| Шүүх | Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Замбалын Баярмаа |
| Хэргийн индекс | 101/2021/04929/И |
| Дугаар | 101/ШШ2022/00633 |
| Огноо | 2022-02-15 |
| Маргааны төрөл | Бусад зээл, |
Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр
2022 оны 02 сарын 15 өдөр
Дугаар 101/ШШ2022/00633
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч З.Баярмаа даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн иргэний хэргийн хуралдаанаар,
Нэхэмжлэгч: Сүхбаатар дүүрэг, 6 дугаар хороо, Нэгдсэн үндэстний гудамж, ******* тоот хаягт байрлах ******* капитал ББСБ ХХК /*******/-ийн нэхэмжлэлтэй,
Хариуцагч: Баянзүрх дүүрэг, 18 дугаар хороо, тоот хаягт оршин суух, Оросууд овогт Н*******гийн******* /РД:*******/,
Хариуцагч: Хан-Уул дүүрэг, 19 дүгээр хороо, тоот хаягт оршин суух Дархан овогт Б*******ын******* /РД:*******/ нарт холбогдох,
Зээлийн гэрээний үүрэгт 50,308,018 төгрөг, хариуцагч нарыг эрэн сурвалжлуулахад гарсан зардал 70,200 төгрөг гаргуулах, үүргийг барьцаа хөрөнгөөр хангуулах тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Э.Золжаргал, хариуцагч Н.Б, хариуцагч Б.А, түүний өмгөөлөгч С.Чинзориг, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Т.Мөнхцэцэг нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ НЬ:
Нэхэмжлэгч ******* капитал ББСБ ХХК, түүний итгэмжлэгдсэн төлөөлөгч нар шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:
Н.Б, Б.А нар нь манай компанитай 2019 оны 12 дугаар 19-ны өдөр зээлийн гэрээ байгуулан 25.500,000 /хорин таван сая таван зуун мянган төгрөгийг сарын 4 хувийн хүүтэй, 12 сарын хугацаатай, баталгаат ипотекийн гэрээгээр хамтран зээлдэгч Б.Агийн өмчлөлийн улсын бүртгэлийн дугаартай Хан-Уул дүүрэг 1-р хороо Үйлдвэр /17040/ д Жавзандамба гудамж тоотод байрлах 71м.кв талбайтай, орон сууцны зориулалттай үл хөдлөх хөрөнгийг зээлийн барьцаанд тавин дээрх мөнгийг зээлсэн. Гэтэл Н.Ба нь 2019 оны 12 сарын 19-ны өдрийн №19/165 дугаартай зээлийн гэрээнээс үндсэн лийн төлбөрөөс огт төлөөгүй, зээлийн хүүгээс 2020 оны 04 сарын 13-ны өдөр 471,161.67 төгрөг, өдөр нэмэгдүүлсэн хүүгээс 28,838.33 төгрөгийг төлсөн бөгөөд үүнээс хойш зээлийн төлбөрөө төлөхгүй, зээлийн гэрээний үндсэн нөхцлийн дагуу гэрээний үүргээ хугацаанд биелүүлэхгүй Зээлийн эргэн толөлтийн хуваарийг зөрчиж өнөөдрийг хүртлэх хугацаанд үндсэн зээлийн төлбөрт 25,500,000 төгрөг, зээлийн хүүнд 21,829,112.30 төгрөг, нэмэгдүүлсэн хүүнд 2,978,906.24 төгрөг болсон. Зээлдэгч нь зээлийн гэрээнд заасан зээлийн эргэн төлөлтийн хуваарийг удаа дараа зөрчсөн тул манай компанийн зүгээс Н.Бад зээлээ төлөх тухай удаа дараа мэдэгдэл өгч, утсаар мэдэгдэх, уулзалт хийх зэрэг арга хэмжээнүүдийг авч, зээлийн төлбөрөө төлөхгүй тохиолдолд гэрээний дагуу зохих арга хэмжээ авахыг урьдчилан мэдэгдэж байсан боловч өнөөдрийг хүртэл зээлийн өр төлбөр төлөгдсөнгүй. Түүнчлэн утасны дугаараа солин зээлийн гэрээн дээрх хаягаасаа нүүж манай компаний үйл ажиллагаанд саад учруулсан. Үүний дагуу бид Сүхбаатар дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхэд хандан хариуцагч нарыг эрэн сурвалжлуулахад 70,200 төгрөгийг улсын тэмдэгтийн хураамжид төлөн шүүхэд нэхэмжлэл гаргасан. Үүний дагуу хариуцагч нарын оршин суугаа хаягийг олсон.
