Сүхбаатар аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2017 оны 05 сарын 19 өдөр

Дугаар 34

 

Сүхбаатар аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч С.Насанбуян даргалж,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Цолмон, 

Улсын яллагчаар хяналтын прокурор С.Сугар,

Шүүгдэгчийн өмгөөлөгч Т.Хүдэр, 

Шүүгдэгч С.Даваадорж нарыг оролцуулан шүүх хуралдааны “Б” танхимд нээлттэй хийсэн эрүүгийн шүүх хуралдаанаар:

Сүхбаатар аймгийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 98 дугаар зүйлийн 98.1-д зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн С.Даваадоржид холбогдох эрүүгийн 201717000073 тоот хавтаст хэргийг 2017 оны 05 сарын 02-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

 

Шүүгдэгчийн биеийн байцаалтын талаар:

 

Монгол Улсын иргэн, Сүхбаатар аймгийн Уулбаян сумын харьяат, 1982 оны 10 дугаар сарын 15-ны өдөр төрсөн, 35 настай, эрэгтэй, бүрэн бус дунд боловсролтой, жолооч мэргэжилтэй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 4, эхнэр хүүхдүүдийн хамт Уулбаян сумын 2 дугаар багт оршин суух, улсаас авсан гавъяа шагналгүй, урьд өмнө ял шийтгэл эдэлж байгаагүй, регистрийн дугаар ЛК82101516, Орлой овгийн Сувдаагийн Даваадорж. 

 

Холбогдсон гэмт хэргийн талаар:/яллах дүгнэлтээр/

 

           Шүүгдэгч С.Даваадорж нь 2017.02.15-ны өдөр 14.00 цагийн орчимд Сүхбаатар аймгийн Уулбаян сумын нутаг дэвсгэрт иргэн Баянмөнхийн 03-09 тоот хашааны гадаа О.Билгүүнбаатарыг зодож бие махбодид нь хүндэвтэр гэмтэл санаатай учруулсан гэмт хэрэгт холбогджээ. 

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Шүүхийн  хэлэлцүүлэгт дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав.Үүнд:

 

  - Шүүгдэгч С.Даваадорж шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн мэдүүлэгтээ: Би 2017 оны 02 сарын 15-ны өдөр дэлгүүрийн гадаа очиход Билгүүнбаатар зогсож байсан. Өмнө нь Билгүүнбаатар манайд хонож байсан. Үүнээс болж эхнэр бид хоёр салах дээрээ тулж шүүхээр явсан. Шүүхийн улсын тэмдэгтийн хураамж би төлсөн бөгөөд тэр мөнгийг Билгүүнбаатар төлж өгье гэж байсан юм. Тэгээд тэр мөнгөний талаар манай сумынханд “ намайг мөнгө авсан “ гэж хэлсэн байсан. Ингээд уг мөнгөний талаар хэлэх гэж уулзсан. Машинтайгаа очоод машиных нь өмнө зогсоход машин мөргөчихлөө гээд намайг хараагаад загнаад байсан. Тэгэхээр нь би хүрзний иш авч Билгүүнбаатарыг далайхад гараараа хаагаад гараа цохиулсан. Билгүүнбаатар нь өмнө нь манай эхнэртэй унтаж хэвтээд гэр бүл үймүүлээд яваад байсан хүн. Хийсэн хэрэгтээ гэмшиж байна... гэв. 

 

