Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2020 оны 05 сарын 07 өдөр

Дугаар 128/ШШ2020/0301

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

 

Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч М.Б даргалж, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга М.О, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Н, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Л.Б, Ж.Г, гэрч Ц.Б нарыг оролцуулан З ХХК-ийн нэхэмжлэлтэй, Хот, суурины ус хангамж, ариутгах татуургын ашиглалт, үйлчилгээг зохицуулах зөвлөлд холбогдох захиргааны хэргийн шүүх хуралдааныг тус шүүхийн шүүх хуралдааны 5 дугаар танхимд хийв.

Нэхэмжлэгч: З ХХК, 

Хариуцагч: Хот, суурины ус хангамж, ариутгах татуургын ашиглалт, үйлчилгээг зохицуулах зөвлөл,

Нэхэмжлэлийн шаардлага: ХСУХАТАҮ-г Зохицуулах Зөвлөлийн 2020 оны 02 дугаар сарын 17-ны өдрийн 11 дүгээр тогтоолоор хангагч, хэрэглэгчийн хооронд гарсан маргааныг шийдвэрлэхээс татгалзсан эс үйлдэхүйг хууль бус болохыг тогтоолгох, УСУГ болон З ХХК-ийн хооронд үүссэн өр төлбөртэй холбоотой маргааныг хуульд нийцүүлэн шийдвэрлэж өгөхийг ХСУХАТАҮ-г Зохицуулах зөвлөлд даалгах.

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч З ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: З ХХК 2012 оноос Орон сууц Нийтийн аж ахуйн ажил, үйлчилгээг эрхэлж ирсэн. 2014 оноос ХСУХАТАҮ-г Зохицуулах Зөвлөлд ХСУХАТА-ын тухай хуулийн 12 дугаар зүйлийн 12.2.4, 12.2.5, 12.2.6, 12.2.7, 12.2.8-д тус тус заагдсан Нийтийн аж ахуйн ажил үйлчилгээ эрхлэн тусгай зөвшөөрөл ХСУХАТАҮ-г Зохицуулах Зөвлөлөөс хүсэхэд удаа дараалан хүчин төгөлдөр бус Захиргааны хэм хэмжээний актын нөхцөл шаардлагаар татгалзаж байсан тул бид 2016 оны 10 дугаар сарын 07-ны өдөр Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхэд гомдол гаргаж Зохицуулах Зөвлөлийн З ХХК-д олгохоос татгалзаж байсан эс үйлдэхүй хууль бус болохыг шүүгчийн 759 дугаартай захирамжаар тогтоож, тусгай зөвшөөрлөө 2016 оны 9 дүгээр сарын 23-ны өдөр авсан билээ.

Гэтэл ХСУХАТАҮ-г Зохицуулах Зөвлөлийн шийдвэрийг шууд биелүүлэх үүрэгтэй УСУГ олон нийтийн өмчит ААТҮГ дээд шатны байгууллага болох Зохицуулах Зөвлөлийн Захиргааны хэргийн шүүхээс тогтоосон буруутай эс үйлдэхүй болох тусгай зөвшөөрөл олгохоос удаа дараалан татгалзаж байснаас тусгай зөвшөөрөл авч чадаагүйг үл тоон \Цэвэр, бохир усны үйлчилгээний тариф, суурь хураамж батлах тухай\ 2014 оны 06 дугаар сарын 13-ны өдрийн 23-р тогтоол \Цэвэр бохир усны үйлчилгээний тариф батлах\ тухай 2015 оны 7 дугаар сарын 31-ний өдрийн 44 дүгээр тогтоолын үйлчлэлээр өр үүсгэн төлбөрийг З ХХК-иас нэхэмжилсэн.

Үүнийг бид Монгол улсын Засгийн газрын 2010 оны 5 дугаар сарын 19-ний өдрийн \Журам батлах тухай\ Захиргааны хэм хэмжээний тогтоолын 2.5.1, 2.5.2, 2.5.3-т тус тус заасан заалтыг Зохицуулах Зөвлөл зөрчсөн, Иргэний хуулийн 75 дугаар зүйлийн 75.2.1-д гэрээний үүрэгт төлбөр төлөх хөөн хэлэлцэх хугацаа дууссан үндэслэлээр өр төлбөрийг төлөхөөс татгалзсан тайлбар хүсэлтээ ХСУХАТАҮ-г Зохицуулах Зөвлөл болон УСУГ-т удаа дараалан бичгээр гаргаж байсан.

