| Шүүх | Дорноговь аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Балгансүрэнгийн Байгалмаа |
| Хэргийн индекс | 167/2022/0210/Э |
| Дугаар | 2022/ШЦТ/211 |
| Огноо | 2022-11-21 |
| Зүйл хэсэг | 11.6.1., |
| Улсын яллагч | М.О |
Дорноговь аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол
2022 оны 11 сарын 21 өдөр
Дугаар 2022/ШЦТ/211
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Дорноговь аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Ж.Байгалмаа даргалж, нарийн бичгийн дарга Ж.Одтуяа, улсын яллагч М.Отгонбаатар, шүүгдэгчийн хууль ёсны төлөөлөгч Ё.Б, түүний өмгөөлөгч З.Алтанцэцэг нарыг оролцуулан тус шүүхийн танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар Дорноговь аймгийн Прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Ш.Г-д холбогдох эрүүгийн 2219000810278 дугаартай хэргийг хялбаршуулсан журмаар хянан хэлэлцэв.
Биеийн байцаалт: Монгол Улсын иргэн, Ш.Г
Холбогдсон хэргийн талаар /яллах дүгнэлтэнд бичигдсэнээр/: Шүүгдэгч Ш.Г нь 2022 оны 03 дугаар сарын 03-ны өдөр Дорноговь аймгийн Сайншанд сумын 3 дугаар баг, ..... тоотод Д.Лыг заазуураар цохиж, түүний биед "духны ясны цууралт, духны шарх, зүүн шууны шарх" бухий хөнгөн зэргийн гэмтэл учруулсан гэмт хэрэгт холбогджээ.
ТОДОРХОЙЛОХ нь: Шүүхийн хэлэлцүүлэгт дараахь нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд: -Шүүгдэгчийн хууль ёсны төлөөлөгч Ё.Бгийн шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн: Гэр бүлээс нь шүүгдэгчийг төлөөлж оролцох хүнгүй гэсэн тул тус багийн нийгмийн ажилтан миний бие хууль ёсны төлөөлөгчөөр томилогдон оролцож байна. Шүүгдэгчийн ар гэр болох аав ээж нь ирж уулзаад Сэтгэцийн эмнэлэгт хэвтүүлэх хүсэлтэй байгаагаа хэлсэн. Ш.Г нь сэтгэцийн эмнэлгийн хяналтад байдаг, хөгжлийн бэрхшээлтэй иргэний 80 хувийн группт байдаг. Ер нь түүний хууль ёсны асран хамгаалагч нь ээж нь болох Д.Л юм. Ээж нь хамт амьдрахад хэцүү байдаг, гэнэт янз бүрийн үйлдэл хийж биднийг айлгаж байна гэж хэлдэг гэсэн мэдүүлэг, -Шинжээч Э.Аын шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн: Хохирогч Д.Лын биед дух ясны цууралт, духны шарх, зүүн шууны шарх гэмтэл учирсан. Энэ нь гэмтлийн зэргийн хөнгөн зэрэгт хамаарна. Дух ясны цууралт бүтэц нь алдагдаагүй бол хөнгөн зэрэгт хамаардаг. Энэ гэмтэл нь хөдөлмөрийн чадварт нөлөөлөх гэмтэл биш, духны яс нь гавал ясны хэсэг юм. Ер нь гэмтлийг шалгуур шинжээр нь авч үздэг. Гэмтлээс үүдэлтэй илэрч байгаа шинж тэмдгээр гэмтлийн зэргийг тогтооно. Энэ гэмтлийн хувьд яг төдийд эдгэрнэ гэсэн тодорхой ойлголт байхгүй. 4 долоо хоногт эдгэрнэ гэж заадаг. Цууралт нь гавлын хөндий рүү нэвтрээгүй байсан гэсэн мэдүүлэг, -Хохирогч Э.Д.Лын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: ...2022 оны 03 дугаар сарын 04-ний өглөө 9 цаг өнгөрч байх үед би, гэрийнхээ гал тогооны өрөөнд хоол хийх санаатай заазуураар мах хөшиглөж байхад, хүү Ш.