- Хохирогч О.Билгүүнбаатарын мөрдөн байцаалтанд өгсөн: 2016 оны 9 сард би хөдөөнөөс сумын төвд шөнө 2 цагийн үед орж ирээд 24 айлын орон сууцны 18 тоотод байх өөрийн гэртээ орох гэтэл түлхүүр байхгүй, түлхүүрээ гэрийн полкон дээр байсан өмднийхөө халаасанд байсныг санаад манай доод талын айл болох Даваадоржийн гэрт ороход эхнэр нь ганцаараа байсан. Тэдний полконоор юмаар дэгээдэж авах гээд чадаагүй болохоор тэднийд сууж байтал С.Даваадорж орж ирээд намайг эхнэртэйгээ хардаад хэд хэдэн удаа нүүр лүү цохиод хөөж гаргасан. Тухайн үед би юм хэлээгүй гэтэл өнөөдөр буюу 2017.02.25-ны өдөр би Улаанбаатараас сумандаа ирээд ээжийнхээ дүүгийн гэр лүү машинтайгаа явж байтал Даваадорж машинтайгаа араас ирээд миний машины хажуу талаас хааж зогсоод багаажнаасаа хүрзний иш мод, нарийхан төмөр хоёр гаргаж ирээд модоороо миний толгой руу цохиход би унасан. Гэтэл үргэлжлүүлээд хоёр гар, гэдэс, хөл, нуруу руу олон удаа цохисон. Намайг цохиж байхад миний хажууд надаас хулдаас авах гэж ирсэн Ш.Дугаржав болон түүнтэй хамт явж байсан танихгүй залуу хоёр Даваадоржийг болиулах гээд бариад авахад тавиулаад эргээд намайг зодож эхэлхэд гэрээс манай ээж, дүү нар гарч ирэхэд та нар намайг элбэж зодох гэж байна уу? гээд машиндаа суугаад яваад өгсөн. Даваадорж намайг эхнэртэйгээ хардаад хэд хэдэн удаа зодсон. Даваадорж архи согтууруулах ундааны зүйл хэрэглээгүй, эрүүл байсан. Миний зүүн гарын яс хугарч, толгой, гар, хөл, гэдэс, нурууны хэсгүүд хөндүүр толгой өвдөж дотор муухайрч байна.

...Надад гомдол санал, нэхэмжлэх зүйл байхгүй. Шүүх хуралд суухгүй. Учир нь хөдөө мал дээрээ байгаа болохоор шүүх хуралд очиж суух шаардлагагүй. Миний ярьсан бүгд үнэн гэх мэдүүлэг /хх-14,18-19/

 

 - Гэрч Б.Өнөржаргалын мөрдөн байцаалтанд өгсөн: Намайг 2016.09.22-ны шөнө гэртээ ганцаараа зурагт үзээд унтаагүй байж байхад манай байрны Билгүүнбаатар гэх залуу 02 цагийн үед манай хаалгыг балбаад байхаар нь нээхэд тэрээр полкон дээрээсээ өмдөө аваадхая халаасанд нь гэрийн түлхүүрээ хийгээд орхичихсон байна гэхээр нь гэртээ оруулахад тэрээр өмдөө авч чадаагүй манайд сууж байтал манай нөхөр Даваадорж гаднаас ирсэн юм. Тэгээд Билгүүнбаатарыг харчихаад надтай хардаад орилоод байхаар нь би түрүүлээд аавынх руу яваад өгсөн. Тэр үед Билгүүнбаатар Даваадорж хоёр хоорондоо яаж муудсаныг би мэдэхгүй. Түүнээс болоод нөхөр бид хоёр шүүхээр гэрлэлтээ цуцлуулахаар хөөцөлдөж байгаад хоорондоо эвлэрсэн. Тэгтэл хэд хоногийн дараа Билгүүнбаатарын ээж над руу утсаар яриад “ Даваадорж Билгүүнбаатараас мөнгө гэсэн байна лээ ямар учиртай юм” гэхээр нь би мэдэхгүй гэж хэлээд утсаа тасалсан. Түүний дараа Даваадорж бид хоёр хоорондоо маргалдаж байхдаа би түүнд “ чи яах гэж Билгүүнбаатараас мөнгө аваад байгаа юм “ гэж маргалдсан. Үүнээс болоод Билгүүнбаатар Даваадорж хоёр хоорондоо 2017.02.25-ны өдөр муудсан юм шиг байгаа юм. Өөр надад мэдэх зүйл алга гэх мэдүүлэг /хх-27/ 

 

 - Гэрч Х.Цэвэгсүрэнгийн мөрдөн байцаалтанд өгсөн: Тэр үед хэн нэг нь Билгүүнбаатарыг гадаа зодож байна гэхээр нь гарахад хашааны гадаа Даваадорж гартаа нэг мод барьчихсан дэргэд нь манай хүү Билгүүнбаатар зүүн гараа барьчихсан зогсож байхаар нь “ би цагдаад хэлнэ “ гээд машинтайгаа сумын цагдаад очиж хэлчихээд хамт ирэхэд тэнд байсан хүмүүс “ Даваадорж машинтайгаа яваад дахин эргэж ирээд Билгүүнбаатартай муудаж байгаад, машинаа орхиод зугтаачихсан “ гэж ярьж байсан. Тухайн үед сумын их эмч Оюунбатад үзүүлэхэд хөл, гар нь хөхөрч зүүн гарын ар хэсэгт хугарсан байна гэж байсан. Даваадоржийн эхнэр Өнөржаргалтай манай хүү хамт байж байгаад Даваадоржид баригдсан гэсэн. Үүнээс болоод Даваадорж нь гэрлэлтээ цуцлуулна гэж эхнэртэйгээ шүүхдээд сүүлдээ Өнөржаргал нь салахгүй гээд хоорондоо эвлэрсэн гэж сонссон. Тэгээд шүүхийн зардал гээд Билгүүнбаатараас 210.000 төгрөг авсаныг нь би Өнөржаргал руу утсаар уурлаж хэлсэн юм...гэх мэдүүлэг / хх-23 /

