| Шүүх | Дорноговь аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Базаррагчаагийн Гончигсумлаа |
| Хэргийн индекс | 136/2021/00226/И |
| Дугаар | 136/шш2022/00065 |
| Огноо | 2022-02-22 |
| Маргааны төрөл | Өвлөх, |
Дорноговь аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр
2022 оны 02 сарын 22 өдөр
Дугаар 136/шш2022/00065
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Д аймаг дахь сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Б.Гончигсумлаа даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн хуралдаанаар:
Нэхэмжлэгч: Д аймаг, С сум, 2 дугаар баг, Э гудамж, ...-р хэсэг, .. тоотод оршин суух, Г овогт Бы О /РД:...../,
Нэхэмжлэгч: Д аймаг, С сум, 2 дугаар баг, Э гудамж, ..-р хэсэг, .. тоотод оршин суух, Г овогт Бы Д /РД:...../ нарын нэхэмжлэлтэй,
Хариуцагч: Д аймаг, С сум, 2 дугаар баг, Д гудамжны дугаар байрны, тоотод оршин суух, Ч овогт Тын А /РД:...../-д холбогдох
Нэхэмжлэлийн шаардлага: ..-.. ДГС улсын дугаартай Toyota fielder маркийн автомашиныг гаргуулах тухай,
Шүүх хуралдааны оролцогчид:
Нэхэмжлэгч Б.О,
Нэхэмжлэгчийн өмгөөлөгч Ж.Ж,
Хариуцагч Т.А,
Хариуцагчийн өмгөөлөгч Ж.Ч,
Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Э.Лхагвасүрэн нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч Б.О, Б.Д нар Т.Ад холбогдуулан Тоёота филдэр маркийн ..-.. ДГС улсын дугаартай автомашиныг гаргуулах тухай нэхэмжлэл гаргасан.
Нэхэмжлэгч нар нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ дараах байдлаар тодорхойлж байна. Б.О, Б.Д бидний төрүүлсэн аав Д.Б маань 2021 оны 02 дугаар сарын 08-ны өдөр хорвоогийн мөнх бусыг үзсэн бөгөөд манай аав, ээж 2 маань 2000 оны дундуур гэрлэлтээ цуцлуулж бид 2 аавынхаа асрамжид үлдэж өнөөдрийг хүртэл ам бүл хамтдаа явж байгаа болно. Аав маань 2020 оны 04 дүгээр сард Улаанбаатар хотоос Тоёота филдэр маркийн ..-.. ДГС улсын дугаартай автомашиныг 11,800,000 төгрөгөөр худалдан авч эзэмшиж байсан бөгөөд уг машин нь бид хоёрын эзэмшилд шилжин ирэх хөрөнгө хэмээн бидний хувьд үзэж байна.
Тиймээс ч аавынхаа ажил явдлыг өнгөрөөчихөөд бид нар Улаанбаатар хот руу явахдаа уг машиныг аавынхаа хамтран амьдрагч болох Т.Ад үлдээгээд явсан бөгөөд бидний хувьд уг өв хөрөнгийн талаар огт хэл ам хийгээгүй нэгэнт тэр хүүхний хувьд аавтай маань гэрлэлтээ хууль ёсоор батлуулаагүй учраас хөрөнгийн талаар бидэнтэй булаацалдах ямар ч эрхгүй хүн гэдгээ өөрөө мэдэж байгаа гэдэгт бүрэн итгэлтэйгээр нөгөө талаас ааваас минь хоёр хүүхэддээ үлдсэн ганц хөрөнгө л энэ машин байсан тул энэ талаар дүү бид хоёртой маргахгүй нь ойлгомжтой гэж бодсон болно. Ингээд миний бие нь 2021 оны 07 дугаар сарын 28-ны өдөр аавынхаа энэ эзэмшлийн машиныг авахаар ирээд Алтантуяа гэгчтэй уулзахад тэрээр миний аавын машиныг бусдад дур мэдэн худалдсан байсан ба энэ талаар өөрөөс нь сонсож мэдээд энэхүү нэхэмжлэлийг гаргаж байгаа юм. А нь энэ машин миний өмч хөрөнгө та нарт ямар ч хамааралгүй миний энэхүү машиныг эзэмших бусдад худалдах бүрэн эрхийг та нар зөрчих ёсгүй гэж байгаа болно. Иймд Т.Агаас аавын минь эзэмшлийн машиныг гаргуулан төрсөн охин болох Б.О, Б.Д нарт олгож өгнө үү. гэв.