Г тухайн үед жижиг өрөөндөө ном үзээд хэвтэж байх шиг байснаа хажуу тийш номоо шидэн над руу гүйж ирээд миний зүүн гарт байсан заазуурыг булааж аван толгойн баруун дээд талд 1 удаа заазуураар цохин, мөн зүүн шууны дээд талд 1 удаа цохисон. Би шалан дээр ойчсон, хүү гэрээс гараад явсан. Би бахирсан, хажуу айлынхаа хүүхдийг утсаар дуудахад, Ч гэрт орж ирэн түргэн тусламж дуудсан гэсэн мэдүүлэг /хх 55-56 ху/, -Гэрч А.Чийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: ...2022 оны 03 дугаар сарын 03-ны өглөө Д.Л эгч миний дугаар луу залган Ш.Г миний толгойг хагалчихлаа гэж хэлэхээр нь би гэрийн зуун талд байх Д.Л эгчийн байшинд ороход том өрөөндөө нүүр гарын алчуураар толгойн дээд хэсэгтээ дараад сууж байсан. Алчуурыг цус нэвтэрсэн байсан гэсэн мэдүүлэг /хх 61 ху/, -Гэрч Т.Шийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: ...Би 2022 оны 03 дугаар сарын 03-ны өдөр Дорноговь аймгийн Сайншанд сумын Нэгдсэн эмнэлгийн томографикийн үүдэнд 2022 оны 03 дугаар сарын 04-ний өглөө 9 цагийн үед би таарахад Д.Л эгч толгойгоо боочихсон, зүүн гараа боосон, зүүн гарын алганы ар талд 2 газарт хөхөрсөн байдалтай байсан. Би юу болсон талаар нь асуухад сэтгэгчийн өвчтэй хүү болох Ш.Г нь намайг, заазуурдан ийм болгосон гэж хариулсан. Урд өдөр болсон явдлынхаа талаар та яагаад надад хэлээгүй юм гэхэд би хэлэх боломжгүй байлаа гэж хариулсан. Хажуу айлынх нь хүн болох төрсөн эгчийнх нь охин Чийг дуудсан гэж хариулж байсан. Ч нь цагдаагийн байгууллага болон эмнэлэгт дуудлага өгсөн гэж гэсэн. Одоо би гэртээ очихоос айж байна, гэрт үлдсэн өвгөн, хүүхэд хоёртоо санаа зовж байна гэсэн яриа өгүүлэлтэй байсан. Ш.Г одоо яаж ч магадгүй байдалтай байгаа яаралтай арга хэмжээ авах хэрэгтэй байдаг, надад туслаач гэж гуйсан гэсэн мэдүүлэг /хх 59 ху/, -Гэрч Б.Ггийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: Ш.Г нь 2022 оны 03 сарын 03-ны өдөр ээж болох Д.Лын биед гэмтэл учруулахын өмнө тархины өвчин, гэмтэл үйл ажиллагааны хямралын шалтгаант бие хүний зан төрхийн эмгэг бүхий сэтгэцийн өвчтэй байсан. Хэрэг үйлдэхийн өмнө хэрэг хариуцах чадваргүй байсан. Ш.Г нь өөртөө болон нийгэмд аюултай үйлдэл хийж болзошгүй тул сэтгэцэд нөлөөт болон тайвшруулах, нойрсуулах эмийг ар гэрийн хяналтанд тогтмол уулгаж байх шаардлагатай гэсэн мэдүүлэг /хх 82 ху/ -Дорноговь аймгийн шүүхийн шинжилгээний албаны 2022 оны 3 сарын 23-ны өдрийн 02/0171 дугаартай шинжээчийн дүгнэлтэнд: 1. Д.Лын биед духны шарх гэмтэл тогтоогдлоо. 2.Учирсан гэмтэл нь ир үзүүртэй зүйлийн үйлчлэлээр үүсгэгдсэн байх боломжтой байна. 3. Учирсан гэмтэл нь Гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-т зааснаар гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. 