| Шүүх | Завхан аймгийн Тосонцэнгэл сум дахь сум дундын шүүх |
|---|---|
| Шүүгч | Бат-Очирын Өлзийхишиг |
| Хэргийн индекс | 141/2024/0055/Э |
| Дугаар | 141/2024/ШЦТ/64 |
| Огноо | 2024-09-18 |
| Зүйл хэсэг | 11.6.1., |
| Улсын яллагч | Б.Чулуунхүү |
Завхан аймгийн Тосонцэнгэл сум дахь сум дундын шүүхийн Шийтгэх тогтоол
2024 оны 09 сарын 18 өдөр
Дугаар 141/2024/ШЦТ/64
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Завхан аймгийн Тосонцэнгэл сум дахь сум дундын шүүхийн эрүүгийн хэргийн шүүх хуралдааныг шүүгч Б.Өлзийхишиг даргалж,
Улсын яллагч Б.Чулуунхүү
Шүүгдэгч Б.Н,
Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Батбаяр нарыг оролцуулан тус шүүхийн эрүүгийн хэргийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар Завхан аймгийн Тосонцэнгэл сум дахь сум дундын прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулж яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн шүүгдэгч Б.Нд холбогдох эрүүгийн 2424000000047 дугаартай хэргийг хялбаршуулсан журмаар хянан хэлэлцэв.
Шүүгдэгчийн биеийн байцаалт:...........................................................
Холбогдсон хэргийн талаар:
Шүүгдэгч Б.Н нь 2024 оны 07 дугаар сарын 27-ны өдөр Завхан аймгийн Тэлмэн сумын Баян-Айраг багийн нутаг “Шар бэлчир” гэх газарт “манай хүүхдийг шилбүүрээр ороолгосон байна” гэх шалтгаанаар хохирогч М.Аын биед халдаж улмаар эрүүл мэндэд баруун шуу, 2 бугалга, 2 хөх махны дээр, цээжний баруун дээд хэсэг, 2 мөр, дунд чөмөг, баруун хацрын дээд хэсэг цус хуралт, баруун чамархайн орой хэсэгт үс халзралт бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэгт холбогджээ.
Шүүгдэгч Б.Нд холбогдсон гэмт хэрэг нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11 дүгээр бүлэгт заасан хүний эрүүл мэндийн халдашгүй байдлын эсрэг гэмт хэрэгт хамаарч байна.
Шүүхийн хэлэлцүүлэгт хавтаст хэрэгт авагдсан яллах болон цагаатгах нотлох баримтуудыг шинжлэн судлаад ТОДОРХОЙЛОХ нь:
1.1. Шүүгдэгч 2024 оны 07 дугаар сарын 27-ны өдөр Завхан аймгийн Тэлмэн сумын Баян-Айраг багийн нутаг “Шар бэлчир” гэх газарт “манай хүүхдийг шилбүүрээр ороолгосон байна” гэх шалтгаанаар хохирогч М.Аын биед халдаж улмаар эрүүл мэндэд баруун шуу, 2 бугалга, 2 хөх махны дээр, цээжний баруун дээд хэсэг, 2 мөр, дунд чөмөг, баруун хацрын дээд хэсэг цус хуралт, баруун чамархайн орой хэсэгт үс халзралт гэмтэл учруулсан үйл баримт нь:
Хохирогч М.Аын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...Би анх 2024 оны 07 дугаар сарын 27-ны 14 цагийн орчимд манайхан хот айл хонио будаж тэмдэглээд хашаанаас нь гаргаад туугаад явж байсан хонь хэдэн хэсэг болоод тарсан байсан. Тэгтэл манай дүү Отгонбаатар гэх айлын хүүхэд Эрхэмбаяр шилбүүрээ хаячхаад явж байхаар нь шилбүүрийг нь аваад хонио туугаад нийлүүлээд явахад яадаг юм гээд хальт ороолгосон чинь гүйгээд яваад ээж Нандин-Эрдэнэ, аав Отгонбаатар нартаа хэлсэн байсан. Гэртээ ороод цайгаа уугаад сууж байхад Нандин-Эрдэнэ орж ирээд над руу Эрхэмбаярыг зодсон байна гээд байхаар нь юу хуцаад байгаа юм гээд халуун савны таг аваад Нандин-Эрдэнэ рүү орон дээр сууж байхад нь шидсэн. Тэгтэд хажууд нь унасан Нандин-Эрдэнэ намайг босож ирээд миний толгой руу 2 удаа цохисон тэгээд би Нандин-Эрдэнийн уруул хэсэг рүү нэг удаа цохисон Тэгээд намайг салгаач гээд дүү Отгонбаатарт хэлэхэд манай дүү Отгонбаатар хохь нь гээд сууж байсан. Тэгээд Нандин-Эрдэнэ миний баруун зүүг гар , цээж гэдэс хөх баруун зүүн хөл рүү бүх хэсэгт цохиж нүдсэн тэгээд тэр зуур манай хүүгийн эхнэр Цэвэлмаа салгах гээд хүчрэхгүй байсан тэгээд салаад би бэр Цэвэлмаагаар хүүхдүүд рүүгээ яриулсан тэгээд манай хүүхэд Пүрэвдаш, Пүрэвдорж нар ирж түргэн дуудаж эмчид үзүүлсэн. Би эмчилгээний зардлын мөнгөний баримтыг цуглуулаагүй. Мөнгийг би нэхэмжлэхгүй.У г хэрэгтэй холбоотой гаргах санал, хүсэлт, нэхэмжлэх зүйл байхгүй...” гэсэн мэдүүлэг /хх 18, 24/,
Гэрч Б.Цмөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...2024 оны 07 дугаар сарын 27-ны манайх буюу хадам ээж М.А, хадам ах М.Отгонбаатар, түүний эхнэр Б.Н бид нар хамт хонь будаж тэмдэглэсэн. Хадам ээж бид 2 өттэй хонио барьж цэвэрлээд
тавьсан. Отгонбаатар ах эхнэрийнхээ хамт хонио будаад хашаанаас гаргаад
байсан. Тэгээд хонио будаж, цэвэрлэж дуусаад хашаанаас гараад гэр рүүгээ
явцгаасан. Отгонбаатар ахын будаад гаргаад байсан хонь цааш явсан байхаар нь
Отгонбаатар ах Нандин-Эрдэнэ эгч 2 мотоциклоо унаад хонь руугаа явсан. Тэгтэл
манай хадам ээжийн Отгонбаатар ахын 2 хүүхдэд хандаад “хонио эргүүлээч, аав
чинь хонинд явчихлаа” гэхэд тэр 2 хүүхэд хариуд нь “үгүй” гэж хэлсэн. Би хадам
ээжтэй хамт хүүхдээ дагуулаад гэр рүүгээ яваад гэртээ ороод цай уугаад сууж
байтал гаднаас хадам ах Отгонбаатар, түүний эхнэр Нандин-Эрдэнэ нар орж
ирсэн. Нандин-Эрдэнэ эгч орж ирээд хадам ээжтэй хэрүүл хийгээд эхэлсэн. Тэгтэл
хадам ээж өөдөөс нь халуун савны таг аваад шидтэл Нандин-Эрдэнэ эгчийн
хажуугаар зөрөөд сууж байсан орон дээр нь унасан. Тэр үед Нандин-Эрдэнэ эгч
зүүн талын орон дээр харин хадам ээж гэрийн хоймор хэсэгт байх ширээний
хажууд суугаад тэр 2 хэрэлдээд байсан. Тэгж байгаад манай хадам ээж босож
ирээд орон дээр сууж байсан Нандин-Эрдэнэ эгчийн нүүрэн хэсэг рүү нь нэг удаа
цохисон, тэгтэл Нандин-Эрдэнэ эгч босож ирээд хадам ээжийг цохиод, орон дээр түлхэж авч очоод үснээс нь зулгаагаад, хэд хэдэн удаа
цохисон. Гар руу нь болон нүүр толгой хэсэг рүү нь хэд хэдэн удаа цохисон. Би яг
хэдэн удаа цохисон талаар мэдэхгүй байна. Нандин-Эрдэнэ эгч хадам ээжийг
цохиод байхаар нь би салгах гэсэн боловч намайг түлхчхээд цохиод байхаар нь хадам ээж Отгонбаатар ахад хандаад эхнэрээ аваач, хүн аллаа гэхэд
