Говь-Алтай аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол

2024 оны 09 сарын 23 өдөр

Дугаар 2024/ШЦТ/167

 

Говь-Алтай аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч А.Энхбаатар даргалж,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Т.Уугандарь,

Улсын яллагч Ө.Манзушир,

Шүүгдэгчийн өмгөөлөгч Д.Ариун-Эрдэнэ,

Шүүгдэгч Э.Ц нарыг оролцуулан тус шүүхийн эрүүгийн хэргийн шүүх хуралдааны танхимд нээлттэй явуулсан шүүх хуралдаанаар ****** аймгийн Прокурорын газрын хяналтын прокурор Ө.Манзуширын Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэн шүүхэд ирүүлсэн шүүгдэгч С овгийн Э. Ц холбогдох 2416001590194 дугаартай эрүүгийн хэргийг 2024 оны 09 дүгээр сарын 23-ны өдөр хүлээн авч, хянан хэлэлцэв.

 

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

 

Монгол Улсын иргэн, 1977 оны 04 дүгээр сарын 06-ны өдөр **** аймгийн **** суманд төрсөн, 47 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, хөдөлмөрийн аюулгүй байдлын мэргэжилтэн мэргэжилтэй, “****** ХХК-ийн хөдөлмөр аюулгүй байдлын ажилтан ажилтай, ам бүл 6, эхнэр 4 хүүхдийн хамтаар ******* аймаг, ****** сум, 6 дугаар баг 23-1 тоотод оршин суух хаягтай, урьд ял шийтгэлгүй, улсаас авсан гавьяа шагналгүй, ******* регистрийн дугаартай, С ургийн овогт Э. Ц,

 

Холбогдсон хэргийн талаар: “*****” ХХК-ийн хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн асуудал эрхэлсэн ажилтай Э.Ц нь хууль түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний акт, хэлцлээр хүлээсэн үүргээ биелүүлээгүйн улмаас тус компанийн ****** аймгийн ****** сумын **** багийн нутаг дэвсгэрт хийгдэж буй гэр хорооллын дахин төлөвлөлтийн ажлын ус хуримтлагдсан шуудуунд 2024 оны 06 дугаар сарын 12-ны өдөр иргэн Ж.Б нь унаж живэлтийн улмаас нас барсан гэх гэмт хэргийн шинжтэй үйлдэлд холбогджээ.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Шүүх хуралдаанаар тогтоогдсон нөхцөл байдлаас үзвэл *******” ХХК-ийн хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн асуудал эрхэлсэн ажилтай Э.Ц нь хууль түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний акт, хэлцлээр хүлээсэн үүргээ биелүүлээгүйн улмаас тус компанийн ****** аймгийн ***** сумын ******* багийн нутаг дэвсгэрт хийгдэж буй гэр хорооллын дахин төлөвлөлтийн ажлын ус хуримтлагдсан шуудуунд 2024 оны 06 дугаар сарын 12-ны өдөр иргэн Ж.Б нь унасан үйл баримт тогтоогдож байна.

 

Дээрх үйл баримтын улмаас Ж.Б нас барсан шинжээрээ Эрүүгийн хуульд заасан гэмт хэрэг мөн байна гэж шүүх дүгнэлээ.

 

1.Шүүгдэгчийн гэм буруугийн талаар:

 

Тухайн гэмт хэрэгт шүүгдэгч Э.Ц гэм буруутай болох нь:

 

1.2024 оны 06 дугаар сарын 12-ны өдөр хэргийн газарт үзлэг хийсэн “...уг хэрэг учрал болсон гэх газар нь ******* аймгийн ****** сумын ****** багийн 12 дугаар гудамжнаас ертөнцийн зүгээр зүүн талд 12 дугаар гудамжнаас 86 метр зайд харзат багийн хойд засмал замаас ертөнцийн зүгт 77 метр зайд торон хашаа байх бөгөөд уг торон хашааны ертөнцийн зүгээр баруун урд талын өнцгөөс 50 метр буюу торон хашааны 13 дахь шонгийн харалдаа ертөнцийн зүгээр урд талд шуудууны төгсгөл хэсэгт ус тогтсон уг шуудууны төгсгөл хэсгийн усан дотор эрэгтэй хүний цогцос байв... 13 дахь шонгийн харалдаа ертөнцийн зүгээр урд талд шуудууны төгсгөл хэсэг хүртэл 1 метр газар газар ухалгүй үлдээсэн байв...уг хэрэг учрал болсон гэх шуудууны өргөн З метр 40 см, гүн 1 метр 40см байв. ..” тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд, /1-р хх-ийн 6-7-р хуудас/,

