Говь-Алтай аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол

2024 оны 09 сарын 17 өдөр

Дугаар 2024/ШЦТ/164

 

Говь-Алтай аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч А.Энхбаатар даргалж,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Ө.Халиунаа,

Улсын яллагч Б.Түвшинтөр,

Шүүгдэгчийн өмгөөлөгч Д.Ариун-Эрдэнэ,

Шүүгдэгч П.Б нарыг оролцуулан тус шүүхийн эрүүгийн хэргийн шүүх хуралдааны танхимд нээлттэй явуулсан шүүх хуралдаанаар Говь-Алтай аймгийн Прокурорын газрын хяналтын прокурор Б.Түвшинтөрийн Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэн шүүхэд ирүүлсэн шүүгдэгч Т овгийн П-ын Б-д холбогдох 2416001940202 дугаартай эрүүгийн хэргийг 2024 оны 09 дүгээр сарын 16-ны өдөр хүлээн авч, хянан хэлэлцэв.

 

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

 

Монгол Улсын иргэн, 1985 оны 02 дугаар сарын 17-ны өдөр **** аймгийн *** суманд төрсөн, 39 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, малчин, ам бүл 5, эхнэр хүүхдийн хамт *** аймгийн *** сумын **** багт оршин суух хаягтай, улсаас авсан гавьяа шагналгүй, урьд нь ял шийтгэл эдэлж байгаагүй, ***** регистрийн дугаартай, Т овгийн П-н Б,

 

Холбогдсон хэргийн талаар: Шүүгдэгч П.Б нь согтуурсан үедээ ***** аймгийн ***** сумын ****** багийн нутаг ****** гэх газарт 2024 оны 06 дугаар сарын 30-ны өдөр Н.Г-ийг архи уусангүй гэж шалтаглан нүүр нь цохиж түүний биед тархи доргилт, баруун, зүүн дээд доод зовхинд цус хуралт, баруун нүдний алимны салстад цус харвалт гэмтэл учруулсан гэх үйлдлийг прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэн шүүхэд ирүүлжээ.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Шүүх хуралдаанаар тогтоогдсон нөхцөл байдлаас үзвэл шүүгдэгч П.Б нь согтуурсан үедээ ***** аймгийн ***** сумын ***** багийн нутаг ****** гэх газарт 2024 оны 06 дугаар сарын 30-ны өдөр Н.Г архи уусангүй гэж шалтаглан нүүр рүү нь цохисон үйл баримт тогтоогдож байна.

 

Дээрх үйл баримтын улмаас Н.Г ийн биед тархи доргилт, баруун, зүүн дээд доод зовхинд цус хуралт, баруун нүдний алимны салстад цус харвалт бүхий хөнгөн гэмтэл учруулсан бөгөөд энэ нь хүний халдашгүй байх эрхэд халдаж, эрүүл мэндэд нь хөнгөн хохирол санаатай учруулсан шинжээрээ Эрүүгийн хуульд заасан гэмт хэрэг мөн байна гэж шүүх дүгнэлээ.

 

1.Шүүгдэгчийн гэм буруугийн талаар:

 

Тухайн гэмт хэрэгт шүүгдэгч П.Б гэм буруутай болох нь:

 

1.Хохирогч Нмөрдөн шалгах ажиллагаанд өгсөн:...2024 оны 06 дугаар сарын 30-ны өдөр ******ийн гэрт очиход хонь ноослох гээд очсон эрэгтэй, эмэгтэй нийлсэн 10 гаран хүн байсан. Би тухайн архинаас 2 удаа татсан. Тэгээд тэр айлаас гараад Б надад танайд очъё гэхээр нь Б бид хоёр манайд ирсэн. Б надад нэг юм уучихмаар байна гэхээр нь би 1 шил архи гаргаж задалсан. Б намайг архи уусангүй гээд маргалдаад тэгээд би хүүхдээ дагуулаад мал руу явах гээд гэрээсээ гараад гэрийн доод талд явган явж байхад Б миний араас хэрэлдэж ирээд намайг цохисон, тэгээд би газар ухаан алдаж унасан. Тэрнээс хойш юу болсноо санахгүй байна. 2024 оны 07 дугаар сарын 01-ний өдөр аймгийн нэгдсэн эмнэлэгт дээр хүргэгдэж ирээд ухаан орсон. Дараа нь хүүхдүүд хэлэхэд намайг газар унасан байхад Б намайг өшиглөөд байсан гэсэн...” гэх мэдүүлэг/хх-ийн 19-20-р хуудас/,

