Улсын дээд шүүхийн Шүүх хуралдааны тогтоол

2025 оны 10 сарын 28 өдөр

Дугаар 001/ХТ2025/00177

 

“Л” ГХОХХК, “Ж” ГХОХХК-уудын

нэхэмжлэлтэй иргэний хэргийн тухай

Монгол Улсын дээд шүүхийн шүүгч Б.Ундрах даргалж, танхимын тэргүүн Г.Алтанчимэг, шүүгч Н.Батзориг, Н.Батчимэг, Х.Эрдэнэсувд нарын бүрэлдэхүүнтэй, тус шүүхийн танхимд хийсэн хяналтын шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар,

 Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн

2025 оны 04 дүгээр сарын 14-ний өдрийн 192/ШШ2025/02914 дүгээр шийдвэр,

 Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн

2025 оны 06 дугаар сарын 27-ны өдрийн 210/МА2025/01095 дугаар магадлалтай,

 “Л” ГХОХХК, “Ж” ГХОХХК-уудын нэхэмжлэлтэй

Мд холбогдох

 Нотариатын үйлдлийг хүчингүйд тооцуулах тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг

 Хариуцагч Мийн хяналтын журмаар гаргасан гомдлоор

 Шүүгч Х.Эрдэнэсувдын илтгэснээр хянан хэлэлцэв.

 Шүүх хуралдаанд: нэхэмжлэгч нарын итгэмжлэгдсэн төлөөлөгч Б, нэхэмжлэгч нарын өмгөөлөгч Д, хариуцагч М, хариуцагчийн өмгөөлөгч О, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Намсрай нар оролцов.

  ТОДОРХОЙЛОХ нь:

 1. Нэхэмжлэгч “Л” ГХОХХК, “Ж” ГХОХХК-ууд нь хариуцагч М-д холбогдуулан нотариатын үйлдлийг хүчингүйд тооцуулахаар нэхэмжлэлийн шаардлага гаргасныг хариуцагч эс зөвшөөрч, маргажээ.

 2. Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн 2025 оны 04 дүгээр сарын 14-ний өдрийн 192/ШШ2025/02914 дүгээр шийдвэрээр: Нотариатын тухай хуулийн 31 дүгээр зүйлийн 31.3 дахь хэсэгт заасныг баримтлан В ХХК болон Л ГХОХХК, Ж ГХОХХК нарын хооронд 2019 оны 3 дугаар сарын 25-ны өдөр байгуулагдсан “Барьцаа батлан даалтын гэрээ”, Б ХХК, Л ГХОХХК нарын хооронд 2019 оны 4 дүгээр сарын 01-ний өдөр байгуулагдсан “Барьцааны гэрээ”, Б ХХК, Л ГХОХХК, Ж ГХОХХК нарын хооронд 2019 оны 3 дугаар сарын 22-ны өдөр байгуулагдсан “Төмрийн хүдэр, төмрийн баяжмал нийлүүлэх гэрээ”, Б ХХК, Ж ГХОХХК нарын хооронд 2019 оны 3 дугаар сарын 25-ны өдөр байгуулагдсан “барьцааны гэрээ”, Б ХХК, Ж ГХОХХК нарын хооронд 2019 оны 12 дугаар сарын 20-ны өдөр байгуулагдсан “барьцааны гэрээ”-г тус тус гэрчилсэн нотариатч Мийн үйлдлийг хүчингүйд тооцож,

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-т зааснаар нэхэмжлэгч Л ГХОХХК-аас улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70,200 төгрөг, нэхэмжлэгч Ж ГХОХХК-аас улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70,200 төгрөгийг тус тус улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагчаас 140,400 төгрөг гаргуулан нэхэмжлэгч нарт олгож шийдвэрлэжээ.

3. Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2025 оны 06 дугаар сарын 27-ны өдрийн 210/МА2025/01095 дугаар магадлалаар: Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн 2025 оны 04 дүгээр сарын 14-ний өдрийн 192/ШШ2025/02914 дугаар шийдвэрийг хэвээр үлдээж, хариуцагчийн гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхиж,

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 162 дугаар зүйлийн 162.4 дэх хэсэгт зааснаар давж заалдах журмаар гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид хариуцагчийн урьдчилан төлсөн 70,200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж шийдвэрлэжээ.

