Дархан-Уул аймгийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2020 оны 10 сарын 21 өдөр

Дугаар 85

 

М.С-д холбогдох

эрүүгийн хэргийн тухай

Хэргийн индекс: 166/2020/0272/Э

Дархан-Уул аймгийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдааныг ерөнхий шүүгч Б.Манлайбаатар даргалж, шүүгч Ц.Амаржаргал, Ц.Туяа нарын бүрэлдэхүүнтэй

              Шүүх хуралдаанд:          

                    Прокурор                                       Ч.Мядагбадам

                    Шүүгдэгчийн өмгөөлөгч               Н.Баярмаа, Ө.Өлзиймаа

                    Нарийн бичгийн дарга                 Г.Чойном нарыг оролцуулан  хийж

Дархан-Уул аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 08 дугаар сарын 13-ны өдрийн 293 дугаар шийтгэх тогтоолтой, М-ын С-д холбогдох, 2018000000343 дугаартай эрүүгийн хэргийг шүүгдэгчийн өмгөөлөгч Н.Баярмаагийн  давж заалдах гомдлыг үндэслэн 2020 оны 09 дүгээр сарын 09-ний өдөр хүлээн авч шүүгч Ц.Туяагийн илтгэснээр хянан хэлэлцэв.

Монгол Улсын иргэн, ********** регистрийн дугаартай, Б- овогт М-ын С-.

Шүүгдэгч М.С- нь К.Т-, Н.Ц- нартай бүлэглэн 2019 оны 11 дүгээр сарын 23-ны өдөр 21:00 цагийн үед Дархан-Уул аймгийн Дархан сумын 7 дугаар баг, Майхантын 1 дүгээр гудамжны 9 тоотод С.Т-гийн 273,000 төгрөгийг хүч хэрэглэж авсан гэмт хэрэгт холбогджээ.

Дархан-Уул аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүх 2020 оны 08 дугаар сарын 13-ны өдрийн 293 дугаар шийтгэх тогтоолоор:

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.7 дугаар зүйлийн 1.д заасныг журамлан бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэж  авч, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.2 дугаар зүйлийн 2.т заасан дээрэмдэх гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож,

Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.2 дугаар зүйлийн 2.т зааснаар М.С-д 3 /гурав/ жил хорих ялаар шийтгэж,

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 4.т зааснаар М.С-д оногдуулсан 3 /гурав/  хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэх,

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.10 дугаар зүйлийн 1., 2.т зааснаар М.С-гийн энэ хэрэгт цагдан хоригдсон 10 хоногийг хорих ялын 10 хоногоор тооцон эдлэх ялаас хасаж,

Шүүгдэгч нь бусдад төлөх төлбөргүй, энэ хэрэгт хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, хураасан битүүмжилсэн хөрөнгөгүй болохыг

Дархан-Уул аймгийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.2 дугаар зүйлийн 2 .т заасан гэмт хэрэгт Ж- овогт К-гийн Т-, Б- овогт М-ын С-, Б- овогт Н-гийн Ц- нарт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн 1918008290235 дугаартай эрүүгийн хэргээс шүүгдэгч Б- овогт М-ын С-д холбогдох хэргийг тусгаарласан, эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн  сүхийг К.Т-, Н.Ц- нарт холбогдох 1918008290235 дугаартай эрүүгийн хэргийг хянан шийдвэрлэсэн 2020 оны 7 дугаар сарын 28-ны өдрийн 277 дугаартай шийтгэх тогтоолоор устгахаар шийдвэрлэсэн болохыг тус тус дурдаж,

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 5.д  зааснаар шүүхийн шийдвэр уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд мөн хуулийн 36.8 дугаар зүйлийн 1.5.д зааснаар шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч М.С-д авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлэхээр шийдвэрлэжээ.

Шүүгдэгч М.С-гийн өмгөөлөгч Н.Баярмаа давж заалдах гомдолдоо:

Шүүгдэгчид 3 жилийн хорих ял оногдуулсан нь түүний гэм буруу, үйлдсэн хэргийн шинж байдалд тохироогүй гэж өмгөөлөгчийн зүгээс үзэж байна.

Учир нь М.С- гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн, үйлдсэн гэмт хэрэгтээ чин санаанаасаа гэмшиж байгаа, гэмт хэргийн улмаас учирсан хохирлоос өөрт оногдох хувийг нөхөн төлсөн байдал мөн  түүний эрүүл мэндийн байдлыг харгалзан үзсэнгүй.

