Өвөрхангай аймгийн Хархорин сум дахь сум дундын шүүхийн Шийтгэх тогтоол

2024 оны 07 сарын 26 өдөр

Дугаар 2024/ШЦТ/90

 

2024     07          26                                            2024/ШЦТ/90

 

                                          МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Өвөрхангай аймгийн Хархорин сум дахь Сум дундын шүүхийн шүүгч Ц.Дагиймаа даргалж,

Нарийн бичгийн дарга: Н.Ням,

Улсын яллагч: Д.Алимаа,

Хохирогч: Л.Б, Ц.Л, түүний өмгөөлөгч Ц.Мөнхцэцэг, Б.Цолмон, Г.Гандөш,

Шүүгдэгч нарын өмгөөлөгч: Ц.Мөнхцэцэг, Б.Цолмон, Г.Гандөш,

Шүүгдэгч: Л.Б, Ц.Л нарыг оролцуулан шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн хуралдаанаар,

          Өвөрхангай аймгийн Хархорин сум дахь Сум дундын прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдсон яллагдагч А овогт Л-н  Б, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдсон яллагдагч М овогт Ц-н Л холбогдох эрүүгийн 2427000000086 дугаартай хэргийг хүлээн авч хянан хэлэлцэв.

 

Шүүгдэгчийн  биеийн байцаалт:

 

            Монгол Улсын иргэн, 1979 оны 07 дугаар сарын 26-ны өдөр Өвөрхангай аймгийн """" суманд төрсөн, 45 настай, эрэгтэй, дээд боловсролтой, эдийн засагч мэргэжилтэй, малчин, ам бүл 1, Өвөрхангай аймгийн """""" баг Шивэрт гэх газар оршин суух, улсаас авсан гавьяа шагналгүй, эрүүгийн хариуцлага хүлээж байгаагүй, """"" регистрийн дугаартай, А овогт Л-н Б.

          Монгол Улсын иргэн, 1983 оны 03 дугаар сарын 23-ны өдөр Өвөрхангай аймгийн """"" суманд төрсөн, 41 настай, эрэгтэй, боловсролгүй, мэргэжилгүй, малчин, ам бүл 4, Өвөрхангай аймгийн """"" баг Эдэг гэх газар оршин суух, улсаас авсан гавьяа шагналгүй, эрүүгийн хариуцлага хүлээж байгаагүй, """""" регистрийн дугаартай, М овогт Ц-н Л.

 

Холбогдсон хэргийн талаар:

         

Шүүгдэгч Л.Б нь 2024 оны 04 дүгээр сарын 07-ноос 08-нд шилжих шөнө Өвөрхангай аймгийн Хархорин сумын Орхон багийн нутаг Эдэг гэх газарт цохих, өшиглөх, ноцолдох зэрэг үйлдлээр хохирогчийн биед зүүн хацрын ясны зөрүүтэй хугарал, тархи доргилт, дух, зулай, чамархай, хамар дагз, шанаа зүүн чихний няцарсан шарх, зөөлөн эдийн няцрал, зүүн зулай, баруун хацар, зовхи, дух, шанаа, чихэнд зулгаралт, зовхи, хацар, шанаанд цус хуралт зөөлөн эдийн няцрал үүсгэж Ц.Лгийн биед хүндэвтэр хохирол санаатай учруулсан,

Шүүгдэгч Ц.Л нь цохих, ноцолдох зэрэг үйлдлээр баруун нүдний алим, баруун нүдний зовхинд цус хуралт, баруун нүдний зовхинд зөөлөн эдийн гэмтэл, баруун шанаанд зулгаралт гэмтэл үүсгэж Л.Б-н эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэх гэмт хэрэгт тус тус холбогджээ. /яллах дүгнэлтэд дурдсанаар/.

ТОДОРХОЙЛОХ нь:

 

            Шүүх хуралдааны хэлэлцүүлэгт дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:

Хохирогч, шүүгдэгч Л.Б шүүх хуралдааны хэлэлцүүлэгт өгсөн мэдүүлэгтээ: “2024 оны 04 дүгээр сарын 07-ны өдөр үдээс хойш нар нилээн буучихсан байхад орой 6, 7 цагийн үед би саравчныхаа зүүн талыг янзлаад дуусаж байсан. Тэр үед урд өдөр нь гэртээ хоноогүй байхгүй байсан Ц.Л мотоциклтойгоо гэнэт гэрийнхээ тэндээс манайд давхиад ирсэн. Тэгээд эхнэртэйгээ муудалцчихлаа чи бид 2 ямар ууж иддэг юм биш найз нь Мухатгаар ууж байгаад хүрээд ирлээ. Хоёулаа өнөөдөр архи ууя, оюутантай юм чинь найзад нь мөнгө байхгүй чамд бол мөнгө байгаа. Чи нэг, хоёр архины мөнгө  гаргачих гээд надаас гуйсан. Тэгэхээр нь би найзыгаа эхнэр хүүхэдтэйгээ муудалцчихсан байхад нь сэтгэлийг нь засах зорилгоор зөвшөөрсөн. Тэгээд хоёулаа мотоцикл дээр нь сундлаад Зараа толгойн ар дээр сүлжээн дээр гараад утсаар ярьсан. Утсаар ярихдаа Ц.Л ярьсан. Ц.Л 2, 3 хүн рүү утсаар яриад таксинд архи захих гээд бүтэхгүй болохоор нь Эрдэнэчулуун руугаа ярьсан. Эрдэнэчулууны мэдүүлэг дээр болохоор намайг өөрийнхөө дугаараас залгасан мэтээр буруу ташаа мэдүүлэг өгсөн байна лээ. Үүнийг Ц.Л өөрөө нотолно. Эрдэнэчулуун руу Ц.Л ярьсан байгаа. Тэгээд архины мөнгийг би шилжүүлсэн. Тиймэрхүү буруу зөрүүтэй мэдүүлгүүд бас хэрэгт байна лээ. Зараа толгой дээр гараад Ц.Л Эрдэнэчулуун руу ярьсан 2 шил архи захисан мөнгийг нь би данснаасаа шилжүүлсэн. Тэгээд толгойн боолт дээр авчирч өгнө гэхээр нь хоёулаа явж байсан чинь Бямбаа, Ганхүү нартай таарсан. Тэд нар нэг шил архи гаргаж ирээд тэрийг нь хуваагаад ууж байх хооронд Цэгмэд ах ирсэн. Нөгөө захисан архиндаа Ц.Л явсан. Тэгээд Ц.Л 2 шил архи авчраад нэгийг нь нөгөө хэдтэйгээ бөөндөө хувааж уугаад нэгийг нь үлдээгээд Цэгмэд ах бид 3 манай гэр лүү явсан. Тэгээд манай гэрт очоод Цэгмэд ах хоймрын орон дээр амраад хэвтээд өгсөн. Ангийнхантайгаа уулзаад 2, 3 хоног уучихсан жаахан ядарч байсан юм шиг байна лээ. Тэгээд бид 2 юм яриад уугаад сууж байхад Чанцал орж ирсэн. Ц.Лг эхнэр нь харья гол гарч айлд очиж цай ууя гээд байсан. Гэтэл Ц.Л за яах вэ тэгж байгаад очъё гээд, би ч гэсэн бид 2 ямар асуудал гаргах юм биш миний хөгшин суугаач дээ гэсэн чинь суугаад архинаас 1, 2  авчхаад гэр рүүгээ яваад өгсөн. Тэгээд бид 2 юм яриад архиа ууж байхад Цэгмэд ах гэнэт босож ирээд гараад мотоциклоо асаагаад давхиад явчихсан. Бид 2 хоёулхнаа үлдээд архиа уугаад л байсан. Сүүлдээ их муудсан манарсан байсан. Тэгж байгаад нутаг ус яриад сууж байсан чинь Ц.Л гэнэт “Эдэг” манай нутаг “Эдэг” манай нутаг гээд шүлс нь гоожоод бүр өөдөөс орилоод байсан. Тэгэхээр нь би чинь бас дуугүй байхгүй өөдөөс нь муудалцаад байж байтал хажуудаа байсан сүхийг шүүрээд авсан сүх шүүрч авахаар нь би сүхийг нь хажуу тал руу нь авч шидсэн чинь миний нүд рүү цохисон. Тэгээд л бид 2 дээр доороо ороод өнхрөөд ноцолдсон. Нэг мэдсэн би толгой руу нь өшиглөөд зогсож байсан. Би энэ зүйлийг л санаж байгаа. Тэгээд өглөө нь гэртээ ганцаараа сэрсэн. Тухайн үед ийм л нөхцөл байдалтай байсан” гэв.

