| Шүүх | Завхан аймгийн Тосонцэнгэл сум дахь сум дундын шүүх |
|---|---|
| Шүүгч | Бат-Очирын Өлзийхишиг |
| Хэргийн индекс | 141/2024/0054/Э |
| Дугаар | 2024/ШЦТ/63 |
| Огноо | 2024-09-13 |
| Зүйл хэсэг | 17.12.1., |
| Улсын яллагч | Б.Чулуунхүү |
Завхан аймгийн Тосонцэнгэл сум дахь сум дундын шүүхийн Шийтгэх тогтоол
2024 оны 09 сарын 13 өдөр
Дугаар 2024/ШЦТ/63
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Завхан аймгийн Тосонцэнгэл сум дахь сум дундын шүүхийн эрүүгийн хэргийн шүүх хуралдааныг тус шүүхийн шүүгч Б.Өлзийхишиг даргалж,
Улсын яллагч Б.Чулуунхүү,
Хохирогчийн өмгөөлөгч М.Г
Шүүгдэгчийн өмгөөлөгч Н.Г
Хохирогч Б.М,
Гэрч Ж.Б,
Шүүгдэгч Д.Э,
Нарийн бичгийн дарга Л.Золбоо нарыг оролцуулан тус шүүхийн эрүүгийн хэргийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар Завхан аймгийн Тосонцэнгэл сум дахь сум дундын прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-т заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн шүүгдэгч Д.Эд холбогдох эрүүгийн 232400890030 дугаартай хэргийг хянан хэлэлцэв.
Шүүгдэгчийн биеийн байцаалт:
......................................................................................
Холбогдсон хэргийн талаар:
Шүүгдэгч Д.Э нь 2023 оны 08 дугаар сарын 07-ноос 08-ны өдрийн хооронд Завхан аймгийн Их-Уул сумын Цэцүүх багийн “Их Жаргалант” гэх газраас хохирогч Б.М эзэмшлийн 3 тооны үхэр буюу олон тооны малыг хулгайлж, хохирогчид 3,000,000 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.
Шүүгдэгч Д.Эы холбогдсон хэрэг нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17 дугаар бүлэгт заасан “өмчлөх эрхийн эсрэг” гэмт хэрэгт хамаарч байна.
Шүүхийн хэлэлцүүлэгт хавтаст хэрэгт авагдсан яллах болон цагаатгах нотлох баримтуудыг шинжлэн судлаад ТОДОРХОЙЛОХ нь:
1.1. Шүүгдэгч Д.Э нь 2023 оны 08 дугаар сарын 07-ны өдрөөс 08-ны өдрийн хооронд Завхан аймгийн Их-Уул сумын Цэцүүх багийн нутаг “Их Жаргалант” гэх газраас хохирогч Б.М эзэмшлийн 3 тооны үхрийг хулгайлсан гэх хэргийн үйл баримт нь:
1. Хохирогч Б.М мөрдөн шалгах ажиллагаанд болон шүүх хуралдаанд өгсөн: “...2023 оны 08 дугаар сарын 10-ны орчим манайх Цэцүүх баг Дунд Цэцүүхийн адаг руу нүүх гээд үхрээ малаа бөөгнүүлэхэд манай өөрийн эзэмшлийн үхрээс Эвэртэй халтар бүдүүн сувай үнээ, мухар хар дөнжин үнээ, мухар хар, 3 жилийн харын сувай үнээ зэрэг нийт 3 тооны үхэр байхгүй байсан. Тэгэхээр нь малаа хүнд хөлсөөр харуулчхаад Архангай аймгийн Цахир, Хөвсгөл аймгийн Жаргалант, Галт зэрэг сумдаар 1 сар гаруй хугацаанд хайгаад олоогүй мөн Их-Уул сумын Зарт баг болон сумын төвөөр эрж хайсан. Миний өөрийн эзэмшлээс алдагдсан гэх 3 сарлагийн үхэр бол миний өөрийн тугал үхэр. Эвэртэй, халтар зүсмийн, зөв талын чих нь үзүүрээсээ оно имтэй, нас гүйцсэн сувай үнээ, мухар, хар зүсмийн, зөв талын чих нь үзүүрээсээ оно имтэй, дөнжин, сувай үнээ, мухар, хар зүсмийн, зөв талын чих нь үзүүрээсээ оно имтэй, 3 жилийн харын сувай, нас гүйцсэн үнээ. Манайх Их-Уул сумын Цэцүүх баг Дунд Цэцүүхийн Их Жаргалант гэх газарт зусландаа байсан. Намайг үхэр алдсан талаар манай нутгийн иргэд мэднэ. Би ойр орчим нутаглаж байсан хүмүүст хэлж захиж байсан. Миний өөрийн тугал үхрүүд тул ижил сүргээсээ тасарч байгаагүй. Би тухайн үхрүүдээ тус бүрийг 1.5 саяар үнэлнэ. Хөвсгөл аймгийн Жаргалант сум Цахирын даваа гэх газарт миний алдсан 3 тооны үхэртэй ижил зүс, шинж тэмдэгтэй 3 тооны үхрийг 2023 оны 08 дугаар сарын 12-13-ны өдрийн орчим хашаатай байхыг манай сум багийн малчин Батбаяр гэх хүн тухайн газрын хажуугаар нь явахдаа харсан байсан. Тухайн 3 тооны үхрийг Хөвсгөл аймгийн Жаргалант сумын иргэн Нэргүй гэх ирж ачиж яваад сумын төв оруулаад эвэртэй халтар үхрийг нь махалж зараад үлдсэн 2 үхрийг нь өөр хүнд худалдан борлуулсан байсан. Тухайн 3 тооны үхрийг манай сум багийн иргэн аймгийн алдарт уяач Доржийн Э гэх аваачиж хашсан гэж хүмүүсээс сонссон. Нэргүй гэх иргэн Д.