УСУГ 2015 он болон 2019 онуудад Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхэд хууль зөрчин З ХХК дээрх тусгай зөвшөөрөлгүй аж ахуйн үйл ажиллагаа эрхэлснээс үүсэн өр төлбөрийг нэхэмжилсэн боловч Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 65 дугаар зүйлийн 65.1.3-т заасан үндэслэлээр шүүх нэхэмжлэлийг хүлээн авахаас татгалзаж шийдвэрлэсэн.

Иймд хангагч хэрэглэгч 2 тал тариф болон тусгай зөвшөөрөл олгохгүй байсан Зохицуулах Зөвлөлийн эс үйлдэхүйгээс үүссэн өр төлбөрийн талаарх маргаанаа шийдвэрлүүлэхээр хамтран удаа дараалан хүсэлт гаргасны үндсэн дээр ХСУХАТАҮ-г Зохицуулах Зөвлөлийн хурлаар маргаан шийдвэрлэхээр сонсох ажиллагааг эхлүүлсэн.

Гэтэл ХСУХАТАҮ-г Зохицуулах Зөвлөл 2020 оны 02 дугаар сарын 17-ны өдөр УСУГ болон З ХХК-аас гаргасан хүсэлтийг хүлээн авч Зохицуулах Зөвлөлийн хурлыг хийсэн боловч Захиргааны ерөнхий хуулийн 13-28 дугаар зүйлд заасан заалтыг зөрчин бидний Зохицуулах Зөвлөлд гаргаж өгсөн бичгээр гаргасан хүсэлтийг Зохицуулах Зөвлөлийн гишүүдэд танилцуулаагүй, түүгээр барахгүй Сонсох ажиллагааны гэх 6 хуудас материалыг Зохицуулах Зөвлөлийн гишүүдэд танилцуулалгүй нэг хуудсанд 10 гаруй үсгийн алдаатай, утга найруулгын хувьд ямар ч ойлгомжгүй Зохицуулах Зөвлөлийн гишүүд ойлгох байтугай сонсох ажиллагаанд оролцогчид ч ойлгохооргүй, сонсох ажиллагаанд оролцогчийн хэлээгүй үгийг хэлсэн болгож утга санааг 100 хувь өөрчилсөн баримт оруулсан.

Зохицуулах Зөвлөлийн гишүүд нь хангагч хэрэглэгчийн маргааныг шийдвэрлэхэд ёс төдий хандан ХСУХАТАҮ-ний тухай хуулийн 10.1.5, 22.1-д тус тус заасан үүргээ биелүүлэхээс татгалзсан тул энэхүү гомдлыг гаргав.

Иймд ХСУХАТАҮ-г Зохицуулах Зөвлөлийн 2020 оны 02 дугаар сарын 17-ны өдрийн 11 дүгээр тогтоолоор З ХХК, УСУГ-ОНӨААТҮГ хоорондох маргааныг шийдвэрлэхээс татгалзсан ХСУХАТАҮ-г Зохицуулах Зөвлөлийн эс үйлдэхүй хууль бус болохыг тогтоож, өр төлбөртэй холбоотой хэрэглэгч, хангагч байгууллагын хоорондох тарифын маргааныг хуульд нийцүүлэн шийдвэрлэж өгөхийг даалгаж өгнө үү гэжээ.

Хариуцагч шүүхэд бичгээр гаргасан хариу тайлбартаа болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:

1. Хот, суурины ус хангамж, ариутгах татуургын ашиглалт, үйлчилгээг зохицуулах зөвлөл /цаашид Зохицуулах зөвлөл гэх/ нь Монгол Улсын Хот, суурины ус хангамж, ариутгах татуургын ашиглалтын тухай хуулийн дагуу Засгийн газрын 2012 оны 02 дугаар сарын 15-ны өдрийн 46-р тогтоолоор Дүрмийг баталж, 2012 оны 5 дугаар сарын 30-ны өдрийн 183-р тогтоолоор бүтэц, орон тоо баталснаар тус Зохицуулах зөвлөл үйл ажиллагаагаа явуулж эхэлсэн.

Тус Зохицуулах зөвлөл нь Монгол Улсын Хот, суурины ус хангамж, ариутгах татуургын ашиглалтын тухай хуулийн 9 дүгээр зүйлийн 9.1-д заасны дагуу Монгол улсын нутаг дэвсгэрт усны үйлчилгээний төлбөр, ус хангамж, ариутгах татуургын ашиглалт, үйлчилгээний тариф тогтоох, хуулийн этгээдэд тусгай зөвшөөрөл олгох, мэргэжлийн дүгнэлт, шийдвэр гаргах төрийн чиг үүргийг хэрэгжүүлдэг бие даасан байгууллага юм.

