Улсын дээд шүүхийн Шүүх хуралдааны тогтоол

2025 оны 09 сарын 30 өдөр

Дугаар 001/ХТ2025/00137

 

 

   “С” ХХК-ийн нэхэмжлэлтэй

      иргэний хэргийн тухай

 

Монгол Улсын дээд шүүхийн танхимын тэргүүн Г.Алтанчимэг даргалж, шүүгч Н.Баярмаа, П.Золзаяа, Э.Золзаяа, Х.Эрдэнэсувд нарын бүрэлдэхүүнтэй, тус шүүхийн танхимд хийсэн хяналтын шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар,

Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн 2025 оны 01 дүгээр сарын 30-ны өдрийн 191/ШШ2025/00879 дүгээр шийдвэр,

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2025 оны 05 дугаар сарын 05-ны өдрийн 210/МА2025/00732 дугаар магадлалтай,

“С” ХХК-ийн нэхэмжлэлтэй

ЭМЯ, ЭМДЕГ, НЭМГ-т тус тус холбогдох

Ажлын нэмэлт зардалд 174,740,000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг

Нэхэмжлэгчийн өмгөөлөгч Ш.А-ын хяналтын журмаар гаргасан гомдлоор шүүгч Н.Баярмаагийн илтгэснээр хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн өмгөөлөгч Ш.А, хариуцагч ЭМДЕГ-ын итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Г, хариуцагч ЭМЯ-ны итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Б, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Намсрай нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

1. Нэхэмжлэгч “С” ХХК нь хариуцагч ЭМЯ, ЭМДЕГ, НЭМГ-т тус тус холбогдуулан ажлын нэмэлт зардалд 174,740,000 төгрөг гаргуулах нэхэмжлэлийг гаргажээ.

2. Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн 2025 оны 01 дүгээр сарын 30-ны өдрийн 191/ШШ2025/00879 дүгээр шийдвэрээр: Иргэний хуулийн 343 дугаар зүйлийн 343.1-т заасныг баримтлан хариуцагч ЭМДЕГ-аас 87,633,670 төгрөгийг гаргуулж, нэхэмжлэгч “С” ХХК-д олгож, нэхэмжлэлээс үлдэх 87,106,330 төгрөгийн шаардлага болон хариуцагч ЭМЯ-нд холбогдох нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д зааснаар нэхэмжлэгч “С” ХХК-аас улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 1,031,650 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч ЭМДЕГ-аас 596,118 төгрөгийг гаргуулж, нэхэмжлэгч “С” ХХК-д олгож шийдвэрлэсэн.

3. Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2025 оны 05 дугаар сарын 05-ны өдрийн 210/МА2025/00732 дугаар магадлалаар: Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн 2025 оны 01 дүгээр сарын 30-ны өдрийн 191/ШШ2025/00879 дүгээр шийдвэрийг хүчингүй болгож, Иргэний хуулийн 343 дугаар зүйлийн 343.1-т зааснаар хариуцагч ЭМЯ, ЭМДЕГ, НЭМГ нараас ажлын нэмэлт зардал 174,740,000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэгч “С” ХХК-ийн нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.3-т зааснаар хариуцагч Эрүүл мэндийн даатгалын ерөнхий газрын давж заалдах гомдол улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдсөн болохыг дурдаж шийдвэрлэсэн.

4. Нэхэмжлэгчийн өмгөөлөгч Ш.А хяналтын журмаар гаргасан гомдолдоо: “С” ХХК-ийн нэхэмжлэлтэй ЭМЯ, ЭМДЕГ-т холбогдох хэргийг анхан шатны шүүхийн шийдвэрээр нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг хангаж шийдвэрлэсэн ч давж заалдах шатны шүүхийн магадлалаар нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өөрчлөхөөр шийдвэрлэсэн.

Давж заалдах шатны шүүх хэргийн нөхцөл байдалд бодит дүгнэлт хийгээгүй, гэрээний агуулгыг буруу тодорхойлсон, хууль хэрэглээний алдаа гаргаж улмаар Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 172 дугаар зүйлийн 172.1, 172.2-т заасан нөхцөлийг хангаж буй тул хяналтын журмаар гомдол гаргаж байна. Үүнд:

4.1. Хоёр шатны шүүхийн хууль хэрэглээ зөрүүтэй. Нэхэмжлэгчийн зүгээс Эрүүл мэндийн сайдын албан бичгээр эмнэлгийн бус, оффис зориулалттай төр захиргааны байранд хүчил төрөгчийн бэсрэг үйлдвэрийг нийлүүлэх, угсрах, зориулалтын болгож өөрчлөх, ажлын хөлс зэрэг гэрээнд заагдаагүй нэмэлт зардал болох 171,740,000 төгрөгийг гаргуулахаар шаардсан бөгөөд уг шаардлагыг шийдвэрлэсэн Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн 2025 оны 01 дүгээр сарын 30-ны өдрийн 191/ШШ2025/00879 дүгээр шийдвэрээр нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг хангаж шийдвэрлэхдээ Иргэний хуулийн 345 дугаар зүйлийн 345.2-т заасныг баримтлан нэхэмжлэгчийг 2021.06.30, 2021.08.25-ны өдөр тус тус нэмэлт зардлыг мэдэгдсэн учир шаардах эрхтэй гэж тодорхойлсон. Харин давж заалдах шатны шүүхээс хянавал хэсгийн 5.6-д “Иргэний хуулийн 198 дугаар зүйлийн 198.1-д зааснаар гэрээний агуулгыг тайлбарлахад ажил гүйцэтгэх газар өөрчлөгдсөн тохиолдолд гүйцэтгэгч “С" ХХК нь зардлын нарийвчилсан тооцоо, хэрэгжүүлэх хуваарийг гаргаж, өөрчлөлтийн мэдэгдлийг захиалагч талд мэдэгдэж, уг тооцоог үндэслэн төсвийг баталгаажуулсны дараа өөрчлөлтийн ажлыг гүйцэтгэх байжээ” хэмээн гэрээний агуулгыг харгалзаж шийдвэрлэсэн байна. Дээрх байдлаар анхан болон давж заалдах шатны шүүх ажил гүйцэтгэх гэрээний харилцааг зохицуулсан Иргэний хуулийн холбогдох зохицуулалтыг зөрүүтэй хэрэглэснээс магадлал хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх шаардлагад нийцээгүй байна.

