| Шүүх | Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Баярын Мөнх-Эрдэнэ |
| Хэргийн индекс | 185/2017/0148/э |
| Дугаар | 135 |
| Огноо | 2017-04-12 |
| Зүйл хэсэг | 098.1., |
| Улсын яллагч | Ш.Насанжаргал |
Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол
2017 оны 04 сарын 12 өдөр
Дугаар 135
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Сүхбаатар дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Б.Мөнх-Эрдэнэ даргалж,
нарийн бичгийн дарга: М.Оргилтунгалаг;
улсын яллагч: Ш.Насанжаргал;
хохирогч: М.Есөнтөмөр;
шүүгдэгч: Б.Ууганбаатар, түүний өмгөөлөгч Б.Билгүүн нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар,
Сүхбаатар дүүргийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 98 дугаар зүйлийн 98.1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Баяраагийн Ууганбаатарт холбогдох эрүүгийн 201625023074 дугаартай хэргийг 2017 оны 03 дугаар сарын 20-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.
Шүүгдэгчийн биеийн байцаалтын талаар:
Монгол Улсын иргэн, 1995 оны 04 дүгээр сарын 28-ны өдөр Улаанбаатар хотод төрсөн, 22 настай, эрэгтэй , дээд боловсролтой, Уул уурхайн ашиглалтын инженер мэргэжилтэй, эрхэлсэн ажилгүй, ам бүл 4, эцэг, эх, дүүгийн хамт Говьсүмбэр аймгийн Сүмбэр сумын 2 дугаар баг Уулзварын 1 дүгээр гудамжны 3 тоотод оршин суух бүртгэлтэй, одоо Сүхбаатар дүүргийн 8 дугаар хороо, ШУТИС-ийн дотуур байранд түр оршин суух, ял шийтгэлгүй, ЕЙ95042812 регистерийн дугаартай, Бага Лувсан овогт Баяраагийн Ууганбаатар.
Прокуророос үйлдэж ирүүлсэн яллах дүгнэлтээр:
Яллагдагч Б.Ууганбаатар нь 2016 оны 12 дугаар сарын 10-11-нд шилжих шөнө Сүхбаатар дүүргийн 8 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах Шинжлэх ухаан технологийн их сургуулийн оюутны дотуур байрны 422 тоот өрөөнд тус сургуулийн оюутнуудтай архи ууж байхдаа хувийн таарамжгүй харьцааны улмаас хохирогч М.Есөнтөмөр рүү архины шилэн хундага шидсэн нь М.Есөнтөмөрийн баруун нүдэн тус газар онож “баруун нүдний эвэрлэгийн шарх, алимны доргилт, шиллэгийн цус хуралт” бүхий хүндэвтэр гэмтэл санаатайгаар учруулсан гэх гэмт хэрэгт холбогджээ.
Шүүхийн хэлэлцүүлэгт дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:
Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч Б.Ууганбаатар мэдүүлэхдээ: 2016 оны 12 дугаар сарын 10-наас 11-нд шилжих шөнө манай дотуур байрны шинэ жил болсон. Би өрөөндөө байж байтал Арсланбаатар “ширээ зассан ороод ир” гэхээр нь ороод нэг шил архи тойруулаад ууж байтал М.Есөнтөмөр орж ирсэн. Би М.Есөнтөмөрөөс “найз охин чинь зүгээр үү, чи ингэж явж болж байгаа юм уу” гэж асуухад “болно, болно” гэж хэлсэн. Одбаяр М.Есөнтөмөрт 2 удаа пиво хийж өгсөн. Би 3 дахь пивийг хийж өгөөд үлдсэн шавхрууг нь цацсан. Мөн би архитай хундагыг авчихаад хундагаа дээш нь шидэхэд М.Есөнтөмөрийн нүдэнд нь оночихсон гэв.