Хариуцагч Т.А шүүхэд гаргасан хариу тайлбар болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Б.О, Б.Д нарын нэхэмжлэлтэй автомашин гаргуулах тухай иргэний хэрэгт 2021 оны 08 дугаар сарын 23-нд нэхэмжлэгч нартай уулзаад эвлэрэх боломжтой гэж үзсэн. Гэтэл нэхэмжлэгч нар нь шүүх дээр ирээгүй. Тиймээс би нэхэмжлэгч нарын нэхээд байгаа машиныг өгөх боломжгүй. Би талийгаачтай 12 жил хамт амьдарсан. 12 жилийн хамтын амьдралын үр дүнд бий болсон хөрөнгө. Өмгөөлөгч авч эрх зүйн туслалцаа авч нотлох баримт гаргаж өгнө. Д.Бтай хамтын амьдралтай байсан бөгөөд Тoyota Fielder маркийн автомашиныг 11,500,000 төгрөгөөр худалдан авахад өмнө унаж байсан машинаа борлуулаад, банкнаас зээл авч нэмээд өөрөөсөө 11,500,000 төгрөг гаргасан. Тус дундын өмч болох автомашинд оруулсан эд хөрөнгөө гаргуулах үндэслэлтэй. гэжээ.
Нэхэмжлэгчийн өмгөөлөгч Ж.Жаргалсайхан шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: ... Тоёота филдэр маркийн .... ДГС улсын дугаартай автомашин нь Баатарчулууны нэр дээр буюу түүний эзэмшилд байдаг нь хавтаст хэрэгт авагдсан авто тээврийн үндэсний төвийн лавлагаагаар тогтоогдож байна. Ийм учраас нэхэмжлэгч Б.О, Б.Д нарын хувьд тухайн эд хөрөнгийг өвлөх, эзэмших, тодорхой хэмжээгээр захиран зарцуулах эрх бүхий этгээдүүд болох нь тогтоогдож байна. Иргэний хуулийн 125 дугаар зүйлээс 130 дугаар зүйлд заасан заалтуудаар гэр бүлийн эд, хөрөнгийн асуудал нэхэмжлэх, захиран зарцуулах, ашиглах бүхий л үйл, ажиллагаанд оролцох эрх нь тогтоогдож байна. Ийм учраас Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1-д заасныг үндэслэн нэхэмжлэгч нарын нэхэмжлэлийн шаардлагыг хангаж Тоёота филдэр маркийн .... ДГС улсын дугаартай автомашиныг Б.О, Б.Д нарын эзэмшилд шилжүүлэх нэхэмжлэлийн шаардлагыг хангаж өгнө үү. ... Иргэний хуулийн 129 дүгээр зүйлийг 129.6-д ...Гэр бүлийн хамтран өмчлөх дундын эд хөрөнгөөс гишүүнд ногдох хэсгийг тодорхойлох талаар гарсан маргааныг шүүх шийдвэрлэнэ... гэж заасан байна. Дээрх заалтыг үндэслэж байна. ... Хариуцагч нь гэр бүлийн маргаан бүхий асуудалд албан ёсны гишүүн гэх байр сууринаас оролцох эрхгүй.
