Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2024 оны 09 сарын 12 өдөр

Дугаар 2024/ШЦТ/1003

 

  

                                 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Б.Наранжаргал даргалж,

шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Энхжаргал,

улсын яллагч Н.Анхбаяр (томилолтоор),

шүүгдэгч **********, түүний өмгөөлөгч Н.Мөнхсүлд, Х.Баатарбилэг нарыг оролцуулан тус шүүхийн “Г” танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар

 

Сонгинохайрхан дүүргийн Прокурорын газрын хяналтын прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн ********** холбогдох эрүүгийн 2308 03468 0815 дугаартай хэргийг 2024 оны 08 дугаар сарын 23-ны өдөр хүлээн авч, хянан хэлэлцэв.

 

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

Монгол Улсын иргэн, ***** оны ***** дугаар сарын ********-ний өдөр Орхон аймагт төрсөн, 27 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, ********* дүүргийн цагдаагийн газрын Нэгдүгээр хэлтсийн Нийтийн хэв журам хамгаалах, олон нийтийн аюулгүй байдлыг хангах тасгийн авто эргүүлийн цагдаа жолооч ажилтай, ам бүл 4, эхнэр, хүүхэд, ээжийн хамт Сонгинохайрхан дүүргийн ******* дүгээр хороо, *********** тоотод оршин суух, ************** (РД:*******);

 

Холбогдсон хэргийн талаар:

Шүүгдэгч ********** нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэрэгт холбогджээ.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Нэг. Шүүхийн хэлэлцүүлэгт талуудын хүсэлтээр хэрэгт авагдсан яллах болон цагаатгах талын дараах нотлох баримтуудыг тал бүрээс нь бүрэн, бодитойгоор шинжлэн судлав. Үүнд:

 

Шүүгдэгч ************* шүүхийн хэлэцүүлэгт: “...гэм буруугаа хүлээн зөвшөөрч байна. 2023 оны 11 дүгээр сард ачаалал ихтэй ажиллаж, ажлаасаа буугаад амрахгүйгээр такси үйлчилгээнд явдаг байсан. Нойр дутуу, өөрийгөө захирч чадаагүйдээ уучлалт гуйж байна...” гэв

 

Эрүүгийн 2308 03468 0815 дугаартай хэргээс:

Улсын яллагчаас хохирогч ******** мэдүүлэг (хавтаст хэргийн 11, 24-25, 82 дахь тал), гэрч ********** мэдүүлэг (хавтаст хэргийн 12, 55 дахь тал), Шүүх шинжилгээний ерөнхий газрын 2023 оны 11 дүгээр сарын 29-ний өдрийн 14814 дугаартай шинжээчийн дүгнэлт (хавтаст хэргийн 16-17 дахь тал), камерын бичлэгт үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт (хавтаст хэргийн 105-107 дахь тал), хохирогч ********** “...Сонгинохайрхан дүүргийн 34 дүгээр хороо, Содмонгол колонк дээр зодоон болоод байна...” гэх гомдлыг хүлээн авсан тэмдэглэл, дуудлагын лавлагааны хуудас (хавтаст хэргийн 9-10 дэх тал),

шүүгдэгчийн өмгөөлөгч нараас эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас (хавтаст хэргийн 41 дэх тал), хохирогч ******** дахин өгсөн мэдүүлэг (хавтаст хэргийн 82 дахь тал), эрүүл мэндийн даатгалын санд 280,000 төгрөг төлсөн баримт (хавтаст хэргийн 152 дахь тал), хүүхдийн төрсний бүртгэлийн лавлагаа (хавтаст хэргийн 153 дахь тал), шүүхийн шийдвэрээр бусдад төлбөргүй талаарх тодорхойлолт (хавтаст хэргийн 154 тал), шагнуулсан талаарх баримт (хавтаст хэргийн 156 дахь тал), цэргийн албан хаасан талаарх баримт (хавтаст хэргийн 157 дахь тал), “цагдаа жолооч” мэргэжлийн үнэмлэхийн хуулбар (хавтаст хэргийн 158 дахь тал) зэрэг нотлох баримтуудыг тус тус шинжлэн судлав.

 

Шүүгдэгч нь “нэмэлтээр шинжлэн судлуулах нотлох баримт байхгүй” гэв.

 

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлуулахаар шүүхэд танилцуулсан нотлох баримтыг шүүх хуралдаанд хэлэлцүүлэхгүй байх, нотлох баримтаас хасуулах хүсэлтийг талууд гаргаагүйг дурдах нь зүйтэй.