Отгонбаатар ах “хохь чинь, хохь чинь гээд суугаад байсан...” гэсэн мэдүүлэг /хх 27-29/,
Насанд хүрээгүй гэрч Л.Э мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...Намайг Ариунаа эгч хонио эргүүлээд ир гэхээр нь би хонины хажууд айлын нохой байсан учраас айгаад явж чадаагүй. Тэгээд би голын баруун талд байх хонины хашаанаас гэр рүүгээ явж байхад Ариунаа эгч хониндоо явдаггүй залхуу хүүхэд гээд хонины шилбүүрийг аваад миний баруун шилбэний хэсэг рүү нэг удаа ороолгосон...” гэсэн мэдүүлэг /хх 33-34/,
Гэрч М.О мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...Манайх 2024 оны 07 дугаар сард Завхан аймгийн Тэлмэн сумын Баян-Айраг баг Шар бэлчир гэх нэртэй газар эхнэр, 3 хүүхдийнхээ хамт П хамт зусаж байсан юм. Уг асуудал 2024.07.27-ны 13-14 цагийн хооронд хонио будаж дууссан. Тэгээд би будсан үлдсэн хонио хониндоо нийлээд ирсэн. Тэгтэл миний араас гэрт орж ирсэн. Манай хүү Эг төрсөн эгч Ариунжаргал /Ариунаа/ нь хонинд явсангүй гэх шалтгаанаар хүүг шилбүүрээр цохисон байсан...” гэсэн мэдүүлэг, /хх 36-37/,
Шинжээчийн 2024 оны 07 дугаар сарын 31-ний өдрийн 000000279 дугаартай “...М.Аын эрүүл мэндэд баруун шуу, 2 бугалга, 2 хөх махны дээр цээжний баруун дээд хэсэг, 2 мөр, зүүн дунд чөмөг, баруун хацрын дээд хэсэгт цус хуралт, баруун чамархай орой хэсэгт үс халзралт хохирол тогтоогдлоо. Учирсан хохирол нь хатуу мохоо зүйлийн 2 ба түүнээс дээш олон удаагийн үйлчлэлээр үүсгэгдсэн байх боломжтой тухайн хэрэг болох цаг хугацаанд үүссэн шинэ хохирол байна. Учирсан хохирол нь цаашид ерөнхий хөдөлмөрийн чадвар алдалтад тогтонги нөлөөлөхгүй. М.Аын эрүүл мэндэд учирсан хохирлууд нь Хүний эрүүл мэндэд учирсан хохирлын зэрэг тогтоох журмын 3.1.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул хохирлын хөнгөн зэрэгт хамаарна...” гэсэн дүгнэлт /хх 39-41/, гэмт хэргийн талаарх мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл /хх 1/, хүний биед үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтээр /хх 6-10/ тогтоогдож байна гэж үзлээ.
1.2. Шүүгдэгч Б.Н мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...Би хадам эгч Ариунжаргалаас манай хүүхдийг яагаад ороолгочихвоо гэж асуухад намайг хараалгаад элдвээр хэлээд байхаар би урдаас нь хэрэлдсэн. Намайг ирээд Баруун талын хацар хэсэг рүү алгадахаар нь би түлхээд зүүн талын орон дээр булгасан. Дахиад зүүн гараараа ам руу алгадах үед шигтгээтэй бөгж нь таараад сүүл дотор хэгзэлсэн юм. Тэгээд би зөрүүлээд хоёр гар руу гараараа ээлжлэн цохисон. Хэрэлдээд харилцан цохисон. Намайг ч гэсэн хадам эгч цохисон...” гэсэн мэдүүлэг нь хавтаст хэрэгт авагдсан бусад нотлох баримт болох хохирогч М.Аын мэдүүлэгтэй тохирч байх тул шүүх хохирогчийн бие эрх чөлөөнд халдсан үйл баримтыг давхар нотолж байна гэж дүгнэлээ.
