Улсын дээд шүүхийн Шүүх хуралдааны тогтоол

2025 оны 10 сарын 02 өдөр

Дугаар 001/хт2025/00148

 

“М” ХХК-ийн нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

Монгол Улсын дээд шүүхийн шүүгч Д.Цолмон даргалж, танхимын тэргүүн Г.Алтанчимэг, шүүгч Н.Батзориг, Н.Батчимэг, Х.Эрдэнэсувд нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн хяналтын шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар

Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн

2025 оны 02 дугаар сарын 20-ны өдрийн 192/ШШ2025/01518 дугаар шийдвэртэй,

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн

2025 оны 05 дугаар сарын 02-ны өдрийн 210/МА2025/00724 дүгээр магадлалтай,

“М” ХХК-ийн нэхэмжлэлтэй,

“А” ХХК-д холбогдох,

Гэрээний үүргээ биелүүлж газар ашиглах эрхийг шилжүүлэхтэй холбоотой баримт бичгийг бүрдүүлж өгөхийг даалгах тухай иргэний хэргийг

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Г.Г-ын хяналтын журмаар гаргасан гомдлоор шүүгч Н.Батчимэгийн илтгэснээр хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Г.Г, нэхэмжлэгчийн өмгөөлөгч Ц.М, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч С.Б, хариуцагчийн өмгөөлөгч Р.М, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга П.Д нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

1. Нэхэмжлэгч “М” ХХК нь хариуцагч “А” ХХК-д холбогдуулан гэрээний үүргээ биелүүлж газар ашиглах эрхийг шилжүүлэхтэй холбоотой баримт бичгийг бүрдүүлж өгөхийг даалгах тухай нэхэмжлэл гаргасныг хариуцагч эс зөвшөөрч, маргажээ.

2. Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн 2025 оны 02 дугаар сарын 20-ны өдрийн 192/ШШ2025/01518 дугаар шийдвэрээр: Газрын тухай хуулийн 44 дүгээр зүйлийн 44.5, 45 дугаар зүйлийн 45.1, Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 56.1.1 дэх хэсэгт заасныг баримтлан нэхэмжлэгч “М” ХХК-ийн хариуцагч “А” ХХК-д холбогдуулан гаргасан ашиглах эрх бүхий 16,428 м.кв газраас 5,394 м.кв газрыг нь “М” ХХК-д шилжүүлэн ашиглуулах албан хүсэлт болон “А” ХХК-ийн улсын бүртгэлийн гэрчилгээний хуулбар, дүрэм, 16,446 м.кв газар эзэмших гэрчилгээ, гэрээ, кадастрын зураг, газрын төлөв байдал, чанарын улсын хянан баталгааны дүгнэлт, хэсэгчлэн шилжүүлэх газрын кадастрын зэргийн хуулбар дээр зай хэмжээ тавьсан тойм зураг, газар эзэмшүүлэх, ашиглуулах гэрээний үүргийн биелэлт акт, байгаль орчны нөлөөллийн үнэлгээгээр гарсан дүгнэлтийг хэрэгжүүлсэн талаарх тодорхойлолт, газрын төлбөр тооцоо нийлсэн акт, байгаль орчны нөлөөллийн үнэлгээгээр гарсан дүгнэлтийг хэрэгжүүлсэн талаарх тодорхойлолт, газрын төлбөр тооцоо нийлсэн акт, татварын албанд албан татвар, хураамж төлсөн баримт, “А” ХХК-ийн үл хөдлөх хөрөнгийн гэрчилгээний хуулбар, татвар төлөгчийн тодорхойлолт зэрэг бичиг баримтуудыг дахин бүрдүүлж Нийслэлийн Засаг даргад хүргүүлэхийг даалгуулах тухай нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д зааснаар нэхэмжлэгч “М” ХХК-ийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70,200 төгрөгийг улсын төсвийн орлогод хэвээр үлдээж шийдвэрлэжээ.

3. Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2025 оны 05 дугаар сарын 02-ны өдрийн 210/МА2025/00724 дүгээр магадлалаар: Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн 2025 оны 02 сарын 20-ны өдрийн 192/ШШ2025/01518 дугаар шийдвэрийн тогтоох хэсгийн 1 дэх заалтын “...Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 56.1.1...” гэснийг “Иргэний хуулийн 189 дүгээр зүйлийн 189.5” гэж өөрчилж, шийдвэрийн бусад хэсгийг хэвээр үлдээж, нэхэмжлэгчийн гомдлыг хангахгүй орхиж, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 162 дугаар зүйлийн 162.4 дэх хэсэгт зааснаар давж заалдах гомдол гаргахдаа нэхэмжлэгч “М” ХХК-ийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70,200 төгрөгийг улсын төсвийн орлогод хэвээр үлдээж шийдвэрлэжээ.

4. Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Г.Г хяналтын журмаар гаргасан гомдолдоо: “...Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн дээрх магадлалыг эс зөвшөөрч дараах үндэслэлээр гомдол гаргаж байна. Үүнд:

1. Анхан шатны шүүх болон Давж заалдах шатны шүүх нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг буруу ойлгож тус тус өөр өөр дүгнэлт гаргасан,

2. Давж заалдах шатны шүүх нэхэмжлэгчийн гомдлоор хэргийг бүхэлд нь хянахдаа хэрэгт авагдсан нотлох баримтуудыг тал бүрээс нь бүрэн бодитой, ач холбогдолтой, үнэн зөв, эргэлзээгүй байдлаар дүгнээгүй магадлал гаргасан. Энэхүү магадлал нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 172 дугаар зүйлийн 172.2.1 “шүүхийн хууль хэрэглээний зөрүүг арилгах”, 172.2.2 “хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны ноцтой зөрчил гаргасан нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн”, 172.2.4 “эрх зүйн шинэ ойлголт, эсхүл хууль хэрэглээг тогтооход зарчмын хувьд нийтлэг ач холбогдолтой” гэсэн үндэслэлээр гомдол гаргах нөхцөлийг бүрдүүлээд байна. Үүнд:

4.1 Анхан шатны болон давж заалдах шатны шүүхүүд нэхэмжлэлийн шаардлагыг буруу ойлгож тус тус өөр өөр дүгнэлт гаргасан. Өөрөөр хэлбэл нэхэмжлэгч “М” ХХК нь хариуцагч “А” ХХК-аас газар ашиглах эрхээ шилжүүлэхийг шаардаагүй, харин нэгэнт “А” ХХК-ийн нэр дээр ашиглах эрхтэй олгогдсон байгаа газраас “М” ХХК-д хэсэгчлэн шилжүүлэхэд Нийслэлийн газрын алба бүрдүүлэхийг шаарддаг бичиг баримтуудын “А” ХХК-аас гаргах өгөх шаардлагатай баримт бичгүүдийг гаргуулж өгөхийг даалгах агуулга бүхий шаардлага гаргасан.