 

- Гэрч Б.Болдбаярын мөрдөн байцаалтанд өгсөн: Намайг 2017.02.25-ны өдөр гэртээ байж байтал манай эхнэр Отгонтуяагийн төрсөн дүү Баярмаа над руу утасдаад “энд Билгүүнбаатар ахыг Даваадорж ах зодоод байна хүрээд ир” гэхээр яваад очиход Даваадорж ах машинтайгаа хөдлөөд явж байсан. Тэгэхэд Билгүүнбаатар ах гараа бариад газар сууж байсан. Би буцаад гэртээ ирээд сууж байтал дахиад л Баярмаа утсаар яриад “Даваадорж ахыг дуудаад ирээ, цагдаа дуудчихсан ” гэхээр нь би Даваадорж ахын гэр рүү очоод Билгүүнбаатар ах таныг дуудаж байна гэж хэлчихээд Билгүүнбаатар ахынх руу яваад очиход өөдөөс Даваадорж ах машинтайгаа ирээд Билгүүнбаатар ахтай маргалдаад эхэлсэн. Билгүүнбаатар ах Даваадорж ахын нүүр рүү нэг удаа цохихоор нь би тэр хоёрыг болиулах гээд Даваадорж ах руу очтол өөдөөс Даваадорж ах “ муу гөлөг минь ална шүү “ гэхээр нь би түүнийг нэг удаа гараараа шанаадсан. Тэгтэл Даваадорж ах газраас мод аваад намайг цохих гэхээр нь би очоод түүнийг тэврээд авсан. Тэр үед Чойжин ахыг гэр дотроос хүмүүс гараад иртэл Даваадорж ах надаас мултраад машинаа орхиод зугтаачихсан. Тэгээд удаагүй сумын хэсгийн төлөөлөгч ирсэн... гэх мэдүүлэг / хх-24 /, 

 

- Гэрч Ш.Дугаржавын мөрдөн байцаалтанд өгсөн: Би 2017.02.25-ны өдөр Билгүүнбаатараас хулдаас авах гээд хүү Чадарбалтай хамт Регзэнгийн Хишигбадам буюу нутгийнхны дууддагаар Чоныжингийн гадна очиход Даваадорж машинаасаа мод барьчихсан Билгүүнбаатарыг машинаасаа буухад очиж барьж байсан модоороо цохих гээд далайхад нэг гараараа хаагаад цаашаа холдож зугтаахдаа газар хальтарч унасан. Тэр үед нь би очоод болиулах гэтэл “ та нарт хамаагүй “ гэж тавиулаад эргээд Билгүүнбаатарын хойноос нь очиж хэд хэдэн удаа хөлөөрөө хөл нуруу руу нь өшиглөж байх үед Билгүүнбаатарын ээж, ах, дүү нар гараад ирэхэд Даваадорж болиод машиндаа суугаад яваад өгсөн...гэх мэдүүлэг / хх-26/ 

 

- Сүхбаатар аймгийн шүүхийн шинжилгээний албаны шинжээчийн 82 тоот дүгнэлтэнд: 1. С.Даваадоржийн биед зүүн шанааны зөөлөн эдийн няцрал гэмтэл тогтоогджээ. 2. Уг гэмтэл нь хатуу, мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгдэх боломжтой. 3.Дээрх гэмтлүүд нь ШЭГЗТЖ-н 2.6-д зааснаар эрүүл мэндийг сарниулахгүй тул гэмтлийн зэрэгт хамаарахгүй. 4.Цаашид эрүүл мэнд энгийн хөдөлмөрийн чадварт нөлөөлөхгүй гэх дүгнэлт / хх-31 /

 