Учир нь анхан шатны шүүх хэргийн нөхцөл байдалд үндэслэл бүхий зөв дүгнэлт хийж нотлох баримтыг хэрэгт хамааралтай ач холбогдолтой талаас нь бүрэн үнэлж гэрээний 3 дугаар зүйлд заасан журмаас гадна Иргэний хуулийн 343 дугаар зүйлийн 343.2-т заасан нөхцөл бүрдсэн хэмээн нэхэмжлэлийн шаардлагыг хангасан бол давж заалдах шатны шүүх болсон үйл явдалд Иргэний хуульд заасан дүгнэлт хийлгүйгээр гэрээг баримталж шийдвэрлэсэнд гомдолтой байна. Гэрээний зөвхөн 3 дугаар зүйлд заасан журмыг баримтална гэж шийдвэрлэхдээ гэрээний тусгай нөхцөлийн 15 дугаар зүйлийн 15.1-д “Гэрээний дагуу хүргэсэн бараа болон гүйцэтгэсэн үйлчилгээний үнийг нэхэмжлэхдээ нийлүүлэгч өөрийн тендерт санал болгосон үнийг баримтална. ... тендерт санал болгосон үнэ өөрчлөгдвөл, өөрчлөгдсөн үнийг баримтална” мөн 22 дугаар зүйлийн “...Захиалагч бичгээр зааварчилгаа өгөөгүй бол нийлүүлэгч гэрээний үүргээ боломжтой хэмжээнд үргэлжлүүлэн гүйцэтгэж, гэнэтийн болон давагдашгүй хүчний нөхцөл байдлаас үл шалтгаалан гэрээг хэрэгжүүлэх арга замыг хайна" гэж тус тус заасныг анхаарч үзээгүй бөгөөд гэрээг зөвхөн нэхэмжлэгчийг буруутгах агуулгаар хууль болон гэрээний бусад хэсгээс зөрүүтэй тайлбарлан хэрэглэсэнд гомдолтой байна.

4.2. Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны ноцтой зөрчил гаргасан. Улсын дээд шүүхийн 2017 оны 01 дүгээр зөвлөмжийн 1.2-т хэргийн бодит үнэнийг тогтоох зарчмыг тайлбарласан бөгөөд давж заалдах шатны шүүх зөвхөн нэхэмжлэгчийн шаардлагадаа дурдсан баримтуудыг хангалттай нотлох үндэслэлгүй хэмээн хэт нэг талыг барьж буюу талуудын эрх ашигт ямар нэг алагчлалгүй шударгаар хандаж хэргийн бодит үнэнийг тогтоох үүргээ хэрэгжүүлсэнгүй. Учир нь нэхэмжлэгч, хариуцагч нарын хоорондын харилцааг цаг хугацааны дараалалд оруулан дүгнэн харахад Иргэний хуулийн 43 дугаар зүйлийн 43.3-т зааснаар хэлцэл хийгдсэн гэж үзэх, мөн Иргэний хуулийн 345 дугаар зүйлийн 345.2-т зааснаар үүргээ биелүүлснийг баталж байх ба үүнийг ч хүлээн зөвшөөрч МҮИС-ийн байранд шинээр нүүлгэн шилжүүлсэн зардал болох 38,337,024 төгрөгийг нэхэмжлэгчид олгож байсан нь хэрэгт баримтаар авагдсан. Түүнчлэн давж заалдах шатны шүүхийн хянавал хэсгийн 5.4-т "... нэмэлт зардлын задаргааны талаар баримтыг хавсаргасан боловч уг баримтад дурдсан бараа материалын болон цалингийн зардал гарсан эсэх нь хэргийн бусад баримтаар тогтоогдохгүй” хэмээн дүгнэсэн нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.2-т заасан журмаар нотлох баримтыг үнэлээгүй нь илт байна.