М.С- нь олон эрхтнийг хамарсан сүрьеэ, хэвлий болон уушгийг гэмтээсэн олон эмийн тэсвэржилт, мөн архины шалтгаант элэгний хатууралт оноштой, 90 хувийн  хөдөлмөрийн чадвар алдалттай хөдөлмөр эрхлэх боломжгүй хүнд өвчтэй группэд байдаг, цаашид олон эмд тэсвэртэй сүрьеэгийн эмчилгээг мэргэжлийн эмчийн хяналтад хийлгэх шаардлагатай байгаа нөхцөл байдлуудыг харгалзан үзэж зүйлчлэлийг өөрчлөхгүйгээр ялыг хөнгөрүүлж өгнө үү

Одоо шүүгдэгч эмнэлэгт хэвтэж эмчлүүлж байгаа, биеийн эрүүл мэндийн хувьд  доройтолд орсон гэжээ.

Давж заалдах шатны шүүх хуралдаанд оролцсон шүүгдэгч М.С-гийн өмгөөлөгч Ө.Өлзиймаа тайлбартаа:

Анхан шатны шүүх түүнд ял оногдуулахдаа хөнгөрүүлэх нөхцөл байдлыг анхаарч үзээгүй. Шүүгдэгч М.С- нь хүнд зэргийн сүрьеэ өвчтэй. Эрүүгийн хуулийн 6.7 дугаар зүйлийн 1.3-д заасныг журамлан түүнд оногдуулсан 3 жилийн хорих ялыг 1 жилийн хорих ял болгож өгнө үү гэв. 

Давж заалдах шатны шүүх хуралдаанд оролцсон прокурор Ч.Мядагбадам дүгнэлтдээ:

Шүүгдэгчийн үйлдэл тогтоогдсон, үйлдлийг зүйлчилсэн хуулийн зүйл, хэсэг зөв шийтгэх тогтоол үндэслэлтэй.

Харин шүүгдэгч нь  халдварт өвчтэй, биеийн эрүүл мэнд нэлээд муудсан байгааг харгалзан үзээд Эрүүгийн хуульд засан үндэслэл журмын дагуу тухайн зүйл, хэсэгт заасан хорих  ялын хэмжээний  дотор ялаас хасах эсэх нь Давж заалдах шатны  шүүхийн эрхийн хэмжээний асуудал болно гэв.

ТОДОРХОЙЛОХ нь:

Шүүгдэгч М.С-, К.Т-, Н.Ц- нар бүлэглэн 2019 оны 11 дүгээр сарын 23-ны өдөр 21 цагийн орчимд Дархан-Уул аймгийн Дархан сумын 7 дугаар баг, Майхантын 1 дүгээр гудамжны 9 тоот, Т.М-ийн  гэрт хохирогч С.Т-гийн 273,000 төгрөгийг хоолойг чинь хэрчинэ гэж хүч хэрэглэхээр сүрдүүлсэн.,  мөн  хоолойг нь боон унаган хүч хэрэглэж  бусдын эд хөрөнгийг дээрэмдэх  гэмт хэрэг үйлдсэн байна.

Энэ нь хэрэгт авагдаж, шүүх хуралдаанаар хэлэлцсэн нотлох баримт болох  шүүгдэгч нарын мөрдөн байцаалтын шатанд болон шүүхийн хэлэлцүүлэгт хэргийн талаар хүлээн мэдүүлсэн мэдүүлэг., болон хохирогч С.Т-гийн  2019 оны 11 сарын 23-ны орой хоёр эмэгтэйтэй тааралдаад дэлгүүрээс утсыг нь авч өгөөд 1 шил архи аваад тэдэнтэй найзынд нь очсон., тэнд 3 эрэгтэй , 2 эмэгтэй хүн байсан бөгөөд  намайг гарах гэтэл явуулахгүй  байсан., Тэгээд нэг нь миний хоолойг боож унагасан., нэг нь хоолойг чинь хэрчинэ шүү гэж айлган сүрдүүлсэн.,би айгаад намайг явуулна биз дээ гээд   түрүүвчээ өгсөн ..., гэсэн мэдүүлэг.,  