Хариуцагч Н.Бгийн хувьд зээлийг зарцуулаагүй, аваагүй гэж маргаж байгаа хэдий ч түүний дансанд мөнгийг шилжүүлсэн. Зээл хамтдаа аваад цаашаа хэрхэн яаж зарцуулах нь манай компанитай байгуулсан гэрээтэй хамааралгүй.
Иргэний хуулийн 453 дугаар зүйлийн 453.1 дэх хэсэгт заасны дагуу зээлдэгч авсан зээлээ хугацаанд нь төлөөгүй бол хэтэрсэн хугацааны хүү, гэрээнд заасан бол нэмэгдүүлсэн хүү төлөх үүрэгтэй гэж заасан. Иймд 2019 оны 12 сарын 19-ны өдрийн №19/165 тоот Зээлийн гэрээний үүрэгт 2021 оны 10 сарын 14-ний өдрийн байдлаар дараахь зээл, хүү, нэмэгдүүлсэн хүүг нэхэмжилж байна. Үндсэн зээлээс нэг удаа төлөгдөөгүй хүү 471,000 төгрөгийг төлсөн байдаг. Иймд үндсэн зээл 25,500,000 төгрөг, хүү 21,829,112 төгрөг нэмэгдүүлсэн 2,978,906 төгрөг, 50,308,318 төгрөгийг хариуцагч нараас нэхэмжилж байна.
Мөн үүргээ биелүүлээгүй тохиолдолд барьцаа хөрөнгөөр үүргийн гүйцэтгэлийг хангуулж өгнө үү гэв.
Хариуцагч Н.Б шүүхэд болон шүүх хуралдааны үед гаргасан тайлбартаа:
2019 оны 12-р сарын 19-ний өдөр Б.Атэй уулзаж энэ зээлийг авсан нь үнэн. Гэхдээ хамт ажилладаг байсан Б.Агийн өмнөх банкны зээлийг хаах гэж байгаа юм гэх гуйлтын дагуу зээлийн гэрээнд гарын үсэг зурсан. Тухайн үед эдийн засагч н.Н хэлж байснаар энэ зээл танд хамаарах зүйл биш Монгол банкны зээлийн мэдээллийн санд таны мэдээллийг бүртгэхгүй урьд зээлээ хаагаад энэ хүнд дахиж зээл олгох гэж байгаа юм гэж хэлсэн. Ингээд н.Нтай хамт Голомт банкны тооцооны төв дээр очиж зээлийн эдийн засагчтай уулзаж зээл авч миний данс руу орлого болгон хийгээд буцаагаад зарлага болгож гаргасан.
Би 25,500,000 төгрөгийг бэлнээр гаргаж аваагүй. Зээлийн эдийн засагч зээлдэгч Б.Агийн зээлийг хааж өгсөн. Тухайн үед эдийн засагч нь асуудал дуусчихлаа санхүүгийн зохицуулах хорооноос шалгалт ирэхэд ямар ч асуудалгүй та ч зээлээ хаачихсан байна. Ингээд үүнээс хойш надтай энэ зээлийн талаарх асуудлаар нэг ч удаа холбогдож байгаагүй. Би утасны дугаараа нэг ч удаа сольж байгаагүй. Гэтэл 2021 оны 9 сарын сүүлээр над руу Хан-Уул дүүргийн Цагдаагийн байгууллагаас залгаж эрэн сурвалжлагдаж байгаа талаар хэлсэн. Хэрэв анх зээлийн авч байхад хаягийн лавлагааг авчраарай гэж хэлсэн бол би лавлагаагаа гаргаж өгөх байсан. Тухайн үед зээлийн мэдээлэл дээр өгсөн хаяг бол миний албан ёсоор бүртгэлтэй боловч оршин суудаггүй хаяг байсан. Тухайн үед би Баянзүрх дүүрэгт оршин суудаг байсан. 2021 оны 11 сард гардаж аваад зээлээ төлөх асуудал яригдсан. Би энэ зээлийг бодитойгоор аваагүй учраас нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй байна гэв.