Э гэгчид халиун морь, буурал даага 2 зарсныхаа үнэнд авсан гэж ярьсан. Тус газрын ойролцоо байсан Жагай гэх залууд энэ үхрийг Жаргалант сумаас хүн ирж авна гэж хэлээд хашаанд үлдээсэн байсан юм билээ. Яг тухайн 3 үхрийг Нэргүй гэгч ирээд ачих үед Жагай, Баатар, Батбаяр нар ачиж өгсөн байсан. Би тухайн алдсан малаа олж авмаар байна. Би алга болсон үеэс эхлэн өнөөдрийг хүртэл сураг ажиг тавьж эрэн хайж байгаа. ...Би өмнөх мэдүүлэгтээ мал алдсан хугацаагаа 2023 оны 08 дугаар сарын 10-ны орчим байх гэж мэдүүлсэн юм. Яг нарийн санаад он сар хөөхөөр манайх Завхан аймгийн Их-Уул сумын Цэцүүх баг Их Жаргалант гэх газраас Дунд Цэцүүхийн адаг гэх газар руу нүүх гээд 2023 оны 08 дугаар сарын 08-ны өдөр үхрээ малаа бөөгнүүлэхэд манай өөрийн эзэмшлийн үхрээс дээрх алдагдсан гэх 3 тооны үхэр байхгүй байсан байна. Манайх Их-Уул сумын Цэцүүх баг Дунд Цэцүүхийн Их Жаргалант гэх газарт зусландаа байсан. Д.Э гэх айлтай манайх голын наана цаана ойрхон байсан. Ойролцоогоор 1 километр гаруй л байх, манайхны мал бэлчээр усаар нийлсэн л байдаг юм. Нэргүй буюу Ж.Б гэх иргэнээс Д.Э гэгч халиун морь худалдан авсныхаа үнэнд миний үхрийг хулгай хийн аваачиж өгсөн байсан. Намайг Завхан аймгийн Их-Уул сумын Их-Жаргалант гэх газарт ганцаараа хонио хариулаад явж байхад Д.Э эхнэртэйгээ хамт ирээд хонины бэлчээр дээр надтай уулзаад би Б үхрийг авах гэж байгаад андуураад танай хулгайд алдсан гэх 3 тооны сарлагийн үхрийг авсан байна. Би үхрийг чинь төлж өгнө. Би олон жил шоронд явах гээд байна. Хохирлыг чинь ямар ч байсан барагдуулна. Хэрэв танайх гэдгийг мэдсэн бол би авахгүй байсан гэж хэлсэн. Түүнийг тэгж хэлэхээр нь би 2 хоногийн дараа түүнийг адууныхаа хашаан дээр хүмүүстэй байхаар нь очоод за надтай ямар яриа хөөрөө байна гэхэд одоо юу байх вэ дээ гэхээр нь за за хүмүүсийн хажууд санаа зовоод ярьж чадахгүй байгаа юм байлгүй дээ гэж бодоод тодруулж асуулгүй явсан...” гэсэн мэдүүлэг /хх 31-32, 35, 37-38/
Гэрч Г.Б мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...2023 оны 08 дугаар сарын 08-ны өглөө Завхан аймгийн Их-Уул сумын Цэцүүх багт Дунд Цэцүүхэд байрлах өөрийн гэрээсээ малд явсан юм. Би малд явахдаа Хөвсгөл аймгийн Жаргалант сумын нутаг дэвсгэр Цэцүүхийн Цахирын даваан дээр явж байх үед тухайн газарт нутаглаж байсан А гэх залуугийнх гэрээ буулгаад буурь сэлгэж ойрхон нүүж байсан бөгөөд би цаашаа малдаа явчхаад ирэхэд гэрээ барих гэж байсан. Би гэрийн модноос босголцож өгчхөөд явах үед үхрийн хашаан дээр 3 тооны хар зүстэй, 2 мухар, 1 эвэртэй сарлагийн нийт 3 үхэр хашаатай харагдсан би тухайн үед яагаад хашсан үхэр юм бол гэж бодоод өнгөрсөн. Гэтэл манай багийн малчин М гэх хүний 3 тооны сарлагийн сувай үнээ алга болсон талаар яриа болоод би Мад намайг явж байх үед Цахирын даваанд А гэх залуугийн хаваржааны хашаан дээр үхэр хашаатай байсныг хэлсэн. Э гэх хүний 3 тооны үхэр хашсан хашаа бол А гэх залуугийн эзэмшлийнх байх хаваржааны газарт шургаагаар барьсан үхрийн хашаа байсан. Тус хашаа нь Хөвсгөл аймгийн Жаргалант сумын Цэцүүх багийн Цахирын даваанд хамаарна. Д.Э 3 тооны үхрийг Хөвсгөл аймгийн Жаргалант сумын иргэн Бтэй хурдан морины наймаа хийсэн түүнийхээ өртгөнд өгсөн гэж дуулсан. 2023 оны 08 дугаар сарын 08-ны өглөө 08 цагийн орчим намайг Цахирын даваан дээр явж байхад 3 үхэр хашаатай байсан. Аын гэрийн гадаа Э байсан. Мориор тууж очсон байх морьтой явсан. Ямар нэгэн им байсныг анзаарч ойртож сайн хараагүй. Э бор морьтой явсан...” гэсэн мэдүүлэг /хх 40-41/,