Хариуцагчийн өмгөөлөгч Ж.Чимэг шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: ...Гэр бүлийн тухай хуулийн 17.1-д ...Гэрлэлтийг хүчин төгөлдөр бус гэж тооцсоноос үүссэн эд хөрөнгийн маргааныг Иргэний хуулийн эд хөрөнгийг дундаа хэсгээр өмчлөх заалтын дагуу шүүх шийдвэрлэнэ... гэж үзнэ. Тус хуулийн 108 дугаар зүйлийн 108.1-д зааснаар ...Хуульд зааснаар, эсхүл хэлцлийн үндсэн дээр хоёр буюу түүнээс дээш этгээд хөрөнгийг дундаа хэсгээр буюу хамтран өмчилж болно... гэж зааснаар ... хариуцагчийн хувьд тус машинд өөрийн орсон хувь хэмжээнээс авч үлдэх эрхтэй... Энэ бол өв гэх зүйл нээгдсэний дараа тухайн эд, хөрөнгийг хэн нь авах вэ гэх зүйл яригдана. Хэрвээ шүүх нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэвэл энэ нь маргаан үүснэ. Учир нь өв ямар байдлаар нээгдэх вэ гэхээр нотариатын тухай хуулиар тодорхой заасан байдаг. Бусад өвлөгч нар тухайн эд, хөрөнгөнөөс татгалзсан тохиолдолд өвийн гэрчилгээг олгодог. ... Учир нь нэхэмжлэгч талыг өвийн гэрчилгээг нээлгэсэн талаар, эсвэл нотариатад хүсэлт гаргасан гэх нотлох баримт хэрэгт байна уу гэх үүднээс танилцахад байгаагүй. Хэрвээ дээрх баримтууд хэрэгт авагдсан тохиолдолд манай талаас сөрөг нэхэмжлэл гаргах эрхтэй юм. Өөрөөр хэлбэл өв нээлгэсэн бол өвлүүлэгчийн үүргийг давхар хүлээх ёстой. Тухайлбал Чулуунбаатар нь хариуцагчийн авсан зээлд хамтран зээлдэгчээр оролцож байгаа учраас үүнийг мөн хамт хүлээх үүрэгтэй байдаг. Мөн тухайн зээлийн үлдэгдлийг Чулуунбаатарын үлдсэн эд хөрөнгөнөөс гаргуулах үндэслэлтэй. ... Нэхэмжлэгч тал Иргэний тухай хуулийн 125 дугаар зүйлээс 130 дугаар зүйлд заасан тодорхойгүй зүйл заалтыг хэлж байна. Бидний хувьд гэр бүлийн дундын хөрөнгөд ямар нэгэн маргаан байхгүй. Харин нас барсан хүний тухайд Иргэний хуулийн 5 дугаар хэсгийн 54 дүгээр бүлэгт хамааралтай юм. Иймд нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү. Хэрвээ нэхэмжлэгч тал өвлөх эрхийн гэрчилгээгээ аваад нэхэмжлэл гаргасан тохиолдолд манай талаас сөрөг нэхэмжлэл гаргана. Өөрөөр хэлбэл Иргэний хуулийн 108 дугаар зүйлд зааснаар нэхэмжлэл гаргана. Иймд шүүх Иргэний хуулийн 531 дүгээр зүйлийн 531.2-д ...Хууль ёсны өвлөгчид өвлөх эрхийн гэрчилгээг өв нээгдсэнээс хойш нэг жил өнгөрсний дараа олгоно..., 531.3-д ...Гэрчилгээ олгох тухай хүсэлт гаргасан буюу өвлөгдсөн эд хөрөнгийг авсан этгээдээс өөр өвлөгч байхгүй нь лавтай баримтаар нотлогдвол гэрчилгээг энэ хуулийн 531.2-т заасан хугацаанаас өмнө олгож болно... гэх тус тус заалтуудыг анхаарч нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож өгнө үү. гэжээ.