Учир нь талуудын хооронд байгуулагдсан гэрээний Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа ажил үйлчилгээ худалдан авах тухай хуулийн хүрээнд тендерт шалгарч гэрээ хийгдсэн бөгөөд уг тендерт оролцохын тулд бараа, материалын үнэ, задаргаа, нэгж үнэ бүгдийг өгч өрсөлдсөн бөгөөд шүүхийн шаардсан баримт угаас хэрэгт байсан. Мөн нэхэмжлэгч нь тухайн нэмэлт зардалд оруулсан материалуудыг өөрсдөө оруулж ирдэг бөгөөд өөрөөс гаргасан материалын задаргааг үнэтэй нь өгөх замаар удаа дараагийн хүсэлтэд дурдсан байдаг. Тухайлбал, нэхэмжлэгчийн 2021.06.30-ны өдрийн 21/766 дугаар санхүүжилт хүсэх тухай бичигт “эрчимт эмчилгээний 10 ор, энгийн 52, нийт 62 оронд хүчилтөрөгчийн ханын суулгац, бэсрэг үйлдвэр барьсан ба зардал нь 126,201,000 төгрөг болсон", мөн нэхэмжлэгчийн 2021.08.25-ны өдрийн 21/893 дугаар санхүүжилт хүсэх тухай бичигт эрчимт эмчилгээний 10 ор, энгийн 95, нийт 105 оронд хүчилтөрөгчийн ханын суулгац, бэсрэг үйлдвэр барьсан ба зардал нь 174,740,000 төгрөг болсон тухай буюу тоо хэмжээ өсөж, зардал нэмэгдсэн тухай бичсээр атал давж заалдах шатны шүүхээс “...дээрх зөрүүтэй тооцоолол ямар шалтгааны улмаас өссөн талаар баримтыг хэрэгт гаргаагүй" хэмээн дүгнэсэн нь тухайн нэмэлт зардал хэрхэн өссөнийг хэргийн баримтыг огт харалгүйгээр үндэслэлгүйгээр үнэлээгүй нь хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны ноцтой алдаа болсныг илтгэж байна.

Иймээс дээрх хууль хэрэглээний нэгдмэл байдлыг хангаж хоёр шатны шүүхийн хуулийн зөрүүтэй хэрэглээг эцэслэн шийдвэрлэж уг гомдлыг хүлээн авч хяналтын журмаар хэлэлцүүлж Нийслэлийн иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2025 оны 05 сарын 05-ны өдрийн 210/МА2025/00732 дугаар магадлалыг хүчингүй болгож анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж өгнө үү гэжээ.

5. Монгол Улсын дээд шүүхийн Иргэний хэргийн танхимын Нийт шүүгчийн хуралдааны 2025 оны 07 дугаар сарын 01-ний өдрийн 001/ШХТ2025/00696 дугаар тогтоолоор Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 172 дугаар зүйлийн 172.2.1-т заасан үндэслэлийг хангасан гэж дүгнэн, нэхэмжлэгчийн өмгөөлөгч Ш.А-ын гомдлыг хяналтын шатны шүүх хуралдаанаар хэлэлцүүлэхээр тогтжээ.

ХЯНАВАЛ

6. Нэхэмжлэгчийн өмгөөлөгч Ш.А-ын хяналтын журмаар гаргасан магадлалыг хүчингүй болгож, шийдвэрийг хэвээр үлдээх тухай гомдлыг хангах үндэслэл тогтоогдсонгүй.

7. Нэхэмжлэгч “С” ХХК нь хариуцагч ЭМЯ, ЭМДЕГ-т тус тус холбогдуулан ажлын нэмэлт зардалд 174,740,000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагыг гаргаж, нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ “... 2021 онд ЭМЯ-ны захиалгаар ЭМДЕГ-тай 16 аймаг, дүүргийн нэгдсэн эмнэлэгт хүчилтөрөгчийн бэсрэг үйлдвэр байгуулах ашиглалтад хүлээлгэн өгөх гэрээг байгуулсан. Гэрээг гүйцэтгэх явцад Ковид 19 дэгдэлтийн улмаас ... халдварын тохиолдол Улаанбаатар хотод нэмэгдэж, хүчилтөрөгчийн хэрэглээ ихэссэн тул нэмэлтээр ... 2 хүчилтөрөгчийн бэсрэг үйлдвэрийг суурилуулсан бөгөөд уг газар нь эмнэлгийн зориулалттай барилга биш учраас үйлдвэрийн суурилуулалт, шугамын ажил хийхэд зардал их шаардагдсан. ... Уг ажлыг гүйцэтгэхэд 174,740,000 төгрөгийн бараа материал, ажлын хөлс орсон боловч өнөөдрийг хүртэл зардлаа авч чадалгүй хохирч байна.” гэж тодорхойлсон.

8. Хариуцагч ЭМЯ-ны итгэмжлэгдсэн төлөөлөгч нь нэхэмжлэлийн шаардлагыг эс зөвшөөрч, татгалзлын үндэслэлээ “... Гэрээний дагуу “С” ХХК ажлыг гүйцэтгэсэн бөгөөд гэрээнд  зааснаас илүү төсөв шаардлагатай болсон тохиолдолд албан ёсоор мэдэгдэж нэмэлт гэрээ байгуулах асуудлыг талууд тохиролцох байсан. ... нийгмийн хариуцлагын хүрээнд өөрсдөө зардал гарган ажлыг гүйцэтгэсэн ... нэхэмжлэгч нь 2021.06.30-ны өдөр 126,201,000 төгрөгийн санхүүжилт хүсэх тухай албан бичгийг ЭМЯ-нд ирүүлсэн боловч НЭМГ-т хүргүүлсэн албан бичигт санхүүжилт 174,740,000 төгрөг болж өөрчлөгдсөн. Энэ талаарх зардлын задаргаа болон  тооцооны баримтуудыг ирүүлээгүй. Засгийн газрын 2021 оны 160 дугаар тогтоолын хавсралт болох “Төсвийн хөрөнгө оруулалтаар хэрэгжүүлэх төсөл, арга хэмжээг төлөвлөх, санхүүжүүлэх, хянах, тайлагнах журам”-д зааснаар гэрээгээр тохиролцсон ажлын бодит гүйцэтгэлийг мөнгөн дүнгээр илэрхийлсэн байдлаар гаргасны дагуу санхүүжилт олгох үйл ажиллагаа явагддаг. Нэхэмжлэгч нь гэрээгээр тохирсон төсөвт заасны дагуу ажлыг гүйцэтгэсэн тул нэхэмжлэлийн шаардлагыг зөвшөөрөхгүй.” гэжээ.