 4. Хариуцагч М хяналтын журмаар гаргасан гомдолдоо: ИХШХШТХуулийн 172 дугаар зүйлийн 172.2.1, 172.2.3-т зааснаар хяналтын шатны шүүхэд гомдол гаргаж байна.

2019.03.25-ны өдөр “В”  ХХК, “Л” ХХК, “Ж” ХХК нь КҮ-ХС-2019/01 тоот барьцаа батлан даах гэрээ, 2019.03.22-ны өдрийн Төмрийн хүдэр, төмрийн баяжмал нийлүүлэх барьцааны гэрээнүүд батлуулахаар ирснийг нотариатч би уг гэрээнүүдийг уншиж танилцаад ИХ, НТХ, Нотариатын үйлдэл хийх зааврыг баримтлан тус компанийн дүрэм болон Улсын бүртгэлийн гэрчилгээг үндэслэн Хятад, Монгол хэл дээр хийгдсэн барьцаа батлан даалтын гэрээний талууд өөрсдийн биеэр байсан тул 2019.03.25-ны өдөр Батлан даалтын гэрээг батлан, харин барьцааны гэрээ шаардлага хангаагүй байсан тул итгэмжлэх авчрахыг шаардан буцаасан.

2019.04.01-нд “Б” ХХК худалдан авагч, “Л” ХХК, “Ж” ХХК худалдагч тал хамтран Төмрийн баяжмал худалдан борлуулах зорилгын төлөө хамтран ажиллах гэрээ, “Ж” ХХК-ийн хүсэлтээр зөвхөн барьцаа барьцааны гэрээнүүдийг баталгаажуулсан. Талууд маргаан гарвал Арбитрын шүүхээр шийдвэрлүүлэхээр Батлан даалтын гэрээний 7-д заасан.

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д-н Хан-Уул дүүргийн нотариатаар баталгаажуулсан 2023.12.06-ны өдрийн “Ж” ХХК-ийн хувьцаа худалдах худалдан авах гэрээ, компанийн эрх шилжүүлэн авсан гэрээнүүдийн хуулбарыг шүүхэд гаргаж өгчээ.

Тухайн Компанийн хувьцаа худалдах худалдан авах гэрээний 4.2-д худалдагч тал компанитай холбоотой бүхий л мэдээлэл бичиг баримт, санхүүгийн тайлан балансыг үнэн зөв гаргаж өгөх бөгөөд компанитай холбоотой өр төлбөр зээлийн талаар урьдчилан мэдэгдэх үүрэгтэй, 4.7-д Гэрээ байгуулахаас өмнө худалдаж авч буй хувьцаатай холбоотой татвар хураамж, өр төлбөр торгуулийг өмнөх худалдагч тал хариуцах үүрэгтэй гэж заасан байхад худалдан авагч тал маш хариуцлагагүй ханджээ.

Мөн шинээр “Ж” ХХК-ийг худалдан авагч нь “Б” ХХК нь 2019.04.01-нд баталсан гэрээний талаар Арбитрын шүүхэд хандсанаар 2024 оны 7-р сард мэдэж, 2019.04.01-нд баталсан Батлан даалтын барьцааны гэрээг хүчин төгөлдөр бус гэж тооцуулахаар шинээр худалдан авсан компанийн итгэмжлэгдсэн төлөөлөгч гомдол гаргажээ.

Талууд маргаанаа Арбитрын шүүхээр шийдвэрлүүлэхээр заасан байхад “Ж” ХХК-ийн шинээр худалдан авсан тал иргэний хэргийн анхан шатны шүүхэд давхардуулан нэхэмжлэл гаргасан нь Арбитрын шүүхээр шийдвэрлэх, хариуцагчаар татагдсан төлбөрөө төлөхөөс зайлсхийхийн тулд дунд нь нотариатч намайг үрэгдүүлж Нотариатын үйлдлийг хүчин төгөлдөр бусд тооцуулах далд санаа зорилгыг шүүх анхаарч үзэхгүй байна.

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан дээрх нэхэмжлэлийг шүүх 2025.01.15-нд 192/Ш32025/03182 тоот захирамжаар хэрэгсэхгүй болгож шийдвэрлэснээ дахин гомдлоор хэлэлцэж сэргээх болсон талаар хариуцагчид огт мэдэгдээгүй болно.