          2.2024 оны 06 дугаар сарын 12-ны өдөр мөрдөгч, цагдаагийн ахлах дэслэгч Т.Г нь амь хохирогч Ж.Б өмсөж явсан хувцсанд үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд, /1-р хх-ийн 15-16-р хуудас/,

 

          3.2024 оны 06 дугаар сарын 12-ны өдөр амь хохирогч Ж.Б цогцост үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд, /1-р хх-ийн 8-14-р хуудас/,

 

          4.Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Ж.Э ****** аймгийн цагдаагийн газарт гаргасан “...Ж.Б оршуулгын зардал болон бусад зардал хохиролд нийт 21,000,000 төгрөгийг өгсөн болно. Ж.Б төрсөн ганц дүү болох миний хувьд гомдол санал нэхэмжлэх зүйл байхгүй...” гэх хүсэлт, хохирол төлсөн хаан банкны шилжүүлгийн мэдээлэл, /1-р хх-ийн 17-18-р хуудас/,

 

          5.Гэрч Н.М гаргаж өгсөн “*****” ХХК-ны 02 дугаартай захирлын тушаал, хөдөлмөрийн аюулгүй байдлын ажилтантай байгуулсан хөдөлмөрийн гэрээ, мэргэжлийн үнэмлэхийн хуулбар, /1-р хх-ийн 40- 43-р хуудас/,

 

          6.Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Ж.Э гаргаж өгсөн амь хохирогч Ж.Б нас барсны гэрчилгээ, иргэний үнэмлэхийн хуулбар, Ж.Б-ийн итгэмжлэлийн 1431 дугаартай нотариатын гэрээ, /1-р хх-ийн 86-87 дугаар хуудас/,

 

          7.2022 оны 05 дугаар сарын 25-ны өдөр байгуулсан гэр хорооллын дахин төлөвлөлт хийх замаар инженерийн нэгдсэн шугам сүлжээний холболт хийх ажил гүйцэтгэх гэрээний хуулбар, Эрчим хүчний яам барилга хот байгуулалтын яамнаас “*****” ХХК-д олгосон тусгай зөвшөөрлүүд, /1-р хх-ийн 46-93-р тал/,

 

          8.Хууль ёсны төлөөлөгч Ж.Э  “...Амь хохирогч Ж.Б нь миний төрсөн ах байгаа юм. Ж.Б нь группэд байдаг төрөлхийн сэтгэцийн өвчнөөр эмчийн хяналтад байдаг. Би амь хохирогчийн халамж тэтгэврийн мөнгийг банкнаас авах эрхээ нотариатаар 2021 оны 10 дугаар сарын 01-ний баталгаажуулж авсан. Би Ж.Б-ийн тэтгэврийн мөнгийг аваад эм тариаг нь авч өгөөд явуулдаг байсан. Хууч архаг өвчин байхгүй. 2020 онд хамгийн сүүлд амь хохирогч Ж.Б уулзсан. Хүмүүс хар бор ажлаа хийлгэчхээд мөнгө төгрөг өгөхгүй архи өгдөг байсан. Тэрнээс өөрөө мөнгөөрөө архи худалдаж аваад уудаггүй. Энэ хэргийг үнэн зөвөөр шийдэж өгнө үү би гомдолтой байна. 2024 оны 06 дугаар сарын 12-ны өдөр би Улаанбаатар хотод ажил дээрээ байхад манай төрсөн эгч Э над руу залгаад **** багийн хойд талд ухаж байсан нух рүү Б унаад нас барсан байна гэж над руу ярьсан, Тэгээд би юу болсныг мэдээгүй гайхаад байж байхад ***** аймгийн цагдаагийн газраас надтай холбогдоод танай ах Ж.Б нас барсан байна та яаралтай аймгийн төвд ирэх шаардлагатай байна гэж хэлсэн. Тэгээд би Улаанбаатар хотоос ******* аймагт ирсэн. ****** багийн хойд талд ухсан байгаа шуудуунд унаж нас барсан гэж бодож байна. ****** аймгийн ***** багт дүү эгч нарын хамт амьдардаг. Ж.Б үр хүүхэд байхгүй ганц бие хөгжлийн бэрхшээлтэй хүн байгаа юм...” гэх мэдүүлэг,/1-р хх-ийн 98-99-р хуудас/,

 