9. Хариуцагч ЭМДЕГ нь нэхэмжлэлийн шаардлагыг эс зөвшөөрч, татгалзлын үндэслэлээ “... Холбогдох санхүүжилтийг техникийн комиссын урьдчилсан дүгнэлтийн дагуу 1 эмнэлгийн хүчилтөрөгчийн үйлдвэрийг 590,000,000 төгрөгөөр тооцож, нийт 8 эмнэлгийн 4,720,000,000 төгрөгийн санхүүжилт олгохоор гэрээ байгуулсан. Манай байгууллага “С” ХХК-д 2021.05.03-ны өдөр урьдчилгаа 1,416,000,000 төгрөг, 2021.08.30-ны өдөр үлдэгдэл 3,304,000,000 төгрөг, нийт 4,720,000,000 төгрөгийн санхүүжилтийг шилжүүлж гэрээний үүрэг дуусгавар болсон тул нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгох үндэслэлтэй. ...” гэж тодорхойлсон.

10. Нэхэмжлэгч “С” ХХК нь хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад хариуцагч НЭМГ-т холбогдох нэхэмжлэлийн шаардлагаасаа татгалзсан байна.

11. Анхан шатны шүүх ЭМДЕГ-т холбогдох нэхэмжлэлийн шаардлагаас 87,633,670 төгрөгт холбогдох хэсгийг хангаж, 87,106,330 төгрөг гаргуулах, ЭМЯ-нд холбогдох нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн. Шийдвэрийн үндэслэлдээ “...Талуудын хооронд ажил гүйцэтгэх гэрээний харилцаа үүссэн, гэрээ хүчин төгөлдөр байна. ... гэрээний үндсэн үүрэг болох 8 ширхэг бэсрэг үйлдвэр суурилуулж ажлын хөлсөнд 4,720,000,000 төгрөгийг хүлээн авсан. ... харин гэрээний үүргээ гүйцэтгэх явцад нэмэлт зардал гарсан эсэх, хохирлыг төлөх үндэслэлтэй эсэхэд маргасан. ... нэхэмжлэгч нь ЭМЯ-ны албан бичгийг үндэслэн хүчилтөрөгчийн бэсрэг үйлдвэрийг 6 газарт суурилуулах ажлыг гүйцэтгэж, нэмэлтээр 1 хүчилтөрөгчийн бэсрэг үйлдвэрийг суурилуулсан ... үүнээс Нийслэлийн төр захиргааны ... байранд 2 хүчилтөрөгчийн бэсрэг үйлдвэрийг суурилуулсан нь тогтоогдсон. ... Иргэний хуулийн 343 дугаар зүйлийн 343.1-д заасны дагуу ... 2 хүчилтөрөгчийн бэсрэг үйлдвэр суурилуулсан нэмэлт зардлыг шаардах эрхтэй. ... шүүх ажлын зардлын тооцоо, дансны хуулга, гаалийн хилээр нэвтрүүлэх барааны мэдүүлэг, гадаад шилжүүлгийн даалгавар зэрэг баримтуудыг харьцуулан үзэж хэрэгт авагдсан баримтын хүрээнд зардлын тооцоог гаргаж, 87,633,670 төгрөгийг гаргуулах үндэстэй.” гэж дүгнэсэн.

12. Давж заалдах шатны шүүх анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн. Магадлалд “... Хариуцагч ЭМЯ-аас цар тахлын нөхцөл байдалтай холбоотойгоор зүүн бүсийн аймгийн эмнэлэгт суурилуулах хүчилтөрөгчийн үйлдвэрийг Нийслэлийн төр, захиргааны ... байрны түр эмнэлэгт 2 ширхэг хүчилтөрөгчийн үйлдвэрийг суурилуулах байршлыг өөрчилсөн үйл баримтад талууд маргаагүй. ... ажил гүйцэтгэх газрыг захиалагч өөрчлөх эрхтэй ... Гэрээний 3.2-т “... өөрчлөлтийн ... үзүүлэх нөлөөг харгалзан ... зардлын тооцоо, ... хуваарийг гаргаж, өөрчлөлтийн мэдэгдлийг хүлээн авснаас хойш 5 хоногийн дотор захиалагчид  танилцуулна.” гэж, гэрээний 3.3-т “захиалагч ... тооцоог үндэслэн өөрчлөлтийг ... батлах, ... баталгаажуулах хүртэл нийлүүлэгч ... өөрчлөлтийг гүйцэтгэхгүй.” гэж тус тус тохиролцсон. ... нэхэмжлэгч [энэ] журмыг баримтлаагүй. ... нэмэлт зардлын задаргааны талаар баримт гаргасан боловч уг баримтад дурдсан бараа материалын болон цалингийн зардал гарсан эсэх нь хэргийн бусад баримтаар тогтоогдохгүй. ... Анхан шатны шүүх нэхэмжлэгч талаас гаргасан гаалийн хилээр нэвтрүүлэх баримт, гадаад шилжүүлгийн даалгавар, ... дансны хуулгын ... баримт нь хэрэгт хамааралтай, эргэлзээгүй талаас нь үнэлэх зарчмыг баримтлаагүй.” гэж дүгнэсэн.  