Нэхэмжлэгч нараас Б.Оийн иргэний үнэмлэхийн хуулбар, нас барсны гэрчилгээний хуулбар /хх-2/, Д аймгийн С сумын 2 дугаар багийн ажлын албаны 2021 оны 07 дугаар сарын 29-ний өдрийн 2/824 дугаартай тодорхойлолт /хх-3/, Б.Дын иргэний үнэмлэхийн хуулбар /хх-4/, Д аймгийн С сумын 2 дугаар багийн ажлын албаны 2021 оны 07 дугаар сарын 30-ны өдрийн 2/830 дугаартай тодорхойлолт /хх-5/, Өмгөөлөгч Ж.Жны Д аймаг дахь Авто тээврийн газарт гаргасан хүсэлт, тээврийн хэрэгслийн лавлагаа, жолоочийн хариуцлагын албан журмын даатгалын даатгуулагчийн гэрээний мэдүүлгийн маягт /хх-6-8/, эрх зүйн туслалцаа үзүүлэх гэрээ /хх-9/, улсын тэмдэгтийн хураамж төлсөн баримт /хх-10-11/, 2021 оны 08 дугаар сарын 02-ны өдрийн итгэмжлэл /хх-13/ зэрэг нотлох баримтуудыг,
Хариуцагчаас эрх зүйн туслалцаа үзүүлэх гэрээ /хх-24-26/, Д аймгийн Ч-И ОНӨХХК-ийн 2021 оны 08 дугаар сарын 26-ны өдрийн 633 дугаартай албан бичиг, 2021 оны 02 дугаар сарын 09-ний өдрийн Б/38 дугаартай буцалтгүй тусламж олгох тухай тушаал /хх-45-46/, Д аймаг дахь сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 11 дүгээр сарын 30-ны өдрийн 136/ШШ2021/00 дугаартай шийдвэр /хх-58-60/, Д аймгийн Нийгмийн даатгалын хэлтсийн 2022 оны 02 дугаар сарын 22-ны өдрийн 81 дугаартай албан бичиг /хх-87/, Х банкны 2020 оны 05 дугаар сарын 27-ны өдрийн 1020034621 дугаартай барьцаат зээлийн гэрээ /хх-88-90/, Т.Агийн Х банкны дансны хуулга /хх-91/, цалингийн зээлийн даатгалын гэрээ /хх-92/, Т.Агийн дансны хуулга, олголтоос өмнөх зээлийн эргэн төлөлтийн хуваарь /хх-93-95/, 2014 оны 06 дугаар сарын 10-ны өдрийн тэтгэврийн зээлийн өргөдөл /хх-96-97/, 2016 оны 01 дүгээр сарын 26-ны өдрийн тэтгэврийн зээлийн гэрээ /хх-98-99/ зэрэг нотлох баримтуудыг гаргаж өгсөн байна.
Шүүхээс Д аймгийн автотээврийн газраас нотлох баримт гаргуулахаар албан бичиг /хх-37/ хүргүүлсний дагуу Д аймгийн автотээврийн төвөөс 2021 оны 09 дүгээр сарын 16-ны өдрийн 119 дугаартай албан бичиг, нотлох баримтууд /хх-38-40/, хариуцагчийн өмгөөлөгчийн хүсэлтийн дагуу гэрч А.Б, Б.О, Д.Г нарыг асуусан тэмдэглэл /хх-68-78/ зэрэг нотлох баримтуудыг бүрдүүлсэн байна.
ҮНДЭСЛЭХ НЬ:
Нэхэмжлэгч Б.О, Б.Д нар нь хариуцагч Т.Ад холбогдуулан .... ДГС Тoyota Fielder маркийн автомашиныг гаргуулах тухай нэхэмжлэл гаргажээ.
Хариуцагч Т.А нь .... ДГС улсын дугаартай Тoyota Fielder маркийн автомашиныг өөрийн хөрөнгөөр худалдан авч байсан тул зохих хувийг авах нь зүйтэй гэж тайлбар гарган маргаж байна.
Шүүхээс нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж шийдвэрлэх үндэслэлтэй гэж үзлээ.
Талийгаач Д.Б нь 2021 оны 02 дугаар сарын 08-ны өдөр нас баржээ /хх-2/. Д.Б агсан нь .... ДГС улсын дугаартай Тoyota Fielder маркийн автомашины эзэмшигч байсан нь Автотээврийн үндэсний төвийн Тээврийн хэрэгслийн лавлагаагаар /хх-07, 39/ тогтоогдож байна.
Хариуцагч Т.А нь шүүх хуралдаанд Д.Бтай хамтын амьдралтай байсан бөгөөд Тoyota Fielder маркийн автомашиныг 11,500,000 төгрөгөөр худалдан авахад өмнө унаж байсан машинаа борлуулаад, банкнаас зээл авч нэмээд өөрөөсөө 11,500,000 төгрөг гаргасан. Тус дундын өмч болох автомашинд оруулсан эд хөрөнгөө гаргуулах үндэслэлтэй гэж, хариуцагчийн өмгөөлөгч Ж.Чимэг шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Гэр бүлийн тухай хуулийн 17.1-д ...Гэрлэлтийг хүчин төгөлдөр бус гэж тооцсоноос үүссэн эд хөрөнгийн маргааныг Иргэний хуулийн эд хөрөнгийг дундаа хэсгээр өмчлөх заалтын дагуу шүүх шийдвэрлэнэ... гэж үзнэ. Тус хуулийн 108 дугаар зүйлийн 108.1-д зааснаар ...Хуульд зааснаар, эсхүл хэлцлийн үндсэн дээр хоёр буюу түүнээс дээш этгээд хөрөнгийг дундаа хэсгээр буюу хамтран өмчилж болно... гэж зааснаар ... хариуцагчийн хувьд тус машинд өөрийн орсон хувь хэмжээнээс авч үлдэх эрхтэй... гэх тайлбарыг гаргажээ.
