Булган аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2018 оны 10 сарын 31 өдөр

Дугаар 0022

 

    Булган аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч М.Хүрэлбаатар даргалж, шүүгч С.Уранчимэг, ерөнхий шүүгч Ё.Бямбацэрэн нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн иргэний хэргийн шүүх хуралдаанаар:

   Булган аймаг дахь сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 09 дүгээр сарын 10-ны өдрийн 511 дугаартай шийдвэртэй,

О.Б, О.А, Д.А, М.М, С.Э, Ц.Г нарын нэхэмжлэлтэй, З.Э-д холбогдох Булган аймгийн Орхон сумын Халиун багийн Толгодын хэсгийн 4-25, 4-26 тоотод байрлах газар болон үл хөдлөх хөрөнгийн өмчлөгчөөр тогтоолгох тухай хэргийг нэхэмжлэгч нар болон тэдгээрийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ц.Ц-ийн гаргасан давж заалдах гомдлыг үндэслэн 2018 оны 10 дугаар сарын 11-ний өдөр хүлээн авч, ерөнхий шүүгч Ё.Бямбацэрэнгийн илтгэснээр хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд:

Нэхэмжлэгч                                        О.Б, М.М       

Нэхэмжлэгчийн төлөөлөгч              Ц.Ц

Нэхэмжлэгчийн өмгөөлөгч              Д.Т

Хариуцагч                                           З.Э

Хариуцагчийн өмгөөлөгч                О.С

Нарийн бичгийн дарга                     С.Гончигбал нар оролцов.

Нэхэмжлэгч О.Б, О.А, Д.А, М.М, С.Э, Ц.Г нар шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ:

“...иргэд бид шүүхэд нэхэмжлэл гарган шүүхийн шийдвэрээр З.Э-аас мөнгө гаргуулахаар болсон. Үүнд: Сум дундын 14 дүгээр шүүхийн 2015 оны 01 дүгээр сарын 19-ний өдрийн 82 дугаартай шүүгчийн захирамжаар 12119000 төгрөгийг гаргуулж О.Б-д, Сум дундын 14 дүгээр шүүхийн 2015 оны 1 дүгээр сарын 26-ны өдрийн 110 дугаар шийдвэрээр 11952950 төгрөгийг гаргуулж Д.А-д, Сум дундын 14 дүгээр шүүхийн 2014 оны 9 дүгээр сарын 15-ны өдрийн 2598 дугаартай шүүгчийн захирамжаар 6466550 төгрөгийг гаргуулж Ц.Г-т, Сум дундын 14 дүгээр шүүхийн 2015 оны 3 дугаар сарын 18-ны өдрийн 68 дугаартай шүүгчийн захирамжаар 5300000 төгрөгийг гаргуулж С.Э-т, Сум дундын 14 дүгээр шүүхийн 2015 оны 3 дугаар сарын 19-ний өдрийн 268 дугаартай шийдвэрээр 14497290 төгрөгийг гаргуулж М.М-д, Сум дундын 14 дүгээр шүүхийн 2015 оны 11 дүгээр сарын 8-ний өдрийн 19500000 төгрөг гаргуулж Б.Оюун нарт тус тус олгохоор шийдвэрлэсэн. Бид дээр дурьдсан шүүхийн шийдвэрийг гүйцэтгүүлэхээр гүйцэтгэх хуудас бичүүлж Орхон аймгийн Шүүхийн шийдвэр гүйцэтгэх албанд хандсан боловч З.Э нь шүүхийн шийдвэрээр төлөх төлбөрөөс зайлсхийж өнөөдрийг хүртэл өөрийн өмчлөлийн үл хөдлөх эд хөрөнгө болох Орхон аймгийн Баян-Өндөр сумын Их залуу багийн 48Б-05, 48Б-06 тоотод байрлах хоёр айлын хашааны газар болон түүн дээр барьсан амины орон сууцаа Улсын бүртгэлд бүртгүүлж, өмчлөгчөөр бүртгүүлэхгүй байгаагаас дээрх үл хөдлөх хөрөнгийг шийдвэр гүйцэтгэлийн журмаар албадан дуудлага худалдаанд оруулж төлбөрт гаргуулах боломжгүй. Нөгөөтэйгүүр шийдвэр гүйцэтгэх албан болон шүүхийн шийдвэрээр З.Э-аас мөнгө авах иргэд аль аль нь З.Э-ын өмнөөс улсын бүртгэлийн албанд хандаж түүнийг дээрх хөрөнгийн өмчлөгчөөр бүртгүүлэх боломжгүй байгаа тул З.Э-ыг Булган аймгийн Орхон сумын Халиун багийн Толгодын хэсгийн 4-25, 4-26 тоотод байрлах хоёр айлын хашааны газар болон түүн дээр барьсан амины орон сууцны өмчлөгч болохыг тогтоож өгнө үү” гэжээ.