Хохирогч, шүүгдэгч Ц.Л шүүх хуралдааны хэлэлцүүлэгт өгсөн мэдүүлэгтээ: “Би эхнэрийнхээ араас явж байгаад Л.Б-г гаднаа байхаар нь очсон. Тэгээд хоёулаа архинд явахаар болоод явсан. Би газраас сүх авсан юм бол байхгүй. Л.Б гарч шээж орж ирчхээд намайг зүгээр бохироод суучихсан байсан чинь гичий гээд л янз бүрийн юм ярьж байна. Тэгээд би юу ярьж байгаа юм бэ чи бид 2 маргах юм байхгүй шүү дээ гэсэн чинь элэг рүү өшиглөсөн намайг элгээ дараад атирсан чинь эрүү рүү өшиглөсөн тэгээд цааш нь мэдэхгүй байна. Би ухаа алдаад уначихсан байсан. Нэг мэдэхэд багананых нь тэнд унтаж байсан. Толгойгоо илсэн чинь зөндөө цус болсон байсан. Л.Б хойд орон дээрээ үглээд янз бүрийн юм яриад байсан. Тэгэхээр нь хурдхан шиг чимээгүй гараад хариад дахиад ухаа алдаад уначихсан. Тийм л юм болсон өөр ярих зүйл байхгүй” гэв.

 

            Гэрч Э.Баасансүрэнгийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...2024 оны 04 дүгээр сарын 08-ны өдөр 04 цагийн үед эмнэлгээс алсын дуудлага гарсан талаар хэлсэн. Тэгээд би жолооч болон зодуулсан гэх хүний хүүхдийн хамтаар явж Хархорин сумын Орхон багийн нутаг Эдэг гэх газар очиход хоорондоо зайтай 3 айл харагдсан ба голын айлд ороход баруун талын ор дээр нүүр ам нь цус болчихсон эрэгтэй хүн унтаж байсан. Тухайн хүнийг сэрээгээд үзлэг хийхэд амин үзүүлэлт нь тогтвортой, толгойн зулай, чамархай, дагз, нүүрний хэсэгт олон тооны шархтай байсан. Толгойд нь боолт тавьж нэгдсэн эмнэлэгт авч ирсэн. Авч ирсэн шалтгаан нь тухайн язарсан шарх нь олон тооны шарх байсан, оёдлын утас хүрэхгүй шалтгаанаар эмнэлэгт авч ирсэн. Ц.Лгийн толгой, зулай, дагз, чамархай, нүүр, шанаа, чихний гэдэс хэсэгт нийт 15 тооны язарсан шарх байсан. Эдгээр шархуудад 38 ширхэг оёдол тавьсан. Тэгээд Лг хэсэг амраагаад ажиглахад ямар нэгэн зовиур ажиглагдаагүй бөгөөд онош тодруулах зорилгоор дээд шатлалд үзүүлэхээр Улаанбаатар хотруу явуулсан. Лгээс архи үнэртэж байсан. Анх очиход Л хүнд зодуулаад, зөндөө олон толгой руу өшиглүүлээд гэж хэлсэн...” гэх мэдүүлэг, /хавтас хэргийн 20-21 дүгээр хуудас/,

 

Гэрч    Д.Чанцалдуламын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...орой харуй бүрий болж байхад нөхөр маань нүүр ам, толгой нь нил цус болчихсон гэрт орж ирээд түргэн дуудаарай гэж хэлчихээд ухаан алдсан. Тэгээд л эмнэлэгт дуудлага өгч түргэний машин 04 цагийн үед ирж Хархорин сумын нэгдсэн эмнэлэг рүү аваад явсан. Гэртээ орж ирэхдээ Гоо-д зодуулчихлаа гэсэн. Гоо гэж манай доохон талд саахалт байдаг Болор-Эрдэнэ гэх залууг хэлдэг юм. ...Ороход дундаа 1 шил архи тавьчихсан байсан. Тэгээд нөхөртөө хандаж явах уу гэхэд Гоо байж бай гээд байсан. ...Ер нь Л бусдад зодуулснаас их мөнгө төгрөгний асуудал гарч байна...” гэх мэдүүлэг / хавтас хэргийн 98 дугаар хуудас/,

 

Өвөрхангай аймаг дахь бүсийн шүүх шинжилгээний төвийн 2024 оны 04 дүгээр сарын 18-ны өдрийн №4866 шинжээчийн дүгнэлтэд“...Ц.Лгийн биед зүүн хацрын ясны зөрөөтэй хугарал, тархи доргилт, дух, зулай, чамархай, хамар, дагз, шанаа, зүүн чихний няцарсан шарх, зөөлөн эдийн няцрал, зүүн зулай, баруун хацар, зовхи, дух, шанаа, чихэнд зулгаралт, зовхи, хацар, шанаанд цус хуралт зөөлөн эдийн няцрал гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтлүүд нь мохоо зүйлийн олон удаагийн үйлчлэлээр үүсгэгдэнэ. Дээрх гэмтлүүд нь тухайн хэрэг болсон гэх цаг хугацаанд учирсан шинэ гэмтлүүд байна. Дээрх гэмтлүүд нь эрүүл мэндийг удаан хугацаагаар сарниулах тул Гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.3.1-т зааснаар гэмтлийн хүндэвтэр зэрэгт хамаарна. Дээрх гэмтлүүд нь амь насанд аюулгүй ба цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварыг тогтонги алдагдуулахгүй...” гэх дүгнэлт /хавтаст хэргийн 29-31 дүгээр хуудас/,

            Өвөрхангай аймгийн Эрүүл мэндийн даатгалын хэлтсийн 2024 оны 05 дугаар сарын 13-ны өдрийн 19/38 дугаартай “...Ц.Л 2024 оны 04 дүгээр сарын 08-аас 2024 оны 05 дугаар сарын 13-ны өдрийг хүртэлх хугацаанд эрүүл мэндийн даатгуулагчийн сангаас эрүүл мэндийн тусламж үйлчилгээнд нийт 1,913,783 төгрөгийн зардал гарсан тул энэхүү санд учирсан хохирлыг Эрүүл мэндийн ерөнхий газрын 100900020080 дансанд төвлөрүүлж өгнө үү” гэх албан бичиг / хавтаст хэргийн 106-107дугаар хуудас/,

         

            Шүүх шинжилгээний ерөнхий газрын 2024 оны 05 дугаар сарын 06-ны өдрийн №526 дугаартай “...Ц.Лгийн сэтгэцэд 2024 оны 04 дүгээр сарын 07-ны өдрийн гэмт хэргийн улмаас гэмтлийн шалтгаант сульдлыг хам шинж илэрч байна. Энэ нь гэмт хэргийн улмаас хүний сэтгэцэд учирсан хор уршгийн гуравдугаар зэрэглэлд хамаарч байна. Цаашид сэтгэцийн болон мэдрэлийн эмчийн хяналтад байх шаардлагатай...” гэх шинжээчийн дүгнэлт /хавтаст хэргийн 126-127 дугаар хуудас/,

            Хэргийн газрын үзлэг хийсэн тэмдэглэл, түүнд хавсаргасан гэрэл зургийн үзүүлэлт /хавтаст хэргийн 3-9 дүгээр хуудас/,

            Хүний биед үзлэг хийсэн тэмдэглэл, Л.Б-н биед үзлэг хийсэн /хавтаст хэргийн 10-12 дугаар хуудас/,

 