          9.Гэрч Ж.Э мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн“...2024 оны 06 дугаар сарын 11-ний өдөр цагийн сайн санахгүй байна манай талийгаач дүү архи согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ хашаан дотроо унтаж байсан юм. Тэгэхээр би гэрийнхээ усанд явдаг чарганд дээр тавиад гэртээ оруулаад унтуулсан юм. 2024 оны 06 дугаар сарын 12-ний өглөө үүрээр 06 цагийн үед амь хохирогч Б гэрээсээ гараад явсан. Тэгээд өдрийн 11 цагийн үед байхаа манай гэрт цагдаа ирээд та биднийг дагаад явна уу гээд намайг цагдаагийн машин суулгаад манай гэрийн хойд талд ухаж байгаа шуудуун дээр авчирсан юм. Тэгээд цагдаа нар та энэ хүнийг таних уу гэхэд манай дүү Б шуудуунд унаад нас барсан байсан. Амь хохирогч Ж.Б миний төрсөн дүү байгаа юм. Ж.Б эхнэр хүүхэд байхгүй ганцаараа амьдардаг юм. ****** баг 4-30 тоот хашаанд ах, эгч, зээ нарын хамт амьдардаг. Цагдаагийн байгууллагын хүмүүс ирээд намайг Б нас барсан хэргийн газар дагуулж очоод нас барсныг нь мэдсэн. Өглөө гэрээсээ гараад өдөржин явж байгаад орой гэртээ ирдэг болохоор би хаашаа хэнтэй уулзах гэж байгаа талаар асуугаагүй.2024 оны 06 сарын 11-ний өдөр архи согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн байсан. Өглөө гэрээсээ гарахдаа архи согтууруулах ундааны зүйл хэрэглээгүй байсан.Эрүүл мэндийн хувьд ямар нэгэн хууч өвчин эмгэг байхгүй...” гэх мэдүүлэг, /1-р хх-ийн 106-107-р хуудас/,

 

          10.Гэрч Н.М мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн “...Улаанбаатар хотод үйл ажиллагаа явуулдаг “*******” ХХК-ны 2005 онд үүсгэн байгуулж захирлаар нь ажиллаж байна. ***** аймгийн ******** сум ******* багийн нутаг дэвсгэрт хийгдэж байгаа гэр хорооллын дахин төлөвлөлтийн ажлыг хариуцсан хөдөлмөр аюулгүй ажилтанг 2024 оны 05 дугаар сарын 25-ны №02 дугаартай тушаалаар Э.Ц гэх хүнийг томилсон. Тухайн хүнтэй ажил гүйцэтгэх гэрээ байгуулсан. Манай байгууллагад хөдөлмөр аюулгүй байдлын ажилтан М гэдэг хүн байгаа. Энэ хүн Говь-******* аймгийн ******* сум ***** багийн нутаг дэвсгэрт хийгдэж байгаа гэр хорооллын дахин төлөвлөлтийн ажлыг хариуцсан хөдөлмөр аюулгүй байдлын ажилтан биш. Манай байгууллагын хөдөлмөр аюулгүй байдлын ажилтан Э.Ц нь 2024 оны 06 дугаар сарын 12-ны өдөр ****** аймагт байсан. 2024 оны 06 дугаар сарын 05-ны өдөр эхэлсэн байхаа би сайн санахгүй байна. Манай байгууллага ухсан дахин төлөвлөлтийн шуудууг тойруулж тууз татсан, анхааруулах тэмдэг байршуулсан байсан.Манайх байгууллагын ажилчид өдөртөө шуудуу ухаж шугам сүлжээний хоолойгоо тавиад буцаагаад булах гэтэл тухайн хэсэг газраас булгийн ус гарч ирэхээр нь 3 метр ухсан шуудуугаа буцааж булаад 1 метр гүнтэй шуудуу үлдээсэн байсан...” гэх мэдүүлэг, /1-р хх-ийн 110- 111-р хуудас/,

 

          11.Говь-Алтай аймгийн шүүх шинжилгээний хэлтсийн ахлах шинжээч эмч, цагдаагийн хошууч Т.А 2024 оны 07 дугаар сарын 04-ний өдрийн 33 дугаартай “...Талийгаачийн биед хамрын нуруунд шарх, зулгаралт, дух, зүүн хацарт зулгаралт гэмтэл тогтоогдлоо. 2. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгдсэн шинэ гэмтэл байна. 3. Талийгаачийн биед үүссэн гэмтлүүд нь “Хүний эрүүл мэндэд учирсан хохирлын зэрэг тогтоох журам”-ын 3.1.1-д зааснаар хохирлын хөнгөн зэрэгт хамаарна. 4. Шинжилгээгээр талийгаачид үхэлд хүргэх архаг хууч өвчин тогтоогдсонгүй. 5. Талийгаач нь живэлтийн улмаас амьсгал зүрх судасны цочмог дутагдалд орж нас барсан байна. 6. Талийгаач нь нас барах үедээ дунд зэргийн согтолттой байжээ...” гэх дүгнэлт, /хх-115-119-р хуудас/,