1.3. Шүүгдэгч Б.Н: “...Гэм буруугаа хүлээн зөвшөөрч байна. Хэргийн талаар маргах зүйлгүй...” гэж гэм буруугийн талаар маргаагүй болно.
2. Прокуророос шүүгдэгч Б.Нд холбогдох эрүүгийн хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэхээр шүүхэд шилжүүлсэн байх бөгөөд түүнд холбогдох эрүүгийн хэрэгт мөрдөн шалгах ажиллагаанд хийгдвэл зохих ажиллагаа бүрэн хийгдсэн, дээрх нотлох баримтууд нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл журмаар цуглуулж, бэхжүүлэгдсэн, энэ хэрэгт хамааралтай, өөр хоорондоо зөрүүгүйн дээр мөрдөн шалгах ажиллагаанд оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хасаж, хязгаарласан зөрчил тогтоогдоогүй, шүүгдэгч нь гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа сайн дураараа хүлээн зөвшөөрч, прокурорын сонсгосон ял, албадлагын арга хэмжээг хүлээн зөвшөөрч, хохирогчид төлөх хохирол төлбөргүй, хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэх хүсэлтээсээ татгалзаагүй байх тул шүүх хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэх нь зүйтэй гэж дүгнэв.
3. Шүүгдэгчийн гэм буруугийн талаарх шүүхийн дүгнэлт:
Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэрэг нь хүний эрүүл мэндийн халдашгүй байдалд гэм буруугийн санаатай хэлбэрээр халдсан, эрүүгийн хариуцлага хүлээлгэхээр заасан нийгэмд аюултай, гэм буруутай үйлдэл юм.
Хүний эрүүл мэндийн халдашгүй байдлыг Хүний Эрхийн Түгээмэл Тунхаглалын 3 дугаар зүйлд “Хүн бүр амьд явах, эрх чөлөөтэй байх, халдашгүй дархан байх эрхтэй”, Монгол Улсын Үндсэн хуулийн Арван хоёрдугаар зүйлийн 13-д ”Иргэн бүр халдашгүй чөлөөтэй байх эрхтэй” гэж тус тус баталгаажуулжээ.
Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэрэг нь бусдын эрүүл мэндийг хохирооход чиглэсэн санаатай үйлдэл хийсний улмаас хохирогчийн биед хөнгөн зэргийн гэмтэл учирсан байдаг бөгөөд гэмт үйлдэл, хор уршиг хоёрын хооронд шалтгаант холбоотой байх шинжийг заавал агуулсан байхыг шаарддаг.
Шүүгдэгч Б.Н, хохирогч М.Аын биед халдсан үйлдэл хохирогчид учирсан баруун шуу, 2 бугалга, 2 хөх махны дээр, цээжний баруун дээд хэсэг, 2 мөр, дунд чөмөг, баруун хацрын дээд хэсэг цус хуралт, баруун чамархайн орой хэсэгт үс халзралт зэрэг гэмтэл хооронд шалтгаант холбоотой байна.
Шүүгдэгч Б.Н нь өөрийн үйлдлийн улмаас бусдад хохирол, хор уршиг учирна, хууль бус гэдгийг мэдсээр байж хүсэж үйлдэж байгаа нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.3 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт “Өөрийн үйлдэл, эс үйлдэхүйг хууль бус шинжтэй болохыг ухамсарлаж түүнийг хүсэж үйлдсэн, хохирол, хор уршигт зориуд хүргэсэн бол санаатай гэмт хэрэгт тооцно” гэж зааснаар гэм буруугийн санаатай хэлбэртэй байна
Иймд шүүгдэгч Б.Н үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэргийн шинжийг бүрэн агуулж байх тул түүний гэм буруутайд тооцож шийдвэрлэв.