13. Хоёр шатны шүүх хэрэгт ач холбогдол бүхий үйл баримтыг адил тогтоосон боловч нэхэмжлэгчийн шаардах эрхийн талаар зөрүүтэй дүгнэсэн нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 172 дугаар зүйлийн 172.2.1-д заасан үндэслэлийг бүрдүүлсэн гэх гомдлыг нэхэмжлэгчийн өмгөөлөгч хяналтын журмаар гаргажээ. Гомдлыг энэ үндэслэлээр хяналтын шатны шүүх хуралдаанаар хэлэлцэв.

14. Нэг талаас ЭМДЕГ (захиалагч), нөгөө талаас “С” ХХК (гүйцэтгэгч) нарын хооронд “Хүчилтөрөгчийн бэсрэг үйлдвэр байгуулах, ашиглалтад хүлээлгэн өгөх гэрээ” байгуулагдсан бөгөөд энэ гэрээний дагуу гүйцэтгэгч нь БНХАУ-д үйлдвэрлэсэн АДЕКОМ маркийн хүчилтөрөгчийн бэсрэг үйлдвэрийг нийлүүлж, зүүн бүсийн аймгийн болон Улаанбаатар хотын дүүргийн зарим эмнэлгүүдэд угсрах, захиалагч талаас нэгж бэсрэг үйлдвэрт 590,000,000 төгрөгийг төлөхөөр харилцан тохиролцсон байна.

Гэрээ байгуулах тухайн цаг үе онцлогтой буюу Ковид19 цар тахлын үед, 2021.02.04-ний өдөр гэрээ байгуулагдаж, 2021.05.11-ний өдөр гэрээг биелүүлэх хугацаанд нэмэлт, өөрчлөлт орж, үндсэн 90 хоногийн хугацааг 60 хоногоор сунгажээ. Хэрэгт авагдсан гэрээний нэр, агуулгаас бэсрэг үйлдвэрийг зүүн бүсийн аймаг, эсхүл Нийслэл хотын дүүргийн алинд ч байршуулах боломжтой байх ба тухайлсан байршлыг захиалагч талаас тогтоох, энэ нь гэрээ байгуулах үеийн цар тахлын хамрах хүрээ, урьдчилан тааварлах боломжгүй нөхцөл байдлаас шалтгаалсан онцлогтой гэж үзэхээр байна.

Хоёр шатны шүүх дээрх гэрээг Иргэний хуулийн 343 дугаар зүйлийн 343.1-д заасан ажил гүйцэтгэх гэрээ гэж дүгнэжээ. Гэрээний агуулгаас үзвэл гүйцэтгэгч нь хүчилтөрөгчийн иж бүрдэл төхөөрөмжийг анхлан үйлдвэрлэхгүй, БНХАУ-д үйлдвэрлэсэн хүчилтөрөгчийн генератор, түүний бүрдэл, хүчилтөрөгч хадгалах сав, бүрэн автомат компрессор буюу шахсан агаарын сав, агаарын хатаагч, агаар хадгалах сав, өндөр даралтын станц, вакуум систем, контейнер зэргээс бүрдэх иж бүрдэл төхөөрөмжийг худалдан авч захиалагчид нийлүүлэх, иж бүрдлийг захиалагчийн заасан байршилд угсран суурилуулах үүрэг хүлээсэн байна.

Энэ гэрээг Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1-д заасан худалдах-худалдан авах гэрээ, мөн хуулийн 343 дугаар зүйлийн 343.1-д заасан ажил гүйцэтгэх гэрээний холимог гэрээ гэж үзнэ. Иргэний хуулийн 198 дугаар зүйлийн 198.5-д “Холимог гэрээний агуулгыг тайлбарлахдаа гэрээний гүйцэтгэлд илүү тохирсон төсөөтэй тухайн төрлийн гэрээг зохицуулсан хэм хэмжээг анхаарна.” гэж заасан. Зохигчийн хооронд үүссэн маргаан нь захиалагчид нийлүүлсэн төхөөрөмжийн чанар байдлын талаар бус, илүүтэй тус төхөөрөмжийг суурилуулах байршуулахтай холбоотой нэмэлт зардал үүссэн эсэх тухай байх тул энэ маргааныг Иргэний хуулийн 343 дугаар зүйлийн 343.1-д заасан гэрээний зохицуулах зүйлд хамаарна гэж үзсэн хоёр шатны шүүхийн дүгнэлтийг буруутгахгүй.