 

          12.2024 оны 07 дугаар сарын 29-ний өдрийн 41/01 дугаартай шинжээч Ц.Б “...Монгол Улсын Барилгын тухай хуулийн 4.1.1,-д /“барилга байгууламж” гэж орон сууц, иргэн, үйлдвэр, эрчим хүч, харилцаа холбоо, ус, нефтийн барилга, ус суваг, далан хаалт зэрэг байгууламж түүний инженерийн шугам сүлжээг/ ойлгоно гэж томьёолсон ба “Ус хангамж, ариутгах татуургын гадна сүлжээ, барилга байгууламж БНБД 40-04-16”-ын 1.1.-д /Ус хангамж, ариутгах татуургын гадна сүлжээ, байгууламжийг барих, өргөтгөх ажлыг гүйцэтгэх, турших, хүлээн авахдаа ажлын зураг төсөл, энэ норм дүрэмд тусгасан шаардлагаас гадна барилгын угсралтын ажлын үед мөрдөх техникийн аюулгүй ажиллагаа, барилгын үйлдвэрлэлийн зохион байгуулалтын тухай хүчин төгөлдөр мөрдөгдөж буй барилгын норм ба дүрэм болон салбарын яам, газруудын нормативын баримт бичгийг мөрдөнө./ гэж заасан байна.

 

Иймд “******” ХХК-ийн ****** аймгийн **** сумын *** багийн нутаг дэвсгэрт гэр хорооллын дахин төлөвлөлтийн хүрээнд хийгдэх амины орон сууцны гадна инженерийн хангамжийн нэгдсэн шугамын ажил нь Монгол Улсын Барилгын тухай хуулийн 4.1.1-д заалтад хамрагдаж байгаа тул дээрх инженерийн шугам сүлжээний холболтын ажил нь Барилгын тухай хууль түүнд нийцүүлэн гаргасан барилгын норм ба дүрмээр зохицуулагдана ****” ХХК нь инженерийн нэгдсэн шугам сүлжээний угсралтын ажлын үеийн газар шорооны ажил хийхдээ хүний биед аюул осолтой үйлдвэрлэлийн нөхцөлтэй нутаг дэвсгэр ба барилгын ажлын талбайд гадны хүн боломжийг хязгаарласан хил хязгаарыг тогтоосон хаалт, хашааг бүрэн хийгээд ухсан нүхэн дээгүүр хүмүүс хөндлөн гарах газруудад гүүрэн гарц байрлуулж өгөөгүй, болзошгүй аюул, эрсдэлийн талаар иргэдэд сэрэмжлүүлэх, анхааруулах зорилготой дохио санамж анхааруулга, аюулгүйн тэмдгийг стандартын дагуу хийгээгүй нь “Барилгын үйлдвэрлэлийн хөдөлмөрийн аюулгүй ажиллагааны дүрэм Ерөнхий шаардлага БНБД 12-03-04’-ийн 4.11. /.. үйлдвэрлэлийн аюултай хүчин зүйлүүд тохиолдож болзошгүй бүсийг дохио, санамж анхааруулга, аюулгүйн тэмдэг бүхий хаалтаар хашиж тусгаарласан байвал зохино./, 6.2.9, /Оршин суугчид олноор суурьшсан нутаг дэвсгэр буюу үйлдвэрлэлийн талбай дээр хүнхээл, нүх, суваг, шуудуу ухах зэрэг газар шорооны ажил гүйцэтгэхдээ, хүмүүсийн болон тээврийн хөдөлгөөн ихтэй газруудад 6.2.2 дугаар зүйлд заасан шаардлагатай нийцүүлэн хаалт, хамгаалалт хийж өгвөл зохино. Нүх, суваг, шуудуу дээгүүр хөндлөн гарах газруудад 0.15 м зузаан үргэлж тавцантай, тавцангаасаа 0.5 м өндөрт нэмэлт хаалттай, хоёр талдаа 1.1 м-ээс багагүй өндөр хашлагатай, 1 м-ээс багагүй өргөн гүүрэн гарц байрлуулж өгөх хэрэгтэй./ мөн Хөдөлмөр хамгаалал. Аюулгүй ажиллагааны тэмдэг ба дохионы өнгө МNS 4643:1998 стандартын /1.2. Аюулгүй ажиллагааны тэмдгийг хэрэглэж мөрдүүлэх нь аюулгүй ажиллагааны талаар заавал хэрэгжүүлэх шаардлага болно. 1.3. Аюулгүй ажиллагааны тэмдгийг хүмүүсийн эрүүл мэндэд аюул учруулж болзошгүй ажил үйлчилгээний байр, зам талбай, байгууламж, олон нийтийн газар байрлуулна. 3.8. Гаднын хүн орохыг хориглосон, аюултай бүсийн хязгаарласан зааг, нээлхий, нүх зэргийн эргэн тойронд түр хугацааны хаалт буюу аюулгүйн тууз байрлуулна. Аюулгүйн туузыг 60- 110 мм-ийн өргөнтэй улаан, цагаан өнгөөр дараалуулан 46°-60°-ийн налуутайгаар будсан байна. Улаан, цагаан өнгөний харьцаа нь 1:1 байх ба туузын өргөн нь 20- 100 мм хэмжээтэй байна./ гэх заалтуудыг тус тус зөрчсөн байна.