4. Учирсан гэмтэл нь цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварын тогтонги алдалтад нөлөөлөхгүй. 5. Эмнэлгийн бичиг баримтыг үндэслэн үүссэн цаг хугацааг тогтоох боломжгүй гэсэн дүгнэлт /xx 66 ху/, -Дорноговь аймгийн шүүхийн шинжилгээний албаны 2022 оны 6 дугаар сарын 17-ны өдрийн 02/0309 дугаартай нэмэлт дүгнэлтэнд: 1. Д.Лын биед духны ясны цууралт, духны шарх, зүүн шууны шарх гэмтэл тогтоогдлоо. 2. Учирсан гэмтэл нь ир үзүүртэй зүйлийн олон удаагийн үйлчлэлээр үүсгэгдсэн байх боломжтой байна. 3. Учирсан гэмтэл нь Гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-т зааснаар гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. 4. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварын тогтонги алдалтанд нөлөөлөхгүй гэсэн дүгнэлт /хх 95-96 ху/, -Шүүх сэтгэц гэм судлалын 2022 оны 05 дугаар сарын 10-ны өдрийн 12 дугаартай дүгнэлтэнд: 1.Ш.Г нь гэмт хэрэг үйлдэхээсээ өмнө DS: Тархины өвчин, гэмтэл, үйл ажиллагааны хямралын шалтгаант бие хүний ба зан төрхийн эмгэг бүхий сэтгэцийн өвчтэй байсан болно. 2. Ш.Г нь DS: Тархины өвчин, гэмтэл, үйл ажиллагааны хямралын шалтгаант бие хүний ба зан төрхийн эмгэг бүхий сэтгэцийн өвчтэй болно. 3. Ш.Г нь DS: Тархины өвчин, гэмтэл, үйл ажиллагааны хямралын шалтгаант бие хүний ба зан төрхийн эмгэг бүхий сэтгэцийн өвчтэй тул өөрийн үйлдлийг ухамсарлан ойлгож удирдан жолоодох чадваргүй болно. 4. Ш.Г нь DS: Тархины өвчин, гэмтэл, үйл ажиллагааны хямралын шалтгаант бие хүний ба зан төрхийн эмгэг бүхий сэтгэцийн өвчний учир болсон зүйлийг зөв тусган авч үнэн зөв мэдүүлэг өгөх чадваргүй болно гэсэн дүгнэлт /хх 107-109 ху/ -Хэргийн газарт нөхөн үзлэг хийсэн тэмдэглэл /хх 6 ху/ -Гэрэл зургийн үзүүлэлт /хх 7 ху/ -Эмнэлгийн баримт бичгийн хуулбарууд /хх 18-52 ху/ -Өвчний түүх /хх 67-73 ху/ -Эрүүгийн хэрэг үүсгэж яллагдагчаар татах тухай прокурорын тогтоол, яллагдагчийн хууль ёсны төлөөлөгчөөс авсан мэдүүлэг /хх 116-118, 120-121 ху/ -Эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /хх 123 ху/ -Амбулаториор эмчлүүлэгчдийн картын хуулбар /хх 128-133 ху/ зэрэг болно. Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай хуульд заасан үндэслэл журмын дагуу хэрэгт цугларч бэхжүүлсэн, хохирогч, гэрч нараас мэдүүлэг авахдаа Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам, шаардлагыг зөрчөөгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хассан буюу хязгаарласан зөрчил тогтоогдоогүй тул шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасны дагуу прокуророос шүүхэд шилжүүлсэн хэргийн хүрээнд шүүгдэгчийн гэм буруугийн талаар дүгнэлт хийж хэргийг хянан шийдвэрлэх боломжтой байна гэж үзэв. Шүүгдэгч Ш.Г нь 2022 оны 03 дугаар сарын 03-ны өдөр Дорноговь аймгийн Сайншанд сумын 3 дугаар баг, ..... тоотод Д.