- Сүхбаатар аймгийн шүүхийн шинжилгээний албаны шинжээчийн 81 тоот дүгнэлтэнд: 1. О.Билгүүнбаатарын биед зүүн гарын сарвууны 5-р хурууны 3-р шивнүүр ясны хугарал, толгойн дагз хэсгийн хуйх, баруун тохой, зүүн шууны зөөлөн эдийн няцрал, баруун далны гадна тал, доод хэсэгт цус хуралт гэмтлүүд  тогтоогдлоо. 2.Уг гэмтлүүд нь хатуу, мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгдэх боломжтой. 3.Дээрх зүүн гарын сарвууны 5-р хурууны 3-р шивнүүр ясны хугарал гэмтэл нь ШЭГЗТЖ-н 2.3.1-д зааснаар эрүүл мэндийг удаан хугацаагаар сарниулах тул гэмтлийн хүндэвтэр зэрэгт, толгойн дагз хэсэгт хэсгийн хуйх, баруун тохой, зүүн шууны зөөлөн эдийн няцрал, баруун далны гадна тал доод хэсэгт цус хуралт гэмтлүүд нь ШЭГЗТЖ-н 2.3.1-д зааснаар эрүүл мэндийн удаан хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. 4.Цаашид эрүүл мэнд энгийн хөдөлмөрийн чадварт нөлөөлөхгүй гэх дүгнэлт / хх-34-35 /

 

- С.Даваадоржийн урьд ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас / хх-45/ 

 

- Яллагдагч С.Даваадоржийн иргэний үнэмлэхийн лавлагаа/хх-47 /

 

- Сүхбаатар аймгийн Уулбаян сумын 2-р багийн Засаг даргын 2017.03.13-ны өдрийн 13 дугаартай тодорхойлолт /хх-48/

 

- С.Даваадорж, Б.Өнөржаргал нарын гэрлэлтийн гэрчилгээний хуулбар /хх-49/

 

- Сүхбаатар аймаг дахь иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2016.11.30-ны өдрийн 424 дугаартай шүүгчийн захирамж /хх-51-52/

 

- Эрх зүйн туслалцаа үзүүлэх гэрээ /хх-53/

 

- Сүхбаатар аймгийн Уулбаян сумын Эрүүл мэндийн төвийн 2017.03.22-ны өдрийн 14 дугаартай тодорхойлолт /хх-55/...зэрэг болно. 

 

 

           Шүүгдэгч С.Даваадорж нь 2017.02.25-ны өдөр 14.00 цагийн орчимд Сүхбаатар аймгийн Уулбаян сумын төв 2 дугаар баг Баянмөнх гудамжны 03-09 тоот хашааны гадаа иргэн О.Билгүүнбаатарыг хувийн таарамжгүй харьцааны улмаас зодож, бие махбодид нь “ зүүн гарын сарвууны 5-р хурууны 3-р шивнүүр ясны хугарал ” бүхий хүндэвтэр гэмтэл санаатай учруулсан гэмт хэргийг үйлдсэн болох нь шүүгдэгч С.Даваадоржийн мөрдөн байцаалт болон шүүхийн хэлэлцүүлэгт үйлдсэн хэргээ хүлээн мэдүүлсэн мэдүүлэг, хохирогч О.Билгүүнбаатар, гэрч Ш.Дугаржав, Х.Цэвэгсүрэн, Б.Болдбаяр, Б.Өнөржаргал нарын мөрдөн байцаалтад өгсөн мэдүүлгүүд, 2017.02.25-ны өдрийн Эмчийн анхны үзлэгийн тодорхойлолт, Сүхбаатар аймгийн шүүхийн шинжилгэний албаны 2017 оны 03 дугаар сарын 03-ны өдрийн 82 тоот дүгнэлт, 2017 оны 03 дугаар сарын 04-ний өдрийн 81 тоот дүгнэлт, Хэрэг учралын газарт газарт үзлэг хийсэн тэмдэглэл/2017.03.23/, Гэрэл зургийн үзүүлэлтүүд, Эд мөрийн баримтаар хураан авч, үзлэг хийсэн тэмдэглэл / 2017.03.23/, Сүхбаатар аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 11 дүгээр сарын 30-ны өдрийн 424 дугаартай шүүгчийн захирамж болон шүүхийн хэлэлцүүлэгт судлагдсан бусад нотлох баримтуудаар нотлогдон, тогтоогдож байна. 