2. Ус сувгийн удирдах газар ОНӨААТҮГ-ын 2020 оны 02 дугаар сарын 10-ны өдрийн 12/178 тоот албан бичгээр УСУГ нь З ХХК-тай Цэвэр усаар хангах, бохир ус татан зайлуулах 240574 тоот гэрээтэй ажилладаг бөгөөд одоогийн байдлаар 83,4 сая төгрөгийн төлбөрийн үлдэгдэлтэй байна. Уг төлбөр нь 2014 оны 7 дугаар сараас 2016 оны 9 дүгээр сар хүртэлх хугацаанд үнэ тарифын маргаанаас үүссэн төлбөр юм. Хот, суурины ус хангамж, ариутгах татуургын ашиглалтын тухай хуулийн 22.2-т заасны дагуу шуүхээс гадуур урьдчилсан шатанд танай байгууллагаас гаргаж байгаа шийдвэр нь албан бичиг, эсхүл тогтоол хэлбэрээр байх эсэх талаар тодруулга гаргаж өгнө үү. гэсэн агуулга бүхий хүсэлтийг гаргасан.

Энэ хүсэлтийн дагуу Захиргааны ерөнхий хуулийн 27 дугаар зүйлд заасны дагуу Зохицуулах зөвлөлөөс 2020 оны 02 дугаар сарын 14-ний өдрийн 14:00 цагт УСУГ болон З ХХК-ийн холбогдох төлөөллийг оролцуулсан сонсох ажиллагааг зохион байгуулахад:

Ус сувгийн удирдах газар ОНӨААТҮГ-аас

1. "Цэвэр ус түгээх, бохир ус татан зайлуулах гэрээ /одоог хүртэл үргэлжилж байгаа/-ний дагуу З ХХК-нд цэвэр ус түгээсний төлбөр болох 83.4 сая гаран төгрөгийг иргэний хэргийн анхан шатны шүүхээр нэхэмжилж авах учраас шүүхийн урьдчилан шийдвэрлэх ажиллагааг холбогдох журмын дагуу зохион байгуулж, шийдвэрлэж өгнө үү. гэсэн

З ХХК-аас

1. Зохицуулах зөвлөл нь тусгай зөвшөөрлийн нөхцөл шаардлага болон үнэ тарифаа захиргааны хэм хэмжээний актын улсын бүртгэлд бүртгүүлээгүйгээс болж УСУГ-т үүссэн цэвэр усны өр төлбөрөөс 1 төгрөг ч төлөхгүй.

2. Цэвэр усны өр төлбөрийг УСУГ-аас шаардах хөөн хэлэлцэх хугацаа дууссан тул цэвэр усны өр төлбөрийг төлөх хууль зүйн үндэслэлгүй гэсэн байр суурийг тус тус илэрхийлсэн.

Зохицуулах зөвлөл нь Хот, суурины ус хангамж, ариутгах татуургын ашиглалтын тухай хуулиар олгогдсон чиг үүрэг, бүрэн эрхийн хүрээнд баталсан үнэ тариф, шийдвэртэй холбоотой асуудлаар хангагч, хэрэглэгчийн хооронд маргаан үүссэн тохиолдолд Хот, суурины ус хангамж, ариутгах татуургын ашиглалтын тухай хуулийн 10 дугаар зүйлийн 10.1.5-т заасны дагуу шийдвэрлэх зохицуулалттай.

Харин Ус сувгийн удирдах газар ОНӨААТҮГ болон З ХХК-ийн хооронд үүссэн асуудал нь хэрэглэгчийн хэрэглэсэн цэвэр усны төлбөрийг хугацаанд нь төлөөгүйгээс үүссэн өр төлбөртэй холбоотой буюу Цэвэр усаар хангах, бохир ус тан зайлуулах 240574 тоот гэрээний үүрэгтэй холбоотой маргааныг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 5 дугаар зүйлийн 5.1 дэх хэсэгт заасны дагуу холбогдох шатны шүүхэд хандаж шийдвэрлүүлэхийг талуудад зөвлөмж болгосон шийдвэрийг гаргасан.

Тус Зохицуулах Зөвлөл нь Ус сувгийн удирдах газар ОНӨААТҮГ болон З ХХК-ийн хооронд үүссэн асуудлыг холбогдох хуулиар олгогдсон чиг үүрэг, бүрэн эрхийн хүрээнд 2020 оны 02 дугаар сарын 17-ны өдрийн 11 тоот тогтоолоор шийдвэрлэсэн болно.