Хариуцагч Б.А шүүхэд болон шүүх хуралдааны үед гаргасан тайлбартаа:
Миний хувьд тус банк бус санхүүгийн байгууллагаас анх 2018 оны 9 сард зээл авч байсан. Зээлээ тодорхой хэмжээнд төлж байсан ч үлдэгдэл төлбөр байсан. Гэтэл 2019 оны 9 сард тус банк бус санхүүгийн байгууллагын захирал н.Сансар, н.Н гэх нар нь манай байгууллага Э ББСБ ХХК гэсэн нэрээ ******* капитал ББСБ ХХК болгон өөрчилж байгаа учир хугацаа хэтэрсэн зээлтэй хүн байж болохгүй байна. Тийм учраас хэн нэгэн хүнийг хамтран зээлдэгчээр авчраад зээлээ шилжүүлээдхээч барьцаа хөрөнгө чинь өөрт чинь үлдэх учраас бид өөрт чинь итгэж байна гэж хэлсэн. Тухайн үед би зээл авчихаад тус байгууллагын үйл ажиллагаанд саад учруулахгүй гэж бодсоны үндсэн дээр хамт ажиллаж байсан Н.Бд учраа тайлбарлаж хэлээд хамт банк бус санхүүгийн байгууллага дээр очиж зээл авсан.
Энэ талаар компанийн захирал Сансар гэх хүн бүгдийг нь мэдэж байгаа. Энэ зээлийг би өөрөө төлнө гэдгээ мэдэж байсан. Хамгийн сүүлд 2020 оны 4-р сарын 13-ны өдөр 500,000 төгрөг төлсөн. Энэ нь үндсэн зээлээс хасагдахгүй зээлийн хүүнд хасагдсан байсан. Үүнээс хойш зээлээ төлөх боломжгүй байсан. 2020 оны 7 сард н.Н над дээр ирж уулзсан. Үүнээс хойш би ажлаасаа халагдсан. 2020 оны 7-р сараас хойш банк бус санхүүгийн байгууллагаас надтай холбогдоогүй. Би өөрөө н.Сансар руу залгасан боловч утас нь холбогдохгүй байсан. Тухайн үед би байраа барьцаанд тавьчихсан байсан учир зээлээ төлж байж байраа чөлөөлж авна гэдгээ мэдэж байсан. Гэтэл Н.Б над руу залгаад Цагдаагийн байгууллагаас эрэн сурвалжилж байна гэхээр нь би очиж уулзаж байсан. Зээлж авсан мөнгө бодитоор Н.Бд очоогүй, миний өмнөх өр төлбөрт зарцуулагдсан тул би зээлийг төлнө гэв.
Зохигчдын тайлбар, шүүх хуралдаанаар хэлэлцсэн нотлох баримтуудыг шинжлэн судлаад
ҮНДЭСЛЭХ НЬ:
Нэхэмжлэгч ******* капитал ББСБ ХХК нь иргэн Н.Б, Б.А нарт холбогдуулан зээлийн гэрээний үүрэгт 50,308,018 төгрөг гаргуулах, барьцаа хөрөнгөөр үүргийн гүйцэтгэлийг хангуулах нэхэмжлэлийн шаардлагыг гаргасан.
Хариуцагч Н.Б нь энэ зээлийг бодитоор авч зарцуулаагүй тул хүлээн зөвшөөрөхгүй гэж маргасан. Хариуцагч Б.А нь зээлийн гэрээг Н.Бгийн хамт очиж байгуулсан нь үнэн. Харин энэ зээл миний өмнөх өр төлбөрийг төлөхөд зарцуулагдсан тул Н.Бд хамааралгүй гэх тайлбарыг гаргаж байна.
Зохигчдын хооронд 2019 оны 12 дугаар сарын 19-ний өдрийн №19/165 дугаартай Зээлийн гэрээ байгуулагдан 25,500,000 төгрөгийг 12 сарын хугацаатай, сарын 4 хувийн хүүтэйгээр зээлүүлсэн болох нь зохигчдын тайлбар, зээлийн гэрээгээр тогтоогдож байна. /х.х-ийн 10,12 дугаар тал/
Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1-д Банк зээлийн үйл ажиллагаа эрхлэх эрх бүхий хуулийн этгээдээс зээл олгох гэрээгээр банк, зээлийн үйл ажиллагаа эрхлэх эрх бүхий хуулийн этгээд нь мөнгөн хөрөнгийг хуульд заасан үндэслэл журмын дагуу тодорхой хугацаагаар зээлдэгчид шилжүүлэх, зээлдэгч нь гэрээнд заасан хугацаанд уг мөнгөн хөрөнгө, гэрээнд заасан бол түүний хүүг буцаан төлөх үүргийг тус тус хүлээнэ гэж заасан.