Хариуцагчаас гаргуулж авахаар шаардаад байгаа баримтууд болон нэхэмжлэгч өөрийн зүгээс нэмж бүрдүүлэх баримтуудын хамт газар ашиглах эрхийг хэсэгчлэн шилжүүлэх хүсэлтийг Нийслэлийн газрын албанд хандаж гаргах бөгөөд “М” ХХК-д “А” ХХК-ийн ашиглаж байгаа газраас хэсэгчлэн шилжүүлэх хүсэлтийг хүлээн авах хууль зүйн үндэслэл байгаа эсэхийг Нийслэлийн газрын алба болон Нийслэлийн Засаг дарга шийдвэрлэх юм. Гэтэл шүүхүүд газар ашиглах эрх шилжүүлэхээр шаардсан байна гэж дүгнэсэн нь үндэслэлгүй шийдвэр, магадлал гарахад хүргэсэн. Тус хэргийг урьд нь Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх 2024.02.20-ны өдөр шийдвэрлэснийг Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2024.05.27-ны өдрийн 210/МА2024/01122 дугаар магадлалаар хянан анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож анхан шатны шүүхээр дахин хэлэлцүүлэхээр буцаасан бөгөөд шийдвэрийг хүчингүй болгосон дүгнэлт болон үндэслэлүүдийн нэг нь нэхэмжлэлийн шаардлагыг тодруулах шаардлагатай хэмээн үзсэн байдаг. Үүний дагуу нэхэмжлэгч талаас хариуцагчаас гаргуулах шаардлагатай баримт бичгүүд хэмээн товч дурдсан байснаа дэлгэрүүлж нэг бүрчлэн дурдаж тодруулсан болно.

4.2 Давж заалдах шатны шүүх нэхэмжлэгчийн гомдлоор хэргийг бүхэлд нь хянахдаа хэрэгт авагдсан нотлох баримтуудыг тал бүрээс нь бодитойгоор, үнэн зөв, ач холбогдолтой, эргэлзээгүй байдлаар дүгнээгүй хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны ноцтой зөрчил гаргасан. Өөрөөр хэлбэл Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1 “Шүүх хэргийн оролцогчийн гаргасан нотлох баримтыг тал бүрээс нь бодитойгоор харьцуулан үзсэний үндсэн дээр нотлох баримтыг өөрийн дотоод итгэлээр үнэлнэ.” 40.2 “Нотлох баримтыг тухайн хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, үнэн зөв, эргэлзээгүй талаас нь үнэлнэ.” 40.3 “Шүүхэд урьдаас хөдөлбөргүй үнэн гэж тогтоогдсон ямар ч нотлох баримт байж болохгүй.” хэмээн заасныг ноцтой зөрчсөн.

“М” ХХК нь хариуцагч “А” ХХК-тай хамтран үл хөдлөх эд хөрөнгө худалдан авсан болон үл хөдлөх эд хөрөнгүүдийн өмчлөх эрхийн гэрчилгээ тус тусын нэр дээр бүртгэгдэж, өмчлөх эрхийн гэрчилгээ авсан болох нь хэрэгт авагдсан баримтуудаас тодорхой харагдана. Харин тэдгээр үл хөдлөх эд хөрөнгүүд байршиж байгаа газар нь бүхэлдээ “А” ХХК-ийн нэр дээр ашиглах эрхтэй байхаар бүртгэгдсэн нөхцөл байдлыг тодруулсан нотлох баримтууд болон “А” ХХК-ийн хүсэл зоригоор 2011, 2017, 2021, 2023 онуудад Нийслэлийн Засаг даргын захирамжаар газар ашиглах эрхийг олгож, хугацааг удаа дараа сунгаж байсан нь нэхэмжлэгчийн хүсэлтээр шүүхийн бүрдүүлсэн нотлох баримтуудаас хангалттай тодорхой харагдаж байгаа болно. Дээр дурдсан Нийслэлийн Засаг даргын захирамж нь ямар нэг тусгайлан тогтоосон Засгийн газрын тогтоол шийдвэр, журамд үндэслээгүй бүгд газар эзэмших эрхийн нэг адил Газрын тухай хуулийн зохицуулалтаар шийдвэрлэгдсэн байдаг.

Мөн Газар ашиглах эрх шилжүүлэх хүсэлтийг Нийслэлийн газрын албанд гаргахад бүрдүүлэх баримт материал нь газар эзэмших эрх шилжүүлэх хүсэлт гаргахад бүрдүүлдэг баримтын нэг адил байдаг гэдгийг харуулсан Нийслэлийн газрын албаны албан маягт буюу бүрдүүлэх баримтын жагсаалт бүхий баримтыг мөн хэрэг гарган өгч нэхэмжлэлийн шаардлагаа тодруулсан. “М” ХХК нь өөрийн өмчилж байгаа үл хөдлөх эд хөрөнгөд хамаарах газрыг ашиглах хүсэлтээ Нийслэлийн газрын албанд хандан гаргасан болон Нийслэлийн газрын албанаас ирүүлсэн хариу албан тоотыг ч мөн хэрэгт нотлох баримтаар гаргаж өгсөн. Мөн Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2024.05.27-ны өдрийн 210/МА2024/01122 дугаар магадлалын хянавал хэсгийн 5-д /6 дугаар тал/ “Тодруулбал, нэхэмжлэгч нь зохих баримт бичгийг 2015 онд хариуцагчаас шилжүүлэн авснаас хойш уул эрхээ хэрэгжүүлээгүй байдал, хариуцагч 2020 онд газрын эрхийг шилжүүлэхийг зөвшөөрсөн хүсэл зоригоо ямар шалтгааны улмаас хэрхэн өөрчилснийг шүүхээс мэтгэлцээнийг удирдан чиглүүлэх байдлаар тодруулан тогтоох, шаардлагатай нөхцөлд эрх бүхий этгээдээс энэ талаар тодруулга, лавлагаа авах нь хэргийн талаар дүгнэлт хийхэд ач холбогдолтой, талууд гэрээнд заасан газрыг харилцан шилжүүлэх боломжтой эсэхийг тодорхойлоход хамаарал бүхий гэж үзэхээр байна.” хэмээн анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг дахин шийдвэрлүүлэхээр буцааж шийдвэрлэсэн байдаг. Гэтэл давж заалдах шатны шүүх хариуцагч талаас гаргаж өгсөн баримт бичгүүд хүлээлцсэн акт гэж ганц баримтад үндэслэн хариуцагчийг гэрээний үүргээ биелүүлсэн байна гэж үзсэн үндэслэлгүй юм. Тус баримт бичиг нь нотлох баримтын шаардлага хангаагүйгээс гадна гэрээнд заасан нөхцөл ёсоор шаардлагатай баримт бичгүүдийг тодорхой хугацаанд Нийслэлийн Засаг дарга хүргүүлэхээр заасан нөхцөлийг зөрчсөн буюу нэхэмжлэгчийн өмгөөлөгчид хүлээлгэн өгсөн гэсэн агуулгатай байдаг.