Лыг заазуураар цохиж, түүний биед "духны ясны цууралт, духны шарх, зүүн шууны шарх" бүхий хөнгөн зэргийн гэмтэл учруулж, хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэргийг үйлдсэн болох нь шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан хохирогч Э.Д.Лын "...гэрийнхээ гал тогооны өрөөнд хоол хийх санаатай заазуураар мах хөшиглөж байхад, хүү Ш.Г тухайн үед жижиг өрөөндөө ном үзээд хэвтэж байх шиг байснаа хажуу тийш номоо шидэн над руу гүйж ирээд миний зүүн гарт байсан заазуурыг булааж аван толгойн баруун дээд талд 1 удаа заазуураар цохин, мөн зүүн шууны дээд талд 1 удаа цохисон" гэсэн, гэрч А.Чийн “...Д.Л эгч миний дугаар луу залган Ш.Г миний толгойг хагалчихлаа гэж хэлэхээр нь би гэрийн зуун талд байх Д.Л эгчийн байшинд ороход том өрөөндөө нүүр гарын алчуураар толгойн дээд хэсэгтээ алчуур дараад сууж байсан” гэсэн, гэрч Т.Шийн “...Нэгдсэн эмнэлгийн томоо графикийн үүдэнд 2022 оны 03 дугаар сарын 04-ний өглөө 9 цагийн үед би таарахад Д.Л эгч толгойгоо боочихсон, зүүн гараа боосон, зүүн гарын алганы ар талд 2 газарт хөхөрсөн байдалтай байсан. Би юу болсон талаар нь асуухад сэтгэгчийн өвчтэй хүү болох Ш.Г нь намайг, заазуурдан ийм болгосон гэж хариулсан. ...Одоо би гэртээ очихоос айж байна, гэрт үлдсэн өвгөн, хүүхэд хоёртоо санаа зовж байна гэсэн яриа өгүүлэлтэй байсан” гэсэн, гэрч Б.Ггийн “...ээж болох Д.Лын биед гэмтэл учруулахын өмнө тархины өвчин, гэмтэл үйл ажиллагааны хямралын шалтгаант бие хүний зан төрхийн эмгэг бүхий сэтгэцийн өвчтэй байсан. Хэрэг үйлдэхийн өмнө хэрэг хариуцах чадваргүй байсан. Ш.Г нь өөртөө болон нийгэмд аюултай үйлдэл хийж болзошгүй тул сэтгэцэд нөлөөт болон тайвшруулах, нойрсуулах эмийг ар гэрийн хяналтад тогтмол уулгаж байх шаардлагатай” гэсэн мэдүүлгүүд, хохирогчийн биед духны ясны цууралт, духны шарх, зүүн шууны шарх гэмтэл бүхий хөнгөн зэргийн гэмтэл учирсныг тогтоосон шинжээчийн 02/0171 дугаартай дүгнэлт, шүүх сэтгэц гэм судлалын шинжээчийн 12 дугаартай дүгнэлт болон хэрэгт цугларч шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан бичгийн бусад нотлох баримтуудаар хангалттай нотлогдон тогтоогдож байна. Шүүгдэгч Ш.Г нь дээрх гэмт хэргийг үйлдэхээс өмнө болон гэмт хэрэг үйлдэх үедээ тархины өвчин, гэмтэл, үйл ажиллагааны хямралын шалтгаант бие хүний ба зан төрхийн эмгэг бүхий сэтгэцийн өвчтэй байсан, үйлдсэн хэргээ хариуцах чадваргүй болох нь Шүүх сэтгэц гэм судлалын 2022 оны 05 дугаар сарын 10-ны өдрийн 12 дугаартай дүгнэлт болон гэрч Б.Ггийн мэдүүлэг зэргээр тогтоогдож байх тул түүнд эмнэлгийн чанартай албадлагын арга хэмжээг хэрэглэх нь зүйтэй гэж үзлээ. Иймд Ш.Гын үйлдсэн гэмт хэргийн нийгмийн аюулын хэр хэмжээ, шинжээчийн дүгнэлт, прокурорын санал, өмгөөлөгчийн дүгнэлт зэргийг харгалзан түүнд эмнэлгийн чанартай албадлагын арга хэмжээг хэрэглэж, 1 жилийн хугацаагаар сэтгэцийн эрүүл мэндийн байгууллагад эмчлүүлэхээр шийдвэрлэлээ.