Хохирогч Л.Б-н мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн:  “...Лгийн манай хоёр их ойр 500м орчим зайтай байх. 2024 оны 04 дүгээр сарын 07-ны өдрийн үдээс хойш намайг хашаагаа янзлаад байж байхад 16-17 цагийн үед Л мотоциклтойгоо халамцуу ирсэн. Надад хандаж эхнэртэйгээ маргалдчихлаа хоёулаа явж архи ууя гэж хэлээд бид хоёр мотоциклд нь сундлаад явж сүлжээнд гарч Л утсаар ярьж байгаад Хархорин сумаас архи дөхүүлж өгөх хүн болчихлоо гэсэн. Тэгээд бид хоёр Толгойн боолт руу явж байхад замд хэрээ Бямбаа, Ганхүү хоёртой таарсан. Тухайнд үед тэр хоёр 1 шил архи гаргаж ирээд бид дөрөв хувааж уусан. Архи ууж байхад Лгийн утас дуугарч 2 шил архиа авахаар явж удалгүй эргээд ирсэн. Авсан 2 шил архиныхаа нэгийг нь дөрөвүүлээ хувааж ууж байхад Цэгмэд ах ирсэн. Үлдсэн 1 шил архиа Л бид хоёр нэг мотоциклтой, Цэгмэд ах өөрийн мотоциклтой манай гэрийн зүг хөдөлсөн. Манай гэрт ороод Цэгмэд ах хойд оронд шууд хэвтээд өгсөн. Тэр үед Л бид хоёр үлдсэн 1 шил архиа задлаад ууж байсан. Удалгүй Цэгмэд ах босч ирээд үг дуугүй яваад өгсөн. Түүнээс хойш миний ухаан санаа орон гаран байсан. Нэг мэдэхэд Л бид хоёр нутаг усны талаар ярилцаж байгаад маргалдаж Л надруу сүх бариад далайсан. Тэр үед би сүхийг нь булааж аваад газарт шидэхэд миний нүд рүү цохисон. Тэгээд л бид хоёр барилцаж аваад дээр доороо ороод ноцолдож байсан. Нэг мэдсэн би Лг газарт унагаачихсан толгой руу нь өшиглөж байсан, гэртээ ганцаараа орондоо сэрсэн. Мөн ухаан санаа орон гаран байхад Л гадаа малын саравч өшиглөөд байсан уу, мөргөөд байсан уу тийм үйлдэл гаргаж байсан шиг санаж байна. Л миний баруун нүд рүү цохисон, тэгээд бид хоёр барилцаж авсан, өөр хаашаа цохисон эсэхийг мэдэхгүй...” гэх мэдүүлэг, /хавтаст хэргийн 15 дугаар хуудас/,

 

          Гэрч Д.Цэгмидийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...04 дүгээр сарын эхээр Хархорин сумын спортын ордонд манай 10 жилийн төгсөгч нарын тэмцээн болсон. Тухайн үед Хархорин суманд хоночихоод 17 цагийн үед сумын төвөөс гарч Орхон баг Шивэрт гэх газарлуу өөрийн гэррүүгээ мотоциклоор явсан. Замд явж байхад толгойн боолтын цаана Сэнжитийн гацаа гэх газар хөдөө хэдэн хүмүүс тойроод сууж байгаа харагдсан ба очиж байхад Л толгойн боолтруу зөрөөд явж байсан. Тойроод сууж байсан хүмүүс нь Бямбаа, Ганхүү, Болор-Эрдэнэ нар байсан. Тэнд очоод яриад сууж байхад Л хүрч ирээд 1 шил архи гаргаж ирээд тавуулаа хувааж уусан. Архиа ууж дуусчихаад Болор-Эрдэнэ, Л бид гурав хамт, Бямбаа, Ганхүү хоёр хамтдаа салаад явцгаасан. Бид гурав Болор-Эрдэнийн гэрийн гадна очсон. Гэрт орох үед Лгийн эхнэр нь хойно байх гэрээсээ алхаад ирж байгаа харагдсан. Бид гурав Болор-Эрдэнийн гэрт ороод удаагүй Лгийн эхнэр орж ирсэн. Тэр үед Л, Болор-Эрдэнэ хоёрын аль нэг нь дахиад нэг шил архи гаргасан. Уг архинаас Лгийн эхнэр 1-2 татчихаад явсан, үлдсэн архийг Болор-Эрдэнэ, Л хоёр уусан. Би болохоор архиндаа ядраад хэсэг хугацаанд хоймрын ор дээр нь дугхийсэн байсан. Хэсэг унтаад сэрэхэд гэрээр дүүрэн утаа, хиншүү болчихсон байсан би босоод гэрээс гарч шууд гэррүүгээ явсан. Намайг байхад Болор-Эрдэнэ, Л нар хоорондоо маргалдаагүй. Намайг явахад тэр хоёр юм яриад л үлдсэн. Өмнө тавуулаа архи уухад хоорондоо хэрэлдэж, маргалдаагүй...” гэх мэдүүлэг, /хавтаст хэргийн 115-116 дугаар хуудас/,

         

            Өвөрхангай аймаг дахь бүсийн шүүх шинжилгээний төвийн 2024 оны 04 дүгээр сарын 09-ний өдрийн №290 дугаартай “...Л.Б-н биед баруун нүдний алим, баруун нүдний зовхинд цус хуралт, баруун нүдний зовхинд зөөлөн эдийн гэмтэл, баруун шанаанд зулгаралт гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь хатуу мохоо зүйлийн 1-2 удаагийн үйлчлэлээр үүссэн байх боломжтой. Дээрх гэмтэл нь хэргийн цаг хугацаанд үүссэн байх боломжтой шинэ гэмтэл байна. Дээрх гэмтэл нь шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д Зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулаХ тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. Дээрх гэмтлүүд нь амь насанд аюулгүй гэмтэл байна. Цаашид энгийн хөдөлмөрийн чадвар алдалтад нөлөөлөхгүй...” гэх шинжээчийн дүгнэлт /хавтаст хэргийн 23-24 дүгээр хуудас/,

 

          Хэргийн газрын үзлэг хийсэн тэмдэглэл, түүнд хавсаргасан гэрэл зургийн үзүүлэлт /хэргийн 3-9-р хуу/ зэрэг болно.

 

          Шүүхийн хэлэлцүүлэгт шинжилсэн дээрх нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасны дагуу цуглуулж, бэхжүүлсэн, энэ хэргийг хянан шийдвэрлэхэд хангалттай гэж шүүх үнэлэв.

          Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч Л.Б, Ц.Л нарыг зүгээс шинэ нөхцөл байдлын улмаас дахин шинжээчийн дүгнэлт гаргуулахаар  шинэ баримт ирүүлээгүй ба шүүгдэгч Ц.Лгийн өмгөөлөгч Ц.Мөнхцэцэг, Б.Цолмон нарын шүүхийн хэлэлцүүлэгт 2024 оны 04 дүгээр сарын 09-ны өдрийн ГССҮТ-н КТГ шинжилгээний СД шинжээч эмч Б.Баяртогтох нь уншиж дүгнэлт гаргаагүй харин тухай СД уншиж бичсэн тайлбарт тулгуулан гаргасан учир тухайн СД уншуулан дахин дүгнэлт гаргуулах нь тухай хүсэлтийг шүүхийн хэлэлцүүлэгт шинжээч эмчийн .... Тухай тухайн үедээ мэргэшлийн эмч нар,  нарийн мэргэжлийн эмч, эмнэлгийн байгууллагаар үзүүлээд ирсэн тус тусийн дүгнэлт ирүүлсэнийг  үндэслэхгүй байх ямар ч арга байхгүй. Тэр Си Ди-г би унших эрх байхгүй. Си Ди-г нарийн мэргэжлийн эмч нар уншдаг учраас Си Ди-тэй нарийн мэргэжлийн эмчийн хариу хамт ирсэн байгаа. Тэр эмчийн гаргасан дүгнэлтийг үндэслээд шинжээчийн дүгнэлтээ гаргасан. Түүнээс тэр нарийн мэргэжлийн эмчийн дүгнэлтийг би үгүйсгэх үндэслэл байхгүй .... гэсэн мэдүүлгээр тус СИ-ДИ-ийг дахин уншуулж дүгнэлт гаргах шаардлагагүй гэж үзсэн.

 

            Шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Анхан шатны журмаар хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа нь тухайн шүүгдэгчийн хувьд прокуророос шүүхэд шилжүүлсэн эрүүгийн хэргийн хүрээнд явагдана” гэж заасны дагуу шүүгдэгч Л.Б, Ц.Л нарт холбогдох хэргийг шүүх хуралдаанаар хянан шийдвэрлэлээ.

