Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2017 оны 04 сарын 14 өдөр

Дугаар 141

 

 

 

 

 

 

 

 

  МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

Сүхбаатар дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Б.Мөнх-Эрдэнэ даргалж,

нарийн бичгийн дарга:  Н.Номинчимэг;

улсын яллагч: Г.Цогтгэрэл;

шүүгдэгч: Г.Нямдорж, Т.Уламбаяр, тэдний өмгөөлөгч Д.Бум-Аюуш нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны танхимд нээлттэй хийсэн хуралдаанаар

 

Сүхбаатар дүүргийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 181 дүгээр зүйлийн 181.2.5 дахь хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Ганболдын Нямдорж, Түвшинтөрийн Уламбаяр нарт холбогдох эрүүгийн 201525020851 дугаартай хэргийг 2017 оны 03 дугаар сарын 24-ний өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

Шүүгдэгч нарын биеийн байцаалт:                                                            

1. Монгол Улсын иргэн, 1992 оны 10 дугаар сарын 17-ны өдөр Дархан-Уул аймагт төрсөн, 25 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, эрхэлсэн ажилгүй, ам бүл 2, эхийн хамт Баянзүрх дүүргийн 13 дугаар хороо,            АОС-ийн 103 тоотод оршин суух, улсаас авсан гавьяа шагналгүй, ял шийтгэлгүй, ТЛ92101711 регистерийн дугаартай, хэрэг хариуцах чадвартай,  Харуул овогт Түвшинтөрийн Уламбаяр,

 

2. Монгол Улсын иргэн, 1993 оны 01 дүгээр сарын 10-ны өдөр Завхан аймагт төрсөн, 25 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, эрхэлсэн ажилгүй, ам бүл 4, эцэг, эх, дүүгийн хамт Сонгинохайрхан дүүргийн 31 дүгээр хороо, Хайрханы 2-39а тоотод оршин суух, улсаас авсан гавьяа шагналгүй, ял шийтгэлгүй, ИЛ93011016 регистерийн дугаартай, хэрэг хариуцах чадвартай, Бин тайж овогт Ганболдын Нямдорж.

 

            Прокуророос үйлдэж ирүүлсэн яллах дүгнэлтээр:

 

Яллагдагч Т.Уламбаяр нь архи согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ Г.Нямдоржтой бүлэглэн 2015 оны 05 дугаар сарын 24-ний өдөр Сүхбаатар дүүргийн 9 дүгээр хороо, шинэ замын ертөнцийн зүгээр зүүн талд бусдыг илтэд үл хүндэтгэн, нийгмийн хэв журмыг ноцтой зөрчиж хохирогч Н.Мөнхмандахыг шалтгаангүйгээр зодож танхайрсан,

яллагдагч Г.Нямдорж нь архи согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ Т.Уламбаяртай бүлэглэн 2015 оны 05 дугаар сарын 24-ний өдөр Сүхбаатар дүүргийн 9 дүгээр хороо, шинэ замын ертөнцийн зүгээр зүүн талд бусдыг илтэд үл хүндэтгэн, нийгмийн хэв журмыг ноцтой зөрчиж хохирогч Н.Мөнхмандахыг шалтгаангүйгээр зодож танхайрсан гэх гэмт хэрэгт холбогджээ.

 

Шүүхийн хэлэлцүүлэгт дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд: 

 

Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч Г.Нямдорж мэдүүлэхдээ: Өмнө мөрдөн байцаалтын шатанд бүгдийг үнэн зөв мэдүүлсэн тул нэмж мэдүүлэг өгөхгүй. Хийсэн хэрэгтээ гэмшиж байна. Хөнгөн ялаар шийтгэж өгнө үү гэв.

           

Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч Т.Уламбаяр мэдүүлэхдээ: Нэмж мэдүүлэг өгөхгүй. Мөрдөн байцаалтын шатанд бүгдийг ярьсан. Хийсэн хэрэгтээ гэмшиж байна. Хөнгөн ялаар шийтгэж өгнө үү гэв.