 

        2.Насанд хүрээгүй гэрч Б.С ийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн "... Манай аав мотоциклтой Н.Г с наашаа ирж байхад нь Н.Г араас нь гүйж ирээд манай аав П.Б барид авсан. Тэгээд манай аав П.Б Н.Г хоёр нэг нэгийгээ заамдаж аваад тавихгүй, Н.Г нь **** намайг ална гэнэ намайг алаад өг гээд манай аав руу орилоод байхаар нь би Н.Г гэрт гүйж очоод эхнэрийг нь дуудаж ирсэн. Тэр хооронд манай аав П.Б Н.Г хоёр зодолдсон байсан, зодолдохыг хараагүй. Тухайн үед Н.Г нүд нь хавдсан байсан...” гэх мэдүүлэг/хх-ийн 30-31-р хуудас/,

 

        3.Говь-Алтай аймаг Шүүх шинжилгээний хэлтсийн шинжээч эмч Т.Алтайбатарын 2024 оны 07 дугаар сарын 17-ны өдрийн “...1.2. Н.Г биед тархи доргилт, баруун зүүн дээд доод зовхинд цус хуралт, баруун нүдний алимны салстад цус харвалт гэмтэл тогтоогдлоо. 3 дээрх гэмтэл нь мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгдэнэ. 4. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварыг тогтонги алдагдуулахгүй. 5.Н.Г биед учирсан гэмтэл нь Эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул “Хүний эрүүл мэндэд учирсан хохирлын зэрэг тогтоох журам”-ын 3.1.1-т зааснаар хохирлын хөнгөн зэрэг тогтоогдлоо...” гэх 190 дугаартай шинжээчийн дүгнэлт /хх-ийн 64-65-р хуудас/,

 

4.Шинжээч Т.Алтайбатарын 2024 оны 08 дугаар сарын 14-ний өдөр өгсөн “...Н.Г биед учирсан гэмтэл нь тухайн хэрэг учрал болсон гэх цаг хугацаанд үүссэн байх боломжтой, шинэ гэмтэл байсан...” гэх мэдүүлэг /хх-ийн 34-р хуудас/ зэрэг хавтаст хэрэгт хуульд заасан журмын дагуу авагдаж, бэхжигдсэн шүүхийн хэлэлцүүлэгт хэлэлцэгдсэн нотлох баримтуудаар тогтоогдож байна гэж шүүх дүгнэлээ.

 

Шүүгдэгч П.Б нь хүний эрүүл мэндийн халдашгүй байдлын эсрэг гэмт хэргийг үйлдэхдээ өөрийн үйлдлийн хууль бус шинжийг ухамсарлан хүний эрүүл мэндэд хохирол учрахыг мэдсээр байж зориуд хохирол, хор уршигт хүргэж үйлдсэн нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.3 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт “Өөрийн үйлдэл, эс үйлдэхүйг хууль бус шинжтэй болохыг ухамсарлаж түүнийг хүсэж үйлдсэн ... бол санаатай гэмт хэрэгт тооцно.” гэж зааснаар гэм буруугийн санаатай хэлбэртэй байна.

 

Иймд шүүгдэгч П.Б Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцох үндэслэлтэй байна.

 

          Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан дээрх нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай хуульд заасан үндэслэл журмын дагуу хэрэгт цугларч бэхжүүлсэн яллагдагч, гэрч нараас мэдүүлэг авахдаа Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам, шаардлага зөрчөөгүй, мөрдөн шалгах ажиллагааны явцад хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцогчийн хуулиар хамгаалсан эрхийг хассан буюу хязгаарласан зөрчил тогтоогдоогүй тул шүүх эдгээр баримтыг хэрэг хянан шийдвэрлэхэд хамааралтай ач холбогдолтой талаас нь үнэлж прокуророос шүүхэд шилжүүлсэн хэргийн хүрээнд шүүгдэгчийн гэм буруугийн талаар дүгнэлт хийсэн болно.

 

          2.Эрүүгийн хариуцлагын талаар:

 

Шүүхээс шүүгдэгч П.Б Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсон тул түүнд хуульд заасан эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй байна.