Нэхэмжлэгч О.А шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “З.Э нь 2017 оны 02 дугаар сард байшин барина гэж 2000000 төгрөг авсан. Тэгээд авсан мөнгөө өгөхгүй болохоор нь шүүхэд нэхэмжлэл гаргаад шүүхээс З.Э-аас зээл, зээлийн хүүтэй нийлээд 2600000 төгрөг гаргуулах тухай шүүхийн шийдвэр гарсан. Ингээд З.Э мөнгөө өгөхгүй байхаар нь шүүхийн шийдвэр гүйцэтгэх газраас З.Э-ын хашаа байшинг битүүмжилсэн. З.Э уг хашаа байшингаа ахынх нь хашаа гэж мэдүүлсэн. Иймээс Булган аймгийн Орхон сумын Халиун багийн Толгодын хэсгийн 4-25, 4-26 тоотод байрлах хашаа байшинг З.Э-х болохыг тогтоож өгнө үү” гэжээ.

Нэхэмжлэгч Д.А шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: З.Э нь Булган аймгийн Орхон сумын Халиун багийн Толгодын хэсгийн 4-25, 4-26 тоотод байрлах хоёр айлын газарт байшин барьж байгаа гэж надаас мөнгө зээлж авсан. Би З.Э-ыг ингээд худлаа яриад яваад байгаад нь үнэхээр өмнөөс нь ичиж байна. З.Э-д мөнгөө зээлүүлж жоохон өсгөөд авна гэсэн бодолтой байсан, гэтэл одоо өгөхгүй байна. Тэр үед мөнгө зээлүүлээгүй байсан бол хүүхдээ хагалгаанд нь оруулсан бол миний хүүхэд өнөөдөр эрүүл саруул байх ёстой байсан. Би маш их гомдолтой байна” гэжээ.

Нэхэмжлэгч М.М шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Би маш их гомдолтой байна. З.Э нь байшин барьж байгаа энэ байшингаа дуусгахын тулд мөнгө хэрэгтэй байна гээд надаас мөнгө зээлсэн. Би тэр барьсан байшингийнх нь элс хайргыг цуг ачилцаад явж байсан. Одоо надад зээлсэн мөнгөө өгөхгүй их чирэгдэл учруулж байна. Иймээс Булган аймгийн Орхон сумын Халиун багийн Толгодын хэсгийн 4-25, 4-26 тоотод байрлах хашаа байшинг З.Э-ын өмч болохыг тогтоож өгнө үү” гэжээ.

Нэхэмжлэгч нарын итгэмжлэгдсэн төлөөлөгч Ц.Ц шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “Булган аймгийн Орхон сумын Толгодын 4-25 тоотод байрлах 2 давхар хаусыг миний төрсөн ах Ц.Г бид хамтран барьж өгч байсан. Манай гэрт ирж байшин барьж өгөөч гэхээр нь хоорондоо тохиролцсон. Миний төрсөн ах Ц.Г-тай ажил гүйцэтгэх гэрээ байгуулж, З.Э нь бариулсан хөлснөөсөө 5625000 төгрөгийг цувуулаад өгч байсан. Одоо үлдсэн төлбөр 6500000 төгрөгийг өгч барагдуулаагүй. Одоо болохоор Ч.Г барьсан болж хувираад байгаа. Хөрөнгөө өөр хүний нэрээр улсын бүртгэл дээр бүртгүүлсэн байгаа. Булган аймгийн Орхон сумын Халиун багийн Толгодын хэсгийн 4-25, 4-26 тоотод байрлах хашаа байшинг З.Э-х болохыг тогтоож өгнө үү” гэжээ.