Шүүхийн хэлэлцүүлэгт хохирогч М.Есөнтөмөр мэдүүлэхдээ: 2016 оны 12 дугаар сарын 10-аас 11-нд шилжих шөнө манай дотуур байрны шинэ жил болсон. Би 418 тоот өрөөнд орчихоод гараад явж байтал нэг хүүхэд “422 тоот өрөөнд ах нар сууж байгаа” гэж хэлэхээр нь “үеийнхэнтэйгээ юм ярьж сууж байгаад унтъя” гэж бодоод орсон. Намайг ороход бүгд халамцуу байсан. Тэд хоорондоо юм яриад намайг тоохгүй сууцгааж байсан. Тэгтэл Б.Ууганбаатар “чи ингэж явж болж байгаа юм уу, найз охин чинь уурлахгүй байна уу” гэж хэлэхээр нь би юм хэлээгүй сууж байсан. Одбаяр надад 2 удаа пиво хийж өгчихөөд 3 дахиа хийж өгөх гэтэл Б.Ууганбаатар “би хийгээд өгье” гээд пиво хийж байснаа “миний дүү байрнаас гарсан сайхан байна уу” гэж хэлээд нүүр рүү пиво цацсан. Би нүүрээ арчтал хөмсгөн дээр “тас” гээд халуу дүүгээд явсан. Би нүүрээ арчаад харахад Б.Ууганбаатар гараа буулгаж байсан. Би цусаа арчаад нилээн сууж байтал Эрдэнэдалай алчуур норгоод цус тогтоож өгсөн. Б.Ууганбаатар “учраа олъё” гээд байхаар нь “00”-д орсон. Тэгээд юм яриад зогсож байтал Б.Ууганбаатар “эмнэлэг явъя, дараа нь учраа олъё” гэхээр нь Хасбаатартай хамт гэмтлийн эмнэлэгт очиж хөмсгөө оёулсан. Гэмтлийн эмч “нүд чинь нэг л биш байна” гэхээр нь би 1 дүгээр эмнэлгийн нүдний тасагт үзүүлэхэд “эмнэлэгт хэвт” гээд хэвтсэн. Эмч нар үзээд “хагалгаанд орох шаардлагатай” гээд намайг хагалгаанд оруулсан. Одоо нүд маань бүрсийж харж байгаа бөгөөд байнгын эмчийн хяналтанд байгаа. Б.Ууганбаатар эмчилгээний зардалд 7.000.000 орчим төгрөг өгсөн. Цаашид нүдэндээ эмчилгээ хийлгэх шаардлагатай байгаа. Одоо Б.Ууганбаатарт гомдолгүй гэв.
Мөрдөн байцаалтын шатанд хохирогч М.Есөнтөмөр /хх-ийн 14-16/, гэрч Ж.Хасбаатар /хх-ийн 17-18/, М.Гаадамба /хх-ийн 19-20/, М.Батсүрэн /хх-ийн 21-22/, Н.Өсөхбаяр /хх-ийн 23-24/, Г.Ганчимэг /хх-ийн 25-26/, О.Одбаяр /хх-ийн 27-28/, Л.Булган /хх-ийн 29-30/ нарын мэдүүлгүүд, Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлнгийн 120 дугаартай шинжээчийн дүгнэлт /хх-ийн 32/, Б.Ууганбаатарын сэжигтэн, яллагдагчаар мэдүүлсэн мэдүүлэг /хх-ийн 38-43/, Б.Ууганбаатарын иргэний үнэмлэхний лавлагаа /хх-ийн 44/, Б.Ууганбаатарын урьд ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас /хх-ийн 45/, Сүхбаатар дүүргийн 8 дугаар хорооны Засаг даргын тодорхойлолт /хх-ийн 46/, Б.Ууганбаатарын хувийн байдалтай холбоотой баримтууд /хх-ийн 47-59/, хохирлын баримтууд /хх-ийн 63-80, 85-88/, Говьсүмбэр аймгийн Сүмбэр сумын 2 дугаар багийн Засаг даргын тодорхойлолт /хх-ийн 84/, шинээр өгсөн хохирогчийн эмчилгээтэй холбоотой 18 хуудас баримт зэрэг болно.
Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан дээрх нотлох баримтууд болон хэрэгт авагдсан бусад бичгийн нотлох баримтуудыг шүүх тал бүрээс нь бүрэн, бодитой магадлан хянасны үндсэнд ТОДОРХОЙЛОХ нь:
Шүүгдэгч Б.Ууганбаатар нь 2016 оны 12 дугаар сарын 10-аас 11-нд шилжих шөнө Сүхбаатар дүүргийн 8 дугаар хорооны нутагт байрлах Шинжлэх ухаан технологийн их сургуулийн оюутны дотуур байрны 422 тоотод М.Есөнтөмөрийг хувийн таарамжгүй харьцааны улмаас буюу “дүү Г.Гачимэгийг гадуурхаж, өрөөнөөсөө хөөлөө” хэмээн буруутган, архины шилэн хундага нүүр рүү нь шидэж хохирогчийн бие махбодид нь хүндэвтэр гэмтэл санаатай учруулсан болох нь:
хохирогч М.Есөнтөмөрийн /хх-ийн 14-15/: “... 2016 оны 12 дугаар сарын 10-ны өдөр манай дотуур байрны шинэ жилийн арга хэмжээ болсон юм. ... Би “үеийнхэнтэйгээ жаахан сууж юм ярьж байгаад унтья” гэж бодоод өрөөнд ороход Ууганбаатар дээр суучихсан, өрөөнд Гаадамба, Батсүрэн, Өсөхбаяр, Одбаяр, Хасбаатар нар байсан. Би ороод юм ярилгүй сууж байтал Ууганбаатар намайг өдсөн маягтай “найз охин чинь уурладаггүй юм уу, чи ингэж явж болж байгаа юм уу” гэж хэлсэн. Тэгэхээр нь би юм дуугаралгүй зүгээр толгой дохиод өнгөрсөн. ... Ууганбаатар “миний дүү байрнаас гарчихлаа, чи жаргалтай байна уу” гэж хэлсэн. Би зогсож байхдаа нүүрээ гараараа арчих гэхэд гэнэт миний баруун нүдэн дээр тасхийгээд л халуу оргиод явчихсан. Тэгээд би нүдээ дараад сууж байтал Ууганбаатар “би наадхийг чинь цусыг нь тогтоож байгаад дахиад зодолдоно” гэж нөгөө хэдтэйгээ ярьж байсан. Гаднаас Эрдэнэдалай орж ирээд надад алчуур өгөөд миний цусыг тогтоосон. Тэгээд би “хоёулаа учраа ольё, би бас 00 орж цусаа угаая” гээд бид хоёр 00-ын өрөөнд орсон. Бид хоёрын араас Хасбаатар орж ирсэн. Тэгээд 00-ын өрөөнд ороод би “дүүг чинь ад үзээгүй, би бүгдтэй нь адилхан харьцаж байгаа” гэж хэлтэл Ууганбаатар “чи наад хөмсгөө эмнэлэг яваад оёулчихаад ир” гэж хэлсэн. Тэгээд би Хасбаатарын хамтаар эмнэлэг рүү явсан юм. Ууганбаатарын дүү Ганчимэг нь манай найз охин Булгантай хамт нэг өрөөнд амьдардаг байсан. Булган болон өрөөнийх нь хүүхдүүд Ганчимэгтэй ер нь таарч тохирдоггүй байсан юм байна лээ. Ганчимэг нь өрөөнийхөө хүмүүсийн эд зүйлсийг дураараа хэрэглэж дургүйцлийг нь их хүргэдэг байсан гэсэн. Тэгээд нэг өдөр ороод иртэл Ганчимэг “би энэ хэдтэй таарч тохирохгүй юм байна, Би энэ өрөөнөөс гарлаа” гэж хэлээд эд зүйлсээ аваад гараад явсан. Ганчимэгийг өрөөнөөсөө гарахаас өмнө би нэг өрөөнд ороход Ууганбаатар надад хандаж “чи эр хүн шиг байгаарай, би удмаа хэнээс ч өмөөрнө, Чи тэр гуравтайгаа нийлж миний дүүг ад үзлээ” гээд над руу орилоод байсан. Тэгэхээр нь би “чиний дүүг ад үзээгүй ээ, чиний дүү чинь өөрөө болдоггүй юм шиг байна лээ” гэж хэлтэл над руу уурлаад дайраад байсан. Хэрэг гарсан өдөр үүнээс л болж над руу пиво цацаж, хундага шидсэн” гэх мэдүүлэг,
