Сэлэнгэ аймгийн Сайхан сум дахь сум дундын шүүхийн Шийдвэр

2022 оны 02 сарын 08 өдөр

Дугаар 150/ШШ2022/00029

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

 

Сэлэнгэ аймгийн Сайхан сум дахь Сум дундын шүүхийн Ерөнхий шүүгч Г.Сарантуяа даргалж хийсэн иргэний хэргийн шүүх хуралдаанаар

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч ******* /цахимаар/,

Хариуцагч ******* хоршооны захирал******* /цахимаар/,

Нарийн бичгийн дарга Б.Дулам нарыг оролцуулан

Нэхэмжлэгч: Хөдөө аж ахуйг дэмжих сангийн нэхэмжлэлтэй

Хариуцагч: Тэлд Ивэн хоршоонд холбогдох зээл болон хүүгийн хамт 23,213,000 төгрөг, алданги 11,606,500 төгрөг нийт 34,819,500 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хянан хэлэлцэв,

ТОДОРХОЙЛОХ нь:

Хөдөө аж ахуйг дэмжих сан нь Тэлд Ивэн хоршоонд холбогдуулан зээлийн гэрээний үүргээ биелүүлээгүйгээс зээл болон хүүгийн хамт 23,213,000 төгрөг, алданги 11,606,500 төгрөг нийт 34,819,500 төгрөг гаргуулахаар нэхэмжлэл гаргасан байна. Нэхэмжлэгч нэхэмжлэлийн үндэслэлээ дараах байдлаар тодорхойлж байна. Үүнд:

Мал хамгаалах сан 2011 оны 07 дугаар сарын 25-ны өдөр 25,000,000 төгрөгийг 1 жилийн 6 хувийн хүүтэй 4 жилийн хугацаатай Тэлд Ивэн хоршоонд зээлүүлсэн. Одоо үндсэн зээл болон хүүнд 23,213,000 төгрөг, алданги 11,606,500 төгрөг нийт 34,819,500 төгрөгийн гаргуулахаар нэхэмжлэл гаргасан.Нэхэмжлэлийн шаардлага хэвээрээ. Барьцаа хөрөнгөөр үүргийн гүйцэтгэлийг хангуулах саналыг шүүхийн шийдвэрт тусгаж өгнө үү. Хариуцагчийг хүү алдангиас чөлөөлөх боломжгүй. Төрөөс 4 жилийн хугацаанд 1 жилийн 6 хувийн хүүтэй зээл авна гэдэг бол олдохгүй зээл.

Та татвар төлөгчдийн мөнгийг авчхаад энэ олон жилийн хугацаанд хүүгээ өгөхгүй гэж байгаад гомдолтой байна. Алдангиа бүр зөвшөөрөхгүй байж болно, 06-р сарын нэгний дотор 23,213,000 төгрөг төлбөл алданги 11,606,500 төгрөг чөлөөлнө гэхэд зөвшөөрөөгүй, 11 жилийн хугацаанд 8,300,000 төгрөгийг төлсөн өөр төлбөр төлөөгүй байна. Хүүгээ хүртэл төлөөгүй байна. 4 жилийн хугацаанд график гаргаад жил болгон төлөхөд жил болгон хүү өөр байдаг. Хэрвээ графикаа зөрчсөн тохиолдолд шууд жилийн 6 хувиар бодож хүүгээ боддог. 25,000,000 төгрөгийн хүүнд 6,713,000 төгрөгийн хүүг хасвал 1,687,000 төгрөг үндсэн зээлээс төлөгдсөнийг хасаад 23,213,000 төгрөгийг үлдэгдэлтэй байна. Хариуцагч 8,300,000 төгрөгийг төлсөн, хасаагүйгээр нэхэмжилж байна гэж үзэж байна. Гэтэл 2017 оны 12 дугаар сарын 05-ны өдрийн Хан-Уул дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн 183/Ш2017/06686 шүүгчийн захирамжаас харахад үндсэн зээлээс 1,787,000 төгрөг, хүүнд 6,513,000 төгрөг төлсөн нийт 8,300,000 төгрөгийг төлснийг хасаж тооцсон байна. Иймд 34,819,500 төгрөгийн гаргуулах, барьцаа хөрөнгөөр хангуулах нэхэмжлэлийн шаардлагыг гаргаж байна гэж,

Хариуцагч Тэлд Ивэн хоршооны захирал Буянзаяа нэхэмжлэлийн шаардлагаас 16,700,000 төгрөгийн хэмжээнд хүлээн зөвшөөрч байгаа бөгөөд нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг татгалзаж байгаа үндэслэлээ:

2021 оны 09 дүгээр сарын 29-ний өдрийн шүүхэд гаргасан нэхэмжлэл дээр зээлдэгч өнөөдрийг хүртэл төлбөрөө төлөөгүй байгаа тул үндсэн зээл хүүгийн хамт 23,213,000 төгрөгийг нэхэмжилж байна. Үүнийг яг албан ёсоор ямар баримтаар баталгаажуулж байгаа юм бэ? Хан-Уул дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны шүүхийн шийдвэрээр 8,300,000 төгрөг төлснийг юугаар баталгаажуулж байгаа вэ? Баримттай үзүүлэх дансны хуулга юм байна уу

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч алдангийг бууруулах эрхтэй байгаа юм чинь 25,000,000 төгрөгөөс 8,300,000 төгрөгийг хасаад 16,700,000 төгрөг болгох эрх байгаа болов уу гэж бодож байна. Хэрвээ мэддэггүй бол мэддэг хүмүүстэй нь тусдаа тохиролцолд хүрье гэж бодож байна 2021 оны 09 дүгээр сарын 19-ний өдрийн нэхэмжлэлийн шаардлага агуулга нь нотлогдохгүй байна. Үүнд зээлдэгч өнөөдрийг хүртэл төлбөрөө төлөөгүй гэсэн өгүүлбэр нь баримтаар нотлогдоогүй агуулга байна. Би 8,300,000 төгрөг төлсөн байна. Үүнийг хангалттай нотолж чадахгүй байна. Хөөн хэлэлцэх хугацаа өнгөрсөн гэж тус тус тодорхойлов.

Шүүх хуралдаанд нэхэмжлэгч талаас: Хүнс Хөдөө аж ахуй, Хөнгөн үйлдвэрийн яам, Хөдөө аж ахуйг дэмжих сангийн улсын бүртгэлийн гэрчилгээ, Хөдөө аж ахуйг дэмжих сангийн итгэмжлэл, ******* хоршоотой тооцоо нийлсэн акт, 2011 оны 09 дүгээр сарын 12-ны өдрийн зээлийн гэрээ, Зээлийн гэрээний барьцааны гэрээ, Барьцааны гэрээний хавсралт,*******гийн иргэний үнэмлэхийн хуулбар, Тэлд Ивэн хоршооны улсын бүртгэлийн гэрчилгээ, Харилцах дансны бүртгэл, Барьцаа хөрөнгийн улсын бүртгэлийн гэрчилгээ, Д.Төрмөнхөөс П.Буянзаяад хөнгөлттэй зээлийн барьцаанд үл хөдлөх хөрөнгийг тавих эрхийг олгосон итгэмжлэл, Үл хөдлөх хөрөнгийн гэрчилгээ, Гэр бүлийн хамтын хэрэгцээний газар эзэмших эрхийн гэрчилгээний хуулбар, Засгийн Газрын 2020 оны 01 дүгээр сарын 08-ны өдрийн тогтоол, Хүнс хөдөө аж, ахуй, хөнгөн үйлдвэрийн яамны сайдын 2020 оны 04 дүгээр сарын 24-ний өдрийн 34 тоот тушаал, 1 дүгээр багийн Засаг даргын Тэлд Ивэн хоршооны талаарх тодорхойлолт, П.Буянзаяагийн тайлбар, 2017 оны 12 дугаар сарын 05-ны өдрийн Хан-Уул дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн шийдвэр зэрэг бичгийн нотлох баримтуудыг тус тус шинжлэн судлав.

ҮНДЭСЛЭХ нь:

 

Хүнс Хөдөө аж ахуй, Хөнгөн үйлдвэрийн яам, Хөдөө аж ахуйг дэмжих сангийн ******* хоршооноос зээлийн гэрээний үүрэгт 34,819,500 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлээс 32,214,000 төгрөгт холбогдох хэсгийг хангаж, 2,605,500 төгрөг холбогдох хэсгийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэлээ.

Нэхэмжлэгч Татвар төлөгчдийн мөнгийг авчихаад энэ олон жилийн хугацаанд хүүгээ өгөхгүй гэж байгаад гомдолтой байна. Зээлийн гэрээний үүргээ биелүүлэх үүрэгтэй гэсэн үндэслэлээр шаардах эрхээ тодорхойлсон.