Гэтэл 2020 онд Б.О-ийн нэхэмжлэлтэй иргэний хэрэг хянан хэлэлцэгдэж байх үед “А” ХХК нь тус газрын ашиглах эрх шилжихэд “А” ХХК-аас татгалзах зүйл байхгүй тухай хүсэл зоригоо илэрхийлсэн албан бичгийг “М” ХХК-д өгч, шүүхэд хүргүүлж байсан баримт нь ч тус хэрэгт нотлох баримтаар авагдсан байдаг.

Мөн гурван талт гэрээг хүчин төгөлдөр бөгөөд хэрэгжих боломжтой болохыг дүгнэсэн хүчин төгөлдөр шүүхийн шийдвэр, магадлал, тогтоол байсаар байхад тус гэрээний зарим хэсэг нь хууль зөрчсөн буюу хариуцагчид эрх олгогдоогүй гэрээний зохицуулалт хэмээн дүгнэж байгаа нь үндэслэлгүй юм. Иймд Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн 2024.02.20-ны өдрийн 192/2025/01518 дугаар шийдвэр болон Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2025.05.02-ны өдрийн 210/МА2025/00724 дугаар магадлалыг тус тус хүчингүй болгож, нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж өгнө үү.” гэжээ.

5. Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Г.Г-ын хяналтын журмаар гаргасан гомдол нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 172 дугаар зүйлийн 172.2.1-д заасан үндэслэлийг хангаж байх тул Иргэний хэргийн танхимын нийт шүүгчийн хуралдааны 2025.07.01-ний өдрийн 001/ШХТ2025/00699 дүгээр тогтоолоор хэргийг хяналтын шатны шүүх хуралдаанаар хэлэлцүүлэхээр шийдвэрлэсэн.

ХЯНАВАЛ:

6. Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Г.Г-ын хяналтын журмаар гаргасан гомдлыг хангах үндэслэлтэй гэж үзлээ.

7. Нэхэмжлэгч “М” ХХК нь хариуцагч “А” ХХК-д холбогдуулан гэрээний үүргээ биелүүлж газар ашиглах эрхийг шилжүүлэхтэй холбоотой баримт бичгийг бүрдүүлж өгөхийг даалгах тухай шаардлага бүхий нэхэмжлэл гаргаж, шаардлагын үндэслэлээ “...2015.11.12-ны өдөр Б.О, “М” ХХК, “А” ХХК харилцан тохиролцож гурван талт гэрээ байгуулсан. Уг гэрээний 2.1-д “А” тал буюу “А” ХХК нь Нийслэлийн Засаг даргын 2011.06.17-ны өдрийн 474 тоот захирамжаар ашиглаж буй 16,446 м.кв газраас манай компани ашиглах эрх бүхий кадастрын зурагт заагдсан А цэгт 3,320 м.кв, С цэгт 890 м.кв, D цэгт 1,184 м.кв газар буюу нийт 5,394 м.кв газрыг “С” тал буюу “М” ХХК-д шилжүүлэн эзэмшүүлэх хүсэлтийг 2015.11.27-ны өдрийн дотор Нийслэлийн Засаг даргад албан бичгээр гаргаж өгөх үүргийг хүлээсэн ба 2015 оны 11 сард “М” ХХК-ийн өмгөөлөгчид газар шилжүүлэх хүсэлт, холбогдох бичиг баримтыг шилжүүлж өгснөөр гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлсэн гэж тайлбарлаж байгааг гэрээний үүргээ зохих ёсоор гүйцэтгэсэн гэж үзэх хууль зүйн үндэслэлгүй юм. ...” гэж тодорхойлжээ.

8. Хариуцагч “А” ХХК нь нэхэмжлэлийн шаардлагыг эс зөвшөөрч “...2015.11.15-ны өдөр “М” ХХК-ийн өмгөөлөгчид газартай холбоотой бүх баримтаа акт үйлдэн нотариатаар баталгаажуулан хүлээлгэн өгсөн. Тухайн үед газрын төлбөр, бүх зүйлийн тооцоог дуусгаад газрын албанд хандсан бичгээ гарган хүлээлгэн өгсөн. Харин энэхүү бичиг баримтын дагуу “М” ХХК нь Нийслэлийн газрын албанд хандаагүй бөгөөд ... газар нь “М” ХХК-д шилжээгүй нь нэхэмжлэгчийн дотоодын өөрсдийн буруутай ажиллагаанаас шалтгаалсан. ... Газрын тухай хуулийн 35 дугаар зүйлийн 35.1.4-т газар эзэмшүүлэх тухай шийдвэр гаргасан этгээдийн зөвшөөрөлгүйгээр эрхийн гэрчилгээг бусдад шилжүүлэх заалтын дагуу газрын гэрчилгээг бусдад шилжүүлэх эрх олгогдоогүй, ... хязгаарлагдмал эрхтэй газар ашиглагч нь дураараа газраа шилжүүлнэ гэх асуудал нь хуульд нийцэхгүй.  ...Иймд гэрээний үүргээ биелүүлсэн байхад дахин шаардах нь хууль зүйн хувьд үндэслэлгүй. ...” гэж маргажээ.

9. Анхан шатны шүүх “...Газрын тухай хуулийн 44 дүгээр зүйлийн 44.5, 45 дугаар зүйлийн 45.1 дэх хэсгүүдэд гадаадын хөрөнгө оруулалттай аж ахуйн нэгжид энэ хуулийн дагуу газрыг тусгай зориулалт, хугацаа, болзолтойгоор ашиглуулах бөгөөд уг хугацааг Засгийн газар тогтооно гэж, газар ашиглагч нь энэ хуулийн 35.1.1, 35.1.2, 35.1.5, 35.3.1-35.3.5-д заасан болон бусад хууль тогтоомжид заасан эрх эдэлж, үүрэг хүлээнэ гэж тус тус заасан байна. Тухайлбал хариуцагч “А” ХХК-д Газрын тухай хуулийн 35 дугаар зүйлийн 35.1.4 дэх хэсэгт заасан газар эзэмшүүлэх тухай шийдвэр гаргасан этгээдийн зөвшөөрөлтэйгөөр эрхийн гэрчилгээгээ бусдад шилжүүлэх эрх олгогдоогүй бөгөөд гэрээнд заасан үүргээ биелүүлэх, холбогдох баримтыг гарган өгөх замаар ашиглаж буй газраасаа хэсэгчлэн шилжүүлэх хүсэлтийг эрх бүхий байгууллагад гаргах боломжгүй юм. ...Хариуцагч “А” ХХК-ийн нэр дээр газар ашиглах эрхийн гэрчилгээ олгогдсон ч “М” ХХК нь өнөөдрийг хүртэл бодитоор эзэмшиж, ашиглан үйл ажиллагаа явуулж байгаа нь талуудын тайлбар, хэрэгт авагдсан баримтаар тогтоогдсон бөгөөд газрыг ашиглуулах эрхийг шилжүүлэх нь хариуцагчийн хүсэл зоригоос хамаарахгүй гэж дүгнэлээ. ...Талуудын хооронд байгуулсан гэрээний ихэнх хэсэг нь биелсэн буюу хүчин төгөлдөр байгаа бөгөөд хариуцагч өөрт олгогдоогүй эрхийг хэрэгжүүлэх, газар ашиглах эрхийг шилжүүлэн өгөхөөр заасан хэсгийг биелүүлэх боломжгүй нөхцөл байдал үүссэн байна.” гэсэн дүгнэлт хийж нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн байна.