гэрч Ж.Хасбаатарын /хх-ийн18/: “... 2016 оны 12 дугаар сарын 10-ны өдөр манай оюутны дотуур байрны оюутнуудын шинэ жил болсон. Намайг манай дээд давхарт амьдардаг Арсланбаатар “манай өрөөнд ширээ зассан. Ороод ирээрэй” гэсэн. Өрөөнд нь ороход тэнд Арсланбаатарын өрөөний хүүхдүүд байсан ба гаднаас Ууганбаатар, Өсөхбаяр, Батсүрэн, Одбаяр, Гаадамба нар байсан. Тэгээд бид нар 1 шил “Болор” архи болон нэг том пиво хувааж уусан. Гэтэл гаднаас Есөнтөмөр орж ирээд суусан. Тухайн үед Одбаяр сөн түшиж байсан. Ууганбаатар Одбаярт “чи Есөнтөмөрт 3 удаа хийгээд өгчих” гэж хэлсэн. Одбаяр Есөнтөмөрт пиво хийж өгсөн. Гэтэл Ууганбаатар Есөнтөмөрөөс “танай эхнэр чинь зүгээр үү, чи ингэж явж болж байгаа юм уу” гэж асуусан. Есөнтөмөр “болно, болно” гээд доошоо хараад л суугаад байсан. Одбаяр Есөнтөмөрт 2 аяга пиво хийж өгсөн байсан. Тэгтэл Ууганбаатар “3 дахь аягыг нь би өөрөө хийж өгье” гээд савтай пивийг аваад аяганд хийж байгаад ёроолд нь жаахан үлдсэнийг нь Есөнтөмөрийн нүүр рүү цацчихсан. Цацахдаа “нэг ор суларсан, сайхан байна уу” гэж хэлсэн. Тэгтэл Есөнтөмөр доошоо хараад л суугаад байсан. Ууганбаатар суугаад урдаа байсан хундагатай архийг уугаад гарт байсан хоосон хундгаа шууд Есөнтөмөрийн нүүр рүү шидчихсэн. Тэр хундага нь Есөнтөмөрийн нүүрэн дээр нь очоод хагарсан. Есөнтөмөрийн хөмсөг хэсгээс нь цус гарч нүүр нь нилэнхүйдээ цус болсон баисан. Ууганбаатар “хоёулаа 00-ын өрөөнд ороод наад цусыг чинь цэвэрлье” гээд Есөнтөмөрийг дагуулаад 00-ын өрөөнд орсон. Би араас нь цуг явсан. 00-ын өрөөнд ороод цусаа угааж цэвэрлэсэн. Ууганбаатар түүнээс “нүд чинь юм харж байна уу” гэж хэлэхэд Есөнтөмөр “харж байна” гэж хэлсэн. Тэгээд “эмнэлэг явъя” гэхэд Есөнтөмөр өөрөө “явахгүй” гээд байсан. Тэгэхээр нь Ууганбаатар бид 2 “эмнэлэг явж оёулъя” гээд би Есөнтөмөрийг дагуулаад эмнэлэг явсан. Ууганбаатарын дүү Ганчимэг нь Есөнтөмөрийн найз Булгантай нэг өрөөнд хамт амьдардаг байсан. Ганчимэг нь тэр өрөөнөөс хөөгдөөд гарчихсан юм шиг байна лээ. Ууганбаатар, Есөнтөмөр хоёр энэ маргаанаас болж маргалдсан. Уг нь Есөнтөмөр, Ууганбаатар нар их сайн найзууд байсан. Өмнө нь Есөнтөмөр бид нартай нийлээд явдаг байснаа найз охинтой болсноос хойш бидэнтэй нийлэхээ больсон... ” гэх мэдүүлэг
гэрч М.Гаадамбын /хх-ийн /: “... 2016 оны 12 дугаар сарын 10-ны өдөр манай оюутны дотуур байрны оюутнуудын шинэ жил нэг газар болсон юм. Би тэр орой шинэ жилдээ яваагүй. Би өрөөнийхөнтэйгөө нийлээд өрөөндөө ширээ засаад шинэ жилээ тэмдэглэсэн. Бид нар дотуур байранд байсан байрныхаа ах нарыг дуудсан. Өрөөнд Ууганбаатар, Батсүрэн, Өсөхбаяр гэх хүмүүс орж ирсэн. Бид нар шампанскаа задалж архи пивоо уусан. Тэгтэл Есөнтөмөр ах орж ирээд хамгийн доор суусан. Ууганбаатар ах Есөнтөмөр ахыг “чи зөвшөөрөлгүй явж болж байгаа юм уу” гэхэд