Гэрч Б.Г-ийн ...тэр өдөр М-, М.С-, К.Т-, Н.Ц-  нар байсан бөгөөд хохирогчийг гэрт орж ирэхэд Н.Ц- дарж унагасан., тэгээд нэг шил архи уучхаад дахиад архи уух гээд К.Т- өвгөнийг боож унагасан., энэ хэргийг үйлдсэн нь үнэн., Н.Ц- мөнгө өг өгөхгүй бол хоолойг чинь хэрчинэ гэсэн чинь тэр хүн намайг явуулна биз дээ  гээд түрүүвчээ гаргаж өгсөн., гэсэн мэдүүлэг.,

Гэрч С.У-ы  ...Г-, К.Т- хоёр дахиад 1 шил архи авна гэсэн чинь хохирогч одоо би чадахгүй явлаа гэтэл Г- ...архи уухгүй юм бол яах гэж ирсэн юм бэ... гэж хэлсэн, К.Т- боож унагасан., М.С- халаасыг нь ухсан., Н.Ц- мөнгө өгөхүй бол хоолойг чинь хэрчин гэсэн., хохирогчийг айлган сүрдүүлж  мөнгө авсан нь үнэн.., гэсэн мэдүүлэг., хэргийн газарт үзлэг хийсэн тэмдэглэл., гэрэл зургийн үзүүлэлт зэргээр нотлогдож тогтоогджээ.

Шүүгдэгч М.С-гийн үйлдлийг зүйлчилсэн хуулийн зүйл, хэсэг зөв, анхан шатны шүүх гэм буруугийн талаар үндэслэл бүхий дүгнэлт хийж, гэмт хэргийн улмаас  учирсан  хохирлыг зөв тооцож, Эрүүгийн хуулийн тусгай ангид заасан  ял оногдуулсан байна.

Шүүгдэгч нь үйлдсэн хэргийн талаар үнэн  зөв хүлээн мэдүүлж гэм буруугаа ойлгож байгаа., хохирогчид төлөх 91.000 төгрөгийг төлж барагдуулсан, мөн биеийн эрүүл  мэндийн хувьд нийгмийн халдварт өвчин болох  олон эрхтнийг хамарсан сүрьеэ, хэвлий болон уушгийг гэмтээсэн олон эмийн тэсвэржилт, мөн архины шалтгаант элэгний хатууралт оноштой, 90 хувийн хөдөлмөрийн чадвар алдалттай хөдөлмөр эрхлэх боломжгүй хүнд өвчтэй группэд байдаг, цаашид олон эмд тэсвэртэй сүрьеэгийн эмчилгээг мэргэжлийн эмчийн хяналтад хийлгэх шаардлагатай бөгөөд одоо эмнэлэгт  хэвтэн эмчлүүлж байгаа нөхцөл байдлыг харгалзан үзээд түүнд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1.3.д заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 17.2 дугаар зүйлийн 2.т заасан хорих ялын хэмжээний дотор буюу 1 жил хорих ял оногдуулах боломжтой гэж шүүх бүрэлдэхүүн үзлээ.

Иймд энэ талаар бичсэн шүүгдэгчийн өмгөөлөгчийн давж заалдах гомдлыг  хүлээн авч шийтгэх тогтоолд өөрчлөлт оруулах боломжтой байна.  

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.9 дүгээр зүйлийн 1.4., 39.9 дүгээр зүйлийн 2.т заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

           1.Дархан-Уул аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 08 дугаар сарын 13-ны өдрийн 293 дугаар шийтгэх тогтоолын тогтоох хэсгийн 2., 3 дугаар заалтыг :

-Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1.3.д заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 17.2 дугаар зүйлийн 2.т зааснаар М.С-д 1 /нэг/ жил хорих  оногдуулсугай гэж.,

-Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 4.т зааснаар М.С-д оногдуулсан  1 / нэг /  жил   хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлсүгэй  гэж өөрчлөн, тогтоох хэсгийн бусад заалтыг хэвээр үлдээсүгэй.

2. Шүүгдэгчийн өмгөөлөгч Н.Баярмаагийн давж заалдах гомдлыг  хүлээн авсугай.

           3. Давж заалдах шатны шүүхийн магадлалыг эс зөвшөөрвөл гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн  дотор шүүгдэгч, хохирогч, тэдний өмгөөлөгч хяналтын журмаар гомдол гаргах, прокурор, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.

 

 

                                ДАРГАЛАГЧ ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                               Б.МАНЛАЙБААТАР

                                                                   ШҮҮГЧИД                               Ц.АМАРЖАРГАЛ

                                                                                                                   Ц.ТУЯА