10. Давж заалдах шатны шүүх анхан шатны шүүхийн шийдвэрт хууль хэрэглээний өөрчлөлт оруулахдаа “...нэхэмжлэгч “М” ХХК-ийн шаардаж байгаа 5,394 м.кв газрын ашиглах эрхийг Газрын тухай хуулийн 35 дугаар зүйлийн 35.1.4, 38 дугаар зүйлд заасны дагуу түүнд шилжүүлэн өгөх эрх хариуцагч “А” ХХК-д хуулиар олгогдоогүй талаарх анхан шатны шүүхийн дүгнэлт хууль зүйн үндэслэлтэй. Учир нь хариуцагч мөн хуулийн 45 дугаар зүйлийн 45.1 дэх хэсэгт заасны дагуу газар ашиглах эрх, үүргийг хэрэгжүүлэхдээ мөн хуулийн 35 дугаар зүйлийн 35.1.4-т газар эзэмшүүлэх тухай шийдвэр гаргасан этгээдийн зөвшөөрөлтэйгөөр эрхийн гэрчилгээгээ бусдад шилжүүлэх болон мөн хуулийн 35.3.1-д энэ хуульд заасны дагуу эрхийн гэрчилгээгээ барьцаалах, шилжүүлэх эрхийг Монгол Улсын иргэн, хуулийн этгээдийн нэгэн адил хэрэгжүүлэх бүрэн эрхгүй байна. ... Харин талуудын байгуулсан гурван талт гэрээнд ... хариуцагч нь өөрийн газар дээр оршин байх нэхэмжлэгчийн үл хөдлөх эд хөрөнгийн өмчлөх эрхээ хэрэгжүүлэх эрхийг хангахаар 5,394 м.кв газрыг нэхэмжлэгчид ашиглуулахыг зөвшөөрч хэлцэл хийснийг Иргэний хуулийн 189 дүгээр зүйлийн 189.5 дахь хэсэгт зааснаар гэрээ байгуулагдсан гэж үзэхээр байна. Хариуцагч энэхүү гэрээний 2.1-д зааснаар газрыг ашиглуулах зөвшөөрлөө 2015.11.27-ны өдөр нэхэмжлэгчид гарган өгөх үүрэг хүлээсэн. Уг үүргээ биелүүлж 2015.11.19-ний өдөр газар ашиглах эрхийг шилжүүлэхэд шаардлагатай 9 ширхэг баримтыг нэхэмжлэгчид хүлээлгэн өгч “Баримт бичгүүд хүлээлцсэн” акт үйлдсэн нь хэргийн баримтаар тогтоогдсон, ... ийнхүү хариуцагчийн гэрээгээр хүлээсэн үүрэг дуусгавар болсон байх тул нэхэмжлэгч уг гэрээний үүргийг дахин шаардах эрхгүй байна. Анхан шатны шүүхээс талуудын энэхүү тохиролцоог хуульд нийцээгүй буюу Иргэний хуулийн 56 дугаар зүйлд заасан хүчин төгөлдөр бус хэлцэл гэж дүгнэсэн нь буруу байх тул анхан шатны шүүхийн дүгнэлтийг дээрх байдлаар залруулж, зохигчийн хооронд байгуулсан гурван талт гэрээг хүчин төгөлдөр хүсэл зоригийн илэрхийлэл гэж үзэв.” гэсэн дүгнэлт хийжээ. 

11. Анхан болон давж заалдах шатны шүүхийн хийсэн зохигчийн хооронд үүссэн эрх зүйн маргааны талаарх хариуцагч газрыг ашиглах эрхтэй тул энэ талаарх талуудын гэрээгээр хүлээсэн үүрэг хэрэгжих боломжгүй гэсэн дүгнэлт нь агуулгын хувьд зөрүүгүй, адил боловч давж заалдах шатны шүүх талуудын хооронд Иргэний хуулийн 189 дүгээр зүйлийн 189.5-д заасан нэрлэгдээгүй гэрээ байгуулагдсан, гэрээ хүчин төгөлдөр, гэрээний үүрэг дуусгавар болсон гэж үзсэн бол анхан шатны шүүх гэрээний зарим хэсэг хүчин төгөлдөр бус гэж ялгаатай дүгнэлт хийсэн байна.

12. Хэрэгт авагдсан баримтаар нэхэмжлэгч “М” ХХК болон хариуцагч “А” ХХК нь гадаадын хөрөнгө оруулалттай аж ахуйн нэгж бөгөөд хариуцагч “А” ХХК-д 0000 хаягт байрлах, нийт 16440 м.кв талбай бүхий газрыг үйлдвэрлэлийн зориулалтаар ашиглуулахаар Нийслэлийн Засаг даргын 2011.06.17-ны өдрийн 474 тоот шийдвэрээр нэгж талбарын 0000 дугаар бүхий, 2017.11.24-ний өдрийн А/897 тоот захирамжаар нэгж талбарын 0000, 0000 дугаар бүхий, 2023.05.03-ны өдрийн А/443 дугаартай захирамжаар нэгж талбарын 0000 дугаар бүхий газрыг 5 жилийн хугацаагаар сунгаж, газрын хэмжээ 16,428 м.кв болж, эрхийн улсын бүртгэлийн А-0000 дугаарт бүртгэж гэрчилгээ олгосон, 2015.11.12-ны өдөр иргэн Б.О, “М” ХХК, “А” ХХК нар “Гурван талт гэрээ” байгуулж, гэрээгээр хариуцагч “А” ХХК нь Б.О-ийн эзэмшдэг “А” ХХК-ийн 4 ширхэг хувьцааг буцаан худалдаж авах, мөн зээлийг хүүгийн хамт төлөх, өөрийн ашиглаж буй газраас 5394 м.кв газрыг “М” ХХК-д шилжүүлж авах хүсэлт гаргасныг хүлээн зөвшөөрөх, үл хөдлөх эд хөрөнгийн өмчлөх эрхийг шилжүүлэхийг зөвшөөрсөн талаар Х банкинд албан бичиг өгөх үүрэг хүлээж, 2016.02.29-ний өдөр “М” ХХК нь Нийслэлийн 0000 тоот хаягт байршилтай 2670 м.кв талбайтай, үйлдвэрлэлийн зориулалттай, үл хөдлөх эд хөрөнгийн хууль ёсны өмчлөгчөөр эрхийн улсын бүртгэлийн Ү-0000 дугаарт бүртгэж, гэрчилгээ олгосон, хариуцагчийн ашиглах эрх бүхий дээрх газар дээр нэхэмжлэгч “М” ХХК-ийн үл хөдлөх эд хөрөнгө байрладаг, хариуцагч дуслын шингэний үйлдвэрийн, нэхэмжлэгч гадаад худалдаа, эм, био бэлдмэлийн үйлдвэрийн үйл ажиллагаа явуулдаг тухай үйл баримт тогтоогдсон, зохигч энэ талаар маргаагүй байна.