 

Мөрдөн байцаалтын хохирогч Н.Мөнхмандах /хх-ийн 16-21, 53/, гэрч Д.Цэдэвсүрэн /хх-ийн 22-23/, Б.Номин-Эрдэнэ /хх-ийн 24/, Г.Аззаяа /хх-ийн 55-57/, Д.Жадамба /хх-ийн 58/, Д.Эрдэнэчимэг /хх-ийн 59-60/ нарын мэдүүлэг, Г.Нямдоржийн урьд ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас /хх-ийн 28/, Г.Нямдоржийн иргэний үнэмлэхний лавлагаа /хх-ийн 29/, Т.Уламбаярын иргэний үнэмлэхний лавлагаа /хх-ийн 31/, Т.Уламбаярын урьд ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас /хх-ийн 30/, эд зүйлийн үнэлгээ /хх-ийн 32/, хохиролын баритууд /хх-ийн 33-36/, Баянзүрх дүүргийн 13 дугаар хорооны Засаг даргын тодорхойлолт /хх-ийн 38/, Сонгинохайрхан дүүргийн 31 дүгээр хорооны Засаг даргын тодорхойлолт /хх-ийн 39/, Г.Нямдоржийн сэжигтэн, яллагдагчаар мэдүүлсэн мэдүүлэг /хх-ийн 67-70, 76-77/, Т.Уламбаярын сэжигтэн, яллагдагчаар мэдүүлсэн мэдүүлэг /хх-ийн 73-75, 78-81/, Г.Нямдоржийн хувийн байдалтай холбоотой баримтууд /хх-ийн 89-92, Т.Уламбаярын хувийн байдалтай холбоотой баримтууд /хх-ийн 97-98/ зэрэг болно.

 

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан дээрх нотлох баримтууд болон хэрэгт цугларсан бусад бичгийн нотлох баримтуудыг шүүх тал бүрээс нь бүрэн, бодитой магадлан хянасны үндсэнд ТОДОРХОЙЛОХ нь:

 

Шүүгдэгч Т.Уламбаяр, Г.Нямдорж нар нь бүлэглэн 2015 оны 05 дугаар сарын 24-ний шөнө Сүхбаатар дүүргийн 9 дүгээр хорооны нутагт бусдыг илтэд үл хүндэтгэн хүч хэрэглэн, нийгмийн хэв журмыг ноцтой зөрчиж хохирогч Н.Мөнхмандахыг зодсон болох нь:

 

хохирогч Н.Мөнхмандахын /хх-ийн /: “... Би 2015 оны 05 дугаар сарын 23-ны өдөр 10 жилийн ангийн хүүхдүүдтэйгээ өдрийн 13 цагийн үед “UB palace”-д уулзаад сургуулийн хүүхдүүдийн бэлтгэсэн урлагийн тоглолтыг үзээд тэндээсээ гараад “хоол идье” гэсэн боловч манай ангийнхан “30 жилийн дараа уулзаж байна, хэдүүлээ караоке орьё” гэсэн санал гаргасан. Тэгээд Сүхбаатар дүүргийн 9 дүгээр хороо, Дөлгөөн нуурын 2 давхарт байрлах караоке руу ангийн багштайгаа арвуулаа 18 цагийн үед орсон. ...Тэндээсээ бид шөнийн 00:00-01:00 цагийн хооронд гарсан байх гэж бодож байна. Гараад “харих байх” гэж бодсон чинь манай ангийнхан “Баянхошуу руу ангийн хүүхдийнд очьё” гээд 3 машинд хуваагдаж суугаад хөдөлсөн юм. Тэгэхээр нь би маргааш нь шалгалттай байсан учир дөнгөж хөдлөхөөр нь “би бие засъя” гэж хэлээд машиныг зогсоож байгаад гудамж руу гүйгээд орчихсон юм. Тэгээд гудамжаар явж байхад урдаас угаалгын газар харагдаж байсан ба дөнгөж гудамжны үзүүрт гарах гэж байхад араас нэг залуу ирээд шууд толгой руу цохиод авсан. Тэгээд намайг газар унахад хоёр залуу явж байсан юм байна лээ шууд 2 талаас балбаад өшиглөсөн. Тэд нар хоорондоо “энэ мууг алаад өгье” гэж ярилцаж байсан. Тэр үгийг жижиг залуу нь хэлсэн ба сүүлд тэр залуу миний аман тус газарт өшиглөөд миний шүдийг унагаасан. Намайг зодож байхдаа тэд нар миний гар утасны дэлгэцийг юу ч үгүй хагалсан. Тэр утас ашиглагдахааргүй болсон. Гэхдээ тэд нар миний кармаанаас тэр утсыг аваагүй. Би тэр өдөр мөнгөтэй ч явж байсан. Намайг дээрэмдэх гэсэн бол тэд нарыг авах л байсан байх. Намайг зодуулж байхад харагдаж байсан угаалгын газрын хүүхдүүд ирээд салгасан. Тэр хүүхдүүд ирээгүй байсан бол юу ч болох байсан юм билээ би сайн мэдэхгүй байна. Ямар учраас ирж зодсоныг би ерөөсөө ойлгоогүй...” гэх мэдүүлэг,