Шүүх нотариатын гэрчилсэн гэрээнүүд эх хувиараа нотлох баримтаар цугларсан байхад уншиж танилцалгүй, сонирхогч этгээд болох нэхэмжлэгчийн үүргийн гүйцэтгэлийг хангуулах зорилгоор барьцаанд тавьсан барьцаа хөрөнгийн үнийн дүнг нэмж дүгнэж, их хэмжээний хэлцэл баталсан мэтээр мушгин гуйвуулж, нотариатч намайг буруутгах үндэслэл болгох үүднээс уг гэрээг их хэмжээний хэлцэл болгох зорилгоор Компанийн тухай хуулийн 87.1.1 дэх заалт, 88-р зүйлийн 88.1 дэх заалтыг зөрчсөн мэтээр харуулахын тулд 2019.04.01-нд дээрх гэрээнүүд батлагдсан байхад нэхэмжлэгч өмнөх оны тайланг биш, гэрээ батлагдсанаас хойш 9 сарын дараах /ирээдүй цагийн/ “Ж” ХХК-ийн 2019.12.31-ний өдрөөр дуусгавар болсон “Оюу эрдэм Аудит” ХХК-ийн санхүүгийн тайлан болох үндэслэлгүй баримт гаргаж өгч шүүхийг төөрөгдүүлснээр:

Шүүх нэхэмжлэгчийн гаргасан нэхэмжлэлд хөтлөгдөж, аль гэрээг их хэмжээний хэлцэл гэж дүгнэсэн нь бодит үндэслэлгүй хавтаст хэрэгт авагдсан нотлох баримтуудаар нотлогдохгүй байхад анхан шатны шүүхийн шийдвэрийн үндэслэх хэсэгт “Л” ХХК-ийн хөрөнгө, үйлдвэрийн тоног төхөөрөмж, тээврийн хүнд даацын машин, 2 ширхэг лиценз, 5,000,000,000 төгрөгийн үнэ бүхий 4 үйлдвэрийн барилга байгууламж барьцаалсан мэтээр үндэслэлгүй баримтууд дурджээ.

Харин ИХ-ийн 153.1-д зааснаар Үүрэг гүйцэтгэгч барьцаагаар хангагдсан үүргийг хууль буюу гэрээнд заасны дагуу гүйцэтгээгүй буюу зохих ёсоор гүйцэтгээгүй тохиолдолд барьцаалагч буюу үүрэг гүйцэтгүүлэгч нь тэргүүн ээлжинд барьцааны зүйлийн үнээс шаардлагаа хангуулах эрхтэй гэж заасан байх ба Мөн ИХ-ийн 153.2-д барьцааны эрх үүссэнээр үүргийн гүйцэтгэлийг хангахад давуу эрх эдлэх болохыг хуульчилсан байхад Барьцааны гэрээний барьцааны зүйл болох БНХАУ-ын иргэн Л.Пэнчиний 1 ширхэг хувийн орон, гараж Ү2206011892 УБД-тай Үл хөдлөх эд хөрөнгө, Газар эзэмших эрхийн гэрчилгээ 3 ширхэг газрын харилцан тохиролцож тавьсан гэх үнийг, их хэмжээний хэлцэлд тооцож буй нь хуульд нийцэхгүй байна. Мөн дээрх эзэмших эрхийн гэрчилгээтэй газрыг үнэлэх боломжгүй бөгөөд учир нь хугацаатай газар эзэмших эрх болно.

Талуудын хооронд байгуулсан барьцааны гэрээнүүд хүчин төгөлдөр байгаа нь нотариатын үйлдэл үнэн зөв болохыг харуулж байна.

Тухайн хавтаст хэрэгт нотариатаар баталгаажуулсан их хэмжээний үнийн дүнтэй хэлцэл байхгүй бөгөөд нотариатчийн эрх зүйн байдлыг дордуулах гэж ТУЗ-ын шийдвэр аваагүй, тухайн компанийн эрх зүйн чадамж нягтлаагүй буруутгаж байгаа нь огт үндэслэлгүй юм.