13. Зохигчийн маргааны зүйл нь нэхэмжлэгчийн өмчлөлийн үл хөдлөх эд хөрөнгийн доорх газрыг хариуцагч ашиглах эрхийн гэрчилгээгээр эзэмшиж байгаагаас нэхэмжлэгч уг газрыг ашиглах эрхийг эрх бүхий байгууллагаас авахад шаардагдах баримт бичгийг хариуцагч “А” ХХК нь гаргаж өгөх үүрэгтэй эсэх, уг үүргийг биелүүлж дуусгавар болсон эсэх асуудал болжээ.

14. Хоёр шатны шүүх нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг баримт бичиг гаргуулах тухай гэж зөв тодорхойлсон атлаа, хариуцагчид газар ашиглах эрхийг бусдад шилжүүлэх эрх хуулиар олгогдоогүй үндэслэлээр шаардлагыг хангагдах боломжгүй гэж маргааны зүйлийг буруу тодорхойлж, талуудын хооронд байгуулагдсан гэрээний агуулгыг зөв тайлбарлаж чадаагүйгээс нэхэмжлэгчийн шаардах эрхийн талаарх дүгнэлт нь үндэслэл бүхий болоогүй байна.

15. Шүүх нэхэмжлэлийн шаардлага түүний үндэслэлийг тодруулах нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 6 дугаар зүйлийн 6.1-д зааснаар хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг мэтгэлцэх үндсэн дээр хэрэгжүүлж, мэтгэлцэх зарчмыг хангах, улмаар хэргийн бодит нөхцөл байдлыг тогтоож, хуулийг зөв хэрэглэх нөхцөлийг бүрдүүлдэг.

15.1. Нэхэмжлэгч “М” ХХК нь нэхэмжлэлийн шаардлагаа нэхэмжлэлдээ “... “А” ХХК-аас “Гурван талт гэрээ”-ээр хүлээсэн үүрэг болох өөрийн ашиглаж буй газраас А цэгт 3320 м.кв, С цэгт 890 м.кв, D цэгт 1184 м.кв газар буюу нийт 5394 м.кв газрыг “М” ХХК-д шилжүүлэн эзэмшүүлэх, түүнд холбогдох баримт материалыг бүрдүүлж өгөх үүргийг даалгаж өгнө үү ...” гэж,

15.2. Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад шаардлагаа тодруулахдаа “...“А” ХХК-аас өөрийн ашиглаж буй 16440 м.кв газраас ... нийт 5394 м.кв газрыг “М” ХХК-д шилжүүлэн ашиглуулах албан хүсэлт болон дурдсан ... бичиг баримтуудыг дахин бүрдүүлж Нийслэлийн Засаг даргад хүргүүлэхийг даалгаж өгнө үү ...” гэж,

15.3. Анхан шатны шүүх хуралдаанд “... “А” ХХК нь өөрсдийнхөө эзэмшиж байгаа 16,440 м.кв газраасаа дээр дурдсан 3 цэгт байрлах нийт 5394 м.кв газрыг шилжүүлэн өгөх, холбогдох бичиг баримтуудыг газрын албанд гаргаж өгөхийг даалгаж өгнө үү ...” гэж,

15.4. Давж заалдах гомдолдоо болон шүүх хуралдаанд “... нэхэмжлэгч “М” ХХК нь хариуцагч “А” ХХК-аас газар ашиглах эрхээ шилжүүлэхийг шаардаагүй, харин газар ашиглах эрх шилжүүлэхэд “А” ХХК-аас гаргаж өгөх шаардлагатай буюу Нийслэлийн газрын албанаас бүрдүүлэхийг шаарддаг баримтуудыг “А” ХХК-аас гаргуулахыг даалгах агуулга бүхий шаардлага гаргасан. ...” гэж,

15.5. Хяналтын журмаар гаргасан гомдолд болон шүүх хуралдаанд “... Анхан шатны болон давж заалдах шатны шүүхүүд нэхэмжлэлийн шаардлагыг буруу ойлгож тус тус өөр өөр дүгнэлт гаргасан. Өөрөөр хэлбэл нэхэмжлэгч “М” ХХК нь хариуцагч “А” ХХК-аас газар ашиглах эрхээ шилжүүлэхийг шаардаагүй, харин нэгэнт “А” ХХК-ийн нэр дээр ашиглах эрхтэй олгогдсон байгаа газраас “М” ХХК-д хэсэгчлэн шилжүүлэхэд Нийслэлийн газрын алба бүрдүүлэхийг шаарддаг бичиг баримтуудын “А” ХХК-аас гаргах өгөх шаардлагатай баримт бичгүүдийг гаргуулж өгөхийг даалгах агуулга бүхий шаардлага гаргасан. ...”  гэж тус тус дурджээ.

Эндээс үзвэл нэхэмжлэгч нь талуудын хооронд байгуулагдсан “Гурван талт” гэрээг үндэслэн маргаан бүхий газрыг ашиглах эрхийг шилжүүлэн авахад шаардагдах баримт бичгийг хариуцагчаас шаардсан гэж үзэхээр байна.