 

   Хэргийн гарсан байдлыг тодруулбал, шүүгдэгч С.Даваадорж нь эхнэр Б.Өнөржаргал, хохирогч О.Билгүүнбаатар нарын хоорондын харьцаа буюу хардалтын улмаас тодорхой сэдэлттэйгээр хохирогч О.Билгүүнбаатартай маргалдаж, түүнийг модоор болон гар, хөлөөр цохиж зодож биед нь гэмтэл учруулсан нөхцөл байдал тогтоогдох ба энэ нь хохирогч О.Билгүүнбаатарын “2017.02.25-ны өдөр би Улаанбаатараас сумандаа ирээд ээжийнхээ дүүгийн гэр лүү машинтайгаа явж байтал Даваадорж машинтайгаа араас ирээд миний машины хажуу талаас хааж зогсоод багаажнаасаа хүрзний иш мод, нарийхан төмөр хоёр гаргаж ирээд модоороо миний толгой руу цохиход би унасан. Гэтэл үргэлжлүүлээд хоёр гар, гэдэс, хөл, нуруу руу олон удаа цохисон “ гэх, гэрч Б.Өнөржаргалын “ Билгүүнбаатарын ээж над руу утсаар яриад “Даваадорж Билгүүнбаатараас мөнгө гэсэн байна лээ ямар учиртай юм” гэхээр нь би мэдэхгүй гэж хэлээд утсаа тасалсан. Түүний дараа Даваадорж бид хоёр хоорондоо маргалдаж байхдаа би түүнд чи яах гэж Билгүүнбаатараас мөнгө аваад байгаа юм гэж маргалсан. Үүнээс болоод Билгүүнбаатар Даваадорж хоёр хоорондоо 2017.02.25-ны өдөр муудсан юм шиг байгаа юм. Өөр надад мэдэх зүйл алга “ гэх мэдүүлгүүд, Зохигчдын эвлэрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох тухай Сүхбаатар аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 11 дүгээр сарын 30-ны өдрийн 424 дугаартай шүүгчийн захирамж, Сүхбаатар аймгийн шүүхийн шинжилгээний албаны шинжээчийн 82 дугаартай: 1. О.Билгүүнбаатарын биед зүүн гарын сарвууны 5-р хурууны 3-р шивнүүр ясны хугарал, толгойн дагз хэсгийн хуйх, баруун тохой, зүүн шууны зөөлөн эдийн няцрал, баруун далны гадна тал, доод хэсэгт цус хуралт гэмтлүүд тогтоогдлоо. 2.Уг гэмтлүүд нь хатуу, мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгдэх боломжтой. 3.Дээрх зүүн гарын сарвууны 5-р хурууны 3-р шивнүүр ясны хугарал гэмтэл нь ШЭГЗТЖ-н 2.3.1-д зааснаар эрүүл мэндийг удаан хугацаагаар сарниулах тул гэмтлийн хүндэвтэр зэрэгт ... хамаарна “ гэх дүгнэлт зэргээр нотлогджээ.

Дээрх нөхцөл байдлаас дүгнэвэл, шүүгдэгч С.Даваадоржийг гэмт хэргийг хувийн сэдэлтээр, гэм буруугийн шууд санаатайгаар хэлбэрээр үйлдсэн гэж үзэх үндэслэлтэй байна.

   

С.Даваадоржид холбогдох хэрэгт мөрдөн байцаалтын шатанд хийгдвэл зохих ажиллагаа бүрэн хийгдсэн, Эрүүгийн байцаан шийтгэх хуулийг ноцтой зөрчөөгүй, хэргийн зүйлчлэл тохирсон, хэрэг хангалттай нотлогдож тогтоогдсон байх тул шүүгдэгч С.Даваадоржийг бусдын бие махбодид хүндэвтэр гэмтэл санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 98 дугаар зүйлийн 98.1-д зааснаар албадан ажил хийлгэх ял оногдуулах үндэстэй гэж шүүх дүгнэлээ.

           

С.Даваадоржийн үйлдсэн гэмт хэрэгтээ чин санаанаасаа гэмшиж буй нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 55 дугаар зүйлийн 55.1.3-т заасан ял оногдуулахад хөнгөрүүлэх нөхцөл байдал болох ба харин ял оногдуулахад хүндрүүлэх нөхцөл байдал үгүй байна. 