 

гэрч Д.Цэдэвсүрэнгийн /хх-ийн 22-23/: “ ... Тухайн өдөр би ажил дээрээ Тамир, Тэмүүжин нарын хамтаар хонож ажиллаж байсан. Цаг хэд болж байсныг мэдэхгүй байна. Би гадаа тамхи татах гэж гарахад манай ажлын эсрэг талын гудамжинд хүн зодоод байх шиг харагдсан. Тэгэхээр нь Тэмүүжинг дуудаад очиж болиулъя гэж хэлээд бид 2 гүйгээд очсон. Тэгэхэд нэг нь зугтаад алга болсон. Нэг залуу нь тэндээ байж байсан. Тэр зодуулсан ахын биед нь ил харагдах шархгүй байхаар нь “гайгүй байх” гэж бодоод ажлаа хийхээр явсан юм...” гэх мэдүүлэг,

 

гэрч Г.Аззаяагийн /хх-ийн 56-57/ “... Манай дүүтэй цуг ирсэн залуу нилээн согтуу байсан. Манай дүү гайгүй байх шиг байсан. Энэ 2 манай гэрт хонох гэж байсан юм шиг байна лээ. Манай дүүтэй цуг ирсэн жижиг биетэй хүүхэд “харина” гээд болохгүй байсан ба манай дүү гаргаж өгөхөөр тэр 2 гараад явсан юм. Гараад 20-оод минут болсны дараа манай хашааны үүдэнд хүмүүс орилоод байх шиг байсан. Тэгэхээр нь би хүүхдээ аваад гүйгээд гарсан. Намайг гарахад манай дүү нэг дундаж насны ахтай цуг зогсож байсан. Тэр дундаж насны ахаас би юу болсон талаар асуухад “энэ 2 залуу намайг зодчихлоо, нэг нь зугтаачихлаа” гээд над руу орилоод байсан. Тэгэхээр нь би 102 руу залгаад дүүдээ ууралсандаа цагдаа дуудчихсан юм. Тэгж байтал тэр ах надад “I рhone-5” маркийн гар утас өгөөд “манай охин руу ярь, намайг хаана байгааг заагаад өг” гэж орилоод байсан. Тэгээд “шүдийг минь унагаачихлаа” гэж байсан. Бусдаар зүгээр байсан байх, орой болчихсон учир сайн харагдахгүй байсан...” гэх мэдүүлэг,

 

Г.Нямдоржийн сэжигтэн, яллагдагчаар мэдүүлсэн /хх-ийн 67-70, 76-78/: “ ... Тухайн өдөр би цуг ажилладаг Уламбаяртай хамт 100 айлын шинэ замын хажууд байдаг хамаатныдаа хонох санаатай очсон юм. Учир нь бид хоёр согтуу байсан болохоор очих газаргүй болоод тэнд очсон. Тэгтэл Уламбаяр “би харьлаа” гээд байсан. Би түүнд “чи харих мөнгөгүй биз дээ яаж явах гээд байгаа юм бэ” гэж хэлэхдээ “хамаагүй ээ, би өөрөө явчихна” гээд гараад явсан. Би араас нь гарахад Уламбаяр гудамжинд зогсож байсан. Би очоод “чи мөнгөгүй байж яаж явах гээд байгаа юм бэ, эндээ хоноод маргааш шууд ажилдаа явъя” гэхэд Уламбаяр надад “зүгээрээ хөгшөөн яаж явах арга олдгийг харж бай” гэсэн. Тухайн үед нэг ах гудамжаар явж байсан ба Уламбаяр шууд очоод хавирч унагаагаад дээр нь суусан. Тэр ах босоод Уламбаярын дээр нь гарахаар нь би салгах гээд очсон. Тэгтэл замын эсрэг талын машин угаалгын газраас нэг залуу “та нар хүн зодхоо боль” гэж хашгирахад Уламбаяр зугтаагаад явсан. Би үлдээд цагдаад баригдсан ...” гэх мэдүүлэг,

