Орхон аймгийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2018 оны 09 сарын 18 өдөр

Дугаар 207/МА2018/00103

 

О.Н ын нэхэмжлэлтэй,

хариуцагч Б.М-д холбогдох

иргэний хэргийн тухай

 

Орхон аймгийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүх хуралдааныг Ерөнхий шүүгч Б.Баттөр даргалж, шүүгч С.Уранчимэг, Б.Оюунцэцэг нарын бүрэлдэхүүнтэй,

Орхон аймаг дахь Сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн

2018 оны 07 дугаар сарын 07-ны өдрийн 142/ШШ2018/00702 дугаар шийдвэртэй,

Нэхэмжлэгч : О.Н ын нэхэмжлэлтэй

Хариуцагч: Б.М-д холбогдох,

250.000 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг

Нэхэмжлэгч О.Н ын гаргасан давж заалдсан гомдлыг үндэслэн 2018 оны 07 дугаар сарын 25-ны өдөр хүлээн авч, шүүгч Б.Оюунцэцэгийн илтгэснээр хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгч О.Н , нарийн бичгийн дарга У.Сүхбаатар нар оролцов.

Нэхэмжлэгч О.Н  шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ:

Миний бие Б.М-г бараан захад өөрийн эзэмшлийн гутлын тасагт худалдагчаар авч ажиллуулсан. Гэтэл Б.М- нь 250000 төгрөгийн үнэ бүхий гутал бараа дутаасан тул 250000 төгрөгийг гаргуулж өгнө үү. Ажилдаа хайнга хандаад байхаар нь бараагаа тоолсон чинь бараа дутсан. Эхний өдөр тоолсон чинь 600.000 төгрөгний бараа дутсан. Дараа нь тоолсон чинь лангуун доороос юм гарч ирээд 300.000 төгрөг дутсан. Өөрөө дутаасан бараагаа дэвтэр дээр жагсааж бичсэн. Энэ баримтыг шүүхэд өсгөн. 5 өдрийн цалин өгөөгүй байсан тэрийгээ тооцсон. Мөн унааны мөнгийг хассан. Хүүхдийн баяр гээд 100000 төгрөг урьдчилж өгсөн. Дараа нь халагдахад нь 69.000 төгрөг нэмж өгсөн. 15 хоног ажилласан хоногийн цалин нь 125.000 төгрөг болсон. 3000000 төгрөгний бараа зарсан гээд 30.000 төгрөг, унааны мөнгө гэж 1000 төгрөг нэмж өгсөн. Дутсан барааны мөнгө болох 319.000 төгрөгнөөс хасаад 250.000 төгрөг үлдсэн гэжээ.

 

 

Хариуцагч Б.М- шүүхэд гаргасан тайлбартаа:

Миний бие 2018 оны 05 дугаар сарын18-наас 6 дугаар сарын 03-ныг хүртэл О.Н  ахын 2-27 тоот гутлын лангуунд ажилласан нь үнэн. 2018 оны 05 дугаар сарын 18-нд бүх гутал бараануудыг О.Н  ах тоолон надад хүлэлгэн өгсөн. Гэтэл бараа тоолж авснаас хойш 6 сарын 03-ны өдөр хүртэл ажиллах хугацаанд О.Н  болон түүний эхнэр О  бид гурав олон төрлийн гуталнаас размер асууж хүнд үзүүлэхээр нэг нэгнийхээ лангуунаас гутал авч явцгаадаг байсан. Тэгээд бараанаас нь 1000000 төгрөг дутаад чи идсэн, чи найз нөхөддөө өгсөн, чи авсан гээд яриад тэгэхээр нь би гэртээ оруулж шалгуулсан. 2018 оны 06 дугаар сарын 05-ны өдөр тооллого хийж 250000 төгрөгийн бараа дутсан. Гэтэл О  эгч эх үрсийн баярыг тохиолдуулан миний ажиллаж байсан лангуунаас гутал авч явдаг байсан. Иймд би тэр гутлыг авч яваагүй, идээгүй, уугаагүй болохоор энэ төлбөрийг төлөхгүй гэж хэлсэн. Эхнэр нь үүнд буруутай. Гэвч эхнэр О  нь чи 250000 төгрөгийн төлбөртөө гар утасаа өг гэж дайрч миний цүнхийг татаж хувцсыг минь урж, камераас далд лангуу руу чирч оруулж чам шиг юмыг яасан ч яадаг юм гээд доромжилсон. Миний цалинг ч тоохгүй эхнэрийнхээ ар урдуур нуугдаж авсан гутлын төлбөрийг яагаад надаар хийлгэх гээд байгааг ойлгохгүй байна. Эхнэр О  нь нөхрөөсөө далдуур надаас гутал авч явсан гуталны мөнгийг төлөхгүй гэжээ.