 

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан дээрх нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, агуулгын хувьд зөрүүгүй, үйл баримтыг хангалттай тогтоож чадсан, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулиар тогтоосон нотлох баримт цуглуулах, бэхжүүлэх талаарх журам, шаардлагыг зөрчсөн болон хэргийн оролцогчийн эрх, хууль ёсны ашиг сонирхлыг зөрчиж хязгаарласан нөхцөл байдал тогтоогдоогүй тул шүүх эдгээр баримтуудыг хууль ёсны, үнэн зөв, хэргийг хянан шийдвэрлэхэд хангалттай гэж үнэлсэн болно.

 

Тухайн хэргийн хувьд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан хэргийн талаар нотолбол зохих байдлууд бүрэн шалгагдаж тогтоогдсон тул прокуророос шүүхэд шилжүүлсэн хэргийн хүрээнд шүүгдэгч ********* гэм буруугийн талаар дүгнэлт хийж, хэргийг хянан шийдвэрлэх боломжтой гэж үзэв.

 

Хоёр. Гэм буруутайд тооцсон үндэслэлийн талаар:

 

Шүүх хуралдаанд шүүгдэгч нь гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрч, түүний өмгөөлөгч нар эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх, улсын яллагч шүүгдэгчийн гэм бурууг нотлох, яллах байр суурьтай оролцсон болно.

 

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан нотлох баримтууд, талуудын тайлбар мэдүүлгээс дүгнэн үзэхэд шүүгдэгч ********** нь 2023 оны 11 дүгээр сарын 18-19-нд шилжих шөнө 03 цагийн орчим Сонгинохайрхан дүүргийн 34 дүгээр хороо, “Сод монгол” шатахуун түгээх станц дээр ээлжинд гарч байсан түгээгч ********** “түлш өгсөнгүй” гэх шалтгаанаар маргалдан өшиглөж, боож унаган зодсоны улмаас эрүүл мэндэд нь зүүн сарвууны долоовор хуруу, баруун шагайн үений зөөлөн эдийн няцрал, баруун тохойд зулгаралт бүхий хөнгөн хохирол учруулсан үйл баримт тогтоогдлоо.

Энэ үйл баримт нь хохирогч ********** “...Би 2023 оны 11 дүгээр сарын 18-19-нд шилжих шөнө Содмонгол шатахуун түгээх станц дээр ээлжийн ахлах түгээгчээр ажиллаж байсан. Шөнө 03 цагийн үед машинтай хүн ирээд “түлш авья” гээд түлш байхгүй гэснээс болж маргаан үүсээд тэр залуу хаалга нүдээд байхаар нь би хаалга онгойлгоод шагайсан чинь миний баруун мөрнөөс татаж гаргаад газарт унагаагаад миний баруун талын хөлийн шагай хэсэгт хөлөөрөө 3-4 удаа дэвссэн, тэр залуутай цуг явсан эмэгтэй колонкийн ажилчдын байрны хаалгыг дараад байсан, манай цуг ажиллаж байсан ******* гэж түгээгч дотор нь байсан. Миний баруун хөлийн шагайнд учирсан гэмтлийг тэр залуу баруун талын хөлөөрөө дэвсэж учруулсан. Тэр залууг татаж гадаа унагаах үед миний баруун тохой зулгарсан байсан. Зүүн гарын долоовор хуруу дараад нь хавдчихсан байсан унахдаа дараад уначихсан байх гэж бодож байна.Тэгээд би салаад түгээгчийнхээ байр руу ороход ардаас орж ирээд боож унагаасан...” гэсэн мэдүүлэг (хавтаст хэргийн 24-25, 82 дахь тал),