Хариуцагч З.Э шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “... Надад ямар нэгэн үл хөдлөх хөрөнгө болоод газар хашаа байшин байхгүй. Миний гэр бүлийн гишүүдэд ч одоогоор үл хөдлөх хөрөнгөгүй. Би хөдөлмөрийн чадвар алдалтын 60 хувийн группд байдаг. Би зээл чөлөөлж бусдад их хэмжээний мөнгө алдаж тэр хүн маань олдохгүй алга болсон. Би шүүхэд өгч шүүгчээр захирамж гаргуулж, тахарын албаар эрэн сурвалжлуулж байгаа. Дээрх иргэдийн зарим нэгэнд төлбөрийг багаар ч гэсэн барагдуулж байгаа. С.Э нь миний хөдөлмөрийн чадвар алдалтын 60 хувийн группийн нийгмийн даатгалын сангаас олгодог тэтгэврийн орлогоос тогтмол 50 хувийн суутгал хийлгэж сар бүр төлбөрөө авдаг юм. Эдгээр иргэдийн төлбөр нь анхан шатны шүүхээр хүү алданги тооцогдож гарсан шүүгчийн захирамжаар шүүхийн шийдвэр гүйцэтгэх албанд очсон юм. Эдгээр иргэдэд хүү мөнгө төлж явсаар үндсэн мөнгөндөө тулсан төлбөр ч байдаг. Өөрт байгаа үл хөдлөх эд хөрөнгөө зарж борлуулж, барьцаанд тавьж хүү мөнгө төлж явсан болно. Нэхэмжлэлд Орхон аймгийн Баян-Өндөр сумын Их залуу багийн 48б-5, 48б-6 тоот газар, түүн дээр баригдсан амины сууцыг миний өмч мэтээр бичжээ. Энэ газар байшингийн өмчлөгч нь Ч.Г гэдэг хүн юм. Учир нь Ч.Г-тай би гэрээ байгуулж /2014 оны 4 дүгээр сарын 25-ны өдөр/ захиалга аваад 2014 оны 5 дугаар сарын 21-ний өдөр Ц.Г-тай 12000000 төгрөгийн хөлстэйгөөр давхар ажил гүйцэтгэх гэрээ үйлдэж, уг газарт хашаа улмаар Ч.Г-тай тохиролцсоноор амины орон сууцыг бариулах ажлыг гүйцэтгүүлэн ажилласан. Ингээд Ч.Гантулгын бариулсан барилгын гүйцэтгэлийн ажил дутуу тул гүйцэтгэж өг гэхээр нь бид өөрсдөө түрээсийн байранд амьдардаг олон хүнд өр төлбөртэй байр түрээслэх мөнгөгүй, орох орон байргүй болсон тул байрыг гүйцэтгэх өгөх хүртэл Ч.Гантулгын газар байшинг сахин хамгаалах үүрэгтэй амьдарч байгаа болно. Түүнээс нэхэмжлэгч нарын хэлсэнчлэн миний өөрийн өмч хөрөнгө биш юм. Өөрөөр хэлбэл Ч.Гантулгын хөрөнгөөр баригдсан өмч хөрөнгө тул нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэж өгнө үү” гэжээ.