Дээр дурдсан Гэр бүлийн тухай хуулийн 17 дугаар зүйлийн 17.1 дэх заалт нь гэрлэлтийг хүчин төгөлдөр бус гэж тооцсоноос үүссэн эд хөрөнгийн маргаантай холбоотой харилцааг зохицуулна. Харин Т.А болон Д.Б нар өмнө нь гэрлэлтээ батлуулж байгаагүй бөгөөд гэрлэлтийг хүчин төгөлдөр бусад тооцуулсан нөхцөл баримтаар тогтоогдоогүй байх тул тэдний хоорондын эд хөрөнгийн харилцааг Иргэний хуулийн 108 дугаар зүйлийн 108.1 дэх хэсэгт хуульд зааснаар, эсхүл хэлцлийн үндсэн дээр хоёр буюу түүнээс дээш этгээд хөрөнгийг дундаа хэсгээр буюу хамтран өмчилж болно гэж заасны дагуу шийдвэрлэнэ.
Д аймаг дахь сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 11 дүгээр сарын 30-ны өдрийн 136/ШШ2021/00.... дугаартай шийдвэрээр Д.Б, Т.А нар нь хамтын амьдралтай байсныг тогтоосон байх ба зохигч энэ талаар маргаагүй. Гэрч А.Бгийн 2022 оны 01 дүгээр сарын 27-ны өдөр Ээж хар өнгийн спанси машиныг авахад банкнаас зээл хийгээд 5,000,000 төгрөгийг нь гаргасан, ... гэдгээ надад хэлж байсан гэх, Б.Огийн 2022 оны 01 дүгээр сарын 27-ны өдөр ...2019 оны 11 сард Спанисо гэдэг машин худалдаж авсан. ...Бы нэр дээр байсныг би эхнэрийнхээ нэр дээр болгож шилжүүлж авсан гэх, Д.Гын 2022 оны 01 дүгээр сарын 27-ны өдөр Тэдгээр машиныг хэрхэн худалдан авсан талаар мэдэхгүй гэх мэдүүлгийг тус тус шүүхэд өгчээ. Гэрч А.Бгийн мэдүүлэг нь Тoyota Fielder маркийн автомашиныг Т.Агийн мөнгөөр авсан болохыг шууд гэрчлээгүй буюу энэ талаар сонссон тухай, Б.Огийн мэдүүлэг нь тус автомашиныг Д.Бы нэр дээр байсан тухай, гэрч Б.О тус автомашиныг хэний мөнгөөр хэрхэн авсныг мэдэхгүй тухай гэрчилж байх тул Тoyota Fielder маркийн автомашиныг нэхэмжлэгч Т.Агийн хөрөнгөөр худалдан авсан гэж үзэх үндэслэл тогтоогдохгүй байна.
Мөн Т.А нь Хбанктай 2020 оны 05 дугаар сарын 27-ны өдөр 10..... тоот Барьцаат зээлийн гэрээ байгуулан 7,500,000 төгрөгийг зээлсэн болох нь тус зээлийн гэрээний нотариатаар гэрчлүүлсэн хуулбар /хх-88/-аар тогтоогдож байх боловч тус зээлийн хөрөнгөөр Тoyota Fielder маркийн автомашиныг худалдан авсан гэж шууд дүгнэх боломжгүй.