 

            Нэг: Шүүгдэгчийн гэм буруугийн болон гэмт хэргийн улмаас учирсан хохирлын талаар:

 

            Шүүгдэгч Л.Б нь цохих, өшиглөх, ноцолдох зэрэг үйлдлээр хохирогчийн биед зүүн хацрын ясны зөрүүтэй хугарал, тархи доргилт, дух, зулай, чамархай, хамар дагз, шанаа зүүн чихний няцарсан шарх, зөөлөн эдийн няцрал, зүүн зулай, баруун хацар, зовхи, дух, шанаа, чихэнд зулгаралт, зовхи, хацар, шанаанд цус хуралт зөөлөн эдийн няцрал үүсгэж Ц.Лгийн биед хүндэвтэр хохирол санаатай учруулсан гэмт хэргийг үйлдсэн болох нь хэрэгт авагдсан мөрдөн шалгах ажиллагаанд өсгөн гэрч Э.Баасансүрэнгийн мэдүүлэг /хавтаст хэргийн 20-21 дүгээр хуудас/, гэрч Д.Чанцалдуламын мэдүүлэг /хавтаст хэргийн 98 дугаар хуудас/, Өвөрхангай аймаг дахь бүсийн шүүх шинжилгээний төвийн 2024 оны 04 дүгээр сарын 18-ны өдрийн №4866 шинжээчийн дүгнэлт /хавтаст хэргийн 29-31 дүгээр хуудас/, Өвөрхангай аймгийн Эрүүл мэндийн даатгалын хэлтсийн 2024 оны 05 дугаар сарын 13-ны өдрийн 19/38 дугаартай албан бичиг /хавтаст хэргийн 106-107 дугаар хуудас/, Шүүх шинжилгээний ерөнхий газрын 2024 оны 05 дугаар сарын 06-ны өдрийн №526 дугаартай шинжээчийн дүгнэлт /хавтаст хэргийн 126-127 дугаар хуудас/, хэргийн газрын үзлэг хийсэн тэмдэглэл, түүнд хавсаргасан гэрэл зургийн үзүүлэлт /хавтаст хэргийн 3-9 дүгээр хуудас/, хүний биед үзлэг хийсэн тэмдэглэл, Л.Б-н биед үзлэг хийсэн /хавтаст хэргийн 10-12 дугаар хуудас/ зэрэг нотлох баримтуудаар,

            Шүүгдэгч Ц.Л нь цохих, ноцолдох зэрэг үйлдлээр баруун нүдний алим, баруун нүдний зовхинд цус хуралт, баруун нүдний зовхинд зөөлөн эдийн гэмтэл, баруун шанаанд зулгаралт гэмтэл үүсгэж Л.Б-н эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэргийг үйлдсэн болох нь хохирогч Л.Б-н мэдүүлэг /хавтаст хэргийн 15 дугаар хуудас/, гэрч Д.Цэгмидийн мэдүүлэг /хавтаст хэргийн 115-116 дугаар хуудас/, Өвөрхангай аймаг дахь бүсийн шүүх шинжилгээний төвийн 2024 оны 04 дүгээр сарын 09-ний өдрийн №290 дугаартай шинжээчийн дүгнэлт /хавтаст хэргийн 23-24 дүгээр хуудас/, хэргийн газрын үзлэг хийсэн тэмдэглэл, түүнд хавсаргасан гэрэл зургийн үзүүлэлт /хэргийн 3-9-р хуу/ зэрэг шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн бусад нотлох баримтуудаар тус тус нотлогдон тогтоогдож байна.

 