Гэрч П.Аын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...2023 оны 08 дугаар сарын 07-ны өдөр манай найз Нэргүй буюу Б манайд нэг залуугийн хамт ирээд найз нь Их-Уул сумын Тайван гэх хүнээс 3 үхэр авахаар боллоо би мостгүй машинтай тул Цахирын даваа өөд гарахгүй байх танай энд хашаан дээр маргааш авчраад өгнө гэсэн би ирж авна гээд явсан. 2023 оны 08 дугаар сарын 08-ны өглөө манайх нүүх гээд гэр буулгах гэж байтал Тайван буюу Э гэх хүн манай малын хашаанд 3 үхэр авч ирж хашчихаад надтай хамт машин дээр мод ачиж өгчхөөд ах нь ажилтай гээд яваад өгсөн. Би ч гэрээ ачиж дуусаад нүүсэн. Тухайн өдөр үдийн үед манай найз Нэргүй буюу Б өөрийнхөө Бонго-3 маркийн машинтай ганцаараа ирээд би тухайн 3 үхрийг нь хамт ачиж өгөөд явуулсан. Манайх Хөвсгөл аймгийн Жаргалант сумын Цэцүүх багийн Булагтын ам гэх газарт нутаглаж байгаад буурь сэлгээд тус өдөр Цахирын дээд даваа гэх газарт буусан. Э гэх хүний 3 тооны үхэр хашсан хашаа бол миний эзэмшлийн хаваржааны газарт байх хашаа. Тухайн газрын оноосон нэр нь Хөвсгөл аймгийн Жаргалант сумын Цэцүүх багийн Цахирын давааны Булагт гэх газар. Ерөнхий нэршлээрээ бол Цахирын даваа гэх нэршилд хамаарагдана. Э нь “Ах нь Нэргүй буюу Бтэй хурдан морины наймаа хийсэн түүнийхээ өртгөнд өгч байгаа юм. Б ирээд авах байх” гэж л хэлсэн. Завхан аймгийн Их-Уул сумын Цэцүүх багийн нутаг Дунд Цэцүүхийн мухарын ам гэх газарт байсан. Энэ 2 газар ойролцоогоор хоорондоо 10 километр орчим зайтай. Цахирын давааны 2 талын л нутаг. Д.Э гэх хүний хашсан байсан 3 тооны үхэр бол эвэртэй халтар сарлагийн үнээ, оодон сүүлтэй банхагар толгойтой мухар хар сарлаг үнээ, шөвгөрдүү хошуутай мухар хар сарлагийн дөнжин бололтой үнээ байсан. Ямар нэгэн им байсан эсэхийг сайн хараагүй...” гэсэн мэдүүлэг /хх 53-54/
Гэрч Ж.Бгийн мөрдөн шалгах ажиллагаанд болон шүүх хуралдаанд өгсөн: “...Би Завхан аймгийн Их-Уул сумын Цэцүүх багийн иргэн Тайван буюу Э гэх хүнтэй 2023 оны 03 дугаар сүүлээр манай суманд хурдан морины уралдаан болох үед танилцаад миний тэжээж байсан Халиун морийг үзчихээд ах нь худалдан авъя гэж яриа хийж тохироод 2023 оны 04 дүгээр сард Халиун морио машинаар ачаад Хөвсгөл аймгийн Жаргалант сумын Цэцүүх багийн нутаг Цахирын даваан дээр аваачиж өгөөд Э мориор ирж авч явсан. Анх наймаа хийж ярихдаа миний халиун морийг 4 сая төгрөгөөр мөнгөөр авна гэж тохирсон боловч сүүлдээ мөнгө төгрөгөө өгөхгүй болохоор нь 2023 оны 08 дугаар сарын 07-ны өдөр би өөрийн найз Батбаярын хамт мотоциклоор Э гэх хүний нутаглаж байсан газарт очоод мөнгөө нэхтэл ах нь чамд 3 сувай үнээ өгье маргааш чи ирээд авчих гэхээр нь та маргааш надад Цахирын даваан дээр гаргаж ирж өгөөрэй миний машин мостгүй тул даваа өөд гарахгүй гэж хэлээд явсан. Би явах замдаа найз Аынхаар дайраад маргааш Э 3 үхэр танай ийшээ авч ирж өгөх байх найз нь машинаар ирж ачиж авна гэж хэлээд явсан. Маргааш өдөр нь буюу 2023 оны 08 дугаар сарын 08-ны өдөр Хөвсгөл аймгийн Жаргалант сумаас өөрийнхөө Бонго-3 маркийн 10-89 ХӨҮ улсын дугаартай, цагаан өнгийн тээврийн хэрэгслээр Хөвсгөл аймгийн Жаргалант сумын Цэцүүх багийн нутаг Цахирын даваа гэх газарт байрлах найз Аынхаа хаваржааны малын хашаан дээрээс ирж 3 тооны сарлагийн сувай үнээг ачсан. Эвэртэй халтар үнээ ааштай байсан учир нядалсан. Хашаанаас ачихад эвэртэй халтар нь хашаа мөргөж гарахаар нь мориор хөөгөөд бугуйлдаж авсан. Тиймээс Жаргалант сумын төв оруулан эвэртэй халтар зүсний сувай үнээг нь нядалж махыг нь зарсан. Тэгээд Г.Чинбат гэх хүнд 2023 оны 08 дугаар сарын 09-ний өдөр 2 үнээг нь 2,600,000 мянган төгрөгөөр зарсан. Гэтэл Г.Чинбат гэх хүн өөр хүнд Архангай аймаг руу өгч явуулаад тухайн үхэр авсан хүн нь Хөвсгөл аймгийн Жаргалант сумын 1-р багийн нутаг дэвсгэр Ороохын даваа гэх газарт явж байгаад сумын цагдаатай таараад гарал үүсэлгүй гээд төв ороод ирлээ гэж надад хэлээд 2023 оны 08 дугаар сарын 10-ны өглөө сумын засаг даргын тамгын газар дээр малын А данс шүүлгэж байгаад Г.