4. Гэмт хэргийн улмаас учирсан хохирол, хор уршгийн талаар:
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.5 дугаар зүйлийн 1, 2 дахь хэсэгт “Энэ хуулийн тусгай ангид заасан гэмт хэргийн улмаас хүний амь нас, эрүүл мэнд, эд хөрөнгө, бусад эрх, эрх чөлөө, нийтийн болон үндэсний ашиг сонирхол, аюулгүй байдалд шууд учирсан үр дагаврыг гэмт хэргийн хохирол” гэж, мөн “...гэмт хэрэг үйлдэж хохирол учруулсны улмаас үүссэн үр дагаврыг гэмт хэргийн хор уршиг” гэж хуульчилжээ.
Шүүгдэгч Б.Н үйлдлийн улмаас хохирогч М.Аын эрүүл мэндэд хөнгөн хохирол учирсан болох нь шинжээчийн дүгнэлтээр тогтоогдсон байна.
Хохирогч М.А нь “...Б.Нэс гаргуулах хохирол төлбөргүй, гомдол санал, нэхэмжлэх зүйлгүй...” гэсэн байх тул шүүгдэгч Б.Н нь бусдад төлөх хохирол төлбөргүй болно.
5. Шүүгдэгчид хүлээлгэх эрүүгийн хариуцлагын талаар:
Шүүгдэгч Б.Н нь анх удаа гэмт хэрэг үйлдсэн болох нь “...Эрүүгийн хариуцлага хүлээж байсан талаар цагдаагийн газрын мэдээллийн санд бүртгэгдээгүй...” гэсэн эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудсаар тогтоогдож байна. /хх 84/
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 5 дахь хэсэгт “...Шүүх хялбаршуулсан журмаар хэргийг хянан шийдвэрлэх үндэслэл тогтоогдвол шүүгдэгчийг гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэг, 5.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсэг, 5.5 дугаар зүйлийн 4 дэх хэсэг, 6.7 дугаар зүйлд заасныг баримтлан шүүгдэгчийн эрх зүйн байдлыг дордуулахгүйгээр эрүүгийн хариуцлага хүлээлгэх тухай шийдвэр гаргана” гэж заасан байх тул шүүгдэгчид прокурорын саналын хүрээнд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 500 нэгжтэй тэмцэх хэмжээний буюу 500,000 төгрөгөөр торгох ял оногдуулах зүйтэй гэж шүүх үзлээ.
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Нд оногдуулсан торгох ялыг шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болсон өдрөөс хойш 4 сарын дотор төлөхөөр тогтоож, мөн зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын 15 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг 1 хоногоор тооцож хорих ялаар солихыг дурдав.
6. Шийдвэрлэвэл зохих бусад асуудлын талаар:
Шүүгдэгч Б.Н нь цагдан хоригдсон хоноггүй, түүнээс гаргуулах эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан, битүүмжлэгдсэн зүйлгүй болохыг тус тус дурдаж, шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгчид авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлж шийдвэрлэх нь зүйтэй байна.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 5 дахь хэсэг, 36.2 дугаар зүйлийн 1, 2, 3, 4 дэх хэсэг, 36.6, 36.7, 36.8 дугаар зүйлд заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Шүүгдэгч Л овогт Б Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Н 500 /таван зуу/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500,000 /таван зуун мянга/ төгрөгөөр торгох ял оногдуулж шийтгэсүгэй.
3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Нд оногдуулсан торгох ялыг шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болсон өдрөөс хойш 4 /дөрөв/ сарын дотор хэсэгчлэн төлөхөөр тогтоосугай.
4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Н нь торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын 15 /арван тав/ нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг 1 /нэг/ хоногоор тооцож хорих ялаар солихыг дурдсугай.
5. Шүүгдэгч Б.Н нь цагдан хоригдсон хоноггүй, түүнээс гаргуулах эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, хохирогчид төлөх хохирол төлбөргүй, хохирогч гомдол, саналгүй, нэхэмжлэх зүйлгүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж, битүүмжлэгдсэн зүйлгүй болохыг тус тус дурдсугай.
6. Шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Б.Нд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
7. Шүүхийн шийдвэр уншиж сонсгосноор хүчинтэй болохыг дурдсугай.
8. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 7 дахь хэсэгт зааснаар шүүхийн шийдвэрт талууд, оролцогч гагцхүү Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн тохиолдолд гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Завхан аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Б.ӨЛЗИЙХИШИГ