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 19.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “Гэмт хэрэг үйлдсэн шүүгдэгчийн өвчний шинж байдлыг харгалзан түүнийг шүүх хуралдаанд оролцуулж болно” гэж заасан. Шүүгдэгч Ш.Гын хувьд сэтгэцийн өвчний улмаас Улаанбаатар хотын Сэтгэцийн эрүүл мэндийн үндэсний төвд 2022 оны 03 сарын 04-ний өдөр хүргэгдсэн болох нь мөрдөгчийн тэмдэглэл /хх 9 ху/, СЭМҮТ-ийн 2022 оны 11 сарын 02-ны өдрийн 1/948 дугаартай албан бичиг /хх 138 ху/ зэргээр нотлогдож байх тул түүнийг шүүх хуралдаанд оролцуулалгүйгээр хэргийг шийдвэрлэсэн болно. Энэ гэмт хэргийн улмаас хохирогч Э.Д.Лад хөнгөн хохирол учирсан бөгөөд хохирол нэхэмжлээгүй тул энэ шүүх хуралдаанаар шийдвэрлэх хохирол төлбөргүй байна. Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн хүрэн өнгийн модон бариултай, 26 см урттай заазуурыг тогтоол хүчин төгөлдөр болмогц устгаж, битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, шүүгдэгч нь цагдан хоригдоогүй, түүний иргэний бичиг баримт шүүхэд ирээгүй, эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал нэхэмжлээгүй болохыг тус тус дурьдав.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 19.1 дүгээр зүйлийн 3, 19.3 дугаар зүйлийн 4 дэх хэсгийн 4.2, 6, 36.2, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлүүдэд тус тус заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Шүүгдэгч Б овогт Шийн Гыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.4 дүгээр зүйлийн 1, 7 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Ш.Гыг 1 /нэг/ жилийн хугацаагаар эмнэлгийн чанартай албадлагын арга хэмжээг хэрэглэж, Сэтгэцийн эрүүл мэндийн үндэсний төвд эмчлүүлсүгэй.
3.Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 19.3 дугаар зүйлийн 8 дахь хэсэгт зааснаар Ш.Год эмнэлгийн чанартай албадлагын арга хэмжээ хэрэглэсэн хугацааг ял эдэлсэн хугацаанд оруулан тооцсугай.
4.Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлийн 6 дахь хэсэгт зааснаар эд мөрийн баримтаар хураагдсан ирсэн хүрэн өнгийн модон бариултай, 26 см урттай заазуурыг тогтоол хүчин төгөлдөр болмогц устгасугай.
5.Энэ хэрэгт битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, шүүгдэгч нь цагдан хоригдоогүй, бусдад төлөх төлбөргүй, түүний иргэний бичиг баримт шүүхэд ирээгүй, эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал нэхэмжлээгүй болохыг тус тус дурдсугай.
6.Шийтгэх тогтоол уншин сонсгосноор хүчинтэй болох бөгөөд шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч нар эс зөвшөөрвөл шийтгэх тогтоолыг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Дорноговь аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Ж.БАЙГАЛМАА