Чинбатад бас нэг хайнаг үхэр зарсан гэх Ц.Ганболдыг өөрийнхөө үхрийн гарал үүсэлтэй хамт сумын малын эмч Цэрмаасүрэн гэх хүнээс очоод гарал үүсэл авчих гээд явуулсан. Ганболд өөрийнхөө зарсан үхэр дээр болон миний зарсан 2 үхэрт гарал үүсэл авч өгөөд тухайн 3 тооны үхрийг ачсан машин нь явсан байсан. Эгийнх Завхан аймгийн Их-Уул сумын Цэцүүх багийн нутаг дэвсгэр Дунд цэцүүхийн мухар гэх газарт байсан. Би оройхон очих үед үнээний зэлэн дээрээ эхнэрийнхээ хамт байсан. Надад ямар нэгэн байдлаар энэ үхэр шүү гэж зүсэлж өгөөгүй. Маргааш 3 тооны сувай сарлагийн үнээ ирж ав гэсэн. Э гэх хүний надад өгөх 3 тооны үхрээ хашсан хашаа бол манай найз Аын эзэмшлийн хаваржааны газарт байх хашаа. Тухайн газрын оноосон нэр нь Хөвсгөл аймгийн Жаргалант сумын Цэцүүх багийн Цахирын давааны Булагт гэх газар. Ерөнхий нэршлээрээ бол Цахирын даваа гэх нэршилд хамаарагдана. Манай найз Аыг 2023 оны 08 дугаар сарын 08-ны өглөө нүүх гэж байхад мориор 3 сарлаг үхэр тууж ирж хашсан гэж байсан. Эвэртэй халтар сарлагийн үнээ, оодон сүүлтэй саглагар толгойтой мухар хар сарлаг үнээ, шөвгөрдүү хошуутай мухар хар сарлагийн үнээ байсан. Ямар нэгэн им байсан эсэхийг сайн хараагүй. Бага залуу үнээнүүд байсан...” гэсэн мэдүүлэг /хх 46-47/
Гэрч Б.Г мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...Би Э гэх хүнийг сайн танихгүй. Энэ хүн манай нөхрөөс 2023 оны хавар морь худалдан авч байсан тэр үед л харсан. Халиун зүсмийн 1 тооны морийг 4 сая төгрөгөөр манайхаас худалдан авсан. Тэр хүн тухайн үед мөнгө төгрөг өгөөгүй авсан. 2023 оны 08 дугаар сард манай нөхөрт морины үнэ хөлсөндөө 3 тооны үхэр өгсөн байсныг манай нөхөр очиж ачиж ирсэн. Манай нөхөр Их-Уул сумын Цэцүүх баг Жаргалант сумдын залгаа нутаг Цахирын даваа гэх газраас 3 тооны сарлагийн сувай үнээнүүд өөрийнхөө Портероор явж 2023 оны 08 дугаар сарын 08-ны өдөр ачиж ирсэн. Тухайн 3 үхрийн 1 нь эвэртэй халтар, 2 нь мухар хар зүсмийн залуу үнээнүүд байсан. 2023 оны 08 дугаар сарын 09-ний өдөр эвэртэй халтар үнээг нь махлаад махыг нь зарсан. Үлдсэн 2 үхрийг нь Гарамын Чинбат гэх хүнд зарсан...” гэсэн мэдүүлэг /хх 49 /,
Гэрч Х.Ц мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...Би Хөвсгөл аймгийн Жаргалант сумын 5-р багийн Ж.Б гэгчид 1 хар зүсмийн сарлагийн эм үхэрт гэрчилгээ олгосон. Тухайн иргэн малын А дансаар 1 үхэр тоологдсон байсан тул 1 үхэр дээр бичсэн. Хаанаас авсан эсэхийг мэдэхгүй. Архангай аймгийн Тариат сумын Цагааннуур 2-р багийн иргэн А гэх хүн хариуцан авч явсан. Ж.Б хэлэхдээ би энэ хүнд энэ үхрийг зарж байгаа гэж хэлсэн...” гэсэн мэдүүлэг /хх 51 /,
Гэрч Б.А мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...Би 2023 оны 08 дугаар сарын 09-ний өдөр Хөвсгөл аймгийн Жаргалант суманд ирж 2 үхэр ачсан. Тухайн үед Архангай аймгийн Их тамир сумаас миний танил дүү болох Г.Ренчинсамбуу гэх залуу ахаа би Хөвсгөл аймгийн Жаргалант сумаас машин зарсны үлдэгдэлд мал авахаар боллоо ачаад өг гэхээр би Жаргалант суманд ирж тухайн 2 тооны үхрийг ачаад Архангай аймгийн Их тамир сум оруулж Ренчинсамбуугийн аав Гантулга гэх хүний үхэрт аваачиж буулгаад буцаж ирсэн. Би мухар хар зүсмийн сувай үнээнүүд ачсан. Имийг нь сайн ажиглаагүй. Тухайн 2 үнээ нь ямар нэгэн будаг болон бусад тэмдэглэгээ байхгүй байсан. Миний танил дүү Г.Ренчинсамбуу машин зарсны үнийн үлдэгдэлд Г.Чинбат гэх хүнээс мал авна гээд тус иргэнээс 2 тооны сарлагийн үхрийг Хөвсгөл аймгийн Жаргалант сумын төвөөс хашаанаас ачсан. Г.Чинбат гэх тэр 2 үхрийг Жаргалант сумын иргэн Ж.Б гэгчээс авсан гэж байсан. Өөрийн тугал үхэр биш гэж байсан. Би эдгээр хүмүүсийг огт танихгүй үхэр ачих гэж ирэх тэр үед л харсан. Би өөрийнхөө эзэмшлийн 23-07 АРХ улсын дугаартай цагаан өнгийн Портер машинаас ачиж явсан. Би Архангай аймгаас Ренчинсамбуугийн хамт ирсэн. Мал авсан айлд Ж.Б болон түүний эхнэр, Г.Чинбат гэх хүмүүс байсан...” гэсэн мэдүүлэг /хх 56/,