Хариуцагч нэхэмжлэлийг хөөн хэлэлцэх хугацаа өнгөрсөн, хүү алдангийг төлөх үндэслэлгүй, нотлогдохгүй байна гэж нэхэмжлэлийн шаардлагаас 16.700.000 төгрөгт холбогдох хэсгээс бусдыг үгүйсгэж байгаа болно.

Хэрэгт авагдсан нотлох баримтаар дараах үйл баримт тогтоогдож байна.

Хүнс хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн харьяа Мал хамгаалах сан нь Тэлд Ивэн хоршоотой 2011 оны 09-р сарын 12-ны өдөр өдөр ММХ-02/2011/62 тоот зээлийн гэрээ байгуулж 25,000,000 төгрөгийг нэг жилийн 6 хувийн хүүтэй 4 жилийн хугацаатай зээлдүүлж, Улаанбаатар хотын Хан-Уул дүүргийн 11 дүгээр хороо 5-р хэсэг, Хүрээлэнгийн 8 айлын 8 тоотын 27.75 мкв талбай бүхий хувийн сууц, Хан-Уул дүүргийн 11 дүгээр хороо 5 дугаар хэсэг , Туулын 2-14 тоотын 300м,кв талбайтай гэр бүлийн хэрэгцээний газрыг зээлийн барьцаанд тавьж 2011 оны 09-р сарын 12-ны өдөр ММХ-02/2011/62 тоот барьцааны гэрээ байгуулжээ. Зээлийн гэрээний хугацаанд хариуцагч ******* хоршоо 8.300.000 төгрөг төлсөн байна.

Дээрх үйл баримт нь Хүнс Хөдөө аж ахуй, Хөнгөн үйлдвэрийн яамны ******* хоршоо ХХК-тай тооцоо нийлсэн акт, 2011 оны 09 дүгээр сарын 12-ны өдрийн зээлийн гэрээ, Зээлийн гэрээний барьцааны гэрээ, Барьцааны гэрээний хавсралт, ******* хоршооны улсын бүртгэлийн гэрчилгээ, харилцах дансны бүртгэл, Барьцаа хөрөнгийн улсын бүртгэлийн гэрчилгээ, Д.Төрмөнхөөс П.Буянзаяад хөнгөлттэй зээлийн барьцаанд үл хөдлөх хөрөнгийг тавих эрхийг олгосон итгэмжлэл, Үл хөдлөх хөрөнгийн гэрчилгээ, Гэр бүлийн хамтын хэрэгцээний газар эзэмших эрхийн гэрчилгээний хуулбар, зохигчийн тайлбар зэрэг нотлох баримтаар нотлогдож байна. /х.х-ийн 3-20-рт/

Үйл баримтын талаар талууд маргахгүй байгаа болно.

Мал хамгаалах сан Тэлд Ивэн хоршоотой 2011 оны 09-р сарын 12-ны өдөр байгуулсан ММХ-02/2011/62 тоот зээлийн гэрээ нь Иргэний хуулийн 282 дугаар зүйлийн 282.3-д Хуульд өөрөөр заагаагүй бол хүү тогтоосон зээлийн гэрээг бичгээр хийнэ. Энэ шаардлагыг хангаагүй бол хүү авах эрхээ алдана гэж заасан шаардлагыг хангаж бичгээр хийгдсэн, барьцааны гэрээ нь Иргэний хуулийн 156 дугаар зүйлийн 156.1, 156.2, 166 дугаар зүйлийн 166.1-д заасан шаардлагуудыг хангаж бичгээр хийгдсэн улсын бүртгэлд бүртгүүлсэн нотариатаар гэрчлүүлсэн хүчин төгөлдөр гэрээнүүд байна.

Зээлийн гэрээний хугацаа 2015 оны 09-р сарын 12-ны өдөр дууссан бөгөөд нэхэмжлэгч тал хариуцагч Тэлд Ивэн хоршоог зээлийн гэрээнд заасан үүргээ гүйцэтгээгүй гэж үзэн шүүхэд хандсанаар Хан-Уул дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүх 2017 оны 12 дугаар сарын 05-ны өдөр 183 тоот шийдвэрээр хариуцагч нь аж ахуйн нэгж байхад иргэн*******гаас нэхэмжилсэн нь үндэслэлгүй гэж үзэн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн байна. /х.х-ийн 36-рт/

Үүнээс үзэхэд зээлийн гэрээний хугацаа 2015 оны 09-р сарын 12-ны өдөр дууссанаас хойш 2 жилийн дараа буюу 2017 онд нэхэмжлэгч шүүхэд хандсанаар Иргэний хуулийн 79 дүгээр зүйлийн 79.1, 79.2 дах хэсэгт зааснаар хөөн хэлэлцэх хугацаа тасалдсан тул хөөн хэлэлцэх хугацаа өнгөрөөгүй гэж дүгнэлээ.

Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1, 232 дугаар зүйлийн 232.6-д зааснаар нэхэмжлэгч Хөдөө аж ахуйг дэмжих сан нь үндсэн зээлийн үлдэгдэл, хүү алданги шаардах эрхтэй байна.

Хариуцагч Тэлд Ивэн хоршоо нь Мал хамгаалах сантай 2011 оны 09-р сарын 12-ны өдөр байгуулсан зээлийн гэрээний үүргийн дагуу 8.300.000 төгрөг төлсөн гэдэгтэй нэхэмжлэгч маргахгүй байна.

Иймд зээлийн гэрээний хавсралтад авагдсан эргэн төлөлтийн хуваарийн дагуу зээлийн үндсэн төлбөр 25.000.000 төгрөгөөс 2012 онд төлөх ёстой 6,250,000 төгрөгийн үндсэн зээлийн төлөлт, зээлийн хүү 1,500,000 төгрөг нийт 7,750,000 төгрөгийг хасаж, мөн 2013 оны зээлийн үндсэн төлбөр 18,750,000 төгрөгөөс төлөгдсөн 550,0000 төгрөгийг Иргэний хуулийн 216 дугаар зүйлийн 216.4-д заасан дарааллын дагуу үндсэн зээлээс хасаж тооцон үндсэн зээлийн үлдэгдлийг 2013 онд 18200,000 төгрөг гэж үзлээ.

Зээлийн гэрээний эргэн төлөлтийн хуваарийн дагуу үлдэгдэл 18,200,000 төгрөгийг гэрээний үлдэгдэл хугацаа болох 3 жилийн 6 хувийн хүүгээр тооцоход 3.276,000 төгрөгийн хүү болж байна. /18,200,000 х 6%=1.092.000х3=3.276.000/

 

Иргэний хуулийн 232 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт Анз нь торгууль алданги гэсэн төрөлтэй байна. Анзын нийт дүн гүйцэтгээгүй үүргийн үнийн дүнгийн 50 хувиас хэтэрч болохгүй гэснийг мөн хуулийн 232.6-д Хууль болон гэрээнд заасан хугацаа хэтрүүлсэн тал нь хоног тутамд гүйцэтгээгүй үүргийн үнийн дүнгийн 0,5 хувиас хэтрэхгүй хэмжээгээр төлөхөөр тогтоосон анзын алданги гэнэ гэж заажээ.

Талуудын хооронд байгуулсан ММХ012/2011/62 тоот зээлийн гэрээний 7 дугаар зүйлийн 7.1.1-д зээл зээлийн хүүг хуваарийн дагуу төлөөгүй тохиолдолд гүйцэтгээгүй үүргийн үнийн дүнгээс хугацаа хэтэрсэн хоног тутамд 0.5 хувийн алданги зээлдэгч тал зээлдүүлэгч талд төлнө гэжээ.

Зээлийн гэрээний үүрэг ёсоор зээлдэгч нь зээл, хүүгээ зохих ёсоор хугацаандаа төлөөгүй хугацаа хэтрүүлсэн нь алданги шаардах үндэслэл болох бөгөөд гүйцэтгээгүй үүргийн үнийн дүн нь үндсэн зээл 18,200,000 төгрөг гэрээний хугацааны хүү 3.276,000 нийт 21,476,000 төгрөг болж байна.

Зээлийн гэрээний 7.1.1-д зааснаар хугацаа хэтэрсэн хоног тутамд гүйцэтгээгүй үүргийн үнийн дүнгийн 0,5 хувьтай тэнцэх алданги хоног тутамд 107.380 төгрөг бөгөөд энэ нь гүйцэтгээгүй үүргийн үнийн дүн болох 21,476,000 төгрөгийн 50 хувиас хэтрэхгүй тул зээлийн гэрээнд зааснаар алдангийг 10,738,000 төгрөг гэж үзлээ.