Иймд дээр дурдсан нөхцөл байдлыг судлан үзэж, З ХХК-ийн 2020 оны 02 дугаар сарын 20-ны өдөр танай шүүхэд гаргасан хангагч, хэрэглэгчийн хооронд үүссэн маргааныг шийдвэрлэхээс татгалзсан эс үйлдэхүйг хууль бус болохыг тогтоолгох, уг маргааныг хуульд нийцүүлэн шийдвэрлүүлэх агуулга бүхий нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

ҮНДЭСЛЭЛ:

Нэхэмжлэгч З ХХК нь ХСУХАТАҮ-г Зохицуулах Зөвлөлийн 2020 оны 02 дугаар сарын 17-ны өдрийн 11 дүгээр тогтоолоор хангагч, хэрэглэгчийн хооронд гарсан маргааныг шийдвэрлэхээс татгалзсан эс үйлдэхүйг хууль бус болохыг тогтоолгох, УСУГ болон З ХХК-ийн хооронд үүссэн өр төлбөртэй холбоотой маргааныг хуульд нийцүүлэн шийдвэрлэж өгөхийг ХСУХАТАҮ-г Зохицуулах Зөвлөлд даалгах-ыг хүссэн шаардлага бүхий нэхэмжлэлийг гаргасан байна.

Шүүх дараах үндэслэлүүдээр нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэлээ.

Хот, суурины ус хангамж, ариутгах татуургын ашиглалт, үйлчилгээг Зохицуулах зөвлөл /цаашид Зохицуулах зөвлөл гэх/-ийн 2020 оны 02 дугаар сарын 17-ны өдрийн Хангагч, хэрэглэгчийн хооронд үүссэн маргааныг шийдвэрлэх эсэх тухай 11 дүгээр тогтоолын 1 дэх заалтаар З ХХК-ийн хэрэглэсэн цэвэр усны өр төлбөр 83.489.632 төгрөгийг Ус сувгийн удирдах газар ОНӨААТҮГ-т төлөх эсэх тухай маргаантай асуудал нь хангагч, хэрэглэгчийн хооронд байгуулсан 240574 дугаар Цэвэр ус түгээх, бохир ус татан зайлуулах гэрээний үүрэгтэй холбоотой маргаан байх тул Зохицуулах зөвлөлөөс Хот, суурины ус хангамж, ариутгах татуургын ашиглалтын тухай хуулийн 10 дугаар зүйлийн 10.1.5-д заасан бүрэн эрхийн хүрээнд шийдвэрлэх боломжгүй болохыг мэдэгдсүгэй гэж, 2 дахь заалтаар Ус сувгийн удирдах газар ОНӨААТҮГ болон З ХХК-ийн хооронд үүссэн дээр дурдсан асуудлыг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 5 дугаар зүйлийн 5.1 дэх хэсэгт заасны дагуу холбогдох шатны шүүхэд хандаж шийдвэрлүүлэхийг Ус сувгийн удирдах газар ОНӨААТҮГ, З ХХК-д зөвлөмж болгосугай гэж шийдвэрлэсэн байна.

Хангагч буюу Ус сувгийн удирдах газар, хэрэглэгч З ХХК-ийн хооронд 2013 оны 4 дүгээр сарын 10-ны өдөр Цэвэр усаар хангах, хэрэглээнээс гарсан бохир ус татан зайлуулах гэрээ байгуулагдсан байна.

Хот, суурины ус хангамж, ариутгах татуургын ашиглалтын тухай хуулийн 10 дугаар зүйлийн 10.1.3-т зохицуулах зөвлөл нь дараах бүрэн эрхийг хэрэгжүүлнэ, 10.1.5-т тусгай зөвшөөрөл эзэмшигчдийн хооронд болон тусгай зөвшөөрөл эзэмшигч, хэрэглэгчийн хооронд үүссэн маргааныг эрх хэмжээнийхээ хүрээнд шийдвэрлэх, мөн хуулийн 22 дугаар зүйлийн 22.2 дахь хэсэгт энэ хуулийн 22.1-д зааснаас бусад тохиолдолд тусгай зөвшөөрөл эзэмшигчдийн хооронд болон хангагч, хэрэглэгчийн хооронд үүссэн маргааныг Зохицуулах зөвлөл шийдвэрлэнэ гэж тус тус заажээ.

Дээрх хуулийн зохицуулалтаас үзэхэд тусгай зөвшөөрөл эзэмшигчдийн хооронд болон хангагч, хэрэглэгчийн хооронд үүссэн маргааныг шийдвэрлэх бүрэн эрх Зохицуулах зөвлөлд хуулиар олгогдсон байна.