 

Шүүгдэгчийн өмгөөлөгч Т.Хүдэрийн “ Эрүүгийн хуулийн тусгай ангийн 98 дугаар зүйлийн 98.1 нь хорих ба албадан ажил хийлгэх ялтай, сонгох санкцтай гэмт хэрэг. С.Даваадорж нь хот хооронд машинаар хүн зөөж амьдралаа залгуулдаг. Иймээс үйлдсэн хэрэгтээ чин санаанаасаа гэмшиж байгаа, ар гэр, хувийн байдлыг нь харгалзан хорих ял оногдуулж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 61 дүгээр зүйлийн 61.1-д зааснаар тэнсэж өгнө үү “ гэх саналыг шүүх хүлээн авах үндэсгүй гэж үзлээ. 

Учир нь шүүгдэгч С.Даваадорж анх удаа хүндэвтэр гэмт хэрэгт ял шийтгүүлж байгаа, тухайн хэрэг үйлдэгдэхэд хохирогчийн зүй бус ажиллагаа нөлөөлсөн буюу уг хэрэг тодорхой сэдэлттэйгээр, гэр бүлийн харилцаа, хардалтаас үүдэлтэйгээр үйлдэгдсэн, тэрээр үйлдсэн гэмт хэрэгтээ гэмшиж байгаа зэрэг нөхцөл байдлыг үндэслэвэл түүнд хорих ял шийтгэл оногдуулах үндэслэлгүй гэж үзнэ.

Өөрөөр хэлбэл, С.Даваадоржид ял оногдуулахад түүний үйлдсэн гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, хувийн байдал, гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учруулсан хор уршгийн шинж чанар зэргийг харгалзан үзсэн болно.

 

Тэрээр энэ хэргийн улмаас цагдан хоригдоогүй, бусдад төлөх төлбөхгүй буюу хохирогч О.Билгүүнбаатар хохирол нэхэмжлээгүй, гомдол саналгүй гэсэн бөгөөд хэрэгт иргэний бичиг баримтаар хураагдсан, битүүмжлэгдсэн эд хөрөнгө байхгүй болно.

 

Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн улаан өнгийн будагтай 61 см урттай цуурч хугарсан 1 ширхэг модыг устгахаар шийдвэрлэлээ.

      

      

 Монгол Улсын Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 283, 284, 294, 297, 298 дугаар зүйлүүдэд заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

           1. Шүүгдэгч Орлой овгийн Сувдаагийн Даваадоржийг бусдын бие махбодид хүндэвтэр гэмтэл санаатай учруулсан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

 

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 98 дугаар зүйлийн 98.1-д зааснаар шүүгдэгч С.Даваадоржийг 255 /хоёр зуун тавин тав/ цаг албадан ажил хийлгэх ялаар шийтгэсүгэй. 

 

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 50 дугаар зүйлийн 50.3 дахь хэсэгт зааснаар албадан ажил хийлгэх ял эдлэхээс санаатайгаар зайлсхийсэн ялтны эдлээгүй үлдсэн ялын найман цагийн ажлыг нэг хоног баривчлах ялаар тооцож солихыг мэдэгдсүгэй.

 

           4. Ялтан С.Даваадорж нь энэ хэргийн улмаас цагдан хоригдоогүй, тэрээр энэ тогтоолоор бусдад төлөх төлбөхгүй буюу хохирогч О.Билгүүнбаатар хохирол нэхэмжлээгүй, гомдол саналгүй, хэрэгт иргэний бичиг баримтаар хураагдсан, битүүмжлэгдсэн эд хөрөнгө байхгүй болохыг тус тус дурдсугай.

 

5. Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 88 дугаар зүйлийн 88.1.3-т заасныг баримтлан хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн улаан өнгийн будагтай 61 см урттай цуурч хугарсан 1 ширхэг модыг тогтоол хүчин төгөлдөр болмогц устгасугай.

      

6. Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 70 дугаар зүйлийн 70.1, 70.2-т зааснаар ялтан С.Даваадоржид шүүхийн шатанд авсан батлан даалтанд өгөх таслан сэргийлэх арга хэмжээг хүчингүй болгосугай. 

 

7. Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 299 дүгээр зүйлийн 299.3-т зааснаар уг тогтоол нь танилцуулан сонсгосноор хүчинтэй болохыг дурдсугай.

 8. Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 303 дугаар зүйлийн 303.1, 303.2, 304 дүгээр зүйлийн 304.1-т зааснаар ялтан, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч, хууль ёсны төлөөлөгч, улсын яллагч, дээд шатны прокурор, иргэний нэхэмжлэгч нь шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл түүнийг гардуулснаас хойш 14 хоногийн дотор Сүхбаатар аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                             С.НАСАНБУЯН