Иймд Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1, 232 дугаар зүйлийн 232.6-д зааснаар зээлдэгч ******* хоршооноос үндсэн зээл 18,200,000 төгрөг, хүү 3.276,000 төгрөг, алданги 10,738,000 төгрөг гэж тооцон нийт 32,214,000 төгрөг гаргуулан ******* олгож нэхэмжлэлийн шаардлагаас хуульд заасан үндэслэлгүй гэж үзэн 2,605,500 төгрөгт холбогдох хэсгийг хэрэгсэхгүй болгож,

Иргэний хуулийн 158 дугаар зүйлийн 158.1-д зааснаар хариуцагч нар зээлийн гэрээний үүргээ сайн дураараа биелүүлээгүй тохиолдолд барьцааны зүйл болох

- Улаанбаатар хотын Хан-Уул дүүргийн 00 дүгээр хороо 0р хэсэг, Хүрээлэнгийн 0 айлын 0 тоотын 00,00 мкв талбайтай Улсын бүртгэлийн 2206005870 дугаарт бүртгэгдсэн гэрчилгээ бүхий хувийн сууц,

-Хан-Уул дүүргийн 00 дүгээр хороо 00 дугаар хэсэг , Туулын 0-00тоотын 300м,кв талбайтай 000000 дугаар бүхий гэрчилгээтэй гэр бүлийн хэрэгцээний газар зэрэг үл хөдлөх хөрөнгүүдээр үүргийн гүйцэтгэлийг хангуулахаар тус тус шийдвэрлэлээ.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 58 дугаар зүйлийн 58.1-д зааснаар Хөдөө аж ахуйг дэмжих сангийн нэхэмжлэл улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдсөн бөгөөд мөн хуулийн 56 дугаар зүйлийн 56.2, 60 дугаар зүйлийн 60.2-д зааснаар хариуцагч ******* хоршооноос нэхэмжлэл хангагдсан 32,214,000 төгрөгт улсын тэмдэгтийн хураамж тооцон 319,020 төгрөг гаргуулан улсын орлого болгов.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.2, 116 дугаар зүйл, 118 дугаар зүйлд заасныг удирдлага болгон

 

ТОГТООХ нь:

 

1.Иргэний хуулийн Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1, 232 дугаар зүйлийн 232.6-д зааснаар Тэлд Ивэн хоршооноос үндсэн зээл 18,200,000 төгрөг, хүү 3.276,000 төгрөг, алданги 10,738,000 төгрөг гэж тооцон нийт 32,214,000 төгрөг гаргуулан ******* олгож нэхэмжлэлийн шаардлагаас хуульд заасан үндэслэлгүй гэж үзэн 2,605,500 төгрөгт холбогдох хэсгийг хэрэгсэхгүй болгосугай.

2.Иргэний хуулийн 158 дугаар зүйлийн 158.1-д зааснаар хариуцагч нар зээлийн гэрээний үүргээ сайн дураараа биелүүлээгүй тохиолдолд барьцааны зүйл болох

- Улаанбаатар хотын Хан-Уул дүүргийн 00 дүгээр хороо 0-р хэсэг, Хүрээлэнгийн 0 айлын 0 тоотын00,00 мкв талбайтай Улсын бүртгэлийн 00000000 дугаарт бүртгэгдсэн гэрчилгээ бүхий хувийн сууц,

-Хан-Уул дүүргийн 00 дүгээр хороо 0 дугаар хэсэг , Туулын 0-00 тоотын 300м,кв талбайтай 00000000 дугаар бүхий гэрчилгээтэй гэр бүлийн хэрэгцээний газар зэрэг үл хөдлөх хөрөнгүүдээр үүргийн гүйцэтгэлийг хангуулсугай.

3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 58 дугаар зүйлийн 58.1-д зааснаар Хөдөө аж ахуйг дэмжих сангийн нэхэмжлэл улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдсөн болохыг дурдсугай.

4.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2, 60 дугаар зүйлийн 60.2-д зааснаар хариуцагч Тэлд Ивэн хоршооноос улсын тэмдэгтийн хураамжид 319,020 төгрөг гаргуулан улсын орлого болгосугай.

5.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2-д зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болохыг мэдэгдсүгэй.

6.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4-д зааснаар шийдвэр хүчинтэй болсноос хойш 14 хоногийн дотор бичгийн хэлбэрээр гарах бөгөөд ийнхүү гарснаас хойш зохигч нь 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийн хувийг өөрөө гардаж авах үүрэгтэйг дурдсугай.

7.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-д зааснаар энэ шийдвэрийг эс зөвшөөрвөл зохигч тэдгээрийн өмгөөлөгч, төлөөлөгч шийдвэрийг гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Сэлэнгэ аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Г.САРАНТУЯА