Орхон аймаг дахь Сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 07 дугаар сарын 07-ны өдрийн 142/ШШ2018/00702 дугаар шийдвэрээр: Иргэний хуулийн 369 дүгээр зүйлийн 369.1, Хөдөлмөрийн тухай хуулийн 128 дугаар зүйлийн 128 дугаар зүйлийн 128.1.3, 135 дугаар зүйлийн 135.4-т заасныг баримтлан нэхэмжлэгч О.Н ын хариуцагч Б.М-гээс дутагдуулсан гутлын үнэ 250.000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 57-р зүйлийн 57.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 8150 /найман мянга нэг зуун тавь/ төгрөгийг төрийн санд хэвээр үлдээж шийдвэрлэжээ.

Нэхэмжлэгч О.Н  давж заалдсан гомдолдоо:

Орхон аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шийдвэрийг эс зөвшөөрч дараах үндэслэлээр давж заалдах гомдол гаргаж байна. Би шүүхэд иргэн Б.М-гээс 250.000 төгрөг гаргуулахаар шаардлага гаргасан бөгөөд шаардлагаа Хөдөлмөрийн тухай хуулийн 132-р зүйлийн 132.1 дэх хэсэг болон 2 дахь хэсгүүдэд заасны дагуу шаардлагаа гаргасан байхад шүүх буруу дүгнэлт хийж иргэн намайг хариуцагч 1 М-тэй заавал хөдөлмөрийн гэрээ байгуулах учиртай гэсэн дүгнэлтийг хийж Иргэний хуулийн зүйл заалтыг буруу тайлбарлан хэрэглэж нэхэмжлэлийг маань хэрэгсэхгүй болголоо.

Би худалдагчаар ажлуулах зараа цахим сүлжээгээр "Эрдэнэтийн хамгийн том зар" нэртэй хуудсанд тавьсанаар хариуцагч Б.М- ирснээр сарын хөдөлмөрийн хөлсөө 250.000 төгрөг үүн дээр 1.0 сая төгрөгийн борлуулалтын орлого тутамд 10.000 төгрөгийн урамшуулал цалин дээр нь өгч байхаар тохиролцсон байсан юм. Иргэний хуулийн 40-р зүйлийн 1-д заасанчлан миний худалдагч авах хүсэл зоригийн илэрхийллийг Б.М- хүлээн эвч миний гутлын лангууны худалдагчийг 2018.05.18-ны өдрөөс ажиллаж эхэлсэн. Миний зарын грүппэд тавьсан зарыг Иргэний хуулийн 195-р зүйлийн 195.4-т заасанчлан тодорхой бус этгээдэд хандсан учир гэрээний дуудлага нэж үзэх юм. Бид хоёр гэрээнийхээ гол нөхцөлүүдийн талаар тохиролцсон учраас гэрээг байгуулсанд тооцох юм. Иймд дээрх шийдвэртэй хэргийг тал бүрээс нь нарийн хянан үзэж, шийдвэрт нэхэмжлэлийг хангасан өөрчлөлт оруулж өгнө үү гэжээ.

ХЯНАВАЛ:

Анхан шатны шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 116 дугаар зүйлийн 116.2-т заасан шаардлагыг хангаагүй байна.

Нэхэмжлэгч О.Н  хариуцагч Б.М-д холбогдуулан дутагдсан барааны төлбөр 250.000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлага гаргасан ба шүүх хариуцагчийг худалдагчаар ажиллуулахдаа хөдөлмөрийн гэрээ болон эд хөрөнгийн хариуцлагын гэрээ байгуулаагүй гэсэн дүгнэлт хийж нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн нь үндэслэл муутай болжээ.

Хариуцагч Б.М- нь гутлын лангуу дээр гутал зарж борлуулж худалдагчаар ажиллах, нэхэмжлэгч О.Н  сард 250.000 төгрөгийн хөлс, урамшуулал төлөхөөр харилцан тохиролцсоны үндсэн дээр хариуцагч 2018 оны 5 дугаар сарын 18 ны өдрөөс 6 дугаар сарын 3-ны өдөр хүртэл хугацаанд худалдагчаар ажилласан, нэхэмжлэгч нь хариуцагчид зохих хөлс төлсөн болох нь тогтоогдсон, энэ талаар талууд маргаагүй байна.