15. Нэхэмжлэгч дээр дурдсан гэрээнээс бий болсон, гүйцэтгэгч хариуцах ёсгүй нэмэлт зардлыг захиалагчаас шаардах эрхтэй гэж маргасан бол хариуцагч уг нэмэлт зардлыг нэхэмжлэх гэрээнд заасан журам зөрчигдсөн гэж үзэн хариуцахаас татгалзсан байна.  

Зохигч 8 бэсрэг үйлдвэр нийлүүлэх, угсран суурилуулахаар тохирсон үйл баримтад маргаагүй. Түүнчлэн үйлдвэрийг АШУҮС-ийн М эмнэлэг, БГДЭМТ, СХДНЭ, Нийслэлийн төр, захиргааны .... байр, Э төв-2, Улсын ...... төв эмнэлэг, ДУАНЭ-д нийлүүлэн суурилуулсан, үүнээс Нийслэлийн төр, захиргааны ... байранд 2 үйлдвэрийг суурилуулж, нийт 8 үйлдвэрийг суурилуулах ажил хугацаандаа хийгдсэнийг зохигчийн хэн аль нь үгүйсгээгүй, энэ талаар баримтууд хэрэгт авагдсан байна. /хх-ийн 147 дугаар тал/

Харин нэхэмжлэгч эмнэлгийн зориулалтгүй байр болох Нийслэлийн төр, захиргааны ... байранд 2 хүчилтөрөгчийн үйлдвэр суурилуулах явцад нэмэлт зардал гарсан гэж маргасан. Үйлдвэрийг хаана суурилуулах тухай зааварчилгаа бүхий 2/3344 тоот албан бичгийг 2021.06.25-ны өдөр ЭМЯ-аас өгсөн байх ба 2021.06.30-ны өдөр гэхэд зарим ажил хийгдсэн болох нь мөн өдрийн огноотой Нийслэлийн төр, захиргааны .... байранд угсралтын ажил гүйцэтгэхэд 126,201,000 төгрөгийн бараа материал, ажлын хөлс нэмэлтээр орсон тухай албан бичгийг гүйцэтгэгч “С” ХХК-аас ЭМЯ-нд хүргүүлснээр тогтоогдож байна. Улмаар нэхэмжлэгч “С” ХХК-аас 2021.08.25-ны өдөр НЭМГ-т хүргүүлсэн “Санхүүжилт хүсэх тухай” албан бичигтээ Нийслэлийн төр, захиргааны .... байранд 2 үйлдвэрийг түр байрлуулсантай холбоотой нэмэлт зардалд 174,740,000 төгрөг зарцуулсан болохоо илэрхийлж, энэ зардлыг санхүүжүүлэхийг хүссэн байна.

Дээрхээс дүгнэвэл нэхэмжлэгч нь үйлдвэрлэл суурилуулахаар захиалагчийн заасан 7 байрлалаас 1 байрлалд буюу Нийслэлийн төр, захиргааны .... байранд 2 үйлдвэрийг түр байрлуулах болсон, улмаар уг байр нь эмнэлгийн зориулалтгүйн улмаас үйлдвэр угсрахад урьдчилан тооцоолоогүй нэмэлт зардал гарсан гэж үзэн энэ зардлыг захиалагч талаас шаардсан нь тус маргааны зүйл болжээ.   

16. Ажил гүйцэтгэх гэрээний харилцаанд Иргэний хуулийн 345 дугаар зүйлийн 345.2-т Гэрээ байгуулах үед урьдчилан төлөвлөх боломжгүй байснаас төсвийн хэмжээ нэмэгдэхээр байвал ажил гүйцэтгэгч энэ тухай захиалагчид нэн даруй мэдэгдэх үүрэгтэй гэж заасны дагуу гүйцэтгэгч нь захиалагчаас нэмэлт зардлыг шаардах хууль зүйн боломжтой.

Анхан шатны шүүх нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг хангаж шийдвэрлэсэн атлаа шаардах эрхийн эрх зүйн үндэслэлийг зөв тодорхойлоогүй, хэрэглэх ёстой хуулийг хэрэглээгүй алдаа гаргасан бол давж заалдах шатны шүүх нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгохдоо энэ шаардах эрх хэрхэн үгүйсгэгдэж байгаа талаар зохих дүгнэлтийг өгч чадаагүй алдаа гаргасныг дараах байдлаар залруулах нь зүйтэй.   

17. Зохигчийн хооронд 2021.02.04-ний өдөр байгуулсан гэрээ нь “16 аймаг, дүүргийн нэгдсэн эмнэлэгт хүчилтөрөгчийн бэсрэг үйлдвэр байгуулах, ашиглалтад хүлээлгэн өгөх гэрээ” гэх нэртэй байх ба талуудын үндсэн тохиролцооноос үзвэл хүчилтөрөгчийн бэсрэг үйлдвэрийг анхнаасаа “нэгдсэн эмнэлэг”-ийн зориулалттай байранд байрлуулахаар тохиролцсон гэрээний нөхцөл байна. Иймд хэрэв үйлдвэрийг ямар нэг шалтгаанаар эмнэлгийн бус зориулалттай байранд байрлуулах бол энэ асуудлаар зохигч харилцан тохиролцож өөрчлөлт оруулах нөхцөл мөн байна.