Талуудын хүсэл зоригийн илэрхийлэл, гэрээний агуулга нь Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1 дэх хэсэгт заасан Банк, зээлийн үйл ажиллагаа явуулах эрх бүхий этгээдээс олгох зээлийн гэрээний агуулгад нийцэж байна.
Нэхэмжлэгчээс нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлийг тус гэрээний дагуу зээлийн үндсэн төлбөрт 25,500,000 төгрөг, зээлийн хүүнд 21,829,112.3 төгрөг, нэмэгдүүлсэн хүүнд 2,978,906.21 төгрөг, хариуцагч нарыг эрэн сурвалжлах нэхэмжлэл гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70,200 төгрөг гаргуулна гэж тодорхойлсон.
Энэ шаардлагын хувьд зээлийн төлбөрөө төлөх гэрээнд заасан хугацаа хэтрүүлсэн зөрчил гарсан, зээлийн гэрээний хугацаа дууссан талаар зохигчид маргаагүй байна. Харин хариуцагч Н.Б нь энэ зээлийг бодитоор хүлээн авч, захиран зарцуулаагүй. Б.Агийн гуйлтын дагуу зээлийн гэрээнд гарын үсэг зурсан гэж маргаж байна.
Иргэний хуулийн 208 дугаар зүйлийн 208.1 дэх хэсэгт, Үүргийг хууль буюу гэрээнд заасан хугацаанд гүйцэтгэнэ. гэж зохицуулсан бөгөөд ийнхүү үүрэг гүйцэтгэх хугацаа хэтэрсэн зөрчил гарсан үндэслэлээр үүргээ гүйцэтгэхийг шаардах эрх зээлдүүлэгч талд үүссэн байна.
Талуудын хооронд байгуулсан зээлийн гэрээнд зээлдэгчээр Н.Б, хамтран зээлдэгчээр Б.А нар гарын үсэг зурж, үүрэг хүлээсэн байх бөгөөд Иргэний хуулийн 20 дугаар зүйлийн 20.3-т Иргэний эрх үүргийг иргэн өөрийн нэрээр олж авч хэрэгжүүлнэ... гэж заасан.
Хэдийгээр хариуцагч Н.Б мөнгийг өөрийн дансаар орсон боловч буцаан гаргаж хариуцагч Б.Агийн зээлийг төлж барагдуулсан гэж тайлбарлаж байх боловч энэ нь бусдын өмнө гэрээгээр хүлээсэн үүргээс чөлөөлөгдөх үндэслэл болохгүй юм.
Тодруулбал Иргэний хуулийн 242 дугаар зүйлийн 242.1 дэх хэсэгт зааснаар Н.Б, Б.А нар нь зээлийн гэрээний хувьд хамтран үүрэг гүйцэтгэгчид байна.
Иймд Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1 дэх хэсэгт зааснаар зээлдэгч нар гэрээнд заасан хугацаанд үүргээ биелүүлээгүй бол зээлийн гэрээний үүргээ гүйцэтгэхийг шаардах эрх зээлдүүлэгч буюу Банк бус санхүүгийн байгууллагад үүссэн байх тул нэхэмжлэлийн шаардлагын энэ хэсгийг хангах үндэслэлтэй байна.
Нэхэмжлэгчээс зээлийн гэрээний дагуу төлөгдөх хүүгийн төлбөрт 21,829,112.3 төгрөг, нэмэгдүүлсэн хүүгийн төлбөрт 2,978,906.2 төгрөг гаргуулах шаардлага гаргасан.
Зээлийн гэрээний 2.4, 2.12-т зааснаар, сарын 4 хувийн хүү тооцохоор болон нэмэгдүүлсэн хүү төлөхөөр талууд тохиролцсон байна. Гэрээний тус үүргийн дагуу болон Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1 дэх хэсэгт заасан, ...зээлдэгч нь гэрээнд заасан хугацаанд уг мөнгөн хөрөнгө, гэрээнд заасан бол түүний хүүг буцаан төлөх үүргийг тус тус хүлээнэ гэсэн зохицуулалт, мөн хуулийн 452 дугаар зүйлийн 452.1 дэх хэсэг, 453 дугаар зүйлийн 453.1 дэх хэсэгт, Зээлдэгч авсан зээлээ хугацаанд нь төлөөгүй бол хэтэрсэн хугацааны хүү, гэрээнд заасан бол нэмэгдүүлсэн хүү төлөх үүрэгтэй гэж заасны дагуу зээлийн төлбөрт хүү, нэмэгдүүлсэн хүүг тооцон шаардах эрхтэй байна.
