасан нь хуулийн дээрх заалтыг зөрчөөгүй байна.
13.1. Хоёр шатны шүүх алдангид холбогдох шаардлагыг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн нь зөв боловч өөр өөр дүгнэлт хийжээ.
Тухайлбал, анхан шатны шүүх “...нэхэмжлэгч гэрээний нийт үнийн дүнгээс алданги тооцож байгаа нь үндэслэлгүй, харин ...хариуцагчийн үүргийн зөрчил буюу хугацаа хэтрүүлсэн үеийн дуусгаж чадаагүй ажлын үнийн дүнг тодорхойлох боломжгүй...” гэсэн үндэслэлээр нэхэмжлэлийн энэ шаардлагыг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн.
Давж заалдах шатны шүүхээс дээрх дүгнэлтийг залруулж, “...Ковид-19 цар тахалтай холбоотойгоор ажил гүйцэтгэх гэрээний хугацааг сунгаснаас гадна үнийн дүн өөрчлөгдсөн байтал захиалагч нар өөрчлөгдсөн төлбөрийг төлөхгүй хугацаа хэтрүүлснээс шалтгаалан гүйцэтгэгч ажлыг хугацаанд нь биелүүлэх боломжгүй нөхцөл байдал үүссэн...” гэх үндэслэл зааж, Иргэний хуулийн 222 дугаар зүйлийн 222.2-т зааснаар барилга ашиглалтад орох хугацаа хэтэрсэнд хариуцагчийг гэм буруугүй гэж дүгнэсэн нь үндэслэл бүхий болжээ.
13.2. Шүүх маргаж буй орон сууцыг нэхэмжлэгч өмчлөх эрхтэй болохыг тогтоолгох шаардлагыг шийдвэрлэхдээ өөр өөр дүгнэлт хийж зөрүүтэй шийдвэр гаргасан байх боловч нэхэмжлэлийн энэ шаардлагыг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн давж заалдах шатны шүүхийн дүгнэлт хэрэгт цугларсан баримтад үндэслэгдсэн, хэрэглэвэл зохих хуулийг зөв тайлбарлаж хэрэглэсэн байна.
Тухайлбал, Орон сууц захиалан бариулах гэрээнд заасан барилгын 1 м.кв талбайн үнийн дүн өөрчлөгдсөн эсэх нь маргааны зүйл болсон байх бөгөөд нэхэмжлэгч нь “...гэрээнд бичгээр өөрчлөлт оруулаагүй, “Э” ГҮТББ нь нэхэмжлэгчийг төлөөлөх этгээд биш гэх үндэслэлээр 1 м.кв талбайн үнийн дүн өөрчлөгдөөгүй, гэрээгээр тохирсон 30 хувийн төлбөрийг төлсөн...” гэж, хариуцагч нь “...цар тахалтай холбогдуулан ажлын болон бараа материалын үнэ нэмэгдсэн, гурван талт гэрээний оролцогчид харилцан тохиролцсоны үндсэн дээр үнийн дүнг нэмэхээр тохиролцсон, нэхэмжлэгч нь урьдчилгаа төлбөрийг бүрэн төлөөгүй...” гэж мэтгэлцсэн байна.
Зохигчийн хооронд байгуулагдсан 2019.05.15-ны өдрийн Орон сууц захиалан бариулах гэрээгээр хариуцагч барилгыг 2020.02.15-нд ашиглалтад оруулах үүрэг хүлээсэн, 2019.08.21-ний өдрийн Орон сууц захиалан бариулах гэрээнд нэмэлт өөрчлөлт оруулах гэрээгээр барилга ашиглалтад оруулах хугацааг 2020.11.25-ны өдөр гэж өөрчилсөн боловч дэлхий нийтийг хамарсан цар тахлын улмаас барилгын ажил бүрэн зогссон, хорио цээр цуцлагдаж, үйл ажиллагаа хэвийн үргэлжилж эхлэхэд хариуцагч “С” ХХК гэнэтийн давагдашгүй хүчний нөхцөл байдал, үнийн огцом өсөлтийг харгалзан орон сууцны 1 м.кв талбайн үнийг 1,587,500 төгрөг болгож гэрээнд өөрчлөлт оруулах саналыг 2022.08.22-ны өдрийн 13/2022, 2022.09.30-ны өдрийн 19/2022 тоот албан бичгээр “Б” ТӨХК-д хүргүүлснийг гурван талт гэрээний захиалагч тал хүлээн авч, удаан хугацаанд хэлэлцэн, хамтарсан уулзалтын үр дүнд 1 м.кв талбайг 1,492,000 төгрөгөөр үнэлж, гэрээнд өөрчлөлт оруулахаар “Э” ГҮТББ-аас хариуцагчид 2023.04.11-ний өдрийн 12/03 тоот албан бичгээр хариу хүргүүлснийг хариуцагч хүлээн зөвшөөрсөн тухайгаа 2013.05.01-ний өдрийн 10/2023 тоотоор хариу өгсөн байна.
13.3. Иргэний хуулийн 220 дугаар зүйлийн 220.1-д зааснаар гэрээ байгуулах үндэслэл болсон нөхцөл байдал гэрээ байгуулсны дараа илтэд өөрчлөгдсөн ... бол гэрээг өөрчлөгдсөн нөхцөл байдалд нийцүүлэхийг талууд харилцан шаардах эрхтэй.
Хариуцагч нөхцөл байдал өөрчлөгдсөнтэй холбогдуулан гэрээний 1 м.кв талбайн үнийг өөрчлөх шаардлага гаргасан нь үндэслэлтэй.