             Хохирогч, шүүгдэгчийн өмгөөлөгч Б.Цолмон “Өнөөдрийн шүүх хуралд миний бие шүүгдэгч Ц.Лгийн хууль ёсны эрхийг хамгаалан өмгөөлөгчөөр оролцож байна. Юуны өмнө улсын яллагчийн гэм буруугийн санал дүгнэлтийг болон шүүгдэгч Л.Б-н өмгөөлөгчийн дүгнэлтийг сонслоо. Энэ 2 албан тушаалтан хэн аль нь 2 зүйл ярьж байна. Юу вэ гэхээр Г.Гандөш өмгөөлөгч Л.Б гэмтэл авсан, зодуулчихсан гэтэл энэ Ц.Л манай хүний нүдийг нь цохичхоод согтуу зугтаад алга болчихсон гэж байна ийм юм ярьж болохгүй байх. Бид нар хуульч өмгөөлөгч хүмүүс баримттай юм яримаар байна. Улсын яллагч Ц.Лгийн гэмт хэрэг 2 баримтаар нотлогдож байна. Нэг нь хохирогч Л.Б-н өгсөн мэдүүлэг, нөгөө нь шүүх эмнэлгийн дүгнэлт гэсэн 2 баримт байна гэж байна. Угаасаа энэ 2 баримтаас өөр баримт хэрэгт байхгүй. Тэгэхээр улсын яллагч энэ 2 баримтыг ярихаас өөр арга байхгүй. Тэгэхээр 1 дүгээрт хохирогчийн мэдүүлэг буюу Л.Б-н хохирогчоор өгсөн мэдүүлэг үнэн зөв үү гэж асуудал гарч ирнэ. Тэгэхээр прокурорын яриад байгаа нотлогдоод байгаа гэсэн хохирогчийн мэдүүлэг худлаа болох нь маш олон баримтаар нотлогдож байна. Тухайлбал би зориуд хохирогчоор өгсөн Л.Б-н мэдүүлгийг уншсан. Дандаа нэг мэдсэн чинь, нэг мэдсэн чинь гэж ярьдаг. Гэтэл улсын яллагч үүнийг яаж бүхэл бүтэн хүнийг яллах нотлох баримт болгоод байгаа юм бэ. Би болиоч л гэж хэлмээр байна. Нотлох баримтын үндсэн дээр хүнд ял оноох ёстой ял оноох чинь тоглоом биш. Зүгээр таамгаар энэ Л.Б ингэж яриад байгаа юм чинь тэгсэн юм байна гэж болохгүй байх. 2 дугаар улсын яллагч шүүх эмнэлгийн дүгнэлт гарсан Л.Б нүдэндээ гэмтэл авсан байна гэж ярьсан. Гэтэл фото зургийг нь харахад нүднийх нь энд овойгоод нүд нь хөхрөөд хавдчихсан байна. Тэгээд заавал хүн цохихоор хавддаг юм уу. Гэтэл тэрийгээ Ц.Л рүү чихээд Ц.Л чи л зодсон шүү дээ чамаас өөр хэн байдаг юм та 2 л байсан шүү дээ гэж болохгүй. Л.Б-н мэдүүлэгт хамгийн гол нь Ц.Л гадаа шон мөргөөд байсан гэж яриад байгаа. Энэ Ц.Л гэдэг хүн галзуу солиотой юм болов уу айлд байж байснаа гэнэт гараад л айлын хашаанд байгаа шонг очиж толгойгоороо мөргөөд байдаг. Энэ юу хэлээд байна вэ гэхээр худлаа мэдүүлэг өгөөд байна гэдгийг 100% нотолж байна. Мөн фото зургийг яагаад шинжлүүлээд байна гэхээр үнэхээр аймшигтай бөгөөд энэ ямар аймшигтай гэмтэл гарсан юм, ямар аймаар хүнийг зоддог юм. Тэгээд гэрийн бүрээс, гадаа чулуу бүх зүйл цус болсон байсан. Энэ цус хэний цус байна вэ Л.Б-н цус лав биш бид хуульч хүмүүс, хэргийн фото зураг, хэргийн газрын үзлэг бүх юмаа уншаад энэ цус мэт зүйл хэнийх байж болох вэ гэхээр Ц.Лгийн цус түүнээс Л.Бэс цус гараагүй. Л.Б зөвхөн нүд нь хавдчихсан байсан. Тэгээд би ёстой аймаар их гэмтэл авчихсан гэж яриад өнөөдөр өмгөөлөгч нь босож ирээд 8,000,000 төгрөг нэхэж байна. Ийм байж болохгүй. Тэгэхээр Ц.Л гэдэг хүн үнэхээр Л.Б гэдэг хүнийг зодсон юм уу. Эрүүгийн хуульд гэм буруугүйгээр энэ хуульд заасан хохирол хор уршиг учруулсан бол эрүүгийн хариуцлага хүлээлгэхгүй гэж байгаа. Тэгэхээр гар хүрсэн байлаа гэж бодъё Ц.Л зодуулаад цус нөжтэйгөө холилдоод 38 оёдолтой болоод үхэх гэж байгаа хүн сарвалзаад гар нь нүдийг оночих гэж бодъё тэгвэл яах вэ зайлшгүй үйлдэл гэж үзээсэй гэж эрхэм хүндэт шүүгчээс хүсэж байна. Өөрөөр хэлбэл Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2 дугаар бүлгийн 2.1 дүгээр зүйлд гэмт хэрэг гэж юу юм бэ, гэмт хэргийн ойлголт болон шинжийн талаар заасан байгаа. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.1 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт “Эрүүгийн хуулийн тусгай ангид заасан гэмт хэргийн шинжийг хэлбэрийн төдий агуулсан боловч тухайн этгээдийн хувийн байдал, үйлдэл, эс үйлдэхүйн нийгмийн аюулын хэр хэмжээ нь энэ хуулиар хамгаалагдсан эрх ашигт бодит хохирол, хор уршиг учруулаагүй үйлдэл, эс үйлдэхүйг гэмт хэрэгт тооцохгүй” гэж байгаа. Бүр улсын яллагч болон Л.Б-н өмгөөлөгч нарын ярьж байгаагаар цохисон гэж үзье. Яагаад цохисон юм бэ гэхээр энэ муу Л.Б-г алаад өгье, нүдийг нь сохлоод өгье гэж цохиж байгаа юм уу, үгүй амь нь тэмцээд, алуулах гээд амиа аврах гээд цохисон байх боломжтой. Л.Б хүртэл би унагачхаад баахан өшиглөөд байснаа санаж байна гээд хэлээд байна. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 4.1 дүгээр зүйлд аргагүй хамгаалалтын талаар заачихсан байгаа. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 4.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Өөрийн, эсхүл бусдын амь нас, эрүүл мэндийн эсрэг хууль бус ба тулгарсан довтолгооны эсрэг хийсэн гэмт хэргийн шинжтэй үйлдлийг гэмт хэрэгт тооцохгүй” гэж заасан байдаг. Тухайн үед энэ 2 хоёулхнаа байсан. Энэ 2-ыг хэн нь хэнийгээ эхлээд зодсон гэдгийг хэн ч хараагүй. Тэгэхээр логикоор бид нар хуульчилж, дүгнэлтээ гаргаж чадна. Тэгэхээр хэн нь илүү гэмтэл авсан юм, хэний амь нас илүү аюултай байсан үүнийг эрхэм хүндэт шүүгч та анхааралдаа авч, ял шийтгэл оногдуулахдаа харгалзаж үзнэ үү. Тиймээс үүнийг аргагүй хамгаалалт гэж үзэж болохоор байна гэж эрхэм хүндэт шүүгчид хүсэлт гаргаж байна. Өөрийнхөө амь насыг хамгаалах гээд аргагүй хамгаалалт хийсэн гэж үзэж болно. Мөн Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 4.3 дугаар зүйлд гарцаагүй байдалд хохирол учруулах гээд байна. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 4.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “Энэ хуулиар хамгаалагдсан ашиг сонирхолд тулгарсан аюулыг өөр арга хэрэгслээр арилгах боломжгүй нөхцөл байдалд учирч болох байсан аюулын хэр хэмжээнээс хэтрүүлэхгүйгээр энэ хуульд заасан гэмт хэргийн шинжтэй үйлдэл хийж бусдад хохирол учруулсныг гэмт хэрэгт тооцохгүй” гэж байгаа. Ц.Лг өөрийг нь алах гээд байна энэ талаар Чулуунпүрэв гээд ах нь Л.Б миний дүүг алах гэж байсан байна гээд хэлээд байна. Эдгээр хуулийн заалтуудыг эрхэм хүндэт шүүгч та харгалзан үзнэ үү гэж хүсэж байна. Мөн шүүгдэгч Л.Б мэдүүлэхдээ эхнэртэйгээ муудалцаад намайг архи ууя гээд гуйсан гэж хэлдэг энэ мэдүүлэг нь гэрч нарын мэдүүлгээр худлаа гэдэг нь нотлогдсон байгаа. Хохирлын хувьд Ц.Лгийн нэрийн данснаас гарсан байвал хохиролд тооцно гэж Г.Гандөш өмгөөлөгч хэлээд байх шиг байна. Ийм утгагүй юм байж болохгүй. Ямар ч дансаар мөнгө орж, гарч болно. Гол нь ийм зардал гарсан уу, үгүй юу гэдэг дээр шүүх дүгнэлтээ хийх ёстой байх. Би маш олон хэрэг дээр ажиллаж байна. Шүүгч баримтыг үндэслээд хохирлыг тооцох байх” гэж,