Гэрч Г.Ч мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...Би 2023 оны 08 дугаар сарын 09-ний өдрөөс 10-ны өдрийн хооронд Р гэх хүнд Хөвсгөл аймгийн иргэн Ж.Б гэх хүнээс 2 тооны үхэр худалдан авч Р гэх хүний унаж явсан цагаан өнгийн супер Портер маркийн тээврийн хэрэгсэл дээр Жаргалант сумын Хөнжлийн гол гэх газраас ачиж өгсөн. Тэгээд Архангай аймгийн Их Тамир сум руу явна гээд хөдлөөд явсан. Би тухайн иргэнд хоёр тооны хар зүсмийн сарлагийн үнээг өгсөн. Тухайн хоёр үхрийн эзэмшигч нь Хөвсгөл аймгийн Жаргалант сумын иргэн Ж.Б гэх хүн байгаа юм...” гэсэн мэдүүлэг /хх 64-66/,
Гэрч Г.Р мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...Миний бие өөрийн Приус-30 маркийн автомашинаа Хөвсгөл аймгаас манай суманд оторлож ирлэг Ламжав гэх хүний хамаатан болох Чинбатын хүүд 2022 оны 12 дугаар сард 15.000.000 төгрөгөөр зарсан. Тэгсэн чинь тухайн үед бэлэн 10.000.000 төгрөг өгөөд 5.000.000 төгрөгт нь хавар мал өгье гэж хэлсэн. Чинбатын хүүг Даваадорж гэдэг бөгөөд би хавар 5.000.000 төгрөгийн малаа авч чадаагүй байж байгаад 2023 оны 08 дугаар сарын эхээр би өөрийн авлагатай малаа авах гээд Хөвсгөл аймгийн Жаргал сум руу очсон. Тийшээ очихдоо би Архангай аймгийн Тариат сумын А гэх ахын гэрт очоод автомашиныг нь гуйгаад бид 2 хамт явсан. Миний авлагатай айл болох Чинбатынх нь Хөвсгөл аймгийн Жаргал суманд байдаг юм. Тэгээд А ах бид 2 малаа авчхаад 20 цагийн үед буцаад А ахын гэрт бараг ирэх гэж байхад бид хоёрын араас цагдаа нар хөөж ирээд бид хоёрыг Хөвсгөл аймгийн Жаргал сум руу буцаагаад аваад явсан. Тэгээд бид хоёр буцаад Жаргал сум руу очих гэж байхад шөнийн 01 цаг орчим болж байсан. Бид 2 тэр шөнө цагдаа дээр юун мал ачиж яваа талаараа мэдүүлэг өгсөн. Тэгээд өглөө нь ачиж явсан гурван малынхаа гарал үүслийн бичгийг авчхаад буцаад Архангайн Тариат суман дээрээ ирсэн. Тариат дээр хайнагийн 1 эр үхрийг нь 1.350.000 төгрөгөөр таарсан нэг хүндээ зарчихсан. Тэгээд нөгөө 2 үхрийг нь би Архангай Тариат суманд байх гэрийнхээ гадна малын хашаанд байлгаж байсан. Тэгсэн чинь 8 дугаар сарын сүүлээр нэг үхэр нь модонд орооцолдоод 1 нүдээ сохолчихсон байсан. Тэгэхээр нь үхэхээс нь өмнө тэр үхрийг махлаад 950.000 төгрөгт зарсан. Энэ явдлаас 7 хоногийн дараа нөгөө 3 үхрээс үлдсэн нэг үхэр нь нутаг руугаа гүйж байсан юм байна лээ. Тэрийг манай аав харчхаад араас нь хөөж очих гэж байхдаа мотоциклтойгоо осолдоод бэртчихээр нь би тэр үхрийг тэнд нь очингуутаа шууд нядлаад 970.000 төгрөгөөр зарсан. Тэгээд байж байтал одоогоос сарын өмнө над руу Завхан аймгийн цагдаагийн газраас нэг хүн залгаад та ирж мэдүүлэг өг гэж надад хэлсэн. Миний бие Д.Э болон Ж.Б нарыг огт танихгүй бөгөөд сонсож байгаагүй хүмүүс байна. Харин Гарамын Чинбатыг таньдаг бөгөөд энэ ахын хүүд өөрийн автомашинаа зараад Чинбатаас 3 тооны малыг автомашины мөнгөндөө авч байсан...” гэсэн мэдүүлэг /хх 69-70/, гэмт хэргийн талаарх гомдол мэдээлэл гаргасан тэмдэглэл, хохирогчийн цагдаагийн байгууллагад гаргасан өргөдөл, таньж олуулах ажиллагаа хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтээр тус тус тогтоогдож байна гэж шүүх үзлээ.
1.2. Шүүгдэгч Д.Э шүүх хуралдаанд: “...Би 2021 оны 07 дугаар сарын эхээр Баянхонгор аймгийн Гурван булаг сумын харьяат Хүрлээ гэх хүнээс 2 тооны нас би гүйцсэн эр үхэр, 10 гаруй нас бие гүйцсэн бүдүүн үнээ, охин Бяруу нэг, 5-6 гунж буюу нийт 20 орчим тооны үхэр худалдаж авсан. Уг үхрээс 3 үхрийг өгсөн. Би Мын үхрийг аваагүй...” гэсэн мэдүүлэг нь хавтаст хэрэгт авагдаж шүүх хуралдаанаар шинжлэн судлагдсан нотлох баримтаар үгүйсгэгдэж байна.