Мөн дээрх гэрээний барьцааны зүйл болох “З” ХХК-ийн ... тоот гэрчилгээтэй, 2318015058 нэгж талбарын дугаартай газар эзэмших эрхийн гэрчилгээ, 0227243 тоот гэрчилгээтэй, 221000856 нэгж талбарын дугаартай, эзэмших эрхийн гэрчилгээтэй газар, “Ж” ХХК-ний ... тоот гэрчилгээтэй, ... тоот гэрчилгээтэй эзэмших эрхийн гэрчилгээтэй газрыг барьцаанд тавьсан эзэмших эрхийн гэрчилгээг үнэлэх боломжгүй. Эзэмших эрхийн суурь үнэлгээг байхгүй учраас их хэмжээний хэлцэл биш юм. Эдгээр газар нь компанийн үндсэн хөрөнгөнд бүртгэгдэхээс компаний балансанд тодорхой үнэ тусгагдах боломжгүй юм.

Дээрх газар эзэмших эрхийн гэрчилгээнүүд өөрсдийн харилцан зөвшилцсөн гэх үнэнд хүрэх эсэхийг хэн ч тогтоох боломжгүй бөгөөд тухайн компаниудын хөрөнгө болох нь эзэмших эрхийн гэрчилгээнүүдээр нотлогдож байгаа болно.

Нийслэлийн нотариатч М би, 2019.04.01-нд “Ж” ХХК, “З” ХХК, “Л” ХХК-ийн тус бүр ХХК-ийн тамгатай, бланкан дээр хийгдсэн итгэмжлэх БНХАУ-ын иргэн L-ийн 2019.03.28-ны өдрийн Хятад улсын нотариатаар баталгаажуулсан итгэмжлэхийг үндэслэж дээрх барьцааны гэрээнүүдийг баталсан. Үүнээс хойш нэмж 2019.12.23-нд 2 ширхэг газрын барьцааны гэрээг баталсан байна.

Барьцаанд тавьсан гэх “Ж” ХХК, “Л” ХХК, “З” ХХК нь одоо болтол ямар нэгэн маргаан гаргаагүй болно.

Нэхэмжлэгчийн хүсэлтээр шүүхэд Хил хамгаалах ерөнхий газрын 2024.10.09-ний өдрийн 2-31-/6433 тоотоор ирүүлсэн итгэмжлэхгүйгээр төлөөлөх эрхтэй этгээд H нь БНХАУ-ын иргэн бөгөөд 2019.04.01-нд Монгол улсад байгаагүй гэжээ. Тухайн компаний гэрээнд оролцогч талуудыг оролцуулж тайлбар, мэдүүлэг аваагүй учраас нотариатч миний хувьд энэ талаар мэдэх боломжгүй юм.

Давж заалдах шатны шүүх орчуулагч оролцуулаагүй гэж дүгнэлт хийсэн байх бөгөөд Батлан даах гэрээ нь барьцааны гэрээнд ямар эд хөрөнгө барьцаалах талаар тодорхой нэг бүрчлэн заасан Хятад, Монгол хэл дээр хийгдсэн болно.

Иймд анхан болон давж заалдах шатны шүүхийн шийдвэр, магадлалыг хүчингүй болгож, нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

5. Улсын дээд шүүхийн иргэний хэргийн танхимын нийт шүүгчийн хуралдаанаар хариуцагч М-ийн гаргасан гомдлыг хэлэлцээд хоёр шатны шүүх хуулийг зөрүүтэй хэрэглэсэн гэх Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 172 дугаар зүйлийн 172.2.1-д заасан үндэслэлээр хэргийг шүүх хуралдаанаар хэлэлцүүлэхээр 2025.09.26-ны өдрийн 001/ШХТ2025/00908 дугаар тогтоолыг гаргажээ.

 ХЯНАВАЛ:

6. Анхан болон давж заалдах шатны шүүхийн шийдвэр, магадлалыг хүчингүй болгож, нотариатч М-д холбогдох нотариатын үйлдлийг хүчингүйд тооцуулах тухай “Л” ГХОХХК, “Ж” ГХОХХК нарын нэхэмжлэлтэй хэргийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэлээ.