 

2022 оны 05 сарын 25-ны өдрийн 2022/277 дугаартай захиалагч Барилга, хот байгуулалтын яам, гүйцэтгэгч “******” ХХК-ийн хооронд байгуулсан Ажил гүйцэтгэх гэрээний 4-д /Гүйцэтгэгч нь XI 1.1.104 Гэр хорооллын дахин төлөвлөлт хийх замаар инженерийн нэгдсэн шугам сүлжээний холболтын (*************************)-ын ажлыг 2022 оны 06 дугаар сарын 15-ны өдөр эхэлж 2024 оны 11 дүгээр сарын 30-ны өдөр ашиглалтад оруулна./ гэж хугацааг заасан байх тул уг ажил дуусаагүй үргэлжилж байсан байна.

 

“Барилгын үйлдвэрлэлийн хөдөлмөрийн аюулгүй ажиллагааны дүрэм Ерөнхий шаардлага БНБД 12-03-04”-ийн 4.5.0бъектын барилга байгуулалтад оролцогчид (захиалагч, зураг төсөл зохиогч, гүйцэтгэгч ...) энэхүү норм ба дүрмийн шаардлагыг зөрчвөл хуулиар тогтоосон хариуцлагыг хүлээнэ. Эдгээр шаардлагуудыг биелүүлэх барилгын үйлдвэрлэлд оролцогчдын үүргийг хүчин төгөлдөр мөрдөж буй хууль дүрмээр тодорхойлж, талуудын хооронд байгуулсан гүйцэтгэх, бэлтгэн нийлүүлэх, түрээс болон бусад ажил үйлчилгээний гэрээ, түүнчлэн ажил гүйцэтгэх тухай актуудаар тогтооно./ гэж заасан байдаг. Иймд 2022 оны 05 сарын 25-ны өдрийн 2022/277 дугаартай Ажил гүйцэтгэх гэрээний 4-д /Гүйцэтгэгч нь XI 1.1.104 Ерөнхий заалтын 19.1 Гүйцэтгэгч ажлын талбай дээрх бүх үйл ажиллагааны аюулгүй байдлыг хангана./ гэж заасны дагуу уг ажлыг дуусган улсын комисст хүлээлгэн өгөх хүртэл ажлын талбай дээрх хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн шаардлагыг бүрэн хангаж ажиллах үүргийг “*******” ХХК хүлээнэ.

 