Өөрөөр хэлбэл, талууд гэрээний 2.1-д “ ...“А” тал нь Нийслэлийн Засаг даргын 2011.06.17-ны өдрийн 474 тоот захирамжийн дагуу өөрийн ашиглаж буй газраас энэ Гэрээний Хавсралт 1-д кадастрын зурагт заасан А цэгт 3320 м.кв, С цэгт 890 м.кв, D цэгт 1184 м.кв газар буюу нийт 5394 м.кв газрыг С талд шилжүүлэн эзэмшүүлэх хүсэлтийг 2015.11.27-ны өдрийн дотор Нийслэлийн Засаг даргад албан бичгээр гаргаж өгнө.”, 2.2-т “ “М” ХХК-ийн эзэмшиж ашиглаж буй 20, 21, 22 дугаар бүхий үл хөдлөх хөрөнгүүдийн өмчлөх эрхийн гэрчилгээг тус компанид шилжүүлэн өгөхөд “А” талаас татгалзахгүй тухай албан бичгийг 2015.11.27-ны өдөр дотор бэлэн болгож “С” талд өгнө.”, 2.3-т “Энэ Гэрээний 2.1, 2.2-т заасны дагуу “С” талд шилжүүлэн өгөхөд шаардлагатай баримт бичиг, холбогдох зөвшөөрөлд (“А” талын өгөх зөвшөөрлийн албан бичгүүд, “А” ХХК-ийн гэрчилгээний хуулбар, газрын гэрчилгээний хувь, газар эзэмших гэрээний хувь кадастрын зураг, төлбөр төлсөн баримт, тооцоо нийлсэн акт зэрэг хамаарна.” гэж тус тус тохиролцсон бөгөөд нэхэмжлэгч дээрх гэрээний үүргийг хариуцагчаас шаардаж, гэрээний 2.3-т заасан баримт бичгийг гаргуулж, өөрийн өмчлөлийн үл хөдлөх эд хөрөнгө хариуцагчийн газар дээр байгаа учир эрх бүхий байгууллагад хандаж, уг газрын ашиглах эрхийг шилжүүлэн авах зорилготой гэжээ.

16. Нэхэмжлэлийн шаардлага, түүний үндэслэл нь хариуцагчийн гэрээгээр хүлээсэн үүрэгтэй холбоотой, хүчин төгөлдөр гэрээний үүргийг шаардах эрхтэй тул гэрээний хүчин төгөлдөр байдал буюу талуудын дээрх тохиролцоо хуульд нийцсэн эсэхэд дүгнэлт хийх нь зүйтэй.

17. Иргэний хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1-д “хүсэл зоригийн агуулгыг тайлбарлахдаа үгийн шууд утгыг анхаарна” 41.2-т “Хүсэл зоригийн илэрхийллийн утга ойлгомжгүй бол хүсэл зоригоо илэрхийлэгчийн хэрэгцээ, шаардлага болон үйлдэл, эс үйлдэхүй, бусад нөхцөл, байдалд дүн шинжилгээ хийх замаар тайлбарлана” гэж заасан.

Энэ утгаараа гэрээний дээрх заалтыг хэргийн бусад баримттай харьцуулан дүгнэвэл хариуцагч нь гадаадын хөрөнгө оруулалттай аж ахуйн нэгж учраас түүнд газар ашиглах эрх олгогдсон, улмаар нэхэмжлэгчийн өмчлөлийн үл хөдлөх эд хөрөнгө хариуцагчийн ашиглах эрх бүхий газар дээр байрлаж байгаагаас талууд гэрээгээр уг газрын ашиглах эрхийг шилжүүлэн авахад шаардагдах баримт бичгийг эрх бүхий байгууллагад гарган өгөх үүргийг хүлээжээ.

18. Талуудын энэхүү гэрээний үндсэн шинж, хэлбэрийг авч үзвэл хуулиар шууд нэрлэж зохицуулаагүй өвөрмөц агуулга бүхий Иргэний хуулийн 189 дүгээр зүйлийн 189.5-д заасан нэрлэгдээгүй гэрээ байгуулагдсан байна.

19. Анхан шатны шүүх “… хэлцлийн зарим хэсэг хүчин төгөлдөр бус буюу хариуцагч өөрт олгогдоогүй эрхийг хэрэгжүүлэх, газар ашиглах эрхийг шилжүүлэн өгөхөөр заасан хэсгийг биелүүлэх боломжгүй нөхцөл байдал үүссэн. ...” гэж дүгнэснийг давж заалдах шатны шүүх залруулж, гэрээг хүчин төгөлдөр гэж үзсэн нь Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 56.1.1-д нийцсэн.

20. Түүнчлэн давж заалдах шатны шүүх талуудын хооронд үүссэн эрх зүйн харилцааг Иргэний хуулийн 189 дүгээр зүйлийн 189.5-д заасан нэрлэгдээгүй гэрээ зөв тодорхойлсон боловч хариуцагч энэ гэрээний үүргээ биелүүлж, үүрэг дуусгавар болсон гэж үзсэн нь Иргэний хуулийн 206 дугаар зүйлийн 206.1, 236 дугаар зүйлийн 236.1.1-д заасныг буруу тайлбарлан хэрэглэсэн.

21. Улмаар хоёр шатны шүүх хариуцагчийг газар ашиглагч гадаадын хөрөнгө оруулалттай аж ахуйн нэгж учраас газрыг ашиглах эрхийг бусдад шилжүүлэх эрхгүй тул талуудын хооронд байгуулагдсан гэрээний үүрэг хэрэгжих боломжгүй гэсэн адил агуулга бүхий дүгнэлт хийсэн ба давж заалдах шатны шүүх гадаадын хөрөнгө оруулалттай аж ахуйн нэгж нь Монгол Улсын хуулийн этгээд гэсэн атлаа Монгол Улсын аж ахуйн нэгж гэсэн ойлголтод хамаарахгүй гэсэн зөрчилтэй дүгнэлтийг хийжээ.

22. Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.1-56.1.10-т заасан үндэслэл тогтоогдвол хэлцлийг хүчин төгөлдөр бус гэж үзэх бөгөөд зохигчийн тайлбар, мэтгэлцээний агуулгаас үзэхэд хуульд зааснаар газар ашиглагч нь энэ эрхээ бусдад шилжүүлэх боломжгүйгээс гэрээний үүрэг биелэгдэх боломжгүй гэж маргасан тул уг нөхцөл байдал нь гэрээний хүчин төгөлдөр байдалд хамаарах үндэслэл болох эсэхийг дүгнэх шаардлагатай.

23. Хөрөнгө оруулалтын тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.1.5-д гадаадын хөрөнгө оруулалттай аж ахуйн нэгж гэж “Монгол Улсын хууль тогтоомжийн дагуу байгуулагдсан, хуулийн этгээдийн нийт гаргасан хувьцааны 25 буюу түүнээс дээш хувийг гадаадын хөрөнгө оруулагч эзэмшиж байгаа бөгөөд гадаадын хөрөнгө оруулагч тус бүрийн оруулсан хөрөнгө оруулалтын хэмжээ нь 100 мянган америк доллар буюу түүнтэй тэнцэх хэмжээний төгрөгөөс дээш байх аж ахуйн нэгжийг хэлнэ.” гэж заажээ.