 7. Нэхэмжлэгч “Л” ГХОХХК, “Ж” ГХОХХК-ууд нь хариуцагч М-д холбогдуулан нотариатын үйлдлийг хүчингүйд тооцуулах тухай нэхэмжлэлийн шаардлага гаргаж, үндэслэлээ: “...“В” ХХК болон “Л” ГХОХХК, “Ж” ГХОХХК-ийн хооронд байгуулагдсан 2019.03.25-ны өдрийн барьцаа батлан даах гэрээ, “Б” ХХК болон “Л” ГХОХХК-ийн хооронд байгуулагдсан 2019.03.25-ны өдрийн барьцааны гэрээнүүд, “Б” ХХК болон “Л” ГХОХХК, “Ж” ГХОХХК-ийн хооронд байгуулагдсан 2019.03.22-ны өдрийн төмрийн хүдэр, төмрийн баяжмал нийлүүлэх гэрээ, “Б” ХХК болон “Ж” ГХОХХК-ийн хооронд байгуулагдсан 2019.03.25-ны өдрийн барьцааны гэрээ, “Б” ХХК болон “Ж” ГХОХХК-ийн хооронд байгуулагдсан 2019.12.20-ны өдрийн барьцааны гэрээг тус тус гэрчлэхдээ үйлчлүүлэгчийн хувийн байдлыг тогтоох ажиллагаа хийгээгүй, орчуулагч оролцуулаагүй, их хэмжээний хэлцэл байхад компанийн төлөөлөн удирдах зөвлөлийн шийдвэрийг аваагүй, Газрын тухай хууль зөрчсөн хэлцэл байхад гэрчилсэн нь Нотариатын тухай хуулийн 31 дүгээр зүйлийн 31.1 дэх хэсэгт заасныг зөрчиж хийсэн үйлдэл байх тул мөн хуулийн 31.3 дахь хэсэгт зааснаар хүчингүйд тооцож өгнө үү...” гэж тайлбарласан.

Хариуцагч хариу тайлбартаа: “...2019.03.25-ны өдөр барьцаа батлан даах гэрээг баталсан. Харин бусад гэрээнүүдийн хувьд компанийн итгэмжлэл болон барьцаа хөрөнгийн өмчлөгчийн итгэмжлэлийг ирүүлсний үндсэн дээр 2019.04.01-ний өдөр гэрчилсэн нь хууль зөрчөөгүй, түүнчлэн нэхэмжлэлийн шаардлага гаргах хөөн хэлэлцэх хугацаа дууссан байх тул зөвшөөрөхгүй…” гэж тайлбарласан.

Анхан шатны шүүх: “...Нотариатч М дээрх гэрээнүүдийг гэрчлэх үйлдэл хийхдээ Нотариатын тухай хуулийн 31 дүгээр зүйлийн 31.1.4-д заасан “үйлчлүүлэгч нь эрх зүйн чадамжгүй, эсхүл төлөөлөх эрхгүй байвал” нотариатын үйлдэл хийхээс татгалзах үүргээ биелүүлээгүй байна.

Нотариатчийн бүртгэлийн дэвтрийн 206 дугаарт БНХАУ-ын иргэн HAN GUOXING-ны гарын үсэг зурагдсан боловч тэрээр энэхүү хугацаанд Монгол Улсад байгаагүйгээс гадна Лиу Гуо Хуйд 2019.04.01-ний өдөр олгосон итгэмжлэл шинээр ирэхэд нотариатч төлөөлүүлэгчтэй холбоотой баримтыг анхаараагүй байна. 

Мөн Нотариатын тухай хуулийн 32 дугаар зүйлийн 32.1 дэх хэсэгт “Үйлчлүүлэгч нь хэлгүй, дүлий, эсхүл монгол хэл мэдэхгүй бол нотариатын үйлдэл хийх, баримт бичиг үйлдэхдээ тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч /асран хамгаалагч, харгалзан дэмжигч/ болон орчуулагч /хэлмэрч/-ийг оролцуулна. Үйлчлүүлэгч нь орчуулагч /хэлмэрч/-ийг өөрөө сонгоно.” гэж зааснаар гадаад улсын иргэн, хуулийн этгээдийн хоорондын хэлцлийг гэрчлэхдээ орчуулагч оролцуулаагүй алдаатай болжээ.

Түүнчлэн Компанийн тухай хуулийн 87 дугаар зүйлийн 87.1.1-д “хэлцэл хийхийн өмнөх сүүлийн балансын активын нийт дүнгийн 25 хувиас дээш зах зээлийн үнэтэй эд хөрөнгө, эд хөрөнгийн эрхийг худалдах, худалдан авах, захиран зарцуулах болон барьцаалахтай холбогдсон хэлцэл, эсхүл хоорондоо шууд холбоотой хэд хэдэн хэлцэл /компанийн өдөр тутмын үндсэн үйл ажиллагаатай холбогдсон хэлцэл үүнд хамаарахгүй/”, 88 дугаар зүйлийн 88.1 дэх хэсэгт “Их хэмжээний хэлцэл хийх шийдвэрийг төлөөлөн удирдах зөвлөл /байхгүй бол хувьцаа эзэмшигчдийн хурал/ санал нэгтэйгээр гаргана.” гэж тус тус заасан бөгөөд нотариатч үйлдэл хийхдээ их хэмжээний хэлцэл хийх шийдвэрийг ТУЗ эсхүл хувьцаа эзэмшигчдийн хурал гаргах шаардлагыг анхаараагүй алдаатай болжээ.