Есөнтөмөр ах “болно, болно” гэж хэлсэн. Тэгээд Ууганбаатар ах “за тэгвэл Есөнтөмөрт торгууль болгоод 3 аяга пиво хийгээд өгчих” гэж хэлсэн. Тухайн үед Одбаяр сөн түшиж байсан ба Есөнтөмөрт 2 аяга пиво хийж өгөөд байж байтал Ууганбаатар ах “би сүүлийн аягыг нь хийж өгъе” гээд Одбаяраас савтай пиво аваад аяганд хийсэн. Савны ёроолд жаахан пиво үлдэхээр нь Ууганбаатар ах Есөнтөмөр рүү пивоны шавхрууг цацчихсан. Есөнтөмөр ах огт уурлалгүй нүүрээ арчаад байж байтал Ууганбаатар ах урдаа байсан хундагатай архиа уучихаад Есөнтөмөр ах руу хундагаа шидчихсэн. Тэр хундага нь Есөнтөмөр ахын нүдэн дээр таараад хагарчихсан. Нүднээс нь их хэмжээний цус гарч байсан. Ууганбаатар ах, Хасбаатар нар Есөнтөмөрийг 00-ын өрөө рүү цусыг нь цэвэрлэхээр авч явсан. Удалгүй буцаж орж ирээд Хасбаатар Есөнтөмөр ахыг дагуулаад эмнэлэг явсан. Маргаан Есөнтөмөр ахын найз охиноос нь болсон юм шиг байна лээ ...” гэх мэдүүлэг,
гэрч Г.Ганчимэгийн /хх-ийн 25-26/: “... Би Есөнтөмөрийн найз охин Булгантай нэг өрөөнд хамт амьдардаг байсан. Би Булгантай ер нь таарамжгүй харилцаатай байдаг болсон юм. Булган мөн өрөөний бусад охидуудаддаа нөлөөлөөд надтай муу харилцаатай болгож нэг ёсондоо намайг гадуурхдаг байсан. Есөнтөмөр нь бас манай өрөөнд орж ирэхдээ надтай мэнд устай явдаг байсан чинь найз охиноосоо болоод надтай дуугарахаа больсон байсан. Би тэгээд 10-аад хоног “гайгүй болчих байх, учраа олох байх” гээд явж байснаа сүүлдээ тэгж хэрүүлтэй байхаас залхаад өрөөнөөсөө гарсан. Тэр үед манай аав, дүү хоёр өвдчихсөн байсан болохоор би өрөөгөө сольсноо багшдаа хэлэлгүйгээр эд зүйлсээ дотуур байрны складанд хийгээд нутаг руугаа явсан. Би нутагтаа байж байтал ийм зүйл болсон талаар сонссон юм. Ууганбаатар нь манай ээжийн эгчийнх нь хүүхэд буюу миний үеэл ах юм. Багаасаа бид 2 цуг өссөн юм. Хэрэг гарсан өдөр Ууганбаатар намайг тэгж өрөөнөөсөө гарсныг сонсоод л уурлаж Есөнтөмөртэй муудалцсан юм шиг байна лээ” гэх мэдүүлэг,
Шүүгдэгч Б.Ууганбаатарын буруутай үйлдлийн улмаас хохирогч М.Есөнтөмөрийн биед “баруун нүдний эвэрлэгийн шарх, алимны доргилт, шиллэгийн цус хуралт” бүхий хатуу мохоо, хатуу ирмэг бүхий зүйлийн нэг удаагийн үйлчлэлээр үүсгэгдэх Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.3.1-д зааснаар эрүүл мэндийг удаан хугацаагаар сарниулах хүндэвтэр зэргийн гэмтэл учирсан болохыг тогтоосон Шүүхийн шинжилгээний Үндэсний хүрээлэнгийн шүүх эмнэлгийн үзлэг хийсэн 120 дугаартай актын дүгнэлт /хх-ийн 32/ болон шүүгдэгчийн мөрдөн байцаалт болон шүүхийн хэлэлцүүлэгт үйлдсэн хэргээ хүлээн мэдүүлсэн мэдүүлэг зэрэг тухайн хэрэгт хамааралтай, Эрүүгийн байцаан шийтгэх хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж бэхжүүлсэн бичгийн бусад нотлох баримтуудаар Б.Ууганбаатарын гэм буруутай үйлдэл хангалттай нотлогдож байна гэж шүүх дүгнэв.