гэрч *********** ”...Би 2023 оны 11 дүгээр сарын 18-19-нд шилжих шөнө Орбитын тойргийн тэнд байрлах Содмонгол шатахуун түгээх станц дээр ахлах түгээгч *********** хамт түгээгч хийж байсан. Шөнө дизель түлш дууссан учраас ажлын байран дээрээ дотроосоо түгжчихээд сууж байхад цонх тогших чимээ гарсан. Тэгэхээр нь би цонхоо онгойлгосон чинь нэг эрэгтэй хүн “түлш авья” гэхээр нь би “түлш дууссан өгөх боломж байхгүй” гэхэд “шавхаад өгөх боломж байна уу” гэхээр нь “шавхаж өгөх боломж байдаггүй юм” гэж тайлбарлаж өгсөн. Тэгэхэд тухайн залуу “энэ хавийн колонкууд чинь бүгд өгөхгүй байна” гэхээр нь би “бусад колонкуудыг эгч нь мэдэхгүй ямар ч байсан манайх түлшгүй байна” гэж тайлбарласан. Тэгсэн чинь “чи хөгшин авгай минь 20 литр түлш гаргаад өгчөөч” гээд удаа дараа шаардаад сүүлдээ гараа цонхоор оруулж ирээд намайг барьж авах гээд байсан. Тэгэхээр нь би “өгч болохгүй гээд байхад яагаад ойлгохгүй байгаа юм, тэгээд ч чи согтуу байна” гэхэд цайны жижиг өрөөнд сууж байсан ********** ах гарч ирээд “юу болоод байгаа юм, яасан юм гэхээр нь би “түлш байхгүй гээд байхад түлш өг гээд шаардаад доромжлоод байна” гэж хэлсэн. Тэгсэн чинь *********** ах над шиг бас түлш байхгүй гэдгийг тайлбарлаж мөн “ер нь түлш байсан ч согтуу хүнд өгдөггүй юм, чи өөрөө согтуу байна” гэхэд тэр залуу *********** ахыг бас л хэл амаар доромжлоод цонхоор заамдаж авах гээд цонхоо хаах гэхээр цонх хаалгахгүй, цонх цохиод хагалчих гээд байсан. Тэр үед цаанаас машинаас бас нэг архи үнэртүүлчихсэн эмэгтэй бууж ирсэн тэр үед нь бас би “наад согтуу хүнээ аваад яваач гэж хэлсэн. тэр эмэгтэй бас л намайг хэл амаар доромжилж, хөгшин авгай” гэх зэрэг үг хэлж байсан. Тийм учраас ******** ах хаалга онгойлгох үед нь шууд хаалганы цаанаас ************ ахыг татаж үүд рүү гарсан. Би араас нь гарах гэсэн чинь эмэгтэй нь хаалга дараад байсан, тэгээд буцаад ******* ахыг тэр залуу заамдчихсан, ************ ах гарыг нь тавиулах гээд гарнаас нь барьчихсан түлхэж орж ирээд шууд хоолойг нь боогоод арагш нь түлхээд шкафны булан руу өөрөө дээрээс нь дараад унагаасан. ******* ахын дээр нь тэр залуу мордоод суучихсан “пизда минь чи яасан овоо юм” гээд байсан. Би хажуугаас нь “наадах чинь настай хүн үхлээшдээ тавиач” гэж хэлсэн. ***** ах хоолой нь боогдоод нүүр ам нь улайчихсан байсан...” гэсэн мэдүүлэг (хавтаст хэргийн 55 дахь тал),

Шүүх шинжилгээний ерөнхий газрын 2023 оны 11 дүгээр сарын 29-ний өдрийн 14814 дугаартай “...********* биед зүүн сарвууны долоовор хуруу, баруун шагайн үений зөөлөн эдийн няцрал, баруун тохойд зулгаралт гэмтлүүд тогтоогдлоо. Дээрх гэмтлүүд нь мохоо зүйлийн үйлчлэлээр хэрэг болсон гэх цаг хугацаанд үүссэн байх боломжтой. ...Баруун шагайн үений зөөлөн эдийн няцрал гэмтэл нь дангаараа эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-т зааснаар гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. Бусад гэмтлүүд нь тус тусдаа гэмтлийн зэрэгт хамаарахгүй. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварыг тогтонги алдагдуулахгүй...” гэсэн шинжээчийн дүгнэлт (хавтаст хэргийн 16-17 дахь тал),

камерын бичлэгт үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт  (хавтаст хэргийн 105-107 дахь тал), хохирогч ********* “...Сонгинохайрхан дүүргийн 34 дүгээр хороо, Содмонгол колонк дээр зодоон болоод байна...” гэх гомдлыг хүлээн авсан тэмдэглэл (хавтаст хэргийн 9 дэх тал), “...зодоон болоод байна...” гэх дуудлагын лавлагааны хуудас (хавтаст хэргийн 10 дахь тал) зэрэг нотлох баримтуудаар хангалттай нотлогдсон байна.

 

Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11 дүгээр бүлэгт заасан хүний эрүүл мэндийн халдашгүй байдлын эсрэг гэмт хэргүүд нь материаллаг бүрэлдэхүүнтэй буюу гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйн улмаас хохирол, хор уршиг бодитой учирсан байхыг шаардана. Тодруулбал энэ төрлийн гэмт хэргийн бүрэлдэхүүний обьектив талын заавал байх, зайлшгүй тогтоох шинж нь шалтгаант холбоо юм.