Хариуцагч талаас нэхэмжлэгчээс шаардаж буй хүү, нэмэгдүүлсэн хүүгийн төлбөрийн тооцоололд маргаагүй.
Иймд дурдсан үндэслэлээр хариуцагч нараас үндсэн зээлийн үлдэгдэл 25,500,000 төгрөг, хүүгийн төлбөр 21,829,112.3 төгрөг, нэмэгдүүлсэн хүүгийн төлбөрт 2,978,906.2 төгрөг, нийт 50,308,018 төгрөгийг гаргуулж, нэхэмжлэгчид олгох нь зүйтэй байна.
Нэхэмжлэгчээс нэхэмжлэлийн шаардлагыг мөнгөн дүнгээр төлөхгүй тохиолдолд барьцаа хөрөнгөөр үүргийн гүйцэтгэлийг хангуулах шаардлага гаргасан.
Зохигчид хооронд 2019 оны 12 дугаар сарын 19-ний өдөр №19/165 дугаар бүхий баталгаат ипотекийн гэрээ байгуулагдаж, гэрчилгээний 000158833 дугаар бүхий, улсын бүртгэлийн дугаар бүхий Хан-Уул дүүргийн 1 дүгээр хороо, Үйлдвэр /17040/Богд Жавзандамба гудамж 15/2 дугаар байрны 02 тоотод байрлах 71 м.кв талбай бүхий орон сууцыг барьцаалсан байна. /х.х-ийн 13, 14 дүгээр тал/
Иргэний хуулийн 156 дугаар зүйлийн 156.2-т Үл хөдлөх эд хөрөнгийн барьцааны гэрээг улсын бүртгэлд бүртгүүлнэ... гэж, 156.3-т Энэ хуулийн 156.1, 156.2-т заасан шаардлагыг хангаагүй гэрээ хүчин төгөлдөр бус байна гэж заасан.
Хэрэгт авагдсан баримт болон талуудын тайлбараар Баталгаат ипотекийн гэрээг улсын бүртгэлд бүртгүүлэх хуулийн шаардлагыг хангаагүй байх тул энэ гэрээ хүчин төгөлдөр бус байна.
Иймд нэхэмжлэгчийн барьцаа хөрөнгөөр үүргийн гүйцэтгэлийг хангуулах нэхэмжлэлийн шаардлага үндэслэлгүй байна.
Нэхэмжлэгчээс хохирол буюу хариуцагч нарыг эрэн сурвалжлах нэхэмжлэл гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70,200 төгрөгийг хариуцагч нараас гаргуулах шаардлага гаргасан.
Хуульд зааснаар тэмдэгтийн хураамжийг нэхэмжлэгч төлөх үүрэгтэй бөгөөд хуулиар хүлээсэн үүрэг нь гэрээний нэг тал үүргээ зөрчсөний улмаас гэрээнээс татгалзсантай холбогдон учирсан хохиролд хамаарахгүй байна.
Иймд Иргэний хуулийн 227 дугаар зүйлийн 227.1 дэх хэсэгт зааснаар гарсан зардал буюу хохиролд 70,200 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.2 дахь хэсэг, 116, 118 дугаар зүйлд заасныг удирдлага болгон
ТОГТООХ НЬ:
1.Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1 дэх хэсэг, 453 дугаар зүйлийн 453.1 дэх хэсэг, 156 дугаар зүйлийн 156.3 дахь хэсэгт заасныг баримтлан хариуцагч Б.А, Н.Б нараас 50,308,018 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч ******* капитал ББСБ ХХК-д олгож, барьцаа хөрөнгөөр үүргийн гүйцэтгэлийг хангуулах, 70,200 төгрөг гаргуулах нэхэмжлэлийн шаардлагыг тус тус хэрэгсэхгүй болгосугай.
2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2 дахь хэсэг, 60 дугаар зүйлийн 60.1 дэх хэсэг, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1 дэх хэсэгт заасныг баримтлан нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 409,886 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч Б.А, Н.Б нараас 409,490 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч ******* капитал ББСБ ХХК-д олгосугай.
3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч нь шийдвэрийг эс зөвшөөрвөл гардаж авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэйг дурдсугай.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ З.БАЯРМАА