Иргэний хуулийн 43 дугаар зүйлийн 43.2.2-т зааснаар хэлцэл хийх тухай саналыг зөвшөөрсөн талын хүсэл зоригийг илэрхийлсэн захидал, цахилгаан, албан бичиг, телефакс, эдгээртэй адилтгах бусад баримт бичгийг нөгөө тал хүлээн авсан бол хэлцэл хийсэн гэж үзэх тул 1 м.кв талбайн үнийг харилцан тохиролцсон албан бичгийг харилцан хүлээн авсан үндэслэлээр гэрээний холбогдох заалтад өөрчлөлт орсон хэлцэл хийгдсэн гэж үзнэ.
14. Анхан шатны шүүх нөхцөл байдал өөрчлөгдсөн үйл баримтын талаар дүгнэлт хийгээгүй, зөвхөн анх байгуулсан гэрээний үүргийн гүйцэтгэлийн хүрээнд хариуцлагыг тооцож, нэхэмжлэгчийг маргаж буй орон сууцыг өмчлөх эрхтэй гэж тогтоосон нь шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 116 дугаар зүйлийн 116.2-т нийцээгүй байна.
15. Ийнхүү нөхцөл байдал өөрчлөгдсөнтэй холбогдуулан гэрээнд өөрчлөлт орсныг нэхэмжлэгч зөвшөөрөхгүй байх бөгөөд “Э” ГҮТББ нь түүнийг төлөөлөх эрхгүй гэж маргажээ.
15.1. “Э” ГҮТББ-ыг “Б” ТӨХК-ийн ажилчид буюу барилгын захиалагчид нийлж байгуулсан, тэрээр гурвалсан гэрээнд захиалагч ажилчдыг төлөөлж оролцсон, тус ГҮТББ нь барилгын гүйцэтгэлийн ажилд захиалагч нарын өмнөөс газар дээр нь хяналт тавьж, захиалагчдын төлбөр тооцоог гүйцэтгэгчид дамжуулж, гэрээний үнийн талаар өөрчлөлт орох асуудлаар “Б” ТӨХК-тай хэлэлцэж, хамтдаа хариуцагчтай уулзаж захиалагч ажилчдын нэрийн өмнөөс үйл ажиллагаа явуулж байсан тул тус ГҮТББ-ыг дан ганц нэхэмжлэгч Нийг төлөөлөх эрхгүй этгээд байсан гэж үзэх боломжгүй юм. Учир нь гэрээний үнийн дүнд өөрчлөлт орсон талаар орон сууцны бусад захиалагч мэдсэн төдийгүй дутуу төлбөрийг төлж, орон сууцны өмчлөгчөөр тогтоогдсон болох нь хэрэгт цугларсан баримтаар нотлогджээ.
Хариуцагчаас орон сууцны 1 м.кв талбайн үнийн дүнд өөрчлөлт оруулах талаар “Э” ГҮТББ-д мэдэгдсэнээр гэрээний үнийн өөрчлөлтийн саналыг захиалагчид хүргүүлсэн гэж үзэх бөгөөд нэхэмжлэгч нь үнийн өөрчлөлтийн талаар хожим мэдсэн боловч зөвшөөрөөгүй байна.
Иймд гэрээний 1 м.кв талбайн үнэ 1,492,000 төгрөг болж өөрчлөгсөн тул нэхэмжлэгч гэрээний 3.2.3-т заасан 30 хувийн төлбөрийг бүрэн төлөөгүй үндэслэлээр хариуцагч нь орон сууцны өмчлөх эрхтэй холбоотой баримтыг нэхэмжлэгчид хүлээлгэн өгөх боломжгүй талаарх давж заалдах шатны шүүхийн дүгнэлтийг буруутгах үндэслэлгүй.
16. Иргэний хуулийн 220 дугаар зүйлийн 220.4-т гэрээг өөрчлөгдсөн нөхцөл байдалд зохицуулах боломжгүй, эсхүл нөгөө тал нь зөвшөөрөөгүй бол эрх ашиг нь хөндөгдсөн тал гэрээнээс татгалзах эрхтэй гэж зохицуулсан.
Нөхцөл байдал өөрчлөгдсөнтэй холбогдуулан Орон сууц захиалан бариулах гэрээгээр анх тохиролцсон 1 м.кв-ын үнийн дүнг нэмэгдүүлснийг нэхэмжлэгч Н зөвшөөрөөгүй үндэслэлээр хариуцагч гэрээнээс татгалзсан нь хуулийн дээрх заалтыг зөрчөөгүй байх тул орон сууцыг өмчлөх эрхтэй болохыг тогтоолгохыг хүссэн нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн давж заалдах шатны шүүхийн дүгнэлт хэрэгт цугларсан баримтад үндэслэгдсэн, хуулийн шаардлагад нийцсэн байна.
Иймд магадлалыг эс зөвшөөрсөн нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн хяналтын журмаар гаргасан гомдлыг хангахгүй.
15. Дээр дурдсан үндэслэлээр давж заалдах шатны шүүхийн магадлалыг хэвээр үлдээх нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 176 дугаар зүйлийн 176.2.1-т заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2025 оны 07 дугаар сарын 28-ны өдрийн 210/МА2025/01280 дугаар магадлалыг хэвээр үлдээж, хяналтын журмаар гаргасан нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч А-ын гомдлыг хангахгүй орхисугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.4-т зааснаар хяналтын журмаар гомдол гаргахдаа Н-ээс 2025.08.15-ны өдөр улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 428,700 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Б.УНДРАХ
ШҮҮГЧИД Н.БАЯРМАА
Э.ЗОЛЗАЯА
Д.ЦОЛМОН
Х.ЭРДЭНЭСУВД