Иргэний хуулийн 359 дүгээр зүйлийн 359.1-д ... ажиллагч нь тохиролцсон ажил, үйлчилгээг гүйцэтгэх, ажиллуулагч хөлс төлөх үүргийг тус тус хүлээнэ... гэж заасны дагуу хариуцагч дээрх хугацаанд 3.000.000 төгрөгийн үнэ бүхий гутал зарж борлуулсан, нэхэмжлэгч ажлын хөлс 125.000 төгрөг, урамшуулал 30.000 төгрөг төлсөн байх тул талуудын хооронд хөлсөөр ажиллах гэрээний харилцаа үүссэн гэж үзэхээр байна.

Хариуцагч Б.М- хүлээж авсан бараанаас кэт, зуны ботинк, зуны углааш дутаасан, дутаасан барааны нэр, үнийг /хх-ийн 7 талын арын хэсэгт/ өөрөө бичиж тэмдэглэсэн болохыг зөвшөөрсөн тайлбарыг шүүх хуралдааны явцад гаргасан байх тул хариуцагчаас барааны үнэ 100.000 төгрөгийг /2дутуу-60.000, 2 дутуу-40.000/ гаргуулж нэхэмжлэгчид олгож, нэхэмжлэлийн шаардлагаас 150.000 төгрөгийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх нь зүйтэй.

Иймд анхан шатны шүүх хэргийг шийдвэрлэхдээ хэрэглэвэл зохих хуулийг хэрэглээгүй, шүүхийн дүгнэлт нь хэргийн бодит байдалтай нийцээгүй байх тул нэхэмжлэгч О.Н ын гаргасан ...хэргийг тал бүрээс хянан үзэж нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангасан өөрчлөлт оруулж өгнө үү... гэх давж заалдах гомдлыг хүлээн авч, анхан шатны шүүхийн шийдвэрт зохих өөрчлөлт оруулж шийдвэрлэх үндэслэлтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.2 дахь хэсэгт заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1.Орхон аймаг дахь Сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 07 дугаар сарын 07-ны өдрийн 142/ШШ2018/00702 дугаар шийдвэрийн 1 дэх заалтыг Иргэний хуулийн 369 дүгээр зүйлийн 369.1, Хөдөлмөрийн тухай хуулийн 128 дугаар зүйлийн 128.1.3, 135 дугаар зүйлийн 135.4-т заасныг баримтлан нэхэмжлэгч О.Н ын хариуцагч Б.М-гэээс дутагдуулсан гутлын үнэ-250.000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай гэснийг Иргэний хуулийн 359 дүгээр зүйлийн 359.1, 219 дүгээр зүйлийн 219.1-д заасныг баримтлан хариуцагч Б.М-гээс гутлын үнэ-100.000 төгрөг гаргуулж нэхэмжлэгч О.Н д олгож, нэхэмжлэлийн шаардлагаас 150.000 төгрөгийг хэрэгсэхгүй болгосугай гэж, шийдвэрийн 2 дахь заалтанд хариуцагч Б.М-гээс улсын тэмдэгтийн хураамж 4.550 төгрөг гаргуулж нэхэмжлэгч О:Н д олгосугай гэж нэмж, шийдвэрийн бусад заалтыг хэвээр үлдээсүгэй.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 59 дүгээр зүйлийн дүгээр зүйлийн 59.3-д зааснаар нэхэмжлэгч О.Н ын давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 8.150 төгрөгийг шүүгчийн захирамжаар буцаан олгосугай.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.5, 172 дугаар зүйлийн 172.2.-т зааснаар давж заалдах шатны шүүх хэрэг хянан шийдвэрлэхдээ хууль буруу хэрэглэсэн, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчсөн гэж үзвэл зохигч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч, гуравдагч этгээд магадлалыг гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7-д зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцогч талууд шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд магадлалыг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг мэдэгдсүгэй.

 

 

 

ДАРГАЛАГЧ ЕРӨНХИЙ ШҮҮГЧ Б.БАТТӨР

ШҮҮГЧИД С.УРАНЧИМЭГ

Б.ОЮУНЦЭЦЭГ