2. Шүүгдэгч Д.Эд холбогдох эрүүгийн хэрэгт мөрдөн шалгах ажиллагаанд хийгдвэл зохих ажиллагаа бүрэн хийгдсэн, дээрх нотлох баримтууд нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл журмаар цуглуулж, бэхжүүлэгдсэн, энэ хэрэгт хамааралтай, өөр хоорондоо зөрүүгүйн дээр мөрдөн шалгах ажиллагаанд оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хасаж, хязгаарласан зөрчил тогтоогдоогүй байх тул хэргийг хянан шийдвэрлэхэд хангалттай байна.
3. Гэм буруутайд тооцох шүүхийн дүгнэлт:
Мал хулгайлах гэмт хэргийн үндсэн шинж нь гэмт этгээд бусдын эзэмшил, өмчлөлийн малыг эзэмшигч болон өмчлөгчид нь мэдэгдэлгүйгээр, хүч хэрэглэхгүйгээр, үнэ төлбөргүйгээр, хууль бусаар, нууц аргаар, шунахай сэдэлт зорилгоор эзэмшилдээ авч, өөрийн болгон захиран зарцуулах бодит бололцоо бүрдүүлснээр төгссөнд тооцогддог.
Шүүгдэгч Д.Э нь 2023 оны 08 дугаар сарын 07-ноос 08-ны өдрийн хооронд Завхан аймгийн Их-Уул сумын Цэцүүх баг Их Жаргалант гэх газраас хохирогч Б.М эзэмшлийн 3 тооны үхрийг түүнд мэдэгдэлгүйгээр хууль бусаар авч мориор тууж Хөвсгөл аймгийн Жаргалант сумын Цэцүүх багийн Цахирын давааны Булагтын ам гэх газарт гэрч П.Аын малын хашаанд хашиж, гэрч Ж.Бд адуу худалдан авсны үнэнд өгч байгаа үйлдэл нь мал хулгайлах гэмт хэргийн шинжийг хангаж байна.
“Олон тооны мал” гэж хоёр бод түүнээс дээш малыг ойлгох бөгөөд шүүгдэгч Д.Эы хохирогч Б.М 3 тооны үхрийг хулгайлсан үйлдэл нь бусдын олон тооны мал хулгайлах буюу Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-т заасан гэмт хэргийн шинжийг хангаж байна гэж дүгнэв.
Шүүгдэгч Д.Эд холбогдох эрүүгийн хэргийн бүрдэл хангагдсан, зүйлчлэл тохирсон байх тул түүнийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-т заасан бусдын олон тооны малыг хулгайлсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож шийдвэрлэх нь зүйтэй гэж шүүх үзлээ.
4. Гэмт хэргийн улмаас учирсан хохирол, хор уршгийн талаар:
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “Энэ хуулийн тусгай ангид заасан гэмт хэргийн улмаас хүний амь нас, эрүүл мэнд, эд хөрөнгө, бусад эрх, эрх чөлөө, нийтийн болон үндэсний ашиг сонирхол, аюулгүй байдалд шууд учирсан үр дагаврыг гэмт хэргийн хохиролд тооцно” гэж заажээ.
4.1. Шүүгдэгч Д.Эы хохирогч Б.М 3 тооны үхрийг хулгайлсан үйлдлийн улмаас хохирогчид 3,000,000 төгрөгийн хохирол учирсан болох нь “БУФА ҮНЭЛГЭЭ ХХК”-ийн хөрөнгийн үнэлгээчний 2023 оны 11 дүгээр сарын 01-ний өдрийн 76 дугаартай “...Шинжилгээний явц, үр дүнг үндэслэн 2023 оны 08 дугаар сарын байдлаар нас гүйцсэн 3 тооны үнээ /сарлаг/-ний зах зээлийн үнэлгээг 3,000,000 төгрөгөөр тогтоолоо...” гэсэн дүгнэлтээр тогтоогдож байх бөгөөд хохирогч шинжээчийн дүгнэлтийг хүлээн зөвшөөрсөн байна.
Шинжээчийн дүгнэлтийг хэрэгт хувийн сонирхолгүй, нарийн мэргэшсэн, гаргасан дүгнэлтийнхээ хариуцлагыг хүлээх чадвар бүхий шинжээч өөрийн тусгай мэдлэгийн хүрээнд гаргасан байна. Уг дүгнэлт нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хууль, Шүүхийн шинжилгээний тухай хуульд заасан үндэслэл журмын дагуу гарсан дүгнэлтэд эргэлзээ төрүүлэхээр нөхцөл байдал тогтоогдоогүй болно.
Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1 дэх хэсэгт “Бусдын эрх, амь нас, эрүүл мэнд, сэтгэцэд, нэр төр, алдар хүнд, ажил хэргийн нэр хүнд, эд хөрөнгөд хууль бусаар санаатай буюу болгоомжгүй үйлдэл /эс үйлдэхүй/-ээр гэм хор учруулсан этгээд уг гэм хорыг хариуцан арилгах үүрэгтэй” гэж заажээ.
Иймд шүүгдэгч Д.Эаас 3 үхэрний үнэ 3,000,000 төгрөгийг гаргуулж хохирогч Б.Мад олгохоор шийдвэрлэв.
4.2. Хохирогч Б.М нь мал харуулсны хөлс 900,000 төгрөг, замын зардал 128,000 төгрөгийг шүүгдэгч Д.Эаас гаргуулахаар нэхэмжилсэн боловч хохирогч нотлох баримтыг ирүүлээгүй шүүх тодорхой тооцоог гаргах бололцоогүй байна.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.3 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт “Хэрэг хэлэлцэх ажиллагааг хойшлуулахгүйгээр иргэний нэхэмжлэлийн тодорхой тооцоо гаргах бололцоогүй тохиолдолд шүүх иргэний нэхэмжлэгч нь нэхэмжлэлээ хангуулах эрхтэй болохыг зааж, ...болно” гэж заажээ.