Хохирогч, шүүгдэгч Ц.Лгийн өмгөөлөгч Г.Мөнхцэцэг: Миний үйлчлүүлэгч Ц.Л нь 2024 оны 04 дүгээр сарын 07-ны өдөр Өвөрхангай аймгийн Хархорин сумын Орхон багийн Эдэг гэдэг газарт Л.Б-н гэрт зодуулсны улмаас хүндэвтэр хохирол авснаас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1-т заасан хэрэгт хохирогчоор, мөн Л.Б-н биед хөнгөн хохирол учруулсан гэж Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1-т заасан хэрэгт яллагдагчаар татагдсан байгаа. Энэ хэрэг үүсэх болсон шалтгаан нөхцөл нь хэрэг дотор авагдсан гэрчүүдийн мэдүүлгээр тогтоож байна. Хонио хотлуулаад байж байхад нь Л.Б замаас нь гараараа даллаж дуудаж ирүүлээд хоёулаа архи ууя гэсэн байгаа. Чанцалдулам энэ 2 бол муудалцах шалтгаан байхгүй. 2 хүүхэдтэй амьдрал нь тогтсон малчин гэр бүл байгаа. Архи ууя надад мөнгө байхгүй гэхэд надад мөнгө байгаа гээд Ц.Лгийн утсаар ярьж архи авсан гэж байна. Л.Б бол урьд нь хэрэгт холбогдож байсан, хот хүрээ явдаг, Ц.Лг бодоход боловсролтой хүн мэдүүлгээ яаж ч өгч болно. Өөрийнхөө эсрэг мэдүүлэг өгөхгүй байх хуулийн заалттай тул буруу мэдүүлэг өгсөн ч байж болно. Өөрөө зохиож худлаа мэдүүлэг өгсөн нь энэ хэрэг дотроос бүрэн харагдаж байгаа. Худлаа мэдүүлэг өгсөн нь гэрч Эрдэнэчулууны мэдүүлэг, гэрч Чанцандуламын мэдүүлгээр тогтоогдох боломжтой байна. Архины мөнгийг нь төлсөн, дээрээс нь Ц.Лгийн утсаар ярьж архи авчруулж уусан, өөрөө ууя гэж санааг гаргасан гээд тэр бүх юмнууд нь хэрэг дотор тодорхой авагдсан байгаа. Зодож гэмтэл учруулсан үйлдлийг хүндрүүлж үзэх ч боломжтой. Энэ нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар хохирогчийг тохуурхан доромжилж үйлдсэн гэж хүндрүүлж үзэх ч боломжтой гэдгийг бас хэлэх хэрэгтэй байна. Прокурор улсын нэрийн өмнөөс яллаж байгаа хүн Ц.Лг бараг яллахаас татгалзах хүртэл арга хэмжээ авч болох байтал Ц.Лг буруутай мэтээр ингэж өрөөсгөл дүгнэлт гаргаж байна. Үүнд өмгөөлөгчийн хувьд гайхаж байна. Өмнө нь зодуулсан гэж юм яриагүй байж 2024 оны 04 дүгээр сарын 07-нд явсан хойгуур нь харин өмгөөлөгчөөс зөвлөгөө аваад өөрөө зодуулсан мэтээр дүгнэлт гаргуулаад хөнгөн гэмтэл гаргуулсан байгаа. Хэрвээ үнэхээр 2024 оны 04 дүгээр сарын 07-нд зодуулсан ах нь байхад цагдаад би ингээд гэмтэл авсан, би зодуулсан гээд хэрэг дотор баримт авагдаагүй байгаа юм. Тэгээд энэ талаар Бадмаараг өмгөөлөгч бид 2 Хархорины эмнэлгийн захиргаанд тэр өдөр үзүүлэхээр ирсэн баримт байна уу гээд баримт гаргуулахаар хүсэлт бичсэн боловч одоо хүртэл гаргаж өгөөгүй, хүсэлтийн хариу ч өгөөгүй байгаа. Ер нь энэ Хархорины хуулийн байгууллага болон эмнэлгийн байгууллага хүний хүсэлтийн хариуг цаг хугацаатай өгч баймаар юм. Би эртнээс шаардаад өгөөгүй байгаа. Хариу өгөөгүй шалтгаан нь болохоор Л.Б үзүүлээгүй байж шүүх эмнэлгийн дүгнэлтийг гаргуулсан байсан. Улаанбаатар хотынх биш энд шүүх эмнэлгийн дүгнэлтийг гаргасан болохоороо би ямар нэгэн үндэслэлгүй эргэлзээтэй дүгнэлт гарсан байж болзошгүй гэж эргэлзэж байгаа. Архи уугаад Ц.Лг зодож, өөрөө архи ууж тогтворгүй авир гаргаж байх явцдаа өөртөө гэмтэл учруулсан байхыг үгүйсгэхгүй шүү дээ. Энэ хүнийг Улаанбаатар хот руу яваад эмчлүүлсэн гэхээр юу ч болж магадгүй гээд өөртөө хамгаалалт хийгээд дүгнэлт гаргуулчихвал би бас адилхан зодуулсан, зодсон гээд хохирогч болж магадгүй гэсэн ийм заль мэх гаргасан байхыг үгүйсгэхгүй. Ийм зүйл өмнө нь бид нарыг 20 гаруй жил ажиллаж байх хугацаанд зөндөө байсан. Энэ хүн урьд нь ял шийтгэлгүй гээд байгаа боловч хэрэг дотор авагдсан баримтаар зөрчлийн хэргээр, гэр бүлийн хүчирхийллээр удаа дараа холбогдож байсан ийм хүн байна лээ. Тийм учраас энэ талаар юу гэж ч мэдүүлэг өгч, яаж ч дүгнэлт гаргуулах боломжтой. Үүнийг шүүх хэргийг шийдвэрлэхдээ харгалзаж үзэж зөв шийдвэр гаргаасай гэсэн үүднээс өмгөөлөгчийн хувьд хэлж байгаа юм. Тэгээд Л.Б-н мэдүүлгээс үзэхэд согтолт ихтэй, хийж байгаа үйлдлээ ойлгож ухамсарлаж, мэдэх, чадваргүй ухаан санаа орон гаран байсан. Нэг мэдэхэд тэгчихсэн байсан, нэг мэдэхэд гэж ухаан санаа нь орж гарч байсан талаар мэдүүлдэг. Сүх барьсан байсан талаар өөрөө сүүлд нь зохиож мэдүүлэг өгсөн байдаг. Тэр сүх гэрт нь байгаа эсэхийг бол хэн ч мэдээгүй. Ц.Лд хүн амьтантай маргалдаж сүх барьж архи дарс уух ийм шалтгаан байхгүй. Ц.Л бол өсвөр насны 2 хүүхэдтэй, эхнэртэй тогтсон гэр бүлтэй, эгэл жирийн боловсролгүй хөдөөгийн номой жирийн нэг малчин залуу байгаа. Энэ хүн тэгж худлаа мэдүүлэг өгч хүнийг цохисон байж цохиогүй, өөрөө зодуулсан байж байж зодуулаагүй гэж ярих шалтгаан бол байхгүй. Харин ч Л.Б бол Ц.Лг өшиглөж зодож байх явцдаа өөртөө гэмтэл учруулсан байж магадгүй. Л.Б болохоор Ц.Лг малын хашаа саравч мөргөөд байсан тэгээд гэмтэл авсан байж магадгүй гэсэн зүйл ярьсан. Би шинжээч эмчээс Си Ди-г нь барьж очихдоо асуухад мөргөлөө гээд шарх үүсэхгүй, энэ бол яг тэр хэрэг болсон цаг хугацаанд үүссэн байх боломжтой гэсэн юмыг бол надад амаараа тайлбарлаж байсан. Тийм учраас Ц.Лд холбогдох Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1-т заасан үйлдлийг хэрэгсэхгүй болгох саналтай байна. Манай Б.Цолмон өмгөөлөгч хэллээ. Биеэ хам хамгаалж, аргагүй хамгаалалтаар гараа өргөж нүдэнд нь бас гэмтэл учруулсан байхыг үгүйсгэхгүй гэсэн юм хэллээ. Тэр ч бас байж болох л талтай. Тэгээд Л.Б-н энэ буруутай үйлдэл нь өөрийгөө хохирогч болгоход хүргэсэн гэж үзэх бүрэн үндэслэлтэй гэж үзэж байна. Ц.Лгийн хувьд Л. Болор-Эрдэнийг зодох ямар нэгэн субьектив санаа зорилго байгаагүй, тийм боломж ч байгаагүй. Элэг рүүгээ өшиглүүлээд ухаан алдаад унаж байгаа хүн эргээд гар хүрч сүх барьж далайх тийм үйлдэл огт гараагүй, гаргах ч хүн биш гэдгийг та нар хараад бараг мэдэж байгаа байх. Тэгээд эрүүгийн хариуцлагын талаар хэлэхэд Л.Б хэдийгээр гэм буруугаа хүлээж боловч ямар нэгэн гэмтсэн байдал огт харагдахгүй байна. Харин ч өөрийгөө өмгөөлөөд өмнөх хурал дээр хэргээ хурдан дуусгаж би ажил хөдөлмөрөө хиймээр байна гэх юм ярьж байсан. Гэтэл Ц.Л цаашдаа ямар хор уршигтай байх вэ, тархи толгойндоо гэмтэл авсан, сэтгэцийн дүгнэлтээр юу гарсан байгаа билээ цаашдаа байнга эмнэлгийн хяналтад байх ёстой гэсэн байгаа. Үүнээс болж гэр бүл ямар их хохирч байгаа билээ. Та нар ганцхан хоол унд гэж болохгүй Улаанбаатар хотод эмнэлэгт хэвтэхэд эргэж, хоол унд өгнө. Энэ хүнийг чинь эмнэлэгт хэвтүүлээд хаячихгүй шүү дээ. Тиймээс Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухайн хуулийн 1.15 дугаар зүйлийн 2-т зааснаар “Эрүүгийн хэрэгт хамааралтай бүхий л нотлох баримтыг шалгасан боловч сэжигтэн, яллагдагч, шүүгдэгчийн гэм буруутай эсэхэд, түүнчлэн эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад Эрүүгийн хууль, энэ хуулийг тайлбарлах, хэрэглэхэд эргэлзээ гарвал түүнийг сэжигтэн, яллагдагч, шүүгдэгч, ялтанд ашигтайгаар шийдвэрлэнэ” гэсэн хуулийн заалтыг харгалзан Ц.Лд холбогдох Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1-т заасан хэргийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэж өгнө үү гэсэн дүгнэлт гаргаж байна. Дээрх хэрэг нь эргэлзээтэй байгаа учраас үүнийг шүүхээс анхаарч шийдвэрлэж өгнө үү гэсэн саналыг гаргаж байна. Эдгээр нөхцөл байдлаас болоод хэргийн нөхцөл байдал, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16 дугаар зүйлд зааснаар нотолбол зохих байдал нотлогдоогүй” гэх ба шүүх хуралдаанд хэлэлцэгдсэн гэрч Э.Баасансүрэн, Д.Чанцалдулам нарын мэдүүлэг болон шинжээчийн дүгнэлтүүдээр шүүгдэгч нарын хооронд тухайн үйл баримт буюу 2024 оны 04 дүгээр сарын 07-ны өдөр хоорондоо харилцан зодолдож, Монгол улсын Үндсэн хууль болоод Эрүүгийн хуулиар хамгаалагдсан хүний эрх, эрх чөлөө, эрүүл мэндийн халдашгүй байдалд нь гэм буруугийн шууд санаатай хэлбэрээр халдсаны улмаас шүүгдэгч Л.Б нь хохирогч Ц.Лгийн эрүүл мэндэд нь хүндэвтэр гэмтэл учруулсан, шүүгдэгч Ц.Л нь хохирогч Л.Б-н биед хөнгөн гэмтэл тус тус учруулсан болох нь Өвөрхангай аймаг дахь бүсийн шүүх шинжилгээний төвийн 2024 оны 04 дүгээр сарын 18-ны өдрийн №4866 шинжээчийн дүгнэлт /хавтаст хэргийн 29-31 дүгээр хуудас/, Өвөрхангай аймаг дахь бүсийн шүүх шинжилгээний төвийн 2024 оны 04 дүгээр сарын 09-ний өдрийн №290 дугаартай шинжээчийн дүгнэлт /хавтаст хэргийн 23-24 дүгээр хуудас/ тус тус үгүйсгэгдэж байна.