Гуравдагч этгээдийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Х.Оюунбат шүүх хуралдаанд гаргарсан тайлбартаа: “Маргаан бүхий хашаа байшингийн хаяг болох Булган аймгийн Орхон сумын Толгодын 4-26 тоотын нутаг дэвсгэрийн харьяалал өмнө нь хэд хэдэн удаа өөрчлөгдөж байсан. Ингээд эцэст нь Булган аймгийн Орхон сумын Халиун багийн Толгодын 4-26 тоот болж өөрчлөгдсөн. 2016 оны 1 дүгээр сард Ц.Гантулгын өмчлөлийн байшинг З.Э-ын өмч байна гэж шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллага битүүмжилсэн. Гэтэл Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн 2018 оны 07 дугаар сарын 05-ны өдрийн магадлалаар уг хашаа байшин нь Ч.Гантулгын өмч болохыг тогтооосон. Гэтэл З.Э нь өөрийн газар байшингаа Ч.Гантулгын нэр дээр бүртгүүлсэн гэж нэхэмжлэгчид үзээд байдаг. Бид захиргааны хэргийн шүүхэд нэхэмжлэл гаргаж байх явцдаа Булган аймгийн Орхон сумын Толгодын 4-25 тоотод байрлах газар нь иргэн Мэндбаярын өмч болохыг олж мэдсэн. Булган аймгийн Орхон сумын Халиун багийн Толгодын хэсгийн 4-25, 4-26 тоотод байрлах газар, үл хөдлөх хөрөнгийн гэрчилгээн дээр З.Э-ын нэр байхгүй, харин Мэндбаяр, Ч.Г нарын нэр дээр бүртгэлтэй байгаа ба 4-25 тоотод байрлах газар нь Мэндбаярын, 4-26 тоотод байрлах газар, үл хөдлөх хөрөнгө нь Ч.Г өмч мөн юм. Уг хашаа байшинг Цагдаагийн байгууллага З.Э-ын хашаа байшин биш болохыг тогтоосон. Иймд нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож өгнө үү” гэжээ.

Булган аймаг дахь сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүх 2018 оны 09 дүгээр сарын 10-ны өдрийн 511 дугаартай шийдвэрээр:

Иргэний хуулийн 100 дугаар зүйлийн 100.1, 106 дугаар зүйлийн 106.1-д заасныг баримтлан хариуцагч З.Э-д холбогдох, Булган аймгийн Орхон сумын Халиун багийн Толгодын хэсгийн 4-25, 4-26 тоотод байрлах газар болон үл хөдлөх хөрөнгийн өмчлөгч нь З.Э болохыг тогтоолгох тухай нэхэмжлэгч О.А, Д.А, М.М, О.Б, С.Э, Ц.Г нарын нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож,

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д зааснаар нэхэмжлэгч нарын улсын тэмдэгтийн хураамжинд төлсөн 70200 /далан мянга хоёр зуун/ төгрөгийг Төрийн санд хэвээр үлдээж,

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7-д зааснаар шийдвэрийг танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор зохигч талууд шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь давж заалдах журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүйг тайлбарлаж,

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар зохигч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч шүүхийн шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Булган аймгийн Эрүү, иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэйг дурдаж шийдвэрлэжээ.

Нэхэмжлэгч нар болон нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч давж заалдах гомдолдоо: “... Анхан шатны шүүх Булган аймгийн Орхон сумын Халиун багийн Толгодын хэсгийн 4-26 тоотод байрлалтай 1041 мкв газрыг Ч.Г-д өмчлүүлсэн Булган аймгийн Орхон сумын Засаг даргын 2016 оны 04 дүгээр сарын 04-ний өдрийн А/51 дугаар захирамж, дээрх захирамжийг үндэслэн улсын бүртгэлийн байгууллагаас 2016 оны 04 дүгээр сарын 07-ны өдөр олгосон Г-0409000272 тоот гэрчилгээ болон Булган аймгийн Орхон сумын Халиун багийн Толгодын хэсгийн 4-26 тоотод байршилтай 161.9 мкв талбай бүхий хувийн сууцны өмчлөгчөөр Ч.Гантулгыг бүртгэсэн Ү-0409000153 тоот бүртгэл, мөн Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн 2018 оны 07 дугаар сарын 05-ны өдрийн 390 дугаар магадлалыг үндэслэн нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосон. Нэхэмжлэгч нарын зүгээс З.Э-ын өмч мөн гэж маргаж буй Булган аймгийн Орхон сумын Халиун багийн Толгодын хэсгийн 4-26 тоотод байрлалтай 1041 мкв газар, түүн дээр барьсан 161.9 мкв талбай бүхий хувийн сууцны жинхэнэ өмчлөгч нь Ч.Г бус харин З.Э болох нь хэрэгт авагдсан эд хөрөнгө хураасан, битүүмжилсэн актууд, ажил гүйцэтгэх гэрээ, Ч.Г-аас авсан тайлбар, шийдвэр гүйцэтгэгчийн тэмдэглэл, шүүгчийн захирамж, эд хөрөнгө битүүмжлэх акт, прокурорын тогтоол, шүүх хуралдааны тэмдэглэл, шүүхийн шийдвэр, албан бичиг, үл хөдлөх эд хөрөнгө бэлэглэх гэрээ, зэрэг баримтуудаар нотлогддог.

Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн 2018 оны 07 дугаар сарын 05-ны өдрийн 390 дугаар магадлалын тухайд Захиргааны хэргийн шүүх маргаан бүхий актыг хуульд нийцсан эсэхийг хянасан. Харин маргаж буй үл хөдлөх эд хөрөнгүүдийн өмчлөгч хэн нэгэн иргэн мөн эсэх тухайд эрх зүйн дүгнэлт хийгээгүй. Иймд хэрэг авагдсан нотлох баримтуудыг судлан үзэж, Булган аймгийн Орхон сумын Халиун багийн Толгодын хэсгийн 4-26 тоотод байрлалтай 1041 мкв газар болон уг газар дээр барьсан 161.9 мкв талбай бүхий хувийн сууцны өмчлөгч нь З.Э мөн болохыг тогтоож, анхан шатны шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулж өгнө үү” гэжээ.

ХЯНАВАЛ:

Анхан шатны шүүх З.Э-д холбогдох газар буюу үл хөдлөх эд хөрөнгийг өмчлөгч мөн болохыг тогтоолгох тухай О.Б, О.А, Д.А, М.М, Ц.Г, С.Э нарын гаргасан нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэхдээ хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны хуулиар тогтоосон журмыг зөрчөөгүй байна.

Хариуцагч З.Э нь шүүхийн хүчин төгөлдөр шийдвэрийн дагуу дээрхи нэр бүхий иргэдэд зээлийн төлбөр төлөх үүрэг үүссэн байх бөгөөд шүүхийн шийдвэрийн гүйцэтгэлийг баталгаажуулах зорилгоор З.Э-ын амьдарч байсан, түүний бариулсан гэх газар болон байшинг шүүхийн шийдвэрийн дагуу битүүмжилжээ.

Шийдвэр гүйцэтгэгч битүүмжлэх үед дээрхи үл хөдлөх эд хөрөнгө нь Орхон аймгийн Баян-Өндөр сумын Их залуу багийн 48Б-05, 48Б-06 тоот гэсэн хаягтай байсан /шинээр Булган аймгийн Орхон сумын 2 дугаар баг Толгодын 4 дүгээр гудамжны 25 тоот, 26 тоот/ байх ба эд хөрөнгийн эзэмшигч, өмчлөгч нь хуульд заасан журмын дагуу улсын бүртгэлд бүртгэгдээгүй байсан байна.

Хэдийгээр хавтаст хэрэгт иргэн Ч.Ганбатын тайлбар, төлбөр төлөгч гэх З.Э-ын “... хашаа байшин байгаа. Энэ хөрөнгө нь 5 хүний өмч болно. Үүнд манай нөхөр Ганбат, Ч.Г нөхрийн ах, Мөнхтуул, Мөнхбүлд манай 2 хүүхэд тэгээд би өөрөө орно...” гэх тайлбар /хх 120/, шүүх хуралдааны тэмдэглэл /хх 122-123/ зэрэг нотлох баримтууд авагдсан байх боловч энэ баримтууд нь дээрх үл хөдлөх эд хөрөнгийн өмчлөгчийг З.Э гэж үзэх үндэслэл болохгүй юм.

Учир нь: Иргэний хууль, Газрын тухай хуульд зааснаар иргэний газар өмчлөх эрх нь хуулийн дагуу болон гэрээний үндсэн дээр үүсэх бөгөөд Монгол улсын иргэнд газар өмчлүүлэх тухай хуулийн 22 дугаар зүйлд иргэний газар өмчлүүлэх эрхийг баталгаажуулах талаар хуульчилсан.