Иймд хохирогч Б.М нь мал харуулсны хөлс 900,000 төгрөг, замын зардал 128,000 төгрөгийг гаргуулах нэхэмжлэлээ нотлох баримтаа бүрдүүлж шүүгдэгч Д.Эд холбогдуулан иргэний журмаар нэхэмжлэх эрхийг нээлттэй үлдээх нь зүйтэй гэж шүүх үзлээ.
4.3. Хохирогч Б.М нь 3 тооны үхэр алдсаны улмаас сэтгэцэд учирсан хор уршгийг гаргуулахаар нэхэмжилжээ.
Хохирогч Б.Мад мал алдсны улмаас сэтгэцэд учирсан хор уршгийг мөрдөгч тогтоохдоо Хууль зүй, дотоод хэргийн сайд, Эрүүл мэндийн сайдын 2023 оны 07 дугаар сарын 31-ний өдрийн А/268, А/275 дугаар тушаалын 2 дугаар хавсралтад заасан тухайлсан гэмт хэргийн улмаас хүний сэтгэцэд учирсан хор уршгийн зэрэглэлийг тогтоох хүснэгтийн дагуу тогтоохдоо сэтгэцийн эмгэгийн зэрэглэлийн 2 дугаар зэрэглэлээр тогтоожээ.
Хууль зүй, дотоод хэргийн сайд, Эрүүл мэндийн сайдын 2023 оны 07 дугаар сарын 31-ний өдрийн А/268, А/275 дугаар тушаалын 2 дугаар хавсралтад заасан тухайлсан гэмт хэргийн улмаас хүний сэтгэцэд учирсан хор уршгийн зэрэглэлийг тогтоох хүснэгтийн 2 дугаар зэрэглэлд 1. Гэмтлээс үүдэлтэй үлдэц гэмт хэргийн улмаас стрессийн үед үзүүлэх хариу урвал хэвийн хэмжээнээс удаан үргэлжлэх, 2. Танин мэдэхүй, хэргийн нөхцөл байдалтай холбоотойгоор анхаарал төвлөрөлт муудах, ой тогтоолт хоёрдогчоор буурах, сэтгэхүйд илэрхий өөрчлөлт үгүй байх, 3. Нийгмийн харилцаа, ажил эрхлэх, сурах идэвх сонирхол буурах, 4. Төрх үйл, дасан зохицохуйн хямрал үүсэх, 5. Сэтгэл хөдлөл, сульдал, неврозын хам шинж илрэх, сэтгэлээр унах, түгших, 6. Биеийн талаас, хөнгөн зэргийн нойргүйдэл, амьсгал бачуурах, булчин чангарах зэрэг симпатик мэдрэлийн хөөрөл илрэх гэсэн шалгуур үзүүлэлтийг тус тус заасан байх бөгөөд мөрдөгч эдгээр нөхцлын аль шалгуурыг үндэслэж хохирогч Б.Мад сэтгэцэд учирсан хор уршгийг 2 дугаар зэрэглэл гэж тогтоосон болох нь тодорхойгүй байна.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.3 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт “Хэрэг хэлэлцэх ажиллагааг хойшлуулахгүйгээр иргэний нэхэмжлэлийн тодорхой тооцоо гаргах бололцоогүй тохиолдолд шүүх иргэний нэхэмжлэгч нь нэхэмжлэлээ хангуулах эрхтэй болохыг зааж, ...болно” гэж заажээ.
Иймд хохирогч Б.М сэтгэцэд учирсан гэм хорын хохирол гаргуулах нэхэмжлэлийг хэлэлцэхгүйгээр орхиж, хохирогч энэ талаарх нотлох баримтаа бүрдүүлж шүүгдэгч Д.Эд холбогдуулан иргэний журмаар нэхэмжлэх эрхийг нээлттэй үлдээх нь зүйтэй гэж шүүх үзлээ.
4.4. Шүүгдэгч Д.Э нь эрүүгийн хариуцлагын шүүх хуралдаанаас өмнө шүүхээс тогтоосон хохирол 3,000,000 төгрөгийг төлсөн болох нь ХААН банкны мөнгөн шилжүүлгийн баримтуудаар тогтоогдож байна.
Иймд шүүгдэгч Д.Э нь энэ шийтгэх тогтоолоор бусдад төлөх хохирол төлбөргүй болохыг дурдах нь зүйтэй байна.
5. Шүүгдэгчид хүлээлгэх эрүүгийн хариуцлагын талаар:
Шүүгдэгч Д.Эг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-т заасан бусдын олон тооны малыг хулгайлсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсон тул Эрүүгийн хуулийн 1.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Энэ хуульд заасан гэмт хэрэг үйлдсэн нь шүүхээр тогтоогдсон гэм буруутай хүнд эрүүгийн хариуцлага хүлээлгэнэ” гэж зааснаар түүнд эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй байна.
Улсын яллагч шүүгдэгч Д.Эд оногдуулах эрүүгийн хариуцлагын талаар “Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-т зааснаар 3 жилийн хорих ял оногдуулах” гэсэн, шүүгдэгчийн өмгөөлөгч эрүүгийн хариуцлагын талаар “...Шүүгдэгч гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн, хохирол төлсөн, бага насны 5 хүүхэдтэй байдал, мөн биеийн эрүүл мэндийн тухайд муу байдаг мөн насаараа мал малласан, аймаг орон нутагтаа морь уядаг зэрэг нөхцөл байдлыг харгалзан Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар хөнгөрүүлж өгөөч...” гэсэн дүгнэлтийг тус тус гаргасан болно.