Хуулийн дээрх тодорхойлолтоос үзвэл гадаадын хөрөнгө оруулалттай аж ахуйн нэгж нь Монгол Улсын хуулийн дагуу байгуулагдан бүртгэгдсэн Монгол Улсын аж ахуйн нэгж болно.

Газрын тухай хуулийн 38 дугаар зүйлийн 38.1-д “Газар эзэмших эрхийн гэрчилгээг хуулиар зөвшөөрсөн хэлбэрээр бусдад шилжүүлж, барьцаалж болно. Эрхийн гэрчилгээг бусдад шилжүүлэх, барьцаалах үйл ажиллагаа нь зөвхөн Монгол Улсын иргэн, аж ахуйн нэгж, байгууллагын хооронд явагдана.” гэж заасан бөгөөд гадаадын хөрөнгө оруулалттай аж ахуйн нэгж нь Монгол Улсын аж ахуйн нэгж гэдэг ойлголтод хамаарна.

Харин Газрын тухай хуулийн 6 дугаар зүйлийн 6.3, 44 дүгээр зүйлийн агуулгаас үзвэл гадаадын хөрөнгө оруулалттай аж ахуй нэгж нь газар ашиглах эрхтэй бөгөөд Газрын тухай хуулийн 45 дугаар зүйлийн 45.1-д зааснаар газар ашиглагч энэ хуулийн 35.1.1, 35.1.2, 35.1.5, 35.3.1-35.3.5-д заасан болон бусад хууль тогтоомжид заасан эрх эдэлж, үүрэг хүлээхээр байгаагаас үзэхэд энд мөн хуулийн 35 дугаар зүйлийн 35.1.6-д заасан газар эзэмшигч нь газар эзэмшүүлэх тухай шийдвэр гаргасан этгээдийн зөвшөөрөлтэйгөөр тухайн газраа бүгдийг нь буюу зарим хэсгийг бусдад ашиглуулж болох эрхийг заагаагүй байна.

Газрын тухай хуулийн 44 дүгээр зүйлд газар ашиглуулах журмыг буюу үүнд газар ашиглах тухай хүсэлт гаргах, түүнийг хянан шийдвэрлэх, газар ашиглах тухай гэрээний агуулгыг тогтоох, түүнийг байгуулах зэрэг асуудлыг зохицуулсан.

Гэвч эдгээр нь нэхэмжлэлийн шаардлагын үндэслэл болоогүй тул энэхүү үйл баримт нь талуудын тохиролцоо, хүсэл зоригийн илэрхийллийг хүчин төгөлдөр гэж үзэхэд харгалзан үзэх шаардлагагүй болохыг хоёр шатны шүүх анхаараагүй.

24. Иргэний хуулийн 83 дугаар зүйлийн 83.1-д “Аливаа этгээд нь хуулиар хориглоогүй, нийтээр хүлээн зөвшөөрсөн зан суртахууны хэм хэмжээнд харшлахгүйгээр эдийн баялаг болох эд юмс болон эдийн бус баялаг болох оюуны үнэт зүйлс, эрхийг олж авч болох бөгөөд энэ тохиолдолд дээрх баялаг нь хөрөнгө болно.”, 84 дүгээр зүйлийн 84.3-т “Газар, түүнээс салгамагц зориулалтын дагуу ашиглаж үл болох эд юмс үл хөдлөх эд хөрөнгөд хамаарна.”, 85 дугаар зүйлийн 85.2-т “Түр зуурын хэрэгцээ хангах зорилгоор бус байнгын зориулалттай, газартай салшгүй бэхлэгдсэн байшин, барилга, байгууламж болон бусад зүйл нь газрын үндсэн бүрдэл хэсэг байна.” гэж тус тус заажээ.

25. Нэхэмжлэгч “М” ХХК нь хариуцагч “А” ХХК-тай 2004.06.20-ны өдөр “Үл хөдлөх эд хөрөнгө хамтран худалдан авах” гэрээ байгуулж, гэрээгээр Х банкнаас Нийслэлийн 0000 талбай бүхий барилга, газар, түүнд хамаарагдах зам талбайг худалдан авч, “А” ХХК нь тус барилгын ...23 дугаар агуулахын барилга түүнд хамаарагдах зам талбайг, “М” ХХК нь тус барилгын 2,702 ам.метр талбайтай 20, 21, 22-р агуулахын барилга бүхий түүнд хамаарагдах зам талбайг тус тус өмчлөхөөр тохиролцож, улмаар 2016.02.29-ний өдөр “М” ХХК нь Нийслэлийн 0000 тоот хаягт байршилтай 2670 м.кв талбайтай, үйлдвэрлэлийн зориулалттай, эрхийн улсын бүртгэлийн Ү-0000 дугаартай үл хөдлөх эд хөрөнгийн өмчлөгч болжээ.

26. Хуулийн дээрх зохицуулалтыг тогтоогдсон үйл баримттай уялдуулан авч үзвэл маргаан бүхий тохиолдолд нэхэмжлэгч үл хөдлөх эд хөрөнгийг олж авсан нь хуулиар хориглосон, нийтээр хүлээн зөвшөөрсөн зан суртахууны хэм хэмжээнд харшилсан гэж үзэх үндэслэлгүй бөгөөд үл хөдлөх эд хөрөнгө нь газрын үндсэн бүрдэл хэсэг байдаг тул талуудын газар ашиглах эрхтэй холбоотой эрх бүхий байгууллагад хүсэлт гаргахад шаардагдах баримт бичгийг гарган өгөх тухай тохиролцоог хууль зөрчсөн хүчин төгөлдөр бус гэж үзэхгүй.

27. Дээрхийг нэгтгэн дүгнэвэл нэхэмжлэгч нь өөрийн өмчлөлийн үл хөдлөх эд хөрөнгийн доорх газрыг ашиглах эрхийг хэрэгжүүлэх зорилготой, үүнийг хуульд заасан журмын дагуу эрх бүхий этгээд шийдвэрлэх бөгөөд гагцхүү ийнхүү шийдвэрлэхэд газрыг хууль ёсоор эзэмшиж, ашиглаж байгаа этгээдийн байр суурь, улмаар шаардлагатай баримт бичгийг эрх бүхий байгууллагад гаргаж өгөх талаар тохиролцсон талуудын тохиролцоо нь Иргэний хуулийн 189 дүгээр зүйлийн 189.1-д заасан гэрээний талуудын чөлөөт байдлын зарчим зөрчигдсөн гэж үзэх үндэслэлгүй.