Хохирогч ******** эрүүл мэндэд учирсан зүүн сарвууны долоовор хуруу, баруун шагайн үений зөөлөн эдийн няцрал, баруун тохойд зулгаралт бүхий хөнгөн хохирол нь шүүгдэгч ******** өшиглөх, боож унагаах идэвхтэй үйлдлийн улмаас үүсгэгдсэн шалтгаант холбоо тогтоогдсон, шүүгдэгч нь бусдын бие махдодид халдвал аливаа хохирол учрах боломжтой гэдгийг мэдэж, ухамсарласан атлаа хохирол, хор уршигт үйлдлээрээ зориуд хүргэснийг гэм буруугийн санаатай хэлбэрээр үйлдлээ хэрэгжүүлсэн гэж үзнэ.

Шүүгдэгч ******** дээрх хууль бус үйлдлийг прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар зүйлчилж, яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн нь үндэслэл бүхий, түүний гэм буруутай үйлдэлд тохирсон байна.

Иймд шүүгдэгч ********* хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцов.

 

Хохирол, хор уршиг-хохирол төлөгдсөн байдал.

Гэмт хэргийн улмаас хохирогчийн биед хөнгөн хохирол учирсан бөгөөд хохирогч нь эмчилгээний зардлын баримт шүүхэд ирүүлээгүй, “гомдол, саналгүй, сэтгэцэд учирсан хор уршгийн зэрэглэл тогтоолгохоос татгалзсан” мэдүүлэг гаргасан (хавтаст хэргийн 82 дахь тал) байна.

 

Шүүгдэгч нь хохирогчийн гэмт хэргийн улмаас учирсан хохирол, хор уршгийн зардалд 2,500,000 төгрөг төлсөн гэх боловч шүүгдэгч талаас гаргаж өгсөн баримтаар хэний ямар данснаас, хэнд шилжүүлэг хийснийг тодорхойлох боломжгүй, хохирогч шүүх хуралдаанд биечлэн оролцоогүй, хохирол хүлээн авсан талаар баримт хэрэгт авагдаагүй байх тул хохирогч ********* нь цаашид гарах эмчилгээний болон бусад зардлаа нотлох баримтаа бүрдүүлэн Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх ажиллагааны журмаар жич нэхэмжлэх эрхийг нээлттэй үлдээх нь зүйтэй.

 

Хохирогч ********* Эрүүл мэндийн даатгалын сангаас авсан тусламж, үйлчилгээний зардал 280,000 төгрөгийг шүүгдэгч ********** нь шүүхийн шатанд буюу 2024 оны 09 дүгээр сарын 11-ний өдөр бүрэн төлж барагдуулсан (хавтаст хэргийн 152 дахь тал) байх тул энэ тогтоолоор бусдад төлөх төлбөргүй гэж үзэв.

Гурав. Эрүүгийн хариуцлага хүлээлгэх талаар

            Улсын яллагчаас “...Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 800,000 төгрөгөөр торгох ял оногдуулах...”, шүүгдэгчийн өмгөөлөгч нараас “...Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1 дэх заалтад зааснаар эрүүгийн хариуцлагаас чөлөөлөх...” санал, дүгнэлтийг тус тус гаргав.

 

Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн хүнд торгох, нийтэд тустай ажил хийлгэх, зорчих эрхийг хязгаарлах ялаас аль нэгийг сонгон оногдуулахаар хуульчилсан.

 

Шүүхийн оногдуулах ялын төрөл, түүний хэмжээ нь гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хор уршиг, хэрэг үйлдэгдсэн тодорхой нөхцөл байдал болон гэмт хэрэгтний хувийн байдалд хамгийн зохистой харьцаагаар нийцсэн байх учиртай.

 

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлд гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн хүнд эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх, эрүүгийн хариуцлагаас чөлөөлөх зохицуулалтыг тусгайлан заасан ба заавал биелүүлэхээр шүүхэд үүрэг хүлээлгэсэн хэм хэмжээ биш, харин гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учруулсан хохирол, хор уршгийн шинж чанар, хувийн байдлыг харгалзан хохирлоо нөхөн төлсөн хүнд хэрэглэж болохоор хуульчилсан.