Маргаан бүхий Булган аймгийн Орхон сумын 2 дугаар баг Толгодын 4 дүгээр гудамжны 26 тоот хаягт байршилтай 6304002548 нэгж талбарын дугаартай гэр бүлийн хэрэгцээний 1041 м.кв газар болон уг газарт байрлах 161.9 м.кв талбайтай, хувийн сууцны зориулалттай үл хөдлөх эд хөрөнгийн хууль ёсны өмчлөгчөөр Дураал овогт Ч-ы Г бүртгэгдэж, 2016 оны 04 дүгээр сарын 07-ны өдөр үл хөдлөх эд хөрөнгийн эрхийн улсын бүртгэлийн гэрчилгээ олгогджээ./хх 59-60/

Мөн иргэн Ц.Ц-ийн гаргасан “З.Э-ыг Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газраас битүүмжилсэн үл хөдлөх хөрөнгийг бусдад шилжүүлсэн” гэх гомдол, мэдээлэлд дээрхи эд хөрөнгийн өмчлөгч нь Ч.Г болох нь тогтоогдож байна гэх үндэслэлээр эрүүгийн хэрэг үүсгэхээс татгалзсан байна. /хх 84/

Түүнчлэн шүүхийн хүчин төгөлдөр шийдвэрээр Булган аймгийн Орхон сумын засаг даргын 2016 оны 04 дүгээр сарын 04-ний өдрийн А/51 дугаартай “Иргэнд газар өмчлүүлэх тухай” захирамж хууль бус гэдэг нь тогтоогдоогүйгээс гадна нэхэмжлэгч нарын нэхэмжлэлд дурьдсан Булган аймгийн Орхон сумын Халиун багийн Толгодын 4 дүгээр гудамжны 25 тоотод байрлах үл хөдлөх эд хөрөнгийн өмчлөгч нь З.Э мөн гэх нотлох баримт хэрэгт авагдаагүй байна.

Анхан шатны шүүх хэргийн оролцогчийн гаргасан нотлох баримтуудыг тал бүрээс нь бүрэн бодитойгоор харьцуулан, үндэслэл бүхий дүгнэлт хийж хэргийг шийдвэрлэжээ.

Иймд нэхэмжлэгч, нэхэмжлэгчийн төлөөлөгч нарын гаргасан “...анхан шатны шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулж, үл хөдлөх эд хөрөнгийн өмчлөгчөөр З.Э-ыг тогтоож өгнө үү...” гэх давж заалдах гомдлыг хүлээн авах үндэслэлгүй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

Харин анхан шатны шүүх Иргэний хуулийн 106 дугаар зүйлийн 106.1-т заасан “Өмчлөгч хөрөнгөө хууль бус эзэмшлээс шаардах эрхтэй” гэсэн зохицуулалтыг нэхэмжлэгч нарын шаардлага гаргах эрх зүйн хэм хэмжээнд хамааруулсан нь буруу байх тул шүүхийн шийдвэрт зохих өөрчлөлт оруулан, зөвтгөх боломжтой гэж давж заалдах шатны шүүх үзлээ.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн  167 дугаар зүйлийн 1.3, 167 дугаар зүйлийн 167.2 дахь хэсэгт заасныг тус тус удирдлага болгон

    ТОГТООХ нь:

1.Булган аймаг дахь сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 09 дүгээр сарын 10-ны өдрийн 511 дугаар шийдвэрийн тогтоох хэсгийн 1 дүгээр заалтын “106 дугаар зүйлийн 106.1” гэснийг хасч, шийдвэрийн бусад заалтыг хэвээр үлдээсүгэй.

2.Нэхэмжлэгч О.А, М.М, Д.А, О.Б, С.Эг, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ц.Ца нарын давж заалдсан гомдлыг хангахгүй орхисугай.

3.Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ц.Ц-ийн давж заалдах журмаар гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжинд төлсөн 70200 төгрөгийг төрийн санд хэвээр үлдээсүгэй.

4.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 172 дугаар зүйлийн 172.2-т заасан үндэслэлээр зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч энэ хуулийн 167 дугаар зүйлийн 167.5-д зааснаар магадлалыг гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар гомдол гаргах эрхтэйг дурдсугай.

 

 

                              ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                               М.ХҮРЭЛБААТАР                                          

                                         ШҮҮГЧ                       С.УРАНЧИМЭГ                                                                         

    ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                               Ё.БЯМБАЦЭРЭН