 

Т.Уламбаярын сэжигтэн, яллагдагчаар мэдүүлсэн /хх-ийн 73-75, 79-81/: “ ... тухайн өдөр манай ахын төрсөн өдөр болж ажил дээрээ хамт олноороо сууж архи уусан. Тэндээсээ нилээн орой гарсан ба шинэ замын хажууд байдаг Нямдоржийн эгчийнд очиж хонохоор болоод бид хоёр гэрт нь очсон. Нямдоржийн эгчийнд хэсэг байж байгаад би “гэртээ харьлаа” гээд гараад явсан. Араас Нямдорж гарч ирээд намайг таксинд суулгаж өгөх гэж байсан. Тэгээд зогсож байхад нэг ах урдуур өнгөрсөн. Би архиндаа их согтсон байсан. Тэр ахтай би маргасан юм шиг байна лээ. Бусдыг нь сайн санахгүй байна ...” гэх мэдүүлэг болон Шүүх эмнэлгийн үзлэг хийсэн 7830 дугаартай дүгнэлт /хх 26/, эд зүйлийн үнэлгээ /хх 32/, хохирогчийн эмнэлэгт үзүүлсэн баримтууд /хх 33-35/ зэрэг тухайн хэрэгт хамааралтай, Эрүүгийн байцаан шийтгэх хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн бусад нотлох баримтуудаар шүүгдэгч нарын гэм буруутай үйлдэл хангалттай нотлогдон тогтоогдсон гэж шүүх дүгнэв.

 

Г.Нямдорж, Т.Уламбаяр нар нь бүлэглэн, согтуугаар ямар ч шалтгаангүйгээр бусдыг илтэд үл хүндэтгэн хүч хэрэглэн, нийгмийн хэв журмыг ноцтой зөрчин Н.Мөнхмандахыг зодсон нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 181 дүгээр зүйлийн 181.2.5 дахь хэсэгт заасан гэмт хэргийн бүрэлдэхүүний бүх шинжийг бүрэн агуулсан байх тул тэднийг дээрх гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуульд заасан хорих ял оногдуулах хууль зүйн үндэслэлтэй байна.

 

Шүүгдэгч Г.Нямдорж, Т.Уламбаяр нар нь дээрх гэмт хэргийг 2015 оны 07 дугаар сарын 02-ны өдрийн 24 цаг 00 минутаас өмнө үйлдсэн бөгөөд тэдний үйлдсэн гэмт хэрэг нь Анхны Ардчилсан сонгууль болж байнгын ажиллагаатай парламент байгуулагдсаны 25 жилийн ойг тохиолдуулан Өршөөл үзүүлэх тухай хуулийн 5 дугаар зүйлийн 5.1 дэх хэсэгт заасан ялаас өршөөн хасах гэмт хэрэгт хамаарч байх тул шүүгдэгч нарт зохих өршөөлийг үзүүлэх нь зүйтэй.

 

Гэмт хэргийн улмаас бусдад учирсан хохиролын хувьд хохирогч Н.Мөнхмандах “шүүгдэгч нарт гомдол саналгүй, нэхэмжлэх зүйлгүй” гэсэн нь хавтас хэргийн 53, 93 дугаар талд авагдсан байх тул шүүгдэгч нарыг хохирогчид төлөх төлбөргүй гэж үзэх үндэслэл болов.

 

Шүүхээс шүүгдэгч Г.Нямдорж, Т.Уламбаяр нарт ял оногдуулахдаа үйлдсэн гэмт хэрэгтээ чин санаанаас гэмшсэнийг ял хөнгөрүүлэх, согтуугаар гэмт хэрэг үйлдсэнийг ял хүндрүүлэх нөхцөл байдалд тус тус тооцов.

 

Шүүгдэгч Г.Нямдорж, Т.Уламбаяр нар нь хүндэвтэр гэмт хэрэгт анх удаа хорих ял шийтгүүлж байгаа бөгөөд хохирогч гомдол саналгүй гэсэн, мөн тэдний хувийн байдал зэргийг харгалзан тэдэнд оногдуулсан хорих ялыг биечлэн эдлүүлэх шаардлагагүй гэж шүүх үзэж уг ялыг тэнсэж, хянан харгалзахаар шийдвэрлэв.