Гэвч хэргийн нөхцөл байдлаас үзвэл захиалагч талаас эмнэлгийн бус байршилд 2 хүчилтөрөгчийн үйлдвэрийг байршуулахаар гүйцэтгэгчид зааварчилгаа өгсөн, гүйцэтгэгч уг зааварчилгааг хүлээн авч түүний дагуу ажиллажээ. Өөрөөр хэлбэл, гүйцэтгэгч захиалагчийн зааварчилгааг буруу буюу гүйцэтгэх боломжгүй гэж үзээгүй, зааврыг биелүүлэх ажиллагааг эхлүүлсэн байна. Энэ талаар зохигч маргаагүй. Иймд захиалагчийг буруу, ажлын чанарт муугаар нөлөөлөх зааварчилгаа өгсөн гэж үзэхгүй. Харин талууд харилцан тохиролцож, захиалагчаас өөрчилсөн зааварчилгааны хүрээнд ажилласан гэж үзнэ. Харин энэ зааварчилгааны улмаас төсөвт өөрчлөлт орохоор бол гүйцэтгэгч энэ талаарх төсвийн тооцооллыг гаргаж, урьдчилан захиалагчид мэдэгдэх, захиалагч энэ тооцооллын үндсэн дээр өөрийн зааварчилгааг өөрчлөх эсэхийг шийдвэрлэх учиртай. Энэ үүднээс Иргэний хуулийн 345 дугаар зүйлийн 345.2 дахь хэсэгт захиалагчийн зааварчилгааны улмаас төсөвт өөрчлөлт орох бол урьдчилан захиалагчид мэдэгдэх талаар зохицуулсан байна. Гүйцэтгэгч ийнхүү урьдчилан мэдэгдэх үүргээ биелүүлсэн гэж үзэх баримт хэрэгт авагдсангүй. Түүнчлэн нэг өдрийн огноотой, ЭМЯ, НЭМГ-т хүргүүлсэн, ажлыг хийж гүйцэтгэсэн тухай мэдэгдсэн нэг агуулга бүхий албан бичигт нэмэлт зардлын талаар хоёр өөр мөнгөн дүнг дурдсан байна. Захиалагч талаас Нийслэлийн төр, захиргааны хоёрдугаар байранд байрлуулсан бэсрэг үйлдвэрийг нүүлгэхтэй холбоотой зардалд 38,337,024 төгрөгийг “С” ХХК-д төлсөн үйл баримтын тухайд зохигч мөн маргаагүй.

18. Нэхэмжлэгч зүй нь ажлын төсөвт өртөг нэмэгдэх бол, тэр дундаа захиалагчийн зааварчилгаанаас шалтгаалан нэмэгдсэн бол энэ талаар урьдчилан захиалагчид мэдэгдэх үүрэгтэй тухай Иргэний хуулийн 345 дугаар зүйлийн 345.2-т тодорхой заасан. Гэвч тухайн үед улс орон онцгой нөхцөл байдалд байсан буюу цар тахлын үед төрийн болон хувийн хэвшлийн байгууллагууд хэн аль нь түргэн шуурхай ажиллах шаардлагатай байсныг үгүйсгэхгүй. Иймд захиалагчид урьдчилан мэдэгдэх үүргээ гүйцэтгэгч “С” ХХК хугацаа хожимдуулж хэрэгжүүлсэн, нийгмийн хариуцлагын хүрээнд эмнэлгийн хойшлуулшгүй арга хэмжээг хэрэгжүүлэхэд нийтийн эрх зүйн этгээдэд тусалж, чухал үүргийг шуурхай гүйцэтгэхийг эн тэргүүнд зорьсон байх боломжтой тул төсвийн өөрчлөлтийн талаар захиалагчид хугацаа хожимдуулж мэдэгдсэнд нэхэмжлэгч гэм буруугүй гэж үзэх боломжтой. Энэ тохиолдолд хуульд заасан урьдчилан мэдэгдэх үүргээ зөрчсөн нь нэхэмжлэгчийн нэмэлт зардал шаардах эрхийг үгүйсгэхгүй байж болно.

Энэ үндэслэлээр давж заалдах шатны шүүх гэрээний 3 дугаар зүйлд заасан журмыг зөрчсөн тул шаардах эрхгүй гэж дүгнэн, гэрээний 15, 22 дугаар зүйлийг анхаараагүй гэх нэхэмжлэгч талын гомдол үндэстэй. Давж заалдах шатны шүүхийн “... ажил гүйцэтгэх газрыг захиалагч өөрчлөх эрхтэй ... Гэрээний 3.2-т “... өөрчлөлтийн ... үзүүлэх нөлөөг харгалзан ... зардлын тооцоо, ... хуваарийг гаргаж, өөрчлөлтийн мэдэгдлийг хүлээн авснаас хойш 5 хоногийн дотор захиалагчид  танилцуулна.” гэж, гэрээний 3.3-т “захиалагч ... тооцоог үндэслэн өөрчлөлтийг ... батлах, ... баталгаажуулах хүртэл нийлүүлэгч ... өөрчлөлтийг гүйцэтгэхгүй.” гэж тус тус тохиролцсон. ... нэхэмжлэгч [энэ] журмыг баримтлаагүй.” гэх дүгнэлтийг дээрх байдлаар залруулна.