Дээрх хэлцлүүд нь хоорондоо шууд холбоотойгоос гадна үнийн дүн нь компаниудын сүүлийн балансын активаас давсан байгаа тул компанийг их хэмжээний хэлцэлд төлөөлөх эрхгүй этгээдийн хэлцлийг гэрчилсэн нотариатын үйлдлийг хүчингүйд тооцно.

Иргэний хуулийн 75 дугаар зүйлийн 75.1 дэх хэсэгт “хуульд өөрөөр заагаагүй бол хөөн хэлэлцэх ерөнхий хугацаа арван жил байна” гэж заасан ба энэ нь нотариатын үйлдэлтэй холбоотой шаардлагад хамаарах тул хөөн хэлэлцэх хугацаа дууссан гэсэн хариуцагчийн татгалзал үндэслэлгүй...” гэж дүгэн, нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэсэн,

Давж заалдах шатны шүүх хариуцагчийн гомдлоор хэргийг хянаад анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээсэн.

9. Хоёр шатны шүүх үйл баримтын талаар ижил дүгнэлт хийж, зөрүүгүй шийдвэр гаргасан боловч шүүх хэрэглэвэл зохих хуулийг хэрэглээгүй алдаа гаргасан байна.

10. Нэхэмжлэлийн шаардлагын зүйл болсон Барьцаа батлан даалтын гэрээ, Төмрийн хүдэр, төмрийн баяжмал нийлүүлэх гэрээ, Барьцааны гэрээнүүдийн нэг тал нь “Б” ХХК байх бөгөөд тус компани нэхэмжлэгч компаниудад холбогдуулан дээрх гэрээнүүдийг үндэслэн үүргийн гүйцэтгэлийг хангуулахаар МҮХАҮТ-ын дэргэдэх Монголын олон улсын арбитрт нэхэмжлэл гаргасан үйл баримт, хэрэгт хавсаргасан нотлох баримтыг хоёр шатны шүүх үнэлээгүйгээс гадна эдгээр гэрээтэй холбоотой маргааныг арбитрт шийдвэрлэгдэж байгаа тухай хариуцагчийн тайлбарт дүгнэлт өгөөгүй нь дутагдалтай болжээ.

11. Нэхэмжлэгч “Л” ГХОХХК, “Ж” ГХОХХК-ууд нь нотариатч М-д холбогдуулан нотариатч нь 2019.03.25, 2019.04.01, 2919.12.23-ны өдрүүдэд нэхэмжлэлд дурдсан гэрээг гэрчлэхдээ Нотариатын тухай хуулийг зөрчиж, гэрээний нэг тал болох “Л” ГХОХХК-ийг төлөөлөх эрхтэй этгээдийн бичиг баримтыг нягтлан шалгаагүй, их хэмжээний үнийн дүн бүхий эд хөрөнгийг барьцаалсан гэрээг гэрчлэхдээ Компанийн тухай хуулийн 27 дугаар зүйлийн 27.1-д заасан эрх бүхий этгээдийн шийдвэрийг авалгүйгээр шалгавал зохих нөхцөл байдлыг шалгаагүй, нотариатч гэрчлэхээс татгалзах үүргээ хэрэгжүүлээгүй гэж гэрээг гэрчилсэн нотариатын үйлдлийг хүчингүй болгох үндэслэлээ тодорхойлсон.

12. Хэрэгт авагдсан баримтаар “Б”  ХХК нь хариуцагч “Л” ГХОХХК, “Ж” ГХОХХК-д холбогдуулан МҮХАҮТ-ын дэргэдэх Монголын олон улсын арбитрт нэхэмжлэл гаргасан байх бөгөөд нэхэмжлэлийн шаардлага нь хариуцагч компаниуд гэрээний үүргээ биелүүлээгүй үндэслэлээр талуудын хооронд байгуулсан 2019.03.25-ны өдрийн Барьцаа батлан даалтын гэрээ болон бусад Барьцааны гэрээнд заасан барьцаа хөрөнгөөр үүргийн гүйцэтгэлийг хангуулах агуулгатай байна.