Мөн 10.... тоот Барьцаат зээлийн гэрээний үндсэн зээлдэгч Т.А, хамтран зээлдэгч Д.Б байх ба Барьцаат зээлийн гэрээнд Тoyota Fielder маркийн автомашинаар үүргийн гүйцэтгэлийг хангуулах талаар дурдаагүй байх тул нэхэмжлэгчийн өмгөөлөгчийн шүүх хуралдаанд гаргасан тус автомашинаас зээлийн хөрөнгийг төлүүлэх тул нэхэмжлэлийг зөвшөөрөх боломжгүй гэх тайлбар үндэслэлгүй байна.
Нэхэмжлэгч Б.О, Б.Д нар нь талийгаач Д.Бы төрсөн охин болох нь Б.О, Б.Д нарын иргэний үнэмлэх /хх-2,3/ болон талуудын тайлбараар тогтоогдож байх ба талууд энэ талаар маргаагүй.
Иргэний хуулийн 520 дугаар зүйлийн 520.1 дэх хэсэгт Дор дурдсан этгээдийг хууль ёсны өвлөгч гэх бөгөөд тэдгээр нь адил хэмжээгээр өвлөх эрхтэй. 520.1.1.нас барагчийн нөхөр, эхнэр, төрүүлсэн болон үрчилж авсан, түүнийг нас барсан хойно төрсөн хүүхэд, нас барагчийн төрүүлсэн болон үрчилсэн эцэг, эх; гэж заасан байна.
Нэхэмжлэгч Б.О, Б.Д нараас өөр хууль ёсны өвлөгч байхгүй болох нь талуудын тайлбараар тогтоогдож байх ба Иргэний хуулийн 528 дугаар зүйлийн 528.1.1 дэх хэсэгт заасан бусад өвлөгчид өв хүлээн авах буюу өвлөх эрхийн гэрчилгээ олгохыг хүссэн хүсэлт гаргах нэг жилийн хугацаа өнгөрсөн байх тул Б.О, Б.Д нарыг .... ДГС улсын дугаартай Тoyota Fielder маркийн автомашины хууль ёсны өвлөгч мөн гэж үзэх үндэслэлтэй.
.... ДГС улсын дугаартай Тoyota Fielder маркийн автомашиныг н.У гэх хүн хариуцагч Т.Аийн зөвшөөрлөөр хэрэглэж байгаа талаар талуудын тайлбараар тогтоогдож байх тул тус автомашиныг хариуцагчаас шаардах боломжтой гэж үзэв. Мөн автомашины эзэмшлийн талаар Б.О, Б.Д нараас зөвшөөрөл аваагүй байх тул Т.Агийн эзэмшил хууль бус гэж үзэхээр байна.
Иймд дээр дурдсан үндэслэлээр Иргэний хуулийн 106 дугаар зүйлийн 106.1 дэх хэсэгт зааснаар .... ДГС улсын дугаартай Тoyota Fielder маркийн автомашиныг хариуцагч Т.Агийн хууль бус эзэмшлээс чөлөөлж, нэхэмжлэгч нарт олгох нь зүйтэй байна.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгч Б.О, Б.Д нарын улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 203,750 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч Т.Агаас 203,750 төгрөг гаргуулж нэхэмжлэгч Б.О, Б.Д нарт олгож шийдвэрлэв.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1, 116, 118 дахь хэсэгт заасныг удирдлага болгон
ТОГТООХ НЬ:
1.Иргэний хуулийн 106 дугаар зүйлийн 106.1 дэх хэсэгт зааснаар .... ДГС улсын дугаартай Тoyota Fielder маркийн автомашиныг хариуцагч Т.Агийн хууль бус эзэмшлээс чөлөөлж, нэхэмжлэгч Б.О, Б.Д нарт олгосугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгч Б.О, Б.Д нарын улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 203,750 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч Т.Агаас 203,750 төгрөг гаргуулж нэхэмжлэгч Б.О, Б.Д нарт олгосугай.
3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 119.3, 119.4 дэх хэсэгт зааснаар шийдвэр нь танилцуулан сонсгомогц хүчинтэй болох ба шүүх хуралдаанд оролцсон тал 14 хоногийн хугацаа өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах үүрэгтэйг дурдсугай.
4.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар шийдвэрийг эс зөвшөөрвөл зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Д аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргаж болохыг дурдсугай.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Б.ГОНЧИГСУМЛАА