Б.Ууганбаатар нь хохирогч М.Есөнтөмөрийг “дүү Г.Ганчимэгийг гадуурхан, өрөөнөөс хөөлөө” хэмээн буруутган улмаар архины шилэн хундага нүүр рүү нь шидэж хохирогчийн бие махбодид нь хүндэвтэр зэргийн гэмтэл санаатай учруулсан нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 98 дугаар зүйлийн 98.1 дэх хэсэгт заасан гэмт хэргийн бүрэлдэхүүний бүх шинжийг бүрэн агуулсан байна гэж үзэв.
Иймд шүүгдэгч Б.Ууганбаатарыг бусдын бие махбодид хүндэвтэр гэмтэл санаатай учруулсан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуульд заасан хууль ёсны болон шударга ёсны, эрүүгийн хариуцлага гарцаагүй байх зарчмуудыг баримтлан үйлдсэн хэргийн нийгмийн аюулын шинж чанар, учруулсан хор уршиг, хохирлын хэр хэмжээ, шүүгдэгчийн хувийн байдалд тохирсон ял оногдуулах хууль зүйн үндэслэлтэй байна.
Гэмт хэргийн улмаас бусдад учирсан эд хөрөнгийн материаллаг хохирол нөхөн төлөгдсөн, хохирогч М.Есөнтөмөр шүүх хуралдаанд гомдол саналгүй, нэхэмжлэх зүйлгүй гэсэн нь шүүгдэгчийг бусдад төлөх төлбөргүй гэж үзэх үндэслэл болж байна. Харин хохирогч Н.Есөнтөмөр нь хойшид эмчилгээтэй холбоотой гарах зардлаа нотлох баримтаа бүрдүүлэн иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар гэм буруутай этгээдээс жич нэхэмжлэх эрхийг нээлттэй үлдээв.
Шүүгдэгч Б.Ууганбаатарт ял оногдуулахдаа үйлдсэн гэмт хэрэгтээ чин санаанаас гэмшсэнийг ял хөнгөрүүлэх, согтуугаар гэмт хэрэг үйлдсэнийг ял хүндрүүлэх нөхцөл байдалд тооцов.
Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан болон битүүмжлэгдсэн хөрөнгөгүй болохыг дурдаж байна.
Монгол Улсын Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 283, 286, 294, 297, 298 дугаар зүйлүүдийг удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Шүүгдэгч Бага Лувсан овогт Баяраагийн Ууганбаатарыг бусдын бие махбодид хүндэвтэр гэмтэл санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 98 дугаар зүйлийн 98.1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Ууганбаатарыг 300 /гурван зуун/ цагийн хугацаагаар албадан ажил хийлгэх ялаар шийтгэсүгэй.
3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 50 дугаар зүйлийн 50.3 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Ууганбаатар албадан ажил хийлгэх ял эдлэхээс санаатайгаар зайлсхийвэл эдлээгүй үлдсэн ялын найман цагийн ажлыг нэг хоног баривчлах ялаар тооцож солихыг дурдсугай.
4. Шүүгдэгч Б.Ууганбаатар нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, энэ хэрэгт шийдвэрлэвэл зохих эд мөрийн баримтгүй, битүүмжлэгдсэн хөрөнгөгүй болохыг дурдсугай.
5. Хохирогч М.Есөнтөмөр нь хойшид эмчилгээтэй холбогдож гарах зардлаа нотлох баримтаа бүрдүүлэн иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмын дагуу жич нэхэмжлэх эрхийг нээлттэй үлдээсүгэй.
6. Шийтгэх тогтоол танилцуулан сонсгосноор хүчинтэй болох бөгөөд шүүгдэгч, түүний өмгөөлөгч, хохирогч нар эс зөвшөөрвөл тогтоолыг гардуулснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.
7. Давж заалдах гомдол гаргасан, эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд шийтгэх тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоолыг биелүүлэх хүртэл шүүгдэгч Б.Ууганбаатарт урьд авсан бусдын батлан даалтад өгөх таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Б.МӨНХ-ЭРДЭНЭ