 

Эрүүгийн хуульд заасан “гэм буруугаа сайн дураараа хүлээн зөвшөөрөх” тухай ойлголт нь гэмт хэрэг үйлдсэндээ гэмшиж, өөрийн үйлдлийн хор уршиг, үр дагаврыг ухамсарласан гэмт этгээдийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд дэмжлэг үзүүлж буй хүсэл зоригийн эерэг илэрхийлэл гэж үзнэ.

 

Шүүгдэгч ******** хувьд шүүх хуралдаанаас өмнө гэм буруугаа хүлээн зөвшөөрч мэдүүлэг өгч байгаагүй, эрүүгийн хэрэг үүсгэж яллагдагчаар татах тогтоол танилцуулахад “хүлээн зөвшөөрөхгүй” талаар илэрхийлсэн нөхцөл байдал нь хуульд заасан эрүүгийн хариуцлагаас чөлөөлөх үндэслэлийг бүрдүүлж чадаагүй гэж дүгнэлээ.

Тодруулбал, гэм буруугаа анхнаасаа хүлээн зөвшөөрч, маргахгүй хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцох эсхүл зөвхөн шүүхийн шатанд гэм буруугаа хүлээн зөвшөөрч оролцох шүүгдэгч нарыг адилтган үзэх нь Эрүүгийн хуулийн зорилт, үзэл баримтлал, шударга ёсны зарчимд үл нийцнэ.

 

Шүүгдэгч ******** эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд анх удаа гэмт хэрэг үйлдсэн, хохирол төлж барагдуулсныг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1, 1.2-т заасан хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцож, 6.6 дугаар зүйлд заасан хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүйг дурдах нь зүйтэй.

 

Шүүгдэгчийн гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, гэмт хэргийн нийгмийн хор аюулын шинж чанар, учруулсан хохирол, хор уршгийн шинж чанар, хэр хэмжээ, эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх дээрх нөхцөл байдлуудыг тал бүрээс нь харгалзан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 800 (найман зуу) нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 800,000 (найман зуун мянга) төгрөгөөр торгох ял оногдуулж, уг ялыг 3 сарын хугацаанд хэсэгчлэн төлүүлэхээр шийдвэрлэв.

 

Шийдвэрлэвэл зохих бусад зүйлийн талаар:

 

Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн 1 ширхэг сидиг хэрэгт хавсарган үлдээж, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, шүүгдэгч нь баривчлагдсан, цагдан хоригдсон хоноггүй, энэ тогтоолоор бусдад төлөх төлбөргүй, иргэний баримт бичиг шүүхэд шилжиж ирээгүй, шүүгдэгчээс гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүйг тус тус дурдав.

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1, 2, 4 дэх хэсэг, 36.5, 36.6, 36.7, 36.8, 37.1, 38.1 дүгээр зүйлүүдэд тус тус заасныг удирдлага болгон                                                                    

ТОГТООХ нь:

 

1. Шүүгдэгч ********* Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

 

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч ********** 800 (найман зуу) нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 800,000 (найман зуун мянга) төгрөгөөр торгох ял шийтгэсүгэй.

 

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч ******** оногдуулсан 800 (найман зуу) нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 800,000 (найман зуун мянга) төгрөгөөр торгох ялыг 3 (гурав) сарын хугацаанд хэсэгчлэн төлүүлэхээр тогтоосугай.

 

4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч ********** нь дээрх хугацаанд торгох ялыг биелүүлээгүй тохиолдолд биелэгдээгүй торгох ялын 15 (арван тав) нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг 1 (нэг) хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдсүгэй.

 

5. Хохирогч ******** нь гэмт хэргийн улмаас учирсан хохирол, хор уршгийн зардлаа нотлох баримтаа бүрдүүлэн Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх ажиллагааны журмаар нэхэмжлэх эрхтэйг дурдсугай.

 

6. Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн 1 ширхэг сидиг хэрэгт хавсарган үлдээж, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, шүүгдэгч нь баривчлагдсан, цагдан хоригдсон хоноггүй, бусдөд төлөх төлбөргүй, иргэний баримт бичиг шүүхэд шилжиж ирээгүй, шүүгдэгчээс гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүйг тус тус дурдсугай.

 

7. Шүүгдэгч, хохирогч, тэдний хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч, улсын яллагч, дээд шатны прокурор нь шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл гардан авсан эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэйг мэдэгдсүгэй.

 

8. Давж заалдах гомдол гаргасан, эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч ************ авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.        

 

 

 

 

 

                               ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                        Б.НАРАНЖАРГАЛ