 

Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй болохыг тэмдэглэв.

 

Монгол Улсын Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 283, 286, 294, 297, 298 дугаар зүйлүүдийг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1. Шүүгдэгч Харуул овогт Түвшинтөрийн Уламбаярыг бүлэглэн бусдыг илтэд үл хүндэтгэн хүч хэрэглэн, нийгмийн хэв журмыг ноцтой зөрчин танхайрсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд,

шүүгдэгч Бин тайж овогт Ганболдын Нямдоржийг бүлэглэн бусдыг илтэд үл хүндэтгэн хүч хэрэглэн, нийгмийн хэв журмыг ноцтой зөрчин танхайрсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцсугай.

 

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 181 дүгээр зүйлийн 181.2.5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Г.Нямдоржийг 3 /гурав/ жил 1 /нэг/ сарын хугацаагаар хорих ялаар,

Эрүүгийн хуулийн тусгай ангийн 181 дүгээр зүйлийн 181.2.5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Т.Уламбаярыг 3 /гурав/ жил 1 /нэг/ сарын хугацаагаар хорих ялаар тус тус шийтгэсүгэй.

 

3. Анхны ардчилсан сонгууль болж байнгын ажиллагаатай парламент байгуулагдсаны 25 жилийн ойг тохиолдуулан Өршөөл үзүүлэх тухай хуулийн 5 дугаар зүйлийн 5.1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Г.Нямдоржид Эрүүгийн хуулийн тусгай ангийн 181 дүгээр зүйлийн 181.2.5 дахь хэсэгт зааснаар оногдуулсан 3 /гурав/ жил 1 /нэг/ сарын хугацаагаар хорих ялаас 2 жилийн хорих ялыг өршөөн хасч,

шүүгдэгч Т.Уламбаярт Эрүүгийн хуулийн тусгай ангийн 181 дүгээр зүйлийн 181.2.5 дахь хэсэгт зааснаар оногдуулсан 3 /гурав/ жил 1 /нэг/ сарын хугацаагаар хорих ялаас 2 жилийн хорих ялыг өршөөн хасч, тэдгээрийн биечлэн эдлэх ялыг тус бүрийг 1 /нэг/ жил 1 /нэг/ сарын хугацаагаар хорих ялаар тогтоосугай.

 

4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 52 дугаар зүйлийн 52.5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Г.Нямдорж, Т.Уламбаяр нарт оногдуулсан хорих ялыг жирийн дэглэмтэй хорих ангид тус тус эдлүүлсүгэй.

 

5. Шүүгдэгч Г.Нямдорж, Т.Уламбаяр нар нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, хэрэгт хураагдан ирсэн эд мөрийн баримтгүй, битүүмжлэгдсэн хөрөнгөгүй болохыг дурдсугай.

 

6. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 61 дүгээр зүйлийн 61.1, 61.4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Г.Нямдоржид оногдуулсан 1 /нэг/ жил 1 /нэг/ сарын хугацаагаар хорих ялыг,

шүүгдэгч Т.Уламбаярт оногдуулсан 1 /нэг/ жил 1 /нэг/ сарын хугацаагаар хорих ялыг тус тус биечлэн эдлүүлэхгүйгээр тэнсэж, Г.Нямдорж, Т.Уламбаяр нарыг тус бүрийг 1 /нэг/ жилийн хугацаагаар хянан харгалзаж, тэдний засрал хүмүүжилд хяналт тавихыг Баянзүрх, Сонгинохайрхан дүүргийн Цагдаагийн хэлтэст тус тус даалгасугай.

 

7. Шийтгэх тогтоол нь танилцуулан сонсгосноор хуулийн хүчинтэй болох бөгөөд шүүгдэгч нар, тэдний өмгөөлөгч, хохирогч эс зөвшөөрвөл тогтоолыг гардуулан өгсөнөөс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах буюу улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.

 

8. Давж заалдах шатны шүүхэд гомдол гаргасан, эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол биелүүлэх хүртэл шүүгдэгч Г.Нямдорж, Т.Уламбаяр нарт урьд авсан бусдын батлан даалтад өгөх таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                            Б.МӨНХ-ЭРДЭНЭ