Мөн Барилгын тухай хуулийн 40.1.5.-Д /барилгын ажлын талбайн орчны хөдөлмөр хамгааллын дэглэмийг сахиулж, гуравдагч этгээдийг барилгын ажлаас шалтгаалсан болзошгүй аюулаас урьдчилан сэргийлэх, хамгаалах арга хэмжээг авах/ гэсэн гүйцэтгэгчийн үүргийг биелүүлж ажиллаагүйгээс үүсэх үр дагаврыг хариуцах үүрэгтэй. Барьж байгаа барилга, байгууламжийн ойролцоох талбай, нутаг дэвсгэр нь үйлдвэрлэлийн аюултай хүчин зүйлүүд тохиолдож болзошгүй бүсэд хамаарагдах бөгөөд Барилгын үйлдвэрлэлийн хөдөлмөрийн аюулгүй ажиллагааны дүрэм Ерөнхий шаардлага БНБД 12-03-04”-д нийцүүлэн аюултай хүчин зүйлүүд тохиолдож болзошгүй газруудыг аюулгүйн тэмдэг бүхий хаалтаар хашиж тусгаарлаагүй, хүмүүсийн орох боломжийг хааж хаалт, хамгаалалт бүрэн хийгээгүй, нүх, суваг, шуудуу дээгүүр хөндлөн гарах гүүрэн гарц байрлуулж өгөөгүй зэрэг нь тухайн осол гарах шалтгаан болж, ухсан нүхэнд хүн унаж амь насанд нь эрсдэл үүсэх нөхцөл бүрдсэн байна. Мөн аюулгүй ажиллагааны тэмдэг нь аюултай, хортой хүчин зүйл бүхий орчинд үүсэж болзошгүй аюулыг урьдчилан сануулах, анхааруулах, ойлгуулах, аюулгүй байдлыг хангах зорилгоор ямар үйлдэл гүйцэтгэхийг зааж, шаардлагатай мэдээлэл өгөхөд зориулагдсан байдаг. Гэтэл хавтаст хэрэгт авагдсан хэргийн газрын зургаас харахад аюулгүй тэмдэг гэх самбар нь ойлгомжгүй, мэдээлэл авах боломжгүй, МNS 4643:1998 стандартад заасан аюулгүй ажиллагааны хориглох, анхааруулах, сануулах, заах тэмдгүүдийг ашиглаагүй, Монгол хэл дээр тайлбар бичиглэл хийгдээгүй, авто замын тэмдэг бүхий самбар байна.

 

-Ажил олгогч нь “Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн тухай” хуулийн 27 дугаар зүйлийн 27.1-т /Хөдөлмөрийн аюулгүй байдлыг хангах, хөдөлмөрийн нөхцөлийг сайжруулах, хууль тогтоомжийг хэрэгжүүлэх, хяналт тавих аж ахуйн нэгж, байгууллагын захирал /эзэн/, ажил олгогч шууд хариуцна/ заасан ба мөн хуулийн 35 дугаар зүйлийн 35.1,/Ажил олгогч нь үйлдвэрлэлийн цех, тасаг, хэсэг, ажлын байр бүрд хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн тухай хууль тогтоомж, нийтлэг шаардлага, стандартын хэрэгжилт, ажлын байран дахь эрсдэлийн үнэлгээний дагуу авагдсан арга хэмжээний биелэлтэд дотоодын хяналт тавина/ гэж заасны дагуу хөдөлмөрийн аюулгүй байдлын талаар дотоодын хяналт тогтмол тавьж ажиллаагүй;

 

          Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн асуудал хариуцсан ажилтан нь мөн хуулийн 27 дугаар зүйлийн 27.3.2. /хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн удирдлагын тогтолцоог нэвтрүүлэх, хэрэгжилт, үр дүнд хяналт тавих/; 27.3.3./хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн хууль тогтоомжийн шаардлага, стандарт, салбарын болон аж ахуйн нэгж, байгууллагын мөрдөх хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн дүрэм, журмын хэрэгжилтийн байдалд үзлэг, шалгалт хийлгэх, илэрсэн зөрчил дутагдлыг арилгуулах арга хэмжээ авах/ үүргээ бүрэн биелүүлж ажиллаагүй байна...” гэх дүгнэлт /хх-ийн 115-118 дугаар хуудас/ зэрэг хавтаст хэрэгт хуульд заасан журмын дагуу авагдаж, бэхжигдсэн шүүхийн хэлэлцүүлэгт хэлэлцэгдсэн нотлох баримтуудаар тогтоогдож байна гэж шүүх дүгнэлээ.

 

Мөрдөн шалгах ажиллагааны явцад Э.Ц нь ****** аймгийн ******* сумын **** багийн нутаг дэвсгэрт хийгдэж буй гэр хорооллын дахин төлөвлөлтийн ажлын ус хуримтлагдсан шуудуунд 2024 оны 06 дугаар сарын 12-ны өдөр иргэн Ж.Б нь унаж живэлтийн улмаас нас барсан гэх гэмт хэрэгт гэм буруутайгаа хүлээн зөвшөөрч, хэргээ хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэх тухай хүсэлтээ гаргажээ. 