Иймд Зохицуулах зөвлөл нь Хот, суурины ус хангамж, ариутгах татуургын ашиглалтын тухай хуулиар олгогдсон эрх хэмжээнийхээ хүрээнд хангагч, хэрэглэгчийн хооронд үүссэн маргааныг шийдвэрлэж, дээр дурдсан 2020 оны 02 дугаар сарын 17-ны өдрийн 11 дүгээр тогтоолыг гаргасан байна гэж шүүх үзлээ.

Ус сувгийн удирдах газар болон З ХХК-ийн хоорондын маргаан нь иргэний /хувийн/ эрх зүйн гэрээ буюу 2013 оны 4 дүгээр сарын 10-ны өдрийн Цэвэр усаар хангах, хэрэглээнээс гарсан бохир ус татан зайлуулах гэрээ-ээс шалтгаалан үүссэн маргаан байна.

Иймд Зохицуулах зөвлөлийн 11 дүгээр тогтоолоор ...Цэвэр ус түгээх, бохир ус татан зайлуулах гэрээний үүрэгтэй холбоотой маргаан байх тул Зохицуулах зөвлөлөөс ... бүрэн эрхийн хүрээнд шийдвэрлэх боломжгүй болохыг мэдэгдсүгэй, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 5 дугаар зүйлийн 5.1 дэх хэсэгт заасны дагуу холбогдох шатны шүүхэд хандаж шийдвэрлүүлэхийг ... зөвлөмж болгосугай гэж шийдвэрлэснийг хууль зөрчсөн гэж үзэх боломжгүй гэж шүүх дүгнэлээ.

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нь Зохицуулах зөвлөлийн 11 дүгээр тогтоолоор манай компани болон Ус сувгийн удирдах газрын хооронд үүссэн маргааныг шийдвэрлэх үүргээ хариуцагч биелүүлэхээс татгалзсан, шийдвэрлээгүй гэсэн агуулгаар тайлбарлаж байх хэдий ч Зохицуулах зөвлөл нь Хот, суурины ус хангамж, ариутгах татуургын ашиглалтын тухай хуулийн 10 дугаар зүйлийн 10.1.5, 22 дугаар зүйлийн 22.2 дахь хэсгийг тус тус үндэслэн, уг хуулиар олгогдсон бүрэн эрхийнхээ хүрээнд маргаан бүхий 11 дүгээр тогтоолыг гаргасан байна.

Дээрхээс үзэхэд Зохицуулах зөвлөл хуулиар олгогдсон бүрэн эрхийн хүрээнд шийдвэрлэх боломжгүй болохыг мэдэгдсүгэй гэж шийдвэрлэсэн гэсэн агуулгаар тайлбарлаж байгаа хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчдийн тайлбар хууль зүйн үндэслэлтэй байна.

Иймд дээрх үндэслэлүүдээр З ХХК-ийн нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв.

Харин нэхэмжлэгч нь Цэвэр усаар хангах, хэрэглээнээс гарсан бохир ус татан зайлуулах гэрээ-ээс үүссэн маргаанаар Иргэний хэргийн шүүхэд хандаж шийдвэрлүүлэх эрх, боломж нь нээлттэй юм.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.1, 106.3.14-д заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Хот, суурины ус хангамж, ариутгах татуургын ашиглалтын тухай хуулийн 10 дугаар зүйлийн 10.1.5, 22 дугаар зүйлийн 22.2 дахь хэсэгт заасныг тус тус баримтлан ХСУХАТАҮ-г Зохицуулах Зөвлөлийн 2020 оны 02 дугаар сарын 17-ны өдрийн 11 дүгээр тогтоолоор хангагч, хэрэглэгчийн хооронд гарсан маргааныг шийдвэрлэхээс татгалзсан эс үйлдэхүйг хууль бус болохыг тогтоолгох, УСУГ болон З ХХК-ийн хооронд үүссэн өр төлбөртэй холбоотой маргааныг хуульд нийцүүлэн шийдвэрлэж өгөхийг ХСУХАТАҮ-г Зохицуулах Зөвлөлд даалгах-ыг хүссэн шаардлага бүхий З ХХК-ийн нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай.

2. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 47 дугаар зүйлийн 47.1, 51 дүгээр зүйлийн 51.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2 дахь заалтыг баримтлан нэхэмжлэгч З ХХК-ийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 114 дүгээр зүйлийн 114.1 дэх хэсэгт заасны дагуу хэргийн оролцогч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч нь энэхүү шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй.

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ М.Б