 

            Хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол санаатай учруулах гэмт хэрэг нь хүний эрүүл мэндийн халдашгүй байдалд гэм буруугийн санаатай хэлбэрээр халдсан, цохих, өшиглөх, ноцолдох зэрэг идэвхитэй үйлдлээр хүндэвтэр хохирол санаатай учирснаар төгсдөг материаллаг бүрэлдэхүүнтэй, 

            Мөн хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэг нь хүний эрүүл мэндийн халдашгүй байдалд мөн адил гэм буруугийн санаатай хэлбэрээр, шүүгдэгчийн идэвхитэй үйлдэл болон хохирогчийн эрүүл мэндэд хөнгөн хохирол учирснаар төгсдөг материаллаг бүрэлдэхүүнтэй бөгөөд тухайн хүн өөрийн үйлдлийн нийгэмд аюултай шинж чанарыг ухамсарлаж, түүнийг хүсэж, хохирол зориуд хүргэсэн байхаар зохицуулсан байдаг.

          Өөрөөр хэлбэл шүүгдэгч Л.Б нь өшиглөх, цохих, ноцолдох үйлдлээр хохирогч Ц.Лгийн биед хүндэвтэр хохирол санаатай учруулсан, шүүгдэгч Ц.Л нь өшиглөх, цохих, ноцолдох үйлдлээр хохирогч Л.Б-н биед хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэргийг үйлдсэн гэж шүүх үзлээ.

            Шүүх хуралдаанаар тогтоогдсон хэргийн нөхцөл байдал нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар Эрүүгийн хуульд заасан гэмт хэргийн шинжтэй үйлдэл мөн байна.

 

            Эрүүгийн хуульд заасан гэмт хэргийн шинжийг агуулсан шүүгдэгч Л.Б, Ц.Л нарын үйлдэл нь хавтаст хэрэгт авагдсан баримтуудаар хангалттай тогтоогдож байна. Иймээс Эрүүгийн хуульд заасан гэмт хэрэг мөн байна гэж шүүх дүгнэлээ. 

        

            Өвөрхангай аймгийн Хархорин сум дахь сум дундын прокуророос шүүгдэгч Л.Бд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар,

            шүүгдэгч Ц.Лд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар тус тус ял сонсгож, яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн нь шүүгдэгч нарын гэмт үйлдэлд тохирсон, үндэслэлтэй байна.

 

            Иймд шүүгдэгч Л.Б-г хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол санаатай учруулсан,

            Шүүгдэгч Ц.Лг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцох нь зүйтэй гэж шүүх дүгнэв.

            Гэмт хэргийн улмаас учирсан хохирлын хувьд:

            Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.5 дугаар зүйлд “энэ хуулийн тусгай ангид заасан гэмт хэргийн улмаас хүний амь нас, эрүүл мэнд, эд хөрөнгө, бусад эрх, эрх чөлөө, нийтийн болон үндэсний ашиг сонирхол, аюулгүй байдалд шууд учирсан үр дагаврыг гэмт хэргийн хохиролд, гэмт хэрэг үйлдэж хохирол учруулсны улмаас үүссэн үр дагаврыг гэмт хэргийн хор уршигт тус тус тооцохоор хуульчилсан.

 

            Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1-д ”Бусдын эрх, амь нас, эрүүл мэнд, нэр төр, алдар хүнд, ажил хэргийн нэр хүнд, эд хөрөнгөнд хууль бусаар санаатай буюу болгоомжгүй үйлдэл /эс үйлдэхүй/-ээр гэм хор учруулсан этгээд уг гэм хорыг хариуцан арилгах үүрэгтэй” гэж,

            Энэ хуулийн 510 дугаар зүйлийн 510.1-д “Бусдын эд хөрөнгөнд гэм хор учруулсан этгээд уг гэм хорыг арилгахдаа гэм хор учруулахаас өмнө байсан байдалд нь сэргээх /адил нэр, төрөл, чанарын эд хөрөнгө өгөх, гэмтсэн эд хөрөнгийг засах зэргээр/ буюу учирсан хохирлыг мөнгөөр нөхөн төлнө” гэж,

            Иргэний хуулийн 511 дүгээр зүйлийн 511.3-т “...энэ хуулийн 230.2-т заасан сэтгэцэд учруулсан гэм хорыг мөнгөн хэлбэрээр арилгах үүргийг гэм хор учруулсан этгээд хүлээнэ” гэж тус тус заажээ.

            Хууль зүй дотоод хэргийн сайд, эрүүл мэндийн сайдын 2023 оны 07 дугаар сарын 31-ний өдрийн А/268, А/275 дугаар хамтарсан тушаалын 2 дугаар хавсралтаар баталсан гэмт хэргийн улмаас хүний сэтгэцэд учирсан хор уршгийн зэрэглэлийг тогтоох хүснэгтээр Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1-т заасан гэмт хэргийн хохирогчийн сэтгэцэд учирсан гэм хорын зэрэглэлийн Гуравдугаар зэрэглэл хэмээн журамласан.

            2024 оны 05 дугаар сарын 06-ны өдрийн 526 дугаарт шинжээчийн дүгнэлээр хүндэвтэр гэмт хэргийн хувьд буюу сэтгэцийн эмгэгийн гуравдугаар зэрэглэлд хамаарч байх тул сэтгэцэд учирсан хор уршигт 6,600,000 төгрөг, гэмт хэргийн улмаас учирсан хохиролд 1,378,490 төгрөг гаргуулах хохирлын баримтын шаардлага хангасан үүнээс 2024 оны 05 дугаар сарын 28-ны өдрийн 1,000,000 төгрөгийг хохирогчид шилжүүлсэнийг хасаж тооцож үлдэх 378,490 төгрөгийг гаргуулах, нийт 6,978,490 төгрөгийг шүүгдэгч Л.Бэс гаргуулж, хохирогч Ц.Лд олгох,

 

            Монгол улсын Дээд шүүхийн нийт шүүгчдийн хуралдааны 2023 оны 07 дугаар сарын 03-ны өдрийн 25 дугаартай тогтоолоор хүний сэтгэцэд учирсан хор уршгийг арилгах, нөхөн төлүүлэх төлбөрийн жишиг аргачлалыг баталсан ба аргачлалын 3.6-д ...Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах /Эрүүгийн хуулийн 11.6 дүгээр зүйлийн 1/ гэмт хэргийн хохирогчид учирсан хор уршгийг “тухайлсан гэмт хэргийн улмаас хүний сэтгэцэд учирсан хор уршгийн зэрэглэл”-ийг хүснэгтээр тогтоож, уг хүснэгтийг шинжээчийн дүгнэлттэй адилтган заасан тул холбогдох нөхөн төлбөрийг тухайн зэрэглэлийг харгалзан шийдвэрлэнэ, ингэхдээ нөхөн төлбөрийн хэмжээг хөнгөн гэмт хэргийн хувьд буюу сэтгэцийн эмгэгийн хоёрдугаар зэрэглэлд хамааруулсан ба сэтгэцэд учирсан хор уршигт 2,640,000 төгрөг тооцов. Хохирогч Л.Б нь хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад хохирол нэхэмжлээгүй ба сэтгэцэд учирсан хор уршигт 2,640,000 төгрөгийг шүүгдэгч Ц.Лгээс тус тус гаргуулахаар шийдвэрлэлээ.