 

Говь-Алтай аймгийн прокурорын газрын хяналтын прокурор Ө.Манзушир нь хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэх үндэслэлтэй гэж үзэж, хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэх тухай яллагдагчийн хүсэлтийг хүлээн авч 2024 оны 09 дүгээр сарын 20-ний өдрийн 90 дугаартай “хэргийг хялбаршуулснаар хянан шийдвэрлэх тухай” прокурорын тогтоол гаргаж, хуульд заасан хугацаанд мөрдөн байцаалт явуулж, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.1 дүгээр зүйлд заасан яллагдагч хэргээ хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэх хүсэлт гаргах тухай прокурорын саналыг 2024 оны 09 дүгээр сарын 24-ний өдөр яллагдагчид танилцуулж, яллагдагч Э.Ц нь хүлээн зөвшөөрч гарын үсэг зурж баталгаажуулснаар, мөн өдөр яллах дүгнэлт үйлдэн хэргийг шүүхэд шилжүүлсэн байна.

 

Шүүгдэгч Э.Ц холбогдох хэргийг хүлээн авч танилцаад хэргийг хянан шийдвэрлэхэд боломжтой гэж шүүх үзэж, шүүх хуралдааныг зарлан явуулахад Эрүүгийн хэрэг шийдвэрлэх тусгай журам зөрчөөгүй, хэргийг хялбаршуулснаар хянан шийдвэрлүүлэхээр ирүүлсэн Прокурорын тогтоол үндэслэлтэй байна.

 

Шүүгдэгч Э.Ц холбогдох хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэх хүсэлт нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 4 дэх хэсгийн 4.1-д “шүүгдэгч гэмт хэрэг үйлдсэн нь нотлох баримтаар нотлогдсон эсэх” гэж , 4.2-д “гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа сайн дураараа хүлээн зөвшөөрсөн эсэх” гэж, 4.3-д “прокурорын сонсгосон ял, албадлагын арга хэмжээг хүлээн зөвшөөрсөн эсэх” гэж, 4.4-д “хүлээлгэх эрүүгийн хариуцлагыг зөвшөөрсөн эсэх” гэж 4.5-д “гэмт хэргийн улмаас учруулсан хохирол, хор уршгийг нөхөн төлсөн, нөхөн төлөхөө илэрхийлсэн эсэх” гэж тус тус заасан шаардлагад нийцсэн гэж үзэн Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.3 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Э.Ц хүсэлтийг прокурор хүлээн авч шүүхэд шилжүүлсэн нь үндэслэлтэй байна.

 

Иймд шүүгдэгч Э.Ц Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан .”Хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний акт, хэлцлээр хүлээсэн үүргээ биелүүлээгүй, эсхүл бусад болгоомжгүй үйлдэл, эс үйлдэхүйн улмаас хүний амь насыг хохироосон” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцох үндэслэлтэй байна.

 

         2.Эрүүгийн хариуцлагын талаар:

 

          Шүүхээс шүүгдэгч Э.Ц Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан Хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний акт, хэлцлээр хүлээсэн үүргээ биелүүлээгүй, эсхүл бусад болгоомжгүй үйлдэл, эс үйлдэхүйн улмаас хүний амь насыг хохироосон” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсон тул эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй байна

 

Мөн хэрэгт авагдсан баримтаар шүүгдэгч Э.Ц нь гэмт хэрэг үйлдсэн нь нотлогдсон, гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа сайн дураараа хүлээн зөвшөөрсөн, гэмт хэргийн улмаас учруулсан хохирол, хор уршгийг нөхөн төлсөн, гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрсний улмаас үүсэх хууль зүйн үр дагаврыг шүүгдэгч нь ойлгосон байх тул шүүгдэгч Э.Цэ гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, прокурорын саналыг хүлээн авч, прокурорын саналын хүрээнд шүүгдэгчийн эрх зүйн байдлыг дордуулахгүйгээр эрүүгийн хариуцлага хүлээлгэх нь зүйтэй байна.

 

Прокурорын санал болгож, шүүгдэгчийн хүлээн зөвшөөрсөн Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн зүйлийн 1 дэх хэсгийн 1.2-д заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Э.Ц хорих ял оногдуулахгүйгээр 3 (Гурав) жилийн хугацаагаар тэнсэх нь Эрүүгийн хуульд нийцсэн бөгөөд шүүгдэгч тухайн эрүүгийн хариуцлагын хууль зүйн үр дагаврыг ухамсарлан ойлгосон байх тул Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар прокурорын саналыг баталж, шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэх хууль зүйн үндэслэлтэй байна.