Өөрөөр хэлбэл Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.1-д заасан хууль зөрчсөн хэлцэл гэж хуулийн хориглох хэм хэмжээг зөрчсөн, эсхүл хуулийн шаардлагыг хангаагүй хэлцэл хамаарах ба энэ зөрчил нь хэлцлийн эрх зүйн үндэслэлтэй байх зарчимд нийцэхгүй байхыг хэлэх.[1] бөгөөд талуудын дээрх тохиролцоог ийнхүү хууль зөрчсөн гэж үзэх нөхцөл байдал тогтоогдоогүй тул хүчин төгөлдөр гэж үзнэ.

28. Харин газрын ашиглах эрхийг шилжүүлэх эсэх асуудлыг эрх бүхий байгууллага шийдвэрлэх бөгөөд энэ агуулгаар нэхэмжлэгч нь Нийслэлийн Засаг даргын хэрэгжүүлэгч агентлаг Газар зохион байгуулалтын албанд хандаж байсан болох нөхцөл байдал хэргийн баримтаар үгүйсгэгдээгүй байна.

29. Иймээс нэхэмжлэгч нь хүчин төгөлдөр гэрээний үүргийг хариуцагчаас шаардах эрхтэй гэж үзэх бөгөөд хариуцагч үүргийг биелүүлж, дуусгавар болсон гэжээ.

Хариуцагч үүргийг биелүүлсэн талаар тайлбарлахдаа гэрээний 2.1-2.3-т заасан холбогдох баримт бичгийг 2015.11.15-ны өдөр нэхэмжлэгч “М” ХХК-ийн өмгөөлөгчид хүлээлгэн өгч “Баримт бичгүүд хүлээлцсэн акт” үйлдсэн гэж уг баримтыг ирүүлжээ.

Иргэний хуулийн 206 дугаар зүйлийн 206.1-д заасан үүрэг гүйцэтгэх зарчмын дагуу үүргийг тогтоосон газар, хугацаанд нь, зохих ёсоор, шударгаар гүйцэтгэх ба мөн хуулийн 236 дугаар зүйлийн 236.1.1-д зааснаар үүрэг гүйцэтгэгч үүргээ зохих ёсоор гүйцэтгэсэн тохиолдолд үүрэг дуусгавар болно.

Зохигчийн тайлбар, хэргийн бусад баримтаас үзэхэд талууд 2015.11.15-ны өдөр “Баримт бичгүүд хүлээлцсэн акт” үйлдсэн хэдий ч бодит байдалд нэхэмжлэгч гэрээний зүйлийг хүлээн авсан болох нь тогтоогдоогүйгээс хариуцагчийг гэрээний үүргийг зохих ёсоор гүйцэтгэсэн гэж үзэх боломжгүй тул хариуцагчийн татгалзал үндэслэлгүй байна.

Учир нь тухайн үед нэхэмжлэгч “М” ХХК болон хариуцагч “А” ХХК-ийн захирлаар 1 хүн буюу М.А ажиллаж байсан, тэрээр газрыг шилжүүлэн авах эрхээ хэрэгжүүлээгүй тухай үйл баримтын талаар зохигч маргаагүй, түүнчлэн уг үл хөдлөх эд хөрөнгийн өмчлөх эрхийг шилжүүлэхтэй холбоотой асуудлаар гэрээний нэг тал болох иргэн Б.О “А” ХХК-д холбогдуулан, мөн “А” ХХК нь Х банкинд, Х банк нь “А” ХХК-д холбогдуулан тус тус маргаан үүсч шүүх шийдвэрлэж байсан, шүүхэд “А” ХХК нь маргаан бүхий газрыг ашиглах эрхийг нэхэмжлэгч “М” ХХК-д шилжүүлэн өгөхөд татгалзах зүйлгүй талаар тайлбар гаргаж байсан тухай үйл баримт тус тус тогтоогдсоноос үзэхэд хариуцагчийг гэрээний үүргийг биелүүлсэн гэж үзэхгүй, үүрэг дуусгавар болоогүй.

30. Эдгээр үндэслэлээр нэхэмжлэлийн шаардлагыг хангаж, анхан болон давж заалдах шатны шүүхийн шийдвэр, магадлалд өөрчлөлт оруулахаар шүүх бүрэлдэхүүн шийдвэрлэв.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 176 дугаар зүйлийн 176.2.2-т заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ:

1. Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2025 оны 05 дугаар сарын 02-ны өдрийн 210/МА2025/00724 дүгээр магадлалын тогтоох хэсгийн 1 дэх заалт, Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн 2025 оны 02 дугаар сарын 20-ны өдрийн 192/ШШ2025/01518 дугаар шийдвэрийн тогтоох хэсгийн 1 дэх заалтыг

“Иргэний хуулийн 189 дүгээр зүйлийн 189.5-д заасныг баримтлан нэхэмжлэгч “М” ХХК-ийн нэхэмжлэлийн шаардлагыг хангаж, нэхэмжлэгчид талуудын хооронд 2015.11.12-ны өдөр байгуулагдсан “Гурван талт” гэрээний 2.1, 2.2, 2.3-т заасны дагуу газрыг шилжүүлэн өгөхөд шаардлагатай баримт бичиг, холбогдох зөвшөөрөл (“А” талын өгөх зөвшөөрлийн албан бичгүүд, “А” ХХК-ийн гэрчилгээний хуулбар, газрын гэрчилгээний хувь, газар эзэмших гэрээний хувь кадастрын зураг, төлбөр төлсөн баримт, тооцоо нийлсэн акт) зэрэг баримт бичгийг нэхэмжлэгч “М” ХХК-д гаргаж өгөхийг хариуцагч “А” ХХК-д даалгасугай.” гэж,

Шийдвэрийн тогтоох хэсгийн 2 дахь заалтыг “Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2-т зааснаар нэхэмжлэгч “М” ХХК-ийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70,200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч “А” ХХК-аас улсын тэмдэгтийн хураамжид 70,200 төгрөг гаргуулж, нэхэмжлэгчид олгосугай.” гэж тус тус өөрчилж, шийдвэр, магадлалын бусад заалтыг хэвээр үлдээж, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Г.Г-ын хяналтын журмаар гаргасан гомдлыг хангасугай.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.4-т зааснаар нэхэмжлэгч “М” ХХК хяналтын журмаар гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид 2025.06.10-ны өдөр төлсөн 70,200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                                 Д.ЦОЛМОН

ТАНХИМЫН ТЭРГҮҮН                                              Г.АЛТАНЧИМЭГ

ШҮҮГЧИД                                                                      Н.БАТЗОРИГ

                                                                                           Н.БАТЧИМЭГ

                                                                                           Х.ЭРДЭНЭСУВД

 

[1] УДШ, Иргэний хуулийн 5, 6, 7 дугаар бүлгийн зарим зүйл, заалтыг тайлбарлах тухай, 2010 он, тогтоол №17