 

Прокурорын санал болгож, шүүгдэгчийн хүлээн зөвшөөрсөн 500 (Таван зуу) нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр буюу 500,000 (Таван зуун мянга) төгрөгөөр торгох ял нь Эрүүгийн хуульд нийцсэн бөгөөд шүүгдэгч тухайн эрүүгийн хариуцлагын хууль зүйн үр дагаврыг ухамсарлан ойлгосон байх тул Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар прокурорын саналыг баталж, шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэх хууль зүйн үндэслэлтэй байна.

 

Иймд шүүгдэгч П.Б Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 500 (Таван зуу) нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр буюу 500,000 (Таван зуун мянга) төгрөгөөр торгох ял оногдуулж, торгох ялыг 3 (Гурав) сарын хугацаанд хэсэгчлэн төлүүлэхээр тогтоож шийдвэрлэлээ.

 

Шүүгдэгч П.Б шүүхээс тогтоосон хугацаанд торгох ялыг биелүүлээгүй тохиолдолд шүүх биелэгдээгүй торгох ялын 15 (Арван тав) нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг 1 (Нэг) хоногоор тооцож, хорих ялаар солихыг сануулж, шүүгдэгчид урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол хэвээр үргэлжлүүлэхийг мэдэгдэв.

 

          3.Гэм хор, хохирлын талаар:

 

          Шүүгдэгч П.Б гэм буруутай үйлдлийн улмаас хохирогч Н.Г эрүүл мэндэд хөнгөн хохирол учирсан, хохирогч хавтаст хэргийн 84 дүгээр хуудаст “...сэтгэцэд учирсан хор уршгийн зэрэглэл тогтоолгох шаардлагагүй...надад гомдол санал байхгүй” гэсэн хохирогчийн хүсэлт байна. Мөн иргэний нэхэмжлэгчийн нэхэмжилсэн 1,532,934 төгрөгийг Эрүүл мэндийн даатгалын санд төлсөн /хх112/ байх тул шүүгдэгч нь бусдад төлөх төлбөргүй байна.

 

          4.Бусад асуудлын талаар:

 

Энэ хэрэгт битүүмжилсэн хөрөнгөгүй, эд мөрийн баримтгүй, шүүгдэгч цагдан хоригдоогүй, шүүгдэгч бусдад төлөх төлбөргүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, шүүгдэгчийн иргэний бичиг баримт шүүхэд ирээгүй зэргийг тус тус дурдах нь зүйтэй байна.

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 2, 5 дахь хэсэг, 36.2, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлүүдэд тус тус заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1.Шүүгдэгч **** овгийн П-ийн Б Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

 

2.Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч П.Б-г 500 (Таван зуу) нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр буюу 500,000 (Таван зуун мянга) төгрөгөөр торгох ял оногдуулсугай.

 

3.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч П.Б-д оногдуулсан 500 (Таван зуу) нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр буюу 500,000 (Таван зуун мянга) төгрөгөөр торгох ялыг 3 (Гурав) сарын хугацаанд хэсэгчлэн төлүүлэхээр тогтоосугай.

 

4.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүхээс тогтоосон хугацаанд торгох ялыг биелүүлээгүй тохиолдолд шүүх биелэгдээгүй торгох ялын 15 (Арван тав) нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг 1 (Нэг) хоногоор тооцож, хорих ялаар солихыг шүүгдэгчид П.Б-д мэдэгдсүгэй.

 

5.Шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгч П.Б-д урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

6.Энэ хэрэгт битүүмжилсэн хөрөнгөгүй, эд мөрийн баримтгүй, шүүгдэгч цагдан хоригдоогүй, шүүгдэгч бусдад төлөх төлбөргүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, шүүгдэгчийн иргэний бичиг баримт шүүхэд ирээгүй зэргийг тус тус дурдсугай.

 

7.Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүхийн шийдвэрийг уншиж сонсгосноор хүчинтэй болохыг дурдсугай.

 

8.Шийтгэх тогтоолыг гардаж авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор зөвхөн Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн үндэслэлээр оролцогч давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.

 

9.Шийтгэх тогтоолд дээр дурдсан үндэслэлээр оролцогч давж заалдах гомдол гаргасан, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичсэн тохиолдолд шийтгэх тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгч П.Б-д авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                  А.ЭНХБААТАР