 

Иймд шүүгдэгч Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн зүйлийн 1 дэх хэсгийн 1.2-д заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Э.Ц хорих ял оногдуулахгүйгээр 3 (Гурав) жилийн хугацаагаар тэнсэж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.5-д зааснаар тэнссэн хугацаанд оршин суух газар, ажлаа өөрчлөх, зорчин явахдаа хяналт тавьж байгаа эрх бүхий байгууллагад урьдчилан мэдэгдэх үүрэг хүлээлгэх албадлагын арга хэмжээ авч шийдвэрлэлээ.

 

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.3 дугаар зүйлийн зүйлийн 4, 5 дахь хэсэгт зааснаар шүүхээс хүлээлгэсэн үүргийг зөрчсөн, тэнссэн хугацаанд санаатай гэмт хэрэг үйлдсэн тохиолдолд тэнссэн шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, ял оногдуулахыг шүүгдэгч Э.Ц сануулав.

 

3.Гэм хор хохирлын талаар:

 

Гэмт хэргийн улмаас хохирогч Ж.Б амь нас хохирсон. Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Ж.Э 21,000,000 (Хорин нэгэн сая) төгрөг төлсөн. Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Ж.Э ...Ж.Б оршуулгын зардал болон бусад зардал хохиролд 21,000,000 төгрөгийг ***** ХХК төлсөн болно. Ж.Б төрсөн ганц дүү болох миний хувьд гомдол, санал нэхэмжлэх зүйлгүй... /хх27/ гэх хүсэлт хэрэгт авагдсан байх тул шүүгдэгч Э.Ц бусдад төлөх төлбөргүй гэж дүгнэлээ.

 

4.Бусад асуудлын талаар:

 

Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, хөрөнгө битүүмжлээгүй, шүүгдэгч цагдан хоригдоогүй, шүүгдэгч Э.Ц нь гэмт хэргийн улмаас учирсан хохиролд 21,000,000 (Хорин нэгэн сая) төгрөг төлсөн, шүүгдэгч бусдад төлөх төлбөргүй, шүүгдэгчээс гаргуулах эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, шүүгдэгчийн иргэний бичиг баримт шүүхэд ирээгүй зэргийг тус тус дурдах нь зүйтэй байна.

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 2, 5 дахь хэсэг, 36.2, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлүүдэд тус тус заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1.Шүүгдэгч ****** овгийн Э.Ц Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан Хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний акт, хэлцлээр хүлээсэн үүргээ биелүүлээгүй, эсхүл бусад болгоомжгүй үйлдэл, эс үйлдэхүйн улмаас хүний амь насыг хохироосон” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

 

2.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн зүйлийн 1 дэх хэсгийн 1.2-д заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Э.Ц-д хорих ял оногдуулахгүйгээр 3 (Гурав) жилийн хугацаагаар тэнссүгэй.

 

3.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.5-д зааснаар тэнссэн хугацаанд оршин суух газар, ажлаа өөрчлөх, зорчин явахдаа хяналт тавьж байгаа эрх бүхий байгууллагад урьдчилан мэдэгдэх үүрэг хүлээлгэх албадлагын арга хэмжээ авсугай.

 

4.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.3 дугаар зүйлийн зүйлийн 4, 5 дахь хэсэгт зааснаар шүүхээс хүлээлгэсэн үүргийг зөрчсөн, тэнссэн хугацаанд санаатай гэмт хэрэг үйлдсэн тохиолдолд тэнссэн шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, ял оногдуулахыг шүүгдэгч Э.Ц-д сануулсугай.

 

5.Шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Э.Ц-д урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

6.Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, хөрөнгө битүүмжлээгүй, шүүгдэгч цагдан хоригдоогүй, шүүгдэгч Э.Ц нь гэмт хэргийн улмаас учирсан хохиролд 21,000,000 (Хорин нэгэн сая) төгрөг төлсөн, шүүгдэгч бусдад төлөх төлбөргүй, шүүгдэгчээс гаргуулах эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, шүүгдэгчийн иргэний бичиг баримт шүүхэд ирээгүй зэргийг тус тус дурдсугай.

 

7.Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоолыг уншиж сонсгосноор хүчинтэй болохыг тайлбарласугай.

 

8.Шийтгэх тогтоолыг гардаж авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор зөвхөн Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн үндэслэлээр оролцогч давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.

 

9.Шийтгэх тогтоолд дээр дурдсан үндэслэлээр оролцогч давж заалдах гомдол гаргасан, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичсэн тохиолдолд шийтгэх тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Э.Ц-д авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                  А.ЭНХБААТАР