 

            Шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэх талаар:

            Шүүхээс шүүгдэгч Л.Б-г хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол санаатай учруулсан,

            Шүүгдэгч Ц.Лг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэргийг гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцсон тул эрүүгийн хариуцлага гарцаагүй байх, эрүүгийн хариуцлага нь гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэрт тохирсон байх, эрүүгийн хариуцлагын зорилго зорилт, гэм буруугийн болон шударга ёсны зарчимд нийцүүлэн түүнд эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй байна.

 

            Улсын яллагч шүүх хуралдаанд “Шүүгдэгч Ц.Лд Эрүүгийн хуулийн тусгай ангид заасан хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай үйлдэлд 600 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 600,000 төгрөгөөр торгох ял оногдуулах нь зүйтэй байна. Шүүгдэгч Л.Бд хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол санаатай учруулсан буюу Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутай үйлдэлд 900 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 900,000 төгрөгөөр торгох ял оногдуулах нь зүйтэй юм байна. Шүүгдэгч Л.Б нь энэ гэмт хэргийг үйлдэхдээ Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.6 дугаар зүйлийн 1.1 дэх хэсэгт заасан бие махбодын зовуурь шаналал үүсгэж үйлдсэн буюу эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдож байгаа учраас түүнд оногдуулж байгаа эрүүгийн хариуцлагыг улсын яллагчийн зүгээс хэллээ. Энэ хэрэг дээр хохирлыг тогтоосон. Шүүгдэгч нарт хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээ авагдсан. Шүүгдэгч нарт авагдсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол хэвээр үргэлжлүүлэх саналтай. Цагдан хоригдсон хоноггүй, хилийн хориг тавигдаагүй, хэрэгт битүүмжлэгдсэн хөрөнгөгүй болохыг дурдаж байна. Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг дурдаж байна. Улсын яллагчийн зүгээс торгуулийн ял оногдуулах санал хэлж байгаа учраас шүүхийн шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлэх саналтай байна. Шүүгдэгч нарт оногдуулсан торгох ялын хэмжээг Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуульд зааснаар 3 сарын хугацаанд хэсэгчлэн төлүүлэх нь зүйтэй байна. Шүүгдэгч нар шүүхээс тогтоосон хугацаанд торгуулийн ялыг биелүүлээгүй бол биелэгдээгүй торгох ялын 15 нэгжийг 1 хоногоор тооцож хорих ялаар солигдохыг шүүхийн шийтгэх тогтоолд дурдуулах нь зүйтэй байна” гэсэн дүгнэлтийг,

            Шүүгдэгч Л.Б, Ц.Л нар нь анх удаа гэмт хэрэг үйлдсэн, гэмт хэрэг үйлдсэний дараа хохирогчид учруулсан хохирлыг төлсөн зэргийг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1.1, 1.2 дахь хэсэгт заасан хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцож, хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болно.

 

            Шүүхээс шүүгдэгч Л.Б, Ц.Л нарт эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд хөнгөрүүлэх болон хүндрүүлэх нөхцөл байдал, хохирол, хор уршгийн шинж чанар, хэр хэмжээ, шүүхийн хэлэлцүүлэгт гаргасан оролцогч нарын тайлбар, мэдүүлэг зэргийг тал бүрээс нь харгалзан үзээд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх заалтад зааснаар шүүгдэгч Л.Бд 900 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 900,000 төгрөгөөр торгох ял,

            Шүүгдэгч Ц.Лд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх заалтад зааснаар 600 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 600,000 төгрөгөөр торгох ялаар тус тус шийтгэж шийдвэрлэв.

Шүүх шүүгдэгчийн ажил хөдөлмөр эрхлэлт, хөрөнгө орлого зэрэг хувийн байдлыг харгалзан шүүхээс оногдуулсан торгох ялыг шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болсноос хойш 04 сарын хугацаанд хэсэгчлэн төлөхөөр тогтоов.

Харин шүүхээс тогтоосон хугацаанд шүүгдэгч нь торгох ялыг биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдэх нь зүйтэй. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлд заасан эрүүгийн хариуцлага хөнгөрүүлэх, 6.6 дугаар зүйлд заасан эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй.

 

            Гурав: Бусад асуудлаар:

Шүүгдэгч Л.Б, Ц.Л нь нь цагдан хоригдсон хоноггүй, хилийн хориг тавигдаагүй, түүний бичгийн баримт шүүхэд ирээгүй, түүнээс гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн зүйлгүй, бусдад төлөх төлбөргүй, битүүмжлэгдсэн хөрөнгөгүй болохыг тус тус дурдах нь зүйтэй.

            Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.5, 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоол нь уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд шүүгдэгч Л.Б, Ц.Л нарт авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үлдээж, 

         

            Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоолыг гардан авснаас хойш, эсхүл энэ хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Өвөрхангай аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч нар давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдаж,

 

            Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар давж заалдах гомдол гаргасан буюу эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол биелүүлэх хүртэл шүүгдэгч Л.Б, Ц.Л нарт авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үлдээж тус тус шийдвэрлэлээ.

 

Монгол Улсын Шүүхийн тухай хуулийн 22 дугаар зүйлийн 22.4.1, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1, 2, 3, 4, 36.3, 36.6, 36.7, 36.8, 36.10, 36.13, 38.1 дүгээр зүйлийн 1-т заасныг тус тус 3 удирдлага болгон

 

ТОГТООХ нь:

 

  1. Шүүгдэгч Аовогт Л-гийн Б-г хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол санаатай учруулсан,

шүүгдэгч М овогт Ц-н Л-г хүний эрүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцсугай.

 

  1. Эрүүгийн хуулийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч А овогт Л-гийн Б-г 900 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 900,000 төгрөгөөр торгох ялаар,

Эрүүгийн хуулийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч М овогт Ц-н Л-г 600 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 600,000 төгрөгөөр торгох ялаар тус тус шийтгэсүгэй.

 

  1. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4, 5-т зааснаар Л.Б, Ц.Л нарт оногдуулсан торгох ялыг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болсноос хойш 04 сарын дотор хэсэгчлэн төлөхөөр тогтоож, биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдсүгэй.

 

  1. Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 505 дугаар зүйлийн 505.1, 511 дүгээр зүйлийн 511.3-т зааснаар шүүгдэгч Л.Бэс хохиролд 378,490 төгрөг, сэтгэцэд учирсан хор уршигт 6,600,000 төгрөг, нийт 6,978,490 төгрөг гаргуулж, хохирогч Ц.Лд олгож,

шүүгдэгч Ц.Лгээс сэтгэцэд учирсан хор уршигт 2,640,000 төгрөгийг гаргуулж, хохирогч Л.Бд олгож, хохирогч Ц.Л нь цаашид гарах эмчилгээний зардлыг баримтаа бүрдүүлэн иргэний журмаар жич нэхэмжлэх эрхтэй болохыг тус тус дурдсугай.

  1. Шүүгдэгч Л.Б, Ц.Л нар нь цагдан хоригдсон хоноггүй, хилийн хориг тавигдаагүй, түүний бичгийн баримт шүүхэд ирээгүй, шүүгдэгчээс гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн зүйлгүй, битүүмжлэгдсэн хөрөнгөгүй болохыг тус тус дурдсугай.

 

  1. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүхийн шийдвэрийг уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд мөн хуулийн 38.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч, түүний хууль ёсны төлөөлөгч, хохирогч, түүний хууль ёсны төлөөлөгч, тэдгээрийн өмгөөлөгч шүүхийн шийдвэрт давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй бөгөөд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүхийн шийтгэх тогтоолыг улсын яллагч, шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч өөрөө гардан авснаас хойш 14 хоногийн дотор  Өвөрхангай аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.

 

  1. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар анхан шатны шүүхийн шийдвэрт гомдол, эсэргүүцэл гаргасан бол шүүхийн шийдвэрийн биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол Л.Б, Ц.Л нарт авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                         Ц.ДАГИЙМАА