Шүүгдэгч Д.Э нь урьд ял шийтгүүлж байсан болох нь эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас, “...2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 230 дугаар зүйлийн 230.1 дэх хэсэгт зааснаар 300 цагийн албадан ажил хийлгэх ялаар шийтгэсүгэй...” гэсэн Завхан аймаг дахь сум дундын 2 дугаар шүүхийн 2013 оны 09 дүгээр сарын 20-ны өдрийн 31 дугаартай шийтгэх тогтоол,
“...2015 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 2 сарын хугацаагаар зорчих эрх хязгаарлах ялаар шийтгэсүгэй...” гэсэн Завхан аймгийн Тосонцэнгэл сум дахь сум дундын шүүхийн 2023 оны 01 дүгээр сарын 17-ны өдрийн 10 дугаартай шийтгэх тогтоолоор тус тус нотлогдож байна.
Шүүх гэмт хэрэг үйлдсэн этгээдэд эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ Эрүүгийн хуульд заасан хууль ёсны, шударга ёсны, гэм буруугийн зарчмыг баримтлан гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдал, эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдал зэргийг тал бүрээс нь харгалзаж шүүгдэгч Д.Эд гэмт хэргийн улмаас учруулсан бодит хохирол төлсөн нөхцөл байдлыг харгалзан үзээд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-т зааснаар 2 жил, 1 сарын хугацаагаар хорих ял оногдуулж шийдвэрлэв.
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгчийн хувийн байдал, бодит хохирол төлбөр төлсөн байдлыг харгалзан түүнд оногдуулсан хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэх нь зүйтэй гэж шүүх үзсэн болно.
Шүүгдэгч Д.Эд хорих ял оногдуулж шийдвэрлэсэн тул түүнд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг өөрчилж, 2024 оны 09 дүгээр сарын 13-ны өдрөөс цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авч, цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол хэвээр үргэлжлүүлж, хорих ялын биелэлтийг 2024 оны 09 дүгээр сарын 13-ны өдрөөс эхлэн тоолох нь зүйтэй байна.
6. Шийдвэрлэвэл зохих бусад асуудлын талаар:
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.5 дугаар зүйлд гэмт хэрэг үйлдэж олсон эд зүйл, түүний үнэ, гэмт хэрэг үйлдэхэд ашигласан тээврийн хэрэгсэл, уналга, галт зэвсэг, зэвсэг, тусгайлан бэлтгэсэн зэвсгийн чанартай зүйл нь тухайн гэм буруутай этгээдийн өмчлөлд байсан нь тогтоогдсон тохиолдолд түүнийг хураан авах албадлагын арга хэмжээ авахаар заасан байх тул шүүгдэгч Д.Эы гэмт хэрэг үйлдэхдээ ашигласан морь нь түүний эзэмшлийн байх тул 1,200,000 төгрөгийн үнэ бүхий соёолон насны бор зүстэй буруу талдаа чандмань тамгатай 1 тооны морийг улсын орлого болгож, төмөр амгаатай суран хазаар 1 ширхгийг шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болмогц устгах нь зүйтэй гэж шүүх үзлээ.
Шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй, түүнээс гаргуулах эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болмогц прокурорын эд хөрөнгө битүүмжилсэн тогтоолыг хүчингүй болгох нь зүйтэй байна.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1, 2, 3, 4 дэх хэсэг, 36.6, 36.7, 36.8 дугаар зүйлд заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Шүүгдэгч А овогт Д Эг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-т зааснаар бусдын олон тооны малыг хулгайлах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-т зааснаар шүүгдэгч Д.Эд 2 /хоёр/ жил, 1 /нэг/ сарын хугацаагаар хорих ял оногдуулж шийтгэсүгэй.
3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 1, 3 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Д.Эд оногдуулсан 2 /хоёр/ жил 1/ нэг/ сарын хугацааны хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлсүгэй.
4. Шүүгдэгч Д.Э цагдан хоригдсон хоноггүй, түүнээс гаргуулах эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, хохирогчид хохирол төлбөрт 3,000,000 /гурван сая/ төгрөг төлсөн болохыг тус тус дурдсугай.
5. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.12 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Д.Эд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг өөрчилж цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авч, хорих ялын биелэлтийг 2024 оны 09 дүгээр сарын 13-ны өдрөөс эхлэн тоолсугай.
6. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.5 дугаар зүйлд зааснаар шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болмогц шүүгдэгч Д.Эы гэмт хэрэг үйлдэхдээ ашигласан 1,200,000 төгрөгийн үнэ бүхий соёолон насны бор зүстэй буруу талдаа чандмань тамгатай 1 тооны морийг улсын орлого болгож, эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн төмөр амгаатай суран хазаар 1 ширхгийг устгасугай.
7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.3 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар хохирогч Б.М мал харуулсны хөлс 900,000 төгрөг, шүүх хуралд ирсний зардал 128,000 төгрөг, сэтгэцийн хохирол гаргуулах тухай нэхэмжлэлийг хэлэлцэхгүйгээр орхиж нотлох баримтаа бүрдүүлэн иргэний журмаар шүүгдэгч Д.Эд холбогдуулан нэхэмжлэх эрхийг нээлттэй үлдээсүгэй.
8. Шүүхийн тогтоол хуулийн хүчин төгөлдөр болмогц прокурорын 2024 оны 06 дугаар сарын 18-ны өдрийн 15 дугаартай эд хөрөнгө битүүмжилсэн тухай тогтоолыг хүчингүй болгосугай.
9. Шийтгэх тогтоол нь уншиж сонсгосноор хүчинтэй болохыг дурдсугай.
10. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 4, 38.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүхийн шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл улсын яллагч, шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч өөрөө гардан авснаас хойш 14 хоногийн дотор Завхан аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих, эрхтэй болохыг дурдсугай.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Б.ӨЛЗИЙХИШИГ