12.1. Хариуцагч “Л” ГХОХХК нь дээрх нэхэмжлэлд сөрөг нэхэмжлэл гаргасан байх ба сөрөг нэхэмжлэлийн шаардлагын үндэслэл нь нотариатч Мийн гэрчилсэн маргаж буй дээрх гэрээнүүд хүчин төгөлдөр бус болохыг хүлээн зөвшөөрч, уг маргааны улмаас компанид учирч буй хохирол, зардлыг гаргуулах агуулгатай байна.

Хариуцагч компани нь эдгээр гэрээг хүчин төгөлдөр бус гэж үзсэн үндэслэлээ барьцаа батлан даалтын гэрээний үнийн дүн Компанийн тухай хуулийн 87 дугаар зүйлд заасан их хэмжээний хэлцэлд хамаарах байтал хувьцаа эзэмшигч нь зөвшөөрөл олгоогүй, зөвшөөрөлгүй хийсэн хэлцэл, мөн компанийг төлөөлөх эрх бүхий этгээд гэрээнд гарын үсэг  зураагүй, энэ талаар шинжээчийн дүгнэлт гарсан, дээрх хүчин төгөлдөр бус гэрээнээс үүдэлтэй бусад Барьцааны гэрээнүүд тус тус хүчин төгөлдөр бус гэж тодорхойлон, тэдгээр гэрээнүүдийг хүчин төгөлдөр бус болохыг тогтоолгохыг хүсчээ.

12.2. Арбитраар шийдвэрлэх хэрэгт гэрээний талууд Мийн гэрчилсэн гэрээний хүчин төгөлдөр байдлын талаар маргаж, энэ үйл баримт иргэний энэ хэргийг шийдвэрлэхэд ач холбогдолтой байхад шүүх хариуцагчид холбогдох хэргийг шийдвэрлэхдээ энэ талаар тодруулж, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 65 дугаар зүйлийн 65.1.1 дэх хэсгийн зохицуулалтын талаар дүгнэх боломжтой байжээ.

13. Нэхэмжлэгч талын нотариатын үйлдлийг хүчингүй болгох нэхэмжлэлийн шаардлагын үндэслэл нь МҮХАҮТ-ын дэргэдэх Монголын олон улсын үндэсний арбитрт хянан хэлэлцэгдэж байгаа хэрэгт гаргасан хэлцлийг хүчин төгөлдөр бус болохыг тогтоолгох сөрөг нэхэмжлэлийн шаардлагатай адил агуулгатай байх тул “Л” ГХОХХК, “Ж” ГХОХХК-уудын нэхэмжлэлтэй нотариатч М-д холбогдох хэргийг хянан шийдвэрлэсэн анхан болон давж заалдах шатны шүүхийн шийдвэр, магадлалыг хүчингүй болгож, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 65 дугаар зүйлийн 65.1.7-д заасан үндэслэлээр 117 дугаар зүйлийн 117.1-д зааснаар хэргийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

 Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 176 дугаар зүйлийн 176.2.4-т заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

 1. Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн 2025 оны 04 дүгээр сарын 14-ний өдрийн 192/ШШ2025/02914 дүгээр шийдвэр, Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2025 оны 06 дугаар сарын 27-ны өдрийн 210/МА2025/01095 дугаар магадлалыг тус тус хүчингүй болгож, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 117 дугаар зүйлийн 117.1-д зааснаар “Л” ГХОХХК, “Ж” ГХОХХК-уудын нэхэмжлэлтэй М-д холбогдох нотариатын үйлдлийг хүчингүйд тооцуулах тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг хэрэгсэхгүй болгосугай. 

 2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.4-т зааснаар хяналтын журмаар гомдол гаргахдаа хариуцагч М-с 2025.08.12-ны өдөр улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70,200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

                           ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                    Б.УНДРАХ

                           ТАНХИМЫН ТЭРГҮҮН                                 Г.АЛТАНЧИМЭГ

                           ШҮҮГЧИД                                                      Н.БАТЗОРИГ

                                                                                                   Н.БАТЧИМЭГ

                                                                                                   Х.ЭРДЭНЭСУВД