19. Гэвч дээрх дүгнэлт нь гүйцэтгэгч нэгэнт урьдчилан мэдэгдэлгүй нэмэлт зардлыг үүсгэн ажиллагаа хийсэн тул энэ зардлын тооцоог нэг бүрчилсэн, эргэлзээгүй байдлаар нотлох үүргээс нэхэмжлэгчийг чөлөөлөхгүйн зэрэгцээ нэмэлт зардлыг хоёр өөр дүнгээр илэрхийлсэн нь эргэлзээ үүсгэж буй бодит байдлыг үгүйсгэхгүй. Нэхэмжлэгч энэ үүргээ хангалттай биелүүлээгүй гэх давж заалдах шатны шүүхийн дүгнэлт үндэстэй.

Анхан шатны шүүх “... ажлын зардлын тооцоо, дансны хуулга, гаалийн хилээр нэвтрүүлэх барааны мэдүүлэг, гадаад шилжүүлгийн даалгавар зэрэг баримтуудыг харьцуулан үзэж хэрэгт авагдсан баримтын хүрээнд зардлын тооцоог гаргаж, 87,633,670 төгрөгийн хэмжээнд нэхэмжлэлийн шаардлагыг хангах үндэстэй.” гэж дүгнэсэн боловч 87,633,670 төгрөгийг хэрхэн гаргасан нь тодорхойгүй, дээр дурдсан баримтууд Нийслэлийн төр, захиргааны ..... байранд бэсрэг үйлдвэрийг суурилуулсантай хэрхэн холбогдож байгаа талаар дүгнээгүй.

Хавтаст хэргийн 60-61 дүгээр талд авагдсан “Нийслэлийн нутгийн захиргааны төв цогцолбор”-ын 145 ортой түр эмнэлэгт Хүчилтөрөгчийн бэсрэг үйлдвэр болон даралтат хийн шугам хоолой угсарч суурилуулан, ашиглалтад хүлээлгэн өгсөн ажлын хөлс болон материалын задаргаа” гэх хүснэгт нь нэг талын буюу нэхэмжлэгчийн дангаар гаргасан мэдээлэл, шүүхэд гаргасан нэмэлт тайлбар гэж үзэхээр байна. Тус тайлбарын дагуу 174,740,000 төгрөгөөс 6,300,000 төгрөг нь ажилчдын цалин, 5,200,000 төгрөг нь краны хөлс, бусад нь материалын зардал гэх агуулгаар тусгагджээ. Энэ нь ажилчдад цалин олгосон тухай, кран бодитой хөлсөлсөн тухай, түүнчлэн дурдсан 10 төрлийн материалыг хэрхэн худалдан авсан, эсхүл өөрийн эх үүсвэрээс бүрдүүлсэн талаар хөндлөнгийн бусад баримтгүйгээр эргэлзээгүй гэж үзэх боломжгүй.

Иймд энэ талаар давж заалдах шатны шүүхийн “нэмэлт зардлын задаргааны талаар баримт гаргасан боловч уг баримтад дурдсан бараа материалын болон цалингийн зардал гарсан эсэх нь хэргийн бусад баримтаар тогтоогдохгүй. ... Анхан шатны шүүх нэхэмжлэгч талаас гаргасан гаалийн хилээр нэвтрүүлэх баримт, гадаад шилжүүлгийн даалгавар, ... дансны хуулгын ... баримт нь хэрэгт хамааралтай, эргэлзээгүй талаас нь үнэлэх зарчмыг баримтлаагүй” гэсэн дүгнэлт үндэстэй болжээ.

Энэ үндэслэлээр нэхэмжлэгч тендерт оролцохын тулд бараа, материалын үнэ, задаргаа, нэгж үнэ бүгдийг өгч өрсөлдсөн бөгөөд шүүхийн шаардсан баримт угаас хэрэгт байсан. ... тухайн нэмэлт зардалд оруулсан материалуудыг өөрсдөө оруулж ирдэг ... бэсрэг үйлдвэр барьсан ба зардал нь 174,740,000 төгрөг болсон тухай буюу тоо хэмжээ өсөж, зардал нэмэгдсэн тухай бичсээр атал давж заалдах шатны шүүхээс үнэлээгүй нь хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны ноцтой алдаа болсон.” гэх агуулга бүхий нэхэмжлэгчийн өмгөөлөгчийн хяналтын журмаар гаргасан гомдлыг хангахгүй.

20. Эдгээр үндэслэлээр нэхэмжлэгчийн өмгөөлөгчийн давж заалдах шатны шүүхийн магадлалыг хүчингүй болгож, шийдвэрийг хэвээр үлдээхийг хүссэн хяналтын гомдлыг хангахгүй орхих нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 176 дугаар зүйлийн 176.2.1-т заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2025 оны 05 дугаар сарын 05-ны өдрийн 210/МА2025/00732 дугаар магадлалыг хэвээр үлдээж, нэхэмжлэгчийн өмгөөлөгч Ш.А-ын хяналтын журмаар гаргасан гомдлыг хангахгүй орхисугай.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.4 дэх заалтыг баримтлан нэхэмжлэгч “С” ХХК нь хяналтын журмаар гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид 2025.06.05-ны өдөр 1,031,650 төгрөг төлснийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

 

 

                   

 

                    ТАНХИМЫН ТЭРГҮҮН                             Г.АЛТАНЧИМЭГ

                     ШҮҮГЧИД                                                   Н.БАЯРМАА

                                                                                              П.ЗОЛЗАЯА

                                                                                              Э.ЗОЛЗАЯА

                                                                                              Х.ЭРДЭНЭСУВД